Саяхан БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Манай хоёр хөршийн харилцааны талаар ШУА-ийн Олон улсын харилцааны Хүрээлэнгийн “Гурав дахь хөрш”, Олон улс судлалын салбарын эрхлэгч профессор, доктор Д.Алтайтай ярилцлаа.
-Саяхан БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийлээ. Энэ нь манай хоёр хөршийн харилцаанд чухал үйл явдал.Та судлаачийн хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
-БНХАУ-ын дарга ХБНГУ-ын Хамбург хотноо болж буй Их 20-ын дээд хэмжээний уулзалтад оролцох замаараа ОХУ-д төрийн айлчлал хийлээ. ОХУ, бНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй, эрчимтэй хөгжиж байгаа. Тус хоёр улс нь бүх талын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүний үндсэн дээр манай хоёр хөршийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаа. Стратегийн түншлэл гэдэг нь хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь олон салбарыг хамаарч өргөн хүрээнд тогтвортой хөгжих агуулгыг багтаадаг. Юуны түрүүнд ОХУ ба бНХАУ-ын улс төрийн хүрээний харилцаа, тодруулбал өндөр түвшний айлчлалын давтамж маш ойрхон байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд жилд хоёроос гурван удаа уулзах болсон. Эдийн засгийн салбарт цаашдаа идэвхтэй хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн, тодорхой салбарт хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулагдсан. Мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд маш эрчимтэй өрнөж байгааг онцлох зүйтэй байх. Шинжлэх ухаан технологи, ялангуяа шинэ инновацийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд эрчимтэй хамтран ажиллах талаар саяын айлчлалын үеэр яригдсан. Мөн соёл урлагийн өдрүүдийг харилцан зохион байгуулж, иргэд хоорондын харилцан зорчих явдал нэмэгдэж, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байна.
ОХУ-аас Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн форумыг жил бүр Владивостокт зохион байгуулдаг ба түүнд Хятадын бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцдог уламжлалтай болсон. Алс Дорнодын бүс нутгийг ОХУ нь 2014 оноос “нийгэм-эдийн засгийн эн тэргүүнд хөгжүүлэх нутаг дэвсгэр” гэж зарлан гадаадын хөрөнгө оруулагчид түүний дотор Хятадын бизнесийн хүрээнийхний сонирхлыг татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.Товчоор хэлбэл цэрэг – улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, соёл шинжлэх ухаан гээд олон талын өргөн хүрээний хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхийг стратегийн түншлэл гэж нэрлэдэг. Энэ удаагийн айлчлал ОХУ-БНХАУ-ын хоорондын стратегийн түншлэлд шинэ эрч хүч өгсөн айлчлал боллоо.Айлчлалын үр дүнд хамтарсан Мэдэгдэл гаргасан ба түүндээ бүх талын түншлэл, стратегийн харилцаа хамаарлыг гүнзгийрүүлэх тухаa болон өнөөгийн дэлхий дахины өнөөгийн байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн. Дээр дурдсан Их 20-ын уулзалтын өмнө айлчилсан тул зөвхөн хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг төдийгүй БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, Сирийн хямрал, олон улсын терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал бодол солилцсон. Энэ айлчлалын үр дүнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Ихэвчлэн бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, өмнө нь хамтран ажиллаж байсан байгууллагуудын гэрээний хугацаа дууссаныг үргэлжлүүлэхээр болсон. Онцлох зүйл гэвэл Мэдээллийн орон зайд хоёр орон хамтран ажиллах эрмэлзлэлийг тусгасан Орос-Хятадын меморандум байгуулсан. Мөн хүн амын ариун цэвэр-халдваргүйтлийн тохитой байдал, газар нутгийн ариун цэврийн хамгаалалтыг хангах тухай хоёр талын хэлэлцээр байгуулагдсан. Нэг үгээр хэлэхэд, Си Жиньпин даргын айлчлал нь Орос-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа жигд бөгөөд тогтвортой урагшлан хөгжиж байгааг дахин нотолсон үйл явдал боллоо.
ОХУ нь 2014 оны хавраас Крымийн асуудлаас улбаалан АНУ, ЕХ зэрэг барууны өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн хоригт өртөн нэлээд ганцаардсан нөхцөлд Хятадтай найрсаг хөршийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Ер нь 1989 оноос тус хоёр улсын харилцаа ахин дэвших байдлаар урагшлан хөгжиж байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг аль алинд нь үндэсний ашиг сонирхол гэж бий. Түүнийгээ аль аль нь илэрхийлээд, хамгаалаад явж байгаа. Ашиг сонирхол нь нийцэж байгаа цэг, салбарт хамтран ажиллаж байна. Энэ айлчлалын үеэр БНХАУ-ын даргыг хоёр орны найрамдал, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн дээд одонгоор шагнасан. Энэ нь уг айлчлалд ач холбогдол өгч байгаагийн бас нэг илрэл
-Хэдийгээр манай хоёр хөрш нь стратегийн түншүүд гэж ярьж байгаа боловч зөрчилдөөнтэй асуудлууд нэлээд бий. Ямар асуудлууд зангилаа болдог вэ?
-Том гүрнүүд нь газар нутгийнхаа хүрээг тэлэх, ойр зэргэлдээ болон стратегийн ач холбогдол бүхий газар нутаг, улс орнуудад өөрийн нөлөөг бий болгож бэхжүүлэх мөнхийн ашиг сонирхолтой байдгийг түүх гэрчилдэг. Одоохондоо Орос, Хятадын ашиг сонирхол нийлээд байгаа нь АНУ-ын дангаар дэлхийд ноёрхох, Европын Холбоо болон бусад өндөр хөгжилтэй орнуудын бодлогод нөлөөлж буй байдлыг хазаарлах, олон улсын харилцааны шинэ дэг журамд нийцүүлэн дэлхийн бодлогод нөлөөтэй улс орнуудын байр суурийг тэнцвэртэй тусгах явдлыг эрхэмлэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл тэд эргийн нэг талд байна. АНУ-ын нөлөө хүчээ авахад нөгөө талаас ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БНУ гээд БРИКС-ын орнууд байна. Хүчийг тэнцвэржүүлэхэд Орос, Хятадын хамтын ажиллагаа чухал. Дэлхийн түвшинд ийм байна. Нөгөө талаас бүс нутгийн түвшинд Хятад,Орос хоёр нь хамтран ажиллахаас өөр аргагүй. Евразийн бүс нутагт ОХУ чухал байр суурь эзэлдэг. Зүүн Хойд Азийн аюулгүй байдал нь Хятад төдийгүй Оросын аюулгүй байдалд маш чухал. ОХУ нь БНАСАУ, Япон, БНСУ-тай ямар харилцаатай байдгийг мартаж болохгүй. БНХАУ нь эдгээр орнуудтай ямар харилцаатай зэргийг аваад үзэхэд Ази Номхон далайн аюулгүй байдал, Евразийн бүс нутагт харилцан итгэлцсэн, ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос, Хятадын ашиг сонирхол нэгдэж байгаа. Тиймээс ч стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж байна. Мэдээжийн хэрэг ашиг сонирхол нийлэхгүй зүйл бол бий. Орос, Хятадын аль аль нь өөр өөрийн гэсэн геополитикийн ашиг сонирхолтой. Түүнийгээ эдийн засгийн хамтын ажиллагаагаар нөхөн тэтгэхийг ч эрмэлздэг. Ер нь улс төрийн харилцаа нь эдийн засгийн хамтын ажиллагаагаар тэтгэгдэж баймааж үр ашигтай болдог.
-Хятадын талын нэлээд идэвхтэй хэрэгжүүлэхээр эрмэлзэж буй “Нэг бүс, нэг зам” төслийн талаар айлчлалын үеэр яригдсан. Уг төсөлд ОХУ-ыг хамруулах боллоо хэмээн Оросын зарим хэвлэлд бичсэн.
-“Нэг бүс, нэг зам” төсөл нь БНХАУ-ын тав дахь үеийн удирдагч Си Жиньпин 2013 онд Шинжаань-Уйгарт айлчилж байхдаа анх санаачилсан. Маш том санаачилга, Хятадын гадаадын бодлогын шинэ философи гэж ярьж байгаа. Судлаачид ч мөн ингэж үздэг. Оросууд уг төслийг Евразийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн интеграцчлалтай уялдуулъя гэсэн саналыг анхнаас нь дэвшүүлсэн. Уг төслийг санаачилсантай холбогдуулан 2014 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ, БНХАУ болон Монгол Улсын удирдагчдын оролцоотой “Улаанбаатарын хэлэлцээ”-г зохион байгуулахыг санаачилсан. Анхны уулзалт 2014 оны намар болсон, түүнээс хойш ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван удаа жил дараалан болсон. Манай талаас Монгол Улс нь Хятадаас Европ руу ачаа бараа болон түүхий эдийг тээвэрлэхэд транзит орон болъё гэсэн санал тавьсан. Гурван орны эдийн засгийн коридорын асуудал нэлээд ахицтай явж байгаа. 2015 онд энэ асуудлаар хамтарсан хөтөлбөр боловсруулахаар болж Гадаад хэргийн яамны дэд сайдын түвшинд санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн онд Ташкентад болсон ШХАБ-ын уулзалтын үеэр “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” баталсан. Үүнд манай тал 29 төсөл санал болгосон. Ингэхдээ гурван орны 30 орчим төслийг уялдуулж хамтран ажиллах зургаан чиглэлээ тодорхойлсон.Энэ хөтөлбөр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа. Гурван улсын хил гаалийн дүрэм журмыг зохциуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил манай нутаг дэвсгэрээр дайруулан автозамаар тээвэрлэлт хийж туршсан. Үүнд манай дэд бүтэц нэлээн гологдсон. “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлье гэхээр Хятад болон Оросын аль алинаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байгаа. ОХУ-ын зүгээс Хятадын саналыг Евразийн эдийн засгийн интеграцийн түвшинд уялдуулах сонирхолтой ба хуучнаар БАМ буюу Транссибирийн дэд бүтцэд түшиглэсэн “Сила Сибири” нэртэй хийн хоолойг ашиглах боломжтой гэдэг. Энэ нь тэр болгон нийцэж байгаа эсэх нь бас нэгэн асуудал. Энэ чиглэлээр хамгийн ашигтай явж байгаа бүтээн байгуулалт нь Москва-Казань-Бээжин хурдны төмөр зам бөгөөд удахгүй ашиглалтанд орно. “Нэг бүс, нэг зам” төслийн нэг бэрхшээл нь Оросын тал хөрөнгө оруулалт хийе гэхээр эдийн засаг нь хүнд байгаатай холбоотой. Энэ их хөрөнгийг Хятадын тал ганцаараа гаргаж чадах уу гэдэг нь бас нэг асуудал.Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөний асуудал байна. Орос, Хятад хоёр их ойртож хамтран ажиллаж байгаа гэдэг. Гэтэл тус хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг аваад үзэхэд 2016 онд 69 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Урьд өмнө 90 гаруй тэрбумд хүрч байсан цаг үе бий. Харин АНУ, Хятадын бараа эргэлтийн хэмжээ бол 500 тэрбум ам.доллар байна. Хятад ХБНГУ-тай ч өргөн хүрээний худалдаа хийдэг. Энэ бүхэнтэй харьцуулахад Орос Хятадын бараа эргэлтийн хэмжээ тийм ч их биш.
-Хятад Орос хоёр уг төслийг урагшлуулах зорилгоор хамтарсан сан байгуулахаар болсон. Ингэснээр “Нэг зам, нэг бүс” төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж чадна гэж ойлгож болох уу?
– Ганц Хятад их хэмжээний хөрөнгө гаргаж чадахгүй. Тиймээс хамтран хөрөнгө босгох арга зам нь үр дүнтэй байж болох юм. Оросын судлаачдын ярьж байгаагаар “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлэхэд дан ганц Хятадын хөрөнгө оруулалтад түшиглэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдлын талаас. Шанхай төвтэй Азийн дэд бүтцийн хөгжлийн Банк гэж байгуулагдсан, энэ нь уг төслийн санхүүжилтийг босгох нэг арга зам болж байгаа.
-ОХУ, БНХАУ-ын харилцааны бас нэгэн тулгамдсан асуудал бол Сибирьт хятадууд олноороо суурьших болсон явдал?
-Энэ асуудал айлчлалын үеэр яригдсан байх л даа. Гэхдээ хэвлэлээр энэ талаар мэдээлэхгүй. Хятадуудын нэг арга бол харь оронд очиж суурьшиж, ашигтай бизнес эрхэлж мөнгөө эргээд эх нутагтаа оруулдаг. Оросууд үүнээс маш их болгоомжилж байгаа. Тиймээс хууль дүрмээрээ зохицуулахаас өөр арга үгүй. Ер нь бол Сибирь, Алс Дорнодод маш олон хятадууд оршин сууж байгаа нь ил тод, нуугаад байх асуудал биш болсон. Алс Дорнодыг Оросын Хонконг болно гэж бизнесийн хүрээнийхэн ярьдаг. Орос, Хятад хоёр бол огт өөр соёл, зан заншил, шашин шүтлэгтэй том улс орон. Ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд их зүйл хийж байгаа. Ер нь бол өнөөгийн ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагааг өмнөх үеийн цэрэг-улс төрийн холбоо гэж хэрхэвч ойлгож болохгүй. ОХУ-БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцааг орчин үеийн олон улсын харилцаа, хамтын ажиллагааны үлгэр загвар гэж ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.Лавров 2016 онд тодорхойлж байсан удаатай.
-Хоёр улс сансар судлалын салбарт хамтран ажиллана гэдгээ онцлон дурдсан байгаа.
-ОХУ нь сансарыг эзэмших салбарт маш их туршлагатай. Гэвч тус улсын эсрэг хориг тавьсантай холбогдуулаад АНУ, ОХУ-ын энэ салбарын хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. Харин БНХАУ нь ОХУ-тай 2022 он хүртэл сансрыг эзэмших салбарт судалгаа шинжилгээ явуулах, хамтарсан нислэг хийх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ нь мөн тус улсуудын аюулгүй байдалд ч хамаатай асуудал юм.