АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланигийн хамтаар Франц улсад айлчилсан билээ. Энэ үеэр тус улсын шинэ Ерөнхийлөгч Эмануэль Макрон болон түүний эхнэр Брижит Троньео нартай уулзаж Эйфлийн цамхаг дахь Le Jules Verne гэх өндөр зэрэглэлийн ресторанд оройн зоог барьсан байна. Гэхдээ тэдний оройн зоогийн төлбөр олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэдний хоолны нийт зардал л гэхэд 154.953 евро болжээ. Үүнийг Монгол төгрөгт шилжүүлбэл 430.614.387 төгрөг болж байна. Нэг оройд 430 гаруй сая төгрөгийг оройн хоолондоо зарцуулсан гэсэн үг.
Month: July 2017
Урьдчилгаа төлбөргүй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах 350 иргэн хүсэлтээ Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүргүүлээд байгаа аж. Тэдний 100 гаруй нь материалаа бүрдүүлж, зээлд хамрагдахад бэлэн болжээ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын хувьд зээлд хамруулахаар тогтоосон орон сууц байхгүй юм. Иргэд хүссэн байршлаасаа байраа сонгож материалаа бүрдүүлэн Гэр хорооллын дэд бүтцийн газарт өгөх юм байна. Иргэд 70м2 хүртэл, ам метр нь хоёр сая төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байр сонгох аж. Урьдчилгаа төлбөргүй байранд орон хүсэлтэй иргэдийн хүсэлтийг он дуустал хүлээн авч, бүртгэл хийх юм байна.
Өнгөрсөн шөнө Монгол Улсын 23-с доош насны шигшээ баг Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо “эйч” хэсгийн тоглолтуудыг зохион байгуулж байгаа Тайландын эсрэг хийлээ. Энэхүү тоглолт хүчтэй аадар борооны улмаас хэсэг хугацаанд саатсан ч “шалбааг” дунд явагдах болсон юм. Тоглолтын 17 дахь минутад Тайландын шигшээ багийн найруулагч тооны харьцааг нээсэн нь “Хөх чононууд”-ыг урагш дайрахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Эцэст нь 71 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан Мөнхсүлд эцсийн мөчид багтаа торгуулийн цохилт бэлэглэж, энэ боломжийг М.Төгөлдөр алдалгүй ашигласнаар манай улсын баг анхны оноогоо авлаа.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Индонез болон Малайзын шигшээ багуудын дунд явагдахад Малайзын шигшээ баг 3:0 харьцаатай ялалт байгуулж энэ хэсгийг тэргүүлэх боллоо.
Манай залуус хэсгийн ээлжит чухал тоглолтоо гурван оноо алдсан Индонезийн эсрэг хийнэ. Азийн Хөлбөмбөгийн Холбооны зүгээс энэ удаагийн урьдчилсан шатанд гялалзаж болох 10 тоглогчийг танилцуулсан бөгөөд энэ жагсаалтанд Индонезийн хагас хамгаалагч Эван Димас бичигдсэн. Түүний хувьд Испаний Эспаньол багийн Б багт тоглодог бөгөөд насанд хүрэгчдийн шигшээ багийнхаа гараанд тогтмол гарч байгаа юм. Харин маргааш манай улсын шигшээ баг Индонезийн багтай тоглоно.
Э.МӨНХ
Засгийн газар 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавиад байгаа. Энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй авто замаар холбож дуусахаар төлөвлөжээ. Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн зам болон Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн зам, мөн Улиастай, Тосонцэнгэлийн замын бүтээн байгуулалтын ажлууд ээлж дараатайгаар эхлээд явж байгаа аж. 2019 он гэхэд баруун таван аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм байна. Дарханы дөрвөн эгнээтэй замын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Нэгдүгээр зэргийн уг зам 2019 онд ашиглалтад орно
“Ivanhoe Mines” компани Конго улсын Ерөнхийлөгч болон түүний ах дүүстэй бизнесийн
томоохон хэлцлүүд хийжээ. Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила ба түүний дүү, хамаатан саднууд нь Конгод стратегийн хувьд чухалд тооцогдох компаниудад хувь эзэмшдэг юм. Ерөнхийлөгчийн дүү Зое Кабила Парламентын гишүүнээр ажилладаг аж. Мөн 12 компанид хувь эзэмшдэг байна. “Ivanhoe Mines” компани сүүлийн таван жилд Зое Кабилагийн хоёр ч компанитай хамтран ажиллажээ. Конго төдийгүй Африкт томд тооцогдох зэсийн уурхайн олборлолт эхэлснээр хувьцааны ханш нь тав дахин нэмэгдсэн байна. Жозеф Кабилагийн гэр бүл 20 жилийн турш Конго улсыг удирдаж байгаа юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль удахгүй эхлэх гэж байна.Энэ удаагийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцоно. Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5таван гол сургуулийн нэг юм.
Цагаан ордон шинээр иргэншил авч байгаа британи залууд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээж алдаа гаргажээ. Энэ талаар “The Independent” сонин мэдээллээ. Тус мэдээлэлд “АНУ-ын иргэншил авсан британи эр тус улсын Ерөнхийлөгч асны гарын үсэгтэй баяр хүргэсэн захидал хүлээн авчээ. Британи эрийн эхнэр “Миний нөхөр Их Британид төрсөн. Нөхөрт маань Барак Обамагаас баяр хүргэсэн захидал ирүүлсэн” хэмээн хэлсэн байна. Энэ талаар Цагаан ордноос ямар нэгэн байдлаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж” хэмээн мэдээлжээ.
Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа ажээ.
Холбогдох албаныхан замын ажилд саад учруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, цаашид саадгүй явуулах боломжийг бүрдүүлсэн гэж байна. Тухайлбал, Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа. Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 14 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлж замын ажил хийгдэж эхлээд байна. Мөн Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбох хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэн аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж зөвшөөрөл олгосон БОАЖЯ-нд асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ хүргүүлээд байна. Үүний дараа Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийх юм.
Дараа нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан Яармагийн гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж байгаа хэсэгт очлоо. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөнөөс 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 3 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчидтэй ажлын хэсгийнхэн уулзаж, ажлын зурагтай тулгалт, хэмжилтийг хийн тохиролцоонд хүрлээ. Цаашид замын ажил саадгүй явагдах боломжтой боллоо.
Мөн ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.5 км хэсэгт газар чөлөөлөлтийг хийж авто машин зорчих хэсгийг ашиглалтад бүрэн оруулаад байгаа бөгөөд хоёр хэсэгт нийт 1 км орчим газарт зорчих хэсгийн нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг чөлөөлөх үлдээд байгаа юм. Ажлын хэсгийнхэн замын ажлыг зогсоогоод байгаа хэсгүүдэд очиж, иргэдтэй уулзан тохиролцоонд хүрч замын ажлыг саадгүй явуулах боломжтой болгожээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхээр Зэвсэгт хүчний МИ 171Е загварын нисдэг тэргээр нислээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Мандал сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 1, Эрдэнэ сумын 1, нийт 4 түймрийн голомтод очиж, түймрийн нөхцөл байдалтай танилцаж, хандив тусламжийн бараа материалыг хүргэх юм.
2017.07.20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж байгаа.
Тэдэнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнгөрсөн сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа.