Categories
мэдээ улс-төр

​ Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Төмөрхүүг томилох уу?

Холбоотой Зураг

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ албан тушаалд хэнийг томилох хэнийг томилох талаар МАН-ын удирдлагууд хийгээд Засгийн газрын төвшинд нэлээд яриа болжээ.

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, “Өндөрбуянт холдинг”-ийн эзэн Н.Төмөрхүүг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. Түүнтэй энэ албан тушаалыг булаалдаж байгаа хүн одоогоор байхгүй гэх яриа ч мөн дуулдав. Үүнээс үзвэл түүнийг энэ долоо хоногт багтаан томилох бололтой.

Н.Төмөрхүү 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсанюм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллооНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод айлчиллаа. Айлчлалын хүрээнд тэрбээр Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бангкок нь жуулчдыг хүлээн авдаг тоогоороо дэлхийд дээгүүрт ордог хот. Мөн манай улсын иргэд Бангкокт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар түлхүү ирдэг. Тус хотын захиргааны харьяанд 10 орчим эмнэлэг, 1 анагаахын сургууль байдаг юм байна. Тиймээс хамтын ажиллагаа өргөжсөнөөр эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтойг хотын дарга хэлж байсан. Мэдээж хотуудын хамтын ажиллагаанд ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Тиймээс сурагч солилцооны арга хэмжээг зохион байгуулах саналыг хүлээн авч байна. Монгол Улс Тайландын Вант улс хоёр өнө эртний түүхт харилцаатай. Тиймээс энэ түүхэн улбаагаараа хот хоорондын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болно. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа” хэмээлээ.

Бангкок хотын Захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг “Ах дүүгийн харилцааг тогтоосноор хоёр хотын хамтын ажиллагаа илүү их бэхжинэ гэдэгт итгэж байна. Ялангуяа Улаанбаатар Бангкок хооронд шууд нислэгтэй болсноор иргэд 5 цагийн хугацаанд зорчих таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар хоёр улс хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэх юм. Мөн аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн саналтай байгаа. Ингэснээр хоёр хотын хүүхэд багачууд харилцан нэг нэгнийхээ соёлоос суралцах боломжтой болох юм. 1974 онд 2 улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа маань улам бэхжиж буй. Цаашид ч хотуудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтыг тогтмолжуулж, хамтран дүгнэж ажиллах юм байна. Мөн харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана гэдгээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хоёр хотын удирдлага онцолж байлаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын хамгийн том спорт цогцолбор Дархан-Уул аймагт баригдаж байна

Монголын хамгийн том “Спорт цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна

Монголдоо хамгийн томд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил ид өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар “царцаасан жагсаалт”-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм.

Гэвч ирэх 2 жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг улам нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр Дархан хотод ажиллаж, “Спорт цогцолбор”-ын барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцжээ.

Гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай мэдээллэв.

Энэхүү 20.000 м2 талбай бүхий “Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа ажээ. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон боломжийг манай аймагт бүрдүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дундаж давхарга, хувийн хэвшилдээ элгэмсүү хандсан улс л хямралыг хөнгөхөн давдаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Манай сонины уламжлалт “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочин бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуяг байлаа. Түүний эхнэр Х.Мөнхжин нь МУИС-ийг төгссөн, түүхийн багш. Б.Ганхуяг хурандаа ярихдаа “Бид оюутан байхдаа гэр бүл болоод, 28 настайдаа л дөрвөн хүүхдийн ээж аав болцгоосон байлаа. Хүүхдүүд бүгд гэр бүлтэй болоод тусдаа гарцгаасан. Одоо хоёулхнаа байдаг юм” гэв. Эрхэм уншигч та “Танайд өнжье” булангийн үргэлжлэлийг 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтын ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Шатахууны үнийг урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байгаа” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болсон алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Дундаж давхарга, хувийн хэвшилдээ элгэмсүү хандсан улс л хямралыг хөнгөхөн давдаг” хэмээх нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Эрхэм уншиг та манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ гэсэн линкээр орж бүртгүүлэн, захиалан унших боломжтой.

Үргэлжлүүлэн улстөрийн тавдугаар нүүрнээс Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Ж.Баясахтай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Манай улс Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах гэж байгаа” хэмээн онцлон хэллээ.

Энэ удаагийн өдрийн сурвалжлагаараа Ази, Номхон далайн 31 дэх жембори талаар хүргэж байна. Энэхүү Скаутын жембори олон улсын “Найрамдал” цогцолборт энэ сарын 28-ны орой нээлтээ хийсэн билээ. Ази, Номхон далайн бүсийн Скаутын жембори дөрвөн жилд нэг удаа болдог, хүүхэд залуучуудыг хамарсан томоохон арга хэмжээ юм. Энэхүү сурвалжлагыг нэг болон долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эдийн засгийн арваннэгдүгээр нүүрнээс “ХОМ шилэн байж чаддаг уу” хэмээх бичлэгийг сонирхон хараарай.

Мөн уламжлалт ёсоор “Дэлхийн спорт” булангаа хүргэж байна. Энэхүү буланд дэлхийн спорт сонирхогчдын анхаарлын төвд буй хөлбөмбөгийн эргэн тойронд болж буй үйл явдал, тэр дундаа “Неймарын тухай үлгэр”-ийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Зөгийн бал хорт бодис эсэргүүцэх үүрэгтэй

Зөгийн бал зурган илэрцүүд

Зөгийн бал дархлааг сайжруулж, өвчнийг эмчилдэг байна. Зөгийн балд марганец, төмөр болон бусад бодис агуулагддаг учир хоол шингээх явцыг сайжруулдаг.

Хэрвээ зөгийн балыг бүлээн усанд хийж уувал ходоодны хүчиллэг ихэснэ. Харин хүйтэн усанд хийж уувал хүчиллэг буурдаг жишээтэй.

Ходоодны шархлаа, үрэвслийг эмчлэхийн тулд үүнийг өдөрт 3-4 удаа, хоолны дараа 25-30 граммаар хэрэглээрэй. Харин араас нь ус уух хэрэггүй.
Зөгийн бал нь бодисын солилцоо алдагдсан хүмүүст ашигтай. Хүний цусанд 24 төрлийн бичил элемент агуулагддагаас 22 нь зөгийн баланд байдаг гэнэ. Зөгийн балны найрлаганд байдаг фруктоз, глюкоз нь өөх тос, уургийн солилцоонд сайн нөлөөтэй.
Мөн зүрхний өвчтэй хүнд ч зөгийн бал сайн гэнэ. Зөгийн балыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цусны даралт буурч, хоолны дараа хэрзглэвэл хэвийн болдог байна. Зөгийн баланд зүрхэн дэх бодисын солилцоог хангагч цогц бодис агуулагддаг.

Зөгийн бал мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Түүний найрлаганд С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд их бий. Тиймээс зөгийн бал нь төв мэдрэлийн системийн үүргийг нэмэгдүүлдэг байна. Зөгийн бал цусан дахь гемоглобиныг ихэсгэдэг.

Эдэд тэжээл өгч, цусан судлын хэвийн нэвчилтийг хангаж, цус төлжүүлдэг.

Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог гэнэ. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг.

Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Зөгийн балыг ханиаданд ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн эсэргүүцэл сайжруулах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Зөгийн бал энергийн эх булаг. Үүнд 40 гаруй нүүрс ус агуулагддаг бөгөөд 90 хувь нь глюкоз, фруктозоос бүрддэг.
Булчинд тэжээл булчингийн эрч хүчний эх булаг болдгоороо глюкоз бүх бүтээгдэхүүнээс нэгдүгээрт бичигддэг байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бадамдорж: “Залуу жанжин”-ыхаа хөлийг загийн үнсээр хучиж боосоор хөлдөөгөөгүй

Б.Бадамдорж Лхагвасүрэн жанжины нарийн бичгийн дарга байхдаа

Ж.Лхагвасүрэн жанжиныг Батлан хамгаалах Яамны сайд байхад нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан төр нийгмийн ахмад зүтгэлтэн Бэгзийн Бадамдорж гуайтай ярилцаж байна. Бадамдорж гуай өнөө жил 90 насны сүүдэр зооглоод байгаа юм.


-Хоёул яриагаа нутаг усныхаа амьдралаас эхлэвэл ямар байна?

-Бололгүй яахав. Ах нь, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул. Аав Бэгз, ээж Нямбуу хоёр маань жирийн л малчин хүмүүс байсан. Би, олон хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Аав ээж хоёр минь нутагтаа нэртэй сайн малчид байлаа. Манайх Бөөнцагаан нуурын бэлчир газраар нутагладаг байсан. Нутгийнхан бол манай нутгийг хүн малд өгөөжтэй сайхан газар л гэдэг юм. Аав ээжийн минь зүтгэл, нутаг усны маань өгөөжөөр манай удам угсааныхан өн тавлаг амьдарч ирсэн юм билээ.

-Сургууль номын гараагаа хаанаас эхлэв?

-Аймагтаа гуравдугаар анги, Архангайд долдугаар анги төгссөн. Хугацаат цэргийн албанд дайчлагдаад цэргийн хүн болсон доо. Дотоод Яамны төв сургуульд гурван жил суралцаж төгсөөд офицер болж байгаа юм.

-Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Офицер болоод хил хязгаараар голдуухан ажиллаж байлаа. Овоотын отрядад офицер, заставын орлогч дарга зэрэг албыг хашиж байсан. Та мэднэ дээ, Сэгсцагаан богдоос гурван зуугаадхан км зайтай газар. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, мөн ч сайхан нутагдаа. Залуу насны жаргал зовлон, эх орны торгон хилийг манах хариуцлагатай албыг тэр нутагт л өнгөрөөсөн дөө.

-Хилийн албыг цомхотгоход та халагдсан гэл үү?

-Тэгсэн. Намын дээд сургуульд суралцаж, аймгийнхаа намын хороо, Улаанбаатар төмөр замын үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг албан газруудад ажиллаж байтал 1962 онд бэлтгэл офицероор дахиад татагдсан. Тэгээд л цэргийн албаа үргэлжлүүлж, гавьяаныхаа амралтанд гартал Батлан хамгаалах яам, 012, 073 зэрэг салбар ангиудад боловсон хүчний чиглэлийн ажил алба хашиж байсан.

-Таныг Батлан хамгаалах Яамны сайд генерал Ж.Лхагвасүрэнгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, жанжинтай их ойр дотно байсан хүн гэх юм билээ. Тэр дурсамжаасаа хуваалцах уу?

-Би 1962 онд тэр үеийн ЗХУ-д, барилгын цэргийн инженерийн дээд сургуульд явж суралцсан юм. Сургуулиасаа ирээд Яамандаа ажиллаж байтал гэнэт нэг өдөр намайг сайд дуудсан. Нарийн бичгийн даргаараа ажиллах хүнийг нэлээд өмнөөс судалсан юм шиг билээ. Хэд хэдэн хүнийг судалж байснаа сайд өөрөө намайг сонгосон гэдэг. Сүүлд хүмүүс над хэлэхдээ, гурван зүйлээр сайдын сонголтонд тэнцсэн гэдэг юм. Нэгдүгээрт орос хэлтэй. Хоёрдугаарт төв, хөдөөд олон жил цэргийн албанд зүтгэсэн амьдрал сайн мэддэг.Гуравдугаарт яс маханд маань шингэсэн жаахан шударгадуу зан чанарыг онцолсон гэдэг юм. Ингээд л, Монголын гурван жанжины нэгтэй нэлээд хэдэн жил хамт ажиллах хувь ерөөл тохиосон юм даа.

-Гурван жанжин гэдгээ жаахан тодруулах уу?

-Цэргийн жанжин гэдэг хүндтэй цолыг Монголын гурван хүн хүртсэн байдаг. Жанжин Сүхбаатар, жанжин Дэмид, жанжин Лхагвасүрэн. Цэргийн гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулсан цол гуншин юмуу даа. Ж.Лхагвасүрэн жанжины хувьд бол эх орноо хамгаалахад онцгой гавьяа байгуулсан хүн л дээ. Бүр 1940-1950-иад оны үед бид чинь “Залуу жанжин Лхагвасүрэнгээс, өндөр дуугаар армийг командлахад…” гээд дуу зохиочихсон дуулж байлаа шүү дээ. Аргагүй л домогт жанжин. Тэр хүнтэй хамт ажиллана гэдэг бол жирийн офицер над ховорхон хувь ерөөл гэж бодож явдаг юм.

Өвөр эгнээнд сууж байгаа нь эцэг Бэгз, ээж Нямбуу, арын эгнээнд зогсч байгаа нь Бадамдорж, эхнэр Бямбадорж

-Лхагвасүрэн гуай ер нь ямар хүн бэ? Харахад л их дөлгөөхөн сайхан хүн байдагсан?

-Том жанжин хүн гэхэд хамгийн энгийн хүн дээ. Хүнийг ялгаварлах, ихээр багаар зангүй, хэнтэй л бол инээж хөхрөөд уулзана. Хүнд их тусархуу хүн байлаа. Цэрэг , офицер, энгийн иргэд, хэнийг ч гэсэн өөрөө биеэрээ хүлээж авна. Нөхөрсөг дотно ярилцана. Хүн болгонд гарын бэлэг өгнө. Цэргийн дарга нар , гэр бүлийнх нь хүмүүс хандив тусламж гуйж ирнэ. Бололцооныхоо хэрээр л олгоно. Сэтгэл дундуур гарч байсан хүнийг би л лав үзээгүй.

Жанжинтай олон жил хамт ажиллахад сонин учрал тохиолдлууд болж байгаа даа. Та заримаас нь сонирхуулахгүй юу?

-Ихэнхийг нь санаж байна. Заримыг нь бас мартаж. Дотоодынхоо цэргийн ангиудаар их явдаг, улстөр байлдааны бэлтгэл сургуулийг байнга үзэж шалгаж явдаг хүн байсан. Арга хэмжээ аваад байхгүй, их сайхан зөвөлгөө өгдөг хүнсэн. Өвлийн дүнгээр бид хэд Өмнөговь аймаг руу явж билээ. Шинэхэн 69-тэй. Үстэй шинель, нохой гуталтай. Хэр баргийн хүн даарахааргүй дулаалсан. Бас дотроосоо “100” татчихна. Ингээд шөнө орой болсон чинь жанжин маань даарсан. Доороосоо их даардаг хүн

байсан юм. Хээр зогсоод гутлыг нь тайлж үзэхэд хөл нь цэв хүйтэн байсан. Замын ойролцоо нэг заган төгөлд түр зогсоод заг хугалан түлж, дулаацуулж билээ. Жанжин маань “ Их сайхан дулаацлаа. Ямар сайхан илчтэй эд вэ?” хэмээн магтаж байсансан. Бид тэнд хооллож ундлаад хөдлөхдөө бүлээн нурмаар нь жанжиныхаа хоёр хөлийг битүү ороогоод боочихсон. Тэгээд хөл нь огт дааралгүй аймгийн төв хүрч билээ. “Бадамдорж чи хөдөө гадаа их явж, үнэхээр туршлага суусан байна. Чиний хүчээр дааралгүй ирлээ” хэмээн Лхагвасүрэн жанжин маань талархал илэрхийлж байсансан. Загийн үнс гэдэг чинь ямар ч дулаан хувцаснаас илүү, илчээ алддаггүй эд шүү дээ. Ингэж бид Өмнөговьд очоод, ажил үүргээ гүйцэтгээд ирж байж билээ.

-Мэдүүштэй, сонин юм байна. Өөр сонин сайхан?

-Жанжин маань их энгийн хүн гэж би түрүү хэлсэн. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг сонирхуулмаар байна. Манайхны цэргийн хээрийн сургууль дээр нэг удаа Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай очсон юм. БХЯ-ны сайд дарга нар бүгд түрүүлж очоод даргыг хүлээж байлаа. Тэгтэл ч Самбуу дарга бараа бологчидтойгоо ирлээ. Ж.Самбуу даргыг хүндэтгэж угтаад, хээрийн сургуулийнхаа үйл ажиллагааг нэгд нэгэнгүй танилцуулж билээ. Ж.Самбуу дарга батлан хамгаалахынхаа бие бүрэлдэхүүн, техникийн хүчин чадлыг үзэн танилцаад сэтгэл их өндөр байгаагаа хэлж байсан л даа. Тэр орой Ж.Самбуу даргыг хүндэтгэн, шинэ шөл гаргаж дайлсан юм. Тураг мах гэдэс чанаад, таван цулын шөл Самбуу даргад өгөх гэсэн чинь, комиссар нь урдуур нь орж аваад, уулгадаггүй юм билээ. Тэр сайхан шөлийг нь манай сайд аваад уучихсан. Сүүлд бидэнд: “Самбуу даргыгаа өрөвдлөө шүү. Монгол хүн чинь таван цулын шөлнөөс буцдаггүй л юм даа. Дарга, тэр сайхан шөлийг уух юмсан гэж бодож л байгаа. Төрийн хамгаалалт гэдэг хэцүү юмдаа” гэж байсансан. Манай жанжин бол өөрөө ууна ч, иднэ ч, хээгүй монгол хүн. Хөдөө айлд буугаад юу өгснийг нь л идэж уудаг хүн байсан.

-Одоо хоёул яриагаа жаахан өөрчлөх үү? Ж.Лхагвасүрэн сайд, та хоёрын аль аль нь хэлмэгдэж явсан гэдэг юм. Чухам юунаас болоо бол?

-Жанжин маань ажилд их махруу хүн шүү дээ. Ер нь сайд хүн төрийн албыг тэгэж хийдэг байх гэж би боддог. Ажил албаар бол хэнээс ч хоцрох хүн биш. Нэг өдөр, Улстөрийн товчоон дээр хүрээд ир гэж байна гээд очицгоосон. Цаг хэртэй болоод гараад ирсэн чинь “халагдчихлаа” гэсэн. “Эд нар намайг их гоочлоод байгаа юм. Би эднийг бодвол эх орноо цусаараа хамгаалсан хүн шүү” гэж нэлээд бухимдуу байх шиг байсан. Тэгээд л ажлаа өгсөн. МБТСЭ-ийн төв зөвлөлийн дарга болоод

бас л удалгүй халагдчихсан. Нарийн учрыг нь мэдэх биш дээ. Шударга хүн, дээгүүрээ жаахан маргалдсан болуу. Би ч ажлаа өгөөд яамныхаа дайчлах албанд очсон. Тэтгэвэрт гартлаа 012, 073 дугаар ангиудад ажиллаж байлаа.

-Таныг бас хэлмэгдэж явсан гэх юм билээ. Насаараа армид зүтгэчихээд, хошуучаас дээш цолгүй, гавьяа шагналгүй шахам халагдсан гэсэн яриа байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Хэлмэгдэл ч гэдэг юмуу, гадуурхал ч гэдэг юмуу, би онож хэлж мэдэхгүй байна. Миний, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх ид үе, Монгол Хятадын хоорондын харилцаа хөндийрсөн нэлээд хүнд үетэй давхацсан байдаг. Миний эцэг дотор хүн. Дээр үед Монголд орж ирээд мал маллаж, тариа тарьдаг байсан, нэг үгээр хэлвэл Монгол болчихсон, олон хүүхэдтэй дотор хүний хүүхэд. Энэ үед намайг хятадын эрлийз гээд үзэж чадахгүй болсон. Цол нэмэх, томоохон албан тушаалд томилох, шагнал урамшилд тодорхойлох талаар яригдаж байснаа гэнэт таг чиг болно. Дээшээ очоод “Хятадын эрлийз” гээд хасагдчихдаг байсан юм билээ. Ингээд би Жанжиныхаа үед авсан хошууч цолтой, харьяа анги салбаруудад багахан тушаалын алба хашсаар тэтгэврээ тогтоолгосон. Харин би, алба хааж байсан, анги салбарууддаа нэр хүндтэй, хамт олны итгэл даан ажиллаж байснаараа бахархдаг юм. Энэ далимд, мөр зэрэгцэн зүтгэж явсан БХЯ-ныхаа үе үеийн нөхөд болон хилийн цэрэг, барилгын цэргийн 012, 073 дугаар ангийн хамт олондоо үргэлж баярлаж, санан дурсаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-Та, цэргийн тэтгэвэр тогтоолгоод, ид хийж бүтээх идэр залуу насандаа халагдсан. Түүнээс хойш лав л зүгээр суугаагүй дээ?

-Яаж зүгээр суухав дээ. Амьдрахын эрхээр янз бүрийн л ажил хийж байсан. Хилийн цэргийнхээ ахмадын хороонд нэлээд хэдэн жил ажиллахдаа голдуухан дарханы ажил хийж байлаа. Цэрэг эмээл л хийгээд байсан даа. Хилийн цэргийн дайчид маань голдуухан л миний хийсэн эмээлийг мориндоо тохож яваа. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг, насаараа ажил хийсэн хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм билээ. Янз бүрийн зүйлд мэргэшиж, дадлагашиж байснаас цэрэг эмээлийн хувьд бол “мэргэжлийн” болсон шүү. Сүүлийн жилүүдэд нас өндөр болоод гэрт л сууж байх шив дээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян

Categories
мэдээ цаг-үе

Б.Навчаа: Ихэнх үзэгчид алаан хядаан, цус нөжтэй эсвэл инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээ

Жүжигчин, найруулагч Б.Навчаатай ярилцлаа.


-“Үүр битгий цайгаасай” уран сайхны кино үзэгчдийн сэтгэлийг багагүй хөдөлгөж чадсан. Энэ киногоороо үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?

-Миний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл “Үүр битгий цайгаасай” уран сайхны кино байлаа. Бид хүний сэтгэл дотор луу өнгийж харах, хөндөж чадах кино хийе гэж зорьсон л доо. “Тань руу нүүж явна” киног үзэхэд үйл явдлын хувьд хурц биш хэрнээ хүний энгийн амьдралыг харуулдаг. Тэгсэн хэрнээ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, маш сайн хүрсэн. Миний хувьд яг л ийм кино хийхийг хүссэн юм. Үзэгчдийн хувьд ч сайхнаар хүлээж авсан. “Ойрд ийм сайхан кино үзсэнгүй. Сайхан кино байлаа” гэж үзсэн хүн бүр л хэлж байлаа. Бид ч санасандаа хүрсэндээ маш их баяртай байна. Гэхдээ харамсалтай нь үзэгчдийн тоо цөөн байлаа. Ер нь анзаараад байхад ихэнх үзэгчид маань алаан хядаан, цус нөжтэй нэг бол инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээ. Би “Рашаантын-18”, “Ларьдма” гээд кинонууд хийсэн. Дараа нь ангийнхаа хөвгүүдтэй “Үргээлэг” уран сайхны кино хийсэн. “Ларьдма”-тай адилхан хар бараан сэдвийг л хөндсөн. Эдгээр инээдмийн болоод хар бараан сэдэвтэй бүтээлүүд маань үзэгчдэд илүү хүрсэн шүү. Үнэхээр сенсааци болж байлаа. Гэхдээ энэ бол эмзэглэмээр асуудал, уг нь залуучууд маань амьдралыг үзэх үзлээ шат, шатаар ахиулж байх хэрэгтэй л дээ. “Үүр битгий цайгаасай” киногоо хийгээд үүнийг бүр ч илүү мэдэрлээ. Гэхдээ би тэр зүг рүү эргэж, буцаж явмааргүй байна. Улам л хөгжиж, чанартай уран бүтээл хиймээр байна. Уран бүтээлчид бид бол шантрахгүй. Бид өөрсдийн хийж чадах зүйлээрээ үзэгчдээ хүмүүжүүлэх ёстой. Хүнд ухаарал өгсөн, амьдралыг арай өөр өнцгөөс харах сэдэл өгсөн уран бүтээл хийсээр л байх болно. Зогсолтгүй хөдөлмөрлөсөөр л байвал бид дээшээ явсаар л байх болно.

Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу. Кино саналууд хэр их ирж байна вэ?

-Нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллахаар зэхэж байна. Кино зохиолын хувьд үйлийн үрийн тухай өгүүлнэ. Ер нь хүн хүссэн, хүсээгүй 40 хүрээд ирэхээр үйлийн үр, үнэн худал, үхэл амьдралын зааг, амьдралын мөн чанарыг илүүтэй ойлгодог юм байна. Бүх зүйлийг ухаарч, сэхээрдэг нас юм байна л даа. Би өөрөө ч 40 хүрч байгаа учир үүнийг илүү мэдэрч байна. Тиймдээ ч 40 хүрээд ухааарах биш харин ч галтай, цогтой, омголон залуу насандаа алдаж эндэхгүй,үйлдлээ зөв байлгаасай гэдгийг энэ киногоороо хүргэнэ. Энэ киног үзчихээд гарахдаа гишгэсэн мөрөө эргэн нэг харж, дараагийн алхмаа анхаарах болов уу хэмээн бодож байна. Кино зураг авалтдаа долдугаар сарын 30-аас эхлэн орно.

-Таныг жүжигчин биш цэрэг, армийн хүн болох гэж байсан гэж сонссон юм байна…

-Би эхээсээ дөрвүүлээ л дээ. Гурван эрэгтэй дүүтэй. Багын л эршүүд охин байлаа. Тиймдээ ч Цэргийн дээд сургуульд конкурс өгөөд тэнцсэн. Хэрэв цэргийн хүн болсон бол өдийд дэд хурандаа бол болчихсон л байгаа байх. Нэлээн чамбай хурандаа байж магадгүй шүү. (инээв) Аав минь л цэргийн хүн болгох сонирхолтой байсан л даа. Гэхдээ миний хувьд цэргийн сургуульд биш СУИС-д ормоор санагдаад л, конкурс өгсөн. Арван жилд байхдаа урлаг соёлын бүхий л арга хэмжээнд манлайлан оролцдог байсан минь их нөлөөлсөн болов уу. Ингээд МУГЗ С.Сугар багшийнхаа удирдлаган дор суралцаж эхэлсэн. Сайн багштай байсан болоод ч тэрүү манай ангиас олон сайн жүжигчид төрсөн. С.Болд-эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, Б.Амарсайхан тэргүүтэй сайхан жүжигчид бий. Бид оюутан ахуй үедээ үнэхээр сахилгагүй байжээ. Долоо хоног бүрт л ангиа өөр, өөр болгочихно. Айл гэр, эмнэлэг, баар гээд л. Айл гэр болгочихоод л багшийгаа ороод ирэхэд нь цай аягалж өгнө. Эсвэл эмнэлэг болгочихно. Бүгд эмчийн халат өмсөөд, чагнуур зүүгээд л. С.Сугар багш маань ч биднийг хорьдоггүй байлаа. Ер нь бидний энэ чөлөөтэй сэтгэдэг байдал улам хөгжүүлж, задалж чадсан. Эргээд бодоход хэн хамгийн их сахилгагүй байсан тэр нөхөр л жүжигчний ур чадвараар сайн байгаад байдаг шүү. Дээр дурьдсан хэдэн нөхөд тун сахилгагүй байсан. Ямартай ч бидний хувьд оюутан цагаасаа эхлээд л өнөөг хүртэл нөхөрлөсөөр байна. Юу ч тохиолдсон нэг, нэгэндээ тус дэм болдог. Өдөр алгасахгүй утсаар ярьдаг. Ийм л дотны найзууд болсон доо.

“Үүр битгий цайгаасай” киноны хэсэг

-Таныг урлагт хөл тавихад Ардын жүжигчинг Гантөмөр гуайн тус дэм их байсан гэдэг. Энэ тухайд?

-Тийм шүү. Гантөмөр гуай намайг охин Ганжаргалынхаа хамт хошин урлагийн жүжигчин, Батзаяа ахад “Чи энэ хоёрыг хошин урлагийн театрынхаа жүжигт оруулаадхаач” гээд хөтөлж аваачиж өгсөн юм. Охин Ганжаатай нь би сүрхий найзууд л даа. Тэр том хүн хэлсэн болохоор Ганжаа бид хоёрыг Заяа ах театрдаа авсан. Удалгүй бусад хошин урлагийн продакшнууд санал тавьж байлаа. Гэхдээ тухайн үед цалин их бага байсан л даа. Ингээд л урлагаа түр орхиод, уул уурхайн компанид тогооч хийж байлаа.

-Урлагт эргэн хөл тавихад амаргүй байсан болов уу?

-Сурсан зүйл гэдэг хүнд үгүйлэгдээд л байдаг юм билээ. Хонгилын үзүүрт гэрэл асаалттай л байгаад байлаа. “Ийм нэгэн дурлал-1” уран сайхны кинонд тоглох санал ирлээ. Тоглоод үзлээ, бас болж байна. Ингээд л удалгүй монгол сериал хийе гэж шийдсэн. Тэр бол “Хэцүү анги” кино юм шүү дээ. Яахав эргээд харахад тийм ч сайн уран бүтээл биш. Гэхдээ олон ч залууст уран бүтээлч болох замыг нь нээсэн буянтай кино юм. Дурдахгүй байхын аргагүй бүтээлүүдийн минь нэг. Ер нь уран бүтээл хүнийг хүмүүжүүлдэг л дээ. “TV Coctail” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн зааг” хэмээх жүжиг хийхээр болж, надад энэхүү жүжигт тоглох санал тавьсан л даа. Тухайн үед би өвчтэй байсан учраас, тоглох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Гэтэл Э.Цолмонбаяр “Та зохиолыг нь л уншчих” гэсэн. Хамгийн гайхалтай нь үхэл амьдралын тухай тэр зохиолыг би уншаад, миний биеийн байдал маш хурдан сайжирсан. Амьдрал гэдэг маш том бэлэг гэдгийг бид ухаардаггүй юм байна л даа. Тэр жүжигт тоглосны дараа хүнд хэрэгтэй, ямар нэгэн зүйлийг бүтээж, ухаарал өгөх хүсэл оргилсон гэж болно. Их ч бодсон. Ингээд л “Ларьдма” киног хийхээр болсон юм. Хэнбугай ч муу кино болсон гэж хэлдэггүй. Мэдээж айдастай, хар бараан сэдвийг хөндсөн гэдгийг үгүйсгэхгүй.

-Таны бодлоор амьдралын утга учир юунд оршдог вэ?

-Яг үнэндээ хүнд хүн л хэрэгтэй. Түүнээс унах унаа, орд харш, хэдэн га газар амьдралын утга учир биш. Тэртэй тэргүй нүцгэн ирээд л нүцгэн буцах хорвоо шүү дээ.

-Амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу?

-Би 2005 онд гэр бүл зохиож байлаа. Хүний амьдрал гэдэг шулуун шугамаар явдаггүйгээс хойш санаснаар болоогүй л дээ. Одоо эргээд тухайн үеэ бодохоор өөрийгөө чамладаг. Шийдэж болохоор жижиг асуудлуудыг улам дэвэргэж, Б.НавЧаа: Ихэнх үзэгчид алаан хядаан, цус нөжтэй эсвэл инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээулам нэг нэгнээсээ холдсон байгаа юм. Үүнд л харамсаж явдаг. Гэхдээ цаг хугацаа бүхнийг эмчилдэг шүү дээ.

-Та “Мөрөөдлийн театр” продакшны хэд, хэдэн уран бүтээлд тоглосон. Одоогоор үндсэн жүжигчнээр ажиллаж байгаа юу?

-Би яг үндсэн жүжигчин нь биш л дээ. Зарим уран бүтээлд нь л хамтран тоглосон юм.

-Бусад хошин шогийн продакшнууд хамтарч уран бүтээл хийх санал тавьбал хэрхэн хүлээж авах вэ. Эсвэл зөвхөн дэлгэцийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулах бодолтой байгаа юу?

-Хүн ажлыг голж болохгүй л дээ. Гэхдээ биеийн хөдөлгөөнөөр эсвэл хэрүүлээр ч юм уу бусдын инээдийг хүргэнэ гэдэг хоцрогдсон асуудал. Тэрийг үзэх гэж ирж байгаа хүмүүсийн сэтгэхүй ч маш ядуу байгаа хэрэг. Энэ тогтсон хэв маягаа хошин шогийн уран бүтээлчид маань анхаарч, арай өөр болгох хэрэгтэй байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд би тийм төрлийн жүжигт тоглохгүй. Харин өөрчлөгдсөн, дэвшилттэй байгаа тохиолдолд бол дуртайяа тоглоно.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​Мангар Дамдингийн тухай өгүүлэх “Говийн өндөр” хоймсон роман

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын төрийн шагнал хүртсэн Говийн өндөр романыг энэ удаа онцолж байна. Дүүрэн ачаатай нэг машин талын харгуй замаар довтлон явсаар, Ханцуй бутны налуу сайхан арыг өгслөө. Жолооч эр кабиныхаа цонхоор цээж гарган тохойлдож залуураа ганц гараараа чадмаг гэгч нь мушгина. Моторын дуу нэгэн жигд нүргэлнэ. Зам гэж засмалаас ялгаагүй.

Говь нутагт сайхан зун болж байгаа бөгөөд бороо орсны дараахан яваа болоод ч тэрүү хамаг юм өнгөлөг тод, айл гэр энд тэнд үзэгдэж, мал сүрэг налайна. Жолооч Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд дэлгүүрийн бараа таваар хүргэхээр явж буй нь энэ. Шулуухан давхисаар сумын өмнө талд байрлах хоршооны урд ирж зогслоо. Тэрээр машинаасаа буун хойд хоёр дугуйгаа өшиглөж үзчихээд, орчныг ажиглахнээ ойр хавь хүн ер байсангүй.

Харин хураалттай ноосны цаанаас ноосны сүүдэрт хэвтэж байсан нэг жингэр хэдэн гөлгөө дагуулан босч гүйв. Бас нэг хамуутай гөлөг гасалж, гангинан зугтав. Бодвол хэн хүнгүй зодож занчиж залхаасан бололтой. Ингээд аргаа баран сүүдэрт сууж тамхи татлаа. Бушуухан бараагаа хүлээлгэж өгчихөөд хоол цай ууж, идэх юмсан гуанз ажиллаж байгаа болов уу гэж бодон сууна. Гэтэл машиных нь дэргэд өндөр нуруутай, толгой нүцгэн залуу инээмсэглэх аятай марзайн зогсож байлаа. Залуу их л эв хавгүй хувцаслажээ. Тодсон гэмээр бөмбөгөн ултай ажлын хар өмсөж, хөгшин хүний хийцтэй шар даалимбан дээлэн дээр хүрэн даалимбан бүс бүсэлчихэж. Жолооч ихэмсэг гэгч нь малгайгаа араас нь түрж духдуулсхийгээд “Та нярав уу” гэлээ. “Биш ээ хэн… гуай одоохон ирнэ” гэсэн ч, хэн гэж хэлснийг нь ч мань жолооч сонсож амжсангүй. Хот орох гэж байгаа юм аргалаад аваад яваач гэж гуйх гэж байгаа биз гэж бодон зэвүү нь хүрч залуу руу харан ярвайлаа. Түүнийг үл ойшоон хэд гурван үг дуртай, дургүй хэдэр ёдор солиод тамхи хүртэл тун дургүй өгөв.

Залуу байн байн машин руу өнгөлзөж ихэд сонирхоно. Дургүй нь хүрсэн жолооч юугаа хайгаад байгаа юм, чиний юм наана чинь байхгүй гэж хэдэрлэв. Залуу жолоочийн муухай харцнаас айн ийш, тийш гөлөлзөнгөө жолоочийн үгэнд гомдсон бололтой муухан инээмсэглэн зүгээр л үзсэн юм гэж шивнэв. Хотын машин уу гэхэд нь мөн л тиймээ чамд ямар хамаатай юм гэнэ. Залуу эрээс аргалын утаа, хир, хөлс үнэртэхэд жолооч сэжиглэн тамхиа олигтой татаарай, гал гаргавал танайх хуйгаараа нүүж ирээд ч барахгүй өрөнд орно шүү гэхэд. Нэг нь эднийхээс ч юуг нь авахав дээ гэж байна.

Харин жолооч буцаад замд явж байгаад тэр залуугийн тухай сонсох нээ Мангар Дамдин байлаа. Дамдины аж төрж байгаа үе бол 1950-иад оны эхэн буюу хөдөө нутагт нэгдэлжих хөдөлгөөн, хот төвлөрсөн ихэнх газарт барилга байгууламжийн ажил ид өрнөсөн үе. Тиймдээ ч тухайн үеийн нийгмийн онцлог, говь нутгийн онцлогийг уг зохиолд тусгасан байдаг.

Тухайлбал, бага сургуулиа төгсөөд, 20-иодхон ямаатай хөгшин эхтэйгээ хийж, гийгүүлсэн ажилгүй байсаар, сумын төвөөр тэнэж, айлын хүүхдүүд уруу татаж, үймээн самуун дэгдээдэг гэх энэ хүүг сумынхан багаас нь Должингийн Мангар Дамдин гэж нэрлэжээ. Нас биед хүрээд айлын мал маллах ажилд тусалж ходоодоо цайруулдаг байсан ч хожим хотод ирээд, барилга дээр ажиллаж, бас болоогүй тэргүүний барилгачин болтлоо өсөн дэвжинэ. Тэрээр малчнаас, ажилчин ангид орсондоо ихэд баярлан, хөдөө явахаас татгалзан, хотын амьдралд дассан нь тэр. Сумынхаа сувилагч бүсгүй Цэвэлмаад дурлаж, сэтгэлийн шаналал, дурлалын баяр хөөрийг амталж буй мөч гээд түүний амьдралыг нийгмийн байдалтай холбон харуулсан уг роман уншихад уйдаад дундаас нь орхихооргүй зохиол.

Categories
мэдээ спорт

​ Д.Тамирын начин цолны мялаалга наадамд Н.Түвшинбаяр заан түрүүлэв

Холбоотой Зураг

Үндэсний их баяр наадмаар улсын цолтны эгнээнд багтсан Дармаагийн Тамирын начин цолны мялаалга наадам төрсөн нутаг Булган аймгийн Бүрэгхангай суманд болжээ.

Уг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Найдангийн Түвшинбаяр түрүүлж, улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр үзүүрлэжээ.

Их шөвөгт улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ганпүрэвийн Ганбаатар нар шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Нүдний доод зовхи татах нь ядаргаанд орсныг илтгэнэ

Хүний нүдний доод зовхи татахаар бид биед магни, кальци дутагдаж ядаргаанд орж байна гэж ойлгодог. Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будааг хэрэглэдэг. Мөн нүднийхээ зовхийг татахаар баяр, гомдлын аль нь бол гэх зэргээр зөн совингоо тайлахыг оролддог. Гэвч эрт дээр үеэс эцэг өвгөд маань эдгээрийг шинжин, мэдэрч нууцыг нь тайлж бичиг судартаа үлдээжээ. Үүний нэг нь Хас хуурцагнаас (Хаш хуурцаг) хуулсан ‘’Бороо салхи шинжих бичиг’’ сударт энэ талаар ингэж бичжээ.