Categories
мэдээ нийгэм

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэхээс Төрийн ордон руу заллаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэхээс гаргах Төрийн ордон руу залах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Монгол төрийн мандан бадрахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийг торгон цэргүүдээр хамгаалуулан жилдээ нэг удаа Төв цэнгэлдэхэд залж, цэнгүүлдэг уламжлалтай билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан Ц.Содномдорж: Төрүүлж өсгөсөн аав ээждээ, өдий хүртэл дэмжсэн нутгийн зон олондоо баярлалаа

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Цэдэвийн Содномдорж ес даван түрүүллээ. Харин “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Ц.Содномдорж өнөө жилийн баяр наадмаар долоо давж заан цолны болзол, найм давж гарьд, ес даван түрүүлж, улсын арслан боллоо. Хөвсгөл аймгаас 10 жилийн дараа дахин арслан цолтон төрж байгаа нь энэ. Тодруулбал, 1967 онд Уйлган голын гурван аваргын нэг Дарийн Дамдин аварга төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан бол 2007 онд Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар үндэсний их баяр наадмын түрүү бөх болж байлаа. Харин өнөө жил буюу 2017 оны их баяр наадмаар Ц.Содномдорж ийн төрийн наадамдаа түрүүлж, Хөвсгөл нутгаас улсын арслан цолтон шинээр төрж байгаа юм.

Ес даван түрүүлснийхээ дараа Хилчин спорт хороо, Хевсгелийн хvчтэн дэвжээ, Монос грvппын бех улсын арслан Ц.Содномдорж сэтгүүлч нарт яриа өгөхдөө “Төр түмэн минь түмэн амгалан сайхан наадацгааж байна уу. Төрийнхөө их баяр наадамд түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг өдий зэрэгт хүргэж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Өдий хүртэл дэмжиж буй нутгийн зон олондоо, “Монос” группын хамт олондоо баярлалаа” гэв.

Migaa Tseveen-н зураг.

Н.ГАНЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Наадам монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраалаа

Монгол түмэн энэ өдрүүдэд Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадацгаалаа. Наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Монгол түмний минь наадам ургах нарнаас, шингэх наран хүртэл үргэлжилж монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадрааж өндөрлөж байна. Эртэй бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж, ид хаваа гайхуулцгаалаа.Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгс байж, хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань цэц мэргэнээ шалгалаа. Монголчууд нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч ирсэн агуу түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе. Монгол хүн бүр эрүүл ухаан, саруул эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн билэг ерөөл өргөж Үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилья. Хөх монгол мандан бадраг” гэсэн юм.

Б.НАРАН

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр нар заан цолны үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадамд долоо даван заан цолны болзол хангасан Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн харьяат бөх Н.Жаргалбаяр нарт заан цолны үнэмлэхийг гардуулан өглөө.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Содномдорж төрийн наадамд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж байна.

Төрийн наадмын бөхийн барилдааны есийн даваанд “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж нар шалгарч үлдсэн юм. Хоёр бөх төрийн наадмын үзүүр түрүү булаалдахаар баруун, зүүн талын 32 засуулыг ханаруулсаар төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гарч ирж барилдлаа. Ингээд есийн даваанд Ц.Содномдорж давж, Монголын төрийн наадамд түрүүлэн улсын арслан цол хүртлээ. Харин үзүүрлэсэн Ө.Бат-Орших улсын гарьд цол хүртэж байна.

Өнөө жилийн бөхийн барилдаанд том цолтой бөхчүүд дор даваанд унаж, аймгийн цолтой шинэ залуу бөхчүүд улсын цолонд хүрлээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нар Монгол Улсын начин цол хүртсэн юм.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нар Монгол Улсын харцага цолонд хүрлээ.

Наадамчин олныг баясгасан бас нэгэн барилдаан Н.Түвшинбаяр, О.Хангай нарын дунд болж, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр улсын заан цол авлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн харьяат улсын харцага Н.Жаргалбаяр ч долоо даван улсын заан цолыг хүртсэн юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Содномдорж түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны наймын даваанд улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг амлалаа. Улсын харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунав.

Ингээд наймын даваа эхэлж, “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Орших, Н.Түвшинбаярыг даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл Ц.Содномдорж, Н.Жаргалбаяр нарын барилдаанд Ц.Содномдорж давж, улсын наадмын үзүүр түрүүнд үлдлээ. Энэ хоёр бөхийн барилдааны хөлийн цэцээр улсын харцага Ч.Өвгөнхүү ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Амарч зугаалж буй иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм.

Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 47 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Ингээд төөрсөн 66 хүүхдийг бүртгэж эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн баярын өдрүүдэд иргэд олноор амарч зугаалдаг Туул голын эрэг орчмоор явган болон морьт эргүүл, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Иймээс амарч зугаалж буй иргэдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Б.УРАН

Categories
мэдээ үндэсний-бөx

Хамгийн залуу начин Б.Серик хурдан удмын дааганы эзэн боллоо

Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх Монгол Улсын аварга Д.Сумьяабазар 1994 онд начин цолны болзол хангаад хүртэж байсан бол энэ жил аймгийн арслан Б.Серик энэ шагналын эзэн болсон юм.

УЛСЫН ХАРЦАГА

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Ж.Дагва-Очир

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Д.Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын Серик

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Г.Ганжад

  • Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан
Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадамд түрүүлсэн харваачид

Баяр наадмын сурын харвааны төрлөөр эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олгосон юм.

Сурын харвааны төрөлд Эрэгтэй харваачдаас Монгол Улсын мэргэн Б.Ёндон, Эмэгтэйгээс МУ-ын спортын мастер Б.Баярчимэг нар түрүүлсэн билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ө.Бат-Орших төрийн наадмын түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны наймын даваанд улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг амлалаа. Улсын харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунав.

Ингээд наймын даваа эхэлж, “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Орших, Н.Түвшинбаярыг даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ.