Америкийн зохиолч Жорж Мартиний “Мөс галын дуулал” (A Song of Ice and Fire) бүтээлээр хийсэн “Game of Thrones” киноны шинэ ангийн нээлт хэдхэн хоногийн өмнө Лос-Анжелес хотноо болсон. Энэ нь уг бүтээлийн долоо дахь хэсэг нь. Үүнээс нэг хоногийн дараа “Game of Thrones” нь дэлхийн бусад орнуудад нээлтээ хийсэн билээ. Одоогийн байдлаар шинэ ангийг 16 сая хүн үзэж кино урлагийн ертөнцөд бас нэгэн шинэ амжилтыг тогтоогоод байна.
Жорж Мартиний “A Song Ice of Fire” ном анх худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж бестселлерийн жагсаалтад багтсаар ирсэн. Хэд хэдэн цуврал уншигчдын гар дээр очсоны дараа зохиолчид кино хийх саналыг нэлээд хэдэн компани тавьсан байна. Түүний зохиолыг ширүүхэн шүүмжилж байсан хүмүүс ч нэлээд бий. Уг бүтээлээр кино хийх төслийг Америкийн HBO телевиз хэрэгжүүлсэн нь маш амжилттай байгааг дурдах нь зүйтэй. Олны хүртээл болоод долоо хоноогүй байхад 16 сая хүн үзсэн нь үүний нэгэн илэрхийлэл юм. Их Британид бүтээсэн “Бөгжний эзэн” уран зөгнөлт киног дэлхий даяараа шимтэн үзэж байсан нь саяхан. Иймэрхүү киног хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид маш ихээр үздэг. Америкийн HBO телевизээс хэрэгжүүлэх төсөл амжилтад хүрсний бас нэгэн нууц нь үүнтэй холбоотой хэмээн шүүмжлэгчид тайлбарласан байдаг.
“Game of Thrones” киноны үйл явдал дундад зууны үеийн Европтой ихэд ижилхэн ертөнцөд өрнөдөг. Ер бусын нутагт нөлөө бүхий хэдхэн гэр бүлүүд эрх мэдэл, хаан ширээний төлөө хэрхэн улс төрийн тэмцэл өрнүүлж байгааг уг бүтээл харуулжээ.
Сүүлийн үеийн бүтээлүүдээс хамгийн их үзэгчдийн талархлыг хүлээгээд буй тус киноны долдугаар ангийн үйл явдал нь гол баатруудын нэг болох Серсе нөлөө бүхий болж Вестеросыг эрхшээлдээ оруулж байгаагаар эхэлнэ. Серсе ямар ч холбоотонгүй болж харин Олена Тирелл түүнээс хариугаа авахаар бусадтай хуйвалдана. Ийнхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилнэ.
“Game of Thrones” киноны найруулагчаар нэг бус нэлээн хэдэн уран бүтээлч ажилласан. Тэдний нэг нь Алан Тейлор бөгөөд тэрээр “Terminator Genisys”, “The Dark of World” зэрэг киноны найруулагч. Үзэгчдийн сайн мэдэх “American Horror Sto¬ry” киноны найруулагчаар ажилласан Жереми Подсев “Game of Thrones” киноны өмнөх ангиудыг бүтээлцсэн бөгөөд энэ удаад ч уран бүтээлчдийн багт оржээ. Түүнээс гадна найруулагч Марк Майлод, Мэтт Шейкманн шинэ хэсгийг бүтээхэд хүчин зүтгэсэн юм.
Шинэ ангийн зургийг Испанид авч байгаа тухай нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Түүнээс гадна маш олон хүн зураг авалтын ажилд оролцсон талаар ч бичиж байсан. Ялангуяа амнаасаа гал гаргадаг луу хэрхэн хүмүүс рүү дайрч байгаа хэсэгт нэлээд хүний хүч шаардагджээ. Долдугаар хэсэгт өмнөх ангиуд дээр уулзалдаж байгаагүй баатрууд тааралддаг. Хамгийн аймшигтай дүр төрхтэй муу санаатныг энэ анги дээр үзэгчид дэлгэцнээс харсан. Ингээд “Game of Thrones”-ийн долдугаар хэсгийн талаарх хэд хэдэн сонин баримтуудыг дурдъя.
Найруулагчдын ярьснаар энэ ангид гардаг лууг хийхдээ хэмжээгээрээ “Боинг 747” онгоцтой ижил хэмжээтэйгээр бүтээсэн аж. Уг онгоцны далавч нь 68.5 метр урт, онгоцны урт нь 78 метр билээ.
Ийнхүү үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа цуврал киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчид аль хэдийнэ олны танил болсон. Энэ удаад ч жүжигчин Питер Динклейж, Кит Харингтон, Эмилия Кларк, Линда Хиди, Николай Вальтер-Касдау зэрэг гол дүрүүдэд тоглосон уран бүтээлчдийн шагналыг нэлээд нэмсэн байна. Зарим гол дүрүүдийн баатруудыг киноны эхний хэсэг дээр амийг нь хорооно. Өөрөөр хэлбэл цаашид нь тоглох шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч тэд бусадтайгаа ижилхрэн шагнал авах гэнэ.
Өнгөрсөн оны зургадугаар сард Америкийн HBO телевиз нь “Game of Thrones” киноны долдугаар хэсгийн зураг авалтыг эхлэхээс өмнө шинэ жүжигчдийг шалгаруулж авах тухай зар гаргаж байсан. Ингэхдээ 16 настай, хойд нутгийн аялгаар ярьдаг охидыг авсан байна.
Шинэ ангийг тэсэн ядан хүлээж байсан үзэгчдийн санаачилгаар “Game of Thrones” нэртэй баарыг Вашингтон хотноо нээжээ. Түүнийгээ гол баатруудын дүрсээр чимсэн байна. Уг киноны гол баатруудын нэг болох Дейенерис Таргариен нь валир хэлээр ярьдаг билээ. Түүнээс гадна зарим нь дотрак хэмээх хэлээр хоорондоо ярилцна. Мэдээжийн ийм хэл дэлхий дээр байхгүй. Гэсэн хэдий ч кино нь үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн тулд эдгээр хэлийн талаар үзэгчид ярилцах болжээ. Дашрамд дурдахад дээр дурдсан хоёр хэлийг Калифорнийн их сургуулийн хэл судлаач Брекли Дэвид Петерсон зохиосон байна.
Английн “1st Movie Interna¬tional” компани нь Дейенерис Таргариений армийг Их Британид усан онгоцоор аваачихад хичнээн зардал гарахыг хүртэл тооцоолон гаргажээ. Цэргүүд, морь, зэвсэг, хүнс гээд нийтдээ 1000 том усан онгоц хэрэгтэй болох гэнэ. Мөнгөөр тооцоолох юм бол 174 сая фунт стерлингийн зардал гарах аж.
Ийнхүү Лос-Анжелес хотноо болсон “Game of Thrones” киноны долдугаар хэсгийн нээлтийн улаан хивсний ёслолд Кит Харингтон, Софи Тернер, Мэйси Уильямс, Роуз Лесли, Гвенолдин Кристи гээд бүгд хүрэлцсэн очсон.
Бас нэгэн сонирхолтой баримт дурдъя. Уг киноны нэгдүгээр анги үзэгчдийн хүртээл болсны дараахан гол баатар болох Жоффри Ланнистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Жек Глисон нэгэн захидал хүлээн авчээ. Кино эх зохиолыг бичсэн зохиолч Жорж Мартинаас түүнд “Танд баяр хүргэе, бүгд таныг үзэн ядаж байна” хэмээн бичсэн байна. Үнэхээр ч жүжигчин Жек Глисон аймшигтай дүрд тоглосон. Харин амьдрал дээр бол маш царайлаг, сэтгэл булаам залуухан жүжигчин аж. Харин Бриен Тартын дүрд тоглосон жүжигчин Гвендолин Кристи нь яг хэдний өдөр төрснөө мэддэггүй гэнэ. Тэрээр 191 см өндөр бөгөөд түүнээс арай намхан бүсгүйчүүд гудамжинд таарахаасаа түүн дээр очоод “Надаас өндөр эмэгтэйтэй таарахад сайхан байна. Би чинь өөрийгөө их өндөр гэж боддог юм” гэдэг аж.
“Game of Thrones” кинонд дэлхийд алдартай жүжигчдийн хүүхдүүд ч тоглосон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Жишээ нь алдарт Чарли Чаплиний зээ охин жүжигчин Уна Чаплин тоглосон билээ. “Game of Thrones” төслийг хэрэгжүүлэгч Америкийн HBO телевизийнхэн удахгүй уг киноны наймдугаар хэсгийг үзэгчдийн хүртээл болгох юм.