Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Ерөнхийлөгч нь байхад ажлын албаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, гишүүд орон нутагтаа ажиллаж байна. Мэдээж зуншлага сайхан биз дээ?

-Сайхан, сайхан зусч байна уу, сайхан наадав уу?

-Наадав уу гэснээс энэ жилийн наадамд танай нутгийн бөх Ч.Санжаадамба аварга тавын даваанд унасан унаагүй гээд маргаан дэгдлээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэж манай монголчууд ярьдаг даа.Жил бүхний наадам л сайхан болдог, онцлогтой болдог, тэр болгоныг дараа жилийн наадам хүртэл ярилцдаг, хуучилцгаадаг.Мэдээж наадам л юм хойно унаж давах, түрүүлж хоцрох, онож алдах юм байх нь мэдээж.Үзэгчийн хувьд аваргын барилдааныг удаашруулсан бичлэгийг хараад, хөлийн цэцийн ахмад бөхийн хэлж байгааг, засуулуудын хэлж байгааг сонсоод сонин л санагдаж байна лээ. Яахаараа шүүлтэндээ техник технологи ашиглахгүй гэж шийдвэрлэдэг байна аа, 21 дүгээр зуунд.Үүнийг ойлгоогүй. Ядаж хайн болгоод дахиж барилдуулчихгүй дээ гэж бодсон шүү. Шүүмжилж хэлэх амархан л даа гэхдээ л бөхөд хайртай монгол хүний хувьд цаашид аварга ч бас аварга шиг илүүрхэж барилдаасай, нөгөө залуу ч бас ингэж авсан цолоо хамгаалж барилдаасай л гэж хэлэх байна.

-Хурдан морины уралдаан бас олон морьд хасагдсан. Монгол морьд уралдуулах нэрээр олон морьдыг хаслаа гэх юм…

-Бөх гэлтгүй хурдан морины тухайд ч энэ жил маш олон морь, уяач, унаачийн хөлс хөдөлмөр талаар болчихов уу даа. Наадмын комисс үнэхээр эрлийз монголоор ялгаж уралдуулна гэсэн бол наадмыг тулгаж биш комисс ажиллаж эхэлсэн аль хавраасаа зарлаж мэдээлэх байтал наадмаас хэдхэн хоногийн өмнө дуулгахаар маш их хүндрэлүүд гарч байгаа юм л даа.Уяач хүн улсад хурд үзэх гэж байгаа бол гэнэтхэн сарын өмнөөс юм уу хэдхэн хоногийн өмнөөс бэлдээд хот руу гараад давхидаггүй байлгүй дээ. Дээрх бөхийн асуудал ч тэр, хурдан морины тухайд ч ер нь цаашдаа Улсын баяр наадмын тухай хууль, холбогдох спортын холбоодын дүрэм журамд дорвитой өөрчлөлт оруулахгүй бол цаг үеийн шалгуур даахгүй болсон байна аа гэдгийг л энэ жилийн наадам тод харууллаа гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хэлэлцүүлгүүд явагдлаа.Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар таны байр суурь?

-Үндсэн хууль бол аливаа нэгэн цаг үед тухайн цаг үеийнхээ хүмүүсийн оюун ухаанаар бүтдэг бүтээгдэхүүн.Энэ утгаараа огт өөрчилж болдоггүй зүйл биш, нөгөө талаасаа хүссэн үедээ өөрчлөөд байдаг зүйл ч биш.Өнөөдөр харин өөрчлөх ёстой цаг үе нь мөн үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин өөрчлөхөөр заалтууд бий юу гэвэл байгаа. Адаглаад, миний үзэж байгаагаар олон түмнээс хамгийн их санал сэтгэгдэл ирдэг Төрийн сүлднээсээ эхлээд эргэж харах ёстой зүйлс байгаа гэж үздэг. Харин агуулгын биш хөнгөхөн косметик засвараар гар хүрэх гэх бол хэрэггүй.УИХ-аас тогтоол гарсан.Энэ зун намартаа хэлэлцүүлгүүд орон даяар сум, баг, хороо бүрт явагдана.Түүгээр иргэд олон түмэн юу гэж үзэж байгааг сайн судлах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн өөрчлөлт ярих байх.

-Шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөлөө.Ерөнхийлөгчөөс Монгол Улсаас гадны хоёр улсад суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д хүргүүлээд, түүнийг хүлээж аваагүй, бараг тийм эрхзүйн чадамж Ерөнхийлөгчид байхгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын дарга өгсөн. Ерөнхийлөгч УИХ-ын хооронд нэлээд маргаантай харилцаа үүсээд эхэлж байна уу даа гэж харагдаад байх юм. Өөр нам болохоор тэгж байгаа гэсэн хандлага нийгэмд байх шиг…

-Тийм зүйл байхгүй байх.Одоогоор чуулган завсарласан, тойрогтоо байгаа болохоор нарийн мэдээлэл алга.Хэвлэл мэдээллээс миний авсан мэдээллээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн бланкаар ганцхан хуудас албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Зохих ёсны хариуг нь УИХ-ын Тамгын газраас өгчээ л гэж харсан. “Тэр тэр хоёр нөхрийг эргүүлэн татчих гэж УИХ-д мэдэгдчихээрэй” гэж Ерөнхийлөгч маань Тамгын газрын даргадаа хэлээгүй байлгүй дээ.УИХ-ын даргатай Ерөнхийлөгч өөрийн бланк дээр өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр л харилцдаг.Энэ чинь төрийн өндөрлөгүүдийн хооронд олон жил явж ирсэн хууль ёсны уламжлалт харилцаа.Ийм л энгийн юм.Үнэхээр Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий бичгээр УИХ, Засгийн газарт хандаад, саналаа оруулаад, тэгэхдээ эргүүлэн татах үндэслэлээ гаргаад, зөвшилцөх санал хүргүүлэх боломж байгаа байлгүй дээ.Элчин сайдуудыг томилохдоо Засгийн газраар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлдэг мөртөө эгүүлэн татахдаа Засгийн газар хамаарахгүй, ганцхан Ерөнхийлөгч санал гаргаад татдаг гэж баймгүй л юм.Хуулийн нарийн заалтуудыг хуульчид хэлж байх шиг байна лээ.Хамгийн сайн мэдэж байгаа зүйл Ерөнхийлөгч нь байсаар байхад ажлын албаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй юм л гэж хэлэх байна.

-Танай намын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлээд нэлээд бужигнаан эхэлж байгаа гэж ярьцгааж байна.Намын даргын марафон эхэлсэн, Ерөнхий сайд, Шадар сайд нар өрсөлдөөд эхэлсэн, Засгийн газар тогтвортой байх эсэх гэх мэтээр мэдээлэл маш их гарч байна?

-Манай нам тэгж их марафон яваад бужигнаад “гэрээ шатаачих гээд” байдаг нам биш шүү дээ.Гэхдээ сонгуулийн үр дүн янз бүр л байдаг, сонгууль бүрийн дараа л янз бүрийн яриа гардаг.Түүний л адил болов уу.Би өөрөө 2012 онд сонгуульд ялагдал хүлээгээд аймгийнхаа Намын тэргүүлэгчиддээ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоръё гэж санал хэлээд намын хорооны даргаасаа огцорч л байлаа.Намайг ажлаа өг гэж хэн ч хэлээгүй, дээрээс ч шахаагүй, шаардаагүй л юм. Мэдээж сонгуулийн хариуцлага гэж байлгүй яахав. Гэхдээ энэ бол нэг хоёрхон хүн яриад, нэг хоёрхон хүн шийдээд, нэг хоёрхон хүнийг яллаад зэмлээд өнгөрдөг асуудал биш. Ял гавьяа хоёрыг хамтдаа үүрнээ гээд нэр дэвшилтээсээ эхлээд зүтгэсэн Удирдах зөвлөл, Бага хурал, Сонгуулийн штабын асуудал шүү. Зарим нэг хэсэг бүлэг намын нөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна лээ.

-Гэхдээ буруутанг л хайгаад байх шиг байна?

-Бурууг хэн нэгэн рүү чихэх гээд байгаа ч юм шиг харагдсан нь үнэн. Тэгж болохгүй.Сонгуулийн санал хураалт хүртэл энэ тэр юм чинь болохгүй байна, бүтэхгүй байна, алдаад байна, ялагдах гээд байна гэсэн шүүмжлэл, ажил сайжруулах санал штабт ч, намын удирдлагуудад ч төдийлөн ирээгүй л юм байна лээ.Одоо худлаа ярьцгаагаад яахав, ний нуугүй хэлэхэд сонгуулийн өдөр хүртэл ялна гэсэн сэтгэгдэлтэй л байсан шүү дээ намын нөхдийн ихэнх маань. Нэг л зүйлийг нэмж хэлэхэд манай намын жирийн гишүүд дэмжигч маш олон хүн манай нэр дэвшигчийг дэмжсэн гэдгийг энд хэлж талархах хэрэгтэй. Бас нэг сая 900 мянган сонгогчоос 600 мянган сонгогчийн саналыг авсан Ерөнхийлөгч маань бас өөрийг нь дэмжээгүй хэсгийн дэмжлэгийг автлаа сайн ажиллах хэрэгтэй л гэж хэлэх байна.

-Саяын сонгуулиар танай намын мэтгэлцээнд бэлдсэн бичлэг ил болж олон нийтийг шуугиуллаа.Та тэнд байсан?

-Тийм. Би нэр дэвшигчийг мэтгэлцээнд бэлдэх ажлын хэсэгт ажилласан. Аль ч нам нэр дэвшигчээ мэтгэлцээнд бэлддэг. Дэлхийд, олон улсад байдаг түгээмэл зүйл.Миний л мэдэхийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль бүрт оролцогч намууд ингэж л бэлдэж ирсэн. Энд хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй.Хоёрт, нэр дэвшигчдэд хандаж иргэдээс ирж байгаа асуултууд МҮОНТ-ийн сайтад нь олон нийтэд ил байсан. Тэр дагуу хариултуудыг ярилцаж, мөрийн хөтөлбөртэйгээ уялдуулж бэлдсэн. Гуравт, мэтгэлцээний бэлтгэл нэлээд нухацтай явагдсан. Түүн дээр тэр нэг үл таних эмэгтэй хүний хоолойгоор эвлүүлэг нааж ард түмнийг цагаан цаас мэтээр ярьж маазарсан тийм зүйл болоогүй. Би одоо ч гайхаж л байна.Тэнд байгаагүй, танихгүй эмэгтэй хүний хоолойгоор олон нийтийн дургүйцлийг төрүүлэхүйц агуулгатай маазарсан өгүүлбэр дунд нь эвлүүлгээр оруулж, маш том гэмт хэрэг мэтээр харлуулах гэж зүтгэсэн. Гэтэл тийм зүйл болоогүй гэдгийг тайлбарлаж ойлгуулахгүй байсаар байгаад сонгуулийг дуусгалаа л штабын удирдлагууд. За тэгээд бичлэгийг өрсөлдөгч хүчинд аваачиж өгсөн хүний өөрийн нөхөд тэнд хэн хэн байсан, юу ярьцгаасныг өөрсдөө мэдэж байгаа тул энд нэмэлт тайлбар ч юу байхав дээ.Ер нь тэгээд МҮОНТ-ийн онгойлгоход түвэгтэй тэр асуулгын хайрцаг, хөтлөгч нарын хэт нуршуу тайлбар гээд цаг барсан үзэгчдээс шүүмжлэл дагуулсан асуудлууд дээрээ бүгд л анхаарах шаардлагатай байгааг мэдэрсэн байх аа. Цаашдаа бид мэтгэлцээнийг бодит утгаар нь мэтгэлцэж хийдэг болгох, илүү бодлогын юм ярьдаг, асуудал шийдэл ярьж мэтгэлцдэг болгоход анхаарах хэрэгтэй байгааг, багшаас сугалсан билетэд хариулж дүн авдаг оюутан шиг маягаар явагддаг хуучин хэлбэрээс татгалзах шаардлагатай байна гэдгийг бүгдээрээ харлаа.

-Таныг бараг намынхаа даргын төлөө өрсөлдөх гэж байгаа нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэх юм. Ингэснээрээ Засгийн газарт орж ажиллахаар зүтгэж байгаа гэж мэдээлэл гараад байсан даа?

-Тийм зүйл байхгүй дээ.Миний мэдэхийн Намын хурал хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Тийм албан ёсны шийдвэр гараагүй гэж ойлгож байгаа, мэдээж хуралдах л байх. Намын даргын ажлыг нам хамт олон хурлаараа хэрхэн дүгнэхийг хэлж мэдэхгүй байна, нэг дүн тавьж л таарах биз. Үнэхээр хариуцлага яриад өөрчлөх солихдоо туллаа гэхэд Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн бүх гишүүд хамтын хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар манай нам нэгдсэн бодлоготой нам. Хэн нэгэн хүн дураараа дарга болчихдог, нэг нь больчихдог юм өмнө нь харагддаггүй л байсан шүү дээ. Одоо л өөр болчихоогүй бол. Тэгэхээр энэ асуудал хэвлэлийн хуудсан дээр биш нам дотроо удирдлагуудын түвшинд, энэ намыг аваад явчих мэдлэг, чадвар, туршлагатай олон хүмүүсийн дунд эхэлж яригдаж таарах биз. Энэ намд маш олон чадварлаг удирдагч нар бий. Цайраад ирж байгаа бороог тойроод гарч болдоггүйтэй адил намын шинэчлэлийн асуудал бол зайлшгүй боллоо гэж харж байна. Хэдийгээр энэ зуны дэлгэр цаг, амралтын үе ч гэсэн миний л хувьд маш их уншиж байна. Бид хаачих гээд байгаа юм, манай нам, ер нь Монголчууд маань юунд ямар замаар хүрэх гэж зорьж байгаа юм. Юун дээр алдаад байгааг, нэн тэргүүнд юуг эхлүүлэх шаардлагатай болсныг бодож тунгааж л байна. Ямартай ч манай намд үзэл баримтлалын, зорилго чиглэлийн, бүтэц зохион байгуулалтын гэхээсээ илүүтэйгээр ажлын арга барил, үйл ажиллагааны, аливаад хандах хандлагын өөрчлөлт буюу нэг үгээр сэтгэлгээний өөрчлөлт нэн даруй хэрэгтэй болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат тамирчин Гансүхийн Доржийнд өнжлөө

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан бодибилдингийн багш, дасгалжуулагч Гансүхийн доржийнхоос энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Г.дорж нь “арнольд классик” тэмцээний алт, Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медальт, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, аварга, Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилттай нэгэн билээ. Түүний гэргий Б.Оюунгэрэл ч мөн адил фитнессийн бикини төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бүсгүй юм. Б.Оюунгэрэлийн хувьд баяр наадмынхаа өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан билээ.

Бид эхлээд тэдний бэлтгэлээ хийхийн сацуу, ахлах дасгалжуулагчаар ажилладаг “Golds” жим дээр уулзахаар тохиролцсон юм. Биднийг очиход хэдий өдрийн цаг боловч бэлтгэл хийх хүн цөөнгүй байлаа. Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг эрэлхийлэгч эрч хүчтэй залуус энд цугларчээ. Гавьяат маань ч залууст туршлагаасаа харамгүй хуваалцан зогсоно. Зааж зөвлөхийн хажуугаар бэлтгэл сургуулилтаа ч хийж амжуулах аж. Тэрээр гэргийн хамт амьдралынхаа ихэнх цагийг энэ танхимд эрүүл мэнд, бие бялдартаа анхаарч өөрийгөө өөрчлөх гэсэн хэн бүхэнд зориулдаг. Гавьяат тамирчин доржийн хувьд бодибилдингийн спортоор хичээллээд 18 жилийг ардаа орхижээ. Мэдээж чамлахааргүй хугацаа. Түүнтэй хамт бодибилдингийн спорт ч өсөн, дэвжсээр өнөөдрийг хүрсэн. Басхүү тэрээр энэ урт хугацаанд өмнөө тулгарах даваа, нугачаа бүхнийг сөрөн туулсаар өдийг хүрсэн нь дамжиггүй.

Тэдний өнөөдрийн бэлтгэл дуусч, бид спортын тухай яриа дэлгэсэн юм. Зуны дэлгэр цагт амралт зугаалга гэхээс илүү бэлтгэл сургуулилтаа таслахгүй, тогтмол хийж, формоо алдахгүй байхыг үздэг хэмээн хэлж байлаа. Тэрээр энэ жил амжилт бүтээл, олз омгоор дүүрэн буй. Шинэхэн гавьяатын хувьд энэ онд бодибилдинг, фитнессийн хамгийн том тэмцээн болох “классик” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн Бүх аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж түүхэн амжилтыг үзүүлээд буй юм. Тиймдээ ч бодибилдингийн спортын нэгэн шинэ хуудсыг нээсэн түүний энэхүү амжилтыг төр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон юм. Г.дорж “Хорь шахам жил энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь төр ийнхүү үнэлсэнд үнэхээр их баярласан. Баяр наадмынхаа босгон дээр ханьтайгаа хамт энгэрээ цоолсон сайхан үйл явдал боллоо. аав ээж, ахан дүүс нутаг усныхан, манай гэр бүлийг өнөөдрийг хүртэл дэмжиж, тусалж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж байна.

Мөн тэднийхээ ачийг бага ч гэсэн хариулсан болов уу хэмээн найдаж байна даа. Ер нь энэ жил миний хувьд одтой сайхан жил байлаа. “арнольд классик” тэмцээнд оролцож түрүүлэн Шварцнеггерийн гараас шагналаа авлаа. Бодибилдингийн спортыг сонирхож эхэлсэн тэр үеэс хойш арнольдийн тоглосон кино, сэтгүүл дээрх зураг зэргийг шимтэн үзэж, түүн шиг болохыг мөрөөддөг байлаа. Энэхүү тэмцээнд түрүүлснээрээ улс орныхоо нэрийг гаргаад зогсохгүй багынхаа мөрөөдлийг биелүүлсэн шүү” гэв. Г.Доржийн хувьд багын л спортод дур, сонирхолтой нэгэн байж. Түүний хувьд самбо, чөлөөт бөхөөр барилддаг. Аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж ч байсан удаатай аж. Гэсэн хэдий ч бөхийн спортоо орхин бодибилдингээр тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухай тэрээр “Би анх самбо, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Хүч тэнхээ нэмэхийн тулд штанг өргөх гэх зэрэг дасгалуудыг тогтмол хийдэг байлаа. Ингээд л нэг мэдэхэд бөхийн төрөл гэхээсээ илүү бодибилдингийн спортод дур сонирхолтой болж эхэлсэн. Дунд сургуулиа ч төгслөө. 2000 онд “Аварга” биеийн тамирын сургууль нээгдэж, анхны элсэгч нь болсон юм. Өнөөх хүсэл сонирхлыг минь булаасан бодибилдингийн багш, дасгалжуулагч гэх мэргэжлээрээ шүү дээ” гэлээ.

Оюутан болсноосоо хойш тасралтгүй бэлтгэл хийсэн хэдий ч бодибилдингийн төрлөөр хүссэн амжилтаа гаргаж чадахгүй байсаар л байж. Тухайн үед улсын аварга шалгаруулах тэмцээн, “Ирээдүйн мистер” зэрэг томоохон тэмцээнүүд болно. Харин “Ирээдүйн мистер” тэмцээндээ шилдэг зургаад шалгарсан тохиолдолд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх нь нээгддэг байсан аж. Гэсэн ч тэрээр “Ирээдүйн мистер” тэмцээнийхээ шилдэгт шалгарч чадалгүй гурван ч жилийг ардаа орхижээ. Энэ тухай тэрээр ярихдаа “Шантраад орхичиж болохоор хугацаа өнгөрсөн л дөө. Гэхдээ эр хүн учраас эцсийг нь үзнэ дээ гэсэн хор шар байсан. Тиймээс шантарч, цуцалгүй бэлтгэлээ үргэлжлүүлсээр л байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл нэг ч удаа бэлтгэлээ тасалж байсангүй” хэмээн итгэл төгс хариулсан юм.
Ингээд 2003 оны “Ирээдүйн мистер” тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэн, улмаар Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож түрүүлж байжээ. Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзсэн тэрээр ёстой л магнайгаа хагартал баярласан хэмээн дурссан. Түүний хувьд урам зориг өгсөн энэ тэмцээнээсээ хойш эргэлт буцалтгүй бодибилдингээр хичээллэж, улам туршлагажин, томоохон тэмцээн уралдаануудад амжилт үзүүлсээр ирсэн нь энэ юм.
Тэрээр их сургуулиа төгсөөд тухайн үеийн бодибилдингийн хамгийн том клуб болох “Тайхар” клубт багшилж эхэлжээ. Түүнийг “Аварга” дээд сургуулийн багш, Монголын анхны мистер Батсуурь өөрийн “Тайхар” клубдээ авснаар ийнхүү ажлын гараагаа эхэлсэн байна. Түүний анхны шавь нар нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд, “Номин талст” хамтлагийн Батсүх, Хаянхярваа, мөн улсын цолтой бөхчүүд гээд салбар салбарын алдартнууд аж. Мөн түүний одоогийн багшилж буй тус клубт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй олон алдартнууд ирдэг байна.
Бид ийн спорт, амжилт бүтээлийн тухай ярилцсаар тэдний “Их Монгол” хороолол дахь гэрт ирлээ. Тэднийг тив, дэлхийн тэмцээнүүдэд манлайлсныг илчлэх, цом, өргөмжлөл, медалиуд ярайж байх юм. Жил гаруйн өмнө Г.Доржийнх бүл нэмж удам залгах хүүтэй болжээ. “Бид хоёр үргэлж завгүй байдаг учир хүүг минь миний ээж хардаг юм. Хэдий амжилт бүтээл дүүрэн явах сайхан ч үр хүүхэд, гэр бүлдээ цаг зав гаргах чухал ч ажил маань ард үлддэг. Ямартай ч энэ бүхэнд аав, ээж, хань минь л хамгийн их ойлгож, тусалж дэмждэг дээ” хэмээн гэрийн эзэгтэй Б.Оюунгэрэл хүүгээ өхөөрдөн эрхлүүлэх нь жаргалтай харагдана.

2000-аад оны эхэн үед бодибилдинг, фитнесс төдийлөн хөгжөөгүй байсан үе. Цөөн тооны эрчүүд л сонгон хичээллэж тэмцээн уралдаанд оролцоно. Эмэгтэйчүүд хичээллэх нь бүр ч бага байжээ. Харин сүүлийн хэдэн жил бодибилдинг, фитнессийн спорт эрчимтэй хөгжиж, түүнийг даган эрүүл мэнд, бие бялдартаа анхаарах залуусын тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ. Мөн тэмцээн уралдааны төрөл ч нэмэгдсээр байгаа аж. Тэр дундаа шинээр нэмэгдсэн фитнессийн бикини төрлийг сонгон хичээллэгчид олширчээ. Зөвхөн Монголд төдийгүй, дэлхийд ч тэр энэ төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд маш их байдаг гэнэ. Бикини төрөл нь хэт булчинлаг болгох гэхээсээ илүү эмэгтэй хүний гоо сайхан, спортлог биеийг харуулдаг гэдгээрээ онцлог аж. Монголд энэ төрлөөр сонирхон хичээллэдэг бүсгүйчүүд цөөнгүйгээс гадна дэлхийд данслагдах амжилттай тамирчид ч байдаг билээ. Түүний нэг нь Б.Оюунгэрэл юм. Тэрээр амаржчихаад зургаан сарын дараа эргэн бэлтгэлдээ орж Улсын аваргаас алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн дайчин эмэгтэй билээ. Тэрээр “Би анх жирэмсэн болоод л илүүдэл жинтэй нүүр тулгарч байлаа. Хүн таргалахаараа өөртөө итгэлгүй болж, жижиг зүйлд ч уурлаж, унтууцдаг юм билээ. Харин эргээд бэлтгэлдээ орж, илүүдэл жингээ хаясан. Илүүдэл жингээ хаяхыг хүсэж байгаа хүний хамгийн чухал зэвсэг нь сэтгэл зүй байдаг. Унаган махтай, эсвэл маш их илүүдэл жинтэй байлаа ч хүний бие өөрчлөгддөг. Гэхдээ тууштай хичээллэж чадвал” хэмээсэн.
Сонирхуулахад, эмэгтэй бодибилдингийн төрөл олон улсын чанартай томоохон тэмцээнүүдээс хасагдаж байгаа аж. Бүсгүй хүний эмэгтэйлэг байдал, гоо сайхан чанарыг алдагдуулж, хэт эрэгтэйлэг болгож байна гэсэн шүүмжлэл багагүй дагуулах болсон тул ийм шийдвэр гарчээ. Г.Доржийн хувьд ч энэ төрлийг төдийлөн таашаадаггүй, эмэгтэй хүний гоо үзэмжийг хэт эвдсэн төрөл хэмээн үздэг талаараа хэлж байлаа. Монголд ч энэ төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүд байдаггүй, харин бусад төрлүүд нь эрчимтэй хөгжиж байгаа юм байна.
Бид цай унд уунгаа шинэхэн гавьяатын нутаг усны тухай яриа өрнүүллээ. Тэрээр дуу хуурын өлгий Дундговь аймгийнн Мандалговь хотынх бол гэргий Б.Оюунгэрэл Архангай аймгийнх юм байна. Дундговь аймгаас урлаг, соёлын зүтгэлтэн, дуучид олонтаа. Харин тамирчид тун ч цөөхөн гэсэн. Доржийн хувьд ч гэр бүлээсээ ганцаараа спортын хүн аж. Аав Т.Гансүх нь төрийн албанд ажилладаг бол ээж Д.Шура нь холбооны инженер хийдэг байжээ. Тэрээр эхээс наймуулаа. Ах, эгч нь бүгд эрдэм номын мөр хөөж, дэлхийн шилдэг эрдэмтэн болсон нь ч бий гэсэн.
Харин тэднийг хэрхэн танилцсан талаар сонирхоход Б.Оюунгэрэл “Би 2008 онд “Тайхар клуб”-т фитнессээр хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед миний хань багшилдаг байсан юм. Анх багш, шавь байж байгаад л сүүлдээ нэг нэгэндээ дассан л даа. Манай хүн намайг анх найзууддаа, өөрийнхөө дүү гээд хэлчихсэн байж билээ. Би түүнийг нь мэдэхгүй, найзууд нь ирээд л “Нээрээ та хоёр адилхан юм байна” гэхээр нь их гайхдаг байсан. Багш нь байж шавьтайгаа үерхлээ гэх болов уу гэж л хүмүүсээс эмээсэн бололтой байгаа юм. Найзууд нь сүүлдээ мэдчихээд манай хүнийг “Муур багш” гээд хочилчихсон байсан шүү” гэсэн юм. Б.Оюунгэрэлийн хувьд анх танилцаж байх үедээ энэ спортын тухай сайн мэддэгүй байсан учир Г.Доржийг буруугаар ойлгох үе ч байсан гэнэ. “Миний хувьд анхандаа бодибилдингийн спортын амин сүнс нь хооллолт гэдгийг сайн мэддэггүй байлаа. Тухайн үед Доржоотой хамт хоолонд орох үед надад хоол авч өгчихөөд, өөрөө цүнхнээсээ бэлдсэн хоолоо гаргаж ирээд иднэ. Эхэндээ их хачирхалтай санагдаад л, сонин хүн бэ ч гэж бодох үе байсан. “Мандах” бүртгэл дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр сурдаг миний хувьд тамирчны амьдрал тэс өөр орчин байх нь аргагүй байх л даа. Сүүлдээ ханьтайгаа тэмцээн уралдаанд хамт яваад, энэ спортыг ойлгож эхэлсэн л дээ. Эрчимтэй хичээллэж, хичээлийнхээ хажуугаар тэмцээн уралдаанд ч оролцоод явдаг байлаа” хэмээн гэрийн эзэгтэй дурссан. Тэд анх танилцаж байсан үеэ дурсаад, яг л тэр үедээ очсон мэт тун аз жаргалтай харагдсан.
Тэдний хувьд дээр дурдсанчлан зуны дэлгэр цаг хэмээн тайвшралгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр л байдаг гэнэ. Учир нь тэд бэлтгэлээ бүтэн жилээр нь төлөвлөдөг байна. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийхээс гадна тэмцээн уралдаан ойртсон үед өдөрт хоёр удаагийн бэлтгэлтэй байдаг аж. Г.Дорж “Тэмцээний бэлтгэлд орчихсон үедээ өглөө, орой хоёр, хоёр цагийн бэлтгэл хийнэ. Өдөрт нэг удаа заавал унтах ёстой. Мөн гурван цагийн зайтай, маш нарийн дэглэмээр хооллодог. Уураг, нүүрс усаа тооцож, хоолоо граммлаж иднэ. Үүний зэрэгцээ өдөр тутам булчин, авч байгаа ачаалал, хоол унд зэргээ хянадаг. Мөн нэмэлт уураг, витамин хэрэглэдэг. Ингэж байж бэлтгэлийн тэр хүнд ачааллыг даана л даа. Ер нь бодибилдинг, фитнесс нь хүнээс маш их сахилга бат шаарддаг спорт. Түүнээс ямар ч бэлтгэлийн системгүй, хоол, нойр муутай байж өндөр ачаалалтай бэлтгэл хийгээд байж болохгүй.
Мөн уураг бэлдмэлийн тухайд манайхан буруу ойлголттой явах нь бий. Ер нь тамирчин хүнд нэмэлт уураг зайлшгүй шаардлагатай байдаг. Тэр дундаа бодибилдингийн тамирчин хүний уургын хэрэглээ энгийн хүнийхтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Гэхдээ уураг бидэнд хэрэгтэй гээд замбараагүй хэрэглээд байж болохгүй. Бэлтгэлээс хойш 30 минутын дараа булчин уураг шаардаж эхэлдэг юм. Энэ үед нь л уурагаа нөхөж чадвал булчин хөгжих, сэргэх үйл ажиллагаа нь сайн явагдана гэсэн үг. Тэгэхээр бэлэн зарагддаг уурагнууд маань энэ үүргийг сайн гүйцэтгэдэг. Харин хүний элгэнд өөрчлөлт оруулдаг зэрэг нь ташаа ойлголт гэж хэлнэ. Би уургийг бараг 20-иод жил хэрэглэж байна. Миний элгэнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Мөн илүүдэл жингээсээ салах, эрүүл амьдрахыг хүсдэг хэн бүхэн фитнесс клубуудыг зорих болжээ. Энэ нь сайшаамаар хэдий ч жингээ зөв хаях нь маш чухал. Турж байна гээд л хоолоо идэхгүй хэдэн цагаар бэлтгэл хийгээд байвал харин ч хүний биед сөрөг нөлөөтэй. Машиндаа бензин хийхгүй зүтгүүлээд байгаатай л агаар нэг. Хэдий жин хаясан байж болох ч булчингаа алдаад ч байж болох шүү дээ. Булчингаа биш өөхөө хасаж байж л турна, эрүүлжинэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байна. Тиймээс зөв хооллох, дасгал сургуулилт хийх мэдлэгтэй байх шаардлагатай” гэлээ.
Ямартай ч залууст үлгэр жишээ болсон энэ гэр бүлтэй ярилцан суухад аз жаргал, амжилт бүтээл, залуу насны эрч хүч асгарч байлаа. Магадгүй нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд цогцлоосон амьдрал утга учиртай, амттай байдаг биз ээ.
Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа

Холбоотой Зураг

Саяхны нэг өдөр “Хүннү молл” орох санаатай гэрээсээ гарлаа. Жирийн өдөр сүнгэнээд хүрчихдэг газар хоёр, гурван цаг түгжрэл үүсч хамаг ажил алдуулж орхив. Тэр хавийн дэлгүүрүүд огцом хямдрал зарлаж дээ гэсэн шүү юм бодож явтал эсрэгээрээ явдал болдог байгаа. Замын тэмдэглэгээ хийж байгаа хэсэг нөхөд хоёр урсгалтай замыг нэг чигийн болгож хаагаад зохиомол түгжрээ үүсгэчихэж. Иргэдийн цаг зав, ажил албыг барж өдрөөр хийхийн оронд шөнөөр, хөл хөдөлгөөн багассан хойно хийчихэж болдоггүй юм уу гэж шүүмжиллээ. Тоож байгаа ч юм алга. Зам дээр ажиллаж байгаа нэг залуу “Дуугүй урагшил, ажлаа хийж байна” хэмээн хайнгадуу хэлээд цааш алхсан даа. Нийтээрээ ашигладаг зам дээр ажлын цагаар түгжрээ үүсгэж иргэдийн цагаас арав хорин минутаар биш бүхэл бүтэн хоёр, гурван цагаар хумсалчихаад ингэж аягладаг хандлага соёлжсон, хөгжсөн, ардчилсан оронд гайхмаар үзэгдэл. Нийтийн, олны эрх ашиг хөндөгдөхөөр ажилд болгоомжтой ханддаг нь ардчилал хөгжсөн ямар ч оронд нийтлэг жишиг л дээ. Японд гэхэд зам засч байгаа бол ажил өрнөж буй хэсэгт тэмдэглэгээ хийж, туг дохио барьсан хүн зогсоож зохицуулж харагддаг. Өнөө хүн нь замаар зорчиж буй бүгдэд хүрч, мэхийж хүндэтгэн үйлчлэхээр тэнд бухимдал, түгжрээ гэсэн зовлон гардаггүй. Мэдээж ид ажлын цагаар биш, ажлын бус цагаар энэ мэтээ зохицуулдаг. Гэтэл манайд гэгээн цагаан өдрөөр, ид ажлын цагаар хамаг хугацааг нь авчихаад үл тоож, дээрэлхэнгүй хандсан шигээ аж төрцгөөж байна. Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа гэж хэлмээр жишээ ганц энэ тохиолдлоор тогтохгүй.

Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллах үед арай сайжраад одоо буцаад суларч байгаа нэг салбар бол хот тохижилт үйлчилгээнийхэн. Ид ажлын цагаар замын хогийн шороо тоос бужигнуулан шүүрдэх нь иргэдээ үл тоосон улсын л гаргах хандлага. Тохижилт үйлчилгээний ажилчид ташраараа биш ч цөөн зарим нь яг ийм хандлага гаргадаг. Ид ажлын цагаар гадуур алхаж яваад шороо тоосонд даруулахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ нийслэлчүүд явах замд нь тоос манарган гудамж зам шүүрдэж яваа ажилтан таарвал яах ч аргагүй хэлмэгдсэн хэвээр амьдарцгааж байна. Яг ийм агшинд түргэн гэгч нь гүйж гарахаас өөр аврал байхгүй болохоор их удаж жигтэйхэн хурдан алхан өнгөрч яваа харагддаг. Өнгөц харахад инээдэмтэй ч эмзэглэмээр дүр төрх.
Замын цагдаагийнхан байна. Иргэдээ хүн чинээ тоодоггүй хандлага тэднээс анзаарагддаг. Улаан, ногоон гэрлээр аятайхан зорчиж болохоор байхад нэг нөхөр гарч ирээд дохиод зогсчихно. Түгжрээ их, осол аваар гарсан гээд цагдаа заавал зохицуулах тохиолдол байна л даа. Тийм тохиолдолд тэгэхээс аргагүй. Гэтэл тийм биш атал дохиж зогсоод хамаг цаг авдаг жишээ хотын аль ч зам дээр өдөр бүр гардаг. “Монгол цагаар” гэж хэнэггүйрхэн ярьдаг үе нэгэнт ард үлдчихсэн, ажил хэрэгч үе түрээд гараад ирчихсэн, “цаг бол алт” гэдэг үг амьдралын хэв маяг болчихсон орчин цагийн нийслэлчүүдэд замын цагдаагийнхны энэ зохицуулалт хэрээс хэтэрсэн үйлдэл шиг санагддаг.
“Улаан, ногоон гэрлийг удирддаг улс байна цаана чинь. Манай найзын ах замын цагдаад ажилладаг юм. Тэр замаар явж байна, зорьсон газартаа яаралтай хүрмээр байна гэхэд дотны хүмүүстээ зориулаад гэрлэн дохиог нь зохицуулаад өгчихдөг. Үнэн баавар байгаа биз” гэсэн танилын яриа өнөө ч санаанаас гардаггүй юм. Түмэн олон зорчиж байгаа замын гэрлэн дохиог ганцхан хүнд зориулж удирддаг үгүй мөн бөх зүрх ээ. Нийтийн эрх ашиг гэдэг ямар чухал, хэчнээн эрхэм болохыг бидэнд үйлчилж байгаа нөхдөд суулгаж өгөөгүй учраас иймэрхүү жишээг нийслэлийн хаанаас л бол хаанаас харчихаж болно.
Төрийн алба руу өнгийвөл бүр хэцүү дүр зураг харагддаг. Танил талгүй л бол ажил бүтээхэд цаг их авдаг, танилтайгаа утсаар ярьж байгаа төрийн албан хаагчид хачин хүндэтгэлтэй хандаж хамаг сониноо ярьж дуустал нь хүлээдэг гэж ирээд яривал зовлон их. Уурыг нь хүргэчихвэл ямар нэг шалтаг хэлээд гаргах учраас тэвчээр заахаас аргагүйд хүрдэгийг төрийн албаны хаалга үүд сахиж үзсэн хэн ч хүлээн зөвшөөрнө. Газар энэ тэр гээд өөрт хэрэгтэй ажлаа хөөцөлдөхөөр авлигагүй бол бүтэхгүй гэдгийг ч цөмөөрөө ойлгочихсон. Мөнгөтэй, танилтай биш бол газар хөөцөлдөх хэцүү гэдэгт цугаараа толгой дохичихсон. Төрийн албаар үйлчлүүлэх бол цагаа алдана, мөнгөтэй танилтай байх ёстой гэдгийг иргэд нь сэтгэл зүрхэндээ гүн батаар хүлээн зөвшөөрсөн улс манайхаас өөр байдаг болов уу. Ардчилал, хүний эрхийг дээдлэхээ Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрчихсөн улсад бол гойд хачин хандлага.
Бороо орохоор хаа сайгүй шалбааг үүсч нийслэлчүүд уртын харайлтын тамирчид болцгоодог. Анхнаас нь зам барихдаа ус зайлуулах шуудуу хийгээгүй болохоор мянга яриад засагдахгүй зовлон л доо. Тэгэхээр энэ зовлонг алгасаад шийдэж болохоор бас нэг асуудлыг сөхье. Машинууд зөрж өнгөрөхдөө ус татуулан давхицгаадаг нь нийслэлчүүдийн бас нэг бэрхшээл гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон. Нийтийн эрх ашгийг хүндэлдэггүй хотод л байдаг үзэгдлийн нэг. Ингэж төрхгүйтсэн жолооч нарыг шийтгэх уг нь их амархан. Хотоос журам гаргаад шийдчих асуудал.
Төрийн соёрхолт Н.Жанцанноровтой ярилцаж суухад “Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардаг болтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ” гэж хэлж байсан юм. Хоёр гараа өргөөд дэмжмээр санаачилга. Хотоос журам гаргаад шалбааг цацсан жолооч нарыг торгоод эхлэх хэрэгтэй. Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг зөөж хашаанд аваачаад эздээс нь 50 мянган төгрөг авдаг шигээ энэ хавьцааны мөнгийг хураагаад эхлэхэд л жолооч нар цэгцрээд эхэлнэ. Нэг үеэ бодвол замын камер олширсон өдий цагт ингэж төрхгүйтсэн жолооч нарыг баримтжуулаад шийтгэх шиг амархан юм байхгүй. Машинаа ачуулсан иргэд “Зогсоолоо анхнаасаа шийдээгүй байж өчнөөн мөнгөөр торголоо” гэж хэл ам үүсгэдэг бол энэ тохиолдолд хэн ч хэл үг үүсгэхгүй.
Иргэдээ аятайхан орчинд эвтэйхэн амьдруулах гэж байгаа санаа бүрийг харин ч талархан хүлээн авна. Нэгд хотын төсөвт нэмэртэй, хоёрт иргэдээсээ оноо авах сайн талтай. Замын цагдаагийн газраас ус цацсан жолоочийг торгох арга хэмжээ бол авдаг юм билээ. Гэхдээ энэ шийтгэл нийтийг хамарч чаддаггүй гэм бий. Хотоос ажил болгоод явбал хотын даргын иргэдэд гоё харагдах бас нэг орон зай мөнөөсөө мөн. Австралид гэхэд алхам бүр торгууль байдаг. Гарцаар гараагүй бол, гэрлэн дохио зөрчиж машинтай зорчсон бол, олон нийтийн газар авиргүй аашилсан бол гээд олны тав тух, орон зайд халдсан үйлдэл бүр мөнгөн торгуультай.Торгууль нь зүгээр нэг тав, арван доллар биш. Хоёр гурван зуун доллараар яригддаг, төлөхгүй удах хэрээр алданги тооцдог, бүр төлөхгүй бол шүүхэд өгчихдөг учраас тэнд зөрчил гаргадаг хүн ховор. Түүнээс биш Австрали хүн соёлжсон иргэншсэн, гоё улсын иргэн болохоороо ухамсартай загнадаг гэж ухвал өрөөсгөл хэрэг болно. Халаастай нь хатуу ярьдаг улсад соёлтой аятайхан орчин бүрддэгийг дэлхийн аль ч хотоос харж болно. Манайд ч ялгаагүй, олдог хэдтэй нь яриад, торгууль мөнгөө ягштал авдаг тогтолцоо бүрдүүлчихвэл Улаанбаатар Брисбэн, Сидней шиг тайван, соёлтой хот болох боломж бий.
Нийслэлд үйлчилгээ явуулдаг үйлчилгээний газрын ажилчдын харилцаа гэж том юм байна. Иргэдээс үйлчилгээний газартай холбоотой гомдол саналыг ийм тийм утсанд өгөөрэй гээд хотоос зарлачихад мөн л аятайхан ажил болно. Үйлчилгээний нэг шалгуур, үүрэгт нь оруулаад өгчихөд болохгүй юмгүй. Үйлчлүүлэгчдээс удаа дараа гомдол ирж байгаа газруудын зөвшөөрөлтэй ярина гэчихэд л цэгцрээд ирэх асуудал. Энэ мэт иргэд рүүгээ хандсан, аятай тохитой орчныг бүрдүүлсэн шийдвэр гаргаад байхад хэн ч эсэргүүцэж шүүмжлэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

​Л.Насанбат: Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуулах эгшиг олсон

Зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ын зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний охин УГЗ, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Л.Насанбаттай ярилцсанаа хүргэе.


-Таны аав Монголын утга зохиол, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан, шилдэг сэхээтнүүдийн нэг. Ээж тань ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай. Ийм сайхан аав ээжийн охин болж төрнө гэдэг ховор тавилан шүү?

– Би жирийн нэг Л.Насанбат биш. Намайг Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хүүхэд гэдэг тодотгол үргэлж дагаж явсан. Тийм болохоор аав ээжээрээ бахархаж омогшихоос илүүтэй, тэднийхээ нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явна гэдэг том хариуцлага үүрч амьдарлаа. Ээж минь зуун жил амьдрахгүй ч, мянган жил дурсагдах нэрээ хайрлаж яваарай гэж захидаг байсан.

-Охин хүүхэд аавтайгаа амь нэгтэй байдаг гэлцдэг. Та аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн жаргалтай мөчөө дурсаач?

-Аав минь гурван охиныхоо ирээдүйд санаа тавьж, эрдмийн мөр хөөлгөсөн нь охидоо гэсэн хайрынх нь илрэл байж дээ гэж боддог. Эгч, дүү бид гурав гурвуулаа Москвад суралцаж, мэргэжил боловсролтой болсон. Харин хамгийн бага эрэгтэй дүү Л.Галбадрах маань арван нас хүртлээ ааваас алхам ч холдохгүй дагаж явдаг байсан. Бага байхад аав бидэнтэй их тоглодог байжээ. Нуугдаж тоглоно, нуруун дээрээ үүрнэ, бид нар жүжиг тоглоно. Би хамгийн дүрсгүй нь байсан шиг санагддаг. Миний тависан жүжиг дуусахгүй дээ. Байрны хүүхдүүд “Ч.Лодойдамба гуай хэзээ ирэх бол” гээд л аавтай тоглох гэж, гурван дугуйтад нь суух гэж бүгдээрээ хүлээдэг байсан. Намайг сургуульд ороогүй байхад аав Москвад академид сурч байлаа. Тэр үед ээж бид хэд аавынхаа амьдардаг газарт, байранд нь очсон юм. Бид нар нэг жижигхэн өрөөнд шахцалдаад, чемодан саваа аваад орсон. Тэгэхэд надад “манай аав одоо ийм л жаахан гэрт амьдардаг юм байх даа. Яаж бид нар унтах юм бол оо” гэж бодогдсон. Гэтэл тэр нь лифт байсан юм билээ. Бас нэг өдөр эгч аягүй их баяртай “Тэнд үнэгүй жижигхэн кино гарч байна” гэсэн. Тэгсэн тэр нь зурагт байж. Аав талийгч эгчийг анх төрөхөд маш их баярлаж, угаасан даавууг нь орондоо хийж, хэвтэртээ дулаацуулж хуурайлдаг байсан гэдэг. Хожим эгчийг найман сартайдаа толь алдаж хагалахад миний охин том болж, чадалтай болж гэж учиргүй их баярласан гэж ээж ярьдаг байлаа.

-Та хэдэн настайдаа Москва руу сурахаар явсан юм бэ. Гэрээ их санадаг байсан уу?

-Би 11 настай байхдаа Москвагийн П.Чайковскийн нэрэмжит дунд сургуульд суралцахаар явж байлаа. Москвад очсон эхний жил гэртээ хариагүй. Дараа жилээс өвөл зундаа гэртээ ирдэг болсон. Аавыг албан томилолтоор Москвад ирэхэд их баярлана. Тэр үед обрушка их ховор эд байлаа. Аав эгч, дүү бид гуравт гоё гоё обрушка, платье авчирч өгнө. Нэг удаа аав ирээд буцах болоход нь би машинаас нь чаргууцалдаад уйлчихсан. Аав “За, миний хүү хэрэггүй ээ” гэсэн. Аав намайг дандаа миний хүү гэж дуудна. Аавыг гэртээ ирэхэд нь ээж “Хоёр охин нь сайн байна уу” гэж асуухад аав минь “Сайн” гэж хэлээд зөндөө уйлсан гэдэг. Аав минь бүгдийг багтааж чаддаг уудам дотортой эр хүн байжээ. Аав бүхэн миний аав шиг байдаг бол хүүхэд бүр ямар жаргалтай байх бол гэж боддог шүү.

-Аав тань танд юу гэж захиж сургадаг байв?

– Би багадаа их ааш муутай хүүхэд байсан. Намайг Хөгжим бүжгийн сургуульд сурч байхад хичээлийг минь давтуулна. Орос багш хичээл ордог, Зангад багш орчуулдаг байсан юм. Аав надад багшийнхаа хичээлийг шууд орос дээр нь цээжилчих гэж хэлсэн. Тэгээд би багшдаа шууд оросоор нь уншиж өгөөд онц авч байлаа. Аав Чайковскийн нэгдүгээр конкурсэд нэг, хоёрдугаар байрт орсон Америк, Хятад хоёр хүний пянзыг 1978 онд бэлэглэж байсан юм. Одоо ч надад хадгалагдаж байгаа. Тэгэхэд би хөгжимчин болох байтугай, хөгжимчин болох үнэр ч гараагүй байж дээ.

Харин Москвад сурч байхдаа аав ээжтэйгээ захидлаар харилцана. Аав захиандаа үргэлж л “Хөгжмөө давт, сайн давтаарай” гэж захидаг байсан. Би тэр үед өөрийгөө хөгжмөө бага давтдаг байсан юм болов уу гэж хааяа боддог. Гэхдээ л тэр үед хөтөлж байсан тэмдэглэлээ үзэхэд өдөрт хөгжмөө таван цаг давтдаг байсан байгаа юм. Аав “Тунгалаг тамир” романыхаа шагналын мөнгөөр надад төгөлдөр хуур авч өгч байлаа.

-Аав ээж хоёрынхоо анх танилцаж байсан, айл гэр болж гал голомтоо бадрааж байсан тэр үеийн сайхан дурсамжаас хуваалцаач?

-Энэ тухай ээжийн номонд их дэлгэрэнгүй байдаг шүү дээ. Хүмүүс мэдэх байх. Ээж аав хоёр минь Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургуульд хамт сурч байсан гэдэг. Тэр тухай ээж дурсахдаа, “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан юм. Гурвын нэгийн эрэгтэй хүүхдүүд манай ангийн охидод захиа бичиж, хожим том болсон хойноо айл гэр болъё гэж “гэрээ” байгуулдаг байв. Тэгэхэд Лодойдамба мөн хүүхдүүдийн адил “хоёулаа сургуулиа төгсөж том болоод гэр бүл болъё. Би чамд хайртай, гэрээ байгуулъя” гэсэн захиаг манай ангийн Пэлжээгээр дамжуулж надад өгч байсан юм” гэж ярьсан. Түүнээс хойш есөн жилийн дараа ерөөлөөр байгуулсан бага насны “гэрээ” нь ёсчлон биелсэн гэдэг. Аав минь ээжид зориулж хэд хэдэн шүлэг бичсэн байдаг. Тухайлбал, “Үнэн сэтгэл” шүлэгтээ:

Хүн бүхний шагшин шуугих чиний гуа чинь бус

Хүдэр эрийн онон мөрдөх чиний сайхан чинь бус

Энгийн байдал, эвлэг зан, эрс сэтгэл энэ бүхэн чинь

Үнэт эрдэнэ, ховорхон чанар гэж бичиж байжээ. Мөн “Гэрээслэл” хайрын тухай өгүүллэгтээ анх удаа “Сайхан хайр байдаг. Олбол алдаж болохгүй” гэж бичсэн шүү дээ.

Аав ээж хоёрын тухай Ардын жүжигчин А.Очирбат гуай “Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Тэгэхэд энэ хоёр бүх насаараа ханилсан” гэж хэлсэн байдаг.

-Ч.Лодойдамба гуай аавынхаа дурсгалд зориулж “Тунгалаг тамир” романаа бичиж, хөшөө босгосон гэдэг. Харин таныг ийм сайхан аавдаа зориулж бүтээл туурвисныг тэр бүр хүмүүс мэддэггүй шүү дээ?

-“Тэнгэр буурал аав” дуу бүтсэн түүх их сонин. Дууны шүлгийн мастер Л.Дагвадорж гуайн зээ охинд би багшилдаг байлаа. Нэг өдөр “өвөө өгч байна” гээд надад нэг дугтуйд хийсэн шүлэг өгсөн. Миний аав бурхан болоод 25 жил болж байсан үе л дээ. Тэр шүлгийг уншихад дотор маань “шүлэг амилж”, эгшиг болон дуугарч эхэлсэн. Бадаг бүр нь, дахилт бүр нь давтагдаагүй тэр шүлэгт миний аавдаа хэлэхийг хүссэн, сэтгэлд минь бугшсан тэр л үгс байсан болов уу.

Нутаг холдсон аав минь

Ирэхийн цагтай ч болоосой

Сайхан буурал аавыгаа

Санахын цаг нь урт байгаасай

Заяа нь урт уултайгаа

Заавал хамт байя даа

Тэнгэр буурал аавтайгаа

Тэнцүүлж дуулах эгшиг олъё доо гэдэг юм.

Хичээлээ дуусмагц бушуухан харьж, энэ тухай ээждээ хэлсэн. Ээж маань “Ийм мундаг хүн миний охиныг тоож шүлгээ өгсөн байна. Миний охин сайхан ая хийгээрэй” гэж хэлсэн.

Би арван хэдэн жил хөгжмийн сургуульд сурч мэдсэн бүхнээ “Тэнгэр буурал аав” дуунд гаргасан. МУГЖ Г.Эрдэнэбат анх дуулж, дараа нь поп маягийн болгоод Б.Сарантуяагаар дуулуулсан. Нэгдүгээр бадгийн оркестрийг дурсамж маягтай, хоёрдугаар бадаг нь модон үлээвэртэй жаахан хөнгөн, гуравдугаар бадаг нь бүх оркестр тоглодог том том акордуудтай. Уг нь минорын дуу боловч би төгсгөлийг нь мажороор төгсгөсөн. Өөртөө бол аавтайгаа тэнцэх эгшиг олчихлоо гэж тайлбарлаж байгаа нь энэ юм.

Би охиндоо “Ээж нь Б.Шаравын “Ээж аавдаа” дуу шиг дуу хийчихвэл “Харамсахгүй өөд болно” гэж хэлсэн. Охин маань “Та яасан муухай юм. Таны “Тэнгэр буурал аав” гоё ш дээ” гэж хэлсэн.

Мөн ээж, бид хоёрын “Эрдэнийн Тайшир уул” гэж дуу бий. Манай аав чинь Говь-Алтайн Тайширынх шүү дээ. Ээж маань,“Говь-Алтайд төлийн аян явах нь, чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө чадна гэж билээ. Ээж маань, “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, их сайхан аялгуутай хийгээрэй” гээд, өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний бараг анхны тэр дуу одоо радиогийн “Алтан фонд”-д бий. Тэр үед урлагийн холбооны дарга байсан Б.Зангад гуай дуулж амилуулж байлаа.

-Таныг аавтайгаа эцсийн удаа уулзаж чадалгүй бурханы оронд явуулсан гэж сонссон. Бас аавын тань нас барсан шалтгаан тодорхойгүй байдаг гэдэг?

-Түүнийг яриад яах вэ дээ. Гэхдээ учир битүүлэг гэмээр нас барсан. Яагаад гэвэл, зүв зүгээр хоёр хөл дээрээ явж байсан хүн гэнэт өвдөж 14 билүү, 21 хоноод бурханы оронд одсон. Би тэгэхэд хойно оюутан байсан.Ээжээс асуухаар, миний хүүхдүүд тэрийг яриад яах вэ гэдэг байсан. Аавын маань нас барсны гэрчилгээ ч Монгол Улсын архивт байдаггүй юм. Ээж минь өөд болоод арав гаруй жил болсон ч ээжийн тоглосон кино өдөр бүр шахуу зурагтаар гардаг. Тийм болохоор ээж минь миний дэргэд байгаа юм шиг л санагддаг. Харин аав хааяа нэг зурагтаар гарахад их сонин мэдрэмж төрдөг. Би дахин дахин ухрааж үзээд л суудаг.

-Ааваас тань та бүхэнд үлдсэн ямар үнэт зүйлс байдаг вэ?

-Аавын маань насаараа хураасан гурван ачааны машин дүүрэн ном бидэнд өвлөгдөн үлдсэн. Аавын зохиолууд ялангуяа “Тунгалаг тамир” романыг олон хэлээр хэвлэсэн. Мөн өвөөгийн эдэлж хэрэглэж байсан нэг хөөрөг бий. Энгийн л нэг шаазан хөөрөг боловч голомтыг нь залгамжилж үлдсэн дүүд минь өвлөж үлдсэн байдаг. Аав 16 мм-ийн хальсаар кино авдаг байсан. Түүнд ашигладаг байсан бүх зүйл бидэнд бий. Мэдээж зохиолынх нь гар бичмэлүүдийг хадгалдаг. Тэрэн шиг үнэтэй зүйл байхгүй. “Тунгалаг тамир”-ыг монгол бичгээр бичсэн гар бичмэл байгаа. Ойг тохиолдуулаад “Тунгалаг тамир” романыг хоёр ботиор хэвлүүлсэн. Нээлтийг ойн үеэр хийх байх.

-Олон сайхан бүтээл туурвиж бидэнд үлдээсэн эрдэмтэн зохиолчийн маань мэндэлсний ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Он гарснаас хойш өргөн хэмжээний ажил хийж эхэлсэн. Ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоолыг саяхан гаргаж, комисс байгууллаа. Аавын минь ойг тэмдэглэхэд төр, засаг ихэд анхаарч байгаад үр хүүхэд бид маш баяртай байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийнхан ойг тэмдэглэх ажилд өргөнөөр оролцохоор болсон. Ойг тэмдэглэх хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийнэ. Аав минь олон газарт багшилж, ажиллаж байсан хүн л дээ. Тэр дундаа соёл, урлагийн байгууллагыг дурдах нь зүйтэй. Ардын дуу бүжгийн чуулгыг аав байгуулсан гэдэг. Драмын театрын тайзан дээр жүжгүүдийг нь тавьж, зохиол бүтээл нь кино бүтээл болж гарсан. Их сургуульд философи, урлагийн гоо сайхны хичээл оюутнуудад заадаг байсан. Мөн Хөгжим бүжгийн коллежийг шинэ байранд ороход ч их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж хэлдэг.

-Ч.Лодойдамба гуайн хөшөөг бүтээхээр болсон гэсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ. Хүмүүст хэзээ танилцуулах бол?

-Говь-Алтай аймгийн Тайширт байсан хөшөөг Алтай сум руу нүүлгэсэн юм. Гэтэл Тайшир сумынхан хөшөөгөө буцааж авахаар болоход алтайчууд өөрсдөө хөшөө босгохоор хандив цуглуулсан юм билээ. Алтай хотын ууган сургууль нь аавын нэрэмжит учраас шинээр босгох хөшөөгөө өмнө нь байрлуулахаар болсон. Гэтэл Өвөрмонголоос аавын зохиол бүтээлийг бишрэн шүтэгчид энэ ажилд оролцохоо мэдэгдсэн юм. Тэд аавын хөшөөг Улаанбаатарт босгох санал дэвшүүлж, өөрсдөө зураг төслөө гаргаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгохоор боллоо. Аав минь хүүхдүүдтэй их ойр тоглож нааддаг хүн байсан. Тиймээс хөшөөнийх нь дэргэд хүүхдүүд байгаагаар хийхээр ярилцсан. Хөшөөг яг хэзээ танилцуулах нь одоогоор тодорхойгүй ч энэ жилдээ багтаагаад босгочихоосой гэж битүүхэндээ хүсч сууна.


Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газар зурган илэрцүүдАвлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Мөн эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлжээ. АТГ одоогоор 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд шүлхий өвчин гарч, мал амьтдыг гаргалаа

Нийслэлд  шүлхий өвчин гарч, мал амьтдыг гаргалааНийслэлийн СХД-т малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор тус дүүргийн нэгдүгээр хорооны 11 дүгээр хэсгийн долоон өрхийн 106 толгой үхрийг хүн амын нягтрал суурьшлын бүсээс шилжүүлжээ.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж.

Тэгвэл, малын гэх тодотголтой шүлхийн вирүс хүнд ч халдварладаг. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай. Хүний шүлхий харьцангуй ховор тохиолддог учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн талаарх баримт анагаах ухааны түүхэнд маш тодорхой тэмдэглэгдэн үлддэг аж. Ер нь хэвийн үйл ажиллагаатай хүн шүлхийгээр өвдвөл хүндрэх нь бага байдгаас гадна уг өвчин хүнээс хүнд дамжин халдварлахгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

​ Цэвэр сайхан орчин аянд 18974 иргэн, ААН оролцжээ

 Цэвэр сайхан орчин зурган илэрцүүд

БОАЖЯ-наас Хог
хаягдлын тухай хуулйн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 21 аймаг,
нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан. Тус аяны
хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа
дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах болон зам дагуу зөөврийн хогийн
сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр
нь ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулах зэрэг ажлуудыг
орон нутгийн удирдлагуудын зүгээс идэвхи санаачилга гарган өрнүүлсэн байна.
Аяны хүрээнд 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га
талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт
буулгажээ.

Categories
мэдээ нийгэм

​B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 71100 иргэн хамрагдаад байна

B, C вирусын илрүүлэг зурган илэрцүүд

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 40-65 насны 71 100 иргэн хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байна.

Хепатитийн В, С вирус нь элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог байна. Угилрүүлэг шинжилгээг өгөх хүсэлтэй 40-65 насныхан харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.Хэрэв хепатитийн С вирусийн халдвартай гарсан бол вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

​“Их дуулга”-д оролцсон сагсчид эх орныхоо нэрийг дуурсгав

“Их дуулга”-д оролцсон сагсчид эх орныхоо нэрийг дуурсгав‘Токио 2020’ олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн /FIBA 3×3 World Tour/ өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.07.29-30/ Японы Уцуномия хотноо боллоо. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцсоноос манай улсаас дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн “Ulaanbaatar Garuda” баг өрсөлдсөн юм.

Манай залуус ¼ тоглолтод Сербийн алдарт Novi Sad Al Wahda багт 18:11 онооны харьцаагаар хожигдлоо. Дэлхийн гурван удаагийн аварга, Европын аваргын алтан медальт энэхүү баг мэргэжлийн тэмцээнд Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тоглодог байна.

Манай сагсчид 3х3 төрлийн тэмцээнд оролцоод гурван сар болж байгаа бол “Их дуулга”-д оролцож байгаа багууд 13-15 тэмцээнд оролцсон туршлагатай багууд аж.

3х3 төрлийн энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд “UB Garuda” 8-д эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд дэлхийн 3 удаагийн аварга, өнгөрсөн жилийн “Их дуулга”-ын аварга Сербийн алдарт Novi Sad, Словений алдарт Ljubljana, Piran, Сербийн Zemun, Liman, Польшийн Krakow, ОХУ St Peterburg, Австралийн Auckland, Тайваны Hsinchu багууд өрсөлдлөө. Энэхүү “Их дуулга”-ын шагналын сан 30 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг ирэх аравдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох World Tour Final өрсөлдөх эрхийг авсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Энэ долоо хоногт халуун ус хязгаарлах хуваарь

халуун ус хязгаарлах хуваарь зурган илэрцүүд

“Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн. Энэхүү засварын ажил тав хоног үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн Цирк, 31 дүгээр сургууль, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө зэрэг орчмоор халуун усыг хязгаарлах аж.

ХУВААРЬ:

VII.31 – VIII.04

  • Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Японы ЭСЯ, “Шүрэн” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, Сансар 12, XV хороолол орчим /5 хоног/

VIII.07 – VIII.11

  • III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/

VIII.14 – VIII.18

  • ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн ЭСЯ орчим /5 хоног/