Categories
мэдээ нийгэм

Зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Oйрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох төлөвтэй байна. Тэрчлэн баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол ус бараадан амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэл дагуулж байна.

Тухайлбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М/23 настай, эмэгтэй/, Х/21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:00 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Тиймээс амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн, чөлөөт цагаараа гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Таван толгой” компаний хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

Image result for Эрдэнэс-Таван толгой

Улсын хэмжээнд асч буй 22 түймрийг унтраахад Онцгой байдлын албанд “Эрдэнэс-Таван толгой” компаний ажилтнууд дэмжлэг үзүүлэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.Тус компани нийт 600 гаруй ажилтантай бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэх юм.

Компаний хамт олон ОБЕГ, Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны хүмүүстэй холбогдож, хэрэгцээтэй зүйлсийг нь тодруулж, түүнийг нь түймрийн бүсэд хүргэж өгөх юм. “Эрдэнэс-Таван толгой” компани одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс болон 5000 ширхэг амны хаалт хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлж бороог эрчимжүүлнэ

Image result for Үүлэнд зориудаар нөлөөлжУлсын хэмжээнд өнөөдөр 22 түймэр асаж байна. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар түймэртэй байгаа Төв аймгийн хойд хэсэг Батсүмбэр сум болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгуудаар бороо орж байна. Борооны ус их биш байгаа бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлж бороог эрчимжүүлнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн өгүүлллээ.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Мобиком Корпораци ОБЕГ-т гал унтраах тоног төхөөрөмж хандивлахаар боллоо

Image result for Мобиком

Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд хамгийн их хэрэгтэй ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл, сансрын холбооны үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Уг тусламжид 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрх багтаж байгаа аж. Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, мал хөрөнгийг авран хамгаалах ариун тангарагт Онцгой Байдлын нийт ажилтан, албан хаагчдад халуун талархал дэвшүүллээ.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цаг агаарын 5 хоногийн урдчилсан мэдээ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ. Улаанбаатар хотод 17-нд өдөр 29 градус бага зэргийн бороотой шөнөдөө 19 градус үүлэрхэг, 18-нд өдөртөө 27 градус үүлэрхэг шөнөдөө 15 градус бага зэргийн бороотой, 19-нд өдөртөө 24 градус үүлэрхэг, шөнөдөө 15 градус бага зэргийн бороотой, 20-нд өдөртөө 26 градус үүлэрхэг, шөнөдөө 13 градус үүл багасна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

Image result for Хилийн боомтууд

Өнөөдрөөс Монгол-БНХАУ-ын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай тохирсны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг. Энэ хүрээнд энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд хооронд амарсан бол олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчсон билээ.

Б.УРАН

Categories
мэдээ спорт

Монгол улс 2022 оны шатрын олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө

Image result for шатрын олимп

ТАСС агентлаг Монгол улс 2022 онд болох шатрын олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж мэдээлэв. Энэ тухай тус агентлагт Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч К.Илюмжинов тус агентлагт мэдээлжээ. Тэрээр “Одоо би Монголд байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байна. Ялалт байгуулсанд баяр хүргэлээ. Мэдээж бид шатрын тухай ярилцсан. ЕБС-иудад хэрэгжүүлэх “Шатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай ярилцаад, 2022 онд болох шатрын олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Монгол улс өрсөлдөнө гэдэг дээр тохиролцлоо” гэжээ. Монгол улс олон улсын штрын тэмцээн зохион байгуулдаг арван туршлагатай юм. Шатрын олимп нь Олон улсын шатрын холбооны гишүүн орнуудын баг хоорондын тэмцээн юм. Тус олимп 1927 оноос эхэлж зохион байгуулагдсан бөгөөд 2018 онд Грузины Батум, 2020 онд Хант-Мансийскт болох юм. Х.Бат

Categories
мэдээ нийгэм

Түймэр унтраах ажилд дэмжлэг үзүүлэх цуваа Эрдэнэтээс хөдөллөө

Орхон аймгийн
Онцгой комисс шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал унтраахаар
ажиллаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчдад тусламж хүргэхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар Булган аймагт хоёр, Сэлэнгэ аймагт найм, Төв аймагт
зургаан түймэр гарч байна. Уг түймрийг унтраах ажилд Орхон, Дархан, Сэлэнгэ,
Булган, Дорноговь, Дундговь, Нийслэлийн Онцгой байдлын аврах ангиудаас 600
орчим алба хаагч ажиллаж байна. Эдгээрийн 30 нь Орхон аймгийн Онцгой байдлын
газрын алба хаагчид бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг
унтраах ажиллагаанд оролцоод тав хонож байгаа аж.

Аймгийн ОБГ-ын дэд дарга
Д.Золжаргал хэлэхдээ “Түймэр унтрааж буй алба хаагчдын гурав хоногийн хүнс
дууссан. Мөн гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас, гар чийдэн, ус
зөөвөрлөх савны хэрэгцээ маш их байна” гэсэн юм.

Иймд аймгийн Засаг дарга бөгөөд
Онцгой комиссын дарга Д.Батлут Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөний
дагуу лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, бээлий, цэвэр ус, бэлэн
бүтээгдэхүүн их хэмжээгээр бэлтгэж, Зэвсэгт хүчний 186, 110-р ангиас түймэр
унтраахад шаардлагатай багаж хэрэгслийг татан төвлөрүүллээ. Мөн маргааш буюу
энэ сарын 17-оос аймгийн хэмжээнд амралт зугаалгаар явахыг хориглох, явсан
тохиолдолд амралтын газарт амрах талаар захирамж гаргахаар боллоо. Түүнчлэн
түймэрт ажиллаж буй алба хаагчдад туслах аян өрнүүлсэн залуучуудын цуглуулсан
тусламжийн зүйлсийг дээр дурдсан зүйлстэй нэгтгэж Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд хүргэхээр замдаа гарлаа. Эдгээрийг хүргэхээр аймгийн Засаг дарга
Д.Батлут, Орлогч С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс тус сумыг зорьсон юм.

Мөн уг ажилд “Эрдэнэт үйлдвэр”
ХХК-аас ачааны автомашин, 100 литр шатахуун, цэвэр ус, хувцас хэрэглэл, ус
зөөхөд зориулж 1 тоннын багтаамжтай 20 ширхэг савыг хандивлаж хамтран ажиллаж
байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 71 хүн усны ослоор амь насаа алдаад байна

Улсын хэмжээнд 2017 оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 14 аймгийн 38 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 57 удаа гарч 71 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 нь хүүхэд, 58 нь насанд хүрэгчид байгаа юм.

Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тэрчлэн амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааны протокол бүрэн эхээрээ

Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.

66508,3 ГА ТАЛБАЙ ӨРТӨӨД БАЙНА

Улсын онцгой комиссын хуралдааны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа, улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2599 албан хаагч, 272 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 3720 иргэн, 387 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6946 хүн, 696 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухар гэдэг газарт түймрийг цурманд оруулсан. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад есөн түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг сумдад нэг нэг түймэр асч байна.

Эдгээр түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 351 алба хаагч, 27 автомашин, орон нутгаас 375 иргэн, 41 автомашин нийт 726 хүн, 68 автомашин ажиллаж байна. Мөн Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгаас алба хаагчдийг нэмж татаж байна.

Түүнчлэн автомашин техник хүрэлцэн очих боломжгүй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг газруудад түймрийн 4-5 цэг илэрсэн.

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны удирдлагуудтай холбогдож, түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийн дагуу ОХУ-ын Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгснөөр агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэнэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд үүрэг өгвөл Батлан хамгаалахын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид түймэрт явахад бэлэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой гэдгийг холбогдох яам, газруудаас өнөөдөр Онцгой комиссын хуралд мэдээллээ. Гэхдээ эдгээр онгоц нь ил харааны онгоц учраас утаан дунд нисэх боломжгүй гэв.

Мөн Монголын Улаанзагалмай нийгэмлэг эхний ээлжинд найман сая төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлэв.

С.ЭНХТҮВШИН: ЧИЙГ ИХТЭЙ ҮҮЛ БУУДАЖ, БОРОО ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ‘Монгол Улсын Ерөнхий сайд, Онгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт гурван баг гарч, үүлэнд зориудаар нөлөөлөн Ерөө, Мандал суманд асч буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Төв аймагт мөн хоёр баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр хоёр үүл буудах пуужин харваж, хоёр цаг орчим бороо орсон.

Долдугаар сарын 17-ноос эхлэн баруун талаас чийг орж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Булганы өмнө хэсэг, Архангай аймгийн баруун хэсгээр орж байна. Энэ бороо зүүн хойшоо чигтэй байгаа учраас түймэр гарч байгаа бүсүүдээр маргааш үдээс хойш, шөнөдөө дайрах магадлалтай байгаа. Нийт нутгаар зуншлага муу байна гэсэн үзүүлэлттэй байна. Долдугаар сарын 17,18-нд, 22-24 болон сарын сүүлээр бороо орох нөхцөл бүрдэж байгаа учраас ой хээрийн түймрийг нэг талаас хүн хүч, нөгөө талаас байгалийн бороо орж байж унтраах боломжтой. Тиймээс ч УЦУОШХ-ээс яаралтай арга хэмжээг авч, ажиллаж байна. Үүл бүрийг буудах боломжгүй. Борооны үүл, чийгтэй үүл гэж тусдаа байдаг учраас чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй’ гэв.

Ийнхүү түймрийн нөхцөл байдлын мэдээллийг сонсч, тодорхой үүрэг чиглэл өгсөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү нар Онцгой комиссын хуралдаанаас шууд түймрийн голомт руу явлаа.

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх,

Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Б.Бат-Эрдэнэд:

– Нийт нутгаар хур тунадас бага, хуурайшилт их байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж өндөр байгаа тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30.1.17-д заасны дагуу ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зэвсэгт хүчний анги, салбарыг татан оролцуулах, “Ми – 171 Е” нисдэг тэрэгний байнгын бэлэн байдлыг хангуулж ажиллах;

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд:

– Цаг агаарын хэт хуурайшилтаас үүдэн нийт нутгаар хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрч, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэх, аялал зугаалгаар явах хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар түр хориглох, түүнд тавих шалгалт, хяналтыг чангатган, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрчимжүүлэх;

– Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулж, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг тогтмол хангуулах;

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод:

– 2017 оны эхний хагас жилд гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг шуурхай тогтоох, гэм буруутай иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг чангатган, хуулийн хариуцлага тооцох, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах;

-Монголын хилээр орж ирж буй гадаадын иргэдийн зорчих маршрут, хөдөлгөөнд хяналт тавих;

Эрчим хүчний сайд П.Ганхүүд:

-Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, аваар, ослын үед ажиллах хувилбар төлөвлөгөө гаргаж шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай материал хэрэгслийн нөөц бүрдүүлэх;

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад:

-Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журманд заасны дагуу Улсын онцгой комиссын Ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

– Архангай, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар 2017 оны 6 дугаар сард их хэмжээний бороо орж, үер буусны улмаас улсын чанартай зам, замын байгууламжинд гарсан эвдрэл, гэмтлийн нөхцөл байдалтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ийг томилон ажиллуулах;

Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн А.Цогцэцэгт:

-Түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа алба хаагчид, иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх эмч нарын багийг илгээх,

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах,

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:

– Ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж их байгаатай холбогдуулан ногоон бүсэд аялж зугаалж буй иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт, шалгалтыг чангатгах;

– Гамшгийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг хоол, хүнс болон шатахуунаар хангаж, дэмжлэг үзүүлэх;

– Нийт нутгаар хур тунадас багатай, өвс, ногооны гарц муу байгаа тул өвс, тэжээл бэлтгэх асуудалд анхаарал хандуулж, орон нутгийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах,

– Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг малчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, байгалийн аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг Гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран зохион байгуулах;

– Аюулт болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг сум, орон нутгийн хэрэглэгчдийн гар утсанд “Багц мессеж”-ээр шуурхай дамжуулахад шаардагдах зардлыг тухай бүр шийдвэрлэх;

Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:

-Түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа орон нутгийн Онцгой байдлын газруудын хүч хэрэгслийг Төв, Сэлэнгэ, Булган аймгуудын түймэрт татан ажиллуулах;

– Цаг уур, орчны шинжилгээний газрын судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Онцгой байдлын яам, арилжааны нислэгийн компаниудтай хамтран ой, хээрийн гал түймрийг агаараас унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

– Засгийн газрын яам, агентлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн сайн дурын хандивыг Онцгой байдлын ерөнхий газар дээрх хандивын дансанд нэгтгэж, зориулалтын дагуу ашиглан, хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнах;

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Б.Нямаа, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарт:

– 2017 оны эхний хагас жилийн хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлууд, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолт, урамшууллыг нэгтгэн, зардлын баримтуудыг сайтар хянаж, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;

Улсын онцгой комиссын нийт гишүүдэд:

-Үүссэн цагийн байдалтай холбогдуулан үүрэн телефоныг байнгын нээлттэй байлгаж, бэлэн байдлаа хангаж ажиллах, гадаад улс руу томилолтоор ажиллах тохиолдолд орны хүнээ томилгоожуулж, Улсын онцгой комиссын Ажлын албанд мэдээлэхийг үүрэг болголоо.

Ц.МИШЭЭЛ