Долдугаар сарын 10-ны өдөр монголчууд шинэ Ерөнхийлөгчөө батламжилж, наадмыг шинэ Ерөнхийлөгч нээлээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын наадмын гоёл энгийн байлаа гэж олон түмэн ам дамжин ярив. Үнэхээр ч тэрбээр ард олонтойгоо ойрхон Ерөнхийлөгч байхыг хүсч буй бололтой Их тэнгэрт нүүж очихгүй, Төв шуудангийн урдах хуучнаар өвлийн ордонд амьдрахаар шийдэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд таржээ. Их тэнгэрээс Төрийн ордны зүг явахдаа өглөө бүр түгжрэл үүсгэхгүйн тулд ажилдаа ойрхон газрыг сонгов уу.
Month: July 2017
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа гэж мэдээллэв. Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурсан гэв.
Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан байна. Эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирсан аж.
Б.УРАНЧИМЭГ
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах шийдвэр гарч тусгай комисс гарч ажилласан. Тухайлбал шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдсан бол,
Азарга насанд 172 бүртгүүлснээс 98 нь мордсон
Их насанд 303 бүртгүүлснээс 252 нь мордсон
Хязаалан насны уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь мордсон
Соёолон насанд 256 бүртгүүлснээс 128 нь мордсон
Дааганы уралдаанд 282 бүртгүүлснээс 71 нь тус тус мордож үлдсэн нь шүд болон үүлдэрлэг байдлаар эрлийз гэсэн үндэслэлээр хасагджээ. Өөрөөр хэлбэл албан бус тооцоогоор нийт бүртгүүлсэн морьдын 810 нь хасагдсан байна.
Төдий хэмжээний адуу хасагдсанд уяачид сэтгэл дундуур байсан бөгөөд зарим нэг нь монгол адууг маань хасчихсан хэмээн наадмын комисст өргөдөл өгөхөөр ирж байлаа.
Дараа жилийн наадмаар энэ журмаа баримтлах эсэх талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах ийн ярьж байна ‘Бид Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд санал тавина. Сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулбал яах вэ гэсэн санал хүргүүлнэ. Мөн уяачдынхаа саналыг сонсоно. Монголынхоо 21 аймгийн хурдан морины салбар хороодтой холбогдож саналыг авна. Хурдан морины салбар хороо маань өөрсдөө бие даан шинэ журам гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Монголын морин спорт, уяачдын холбоо болон баяр наадмыг зохион байгуулах хороо шийдэж журмаа гаргана’ гэлээ.
Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва-д тус улсын шүүх авлигын хэргээр 9,5 жилийн хорих ял оноосон байна.
Ерөнхийлөгч асан болон түүний эхнэр хоёр Гуаружа гэдэг амралт сувиллын хотод тансаг харштай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй аж. Түүнээс гадна барилгын ОSA гэдэг компаниас 747,8 мянган долларын хахууль авч, үүнийхээ хариуд төрийн өмчийн Petrobras компанитай хэлцэл байгуулахад нь ОSA-д дэмжлэг үзүүлэхээр амласан байжээ.
Луис Инасиу Лула да Силва Бразилын Ерөнхийлөгчөөр 2003-2010 оны хооронд хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан бөгөөд улс орондоо маш их нэр хүндтэй хүн юм.
Гэвч 2014 онд Бразилын прокурорын газар “Авто угаалгын газар” гэдэг тусгай ажиллагаа явуулж, Petrobras компанийн зүгээс төрийн өндөр албан тушаалтнуудыг хахуульдаж байсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөлтийн явцад, хэдэн арван томоохон бизнесменүүд, Ажилчны намын албан тушаалтнууд холбогдсон олон тэрбум долларын авлигын сүлжээг илрүүлжээ. 2016 онд Лула да Силваг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан боловч тухайн үед Ерөнхийлөгч байсан Дилма Руссеф түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон учраас да Силваг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахыг зогсоосон юм. Гэвч 2016 оны 8 дугаар сард Дилма Руссеф албан тушаалаасаа огцорсноор да Силваг дахин шалгажээ.
Манай сурвалжлах баг Хүй долоон худагт ажиллаж байна. Энэ үеэр МАКС-ын Д.Ганбаатарын хурдан хүлгийн галаар зочилж, түүнээс ийн ярилцлага авлаа.
–Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та сайхан наадаж байна уу?
– Сайхан наадаж байна. Сайхан баяр наадам болж байна. Малчин монголчууд агуу их соёлтой, бахархал омогшилтой ард түмэн. Амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг шүү дээ. Монгол наадам бахархалтай. Морь хурдан сайхан байна, морьд уралдаанд сайн давхиад л ирэхэд сэтгэл тэнэгэр сайхан байдаг юм.
-Өнөө жил та хичнээн насны морьд уяж байна?
-Нас бүрт хоёр, гурван морь уясан.
–Энэ зун нэлээд гандуу байлаа. Танай галынхан хаагуур нутаглаж, хурдан морьдоо сойв?
-Тиймээ. Нэлээд гандуу байлаа. Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар нутаглаж байна.
-Өнөөдөр уяачдын баяр өргөн дэлгэр сайхан болж байна?
-Бөхчүүд сайхан барилдаж байна. Морьд хурдан сайхан наадам болж байна. Энэ жилийн наадамд зээрд соёолон маань аман хүзүүдлээ. Монголчууд соёолонгийн тоосонд орохыг их бэлгэшээдэг. Манай МАКС групп олон ажлын байр бий болгохыг зорилгоо болгож байгаа. Соёолон үрээ минь хурдан байсан нь бидний зорилго биелэхэд хоёр алхам дөхсөн байх гэж бодож байна.
–Хүй долоон худагийн энд танайх хэр удаж байгаа вэ?
-Энэ буугаад 12,13 жил болчихлоо. Цаг хугацаа ч хурдан юм. Наадам бүрээр дөхөж ирдэг.
-Хөдөө орон нутгийн наадмуудад хурдан хүлгүүдээ уралдуулж байна уу?
-Дараагийн наадмууд хүлээж байна. Олон сайхан бүсийн наадмууд болно. Өврийн сайхан хангай буюу ээжийнхээ нутгийн наадмыг зорин очно доо.
-Сэрвээний өндрөөр нь ялгаад, энэ жилийн наадамд олон морьдыг эрлийз хэмээн хаслаа. Энэ хэр зөв бэ. Таны бодол?
-Яг нэг хэмжүүр байгаад, тэрийгээ мөрдөх ёстой. Хасагдсан адууны зарим нь монгол адуу байх шиг. Сайн адуутай больё гээд зүтгэсэн хүмүүсийн багадаа нэг, дээд тал нь 5,10 жилийн хөдөлмөр шүү дээ. Үүнийг нь үгүй хийж байна. Цаашдаа хуультай л болох ёстой байгаа юм. Хүнийг үзэмжээр нь харсан нь зүйд нийцэхгүй байгаа юм болов уу. Уяачдыг их талцуулж байна. Хуучны уяачид бие, биедээ хүндэтгэлтэй ханддаг сайхан байсан. Энэ жил гэхэд л 400 гаруй үрээ хасагдлаа. Ирэх жилээс бүгдийг ойлгомжтой болгоод нарийн хуультай болсон нь дээр байх. Нэг галаас гэхэд л 10 гаруй үрээ тэр чигээрээ хасагдаж байна. Нэг талаар их харамсалтай зүйл болж байна шүү дээ.
О.АРИУН
Э.МӨНХ
Энэ жил аймгуудын наадмын товыг гаргахдаа тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ. Тухайлбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж тус аймгийн наадмыг энэ сарын 21-22-нд тэмдэглэхээр болсон байна. Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг энэ сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг энэ сарын 28-29-нд тус тус зохион байгуулахаар болжээ.
Б.НАРАН
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьсон. Энэ жилийн наадмаар олон түмнийг өндөлзүүлсэн, бөхийн тааврыг эвдсэн олон сайхан барилдаан болж Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, , Улсын гарьд цолтон нэг, Улсын арслан нэг төрлөө.
Начны тавын даваанд хүчит 32 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.
Тавын давааны дүйз:
- Дар.ав Г.Өсөхбаяр – а.з Ж.Дагва-Очир
- У.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал
- У.ав Ч.Санжаадамба – а.а Г.Ганжад
- У.ав С.Мөнхбат – у.з Д.Баасандорж
- У.ар П.Бүрэнтөгс – а.а Д.Тамир
- У.ар Э.Оюунболд – а.а Хангай
- У.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацавшир
- У.г Н.Ганбаатар – а.х.а Б.Хишигбаатар
- У.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун
- У.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Бадарч
- У.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох
- У.Х Ө.Бат-Орших – у.н Л.Лха-Очир
- У.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат
- У.х Т.Баасанхүү – а.а Б.Серик
- У.х Ө.Даваабаатар – а.а Б.Бат-Эрдэнэ
- У.х Н.Жаргалбаяр – Х.Гантулга
- Зургаагийн даваанд хүчит 16 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нар урамтай сайхан барилдаж харцага цолны болзол хангасан юм.
- Зургаагийн давааны дүйз
- Долоогийн даваанд шөвгийн найман бөх уран мэхийг уралдуулснаас Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын заан цолны болзол хангав.
- У.ав Г.Эрхэмбаяр – а.з Ж.Дагва-Очир
- У.ав С.Мөнхбат – – а.а Б.Бат-Эрдэнэ
- У.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад
- У.х Ө.Бат-Орших – а.х.а Б.Хишигбаатар
- У.х А.Цацавшир – у.х Н.Түвшинбаяр
- У.х Н.Жаргалбаяр – а.а Д.Тамир
- У.н Ч.Батчулуун – а.а М.Бадарч
- А.а Б.Серик – а.а О.Хангай
Долоогийн давааны дүйз:
- У.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Жаргалбаяр
- У.ав С.Мөнхбат – у.х Ө.Бат-Орших
- У.х Ц.Содномдорж – а.а М.Бадарч
- У.х Н.Түвшинбаяр – а.а О.Хангай
Наймын даваанд Улсын харцага Ц.Содномдорж улсын харцага Н.Жаргалбаяраар, Улсын харцага Ө.Бат-Орших улсын харцага Н.Түвшинбаяраар тус тус найм давж Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм.
Хүчит 512 бөхөөс үзүүр түрүү булаалдахаар гарьд цолны болзол хангаад байсан Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар зодоглосон билээ. Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяа улсын гарьд Ц.Содномдорж давж Монгол Улсын арслан цолны болзол хангаж наадамчин олноо баясгасан юм.
Б.НАРАН
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хуудсыг туул голын эрэг орчмоор амарч буй иргэдэд өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн онд зөвхөн наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11- 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдсон байна. Үүнээс нийслэлд 4, орон нутагт 5 хүн болгоомжгүй байдлаар эндсэн аж. Иймээс иргэдийг амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй байхыг санууллаа.
Ийнхүү иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд машинт, морьт, дугуйт, нохойт, завьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэв.
Б.УРНАА
Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, шалгуулагчдын дүнг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршуулсан билээ.
Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ дараахь байдлаар зохион байгуулсан. Үүнд:
Хөдөө орон нутагт элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо цахимаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд явагдсан.
Харин Улаанбаатар хотод дараах сургуулиуд элсэлтийн бүртгэлээ хийжээ. Үүнд:
-МУИС – burtgel.num.edu.mn
-АШУҮИС- burtgel.mnums.edu.mn
-ШУТИС- www.elselt.edu.mn
-МУБИС- www.burtgel.surgalt.mn
-ХААИС- www.msua.edu.mn
-СУИС- www.suis.edu.mn/elselt/
-БХИС – www.elselt.dum.gov.mn
-ХСИС – www.cd.gov.mn
-Тээврийн дээд сургууль – www.elselt.insttrans.mn
-Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
-Хүмүүнлэгийн ухааны их сургууль – www.elselt-his.mn
-Сан дээд сургууль- www.san.edu.mn
-Мандах Бүртгэл дээд сургууль – www.mandakhburtgel.edu.mn
Эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан болно.
Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх аж. Зарим хувийн суруулиудаас бусад нь элсэлтээ аль хэдийнэ авчээ.
Үндэсний их баяр наадмын Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаанд 81 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө.
Бүртгүүлсэн морьд дунд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, сартай хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын хээр, зээрд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, уяач Х.Бадамсүрэнгийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ө.Охиноогийн буурал зэрэг аргамаг хүлгүүд багтсан байна.
Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Д.Жамъяны хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ч.Чинзоригийн сартай зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Лувсанбалдангийн халтар, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Н.Ганболдын хул, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, уяач А.Батбилэгийн Мөнгөн хөлт хүрэн зэрэг шигшмэл хүлгүүд бүртгүүлжээ.
Н.ГАН