“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монголын мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан юм. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсоноос хойш эх орондоо нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил тасралтгүй хийсээр ирсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард үе үеийн дэлхийн миссүүд оролцсон томоохон арга хэмжээнд оролцоод ирсэн байна. Ингээд Дэлхийн миссийн шилдэг XI байрт шалгарсан мисс А.Баярцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Саяхан дэлхийн миссүүдийн томоохон цугларалтад очоод ирсэн гэсэн. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу. Ямар зорилготой арга хэмжээ вэ?
-Зургадугаар сарын 21-нд Италид дэлхийн дөрвөн том миссийн тэмцээнд амжилттай оролцсон үе үеийн миссүүд цугларсан томоохон арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээнд мисс Бадамгэрэл бид хоёр оролцсон. Үе үеийн миссүүд нэгэн дор цугларч хандив, хөрөнгө оруулалт босгох зорилготой юм. Газар хөдлөлтөд үгүй болсон нэгэн том цэцэрлэгт хүрээлэнг дахин барьж байгуулах санхүүжилтыг босгох ажилд 40 гаруй орны 60 гаруй мисс оролцсон байгаа.
-Дэлхийн миссийн тэмцээнээс хойш их л завгүй яваа сурагтай. Ялангуяа нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил их хийж байгаа харагддаг?
-Надад их сургуульд байхаасаа эхлүүлсэн ажлууд бий. “My club” гээд онлайн клуб байдаг. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 3000 сайн дурын ажилтан хүүхдүүдтэй хамтраад цөлжилтийн эсрэг Монгол Улсынхаа дөрөв, таван газар ойролцоогоор 250 гаруй мянган мод тарьсан байна. Цаашдаа сая мод тарих зорилт тавьсан байгаа. Мод тарихаас гадна тарьсан модоо усалж эргэж тойрох нь чухал байдаг. Жилээс жилд их халуун болж байгаа учраас олон хүний хайр шингээж ургуулж буй модоо үхүүлчихгүйн тулд долоо хоногийн бямба гариг болгон явж модоо усалдаг.
-Та нэг хэсэг хувцас цуглуулах аян өрнүүлж байсан санагдаж байна. Энэ аян хэр амжилттай болсон бэ?
-Би ихэнхдээ байгаль орчин, өнчин хүүхдүүдтэй холбоотой хүмүүнлэгийн ажлуудад оролцож яваа. Би хавар гадаад руу ажлаар явчихаад гэртээ ирээд өвлийн хувцсаа далд хийж зуны хувцсаа гаргасан чинь өмсдөггүй маш их хувцас байсан. Хаядаггүй, хүнд өгдөггүй /инээв/. Шинэ хэрнээ шүүгээндээ хадгалаад байдаг. Тэгэхээр нь өмсдөггүй хувцасаа цуглуулах аян өрнүүлбэл ямар вэ гэсэн чинь маш олон хүн дэмжсэн. Хүн болгон л өмсдөггүй хэрнээ хадгалаад байдаг хувцас маш их байсан. Хоёр долоо хоногийн турш хувцас цуглуулах аян өрнүүлсэн чинь 50 гаруй хайрцаг болсон. Хэрэгцээтэй хүмүүст нь өгье гэж фэйсбүүкээр ярилцаад дөрөв таван бүлгийн хүмүүст өгсөн. Тэр дундаас хогийн цэгийн 30 гаруй өнчин, хагас өнчин хүүхдүүдийг тэжээж дэмжиж явж байгаа Сарнай гэх эмэгтэйд хувцас бэлэглэсэн. Тэр эмэгтэй улсын хийж чадахгүй байгаа зүйлийг заавал их хөрөнгө шаардахгүйгээр сайхан сэтгэлээр хийж болдог юм аа гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж, харуулж чадаж байгаа болов уу гэж бодсон. Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд бэлэглэсэн. Яагаад гэвэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж гэмтсэн бэртсэн эмэгтэйчүүд их олон ирдэг юм билээ. Тэд гэрээсээ янз бүрийн л дарамт, шахалтаар зугтаж гарсан байдаг учраас заримдаа хувцасгүй ирэх тохиолдол ч байдаг юм билээ. Ер нь жил бүр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж үзүүлэх тасгаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа байсан. Өнгөрсөн жил гэхэд 1000 хүн ирснээс 993 нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байсан гэсэн. Тэгэхээр өнөөдөр нийгэмд хэн хүчирхийлэлд өртөж байна гэхээр дандаа эмэгтэйчүүд. Харин долоон эрэгтэйгийн хувьд дандаа өндөр настай хүмүүс. Ихэвчлэн хүргэндээ, бэрдээ хөөгдсөн байх жишээтэй. Зөвхөн илэрсэн тохиолдол нь энэ юм чинь хаалганы цаана хэдэн мянган эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа бол гэхээс үнэхээр эмзэглэмээр санагдаж байсан.
-Дэлхийн миссийн тэмцээний дараа Америкт багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ үеэрээ нэлээд олон ажил амжуулсан гэж сонссон. Киноны шалгаруулалтад оролцсон гэсэн үү?
-Тийм ээ. Америкт хэдэн сар болсон. Лос Анжелост “Мулан” зэрэг хэд хэдэн киноны шалгаруулалтад оролцсон.
-Шалгаруулалт хэр амжилттай болов?
-Кино шалгаруулалтын хариу аравдугаар сараас гарна. “Дисней”-гийн хийх энэ кинонд Азийн чамгүй их жүжигчидтэй өрсөлдсөн. “Дисней”-д шалгаруулалтад орно гэдэг уран бүтээлч хүний хувьд боломж төдийгүй туршлага болсон. Олдож байгаа боломжийг ашиглаж, зарим үед боломжийг бий болгож байж л өсч хөгжих болов уу. Мөн “Уорнер Брос” студи болоод алдарт жүжигчин Стивен Сигалийн кинонд шалгуулж тэнцсэн.
-Алдарт жүжигчин, бидний сайн мэдэх Стивен Сигалийн кинонд тоглоно гэхээр их сайхан санагдаж байна. Ямар дүр бүтээх вэ?
-“Netflix”-ээр гарах Стивен Сигалийн найруулж, продюсерлаж, тоглох адал явдалт энэ кинонд би туслах дүрд тоглоно. Уг кинонд хүний наймаанд өртсөн охидыг тосгонд нь авчирч байгаа “баатарлаг” үйл явдал гардаг. Дэлхийн миссийн тэмцээний үеэр жүжигчин Стивен Сигал “Монголын миссийг дэмжээрэй” гээд шейрлэж их дэмжсэн. Тухайн үед энэ алдартай хүн намайг дэмжиж байна гэж бодоод их баярлаж байлаа. Нөхрөө намайг дэмжихийг түлхсэн хүн нь гэргий Эрдэнэтуяа эгч болохыг мэдсэн. Намайг гэртээ хүртэл урьсан шүү. Зураг авалтууд ерөнхийдөө яригдаж байгаа. Киногоо хүлээх явцдаа өөрийгөө хөгжүүлэх, жүжиглэлтийн уран чадвараа хөгжүүлэх тал дээр их цагаа зарцуулах бодолтой байна.
-Мэргэжлийн ажилдаа хэр анхаарч байна?
-Хувийн ажил болон нийгэм рүү чиглэсэн ажилдаа баланстай явахыг хичээж байгаа. Ялангуяа Дэлхийн миссийн тэмцээнд орж ирснээс хойш аливаа арга хэмжээнд оролцох урилга, хүсэлт их ирдэг болсон. Ажиллах санал гэхээсээ илүү оролцоод өгөөч гэнэ. Тэр болгонд оролцоод яваад байхаар би чинь бас хүн учраас яаж амьжиргаагаа залгуулах билээ /инээв/. Тиймээс аль болох л мэргэжлийн ажилдаа анхаарахыг хичээж байгаа боловч тэр болгон зав гарахгүй л байна.
-Танд Америкийн миссийн тэмцээнийг шүүх санал тавьсан гэсэн. Дэлхийн хамгийн том гүрэн гэгддэг Америкийн миссийн тэмцээнийг Монгол хүн шүүнэ гэхээр их бахархалтай санагдаж байна?
-Тийм ээ. Ирэх наймдугаар сард Америкийн эх дэлхийн миссийн тэмцээнд шүүгчээр ажиллах санал ирсэн байгаа. Ер нь тэмцээнд оролцоод амжилт гаргах юм бол дараа дараагийн ажлын үүд хаалга нээгддэг. Олон улсын томоохон тэмцээний үеэр аль улсын мисс хэрхэн оролцож, ямар амжилт гаргаж байна гэдгийг гадны томоохон агентлаг, улс орны мэргэжилтнүүд ажиглаж байдаг. Түрүү жил Мьянмарын мисс эх дэлхийн миссийн тэмцээнийг шүүж байсан. Өнөө жил Америкаас заавал Монголын миссээр тэмцээнээ шүүлгэмээр байна гэдэг чинь бидний хувьд их нэр төрийн хэрэг гэж бодож байгаа. Их баяртай байгаа.
-Ер нь гадны тэмцээн, уралдаанд оролцох бодол байна уу?
-Би дэлхийн миссийн хамгийн том дөрвөн тэмцээний гуравт нь ороод үзчихсэн. Гурван жил дарааллаад олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Одоогоор Ертөнцийн мисс тэмцээнд оролцох эрхийг манай улс хараахан аваагүй байгаа учраас миний хувьд одоо өөр тэмцээнд орох сонирхол бол байхгүй. Харин миссийн чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажил олон бий.