Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг өнөөдөр эхэллээ

“Монгол-Хятадын аялал жуулчлалын  өдөрлөг” арга хэмжээ болно

Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн юм. БОАЖЯ нь хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд энэ оны 7 дугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцохоо илэрхийлээд байна.

“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд дараах багц хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:

  1. Монгол-Хятадын Цайны замын олон улсын аялал жуулчлалын форум
  2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
  3. Авто аяллын нээлтийн ажиллагаа
  4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
  5. Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
  6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
  7. Нүүдэлчдийн наадам

Хоөтөлбөрийн хүрээнд арга хэмжээний үеэр Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт, “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт зэрэг үйл ажиллаагаа зохиогдоно.

Categories
мэдээ нийгэм

​Ирэх сарын 23-нд гааль дээр хураагдсан машинуудыг дуудлагаар худалдаална

гааль дээр хураагдсан машинуудыг зурган илэрцүүд

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах аж.

Дуудлага худалдаа ирэх сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газарт болох бөгөөд оролцогчдыг тухайн өдрийн 08:30 цагаас бүртгэж, 09:30 цагт дуудлага худалдаа эхлэх юм байна.

Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудыг ирэх сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

​Яргайтын замыг ирэх дөрөв дэх өдөр нээнэ

Яргайтын замыг зурган илэрцүүд

Зуны амралтын үеэр нэлээдгүй зам талбайг хааж, засвар шинэчлэлттийн ажлыг хийж байгаа билээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины 1,6 км авто замыг засаж байна. Энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагаас дээрх замыг хаасан. Энэ сарын 27-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1,2 км-т замын хөдөлгөөнийг хааж засвар хучилтын гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

​Эрдэнэтийн хувьцаа ба Таван толгойн 1072

-ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ-

Хувьцаа гэж ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах хэмжээг гэрчилсэн үнэт цаас юм. Жишээлбэл “Монгол шаазан” гэдэг компанийг байгуулахад арван сая төгрөг зарцуулсан. Түүний 80 хувийг Дорж үйлдсэн 20 хувийг Бат, Оюунаа нар тэнцүү гаргасан. Компани жилийн дараа 40 сая төгрөгийн ашиг олсон. Энэ ашгийн 80 хувь болох 32 сая төгрөгийг Дорж, үлдсэн найман сая төгрөгийг Бат, Оюун нар тэнцүү хувааж авна. Тэдний ашигаас хүртэх мөнгөний хэмжээг баталгаажуулсан бичиг нь хувьцаа юм. Социализмын үед бидэнд хувьцааны тухай ойлголт байсангүй. Тухайн үед улсын болон амины өмч л гэж байсан. Хувь хүний хамгийн том өмч нь хашаа байшин. Инженерийн байгууламжтай орон сууц улсын өмч. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр иргэд их хэмжээний хөрөнгөтэй болох боломж бүрдсэн. Хувийн олон банкууд, Женко, MCS зэрэг томоохон компаниуд төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байна. Тухайн компаниуд ганзагын наймааны орлогоос өнөөгийн 10-15 ажилтантай компаниуд болж бойжсон. Томрох тутам ашгийн хуваарилалт нарийн болж хувирсан. Тэгш шударга хуваарилалт байгаагүй бол дээрх компаниуд өнөөгийн зах зээлд оршин тогтнох, өрсөлдөх чадвартай болж чадахгүй. Харин компанийн томрох, ашиг нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг нь хувьцаа. Хувьцаанас олсон шударга ашиг л тухайн компанийг өргөжүүлж улам их ашиг олох сэдлийг хувьцаа эзэмшигчдэд төрүүлдэг.

Монголд анх 1991 онд ягаан, цэнхэр тасалбар гарсан нь хувьцааны зах зээл үүсэх нөхцөл болжээ. Тухайн үед улсын үйлдвэрийн томоохон газруудыг цэнхэр тасалбараар, жижиг үйлчилгээний газрууд, мал болон машин, зарим тоног төхөөрөмжүүдийг ягаан тасалбараар хувьчилжээ. Нийгмийн зах зээлийн ойлголт дутуугаас олон иргэд өнөөг хүртэл цэнхэр тасалбараас ашиг хүртэлгүй өнөөг хүрч байна. Гэхдээ оройтоогүй. Хөрөнгийн бирж дээр очиход таны хувьцаа байж л байгаа. Зарим иргэн арав хүртэл сая төгрөг авсан мэдээ бий. Хувьцаа ашиг авах үе бий авахгүй ч үе байдаг.

Компанийн тухай хуулиар Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэлтэй хамтран Монгол Оросын хамтарсан үйлдвэр байсан. Тухайн үедээ ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан ч оросууд 1990-ээд оны дундуур өөрийн эзэмшлийн 51 хувиа бууруулж 49 болгосон. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр нь хязгаарлагдмал хариуцлагтай компани. Компанийн тухай хуулинд “3.5.Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” заасан. Өмнө нь энэ заалтаар Эрдэнэт үйлдвэр 51 хувийг эзэмшдэг Монгол улсын Засгийн газар, 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын Засгийн газар гэсэн хоёр хувьцаа эзэмшигтэй байсан. Харин өнөөдөр оросууд өөрсдийн эзэмшлээ “Монгол зэс” корпорацид зарсан. “Монгол зэс” корпорацийн оросуудаас худалдан авсан 49 хувийг УИХ шийдвэрээр нийгэмчилж Засгийн газрыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Учир нь Монгол улсын шүүх УИХ-ын шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргажээ. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газар “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг иргэдэд хувь болгон бэлэглэх шийдвэр гаргасан. Хэрэгжиж амжаагүй байтал МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ, МАН-ын дарга М.Энхболд ялагдав. Гэхдээ тэрээр саяхан твиттер хуудсаараа УИХ-ын 65 гишүүний шийдвэр хэвээр байгааг зарласан. Өмнө нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “өмч хураах” шийдвэрийг хэрэгжүүлэхгүй дүлэгнэж байгаад УИХ-ын даргын сэнтийгээс дургүйцлээ илэрхийлж байсан.

Эндээс “Монгол зэс” корпорацийн оросуудаас худалдан авсан 49 хувь хэний өмч вэ гэсэн асуулт гарна. Монголчуудын ихэнх нь улсын өмч гэж хариулна. Түүхээс харвал Эрдэнэт, Монросцветмет үйлдвэрүүдийг Монголын талаас нэг мөнгө гаргахгүйгээр оросууд барьж өгсөн байдаг.Ашиглалтын явцад оросууд 51 хувийг эзэмшиж, улмаар хоёр хувиа монголчуудад бэлэглэсэн байдаг. Энэ нь 49 хувь нь гарцаагүй оросын өмч гэдгийг баталж байна. Гэхдээ оросууд 49 хувиа шууд зарах эрх байхгүй. Гэрээндээ Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувь эзэмшигч өөрийн хувийг зарахын тулд эхний ээлжинд нөгөө хувь эзэмшигч Засгийн газартаа мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. Оросууд тухайн үедээ Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газарт мэдэгджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 400-500 сая ногооноор Эрдэнэтийн 49 хувийг авах нь бүү хэл хэдхэн сарын дараа төлж эхлэх бондын төлбөрт өгөх сохор копейк байсангүй. “Монгол зэс”-ийнхны тайлбараар бол хэрэв эдгээр залуус аваагүй бол өнөөдөр Хятад, Казакстаны аль нэг компани Эрдэнэтийн 49 халаасалчихсан сууж байх аж. Энэ тохиодолд Батлан хамгаалахын сайд хэдэн цэргээ дагуулаад морддоггүй л юм бол ямар ч УИХ тогтоол үйлчлэхгүй болов уу. Хуулиар бол Монгол улсын Засгийн газар өөрийн мэдлийн 51 хувийг ард иргэддээ бэлэглэх боломжтой. Эсвэл “Монгол зэс” корпорацийн 49 хувийг Үндсэн хуульд заасны дагуу нөхөн төлбөр төлөөд үнэгүй тарааж болно. Харин Таван толгойн 1072 бол үнэхээр хуулийн дагуу зарласан хувьцаа.

ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦАА ЮУ ТОО ЮУ зурган илэрцүүд

-ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦАА ЮУ ТОО ЮУ-

Энэ асуултыг эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа оюутан асуусан юм. “Одоохондоо тоо боловч удахгүй үнэт цаас болно” гэж хариулсан. Хувьцаа гэдэг бол хуулиар баталгаажсан хувийн өмч. Иргэн хувийн өмчөө зарж, бэлэглэх мэтээр захиран зарцуулах эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан. Хэрэв хувьцаа мөн бол иргэний энэ эрхийг Засгийн газар хориглох эрх байхгүй. Харамсалтай нь Засгийн газар бидэнд хувьцаандаа ойртохыг хориглосон байгаа. Гэхдээ хориг тавьсан тавиагүй бидний халаасанд байгаа гэх 1072 хувьцаа нэртэй тоог хятадуудаас өөр хэн ч сонирхохгүй юм. Олон аж ахуйн нэгжүүд энэ тоог мөнгөөр худалдаж авсан боловч буцааж Засгийн газар зарсан. Мөн цөөнгүй иргэд сургалтын төлбөрөө төлж амжсан байдаг. УИХ-ын сонгуулийн үеэр олон иргэн 300 мянга төгрөгөөр тодорхой хэмжээний хувьцаагаа Засгийн газарт зарсан. Энэ тохиолдолд 1072 гэдэг тоо хувьцаа гэдэг нь үнэн. Гэхдээ Засгийн газар хувьцаа, тооны учрыг олтол хугацаа шаардагдана. Энэ хувьцаатай иргэд үхэж үрэгдэж цөөрнө. Хувьцаагүй иргэд олноор мэндэлнэ. Тэнгэрт хальсан өвөөгийнхөө хувьцааг өнөөдөр мэндэлсэн ач нь эзэмших эрхгүй. Энэ тохиолдолд тэнгэрт хальсан тоо болж хувирна. Энэ нь Засгийн газарт л ашигтай.

ХУВЬЦАА АМИЛАХ ЦАГААР зурган илэрцүүд

-ХУВЬЦАА АМИЛАХ ЦАГААР-

МАН УИХ-ын сонгуульд орохдоо хачин гоё амлалтууд өгсөн. Татвар нэмэхгүй гэдэг үг бизнес эрхлэгчдийн мэлмийг тэнийлгэж үнэмлэхүй ялалт байгуулав. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд долоон төрлийн татвар нэмсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч санаанд ороогүй ялагдал хүлээв. Иргэд Засгийн газар нь Эрдэнэтийн хувьцааг үнэгүй бэлэглэж байхад эсрэг санал өгнө гэхэд итгэх хүн байхгүй. Харин тэр хувьцаа нь биежнэ гэдэгт хэн ч итгээгүй болов уу. Өмнө нь Засгийн газрын зарласан Таван толгойн хувьцаа тоо хэвээр л байна. Саяханы зарласан Эрдэнэтийн хувьцаа ч түүнээс дээрдэх юмгүй. Энэ хоёр хувьцаа өнөөдөр холион бантан болж хувирсан. Хувьцаа ярих бүр Засгийн газрын нэр хүнд унана. Гэхдээ ямар нэгэн ашиг хүртэх хувьцаа иргэдийн гар дээр тавихгүй бол иргэд 2020 онд хариугаа барина. Тиймээс ямар нэгэн тоо биш бага ч гэсэн ашиг олж болох эсвэл зараад хэдэн төгрөг олох хувьцаа ойрын хугацаанд шаардлагатай. Ийм боломж Засгийн газарт бий юу гэвэл бий. Эхний ээлжинд Эрдэнэтийн 49 хувийг биш, Засгийн газрын мэдлийн 51 хувийг иргэдэд бэлэглэж болно. 49 хувийн зарга удаан үргэлжлэнэ. Зарга үргэлжлэх тусам нэхэмжлэх хохирол нэмэгдэнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын халааснаас нэг ч мөнгө гарахгүй. Иргэдийн халааснаас л гарна. Таван толгойг хэн нэгэн мөнгөтэй хүн ирж амилуултал өдий. Тиймээс амлалтаа биелүүлж, Эрдэнэтийн 51 хувийг хувьчил. Төсвийн цоорхойг Улсын үйлдвэр нэртэй авилга, өрийн голомт болсон 20 их наядын хөрөнгөнөөс жаахныг зараад нөхчих. Өөр ч олон арга бий л дээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

​Согтуугаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байна

Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хууль энэ сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн хэрэгжилт ямархуу байгаа талаар сурвалжилсан юм. Ингээд Замын цагдаагийн газарт очиход нөхцөл байдлын талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат ярихдаа “Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хууль харьяалуулсан. Тодруулбал, авто тээврийн тухай хууль, авто замын тухай хууль, жолоочийн даатгалын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд 56 заалттайгаар зөрчлийн тухай хууль зохицуулагдсан. Ингэснээр 2015 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 зүйл заалтын зөрчлүүд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдана гэсэн үг. Хуулийн зарим нэг онцлогоос дурдъя. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг зөрчсөн тохиолдлууд их гарч байна. Энэ хууль өмнө нь замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлээд арга хэмжээ тооцож явдаг байсан. Харин шинэ зохицуулалтаар бичиг баримт нь хураагдана. Тэгээд захиргааны хариуцлагын арга хэмжээ авч, дээрээс нь нэмж даатгалаа төлөх хэлбэртэй болсон. Өмнө нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулчихсан байсан. Ингэхдээ манай улсын бусад хууль тогтоомжоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ордог байсан шүү дээ. Тэгэхээр торгуулийн хэмжээ дагаж хэлбэлздэг байсан. Үүнийг Зөрчлийн тухай хуулиар зохицуулж эхэлснээр бол нэгжид шилжүүлсэн юм. Ммөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ төрлөөр торгох шийтгэлийг нэг хоногийг 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар томьёолж өгсөн байгаа. Зам тээврийн осол гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах санкцтай болсон.

Согтууруулах ундаа, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэж замын хөдөлгөөнд оролцвол шинэ хуулиар сонгох санкцгүй шууд нэг жилийн хугацаагаар эрх хасах болсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар жолоодвол 7-30 хоног баривчлах хэвээрээ. Нэмээд албадлагын сургалт гэдэг нэр томьёо орж ирсэн байгаа. Үүний дагуу сургалтад суулгана. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж замын цагдаагийн албаны терминаль багажууд шинэчлэгдэж, дүүргүүдийн алба хаагчдын орон тоог нэмж, иргэдийг ая тухтай байлгаж, чирэгдэл учруулахгүй байх нөхцлийг ханган ажиллаж байна” гэсэн юм. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.4-т заасан зөрчил 3302 үйлдэгджээ. Жолоочийн даатгалын хуулийн 14.5-т заасан 144 зөрчил бүртгэгдсэн гэв. Замын хөдөлгөөнтэй холбоотой нийт 3347 зөрчил гарсан байна.

Мөн Замын цагдаагийн алба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд баяр наадмын өдрүүдэд эрчимжүүлж ажилласан гэнэ. Тухайлбал, бүх нийтийн амралтын өдрүүд дуусахад хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн аж. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгджээ.

Тодруулбал, энэ сарын 14, 15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дахь хэсэгт заасны дагуу “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох” арга хэмжээ авчээ. Иймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сонгох, найдвартай дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байв.

Харин бид ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан мөрдөгдснөөр цагдаагийн байгууллага, алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хууль тогтоох байгууллагаар батлагдан долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэхтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орсон юм. Үүнд цагдаагийн байгууллагын алба хаагч хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулахад Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хуулиудыг баримтлан үйл ажиллагаандаа дагаж мөрддөг байсан. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тамхины тухай, Садар самуунтай тэмцэх гэх мэт. Харин Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын 240 орчим хуулиудад зөрчлийн шинж байдлыг тогтоож байсныг халж, Зөрчлийн төрөлжсөн нэг хуультай болсон. Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагч гагцхүү Зөрчлийн тухай хуулиар хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг нотлох ажиллагаа нэг бүрийн үндэслэл, журмыг нарийвчлан тогтоож өгсөн. Үүнээс гадна зөрчлийн холбогдогчид авах эрх хязгаарлах буюу зөрчлийн хэрэг бүртгэлт хэвийн явагдах нөхцөлийг хангах арга хэмжээг хуульчилсан. Тухайлбал, хүнийг саатуулах, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, холбогдогчийн баримт бичгийг хураан авах, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх. Цагдаагийн алба хаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчилд торгох, эрх хасах шийтгэл оногдуулахад Зөрчлийн тухай хуульд заасан хэмжээгээр оногдуулна. Энэ нь цагдаагийн алба хаагч сонгох боломжгүй буюу тодорхой хуульд заасан нэгжээр торгоно. Цагдаагийн алба хаагч газар дээр нь шийдвэрлэхээр заасан зөрчлийг шийдвэрлэсний дараа прокурорын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл авчихвал иргэдээс тайлбар, тодорхойлолт авах шаардлагагүй болсон. Иргэнд холбогдох хууль сануулан хохирогч, гэрчээр мэдүүлэг авах зэрэг эрх зүйн зохицуулалтууд хуулиудад тусгагдсан юм. Хуулийн заалтыг иргэд судалж, цагдаагийн алба хаагчийн тавьсан үүрэг даалгаврыг сайтар биелүүлэхийг сануулъя гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат ярихдаа “Өмнө нь цагдаагийн байгууллага 11 төрлийн хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг байсан. Шинээр батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийтдээ 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан байгаа. Энэ сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 51 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь шалгаж буй зөрчлүүдээс нэг зөрчлийг шийдвэрлэж, 50 зөрчил ажиллагаанд байна гэсэн үг. Төрлөөр нь авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар заалт танхайрах зөрчил 24, 5.3 дугаарт хүний биед халдах хоёр, 5.4 дүгээрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 13, 8.6 дугаарт хулгайлах зөрчил арав, 15.2 дугаарт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах хоёр байна. Ингээд нийтдээ 51 зөрчлийг шалган, шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, Увс аймгийн цагдаагийн газарт дөрвөн зөрчил бүртгэгдэж, шалгагдаж байгаагаас хуулийн 5.4 дүгээр заалтаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн нэг зөрчил, 8.6 дугаарт хулгайлах нэг зөрчил, 5.2 дугаарт танхайрах зөрчил хоёр байна. Ховд аймагт хүний биед халдах зөрчил нэг гарсан. Уг зөрчлийн тухайд хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол үүнийг 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгож, шийдвэрлэнэ гэсэн заалттай болсон. Иймээс үүний дагуу шийдвэрлэсэн” гэж байлаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Батсүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрүүгийн хэргийг шалгах, мөрдөх ажиллагаа ямар нэг байдлаар тасалдаагүй, үргэлжилж хэвийн явагдаж байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албанд Эрүүгийн мөрдөгч, мөрдөгч гэсэн албан тушаалтнууд шинээр бий болсон. Хэргийг шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн мөрдөн байцаах тасаг, газар нутгийн харьяаллаар эрүүгийн хэргийн зүйлчлэлээр гэмт хэргүүдийг шалгаж байгаа. Мөрдөн байцаах албаны шалгах харьяаллын хэргүүдийг Улсын Ерөнхий прокуророос харьяаллыг тогтоож өгдөг. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн давуу тал нь хэргийг шалгах явцад хүний эрхийг дээдэлсэн, хангах, хамгаалсан байдалтай болсон юм. Хорьж, цагдах байдлыг урьтал болгоогүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Д.Тамир: Бэлтгэлээ сайн базаасан болоод ч тэрүү айж бэргэх зүйлгүй байлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамиртай ярилцлаа. Тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсууриар дөрөв, П.Бүрэнтөгсөөр тав даван улсын начин хэмээх эрхэм цол хүртээд байгаа билээ.


-Үндэсний их баяр наадмын хүчит бөх ийн барилдаанд тав даван улсын начин цол хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Төр, түмний минь үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын цол авсан болоод ч тэр үү жил, жилийн баяр наадмаас хамгийн онцгой нь байлаа. Сэтгэл маш өндөр байна. Уул усны минь буян заяа түшлээ хэмээн их сүсэглэж байна даа. Өдийг хүртэл дэмжиж ирсэн багш, дасгалжуулагч, аав, ээж, ханьдаа, нутаг усныхан, дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.

–Таны хувьд үзэгчдийг шуугиулсан урамтай сайхан барилдаанууд үзүүлж, наадмын тааврыг өөрчилж чадлаа. Учраа бөхчүүдийн хувьд ч улсын цолтой хүчтэнгүүд байсан шүү дээ. Ер нь цолонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Улсын цолонд хүрэхчин зорилго өвөртөлсөөр улсын баяр наадамдаа зодоглосон. Харин учраа бөхүүдийн хувьд их чанга байлаа. Миний хувьд хоёр, гурвын даваанд Улсын начин Б.Чимэдвандан, Б.Одхүү нартай, дөрвийн даваанд Улсын арслан Н.Батсуурьтай учраа таарсан. Харин тавын даваанд П.Бүрэнтөгс арслан амласан юм. Ийм иртэй, бяртай бөхчүүдтэй таарсан шүү дээ. Хоёр ч хүчтэй арслантай таарлаа. “Цолонд хүрч чадахгүй ч юм болов уу даа. Улсын цол авна гэдэг амаргүй даваа юм байна” гэсэн бодол төрсөн. Гэсэн ч аз, хийморь ивээж санасандаа хүрсэн. Мөн том цолтой хүчтэнгүүдээр улсын цол авсандаа их баярлаж байна.

-Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нартай учраа таарчихаад юу гэж бодож байв даа?

-Яагаад ч юм тэр өдөр их тайван байсан шүү . Бэлтгэлээ сайн базаасан болоод ч тэрүү нэг л тайван, айж бэргэх зүйлгүй байлаа. Давж чадахаар, болчихмоор л юм шиг санагдаад л. Яахав нуулгүй хэлэхэд П.Бүрэнтөгс арсланг амлахад цол авч чадахгүй нь дээ л гэж бодсон. Иртэй, бяртай сайн бөх. Өмнө нь учраа таарч өвдөг шороодож л байсан. Гэхдээ давсан ч, даваагүй ч сайхан барилдъя гээд л зүлэг ногоон дэвжээнээ гарсан даа. Тэр эгзэгтэй мөчид Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар маань хамгийн их зааж, зөвлөсөн. Тэд маань “Өөрийнхөөрөө барилд. Адилхан л бүтэн жилийн турш бэлтгэл, сургуулилт хийсэн. Дутаад байх зүйл байхгүй. Хэнээс ч айх хэрэггүй” гэж урам зориг, сэтгэлийн дэм хайрлаж байлаа. Миний хувьд Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр гэх эрхэм хоёр багшаасаа үргэлж л суралцсаар явна. Амьдралын болоод спортын туршлагын хувьд ч тэр. Маш их баярлаж явдаг даа.

-Энэ жил Булган нутгийн бөхчүүд хаагуур бэлтгэлээ базаасан бол?

-Манай “Булган хан ” дэвжээний бөхчүүд миний төрсөн нутаг Булган аймгийн Бүрэгхангай суманд бэлтгэлээ базаалаа . Аймаг, сумын цолтой 30-аад бөх манай галд гарсан. Энэ жилийн бэлтгэл, сургуулилт маш сайн байлаа. Санасандаа хүртэл бэлтгэлээ хийж чадсан гэж бодож байна. Манай дэвжээг Д.Баасандорж заан ахалж гарсан. Харин туслах дасгалжуулагчаар аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй багш маань ажилласан.

-Бөх болох гараагаа хэдийнээс эхэлж байв?

-Монгол хүн болсон хойно багын л барилдаж ноцолдох дуртай байлаа. Харин дунд сургуульд ороод элдэв, тэмцээн уралдаанд оролцож өөрийнхөө хэмжээнд чамгүй л амжилт гаргачихдаг байсан. Тухайн үедээ А.Сүхбат аваргын уран барилдаануудыг шимтэн харж, бөх болох хүслээ улам нэмсэн хэрэг. Миний хувьд Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолборыг дүүргэсэн л дээ. Сургуулийн биеийн тамирын багш Ханддорж, Эрдэнэ-Очир, Эрдэнэбилэг, Одгэрэл нар маань намайг бөх болгох эхлэл, суурийг тавьсан ачтай хүмүүс юм. Дунд сургуулиа дүүргэчихээд Үндэсний биеийн тамирын дээд сургуульдаа сурахын сацуу Д.Баасандорж багшийнхаа удирдлаган дор тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Ер нь бол 2008 оноос үндэсний бөхийн бэлтгэлээ туутай хийж, сайн бөх болохын тулд хичээж эхэлсэн гэж болно. Анх шавь нь болоод ирэхэд Д.Баасандорж багш маань “Хүн шиг хүн болж байж бөх болдог юм шүү” хэмээн захисан. Энэ үг тэр үеэс хойш миний зүрх, тархинд хадаастай явсаар л байна. Ер нь хүн чанартай, жудагтай байх нь бөх хүний эрхэмлэх зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

-2010 онд аймгийн начин цол хүртсэн гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-Тийм шүү. Ухаандаа тууштай бэлтгэл хийж эхэлснээсээ хойш хоёр жилийн дараа гэсэн үг л дээ. Харин 2013 онд аймгийн арслан цол хүртэж байлаа.

-Харин анх хэдэн онд улсын баяр наадамд зодоглож байв. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үндэсний их баяр наадмынхаа хүчит бөхийн барилдаанд тав дахь жилдээ зодоглож начин цолны болзол хангалаа. Анх наадамд зодоглохдоо Улсын начин Ганбатаар хоёр давчихаад жигтэйхэн их баярлаж билээ. Бодож санах ч юмгүй, хоёр давчихсандаа баярлаад л гүйж явсан даа. Харин гурвын даваанд Н.Батзаяа харцагад унасан. Ямартай ч улсын наадамдаа хоёр, гурав давчихаад л байлаа. Жилээс жилд даваа нэмэгдсээр байсан. Өнгөрсөн жилийн хувьд дөрөв давсан.

– Бөхийн найраа бүр гаарлаа гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Байх ёсгүй зүйл л гэж боддог. Бөхчүүд маань үнэн хүчээрээ барилдаж монгол түмнээ баясгаж явах ёстой л гэсэн бодолтой явдаг даа. Тэр бодлоо ч биелүүлж, хүчийг үзэн сайхан цол авлаа. Ямартай ч нэгэнт л үндэсний бөхөөрөө хичээллэсэн хүний хувьд оргилд нь хүрнэ гэсэн том зорилготой шүү.

-Улсын цолонд хүрэхэд гэр бүлийнхэн тань хамгийн их баярласан болов уу?

-Тэгэлгүй яахав. Ээж, аав хоёр минь “Миний хүү мундаг байлаа. Зорьсондоо хүрч чадлаа. Хүүгээрээ бахархаж байна” гэсэн. Миний хань болон хүү минь мөн маш их баярласан. Би эхээс хоёулаа л даа. Ах минь сумын заан цолтой хүн байдаг. Улсын цол авснаараа ахынхаа ч гэсэн хүслийг биелүүлсэн гэж бодож байгаа.

-Улсын хэмжээнд олон тооны түймэр асч, хүн бүхэн л чадахаараа хандив тусламж илгээж байна. Эдгээр сайн санаат хүмүүсийн эгнээнд энэ жилийн баяр наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчтэнүүд нэгджээ. Та ч мөн адил хандив өргөсөн байсан…

-Энэ жилийн хувьд гал түймрийн дэгдэлт их байна. Үүнд эмзэглэхгүй байхын аргагүй. Иргэн хүнийхээ хувьд би өөрийн боломжоороо хандив өргөсөн байгаа.

Categories
мэдээ нийгэм

​Онцгойгийн хандивын данс 683 сая төгрөгтэй болжээ

Холбоотой Зураг

Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Монголын залуучуудын холбооны Сөүл хот дахь залуучуудын холбоо, Том Гуанжау хотын Монголын залуучуудын нийгэмлэг хамтран 1,000,000 төгрөг, мөн 1,750,000 төгрөгийн хорт утааг шүүгч маскын хамт илгээжээ. Түүнчлэн АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын холбооны 100 орчим аж ахуй нэгж, хувь хүн хамтран хандивын аян өрнүүлж 12,600,000 төгрөг цуглуулснаа илгээсэн байна. Илгээмжийг ОБЕГ-ын удирдлагад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гардуулан өгсөн юм.

БНХАУ-д сурч, амьдарч байгаа Монголчуудын “Эв нэгдэл ба эх орон групп” болон Өвөрмонголчуудаас түймэр унтраахад зориулж бензин хөрөө, гар чийдэн, үлээгч аппарат зэрэг багаж хэрэгслийг гардууллаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олноос нэг өдрийн цалин болох 2,721,000 төгрөгийг, Хаан банкны хамт олон 7,703,900 төгрөгийг 3,172,000 төгрөгийн багаж хэрэгслийн хамт гардуулан өгөв.

“Акима ХХК”-ийн 1-р хорооллын 32-н буудалд үйл ажиллагаа явуулдаг салбараас 160 ширхэг гал унтраах цохиурыг бэлэглэсэн бол “Premium concrete” бетон зуурмагийн компанийн зүгээс хөдөлмөр хамгааллын 20 ширхэг гутлыг хандивлалаа.

Мөн Улаанбаатар Элит болон Эмпати олон улсын дунд сургуулиас мөнгөн хандиваар аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн Мэхмэт Элий болон Вэесэл Акчай нар хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

​Гэмт хэргийн илрүүлэлт өсчээ

Гэмт хэргийн илрүүлэлт өсчээ зурган илэрцүүд

Энэ оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 200133 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 39.06 хувийг 5 хоногт, 60.9 хувийг 6-19 хоногт, 0.04 хувийг 20 түүнээс дээш хоногт, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 94.8 хувийг 14 хоногт, 5,1 хувийг 15-28 хоногт, 0.04 хувийг 29 ба түүнээс дээш хоногт тус тус шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралын баталгааг хангахын тулд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн оролцоо, дэвшилтэт техник технологийг ашиглан олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Данзангийн НЯМСҮРЭН: Дөрвөн цаг

Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан.

Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан.

Шөнө дөлөөр хүлэг морь янцгаах нь сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.

2.
Өглөө болоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсөг тэрэг гарч ирэх сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн доороос шувуу нисэх сайхан.

Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан

Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-.. Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан

Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан
Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан
Цаг гэрт цохилсоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан.

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэрээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээн цавд цас орох сайхан

3.
Цас хайлж, ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг руу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэргэлтэх нь сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу? гэх сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын эрэгт, хоёулаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэх нүдний нулимс гарах нь сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исэгрэн давхих сайхан
Дөрвөн туухай хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуур цог дээр дусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгэээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран дуулмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
Навч ганц нэг унах сайхан
Наран толгодын цаанаас харах сайхан
Сэв сэв салхи үлээх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Гол мяралзан урсах сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Хол ойрыг санагалзах сайхан
Хот айлаас хэн нэгэн нь явахад үг захимаар сайхан

Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Аяа хөөрхий гэж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 23 хэм дулаан, бороотой

Өнөөдөр Улаанбаатар хотод 23 хэм дулаан, бороотой зурган илэрцүүд

Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо орно. Ус цаг уур орчин шинжилгээний газраас өгсөн ойрын өдрүүдийн цаг аагрын мэдээг хүлээн авна уу.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.