Categories
мэдээ нийгэм

Хархорин, Барс захууд ажиллаж эхэллээ

Хархорин, Барс захууд зурган илэрцүүд

Үндэсний баяр наадмаар бүх нийтээр амрахаар хуульчлагдсан байдаг. Үүний дагуу баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний төвүүд амарч байгаа билээ. Харин өнөөдрөөс Хархорин, Барс захууд ажиллаж эхэллээ.

  • “НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 16-ыг хүртэл амарна.
  • ХАРХОРИН: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.
  • БӨМБӨГӨР: Энэ сарын 17-ныг дуустал амарна.
  • БАРС: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.
  • ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ыг дуустал амарна.
  • ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ыг дуустал амарна.
  • ӨГӨӨМӨР ЗАХ: Энэ сарын 19-ийг дуустал амарна.
Categories
мэдээ нийгэм

Замын ажил гацаанд орсон гэв

Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхэлсэн. Өнөө жил хоёр дахь жилдээ үргэлжилж буй. Гэвч зарим ажил саатаад байгаа аж. Хуучнаар Толгойтын гүүрээс 21 дүгээр хорооллыг холбосон 500 метр орчмын авто замын ажил “Сод Монгол”-ын шатахуун түгээх станц, хоёр давхар зочид буудал хоёроос болж, саатаад байгаа гэнэ. Эдгээр газрууд өнөөдрийг хүртэл газраа татаагүй байна. Уг нь дээрх 500 метр орчмын авто замын ажлыг энэ сарын 8-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч газар чөлөөлөлт хийгдээгүйгээс болж, замыг өргөтгөх боломжгүй болоод байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Залуус нэгдэн түймэр унтраахад туслахаар бэлтгэж байна гэв

10 гаруй түймэр асчээ зурган илэрцүүдХэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. Гал түймэр унтраах нь эрсдэлтэй учраас 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдийг явахыг уриалж буй юм. Өнөөдөр 15 цагт Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу хуваагдан явахаар төлөвлөөд байгаа ажээ. Өглөө 8 цагт гал түймэр унтраахад туслалцах эхний ээлжийн залуус Төв аймгийн Батсүмбэр сум руу хөдөлцгөөжээ.

Гал голомтот 9 газар байгаа бөгөөд гал түймэр унтраахад гар бие оролцохоос гадна мөнгө цуглуулж туслая гэсэн санаачлагыг дэмжин хандив цуглуулж буй гэнэ. Тус группын залуустай нэгдэж, мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор группт нэгдэж болно.

Categories
мэдээ нийгэм

Осолд орсон иргэдийг эмнэлэгт хүргэжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум зурган илэрцүүдӨвөрхангай аймгийн Хархорин сум, Долоон бургас гэдэг газар зорчиж явсан 74-57 УБТ улсын дугаартай суудлын автомашин өчигдөр осолдож, зорчигч нь төмөр эд ангид хавчуулагдан гэмтэж бэртжээ. Ингээд Онцгойгийнхон гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Авто машины төмөр эд ангид Г /25 настай, эрэгтэй/, А /24 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсан аж. Тэднийг Хархорин сумын эмнэлэгт хүргэсэн гэв. Архангай аймгийн Өгийннуур сумын төвөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчиж яваад дээрх осолд оржээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Маргааш ажил эхэлнэ

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, долдугаар сарын 10-ны даваа гарагт амрах бөгөөд энэ ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллах юм. Тиймээс маргааш ажил эхлэх юм.

Categories
мэдээ спорт

П.Орхон Испаний Гранприд хүч үзнэ

П.Орхон зурган илэрцүүд

Польшийн нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ П.Орхон, 53 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Отгонжаргал нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт Варшаваас Мадридыг зориод байна.

Учир нь тэд энэ амралтын өдрүүдэд Испанийн Гранприд оролцох юм. Энэхүү тэмцээнд эмэгтэй бөхчүүд дөрвөн жилийн өмнө нь оролцож гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ С.Бямбацэрэн нар хүрэл медаль хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрөнд живсэн иргэдийг эрэн хайж байна

Холбоотой Зураг

Энэ сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага иржээ. Түүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

Мөн өдрийн 17:00 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /23 настай, эмэгтэй/, Х /21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсэн байна. Түүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, орон нутгийн долоон иргэн, нийт 13 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

Намбарын Пүрэв: Монголчуудад Нобелийн шагналт зохиолчтой болох амбиц байх ёстой

“Намрын өнгө орлоо ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Аялгуу бүүвэй ээж”, “Тоотой бодогдох юм”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Хайр буруугүй” зэрэг дууны шүлгийг туурвисан, яруу найрагч Намбарын Пүрэвтэй ярилцлаа.


-Та хоёр зуу гаруй дууны шүлгийг бичиж туурвижээ. Ер нь яруу найраг, мөр холбодог бүхэн дууны шүлэг биччихдэггүй, амаргүй эд гэж ярьдаг. Энэ их уянга дуу, шүлэг найраг юунаас ундардаг юм бэ?

-Уржнан жил байх шүү аав, ээж, нутаг гэсэн сэдвээр дуунуудаа түүгээд цомог гаргасан. Одоо дан хайрын дуугаар цомог гаргая гэж бодож байгаа. Дууг хит гэж хэлээд байдаг. Гэтэл дуу болгоны ард сонсогч байдаг. Хит болоогүй ч гэсэн нэг сонсогчтой дуу хүртэл байдаг. Тэр дууг сонсоод ухаарч, ижий ааваа хайрлах ухаарлыг авдаг улс бий. Тэгэхээр хит дуу гэхээс илүүтэй дуу гэдэг өөрөө хүчтэй гэж боддог. Бусдыг ухааруулж, тайтгаруулж буй мөн чанараараа дуу цагаан мөртэй. Дуу бүтээнэ гэдэг ламаар бол тарни уншсантай адил байх. Хөгжмийн зохиолч, дуучин, найрагч гээд хэд хэдэн хүний сэтгэл цуглаж байж дуу бүтдэг. Хэрэвзээ тэдний нэгийнх нь сэтгэл дутвал тэр дуу мартагдан замхардаг. Тиймээс би дуундаа их хүндэтгэлтэй ханддаг.

Дуу бол өөрөө төрдөг, түүнийг бичих гээд хүчлээд байх нь үгүй. Яахав, хүмүүс дууны шүлэг, яруу найраг гэж ялгаж яриад байдаг.Дууны шүлэгт гурван гол юм бий. Мэдрэмж, санаагаа багтаах ухаан, шүлгийн мөр, үгийн зохицол гэж байна. Үг хатуудна, үг уртадна, эсвэл богиноддог. Тэгэхээр ая данг тааруулж, мэдэрч бичих нь амаргүй байх. “Дууны яруу найраг бол явж явж яруу найргийн охь нь. Бяслаг шиг шахсан, тараг бүрсэн, өрөм загссан мэт охь нь” гэж Монголын дууны шүлгийн нэрт мастерууд хэлсэн байдаг юм.

-Яруу найрагчид онгодоор бичдэг гэлцэх. Үнэхээр онгод гэж байдаг уу, байдаг бол ямар дүр зургаар илэрхийлж болох вэ?

-Зохиолч, яруу найрагч болгонд ирдэг гоё асуулт л даа. Би хувьдаа гоё асуулт гэж боддог юм.

Онгод гэж байдаг. Гэхдээ байнга онгод ирээд, хөглөгдөөд хамт нисээд байдаггүй. Онгод юунаас ч ирж болно. Юунаас ч онгодыг авч бас болно. Салхинаас, уул уснаас, намрын гунигийн навчнаас, эсвэл хавраас, цаснаас, үгүй бол хажуугаар зөрж өнгөрсөн сайхан бүсгүйгээс, ижийнхээ тухай ярьж суухад ч юмуу онгодыг авч болно. Аан, манайхан онгод гэх гүн утгатай үгээр хэлээд байгаа юм, би бол сэрэл мэдрэмж гэнэ. Чи яаж сэрж мэдэрнэ, ямар санаа олно. Тэр л маш чухал. Санаагаа олсон л бол яаж бичих нь тухайн зохиолчийн авьяас билиг, мэдлэг боловсрол, туршлагаас шалтгаална.

Хэрвээ онгодгүй юмуу, онгод байхгүй гэвэл тэр уран бүтээлч биш. Онгодоор бүтсэн юм үнэ цэнтэй, амьтай байдаг. Онгод, сэрэл мэдрэмжээр бичээгүй бол надаас цаашаа бусад хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэлгүй замдаа замхарна гэж ойлгодог. Манай яруу найрагчид өөрсдийгөө би бол хавар бичдэг хүн, эсвэл намар их бичдэг гэхчилэн хэлдэг. Тэр утгаар яривал би намар бичих дуртай.

-Та сая намар цагаар бичиж туурвих дуртай гэж хэллээ. Тэгэхээр “Намрын өнгө орлоо ээж ээ” алдартай дуу тань яах ч аргагүй намраар төрж үү дээ?

-1987 он, одоогоос гучин жилийн өмнө юм. Арван долоохон настай хүү оюутан болж ирээд намрын ажилд гарлаа. Намрын хүйтэн бороо ороод л, тэгснээ цас унаад л тийм нэг өдөр ажилд гаралгүй өнжсөн юм. Тэр үед ээжийн минь бие чилээрхүү гэсэн захиа ирээд. Үе үе тэр захиагаа гаргаж уншаад, нүдэндээ нулимстайхан суусан сан. Намрын улирал, тэгээд гэрээсээ холдсон хүү жаахан эмзэглэнхэн суухдаа

Намрын өнгө орлоо ээж ээ

Насыг тань нэмээд одлоо

Нуурын зэгс шаргалтлаа ээж ээ

Нулимсаа даалгүй бөхөлзлөө хэмээн шүлгээ бичсэн дээ. Дуучин Х.Болормаагийн дуулснаар ард түмэн мэднэ.

Ер нь намрын улирал орчлонгийн өнгө гэрэл, хорвоогийн дүр зургийг хүнд маш гайхамшигтайгаар мэдрүүлдэг тийм сайхан улирал. Намрын салхи, навчны өнгө, усны шувуудын ганганаа, усны долгио гээд л. Намрыг хүнтэй зүйрлэ гэвэл яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач л гэх байх.

-Дуучин Х.Болормаагаар ямар тохиолоор дуулуулсан юм бэ, дуундаа зохицсон дуучин гэж байдаг шүү.

-Намайг шүлгээ бичсэнээс бараг арван жилийн дараа, 1996 онд Х.Болормаа дуулсан байдаг юм. Хожим бид уулзалдан энэ тухай түүхээ ярьцгаасан л даа. Тухайн үед Х.Болормаа үндэсний телевизэд хүнтэй таараад ярьж сууж байж. Ширээн дээр нь миний ном байж л дээ. Тэгээд уншиж суугаад, “Намрын өнгө орлоо ээж ээ” шүлгийг олж харан номын хэсгээс салгаад авсан байгаа юм. Ээждээ зориулж сайхан дуу хийе гэж өөрөө бодож явсан байх. Тэгээд өөрийн хань аранжровшик Аранзад “Энэ шүлгээр нэг сайхан дуу хийгээд өг” гэж өгч. Тэр үед Аранза буюу Б.Бат-Эрдэнэ маань ая дан хийгээд байдаггүй, хөгжмийн найруулга л хийдэг байсан. Аранзагийн ширээн дээр бараг хоёр жил болсон гэж байгаа юм. Нэг л өдөр Х.Болормаа би нөгөө ээжийн тухай дуугаа авмаар байна, миний хань л юм бол хийгээд өг гэж шахсаар байж. Тэгээд л их тийм гоё ритмлэг дуу төрөн гарсан даа.

-“Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуу тань бас хит болсон доо…

-Тухайн үеийн хайрын дууны өнгө аясыг эвдсэн болов уу. Амьдралд нэг нандин учрал байдаг гэдгийг хэлсэн дуу. Тэр үед Л.Галмандах багш 52 дугаар сургуульд багшилж байлаа. Бид гудманд таараад анх танилцаж байсан юм. Тэгэхэд би “Сэтгэлийн гэгээ” гэж номоо гаргасан байсан. Багшид номоо өглөө. Хоёр хоногийн дараа утас дуугарлаа. Л.Галмандах багш залгаж байна, чи хүрээд ирээч гэлээ. Би ч тэр даруйд гүйгээд очсон. Тэгсэн номноос чинь дөрөв таван шүлэг харж, нэгэнд нь би ая хийчихсэн гэлээ. “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуунд ая хийсэн байсан. Чулуунбаатар гэж шинэ дуучин залуу бий, зөөлөн тослог хоолойтой. Яг таарна гээд Л.Галмандах багш сонгож дуулуулж, олон түмэнд хүргэсэн. Хөгжмийн зохиолч хүн дуучнаа олж дуулуулна гэдэг зөвхөн тэр хүнд л заяасан мэдрэмж юм билээ.

-Л.Галмандах хэмээх гайхалтай авьяаслаг хүний тухай залуучууд бид та бүхнээс л сонсож дуулж явдаг. Та хувь хүнтэй нь нөхөрлөж, олон чиг жил ойр тойронд нь явжээ.

-Л.Галмандах багштай ёстой л ойрхон байсан даа. Маш гайхалтай нямбай хүн. Бичгийн соёл, шүлэг ноотолсон байдал энэ тэр нь нямбай. Амьдралын сайн сайхны төлөө 100 хувь амьдрах гэж түүнийг л хэлэх байх. Маш их уншдаг, мэдлэгтэй. Зарим хүнтэй нэг хоёр уулзаад цаашаа ярих юм дуусдаг бол Л.Галмандах багштай дахин дахин уулзаж, ярьж хөөрч суумаар тийм уйдашгүй, залхашгүй, ундаргатай, баялаг хүн байсан.

Ялангуяа хүүхдэд маш их хайртай хүн байсан. Л.Галмандах багш шиг хүүхдэд зориулсан дууг тэгж гоё урладаг, тэгж гоё хоолойд нь тохируулдаг, тэгж шүлгийг нь сонгодог хөгжмийн зохиолч одоо хэд байна. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” гэх мэт дуунууд нь супер дээ.

-Монголын дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал агсантай та бас л ойрхон явсан. Саяхан “Монголын тал нутаг” дуу нь гадныхны сэтгэлийг огшоогоод авлаа шүү дээ?

-Миний багш. “Намрын өнгө орлоо ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуунуудын маань тухайд ингэж хэлж байсан юм. “Дууны яруу найрагт цаанаасаа төрсөн хүүхэд байна шүү” гэсэн ихэд том магтаалыг хэлж билээ. Дуунд нэр нь их чухал байх ёстой. Чи дууныхаа нэрийг онож өгөх юм, зүгээр нэг ээжийн дууг ээждээ биш, аавын дууг аавдаа гэж өгөөгүй байна шүү гэж. Тэр урмын үг намайг их хөглөж явдаг.

Ардын уран зохиолч Балжирын Догмид ах, Түмээ ах хоёр зохиолчдын хороонд нэг өрөөнд суудаг байв. Шинэ гарч ирж байгаа бид чинь том зохиолчдыг алсаас харах, хажуугаар нь зөрөх юмсан гэсэн сэтгэлийн дуудлагатай явна. Айгаад, мэндэлж ч чадахгүй шүү дээ. Тэгээд нэг өдөр Түмээ ахтай таараад “Сайн байна уу та” гээд мэнд асуутал намайг шууд таньж байна аа. Овог нэрээр минь хэлээд “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”-г чи бичсэн мөн биз дээ гээд. Тэгээд нэг үнсээд, одоо чамайг нэг чухал хүн дээр авч очно гээд шууд явсан. Л.Галмандах багш дээр очсон. Түмээ ах айхтар гярхай, хүний авьяасыг олж танихдаа мэдрэмжтэй. Хүнээс үг харамладаггүй тийм гайхамшигтай хүн байсан даа. Сая, “Монголын тал нутаг” дууг нь Г.Ариунбаатар дуулж шуугилаа. Хэн бичсэн билээ дээ.

-Та одоо Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байгаа. Утга зохиолын салбарын ай савд багтан явж буй энэ олон уран бүтээлчдийн нэр хүндийг нийгэмд өсгөж өгөх тал дээр танай эвлэлээс ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монголын зохиолчдын эвлэл шинэ удирдлагын багаар ажиллаад хагас жил болж байна. Бид урьд өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг үргэлжлүүлэхийн сацуу шинэ санаа, шинэ бодлогыг тодорхойлж ажиллаж байгаа. Манай эвлэл улсаас төсөвгүй ч өөрийн байрыг тодорхой хэмжээнд түрээслэн, түрээсийн мөнгөөр санхүүжиж явж байгаа гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага л даа.

Жилдээ гол хийдэг хэд хэдэн ажил бий. “Болор цом”, “Алтан өд”, “Утгын чимэг” гэх мэт ард түмний хүсэн хүлээж байдаг ийм чухал ажлуудаа амжилттай хийсэн. Үүнээс гадна олон нийтийн байгууллага, их, дээд сургууль, дунд сургууль, аймгуудын утга зохиолын нэгдэл, гадаад дахь хамтран ажилладаг газрууд гээд бидний өдөр тутмын ажил тасралгүй үргэлжилж байна. Өдөр тутмын ажлуудаас гадна том том ажлуудын уялдаа холбоог сайжруулах, урьд өмнөх уур амьсгалыг эвдэх, өөрчлөх маягаар шинэ удирдлагуудын санааг шингээж ажиллаж байгаа. Өнөө жил Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, Гомбын Сэр-Од, Б.Ойдов нарын зохиолчдын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Мөн Б.Явуухулангийн 88 жил, О.Дашбалбарын мэндэлсний 60, Д.Нямсүрэн найрагчийн мэндэлсний 70, Р.Чойномын 80 насны ой тохиож байна. Ирэх наймдугаар сард Монголд Дэлхийн яруу найрагчдын их чуулган мөн болох гэж байна.

-Утга зохиолын салбар эдийн засгийн хувьд дэмжлэг багатай явж ирсэн гэж ойлгодог. Та бүхэн шинэ хөшүүрэг бий болгох тал дээр ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа вэ.

-Утга зохиолын салбар гэдэг оюуны хөдөлмөрийн ажил байдаг. Гэвч, зохиолчдын оюун санааны бүтээлийг үнэлэх, тэдний нэр хүндийг өсгөх тал дээр ямар нэгэн дэмжлэг үзүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байдаг. Харамсалтай нь, манай төр засаг энэ тал дээр ямар ч бодлогогүй явж ирсэн, хаясан. Төрийн бодлогын гадна үлдсэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай. Хэдийгээр улсаас төсөв авахаа больсон ч яруу найраг, зохиолд элэгтэй хүмүүс, байгууллагууд олон байна. Монголчууд их оюунлаг. Ард түмний дунд яваа утга зохиолыг шимтдэг хүмүүсийн дэмээр, урмаар, цаашлаад эдийн засгийн тусламжаар явж байна. Мэдээж, бид төр засгийн анхааралд ордог байвал бидний ажлын хүрээ ч гэсэн өргөн байх боломжтой.

-Монголчууд утга зохиолыг дээдэлж хүндэтгэн бишрэн хайрладаг уламжлалтай хүмүүс. Сүүлийн үед зохиолчид нийгмийн хөшигний ард байхыг хүсдэг, ил гарахгүй байх тал руугаа хандчихсан юмуу гэж харагддаг. Угтаа оюунлаг улсуудын үг, үзэл бодол дэлгэрч байж нийгмээ авч явдаг шүү дээ.

-Энэ бол хоёр талтай. Ил гарахгүй даруухан уран бүтээлээ хийгээд, уран бүтээлээрээ амьдраад явж байгаа олон зохиолч бий. Ерөөс монголчууд их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэсэн суурь хүмүүжил, боловсролтой ухаалаг ард түмэн. Жишээ нь, манай Чинаагийн Галсан гуай яг гадны зохиолчдын жишгээр яваа. Хөгжилтэй улс орнуудад яадаг вэ гэхээр зохиолоо л бичих хэрэгтэй. Түүнээс биш ходоодоо яаж тэжээнэ, амьдралаа яанаа гэж санаа зовдоггүй. Ийм жишиг аль хэдийнэ тогтож цэгцэрсэн. Харин зохиол бүтээлээ туурвихаас гадна хувь хүний амьдралдаа анхаарч нийгэмд тэр бүр дуугараад байдаггүй улсууд ч бий. Уран бүтээлээрээ л илүү үзэл бодол үгээ илэрхийлэхийг зорьдог байх.

-Ер нь Монголоос яагаад Нобелийн шагналт зохиолч төрөхгүй байгаа юм бэ гэсэн нэг асуулт байдаг. Монголын зохиолчдын авьяасын ундарга, Монголын их утга зохиолын охь дээжис хаачсан юм бэ.

-Дэлхий даяаршсан байна. Даяаршина гэхээр улс орноороо нэг зорилготой байх ёстой болчихоод байгаа юм. Уржигдархан би Солонгосын уран бүтээлчтэй уулзаж ярьж суулаа. Тэгэхэд тэд Ко Ун гэх яруу найрагчийг Нобелийн шагналтан болгохын тулд солонгосчууд дөч тавин саяулаа нэгдэж чадаж байгаа гэж ярьж байна лээ. Солонгос хүн Нобелийн шагнал авах нь хамгийн чухал гэж тэд үзэж байна. Нэг талаасаа энэ зөв амбиц. Улс орнуудын бодлого ийм болж цэгцэрсэн байгаа юм.

Тэгэхээр манайд төр засгаа хүртэл ийм бодлоготой, ийм нэгдсэн санаатай байх ёстой байгаа юм. Шуудхан хэлэхэд, Монголын их утга зохиолоос Нобелийн шагнал авах хэмжээний бүтээл төрчихсөн байгаа шүү дээ. Яагаад их Нацагдорж, Данзанравжаагийн бүтээл болохгүй гэж. Бүр нааш нь татаад хэлэхэд Чинаагийн Галсан гэж Европт хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч байна. Данзангийн Нямсүрэн байна, бүр залуу үеэсээ хэлэхэд Г.Аюурзана байна. Жинхэнэ байгалийн, жинхэнэ яруу найраг, утга зохиол Монголд байгаа гэдэг.

Удахгүй ирэх наймдугаар сард Монголд Дэлхийн яруу найрагчдын чуулган болох гэж байгаа тухай түрүүн хэлсэн. Төр засаг чимээгүй л байна. Уг нь ийм л боломжийг ашиглаж, Нобелийн шагналт зохиолчтой болох эхний алхмаа хийж байх ёстой гэж уран бүтээлчийн хувьд боддог. Монголчуудад тийм амбиц байх ёстой.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

Жүдогийн азийн АШТ-д багаараа дөрөвдүгээр байр эзэллээ

Жүдогийн Азийн АШТ-д багаараа дөрөвдүгээр байр эзэллээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн 11 дэх удаагийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Тус тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 57 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Цэдэнжавын Цэрэндолгор алтан медаль хүртсэн. Мөн 63 кг-д Цэрэндуламын Энхчимэг, 70 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам нар хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Эрдэнэбаатар: Таеквондогийн спортоор монгол хүүхдүүд хичээллэхэд хамгийн тохиромжтой

Шавь М.Түмэнбаяр

Таеквондогийн үндэсний шигшээ баг болоод “Алдар” спорт хорооны ахлах дасгалжуулагч, ОУХМ Н.Эрдэнэбаатартай ярилцлаа. Түүний шавь М.Түмэнбаяр “Korea Open-2017” тэмцээний -58кг жинд хүч үзэн алтан медаль хүртсэн билээ.


-“Korea Open-2017” тэмцээнд “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58 кг-ийн жинд хүч үзэн алтан медаль хүртлээ. Тэрээр ямар тамирчидтай учраа таарсан бэ?

-БНСУ-ын Чунчон мужид долдугаар сарын 2-ны өдөр эхэлсэн “Korea Open-2017” олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд манай тамирчин М.Түмэнбаяр -58кг-ийн жинд алтан медаль хүртлээ. М.Түмэнбаярын хувьд зургадугаар сарын 24-30-ны хооронд мөн БНСУ-д зохиогдсон ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн. Түүний дараа “Korea Open-2017” тэмцээнд мөн амжилттай оролцсон нь энэ юм. М.Түмэнбаярын жинд нийт 59 тамирчин хүч үзсэн. Тэрээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчныг хожиж улмаар шигшээ тоглолтод Японы мөн л туршлагатай, хүчтэй өрсөлдөгчөө ялж алтан медалийн эзэн боллоо. Тамирчид маш хүчтэй байлаа. Тэр дундаа Солонгосын тамирчид Ази тивдээ дээгүүрт ордог, олон сая иргэд нь таеквондогоор хичээллэдэг учраас хүчтэй өрсөлдөгчид байдаг. Ямартай ч “Korea Open-2017” тэмцээнээс авсан энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авсан Монголын анхны алтан медаль болж байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Миний хувьд шавиараа маш их бахархаж, баярлаж байна. М.Түмэнбаяр маань өсөх ирээдүйтэй сайн шавь нарын маань нэг.

Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар

-“Korea Open-2017” тэмцээн нь олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог томоохон тэмцээнүүдийн нэг шүү дээ. М.Түмэнбаярын хувьд энэхүү ялалтаараа дэлхийн чансааны хэдэд эрэмбэлэгдэх бол?

-М.Түмэнбаяр дэлхийн чансаанд илт урагшилна байх гэж бодож байна. Ямартай ч дэлхийн чансаанд эхний 32-т бичигдсэн тохиолдолд гран при тэмцээнд орох эрх нээгддэг юм. Бидний хувьд гран при тэмцээнд орох эрх нь нээгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн энэхүү тэмцээнд манай шигшээ багийн тамирчдаас өсвөр үе, бага насны ангилалд нийт 14 тамирчин оролцож байна. Дэлхийн 70 гаруй орны 3000-аад тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Иймд тэмцээн өндөрлөтөл шавь нар маань амжилт үзүүлсээр байна гэж найдаж байгаа.

-Таны хувьд хэзээнээс Монгол Улсын таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?

-Ерөнхийдөө 2013 онд Монгол Улсын таеквондогийн Үндэсний шигшээ баг байгуулагдсан юм. Түүнээс хойш ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Тухайн үед манай шигшээ баг дөрвөн тамирчинтай байлаа. М.Түмэнбаярын хувьд ч анхны шавь нарын маань нэг юм. Харин шигшээ баг маань одоо улам өргөжин тэлсээр байгаа. Манай шигшээ багийн туслах дасгалжуулагчаар туршлагатай солонгос дасгалжуулагч ажиллаж байна.

-Та Үндэсний шигшээ багаас гадна “Алдар” спорт хороо, “Олимп” клубийн таеквондогийн ахлах дасгалжуулагчийн албыг хашдаг. Ер нь нийт хичнээн тамирчинд таеквондогийн спортыг таниулж, зааж, сургаж байна вэ?

-Миний хувьд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болохоос өмнө буюу 2011 онд “Олимп” таеквондо клубийг байгуулан ажиллаж байлаа. Одоогоор өргөжин тэлж нийт гурван салбартай болсон. Нийт өсвөр үе, бага насны 150 гаруй тамирчин хичээллэж байна. Түүнээс гадна “Алдар” спорт хорооны таеквондогийн ахлах дасгалжуулагч багшаар ажилладаг. “Алдар” спорт хороонд таеквондогийн 60 гаруй тамирчин байдаг. Миний хувьд клуб болон спорт хороондоо зөвлөх, чиглүүлэх үүрэгтэй ажилладаг даа. Харин туслах багш, дасгалжуулагчид маань тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг явуулдаг. Мэдээж таеквондогийн спортыг хүмүүс сонирхож, басхүү амжилт гаргаж байгаа нь эдгээр багш, дасгалжуулагчдын хөдөлмөртэй салшгүй холбоотой. Миний хувьд Үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа илүү тулж ажилладаг юм. Тэднийхээ бэлтгэлд бүхий л анхаарлаа хандуулдаг.

-Таеквондогийн спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Таеквондогийн спортоор хичээллэсэн хэн бүхэн бие бялдрын өв тэгш хөгжилтэй болоод зогсохгүй уян хатан, хөдөлгөөний эвсэл сайтай болдог. Мөн хамгийн чухал нь энэ спорт нь ёс суртахууны өндөр хүмүүжил олгодог. Таеквондо бол маш их тэвчээр шаарддаг спорт шүү дээ. Тиймдээ ч манай Монгол хүүхдүүд хичээллэхэд хамгийн тохиромжтой спорт гэж болно. Учир нь монголчууд тэсвэр, хатуужилтай, бие чийрэг учир тулааны урлаг маш тохиромжтой байдаг юм. “Олимп” клубийн маань 10 настай шавь олон улсын хэмжээний мастер болсон ч тохиолдол бий. Мөн Р.Тэмүүжин маань олимпод амжилттай оролцож, олон ч хүүхдэд таеквондогоор хичээллэх хүсэл, тэмүүллийг бэлэглэсэн. М.Түмэнбаяр маань 2014 оны Азийн наадам, 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байлаа. Б.Намуун, Б.Энх-Амгалан нар бага насны ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ мэтчилэн тамирчид маань олон сайхан амжилт үзүүлсээр байна. Цаашид ч өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг. Ер нь бид зургаагаас дээш насны хүүхдүүдийг бэлтгэдэг юм. Миний хувьд ч энэ сайхан спортоор найман настайгаасаа эхлэн хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхэлсэн түүх нь сонин л доо. Тухайн үед таеквондогийн клубийн тамирчид бэлтгэл хийх гэж зуслан явдаг байлаа. Миний хувьд таеквондогоор хичээллэх гэхээсээ илүү зусланд явах зорилготойгоор “Цагаан үүд” клубт орчихсон юм. Харин сүүлдээ таеквондогийнхоо спортод дурлаж, тууштай хичээллэх болсон доо.

-Ер нь таеквондогийн спорт нь хэдийнээс Монголд хөгжиж эхэлсэн юм бол. Үүнээс өмнө монголчууд бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан болов уу?

-Таеквондо нь Солонгосоос гаралтай бие хамгаалах урлаг шүү дээ. Үндэсний спорт нь юм. Дэлхийн таеквондогийн холбоо 1971 онд байгуулагдаж, харин 20 жилийн дараа Монголд орж ирж байсан түүхтэй юм. Яахав үүнээс өмнө лам нар зарим төрлийн бие хамгаалах урлагаар хичээллэж байсан гэх яриа байдаг.