Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ​Х.Баттулга: Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна

Эрхэм хүндэт ард, иргэдээ!

Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Хүндэт зочид оо!

Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх, агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.

Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын хамтарсан сургалт дадлагыг үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай.

Ура нөхөд өө!

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанкинд 7.2 тонн алт тушаажээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алтны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтой болсон.

2016 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болж байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайлах гэмт хэрэг 23 хувиар буурчээ

Хулгайлах гэмт хэрэг 23 хувиар буурчээ зурган илэрцүүд

2017 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 200133 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 39.06 хувийг 5 хоногт, 60.9 хувийг 6-19 хоногт, 0.04 хувийг 20 түүнээс дээш хоногт, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 94.8 хувийг 14 хоногт, 5,1 хувийг 15-28 хоногт, 0.04 хувийг 29 ба түүнээс дээш хоногт тус тус шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралын баталгааг хангахын тулд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн оролцоо, дэвшилтэт техник технологийг ашиглан олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Олон нийтийн цагдаа” “ Урамшилт эргүүл” “Өсвөрийн сэргийлэгч”, “Малчдын бүлэг, холбоо нөхөрлөл”, “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Оюутан цагдаа”, “Хөршийн хяналт” хөтөлбөр, “Аюулгүй хот” төслийн “Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр нийт гэмт хэргийн 31.7 хувийг эзэлж байгаа хулгайлах гэмт хэрэг сүүлийн 5 жилд анх удаа 23 хувиар буурлаа.

Нийслэлийн дүүргүүдэд ажиллах явган эргүүлийн тоог нэмэгдүүлж, нийт 5700 алба хаагч, 263118 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 342860 зөрчлийг илрүүлжээ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1705 удаагийн яриа, сэрэмжлүүлгийг давхардсан тоогоор 67456 хүнд хүргэж сурталчлав.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 792 зөрчлийг илрүүлэн, 575 иргэн, 3 албан тушаалтан, 214 аж ахуйн нэгж, байгууллагыг 79,4 сая төгрөгөөр торгож, 2176 литр архи, 1155 литр пиво хураан авч, 53 байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналаа холбогдох газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн.
Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өмнөх оны мөн үеэс 7,3 хувиар буурч, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 0,15 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 41 шүүхийн байрыг 24 цагаар хамгаалан нийт 23110 шүүх хуралдааны үед дэг журам сахиулан ажилласан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 183 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 226396 зөрчил илрүүлэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэлээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас:

Цаашид Цагдаагийн байгууллагаас:

  • Цагдаагийн байгууллагын тэргүүлэх чиглэл болсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх
  • Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийтийн туслалцаа дэмжлэгт түшиглэн үйл ажиллагаагаа шуурхай хүртээмжтэй явуулах
  • Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд мэдээллийн техник, технологийн шинэчлэлийг түлхүү ашиглах
  • Эрүүгийн болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах
  • Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно.
Categories
мэдээ цаг-үе

​Ч.Ганхуяг: Сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж зайгаа тавих хэрэгтэй

“Ард Санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.


-МАН-ын дарга, удирдлагуудтай хариуцлага тооцох тухай таны гаргасан мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. МАНн-ыг шинэчлэх тухай уриалгын талаар юуны өмнө асууя?

-Намын шинэчлэл өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш. С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон. Би бол энэ шинэчлэлийг үргэлжлэх ёстой гэж үздэг. Анх би намын гишүүн болж орж ирсэн маань ч үүнтэй холбоотой. Монгол Улсын өмнө тулгараад байгаа ужгирсан идээ бээр болоод буй асуудлууд Ардын нам шинэчлэгдэхгүйгээр засагдахгүй гэдэгт итгэдэг. Шинэчлэлийг хүлээж харж байсан намын олон мянган гишүүд, дэмжигчид, сонгогч иргэд 2016 оны сонгуульд дүн тавьж саналаа өгсөн. Ингээд М.Энхболдын тэргүүлж буй нам 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь намын шинэчлэл хойшоо суусан. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга нэр дэвшихдээ нийт 1.9 сая гаруй сонгогчдоос 500 мянга орчим хүний санал авсан нь энэ намд, өнөөгийн удирдлагад тавьсан дүн гэж шууд харж болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хувьд хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ. Сонгуульд ялагдал хүлээхэд буруутай хүмүүстэйгээ хариуцлага тооцох эсэх яриа танай намын дунд яригдаж байна уу?

-Саяны сонгууль маш олон эргэлзээг ард түмэнд төрүүлсэн сонгууль боллоо. Жирийн үед сонсогддоггүй зүйл ил гарч ирлээ. Үнэн мөнийг одоо тогтоох хэрэгтэй. Үүнийг нам дотроосоо эхлүүлэх хэрэгтэй. Нам бол үзэл бодолдоо итгэж нэгдээд явж байгаа баг хамт олон. Бие биендээ итгэх ёстой. Хэрвээ нэгэнт эргэлзээ бий болсон бол үүнийг заавал тайлах ёстой.

-Эргэлзээ гэж та юуг хэлж байна. Тухайлбал, таны уриалгадаа бичсэнээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд хариултаа өгөх хэрэгтэй гэж хэлж байна уу?

-Иргэдийн дунд яригдаад байгаа бүх асуудалд хариултыг өгч эргэлзээг тайлахгүйгээр цаашаа явж болохгүй. Би одоо энд ямар асуудал гэдэг дээр нэр цохож хэлмээргүй байна. Тэгээд ч би үнэн, худлыг нь тогтоодог байгууллага нь биш. Холбогдох тэр мэргэжлийн байгууллагуудаар үнэн худлыг нь тогтоолгох ёстой. Зөвхөн М.Энхболдод ард түмэн дүн тавьсан биш шүү дээ. М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр МАН-д шинэчлэлийг үргэлжлүүлэх, шинэ удирдлагаа гаргаж ирэх, 2020 он гэхэд намаа, улс орноо засч залуурдаад явах боломж байна гэж харж байна. Тийм учраас сонгуулийн дүн гарсны дараагаар, улсын баяр наадам өнгөрсний дараагаар буюу өчигдрөөс эхлэн шинэчлэлийг ярьж хэлж эхэлж байна. Би бол энэ намын нэг л жирийн гишүүн. Миний хувьд наадмын өдрүүдээр уулзаж ярилцсан уур амьсгалаас үзэхэд хариуцлага тооцож намаа шинэчлэе гэсэн хүмүүс олон байгаа гэдэг нь харагдсан.

-Таны санаачилга, дэмжлэгийг намын гишүүд чинь хэр их дэмжиж хүлээн авч байна. Эсвэл дэмжихгүй байна уу?

-Олон хүн их дэмжиж байна. Би анх 2009 онд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, “Хас” банкнаасаа өргөдлөө өгч гараад улс төрд орж байсан. Тухайн үеийн гэнэн цайлган итгэл үнэмшил өнөөдөр багассан ч намыг шинэчлэх, улсаа шинэчлэх гэсэн сэтгэл зүтгэл маань хэвээрээ. Би энэ өөрчлөлтийн эхний мөсийг хагалж замыг нь нээгээд өгье. Олон түмний дэмжлэгггүйгээр энэ хэмжээний өөрчлөлтийг нэг хэсэг хүмүүс хийх боломжгүй. Тиймээс намын хамт олон дэмжих хэрэгтэй. Олон түмэн дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл бид бүхний амьдралд Ардын нам нөлөөлсөөр л байх болно. Сая сонгуульд мөнгө хол явсангүй. Эрх мэдэл, хүчний байгууллага ашиглагдаад ч явсангүй. Засгийн эрхийг барьсан, УИХ-д 65 суудалтай эрх мэдлийг атгасан хүмүүс бүхий л төр засгийн байгууллагуудын хүчийг дайчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад ч явсангүй. Ний нуугүй хэлэхэд төр захиргааны байгууллагууд, шүүх, хүчний байгууллагууд бүгд сонгуульд ажилласан. Тэгээд ийм дүн тавиулж байна. Тэгэхээр энэ нь болохгүй байгаагийн дохио. Муугийн цондон. Үүнийг эрүүл сэтгэхүйгээр хүлээн авч шинэчлэлт өөрчлөлт хийлгүйгээр бидэнд цаашаа явах зам байхгүй. Үүнийг сийрэг толгойтой хүмүүс харж байна. Намын доторх нэгдмэл байдлаа эвдлэхгүйгээр сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж намаа, улсаа хэрэв бодож байгаа бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

-Тэгээд МАН чухам яаж шинэчлэгдэх юм?

-Үндсэн хуулийг өөрчилнө гэж хичнээн жил ярилаа. Улс орноо ямар нүхэнд унагаж байж тэр яриад байдаг шинэчлэлээ хийх гээд байгаа юм бэ. Өөрөө л болж байвал улс хамаагүй гэсэн хоноцын сэтгэлтэй дарга нарыг чинь нийгэм одоо хүлээж авахаа больчихлоо. Амласан бол хийдэг. Хүний нүдийг гурилаар хуурдаг биш. Ядрааж байгаад хүүхдийн 20 мянган төгрөгөөр хуурдаг биш, санал худалдаж авдаг биш, ийм байдлаар цааш явахгүй гэдгийг нийгэм харууллаа. Нийгэм дотор болж байгаа, болохгүй байгаа бүх зүйлд Ардын нам ямагт холбоотой. Дандаа Их хуралд суудалтай, эрх мэдлийг гартаа барьж асуудлыг шийдсээр явж ирсэн нь үнэн. Манай дарга нар хэлж амласнаа хийхгүй, эрх мэдлийн төлөө яагаад улайраад байдаг болчихов. Яагаад дарга нар гишүүддээ хариуцлага тооцдог мөртлөө өөрсдөдөө хариуцлага тооцох дургүй байна. Яагаад намын Их хурал гэж зарлачихаад орон нутгаас ирсэн хүмүүсээ зочид буудалд байрлуулж хайрцаглаж ухуулж байдаг юм бэ. Хурал нэртэй мөртлөө лоббигоор бүгдийг шийддэг. Хурлаа шүүмжлэл дүүрэн нээлттэйгээр яагаад хийж болдоггүй юм. Намынхаа даргыг яагаад нийт гишүүдээсээ сонгож болдоггүй юм. Нийт гишүүддээ нэг удаа яагаад эрх мэдлийг гарт нь олгож болдоггүй юм гэх мэт олон олон асуултын хариултыг одоо олох цаг ирсэн.

-Ардчилсан нам намынхаа даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгосон. Бүх шатны сонгуулиа намын гишүүдээрээ шийдүүлдэг болсон гэгддэг. МАН-ын хувьд намын жирийн гишүүдээ сонсдог болох боломж бий юу?

-Бид сайныг аваад алдааг нь засч, жинхэнэ олонхоороо буюу 50 нэмэх нэг гэдгээр намынхаа даргыг сонгож болно. Гишүүдээ бүртгэлжүүлж намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, урам зоригийг өгөх, намынхаа үнэт зүйлсийг нэмэгдүүлэх боломж бий. Ардын нам гэдэг нэрнээсээ ч эхлээд ард түмнийхээ санаа бодлыг оролцуулдаг болох хэрэгтэй. Намын санхүүжилтыг ил болгох тухай яриад л байдаг. Дарга болгон сонгогдож гарч ирэхдээ энэ талаар ярьдаг ч сонгогдсоныхоо дараа таг алга болчихдог. Ах нам нь өөрсдөө шинэчлэлийг эхлүүлж үлгэр манлай болж байж нийгмийг зөв дүгт уриалан дуудаж чиглүүлдэг түүхэн боломж өнөөдөр гарч ирж байна.

-УИХ-д 65 суудал авчихаад жил ч хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь юутай холбоотой гэж үзэж байна?

-УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулчихаад мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн. Би үүнд тайлбар хэлэх нь илүүц байх аа. Хэдийнэ хүмүүс дор бүрнээ дүгнэлтээ өгчихсөн байгаа. Үнэндээ ард түмэндээ боов үмхүүлчихсэн шүү дээ. Өнгөрсөн есдүгээр сард татвар нэмэх тухай санал оруулаад ирэхээр нь хувийн хэвшлийн бид хэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалдаж байж хойш татуулсан. Тэгтэл Сангийн яамнаас зээлийн эргэн төлөлттэй яг тулгаж байгаад дахиад оруулж ирэн хүчээр баталчихсан. Батлуулахдаа Олон улсын Валютын санг барьцаа ахиулах боломжийг нь олгож, Монголын банкны эх үүсвэрээр дамжуулж гаргана гэсэн маргаантай заалт хийж байж барьцаа алдсан. Хэлэлцээрийн ширээний ард буурьтай суурьтай байдлаас хандахгүй бол нөгөө тал барьцаа улам ахиулах нь ойлгомжтой. Олон улсын Валютын сангаас орлогын төрлөө нэмэгдүүл, үргүй зардлаа тана гэсэн болохоос биш дөнгөж бүрэлдэн бий болж буй дунд ангийнхаа татварыг нэмээдэх гэж зөвлөөгүй. Хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтад гарах гэж буй хүмүүсийн насыг нэмээдэх гээгүй. Өнөөдөр амьдралд нь арайхийн хүрч буй цалингаас нь тэтгэврийн шимтгэл аваадах гэж захьж хэлээгүй. Эрх баригчид ноолоход амархан гэж үзээд баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэд хөдөлмөрчдөөсөө шууд хасч танаад эхэлсэн. Улсын төсвийн ямар зардлыг танаад ороод ирэв, татварыг аль хэсгээс нэмэв гэдгийг нь харахаар иргэдийнхээ нуруун дээр ачааг үүрүүлсэн харагдана. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо амалж байсан амлалтуудаасаа 180 градус эсрэг эргэсэн. Би тухайн үед арга замыг заасан мэдэгдлүүдийг хийж байсан. М.Энхболд даргад хандаж байгаад татварыг нэмэхийнхээ оронд үүнийг ийм байдлаа ингэж шийдвэрлээч ээ гэсэн эдийн засгийн гаргалгааг хүртэл хэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан. Шинэчлэлийн ажлаа хий, амласан зүйлээсээ битгий буц гэдгийг бичсэн, сануулсан. Ардын намын гишүүний хувьд хэлэхэд хариуцлагатай сонгуулийн өмнө ийм хариуцлагагүй гох дэгээг өөрөө өөрсдөдөөө тавьж байдаг ухаантнууд хаанаас гараад ирэв гэдэгт ихэд гайхаж байсан. Ард түмнийг арай л хэтэрхий баслаа.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжиж, өрсөлдөгч Х.Баттулгыг оффшор данстай гэж хэвлэлийн хурал хийж байсан. Та намынхаа даргыг дэмжиж байсан хэрнээ одоо хариуцлага тооцох тухай ярьж байна уу?

-Би уначихсан дээр нь дэгээдээд авчихъя гэсэн байдлаар асуудалд хандаагүй юм шүү. Манай намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд аль нэг жилийн өмнө намын дүрмийнхээ заалтыг хойш нь тавьж байгаад УИХ-ын дарга болж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг тавьсан. Урьдаас төлөвлөгдсөн ажил биелэлээ олж өрсөлдсөн. Ардын намын гишүүний хувьд би манай намаас нэр дэвшиж буй хүний хувьд дэмжинэ. УИХ-д 65 суудалтай намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болвол өсөн өндийж байгаа эдийн засаг цаашаа бэхжээд явах, цаашид ямар нэгэн гацаа үүсэхгүй байх гэж би бодсон. Баттулгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид тохиромжтой хүн гэж анхнаасаа хардаггүй. Мөн Төв аймгаас сонгогдсон УИХ-ын нэг суудал, намын даргын суудал, УИХ-ын даргын суудал сулраад ирэх боломж гарна. Энэ нь намд шударгаар ирвэл тэнцвэртэй шинэчлэл ирнэ гэж хүлээсэн. Ийм л шалтгаанаар би саяны сонгуульд оролцсон. Сонгуульд манай улсын нэр төртэй бүх хүнээр л дэмжүүлж үг хэлүүлж үзлээ. Дандаа хөшигний ардуур албан тушаалын томилгоо хийдгийн гор нь өнөөдөр гарч байгаа байхгүй юу. Ард түмэн сохор биш шүү дээ.

-Намын дараачийн даргад та хэнийг дэмжиж байна. У.Хүрэлсүх гэх мэтээр таамагласан нэрс эхнээсээ дуулдаж эхэллээ?

-Өөрчлөлт шинэчлэлт авчрах манлайлагчийг би дэмжинэ. Дэмжиж ажиллана гэдэг маань нийт намын гишүүдээсээ сонгогдох дүрмийн өөрчлөлтийг зоригтойгоор хийх аавын хүү манай намд байгаа.

-Тэр хүнийг хэн гэж харж байна. Таны ард С.Батболд байна гэж харж болох уу?

-Би намынхаа нөхдүүдийг янз бүрийн таамагт, хэл ярианд оруулаад яахав. Манай намд манлайлаад удирдаад явж буй цөөхөн хүн бий. Хэн нь чиг шударга, хэлсэндээ хүрээд байдаг билээ. Хэн нь нь элдэв бусармаг асуудалд хутгалдаад явдаггүй билээ. Тийм хүн намын дарга болж байж шинэчлэгдэнэ. Намын хамт олон 2020 онд улс төрийн сонгуульд оролцоно. Үүнийгээ тооцож өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан бүх алдаа дутагдлаа засч залруулах ёстой. Дүн шинжилгээ хийх ёстой. Улс ардынхаа төлөө ажил хийдэг чин сэтгэлтэй дарга нар бидэнд хэрэгтэй. Энэ нь нэг намын асуудал биш. Мэдлэг, чадвартай, боловсролтой, чин сэтгэлтэй даргатай болж үзмээр байна. Энэ нам одоо төрийн эрхийг барьж байна. Ямар л бол ямар өөрчлөлтийг хийх эрх мэдэл нь байна. С.Батболдын хувьд хэлэхэд би ердөө Ерөнхий сайд байхад нь Сангийн дэд сайдаар кабинетэд нь ажиллаж байсан л хүн. Сүүлийн таван жилд нам дотроо бид нар дотроо дандаа ажиглагчийн байр суурин дээр явж ирлээ. Өнөөдрийн миний хийж буй улс төрийн акцыг хэн нэгэн дээрээс зааж зааварласан зүйл байхгүй. Миний итгэл үнэмшил бол энэ. Би намаа шинэчлэх уриалгыг өөрийн гараар үг үсэг бүгдийг нь оюун ухаанаараа тунгаан буулгаж бичсэн. Би өөрийн итгэж хүндэлдэг хүмүүсээсээ зөвлөгөө авах гэж хичээсэн нь үнэн.

Categories
мэдээ нийгэм

​Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороотой байх нь

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

Categories
мэдээ улс-төр

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа эхэллээ

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа эхэллээ
Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх парад эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуулинд Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн заасан байдаг. Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгч нь хуулийн дагуу бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд нийт нутаг дэвсгэр болон зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх зэрэг эрхтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн онц болон дайны байдал зарласан зарлигийг Улсын Их долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгох эрхтэй байдгаараа онцлог юм.

Categories
мэдээ цаг-үе

​Жолооч нарын буруугаас болж жилд 500 гаруй хүн хорвоогоос одож байна

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 21808 зам тээврийн осол бүртгэгдсэний 2088 буюу 9.6 хувь нь орон нутгийн замд, 19720 осол Улаанбаатар хотын замд гарсан осол байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 21312 буюу 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 475 буюу 2.2 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 21 буюу 0.1 хувь нь замын нөхцөл байдлаас гарчээ.

Тэгэхээр зам тээврийн ослын гол буруутан нь жолооч өөрөө гэдгийг дээрх тоо баримт илтгэж байна. Үнэндээ манай жолооч нар унаж яваа машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг анхаардаггүй. Хөдөлж л байвал болоо гэсэн шиг зарим эд ангийг монголчилж, зориулалтын бус тос, масло хэрэглэх нь энүүхэнд. Үнэндээ хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг хангаагүй 771 гэмт хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 205 хүий амь нас хохирч, 530 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 40 хүн амь насаа алдаж, 290 хүн гэмтсэн бол орон нутгийн замд 165 хүний амь нас хохирсон нь улсын хэмжээнд амь насаа алдсан хүний 80.5 хувийг эзэлж байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 550 гаруй хүн амиа алддаг байна. Ослын шалтгааныг бүр нарийвчилж үзвэл хүний амь нас хохирсон осол, хэргийн 83.3 хувь нь анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон, хурд хэтрүүлсэнээс гарсан байх юм.

Манай улсад гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувь жолоочийн буруутай үйлдлээс болж гардаг болохыг дээр дурдсан. Тэгвэл зарим сэтгэл зүйчдийн үзэж буйгаар монголчууд замын хөдөлгөөнд оролцохдоо сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй. Товчхондоо ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй байдагтай холбоотой гэнэ. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Хоёрхон хундага уусан”, “Би урдах замаа зүгээр л харж байна”, “Мэдрэлээ алдчихаагүй юм чинь гэрээ олоод оччихно” гэсэн сэтгэлгээгээр ханддаг байна. Харин гадны ихэнх орнуудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийгөө егүүтгэх, бусдын амь насыг санаатайгаар хөнөөх гэсэн оролдлого гэдгээс өөрцгүй хүлээж авдаг тул ямар нэг эрсдэл дагуулахгүйн тулд дуудлагын жолооч дууддаг ч юм уу өөр хувилбаруудыг авч хэрэгжүүлдэг байна. Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн орчин нь иргэдийнхээ сэтгэлгээнд ингэж суулгаж өгсөн байдагтай холбоотой юм. Түүнчлэн манай жолооч нар хөдөө амарна, зугаална гээд гэр бүлийнхнийгээ суулгаж аваад гараад явдаг. Ингэхдээ бусад зорчигчдын суудлын бүс зүүсэн эсэхийг шалгадаггүй, шаардлага тавьдаггүй. Басхүү машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангадаггүй. Өөрийнхөө амь наснаас гадна бүхэл бүтэн гэр бүлийнхээ амь насыг хариуцаж явж байж 100 хол давсан хурдтай давхидаг. Замдаа машин гүйцэж түрүүлэх гэж хажуугаар нь уцаарлаж дайрна, хараана, зүхнэ. Үр ,хүүхэд, эцэг, эхээ суулгачихаад бусдыг элдвээр харааж зүхэж хэрэлдэнэ. Бусад зорчигчдын амь гарт нь байгааг огтхон ч санахгүй. Тэсрэх бөмбөг зүүснээс өөрцгүй ийм л сэтгэл зүйн байдалтай хөдөлгөөнд оролцож байна. Үүний тод илрэл болон зам тээврийн ослын тоон мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

-ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ИХЭНХДЭЭ ӨДРИЙН ЦАГТ ГАРДАГ-

Зам тээврийн ослын 65.5 хувь нь өдрийн цагт, 34.5 хувь нь шөнийн цаг буюу 22.00-06.00 цагуудад гардаг байна. Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн нийт ослын 46.8 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Улсын хэмжээнд нийт 21808 зам тээврийн осол бүртгэгдсэн болохыг дээр дурдсан. Тэгвэл үүнээс 90.4 хувь нь мөргөлдөх, 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол ихэнхдээ иргэдийн идэвхитэй цагаар буюу өдрөөр гардаг. Тэгэхээр жолооч нар мэдсээр байж, харсаар байж өөрсдийн буруугаас үүдэн осол аваар гаргадаг гэсэн үг. Жишээ дурдъя. Энэ сарын 16-ны буюу ням гаригт Замын цагдаагийн газарт нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс 164 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж 15 хүн гэмтсэн байна. Үүнээс тав нь бага насны хүүхэд байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд амины “H.Fit” маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай И, 19 настай Ч, 19 настай Н нарын гурван хүн гэмтсэн бол Партизаны сангийн аж ахуйн замд амины “Toyoto Landcruiser” маркийн автомашинаас зорчигч 53 настай О унаж амиа алджээ. Энэ өдөр гарсан зам тээврийн ослоос хамгийн ноцтой нь Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойрог дээр “Beiben” маркийн ачааны автомашины ачиж явсан контейнер унасан явдал. Тухайн замд зорчиж явсан “Pruis-10”, “T.Pruis-11” маркийн автомашинууд дээр унаж зорчигч 36 настай М, 36 настай Б, гурван настай Б, долоон сартай Г нарын таван хүн гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор долоон сартай хүүхдийн биеийн байдал муу байгаа. Дээрх ослын шалтгаан нь ачааны машины хурд сааруулагч гэнэт ажиллагаагүй болсон гэх. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй. Гэтэл хөдөлгөөн ихтэй уулзвар руу хурдтай уруудан орж ирчихээд ийм шалтгаан хэлээд сууж байна. Эрдэнэт хүний амь эрсдээгүй нь зол гэлтэй. Нөгөөтэйгүүр контейнерт даруулсан хоёр машинд явсан хүүхдүүд хамгаалалтын бүсгүй байсан гэх мэдээлэл байна. Бид ийм л хайнга улс. Дээрх тохиолдлууд бол зөвхөн нэг өдрийн ослын мэдээлэл. Өдөрт энэ мэтчилэн хэдэн арван хүний амь нас авч одсон аймшигт ослууд гарсаар л байна.

-ЗАМ ТЭЭВРИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮҮХДИЙН ТОО ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС ӨСЧЭЭ-

2017 оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 491 бүртгэгдэж ослын улмаас 31 хүүхэд амь насаа алдаж, 484 хүүхэд гэмтэл авснаас 90 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтжээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нас барсан хүүхэд 63.2 хувиар өсчээ. Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд. Ихэнхдээ ослын үед хүүхдээ урд суудалд авч явсан, хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын бүс зүгээгүй байжээ. Ийм байдлаар хүүхдийг замын хөдөлгөөнд оруулцуулах нь нэг талаараа тэдний эрхийг ноцтой зөрчиж, санаатайгаар амь насыг нь хөнөөх зорилгоор авч явсантай ялгаагүй. Учир нь гадны зарим орнуудад яг энэ хэлбэрийн хууль хатуу мөрдөгддөг. Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдалд оруулсан тохиолдол бүрт нь эцэг, эх, асран хамгаалагч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. ОХУ-д замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүс зүүгээгүй тохиолдолд 500 рубль, 12 хүртэлх насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлээгүй бол 3000 рубль хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна. Түүнчлэн хүүхдээ зориулалтын бус суудалд суулгаагүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаас гадна ял хүртэл оноох тохиолдол зарим орнуудад бий. Иймэрхүү хариуцлага, торгуулийн систем нь зам тээврийн ослыг эрс буруулахад үр дүнгээ өгнө гэж үздэг байна.

-ОРОН НУТГИЙН ЗАМД НААДМЫН ӨДРҮҮДЭД НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн осол аваар ч эрс нэмэгддэг байна. Өнгөрсөн баярын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины “Мустанг” маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон бол Баянгол дүүргийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины “Prius” маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд “Nissan sun¬ny” маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 238 жолоочийг илрүүлжээ. Энэ сарын 16-нд 46 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Ер нь зуны улиралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох тохиолдол эрс нэмэгддэг болохыг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

​​ Д.Цэцгээ: Чихрийн шижингээр өвчилсөн бол ам их цангана, шарх эдгэрэхгүй удна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Д.Цэцгээтэй чихрийн шижин өвчин ба түүнээс үүсэх таргалалтын тухай ярилцлаа.


-Сүүлийн үед чихрийн шижин өвчин их дэлгэрч байна. Энэ өвчний гол шалтгаан юу вэ?

-Чихрийн шижин өвчин гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал цусан дахь сахарын хэмжээ илүүдэхийг хэлж байгаа юм. Энэ өвчин нь хүмүүсийн амьдралын буруу хэв маяг болон хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Бодисын глюкоз ихэдсэн хүмүүст хамгийн их илэрдэг. Энэхүү эрсдэлийг үнэлэх 11 хүртэлх балл байдаг юм. Ер нь цусан дахь сахарын хэмжээ долоогоос дээш байвал өвдөх эрсдэлтэй буюу хэвийн бус гэж үздэг. Тэгэхээр шинжилгээ өгч сахарын хэмжээгээ тогтоолгох нь чухал. Хүмүүс чихрийн шижингийн зарим шинж тэмдгийг бусад өвчинтэй андуурах тохиолдол их гардаг. Энэ тохиолдолд эмчлүүлэхгүй явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдэлтэй.

-Энэ өвчний эрсдэлийг хэрхэн ямар шалгуураар үнэлдэг вэ?

-Эрсдэлийг үнэлэхдээ нас, жин, өөх тосны хэрэглээ, архи, тамхи хэрэглэдэг эсэх, эцэг эхийн энэ өвчнөөр өвдөж байсан эсэх, эх жирэмсэн байхдаа өвдөж байсан эсэх, хөдөлгөөний хомсдол зэргийг харгалзан үзэж үнэлдэг. Үүндээ өөрчилж болох өөрчилж болохгүй хувь гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Өөрчилж болохгүй гэдэгт нь бага жинтэй төрсөн, эхийн жирэмсэн үеийн байдал, эсвэл удмын гэх зэрэг мэт зүйлс хамаарна. Өөрчилж болох гэдэг нь таргалалт, зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөн зэрэг ордог юм. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд эмчлэгдэх боломжтой гэж ойлгож болно.

-Чихрийн шижин хүндэрснээр өөр өвчин үүсэх эрсдэл бий болдог уу?

-Хамгийн гол нь хүний биеийн сахар хэт илүүдснээр бидний дунд асуудал болоод байгаа таргалалтыг бий болгож байна. Хүн таргалснаар өвчин үүсэх эрсдэл улам ихэсдэг бөгөөд зүрхний шигдээс, бөөрний дутагдал, судасны бүдүүрэл, даралт ихсэх зэрэг олон өвчин үүсэх гол шалтгаан болдог. Даралт их байх нь харвалтанд хүргэдэг бөгөөд зарим тохиолдолд судас бүдүүрснээс үүдэж хөл, гараа тайруулах хүртэл аюулд хүрдэг.

-Андуурагддаг шинж тэмдгүүд байдаг гэсэн. Сахарын илүүдэлтэй гэдгээ ямар шинж тэмдгүүдээр мэдэж болох вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд шинжилгээ өгөх нь хамгийн найдвартай арга. Сахарын хэмжээ ихэссэн бол бэлэг эрхтэн загатнах шинж тэмдэг илэрдэг. Хүмүүс энэ үед нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эмчид ханддаг, арьсан дээр идээт үрэвсэл хатиг их гарахаар цус бохирдож гээд өөр төрлийн эмчид хандах зэрэг андуурагддаг шинж тэмдгүүд ч бас бий. Түүнээс гадна сахараар өвчилсөн бол ам их цангана, шарх эдгэрэхгүй удна, хэт их таргална, үе мөч өвдөх гэх мэт шинж тэмдгүүд мөн илэрнэ.

-Сахарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Чихрийн шижин өвчин нь сэргийлж болдог өвчнүүдийн тоонд багтдаг. Ингэхдээ Д витамины хэрэглээг гүйцэд авах нь маш чухал байдаг. Мөн хэвлийн тойргоо 90-80 см дотор барих хэрэгтэй түүнээс давах нь хэвлийн таргалалт үүсгэж өвдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс хүмүүс хэвлийнхээ хэмжээг 100 см дотор бариад сурчихвал сайн. Мөн хоол хүнсний хэрэглээгээ маш нарийн зохицуулж сурах хэрэгтэй байгаа юм. Орой хоол идэхгүй байлаа гээд турна гэдэг өрөөсгөл ойлголт. Харин түүний оронд хоол хүнсний ихэнх хэмжээг буюу 60 хувийг эзэлдэг нүүрс усны бүтээгдэхүүний хэмжээг зөв зохицуулах ёстой. Үлдсэн 40 хувиа өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнүүдээр хангадаг тул бодисын хэрэглээг зохицуулаад сурчихвал таргалалтаас мөн, сахарын өвчнөөс сэргийлж болно. Нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүнүүдээ тэнцвэртэй хэрэглээд ирвэл эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Мөн хорт бодисын хэрэглээ буюу архи тамхины хэрэглээг багасгах нь маш чухал. Өдөрт 2000-2500 илчлэг авах ёстой байтал түргэн хоол, хийжүүлсэн ундаа, хэт их шарсан хайрсан хүнс хэрэглэснээс 3000-3500 илчлэг аваад байвал таргалж өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Тиймээс хоол хүнсээ тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл өндгийг чанаад идэхэд 75 кл калори буюу илчлэгтэй байдаг. Гэтэл шарж идэхэд 150 кл калори болчихно. Кофенд сүү, чихэр хийгээд уувал илчлэг нэмэгдэнэ гэх зэргийг мэддэг байх хэрэгтэй.

-Чихрийн шижингээр эрэгтэй хүмүүс илүү өвчилж байна уу. Эсвэл эмэгтэй хүмүүс өвчлөөд байна уу?

-Нас, хүйсийн тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль ч насыг хамаарахгүй тэнцүү гэж хэлэхэд болно. Ер нь тавь, тавин хувьтай байдаг. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хойш нь тавихгүйгээр шинжилгээ өгч байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хоол хүнс болон хорт бодисын хэрэглээгээ хянаж, дасгал хөдөлгөөн зэрэгт анхаарах нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ

Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.

Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа тул иргэд та бүхнийг жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

​ “Хааны эрэлд 2017”-д 26 орны цэргийн албан хаагч оролцоно

Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болох юм. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна.

Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг юм. Өнөөдөр 15:00 цагаас Зэвсэгт хүчний жанжин штабын байранд “Хааны эрэлд” сургуулийн тухай хэвлэлийн бага хурал болох юм байна.