Америкийн дуучин Лана Дель Рей хэмээх энэ бүсгүйг “Мэдээллийн эрин үеийн зул”, “Леди Гагаг эсэргүүцэгч” гэдэг. 2011 онд “Video Game” нэртэй бие даасан цомгоо гаргаснаар алдаршсан нэгэн. Тэрээр дуучин төдийгүй ая зохиогч. Түүний хоёр дахь цомог “Born To Die” тухайн үедээ урлагийн ертөнцөд нэлээд шуугиан тарьж Лана Дель Рей уран бүтээлчийнхээ хувьд хүлээн зөвшөөрөгджээ.
1985 онд Нью-Йорк мужид төрсөн түүний жинхэнэ нэрийг Элизабет Вулриж Грант гэдэг. Шотланд гаралтай, аав нь бизнесмен. Өвөө, аав нь бүгд санхүү бизнесийн салбарт нэлээд амжилттай ажилласан. Лана Дель Рейн ээж нь дунд сургуулийн багш. Охин нь авьяастай болохыг мэдэрсэн эцэг эх нь үргэлж дэмжиж тусалж байжээ. Лана Дель Рей ээжийнхээ ажилладаг байсан бага сургуульд сурч байгаад дунд ангидаа Кент сургуульд шилжин сурсан. Уг нь бол яруу найрагч болохыг мөрөөддөг байж. Аав нь кантри дуу зохиож, ээж нь дуулах дуртай байсан бөгөөд охин нь урлагийн хүн болоход энэ бүхэн нөлөөлсөн гэдэг.
Лана Дель Рей Женесео дахь Нью-Йоркийн улсын их сургуульд элсэн орсон боловч хичээлдээ яваагүй. Лонг-Айлендад амьдардаг эгчийндээ амьдрах болжээ. Сургуулиа орхин нэг хэсэг цайны газар зөөгчөөр ажиллажээ. Ийнхүү хамаатныхаа эгчийнд амьдарч байхдаа ахаараа гитар тоглохыг заалгасан тухайгаа дурсан ярьсан байдаг. Энэ үед ая зохиох авьяастай болохоо мэджээ. Ингээд л шөнийн клуб, зоогийн газруудад өөрийн зохиосон дуугаа үзэгчдийн сонорт хүргэх болсон. “Би багаасаа л дуулдаг байсан. Гэхдээ дуучин болох төлөвлөгөө надад байгаагүй. Би 18 настайдаа Нью-Йоркт ирж Бруклиний шөнийн цэнгээний газруудад дуулдаг болсон. Сайн найзууд, үнэнч их сургуулийн философийн факультетэд орж сурсан. Үүнийхээ ачаар шашин, шинжлэх ухаан хоёрын ялгааг мэдэж авсан байна. Шашин сонирхдог байсан залуухан бүсгүйд энэ дэлхий дээр яах гэж төрж, юуны төлөө амьдарч байгааг ойлгоход орчин үеийн шинжлэх ухаан хэр зэрэг тус дэм болохыг мэдэхийн тулд гүн ухааныг судалсан гэдэг.
Бага, дунд сургуульд сурч байхдаа үеийнхэнтэйгээ хэл амаа төдийлөн ололцдоггүй байсан тул амаргүй байжээ. Гэхдээ хөгжмийн ачаар өөрийн үзэл бодол нэгт нөхөдтэйгөө танилцсан аж. Нью-Жерсид ирээд орон гэргүй хүүхдүүдэд туслах сайн дурын ажилд оролцож, архи, хар тамхинаас гарах тусгай хөтөлбөрт оролцжээ. Энэ чиглэлийн сайн дурын ажилд ч нэлээд хэдэн жилийн туршид идэвхтэй оролцсон байдаг. Нэрт дуучин 15 настайдаа архинд орж байсан, муу зуршлаасаа салах амаргүй гэдгийг сайн мэддэг. Тэрээр Америкаар аялж явахдаа нутгийн уугуул иргэд болох индианчуудад туслах аянд идэвхтэй оролцсон байна.
Лана Дель Рей 2005 онд “Rock Me Stable” буюу “Young Like Me” цомгоо гаргажээ. Үүнээс нэг жилийн дараа продюсер Дэвид Кейнтэй танилцаж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дэвид Кейн нь маш алдартай продюсер байсан боловч тэдний хамтын ажил дорвитой үр дүнд хүрээгүй. Улмаар залуухан бүсгүй Лондонд нүүж очоод уран бүтээл дээрээ шаргуу ажиллаж эхэлсэн. Их Британид Лана Дель Рей нэрээр дуулахаар болж, өмгөөлөгч, менежер нь ч энэ нэрээр уран бүтээлээ туурвихыг зөвлөсөн гэдэг. 2011 онд “Videos Game”, “Blue Jeans” дуунуудаа YouTube-д тавьсан нь цахим ертөнцөд бөөн шуугиан тарьсан. Удалгүй “Stranger Recordes” түүнд гэрээ байгуулах санал тавьж “Videos Game” нэртэй цомгоо сонсогчдын хүртээл болгожээ. YouTube-д байршуулсан “Videos Game” дуу нь цахим ертөнцөд шуугиан тарьж, олны таашаалыг хүртэнэ гэж бодоогүй гэдэг. Лана Дель Рей шинэ цомгоороо хэд хэдэн шагнал хүртэж, гэрээ байгуулж хамтран ажиллах саналууд хүлээн авсан байна. Америкийн NBC телевиз “Saturday Night Live” хөгжмийн цэнгээнт шоунд уригдан оролцохдоо цахим ертөнцөөр алдаршсан хоёр дуугаа дуулжээ. Гэвч түүнийг хагас үхмэл байдалтай дуулж байна хэмээн NBC телевизийн нэрт хөтлөгч Брайан Уильямс ширүүхэн шүүмжилжээ. Дуулж байхдаа дууныхаа өнгийг өөрчилж байсан нь сонсогчдод таалагдаагүй аж. Гэсэн хэдий ч залуу дуучин бууж өгөөгүй. 2012 онд гаргасан “Born To Die” цомог нь тэр жилдээ хамгийн их борлогдсон таван цомгийн нэг болсон. Түүгээр ч зогсохгүй дэлхийн 11 оронд хамгийн их зарагдсан цомгуудын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ цомгийн талаар шүүмжлэгчид янз бүрээр бичсэн байдаг.
Ер бусын дуулдгаараа олныг бишрүүлсэн Лана Дель Рейг хамгийн дээд өнгөнөөс доод руу шилжин дуулахдаа ер бусын авьяастай. Жил ирэх тусам түүнийг тайзан дээр гарахдаа улам өөртөө итгэлтэй болж байгааг шүүмжлэгчид онцолдог. Түүнийг Холливудын сэкдор хэв маягаар дуулдаг хэмээн тодорхойлжээ. Зарим шүүмжлэгчид Лана Дель Рейг 1950,1960-аад оны Америкийн поп хөгжим ид хүчээ авч байх үеийн дуунуудыг дуурайж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Үүний хариуд дуучин “Би 1950-иад онд төрөөгүй. Гэхдээ тэр үед байснаа мэдэрч байна” гэжээ.
Интернэтэд өөрийнх нь тухай маш их худал мэдээлэл байдагт Лана Дель Рай нэлээд бухимддаг гэнэ. Тиймээс ч баруун гар дэрээ “Trust no one” буюу “Хэнд ч битгий итгэ” гэсэн үгийг шивүүлсэн. Харин зүүн гар дээрээ эмээгийнхээ нэрний эхний М үсгийг шивүүлж ядам хуруун дээр “Die young” (Залуугаараа үх) гэсэн шивээсийг хийлгэсэн.
Их Британийн нэрт дуучин Эми Уайнхаус, алдарт Уитни Хьюстон нар бол түүний шүтээн. Тиймээс ч “Whitney Amy” гэсэн шивээстэй.
Контральто хоолойтой тэрээр барроко-поп, дрим-поп, трип-хоп, инди-поп, рок жанраар дуулдаг. Урлагт орж ирээд 12 жил болохдоо нэлээд хэдэн жил уран бүтээл туурвилгүй чимээгүй байж, архинд донтож, орчин үеийн шинжлэх ухаанаар дамжуулан бурхныг ойлгохыг оролдож, нэрээ хэд хэдэн удаа сольсон хамгийн сонин дуучдын нэг. Тэрээр “H&M”, “Jaguar” компанийн нүүр царай болж байсан.
Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон “The Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа Лана Дель Райд хайртай бөгөөд шүтэн биширдэг гэдгээ хэлж байсан удаатай.