Categories
мэдээ нийгэм

Найман машин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд гэмтжээ

Нийслэлийн БЗД-т өчигдөр найман машин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал БЗД-ийн нутаг Мянган оюутны байрны баруун хойд замд амины T.Land Cruiser маркийн автомашины жолооч Н нь Kia fronter T.Gaia, Mitsubishi outlander, T.corolla, kia bongo, Mitsubishi Pajero, T.Crown, H.Sonata-6 маркийн автомашинуудтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 2 хүүхэд гэмтсэн байна.

Ланд Крузер автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл уг автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зарим бүсэд хөл хорио тогтоожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн тул тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорио тогтоожээ. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгөв. Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг бүхэлд нь хянаж байгаа аж.

Тэнд амьдардаг иргэдийн хэлж буйгаар Б.Серкболын үхрүүдэд өнгөрсөн 20-нд шүлхий өвчний шинж илэрчээ. Нийслэлийн Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан 21-нд очиж, шинжилгээний сорьц авсан аж. Харин дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хяналтын түр цэг байгуулсан гэнэ.

Мөн Нүхт, Зайсан болон зуслангийн бүс дэх малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болж буйг дуулгалаа. Уг ажлыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хариуцаж буй бөгөөд айлуудыг Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо болон Багануур, Багахангай руу нүүлгэхээр төлөвлөж буй аж.

Categories
мэдээ нийгэм

​Германы шүдний эмч нар Төв аймагт ажиллаж, үнэгүй эмчилгээ хийж байна

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар Монгол Улсын Эрүүл мэндийн сайдтай 2017 оны тавдугаар сарын 21-нд өдөр байгуулсан гэрээний хүрээнд Төв аймагт ажиллаж байна.

Тус сангийн шүдний эмч нар энэ сарын 18-наас ирэх сарын 28-ныг хүртэл хоёр ээлжээр Төв аймгийн нийт 20 сумын иргэдэд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Нийт 2 их эмч, 2 туслах ажилтан, 1 монгол шүдний эмч, орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй нийт 11 багаас нэгдүгээр ээлжийн 10 герман шүдний эмч хуваарийн дагуу тус аймгийн Эрдэнэ, Архуст, Баян, Баянжаргалан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод суманд үзлэг хийж эхлээд байна. Харин 2 дугаар ээлж ирэх сарын 8-наас 29-нд Заамар Хайлааст, Цээл, Угтаал, Борнуур, Батсүмбэр, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн, Зуунмод сумд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Монголын цэргийн баг марш тактикийн олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллээ

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршийн замд германы болон олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд ‘Тэргүүн байр’ эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчиллаа.

Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгын бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай мэдээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар хуралдана зурган илэрцүүд

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог уламжлалтай. Гэхдээ өнөөдрийн хуралдаан болохгүй гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирэх юм байна. Тэрээр Буйр нуурын эрэгт байрлах “Алтай констракшн” компанийн жуулчны баазад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарын хүмүүстэй амарч байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Малын гоц халдварт өвчний улмаас Дундговь аймгийн Өлзийт сум хорио цээрийн дэглэмд шилжжээ

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжжээ. Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрсөн баасан гаригт сумын малын эмч дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабортори руу явуулсан байна. Уг шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагдсан тул ийнхүү 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн голомтын бүсийг 5 км-ын тойрогт тогтоож, сумын Онцгой комисс хяналтын хэсэг ажиллуулж байгаа аж. Тус голомтын бүсэд аймгийн ОБХ, МХГ, Мал эмнэлгийн хэлтсийн хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, өвчилсөн 71 хонийг устгасан байна. Тус суманд өнгөрсөн оны намраас эхлэн бүх суманд цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлжээ. Гэвч хорио цээрийн бүсэд байгаа малчин Ч-ийнх хонин сүргээ вакцинжуулалтад хамруулаагүй байсан аж.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн АН-аас мэдэгдэл гаргалаа


Өнөөдөр Ардчилсан намаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


МЭДЭГДЭЛ:

Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ.

Ингэхдээ эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга” гээчийг зохион байгуулж “Ард нийтийн санал асуулга” явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг, тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ.

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараахь шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;

Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;

Гуравдугаарт, 2000 оны “Дордуулахын долоон өөрчлөлт”-өө засч залруулах;

Дөрөвдүгээрт, “Ард нийтийн санал асуулга” явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ

Categories
мэдээ нийгэм

Өгөөжийн уулзварыг өнөөдрөөс түр хаалаа

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана.

Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дараах зурагт харуулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

​​ А.Эрдэнэтуяа: Би тайзан дээр гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүрээр амьдарсан


Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяатай ярилцахаар ДБЭТ-ыг зорилоо. Тэрбээр Ардын жүжигчин Д.Баадайжав, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, МУГЖ А.Бүтэд, Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам нарын хоолойны бэлтгэлээ хийдэг байсан гоцлол дуучны өрөөг өнөө цагийн шилдэг дуучид болох Ө.Уянга, Ш.Наранцэцэг нарын хамт залгамжлан суудаг ажээ. Дуурь бүжгийн эрдмийн театрынхан удахгүй тавигдах “Чингис хаан” дуурьд бэлтгээд тун завгүй байсан бөгөөд гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа энэ дуурьт Сочигэл хатны дүрд тоглохоор бэлтгэж байсан юм.


-Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Танд хүлээлт байсан уу?

-Надад энэ хүндтэй шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны хоёр сайхан одонгоор дэвсгэрлэж ирлээ. Хүн болж төрснийх улсаараа овоглуулж явна гэдэг нэр хүндтэй сайхан зүйл юм. Миний хувьд энэ шагналыг хэзээ авах бол гэсэн хүлээлт байгаагүй. Сая наадмын өмнө аав ээж хоёр маань бүх хүүхдүүдээ аваад сүлжээгүй газарт оччихоод намайг жаахан сандаргалаа. Би Хүй долоон худагт болдог Соёлын наадамд дуулах болоод тэдэнтэйгээ хамт явж чадаагүй юм. Гэнэт л нэг орой арав өнгөрөөгөөд танихгүй дугаараас залгасан. Авсан чинь “Танд баяр хүргэе, Монгол Улсын Гавьяат жүжигчин болсныг дуулгах гэсэн юм” гэдэг байгаа. Эхэндээ надаар нэг нь тоглож байна гэж бодсон. Шагналаа авсны дараа олон хүн баяр хүргэсэн. Зарим нь “Одоо болтол энэ цолыг аваагүй байсан юм уу” гэсэн. Тэгэхээр ямар ч байсан ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж, хүлээлт үүсгэж байжээ гэсэн бодол төрсөн.

-Таны удам сударт дуулдаг хүн байв уу?

-Миний аавын нагац ах дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан “нарийн хоолойт Намжил” гэж хүн байдаг. Театрын жаран жилийн ойд зориулан гаргасан “Нэгэн жарны зуун эрхэм” номонд ахын маань тухай багтсан. Би чинь ааваараа овогловол Ховдын Чандмань сумынх, ээжээрээ овогловол Дундговийн Дэлгэрхангай сумын хүн. Энэ гайхалтай хоёр нутаг бол нэг нь хөөмийн өлгий нутаг, нөгөө нь уртын дууны өлгий нутаг гэгддэг шүү дээ. Тэгэхээр миний цусанд урлагийн судал байдаг болов уу гэж боддог. Ах маань амьд сэрүүн байхдаа намайг их л нандигнаж, дүүгээ зориод ирдэг байсан. Гэхдээ одоо ах дүү хамаатан садныхаа хүүхдүүдийг дуулж, бүжиглэж байна гэхээр урлагийн хүн болохгүй шүү гэж хэлдэг. Ямар хүнд ажил болохыг биеэрээ мэдэрсэн болохоор тэгдэг байх.

Урлагийн хүмүүс дандаа л тэгж ярих юм?

-Найдалмаа багш маань нэг удаа “Сонгодог урлаг гэдэг бол яг л булгийн ус шиг. Аваад байх тусам ундраад л байдаг зүйл” гэж хэлсэн. Сонгодог урлагт би СУИС-д таван жил, Италид долоон жил, Дуурь бүжгийн эрдмийн театрт хорь гаруй жил суралцаж байна. Одоо хүртэл сурсаар л байгаа. Энэ бол амар ажил биш. Урлагийн хүн бусдад гоо сайхныг мэдрүүлэхийн тулд сайхан харагдах ёстой. Сайхан харагдана гэдэг өөрөө бас нэг төрлийн хөдөлмөр, хичээл зүтгэл юм. Дуурийн театрт ирсэн үзэгчид мөнгөө төлсөн. Сайхан зүйл үзэх гэж, таашаал авах гэж ирдэг. Тэдэнд миний 40 хэм хүртэл халуурсан эсвэл шөнөжин шүд нь өвдсөн байх бол сонин биш. Тэд “Чио чио сан”-г эсвэл Нансалмаа, Хоролмааг хүлээж байдаг. Бид бол ард түмэнд үйлчилдэг, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд шүү дээ. Тэгээд ч миний хувийн амьдрал, миний асуудалд үзэгч буруугүй гэж боддог. Ягаан байшинд орж ирэхдээ өөрийнхөө амьдралыг орхиж, тэр дүрээр амьдардаг.

-Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?

-СУИС-д анх орохдоо би дуурийн дуучин болно гэж бодоогүй. Тэр үед ганцхан дуулаачийн анги л байсан. Манай ангид уртын дуучин Г.Бямбажаргал, Д.Ширмэнтуяа, эстрадын дуучдаас Н.Гантулга, Б.Мягмарсүрэн, Ж.Алтанцэцэг, Харшийн С.Баасандорж нар байлаа. Нэгдүгээр курсэд байхад Найдалмаа багш маань “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатны дөрвөн аригаар нээлттэй хичээл, лекц концерт хийсэн юм. Би тэр үед багшийг “олгой” шиг л дагаж явдаг байлаа. Энэ лекц концертын дараа “Би дуурийн дуучин болно. Дуурийн дуучин болохдоо би энэ дүрийг дуулдаг, Эрвээхэй хатан болно” гэж дотроо бодсон. Багш маань надад тэгж нөлөөлж, хүмүүжүүлсэн дээ.

-Та мөрөөдлөө биелүүлж, зорьсондоо хүрч чаджээ. Гэхдээ энэ хүртэл явахад шантрах зүйл байсан уу?

-Би их жижигхэн биетэй охин байсан л даа. Төгсөхийн урьд жил жүжигчний уран чадварын хичээл орж байсан А.Дашпэлжээ багш намайг дуудаад, “Миний охин сайхан хоолойтой, боловсролтой, сайхан охин. Гэхдээ тайзан дээр их жижигхэн харагдах юм. Сургуулиа төгсөхөөс өмнө дуурийн театрт дуулсан нэг дүртэй байх юм бол хүний нүдэнд таван сантиметр өндөр харагдана” гэсэн. Тэгээд намайг “Кармен” дуурийн Микаэлагийн дүр чамд яг тохирно гэсэн. Микаэло бол ээжийнхээ захиасаар Севил хотод ноён Хосег эргэхээр ирсэн, юм бүхнээс айж цочсон тосгоны жижигхэн охин юм. Одоо бодоход тэр охин чинь ерөөсөө л би байсан юм билээ. Тухайн үед Л.Эрдэнэбулган найруулагч “Энэ нэг бөөс шиг юмыг чинь тайзны хаана гээчихнэ гэж бодох юм. Авахгүй” гэсэн юм билээ. Тэр жил би Г.Пүрэвдорж багшийн нэрэмжит уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн. Тайзан дээр улаан хамба хилэн платье өмсөөд гараад ирсэн чинь Л.Эрдэнэбулган найруулагч “Өө, энэ чинь тайзан дээр сунадаг юм байна” гэж байснаа хожим надад ярьсан.

Дуурийн дуу дуулахын юу нь хамгийн сайхан бэ?

-Дуурь бол багц урлаг. Гэрэл, тайз, оркестр, симфони, балет гээд бүгдийг цогцлоодог. Одоо бидний бэлдэж буй “Чингис хаан” дуурьт гэхэд хөөмий орсон байгаа. Дуурийн дуучин гэдэг бол жүжигчин байдаг. Хүн бүр амьдрал дээр зөвхөн өөрийнхөө дүрд тоглодог. Харин би тайзан дээр хорвоо ертөнц дээр байсан бүх л үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хайр дурлалын түүхийг амилууллаа. Тэдний дүрээр амьдарсан. Би Нансалмааг ч, Хоролмааг ч бүтээж явсан. Хүмүүс надаас та Нансалмаа юу, Хоролмаа юу гэж асуудаг. Би Хоролмаа. Би мах цусны Хоролмаа. Хоролмаа бол язгууртан гаралтай, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан. Харин Юндэн ард гаралтай байсан учраас өөртэйгээ ижил түвшний Нансалмаатай учирч дурладаг юм. Хоролмаад нэг давуу тал байсан нь хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг чанар нь юм. Эмэгтэй хүн амьдрал дээр тийм байх ёстой. Хоролмаагийн дүрийг тайзан дээр амилуулахад нэгэн бодлын хэцүү. Хоролмаа худлаа хэлдэг боловч түүндээ эмзэглэж, эмээж байдаг. Би Хоролмааг тэгж ойлгож, түүнийгээ үзэгчдэд ойлгуулах гэж хичээдэг.

-Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж бүтээсэн дүр тань аль нь вэ. Аль дүрдээ хамгийн хайртай вэ?

-Дүр бүхэн минь надаар дамжиж төрдөг болохоор бүгдэд нь хайртай. “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатны дүрээр гадаад дотоодод их явсан. Энэ дүрээрээ олонд танигдаж байгаа болохоор маш их хайртай. “Аида” бол миний мөрөөдлийн дүр байсан. Аав ээж хоёр маань миний алтан фенүүд л дээ. Бүх дуурийг минь үзнэ. Би хоёр жил төрсөн өдрөөрөө хоёр өөр дуурьт дуулсан юм. Нэгэнд нь Триавата дуурийн Виолетта. Виолетта жүжгийн төгсгөлд уушгины өвчнөөр нас бардаг юм. Нөгөө нь “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатан. Эрвээхэй хатан мөн жүжгийн төгсгөлд өөрийгөө егүүтгэдэг. Ерөнхийдөө миний дүрүүд нэг иймэрхүү. Тэгсэн ээж маань ямар сайндаа “Адаглаад төрсөн өдрөөр нь үхүүлэхгүй байж болдоггүй юм байх даа” гэж байж билээ.

-Танд одоо бүтээхийг хүсч буй ямар дүр байна?

-Дуучны хувьд олон сайхан дүр бүтээсэн. Гэхдээ бас шунаж байгаа хоёр сайхан дуурь бий. Тэр хоёр дуурьтаа шунасаар байгаад гарах байх аа. Уран бүтээлчийн хувьд “би таваг хоол иджээ гэхэд цадсан” гэж бодож болно. Харин одоо багшийн ажилд их шунаж байна. Италиас хүрч ирээд театртаа хэдэн жил болж байхад СУИС-ийн М.Найдалмаа багш маань над руу яриад “Багшлах хэрэгтэй байна. Өөрийнхөө ажил мэргэжлийг шавьдаа өвлүүлж үлдээмээр байна” гэсэн. Түүнээс хойш гурав дахь жилдээ багшилж байна. Тэгэхээр багшлах эрдмийн хувьд би залуу багш юм. Дуучин байхдаа би өөрийнхөө учрыг олох гэж хичээдэг байсан бол одоо өрөөлийн учрыг олох гэж явна.

-Дуурийн эх орон италид суралцаж байсан үеэ дурсаач?

-Би СУИС-ийг 1996 онд төгсөөд 1997 онд “Гоо марал”-ын эзэн болж байлаа. Тухайн үед шүүгчид надад “хийсэн юмны чинь төлөө биш хийх юмны чинь төлөө” энэ шагналыг өгч байгаа юм шүү гэж хэлсэн. Түүнээс би маш их урам авсан. СУИС-ийн төгсөх ангийн оюутан байх үеэсээ л Итали явж суралцахыг хүсч, хөөцөлдсөн боловч хойшилсоор байгаад 2001 онд явсан. Энэ хугацаанд Дуурь бүжгийн эрдмийн театрт таван жил гоцлол дуучнаар ажилласан. Ингэж ажилласны хүчинд би надад юу дутуу байна гэдгийг мэдэхтэйгээ болсон. Тэр үед би дуурийн урлаг яагаад жүжгийн төрөлд багтаж явдгийг ойлгоогүй байсан юм билээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг байдаг. Намайг өсгөж хүмүүжүүлж, эрдэм боловсролтой болгосон ээж аавдаа, алхам тутамд минь урам зориг өгч байсан багш нартаа, Итали явуулж өгсөн ДБЭТ-ын хамт олны хүчинд би өдий зэрэгтэй явна гэж боддог. Би найман сарын хугацаатай явсан ч надад сурах зүйл их байсан учраас тэндээ үлдэж долоон жил суралцсан. Энэ хугацаанд ДБЭТ-ынхантайгаа үргэлж холбоотой байж, жил бүр ирж дуулдаг байсан. Хүн эргээд ирэх хаягтай, халуун дулаанаар тэврээд угтах хамт олонтой байна гэдэг сайхан юм билээ.

Таны бага нас хаана, яаж өнгөрсөн бэ. Багадаа дуулдаг байсан уу?

-Намайг таван настай байхад аав маань Дубнагийн цөмийн институтэд урилгаар ажиллах болж манайх Орос руу явсан юм. Би гурван хүү, нэг охинтой айлын ганц охин шүү дээ. Тэндээ сургуульд орох болоход хэл хурдан сурах хэрэгтэй болсон. Тэгээд л хор дуунд дуулдаг болсон. Бүрэн дунд сургууль төгстөлөө хорт дуулсан. Багш нар маань намайг политехникийн сургуульд оруулна гэж байсан. Харин ээж намайг эмч болгох хүсэлтэй байсан. Би зөрсөөр байгаад дуучин болсон юм. Тэгээд 17 настай СУИС-д орох гэтэл хоолойг маань төлөвшөөгүй гээд авахгүй байсан. Аав ээж хоёр дараа жил орж болно ш дээ гэхэд нь “Үгүй би энэ жил л орно. Тэгэхгүй бол дахиж тийшээ зүглэхгүй” гэж уурласаар байгаад СУИС-ийн анхны төлбөр төлж суралцсан оюутан болж байлаа.

-Таны бодлоор амьдралын утга учир, аз жаргалын амт нь юундаа байдаг юм бэ?

-Миний хувьд хамгийн дуртай зүйлээ, хоббигоо ажил мэргэжил болгож чадсан хүн юм. Үүндээ их баяртай байдаг. Аав ээж, гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нараасаа урам авч амьдардаг. Дуурийн театрын ягаан байшин минь миний хоёр дахь гэр. Энэ мэтээр өөртөө байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдэрч амьдардаг. Өнгөрсний хойноос шаналахгүй, маргаашийн төлөө санаа зовохгүй, өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдрахыг хичээдэг дээ.

Categories
мэдээ цаг-үе

​Монголчуудыг долларын дарлалаас гаргах “Азийн супер сүлжээ”

“Салхит” салхин станц

Нар, салхинаас гаргасан эрчим хүчээ зарж овоо ногоон босгох боломжийг Монголд олгох “Азийн супер сүлжээ” тун нааштай яваа мэдээ эдийн засагт гэгээтэй сонин болж байна. Монголчуудыг долларын дарлалаас гаргах “Азийн супер сүлжээ”-ний тухайд Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улс зэргийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Санаачлагч нь “Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж улс орнуудад түгээнэ. Өнгөрсөн онд нэг аварга гэрээ байгуулагдсаныг уншигчид санаж байгаа байх. Японы Софт банк, Өмнөд Солонгосын Кепко, Хятадын Стэйп Грид, Оросын Россети компанийн төлөөлөгчид цуглаж Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан. Масоёоши Сон “Зүүн хойд Азийн алтан бөгж” гэсэн нэршлийг гаргаад байгаа. Бид Соны “алтан цагариг”-ийн салшгүй нэг хэсэг. Яг ямар учиртай нэршил болохыг тодруулж тайлбарлая. Монголоос үйлдвэрлэсэн салхины эрчим хүчийг Хятад, Солонгосоор дамжуулж, цааш далай доогуур Япон руу нийлүүлэх боломж бий. Үүнээс гадна Оросын усан цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Япон тэргүүтэй улсуудад дамжуулах боломжтой. Үүнийг Сон “Зүүн хойд Азийн алтан бөгж” гээд байгаа юм.

Монголын анхны салхин станц “Салхит”-ын авторуудын нэг бол “Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхан. Тэр бас Азийн супер сүлжээний идэвхтэй оролцогчдын нэг. Б.Бямбасайхан “Бидэнд газар нутаг том хэрнээ хүн ам бага, сэргээгдэх эрчим хүчний нөөц өндөр гэх мэт давуу тал бий. Манай бүс нутаг дэлхийн эрчим хүчний хамгийн их хэрэглээтэй хэсэг. Хятад, Япон зэрэг том хэрэглэгчид бий. Хятад гэхэд л дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Суурилагдсан хүчин чадал нь 1.2 террават. Япон 300 гегаваттын суурилагдсан хүчин чадалтай. Монголоос 300 дахин том хэрэглээтэй улс. Солонгосын суурилагдсан хүчин чадал 95 гегават. Мөн л асар том хэрэглээ. Японд нэг квт/цаг цахилгаан дунжаар 27 цент. Америк доллараар 27 цент гэсэн үг. Солонгост 11 орчим цент. Хятадад 7-13 центийн хооронд хэлбэлздэг. Харин манайд квт/цаг нь 5 цент орчим байгаа. Манай улс сэргээгдэх эрчим хүчний том хүчин чадлыг бий болгож Хятад болон Солонгос, Японы зах зээлд нийлүүлэх боломжтой. Япон, Солонгос, Хятадын компаниуд энэ боломжийг хэрхэн яаж ашиглах талаар манай улстай хамтраад яриад эхэлчихсэн. Эрчим хүчний худалдаа Монголын ирээдүйн эдийн засгийн маш том тулгуур болно” хэмээн ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө тултал ашиглахаас гадна нүүрсээ цэвэр технологиор ашиглаж цахилгаан үйлдвэрлээд зарах боломжтой. Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Эрчим хүчний яамнаас хамтран боловсруулсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланд “Нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” гэсэн өгүүлбэр бий. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават юм билээ.

Дарханы нарны станц

Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөх таамаг голлодог. Ойрын 15-20 жилд гэхэд л жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байна гэсэн таамаг байна. Өөрөөр хэлбэл бидэнд зах зээл хангалттай гэсэн үг.

Манай улс нар, салхины их нөөцтэй гэж өмнө дурдсан. Нэмээд хэдэн тоо хэлье. Монголын газар нутгийн арван хувь нь том чадлын салхин цахилгаан станц барьж ажиллуулах боломж бүхий салхины эрчим хүчний сайн нөөцтэй. Газар нутгийн арван хувь гэдэг нь 160 мянга гаруй км квадрат талбай гэсэн үг. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос хийсэн хуучин тооцооллоор нэг км хавтгай дөрвөлжин талбайд долоон мВт чадал суурилуулах боломжтой. Тэгэхээр 160 мянган км квадрат талбайд 1100 гаруй мВт хүчин чадлыг суурилуулах боломжтой гэсэн аварга тоо гарч байна. Нарны хувьд ч бидэнд маш том давуу тал бий. Жилдээ 270-300 үүлгүй цэлмэг өдөртэй, өмнөд говийн бүс нутагт нарны цацрагийн эрчмийн жилийн дундаж хэмжээ нь 1400 кВт.ц/м2 байдаг гэж ирээд яривал нарнаасаа цахилгаан гаргаж дажгүй мөнгө олох боломж байгаа. Нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо дуулддаг.

Б.Бямбасайхан “Сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьд Орос, Хятадын эрчим хүчний технологи сүүлийн арван жилийн хугацаанд асар их үр ашигтай болсон. Мөн үнийн хувьд ч хямд болж байгаа. Салхит, Дарханы нарны станц шиг станцуудыг том хэмжээний хүчин чадалтайгаар барьж байгуулъя гэсэн санаа байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч дамжуулдаг технологид асар их өөрчлөлт орж байна. Холын зайд бага алдагдалтайгаар дамжуулдаг технологи сайжирч байгаа. Мөн далайн доогуур цахилгаан эрчим хүч дамжуулдаг технологи бий болсон. Улам сайжраад хэрэглэгдээд явж байгаа технологи. Манай улс ардчилсан, нээлттэй учраас эрчим хүчийг зэргэлдээ зах зээлд худалдаалахад ямар нэг асуудал үүсэхгүй. Бидэнд бүхэл бүтэн нэг шинэ эдийн засгийн тулгуур болно гэдгээрээ давуу талтай. Хятад, Японы хувьд Монголоос авах нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт хямд, хоёрдугаарт цэвэр эрчим хүч. Бидний эрчим хүч худалдаалах том эдийн засгууд Парисын хэлэлцээрээр нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар багасгах зорилт тавьсан. Энэ зорилтдоо хүрэхэд нь Монголын нар, салхины эрчим хүч нэмэр болно” гэж ярилаа.

“Азийн супер сүлжээ”-ний тухайд нэг хоёр жилийн хугацаанд биш арав хорин жилийн туршид барьж байгуулах мега төсөл. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь, Монголын сүлжээтэй яаж нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Хийсвэр хэмжээнд ерөнхий зүйл ярих биш нарийн техникийн судалгаа хийсний эцэст цахилгаан станцын төслүүдийг боловсруулна. Б.Бямбасайхан “Үүнд хэт яарах хэрэггүй. Зах зээлээ л хамгийн түрүүнд судалж ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд хаана очих вэ гэдэг замаа тодорхойлсны дараа Монголд хаана эх үүсвэрүүдээ барих вэ гэдгээ тодорхойлно. Ажлууд шат дараатай хийгдэж байна” гэсэн юм.

“Азийн супер сүлжээ” эдийн засгийн хувьд ашигтай ч нэг бэрхшээл бий. Тэр нь улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчин. Сүүлийн хоёр, гурван жилд эдийн засаг хэцүүхэн байсан ч орчин нь тогтвортой үргэлжилсэн учраас Цэцийн салхин станц болон Дарханы нарны станц мөнгөө босгоод бүтээн байгуулалтаа хийсэн. Цэцийн станцын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Харин Дарханы нарны станц аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тогтвортой орчинтой газарт хөрөнгө орж ирдэг, банкууд зээл өгдөг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Тэгэхээр “Азийн супер сүлжээ”-нээс мөнгө олъё гэвэл тогтвортой орчинтой байхад л болчихно гэсэн үг. Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар чуулган “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөсөн нь “Азийн супер сүлжээ” ажил болж эхэлсний нэг том дохио болсон юм.

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн энэ талаар “Чуулга уулзалтын үеэр олон боломжийг хөндөж ярьсан. Хамгийн том боломж нь Азийн супер сүлжээнд нэгдэх асуудал байлаа. Эрчим хүчний энэ сүлжээг санаачлагч нь Японы “Софт” банк. Монголд нар, салхины эрчим хүчний парк бариад Орос, Хятадын компаниудаар дамжуулж Солонгос, Японы зах зээлд нийлүүлэх асар том хэмжээний төсөл санаачлаад явж байна. Энэ төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Хамгийн эхнийх нь “Цэций” 50 мВт-ын салхин станцын төсөл. Өмнөговьд барьж буй салхин станц энэ оны арванхоёрдугаар сардаа багтаад ашиглалтад орно. Энэ талаас нь харахад “Софт” банкны санаачилгыг төр засгаас нэлээд дэмжих хэрэгтэй. Өнөөдрийн хувьд манай улс зэс, алт, нүүрс гэх мэт шавхагддаг баялгаа газраа ухаж олборлож байна. Ноолуур гэх мэт малын гаралтай түүхий эдээ ихэвчлэн түүхийгээр нь гаргаж байгаа. Нөөц нь шавхагддаггүй нар, салхинаасаа эрчим хүч үйлдвэрлэж экспортлох асар том боломж байхад зүгээр суугаад байж болохгүй л дээ. Өнөөдөр Монголын эрчим хүчний хэрэглээ нэг гегаваттаар хэмжигддэг. “Азийн супер сүлжээ”-ний хувьд үүнээс хол давсан том зүйл. Монголын хувьд асар том шинэ боломж. Үүнийг дагаад олон салбар хөгжих боломжтой. Орос, Хятад, Япон, Солонгос дөрөв эхлээд нийлж байгаад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Дараа нь Монголын “Ньюком”-той хамтран ажиллах гэрээ зурсан. Дахин хэлэхэд энэ бол “Софт” банкны санаачилга. Энэ чиглэлээр Монголын талаас яг юу хийх ёстойгоо ярьж эхлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.