Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна

Өрхийн эмнэлгүүд зурган илэрцүүд

Баяр наадмын өдрүүдэд зарим эмнэлгүүд тодорхой хуваарийн дагуу тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ.

Тодруулбал, энэ сарын 10-16-ны хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хот тойрсон хонины там

Түрүү цагийн монголчууд малд их хайртай байлаа. Мал зовоохыг нүгэлд тооцдог байсан. Тэр бүү хэл нядлах гэж байгаа малыг аль болох бага зовоодог байв. Мал төхөөрөх хар хүн ирж амжаагүй байвал нядлах малаа хэсэгхэн хугацаанд ч болов тэжээгээд, ус өгч аль болох тайван байлгана. Харин нэгдлийн үе буюу сүүлийн үеийн монголчууд малд хайргүй болчихжээ. Учир нь нэгдэлжих хөдөлгөөн монголчуудыг малд хайргүй болгочихсон юм. Аргагүй шүү дээ, хувийн малыг салгахын тулд албан татварыг нь өсгөчихсөн. Тэрнээс болж ялтай мал гэх ойлголт гарч байлаа. Ерөнхийдөө мал маллана гэдэг бөөн төвөг, тээр юм шүү гэдгийг ухуулан ойлгуулах төрийн бодлого явагдсан үе. Иргэд ч өндөр татвар өгөхөөс залхаад ялтай малыг нь өгөөд бушуухан холдож хот бараадъя гэх бодолтой болчихсон. Үлдсэн хэд буюу нэгдлийн мал маллаж буй хүмүүс малдаа хайргүй, мал маллах дургүй. Бүр мал маллахыг там гэж үздэг байв. Хөдөөгийнхөнд мал маллахаас өөр сонголт байгаагүй учраас ял эдэлж буй мэтээр сэтгэдэг байжээ. Гэхдээ малаа маллахдаа өсгөе, үр шимийг нь нэмэгдүүлье гэж ер бодохгүй. Сайн маллаж үр төлийг нь алдахгүй бойжууллаа гэхэд цалин, урамшуулал нэмэгдэнэ гэж ойлголт үгүй. Яахав ганц нэг айл төр засгийн ажлыг ингэж хийдэг юм гэж үзүүлэн маягаар олон малтай байсан байх. Харин бусдад нь малтай байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй. Худлаа, үнэн нь хамаагүй малчин гэх нэр зүүе гээд хичнээн дургүй байлаа ч малаа маллана. Мэдээж хэрэг ийм сэтгэхүйтэй байхад ашиг, үр шим гэж ярих илүүц. Хамгийн гол нь тоо толгойг нь хорогдуулчихгүйхэн шиг аргацаагаад байж байвал боллоо. Илүү дутуу буюу сэтгэл гарган маллаж өөртөө ажил нэмэхгүй байх алтан дүрэмтэй амьдарч иржээ. Ингэж малыг үзэн ядуулж тээр төвөг мэтээр ойлгуулсан нэгдэлчдийн үеэс хойш олон жил өнгөрсөн. Нэг ёсондоо малчдад ийм сэтгэхүй суулгаснаас хойш хоёр, гурван ч үе өнгөрчихлөө. Тэрний үр дүнд өнөөдөр монголчууд малд үнэн сэтгэлээсээ хайргүй болсон байна. Уг нь дэлхий биднийг малд үнэхээр хайртай, малчин монголчууд гэж боддог. Гэтэл яг жинхэнэдээ бид малд дэндүү гэмээр хайргүй. Малдаа үнэнхүү харгис ханддаг ард түмэн магадгүй биднээс өөр байдаггүй байх. Хөл нь хугараад халуун наранд хэвтсэн гүүг хэзээ үхэхийг хүлээгээд гэрээсээ дурандаад сууж байдаг биз дээ. Очоод хөлийг нь боочихъё, босгоод авъя гэх ямар ч сэтгэлгүй, ойлголтгүй. Ерөөсөө л төвөг гээд бодчихно. “Өнөөдрийн энэ наранд тэсмээргүй юм, үхэх нь үү” гээд л хүлээгээд сууж байдаг. Бид иймэрхүү маягаар л малдаа ханддаг. Ямар сайндаа л хүүхэд зодож буй хүнийг хараад “Ямар мал зодож байгаа биш дээ” гэнэ. Малыг бол яаж ч байсан хамаагүй гэж боддогийн жишээ энэ. Бүр ойрхны буюу зэрлэг, балмад хандаж буйн томоохон жишээ нь хот тойрсон хонины там. Наадам дөхөөд ирэхээр хотын хоёр захад тэвш дүүрэн хонь ачиж ирээд зардаг. Сүүлийн үед наадам гэлтгүй байнга шахуу байдаг болчихож. Хэдэн мянган км-ээс ачиж ирсэн хонь, ямаагаа төмөр тэвшин дээр халуун наранд уяатай байлгана. Ус, өвс өгдөг гэвэл гонжийнжоо байлгүй. Ер нь тэнд амьд амьтан байгаа гэдгийг зарж байгаа нь ч, худалдан авч байгаа нь ч мэдэхгүй юм. Энэ тамыг бий болгохдоо хаа холоос төмөр тэвшин дээр дөрвөн хөлийг нь тэлж хүлээд авчирна. Шатахуун тээвэрлэдэг ёмкосттой тэрэгний дээд талд дөрвөн хөлийг нь тэлж уяхаас наахнуур юм болно. Замдаа өвс идүүлж, ус уулгана гэж хэзээ ч байхгүй. Бүр тэгэх ёстой гэдгийг ч мэдэхгүй. Энийг нь бид энгийн зүйл мэтээр боддог болчихож. Тэр хонийг заавал тэгж л авчрах ёстой мэтээр хүлээж авдаг учраас хэн ч гайхахгүй, хэн ч ам ангайхгүй байна. Тэгвэл хүн төрөлхтөн малыг яаж тээвэрлэдэг вэ. Халуунд сүүдэртэй, хүйтэнд нөмөртэй, доошоо тонгойгоод өвсөө идэж, усаа ууж болох нөхцөлд тээвэрлэдэг. Ингэж тээвэрлэхийг бүр хуульчлаад өгчихнө. Харин манайх энэ бүхний эсрэгээр амийг нь таслахаас наахнуур тээвэрлэж байгаа. Өөрсдөө л шинэ мах идэж, шинэ шөл ууж байвал бусад нь хамаагүй. Ингэж үйл тамыг нь үзэж авчирсан малаа хашаа нэртэй төмөр сараалжинд авчраад хийчихнэ. Улайссан халуун наранд майлах ч тэнхэлгүй болтол нь өдөржин хашсан хойноо өвс ногоо зулгаалгана гэж байхгүй. Шөнө бол бүр ч худлаа. Хулгайд алдчихна гэж айгаад машиныхаа тэвшин дээрээс ч буулгадаггүй биз. Бид олон ч удаа шөлний хонь ийм үнэтэй байна гэж сурвалжлага хийж байсан даа. Сүүлдээ тамлуулж буй малаа хараад зүрх шимширдэг болсон байна. Ер нь монголчууд мал, хүүхэд хоёртоо дэндүү харгис хандах юм. Хэл ам гаргаж зарга зальхай хийдэггүй учраас тэр. Дээрээс нь бид малаа амьд амьтан гэж огт хардаггүй. Зүгээр л мөнгө олох хэрэгсэл гэж хараад байдаг. Монголчуудад нэг муухай зан бий. Тэр нь мөнгө олох хэрэгсэл, ажил хоёртоо хайргүй чанар. Нэг үгээр хэлбэл ажлын байраа хайрладаг монгол огт байхгүй. Захын хүнээс ажил чинь сайн уу, цалин мөнгө болж байна уу гэж асуухад л ажлын байраа зүхээд эхэлнэ. Ерөөсөө л ажлаа зүхэж байх ёстой юм шиг. Хийж буй ажлаа там, ял гэж бодон хийдэг. Ялыг нь бушуухан шиг дуусгачихаад гэртээ харья, хийсэн дүр үзүүлж байгаад эртхэн тарах юмсан гэж боддог. Социализмаар дамжсан улс орон ийм байдаг юм уу, эсхүл монголчууд угаасаа ийм зантай юм уу бүү мэд. Ийм зан нь ч нөлөөлдөг байж магадгүй. Ямартай ч бид мал хайрлана гэдгийг мэдэлгүй 60, 70 жил явчихлаа. Ингэсний дүнд бид малтайгаа яаж харьцах ёс заншил, уламжлалаа ч мэдэхээ байсан байна. Тэрний жишээ нь хотын хоёр зах дээрх мал нядалгааны хэсэг. Өнөөх сараалжин дотор хашсан хонийг яаж нядалдаг гээч. Түмний нүдэн дээр чарлуулж байгаад төхөөрнө. Дэргэд нь хүүхэд, хүүхэн хэн ч байсан хамаагүй. Уг нь бол монголчууд хүүхэд, эмэгтэй хүн хоёрын нүдэн дээр мал нядлахыг тэвчдэг байсан. Ядах нь ээ, эхнэр хүүхдээ дотогш оруулж байгаад гэрийнхээ ард малаа муулдаг байлаа. Эх хүн, хүүхдэд улай үзүүлбэл хатуу сэтгэлтэй болно гэж цээрлэдэг байв. Өнөөдөр энэ ёс заншил, уламжлал хаа ч яваа юм бүү мэд. Мөнгө л олж байвал бусад бүх зүйл хамаагүй болчихож. Тэгвэл хүн төрөлхтөний жишигт ямар байдаг юм бэ. Монголоос бусад оронд малыг ил нядлахыг цээрлэдэг. Тусгай зориулалтын газар, тусгай технологиор гаргадаг. Хэрэв монголчууд шиг ил задгай, түмний нүдэн дээр зэрлэгээр гаргаж байвал хууль зөрчсөнд тооцогдож өндөр торгуул төлнө. Бүр ял эдэлж ч магадгүй. Дэлхий нийтэд амьтны эрх хүнийхээс бараг л дээгүүр тавигдаж байгаа шүү дээ. Мал бол амьтан. Бид тэрийг мэддэг, боддог болох хэрэгтэй. Мэдсэн хойноо дэлхийн хүн төрөлхтөний жишгээр амьдармаар байна. Хонь малаа зарж бололгүй л яахав. Харин зарж байгаа газрынхаа дэргэд бичил цехтэй болчихмоор юм. Тэнд малчид татвараа төлөөд малаа зарна биз. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, нүднээс далд газар төхөөрдөг болох хэрэгтэй. Худалдан авагчийн хүссэнээр гэдэс дотрыг нь цэвэрлээд, махыг нь эвдэж янзлаад өгдөг болъё. Хариуцаж буй хүмүүс нь өвс, ургамал жигдэрсэн хашаанд малаа тааваар нь идээшлүүлээд байж болно. Ингэвэл зарж байгаа амьд амьтанд ч, худалдаж авч буй хүний сэтгэлд ч хөнгөн байна. Тэгэхгүй бол сүүлийн үед мах иднэ гэхээс айдаг боллоо. Ингэж хот тойрсон хонины тамыг зогсоох хэрэгтэй. Юун төлөө бид чинь малчин монголчууд билээ дээ. Эцэг өвгөдийнхөө мал хайрладаг ухааныг өвөлж хөгжүүлээд ёс заншлын эсрэг, хүнлэг биш сэтгэлээр олсон мөнгөнд өндөр татвар ноогдуулдаг болъё. Бүр олсон орлогыг тэр чигт нь хураадаг болсон ч илүүдэхгүй. Мөнгө хүнлэг ёсноос давсан зурвас үеийг бид даруйхан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр зах зээлийн нийгэм юм чинь яасан ч яадаг юм бэ гэх үг хүн бүрийн амнаас гарч байгаа. Энэ бол туйлын буруу. Монгол Улс оршин тогтнохын тулд эхлээд хүнлэг ёс, ёс заншил, дараа нь мөнгө гэх эрэмбэтэй байх ёстой. Хүн төрөлхтөний жишиг ч ийм. Хүүхэд багачууддаа мал нядлаад махыг нь иддэг гэдгийг мэдүүлэхгүй өсгөх хэрэгтэй байна. Махыг үйлдвэрээс гаргадаг гэсэн ойлголттой болгоход ч буруудах юм байхгүй. Тэртээ тэргүй нас биед хүрсэн хойноо ойлгох юм чинь наана нь амьтан тамладаг жишээ харуулж балмад сэтгэлийг төрүүлэхгүй байя л даа. Тэрний оронд мал амьтан бол хүн төрөлхтөний анд нөхөр гэж үздэг ухамсар суулгах хэрэгтэй. Ингэж байж манай үндэстэн, монголчууд оршин тогтноно. Өнөөдөр бид хэтэрхий балар эртнийхээрээ байна. Дээрээс нь зах зээлд орсон гэх нэрийдлээр ёс заншлаа уландаа гишгэж байна. Ийм байдлыг хуулиар зохицуулах ёстой. Бид өмнө нь “Монголын үзэсгэлэнт нуур, цөөрөм 60 сая малын хөлд сүйдэж дууслаа” гэж бичиж байсан. Нуур, булгийн эхэнд малчин айл буугаад монгол орны хамаг л үзэсгэлэнтэй газрыг бузарлаад байдаг. Мал идэх ч өвсгүй болсон хойно нь хаяад нүүдэг. Байгаль цаг уур ч эмзэг болчихож. Ийм үед малыг нуур, булгаас амаар нь ус уулгахыг хүртэл хориглочихмоор байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол таван мянган хоньтой малчин аль нэг нуурын эрэг дээр зуслаа гэхэд нуурын ус малын баас, шээсэнд дарагдаж юу нь мэдэгдэхгүй лаг, шавхай болоод байна. Бүр уул уурхайтай харьцуулахын аргагүйгээр байгаль эвдэж сүйтгээд байгаа. Энэ бүхнийг хуульчилж өгмөөр байна. УИХ мал аж ахуйтай холбоотой нэг сайн хууль баталж зохицуулалт хийж өгөхгүй бол монголчууд бид мал аж ахуйн орон гэж цээжээ дэлддэг нь яамай болох гээд байна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхжаргал: Хавдрыг генийн түвшинд оношилж, өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээг хийдэг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналыг хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргалтай ярилцлаа.


-Баяр хүргэе. Таны судалгааны ажил хавдрыг оношилж, эмчлэхэд ямар дэвшлийг авчраад байна вэ?

-Баярлалаа. “Молекул генетик оношлогооны дэвшилтэт технологийг хавдрын оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх нь” нэртэй судалгааны ажлыг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван жил хэрэгжээд энэ жил дуусч байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвд молекул генетик оношлогооны лаборатори байгуулж, хавдрыг генийн түвшинд оношилж, хувь хүнд тохирсон эмчилгээг өвчтөн тус бүрт тохируулж хийх болсон. Энэ бол цаг хугацаа хийгээд мөнгө хэмнэсэн оновчтой арга юм.

-Энэ аргаа тодорхой жишээн дээр тайлбарлаад өгөхгүй юу?

-Урьд нь бид хавдартай хүмүүст нэг тогтсон стандартаар эмчилгээ хийдэг байсан. Тодруулбал, хавдартай хүмүүст гурван схемт эмчилгээг шат дараалан хийдэг байлаа. Тухайн хүн нэгдүгээр сонголтын схемийг хэрэглээд үр дүн өгөхгүй бол хоёрдугаар схемийн эмчилгээнд орно. Үр дүн өгөхгүй бол гуравдугаар схемд орох жишээтэй. Харин манай шинжилгээ нэвтэрснээр тухайн хүний генийн илрэлд үндэслээд ямар химийн эмчилгээнд мэдрэг болохыг нь шууд тогтоох боломжтой болсон. Ингэснээр гурван шатны химийн курс эмчилгээг заавал дамжилгүйгээр цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болно. Мөн үүнээс гадна ээж нь хөхний эсвэл өндгөвчний хавдраар өвдөж байсан бол охид нь хавдраар өвчлөх магадлал хэр байна гэдгийг генийн мутаци дээр үндэслээд тогтоох боломжтой.

-Тэгэхээр одоо иргэд өөрийгөө хавдар тусах эрсдэлтэй эсэхийг танай лабораторид очоод шууд оношлуулах боломжтой гэсэн үг үү?

-Төслийн хүрээнд зөвхөн хавдартай хүмүүст оношлогоо хийж байгаа. Лаборатори өргөжөөд ирвэл эрүүл хүмүүст хавдраар өвчлөх эрсдэл байна уу үгүй юу гэдгийг илрүүлэх боломжтой болно.

-Шинэ эмчилгээний аргыг хичнээн хүнд хийж байна. Одоогоор ямар эерэг үр дүн гараад байгаа вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй, өндгөвч, хөх, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушиг, элэгний хавдартай 300 орчим өвчтөнийг эмчилгээнд хамруулж байгаа. Таван жил дотор дахисан уу, үгүй юү гэдгээр нь хавдрын эмчилгээний үр дүнг үнэлдэг. Өвчин дахихгүй бол бүрэн эдгэрсэн гэж үзнэ. Таван жилийн дараа эдгээр өвчтөнүүдийн амьдрах хугацаа хэдэн хувиар уртассан бэ гэдэг бодит үр дүн гарах юм. Өндгөвчний хавдар найман сарын дараа дахидаг бол жил гаруй хугацаанд дахиагүй эерэг үр дүн гарсан. Мөн хавдрын хэмжээ богино хугацаанд багасаж байгаа.

-Хавдар хожуу үедээ оношлогдсон тохиолдолд шинэ эмчилгээний арга эмчлэгдэх боломжтой юу?

-Хавдартай хүмүүсийн нэгдүгээр сонголтын эмчилгээ нь мэс засал байдаг. Мэс засал хийх боломжгүй хожуу үедээ ирсэн өвчтөнүүдэд химийн эмчилгээ хийгээд хавдар багассаны дараа мэс засалд оруулах боломжтой. Хоёрт, мэс засалд орсны дараа дахиад химийн эмчилгээ хийх шаардлагатай. Тухайн хүнд ямар химийн эмчилгээ үр дүнтэй гэдгийг энэ шинжилгээгээр хийж өгөх юм. Ингэснээр өвчтөнүүдийн амьдрах хугацааг хэдэн сар, жилээр уртасгах боломжтой.

-Генетик оношлогоо хөгжингүй орнуудад ямар шатандаа явна вэ?

-Мэдээж хөгжилтэй орнуудад энэ аргууд болон олон шинэ эмчилгээнүүд нэвтрээд байна. Генийн мутацид зориулсан эмчилгээг бид бай эмчилгээ гэж нэрлэдэг. Бай эмчилгээ аль хэдийнэ практикт нэвтрээд үр дүн нь гараад эхэлсэн. Гадаадад оношлуулж, эмээ худалдан аваад манайд ирж бай эмчилгээ хийлгэж буй хүмүүс ч бий. Гэхдээ энэ эмчилгээ их өндөр өртөгтэй.

-Сүүлийн жилүүдэд хавдар хожуу үедээ их оношлогдох болжээ. Эдгээр өвчтөнүүдэд оношийг нь шууд хэлдэг юм билээ. Ингэснээр өвчтөнүүд сэтгэлзүйн хувьд хүнд байдалд ордог шүү дээ?

-Өвчтөнөөс оношийг нь нуух ёсгүй. Гэхдээ тухайн өвчтөний сэтгэл зүйн байдал болон бодит байдлыг үнэлсний дараа эмч өөрт нь хэлэх эсэхээ шийддэг. Ар гэрийнхэнтэй нь зөвлөсний үндсэн дээр оношийг хэлэхгүй байх үндэслэл бий. Бусад тохиолдолд өвчтөн өөрийнхөө оношийн талаар мэдэх эрхтэй. Манай эмнэлгийн зүгээс хавдрын тусламж үйлчилгээг зөвхөн эмч, сувилагч гэлгүй нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоолзүйч гэх мэт багаар ажиллаж хүргэж байгаа. Нийгмийн ажилтан хавдрыг даван туулсан хүмүүсийн бүлгийн уулзалтыг хийж байна.

-Хавдраас бид хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хэдийгээр шинжлэх ухаан хөгжсөн тул генетекийн нарийн судалгаа хийгдэж байгаа. Гэхдээ хүний эрүүл байх хамгийн энгийн зарчим бол зөв хооллолт, хөдөлгөөн хоёр юм. Мөн эрүүл орчинд аж төрөх ёстой. Хоёулаа ижил хавдрын өвчин үүсгэх генийн мутацитай хүн байлаа гэхэд эрүүл орчинд амьдарч, зөв хооллож, хөдөлгөөн хийж байгаа хүн хавдраар өвдөхгүй байх магадлалтай. Тэгэхээр амьдралын зөв дадлыг хүн бүр эрхэмлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд хавдартай тэмцэх гурван арга байдаг. Эрт илрүүлэх, эрт илрүүлснээ төгс оношлох, гуравт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх. Хавдрыг төгс эмчлэх хамгийн гол зүйл бол эрт илрүүлэх. Эрт үедээ илрээд оношлогдох юм бол төгс эмчилж болно. Үүний тулд өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж жил бүр оношлогоо эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Та яагаад эмч болохоор шийдсэн бэ?

-Намайг есдүгээр ангид байхад эмээ маань хорт хавдраар өвдсөн. Тухайн үед манайх гэр бүлээрээ сэтгэл зүйн хүнд дарамтад орсон л доо.

Гэхдээ манай эмээ маш азтай. Эрт үедээ оношлогдож, төгс эмчлэгдээд арван жилийн дараа өөр өвчнөөр таалал төгссөн. Тэгээд л эмч, тэр дундаа хавдрын эмч болъё гэж хатуу шийдсэн. 2003 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Хавдар судлалын үндэсний төвд хавдар судлаач эмчээр резидентийн сургалтыг дүүргэж байлаа. Үргэлжлүүлээд хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаад 2009-2013 онд Солонгост молекул генетикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Ингээд сурсан мэдсэн зүйлээ монголдоо нутагшуулахаар ХСҮТ-ийнхөө лабораторийн тасагт ажиллаж байна.

-Таны цаашдын зорилго?

-Манайд хоол боловсруулах замын хавдар их байгаа. Дараагийн шатанд ходоодны хавдартай өвчтөнүүдэд шинжилгээ хийж, аль аймаг бүсийн хүн амд ямар генийн мутаци давамгай байна гэсэн судалгаа хийхийг зорьж байна. Судалгааны үр дүнгээс тодорхой мэдээлэл өгөх боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Гандамала Ланкара: Хэн нэгэн таны өмнөөс бясалгал хийж, тарни уншаад та сайн сайхан амьдарна гэж байхгүй

Бурхан багшийн айлдсан Ганжуурын хөлгөн судруудыг бүрэн бүтнээр нь төгс судалж цээжлэн тогтоож “Типитакадхара” цол хүртсэн Мьянмар улсын их бандида Гандамала Ланкара хувраг энэ өдрүүдэд Монголын сүсэгтэн олонд сургаал айлдаж байгаа билээ. Их бандида Гандамалатай ярилцсанаа хүргэе.


-“Типитакадхара” цолыг хүртсэн 14 хувраг байдгийн ес дэх нь та гэсэн. Энэ цолыг Төвд, Монгол зэрэг буддын шашинтай улс орны лам, хуврагууд хүртэж байсан уу. Ямар хүнд энэ цолыг хүртээдэг юм бэ?

-Бурхан багшийн үед лам хуврагууд Випашяна бясалгалд сайтар хичээнгүйлэн шамдаж төгс гэгээрэлд хүрээд тэрхүү гэгээрлийн хутагт хүрэх аргыг шавь нартаа заан сургах үйлийг эрхэлдэг байсан юм. Мөн зарим нь Бурхан багшийн айлдсан Ганжуурын гурван сав аймгийг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь судалж цээжлэн тогтоогоод номын шавь нарт заан сургадаг байжээ. Ганжуурын бүх хөлгөн судруудыг судалж цээжлэн тогтоосон хуврагт “Типитакадхара” буюу “Гурван сав аймгийг эрхшээгч” цолыг хүртээдэг байж. Лам хуврагуудын үйлдэх ёстой үндсэн энэ хоёр чухал үүрэгт үйл хэргийг эдүгээ цагт ч Мьянмар орноо лам хуврагууд гүйцэлдүүлсээр байгаа юм. Өнөө үед Випашяна бясалгал хийсээр гэгээрлийн шатуудад хүрсэн олон лам хуврагууд бий. Бирм улс тусгаар тогтнолоо зарласан 60 гаруй жилийн хугацаанд 14 хүн энэ цолыг хамгаалсан. Бурхан багшийн үед ном хэвлэл байгаагүй учраас бүх сургаалыг цээжилдэг байжээ. Түүнийг үе уламжилж цээжилж ирсэн гэгээрсэн хүмүүс Мьянмарт байдаг. Гэхдээ энэ номыг зүгээр шүлэг шиг цээжилж болохгүй. Нэвт шувт мэдэрч, ойлгох ёстой юм. Хүссэн хүн бүхэн Бурхан багшийн сургаалыг цээжилж шалгалт өгөөд энэ цолыг хамгаалж болно.

-Та Буддын сургаалыг хичнээн жил судалж энэ цолыг хүртсэн бэ. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би1968 онд Мьянмар улсын Мандалай хотод мэндэлсэн бөгөөд есөн сүүдэртэйдээ төрөлх хотын Буддын их хийдэд шавилан сууж, Ганжуурын хөлгөн судруудыг нэг бүрчлэн цээжлэн судалж “Типитакадхара” болох амаргүй эрдмийн үйлсэд шамдан Мьянмарын ханьцашгүй мэргэн лам нарыг шүтэн суралцаж эхэлсэн. Улмаар 2001 онд 33 сүүдэртэйдээ Бурхан багшийн айлдсан 84000 номын цогц хөлгөн судруудыг төгс эрхшээсэн “Типитакадхара” цолыг хүртэж байлаа.

-Та Монголчуудад ямар сургаал айлдаж, юуг ойлгуулахыг хүссэн бэ?

-Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багшийн урилгаар монголд ирээд байна. Д.Ширэндэв багш 2016 онд Мьянмарт очоод надтай уулзаж, хамт бясалгал хийгээд Бурхан багшийн номын гурван сав аймгийг нэвт мэдсэн хүнийг монголд ирж адис айлдаж, монголчуудад буян болооч гэж урьсан юм. Тэр урилгыг аваад өчигдөр Бэтүб хийдэд сахил санваартай лам нарт хандаж Винайн ёсыг хэрхэн дагах тухай сургаал айлдсан. Өнөө өглөө 09:00 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй заланд Абадама Абхидхамма сэдвээр лекц тавьсан. Одоо 14 цагаас Гандан хийдийн Гунгаачойлин дацанд эгэл жирийн сүсэгтэн олонд Судар хийгээд судрын аймгийн талаар, бурхны шашныг хэрхэн, юу гэж ойлгох ёстой юм бэ гэдэг айлдвар айлдах гэж байна.

-Буддын шашныг эгэл жирийн сүсэгтэн олон яг юу гэж ойлгох ёстой вэ. Шашин хийгээд мухар сүсэг хоёр юугаараа ялгаатай вэ?

-Бурхан багш нирваан дүр үзүүлснээс 1000 жилийн хойно Бурхан багшийн сургаалд ойлголтын зөрүү гарч, олон жижиг хэсэг, бүлэглэлд хуваагдсан. Сүсэг бишрэл, итгэл үнэмшилд ч зөрүүтэй ойлголтууд гарч эхэлсэн. Нэг хэсэг нь Энэтхэг, Төвд, Хятад, Монгол, Солонгос, Япон гээд хойд чиглэлд дэлгэрч Махаяана урсгалыг бий болгожээ. Нөгөө хэсэг нь Шриланка, Тайланд, Мьянмар, Вьетнам, Камбож, Лаос урд зүгийн орнуудад дэлгэрч Теревала урсгалыг дэлгэрүүлжээ. Ингэж өөр өөр ёс заншилтай орноор дамжиж явсаар Буддын сургаал зан үйл, мухар сүсэг болчихоод байна. Үүнээс болоод Монголын буддизм, Мьянмарын буддизм хоёр ялгаатай харагдах болсон. Бурхан багш бол нэг л сургаал айлдсан.

-Бидний мэдэхээр Буддын шашинд үйлийн үр, арван цагаан буян, арван хар нүгэл, хойд нас гэх мэт ойлголтууд байдаг. Мьянмарт дэлгэрсэн Буддын сургаалд энэ бүхэн бий юу?

-Бурханы сургаал нь гурван зүйлээс бүрддэг. Бие хэлээрээ нүгэл үйлдэхгүй байх, сэтгэлийнхээ өнгөн хэсэгт анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн гүнд байгаа муу муухай зүйлийг арилгахыг Бурхан Будда сургасан. Буддын шашны үндсэн ойлголт бол маш энгийн. Өөрийн сэтгэлд эзэн болж сэтгэлээ удирдах гэдэгт арван цагаан буяныг үйлдэж, арван хар нүглийг тэвчих нь ордог. Төвдийн буюу Махаяана урсгал Бурхан Буддагийн жинхэнэ сургаалаас нэлээд гажсан байна.

-Бурхан багшийн сургаалын гол зүйл нь юу вэ. Библид амьдралын энгийн зүйлсийг ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Буддын шашны сургаалыг орчуулахаар магтуу дуунууд, олон хүний нэр байгаа нь ойлгомжгүй санагддаг шүү дээ?

-Миний түрүүнд хэлсэн гурван ойлголтыг үйлдэл болгох хэрэгтэй. Хамгийн сүүлийн өөрийн сэтгэлийг номхотгох, хир буртгийг арилгах гэдэг нь билгүүн ухааныг олох юм. Тарни цээжилж, бясалгал хийж өөрийгөө олж болно. Гэхдээ таны өмнөөс хэн нэгэн хүн бясалгал хийж, тарни уншаад та сайн сайхан болно гэж байхгүй. Чин сэтгэлээсээ хүсч, анхаарлаа төвлөрүүлж бясалгах ёстой. Бясалгалын ухаан нь хоёр төрөл байдаг. Нэг нь Шаманта буюу анхаарлаа төвлөрүүлж сурснаар оюун ухаан сэтгэлийг төвлөрүүлэх арга юм. Нөгөө нь Випашяна буюу өөрийн сэтгэлийн билгүүнийг үүсгэж, хир буртгийг арилгах. Ийм хоёр үндсэн сургаал байдаг. Нэг нь нөгөөгөө хөтлөөд явдаг. Хамгийн гол нь энэ сургаалаас чи өөрөө ач тус хүртэх ёстой. Хэн нэгэн чиний өмнөөс үүнийг уншаад чи ач тус хүртэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хоёр чиглэлийн аль нэгийг сонгож, өөрөө хичээж, хөдөлмөрлөж байж билгүүн ухаанаа нээж гэгээрэх юм.

-Сүүлийн жилүүдэд манай улсаас маш олон гэгээнтний хойд дүр тодрох болсон. Энэ ямар учиртай юм бол. Гэгээнтнүүд яаж төрдөг вэ?

-Гэгээрэлд хүрэхийн тулд хутагтын найман гишүүнт зам мөр гэж байдаг. Энэ зам мөрийг сахиад билиг оюунаа хөгжүүлээд хутагт болж гэгээрч болно. Миний хувьд Төвдийн буддизм гэгээнтнийг хэрхэн тодруулдаг талаар сайн мэдэхгүй байна. Манай Теревалад бол хэн нэгэн хүн өөрөө бясалгал хийгээд өөрөө л гэгээрдэг. Гэгээрсэн хүмүүс бусаддаа гэгээрэх зам мөрийг зааж сургах нь бидний үндсэн үүрэг юм.


Categories
мэдээ нийгэм

“Silence White” электро хөгжмийн наадам

Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожект” ХХК ес дэх удаагаа өчигдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Silence White” электро хөгжмийн наадмыг зохион байгууллаа. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулсан юм. “Silence White” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник, технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм.

Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналтан, хүний эрхийн төлөө тэмцэгч таалал төгсчээ

Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналтан Лю Сяобо таалал төгсчээ. Тэрээр 2009 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр шоронд хоригдож эрүүл мэндийн улмаас хугацаанаасаа өмнө суллагдсан юм. Лю Сяобо шоронд хоригдож байхдаа элэгний хорт хавдараар өвчилсөн байсан. Шоронгоос суллагдсан хэдий ч тэрээр Хятадын хуул сахиулах байгууллангын хараа хяналтанд байж, эхнэр нь нэлээд удаан хугацааны туршид гэрийн хорионд байсан. Хэдэн хоногийн өмнөөс тэрээр дотуур цус алдаж эхэлсэн бөгөөд 61 настайдаа хорвогийн мөнх бусыг үзүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хэнтий аймагт “Ёохор-2017” наадам болно

"Ёохор-2017" зурган илэрцүүд

Ардын урлагийн “Ёохор-2017” наадам Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 17-ны өдөр болно. Гурав дахь жилдээ болох гэж буй энэ наадам нь Буриад Монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах зорилготой ажээ.

Мөн энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр “Ёохор-2017” ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг уриалжээ.

Categories
гадаад мэдээ

Берлин хотын дарга Михаэл Мюллер Улаанбаатар хотод айлчилна

Ирэх долоо хоногийн даваа гаригт ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаэл Мюллер хотын мэр С.Батболдын урилгаар Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард анх Монгол Улсад ирж байсан бөгөөд албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Берлин хотын дарга Улаанбаатар хотод байх хугацаандаа Фридрих Эберт сангийн Улаанбаатар дахь салбарт зохион байгуулах арга хэмжээнд нийслэл хотын захирагч С.Батболдын хамт оролцож, албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ц.Содномдоржид Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Lexus 570” бэлэглэлээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан болсон билээ. Түүнд өнөөдөр түрүү бөхийн бай шагнал “Ланд 200” автомашиныг “Тоёота”-гийн зүгээс өгсөн. Тэгвэл Уяачдын баярын үеэр улсын наадмын түрүү бөхдөө Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus 570 автомашин бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрлийз бага насанд З.Батбаярын бор халзан түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз бага ангилал буюу дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан түрүүлж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ч.Хишигбаатарын хээр хурдаллаа. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Цээл сумын уугуул, улсын Алдарт уяач П.Баяраагийн сартай хүрэн, айргийн тавд Хөвсгөл аймгийн харьяат УИХ-ын Л.Мөнхбаатарын хул халзан хурдалж, түмэн олныг баясгав.