–МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ, ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ХАМБА Д.ЧОЙЖАМЦТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА-
НЭГ. БУРХАНЫ ШАШИНБОЛ ЖАРГАЛЫНТУХАЙ СУРГААЛ
-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу?
-За, юу юм бол доо?
-Та бид хоёрын яриа хүүхдийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэврийн үзлэг, ер нь юу руу ч орсон бурханы шашинтай холбогдоно.
-За тэгж таарна.
-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариун цэвэр мэтийг ярихдаа хэрэглэдэг энгийн үг хэллэгээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.
-Тэгэлгүй яах вэ. Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургаал хөтөлбөрийн цогцлол шүү дээ.
-Бурханы сургаал юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойлгож байна. Мэдээж нигүүлсэнгүй сэтгэл, энэрлийн тухай сургаал гэж бид хардаг. гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна.
-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхэлье л дээ. Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жаргалтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьдрахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жаргалаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу болохыг Таних, түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, улмаар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.
Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос салахыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана. Бурханы шашин гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.
-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. үүнийг л уншаад шүтээд явахад болдог. Харин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн хүнд энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?
-Бурханы шашин товчхондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурханы шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөвшүүлэх арга барилаас эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг багтаахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ. Зовлон гэж юу болохыг таниад, түүний шалтгааныг олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэдлэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бурханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эцсийн шатанд хүргэж бардаггүй. Энд хуврагийн замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ. Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй. Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурч байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургаал” зэргээс эхлээд бишгүй байдаг.
-Тэгвэл лам болж амьдралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүхдээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?
-Юмыг ингэж харвал хуврагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрхтэй. Жаргахын тулд бие, хэл, сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйлдэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.
Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.
-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго… гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.
-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлдсэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм.
-Юуны өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан шашин гэдгийг хэлмээр байна. Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалыг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургаал энэ талд байна.
Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалыг ойлгож, явсан замнал, заасан замыг нь дагасаар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгөө дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.
ХОЁР. “ДЭЭР”-ЭЭС ЗУРСАН ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГГҮЙ
-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.
-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй. Харин чи өөрөө хувь тавилангийнхаа зохиогч, заяа төөргийнхөө зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургаал хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийтгэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.
-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна.
-Тэгж үзэж болно. Наанадаж л бурханы шашинтай, түүнийг номлох лам хуврагтай, буяныг цэцэглүүлэхийн төлөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн болоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайхан боломж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түүнийг энхрийлэн хамгаалаарай. Эрх чөлөөгөө хамгаалж чадахгүй бол нүгэл хилэнц, зовлонд унана” гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм.
-Эрх чөлөөгөө яаж хамгаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.
-Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг. Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэлдэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх аргагүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.
-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.
-Мөрөөрөө явсан хүнийг эрлэгийн элч ирээд чирч аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар траншейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ. Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?
-Бурханы шашны дайснууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?
-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэтгэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг даган, аврал гэгээрлийн замаас төөрдөг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадгийн учир энэ. Бурханы сургаал зөвхөн өөрийгөө шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг.
-Бурханы шашин болбоос амьдралын идэвхгүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа болдог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраас хөгжсөн. таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?
-Тиймээ ингэж их сурталчилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүүсийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчлах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургаал хийгээд ерөөс байгалийн шинжлэл биш. Бурханы шашин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаггүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалыг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харин ч XVIII зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.
ГУРАВ. АЛИВ ҮНДЭСТНИЙ БУСДААС ЯЛГАРАХ НҮҮР ЦАРАЙ НЬ ШАШИН, УЛАМЖЛАЛ БАЙДАГ
-Дэлхий даяараа ижилсэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүтлэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?
-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдарсан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй. Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл төвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойрныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөөгийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг ойлгож хэрэгжүүлэх болж. Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учиртай. Нэр өгөхөд хэдэн зүйлийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Раднаасүмбэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогтдоггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлсхийсэн нэр өгөх нь бий. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жаргалын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмадуудтай уулзахад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс байдаг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүүхэд нь өрд орж байрыг нь зараад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ.
-Нүүдэлчин айлын хөвүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?
-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурханы шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл. Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээдсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой руу юм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ. Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна. Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээдсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улиралд халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэмжээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэдний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.
-Хурим хийхэд тохиромжтой өдөр ховор болтой. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.
-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь. Өвөг дээдсээ нутаглуулахдаа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотроос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, бие махбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмжлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.
-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Ноомой дорой болгосны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.
-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн гаргасан суртал нэвтрүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бидний өмнөх ярианд гарсан. Харин орхигдсон санааг үргэлжлүүлэн ярихад, амьдрал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтөлсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямар ч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг. Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан. Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.
-Монголыг монгол болгож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж ялгаруулдаг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.
-Тиймээ, цагаан сар, наадам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаадынхныг дууриан тэмдэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ уучлах”, “гэмээ цайруулах” үндэсний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө. Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ. Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.
-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хангалттай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтайгаа эргэн залгагдах үе байсан.
-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хувраг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил. Гадаад хэлээр болоод төрөлх хэлээр гарч байгаа бурханы ном сургаалыг уншиж судалсан сүсэгтнүүдтэй харьцаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан. Хүн ард ч өөр болсон. Бид ерээд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхоо гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээсээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна. Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягладаг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.
-Шашны хэрэгт төр оролцохоо больсонд таагүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?
-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийг хэргийг хөтлөхдөө биш. Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа барина. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямрана. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тиим учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний.Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогтнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.
-Та Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг баталж дуусах ёслолын үеэр яг юу бодогдов?
-Лам хуврагууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин Монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан. Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад гарахад юуны өмнө Монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулснаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хувраг хүн ард түмнийхээ төлөө үг хэлж, улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.
2014.06.06