Categories
мэдээ нийгэм

Ус хэрэглэхийн гайхамшиг

Кофе, хийжүүлсэн ундаа,пиво уух дуртай хүн олон. Эдгээр ундааны хүнд өгөх таатай мэдрэмжийг ч олон хүн нэрлэж чадах байх. Гэтэл үнэндээ цэвэр усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөтэй харьцуулбал хаана ч хүрдэгггүй. Өнөөдрийн нийтлэлээрээ ус тогтмол хэрэглэхийн 9 сайн үр дүнг танилцуулж байна.

ТАРХИ ИЛҮҮ САЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

Хүний тархины 75-80 хувь ус байдаг.Тйим учраас ус их уух нь биеийн усны тэнцвэрийг барихад нөлөөлж тархинд илүү сайн ажиллах боломжийг олгодог.

ИЛҮҮ ХУРДАН ТУРАХ БОЛОМЖИЙГ ӨӨРТӨӨ ОЛГОНО

Ес хоногийн турш усыг тасралтгүй ууснаар 0,5 килограмм жин хаях болно.Түүнчлэн тухайн өдрүүдэд өдөр бүр 8 км гүйсэнтэй тэнцэх илчлэг хасах болно.

БОДИСЫН СОЛИЛЦОО ИЛҮҮ ХУРДСАЖ ЭНЕРГИЙН ТҮВШИН ДЭЭШИЛНЭ

Ус уух нь биеийн бодисын солилцоог илүү хурдацтай болгоход нөлөөлнө. Өглөөнөөс хойш уусан 0,5 литр ус бодисын солилцоог 24 хувиар нэмэгдүүлдэг.

БАГА ИДДЭГ БОЛЖ ЭХЭЛНЭ

Ус уух нь хоолны дуршлыг бууруулдаг бөгөөд энэ нь жин барихад нөлөө үзүүлдэг.

БИЕ ТАНЬ ХОРНООС ӨӨРИЙГӨӨ МАШ ХУРДАН ЦЭВЭРЛЭНЭ

Ус биед хуралдсан хор, янз бүрийн бодисын задралын бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэн биеэс зайлуулахад нөлөөлдөг.

УС МАШ ОЛОН ӨВЧНӨӨР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ

Ус нь цусны даралт ихсэх, давсагны өвчнүүд, гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг.

ЗҮРХ АЖИЛЛАХАД ХӨНГӨН БАЙХ БОЛНО

Цус өтгөн байх тусам зүрхний ачаалал ихэсдэг. Өөрөөр хэлбэл зүрх өтгөрсөн цусыг шахахад нилээн “хүч” гаргадаг. Энэ нь цусан бүлэн үүсэх, даралт ихсэх зэрэг олон төрлийн өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 5 аяга ус уух нь зүрхний эмгэг үүсэх эрсдлийг 41 хувиар бууруулдаг.

ЕРДӨӨ САРЫН ДАРАА Л ТА АРЬС ЦЭВЭР, ЗӨӨЛӨН БОЛЖ БАЙГАА МЭДРЭМЖИЙГ АВАХ БОЛНО

Ус тогтмол хэрэглэснээс хойш ердөө сарын дараа л та энэ мэдрэмжийг авах болно. Ус арьсыг цэвэрлэж, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэй байдаг.

ТАНД ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРНА

Мэдээж кофе, хийжүүлсэн ундаа, пиво зэрэг уух юмны үнийг усны үнэтэй харьцуулашгүй. Өөрөөр хэлбэл ус тогмол хэрэглэснээр та маш хямдхан зардлаар эрүүл мэндийнхээ төлөө том хөрөнгө оруулалт хийж “баян” болно.

Categories
гадаад мэдээ

​Хонгконгд эсэргүүцлийн цуглаан болов

Хонгконг БНХАУ-д нэгдсэний 20 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа билээ. Гэтэл өнөөдөр Хонгконгт эсэргүүцлийн цуглаан болж жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Жагсагчид “Нэг намын дарангуйлалыг устга” хэмээн хашгирч байсан тухай мэдээллээ.

Хонгкон БНХАУ-д нэгдсэн ойн баярт БНХАУ-ын дарга Си Жинь оролцохоор хүрэлцэн очсон бөгөөд Хонгконгийн шинэ захирагч Кэрри Ламын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох юм.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхлэлээ

Жаран сая малтай Монгол Улс жилд 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэдэг. Гэвч ОХУ, БНХАУ, Япон, Казакстан зэрэг орнуудад 10 орчим тонн махыг жилдээ экспортолж байна. Одооноос энэ тоо дахин 4000 мянган тонноор өсч, мах экспортлох орны тоо нэгээр нэмэгдэв.

Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхлэв. Иран улс Монгол Улсаас 4000 тонн хонины мах экспортлох хүсэлт тавьсны дагуу “Дархан мийт фүүдс” ХХК-иас 1000 тонн хонины мах ачсан машин өчигдөр /2017.06.30/ Иран улсыг зорилоо.

4000 тонн мах гэдэг нь 250 мянган төлөгний мах юм байна. Зөвхөн “Дархан мийт фүүдс” ХХК 250 төлөг экспортлохоор болсон бол “Мах импекс” ХХК 120 гаруй мянган төлөг импортлохоор бэлтгэж байна.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөр үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэх, малчдын хөдөлмөр үнэлэгдэх сайхан ажлын эхлэл болж байна. Монгол Улсын үе үеийн Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байсны үр дүн. Мах, сүүний аяны хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь Иран улс руу мах экспортолж эхэлж байгаа явдал. Зорилтот зах зээлд гарч эхэлж байна.

Иран улс долоо хоногт тутамд 4000 тонн махыг онгоцоор авах саналаа ч илэрхийлээд байгаа. Өнөөдөр манай махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас цаашид үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаашид тогтвортойгоор махаа экспортолж чадвал Монгол махны үнэлэмж дэлхийд дээшилж, Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөж нь асар их” гэдгийг онцолсон юм.

Зарим судлаачдын хэлж буйгаар жилд махны экспортоос 3,8 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой гэдгийг ч хэлж буй. Гэвч бидэнд дэлхийн стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаа болох лаборатори болон малын гоц халдварт өвчин гэх толгойны өвчин олон бий. Чухам эдгээрийг шийдэж чадвал Монгол мах дэлхийн зах зээлд гарч, эдийн засагт өгөөжөө өгч эхэлнэ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжихээр малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг худалдааны түнш орнуудтай байгуулж буй. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хонины махны хэрэглээ бүхий исламын шашинтай орнуудад мах экспортлох боломжтойгоос гадна дэлхийн бусад оронд ч бид махны экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мах боловсруулах үйлдвэрийг тодорхой бүс нутагт барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг ХХААХҮЯ-аас эхлүүлжээ. Тодруулбал, мах боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх 20х100 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд Австрийн хөрөнгө оруулалттай махны үйлдвэр Увс аймагт нээлтээ хийсэн. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Өвөрхангай аймагт махны үйлдвэрүүдийг тус тус нээгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдаа эргэлээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг МТ 1001 дугаарын МИ 171Е загварын нисдэг тэргээр Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа ой, хээрийн түймрийн голомт руу ниссэн.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж, хоол хүнс, эм тариа, хувцас хэрэгсэл, зарим шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгч түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн нэмэлт хүчээр НОБГ-ын 12 алба хаагчийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хүргэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүх, алба хаагчидтай уулзаж, түймэр унтраахад хүндрэлтэй зүйл, нутаг орны байдал, тэдний хоол хүнсний хангалт, багаж хэрэгсэл, хувцас хэрэгслийн талаар нэг бүрчлэн асууж байлаа.

Тэрээр, эх орон, байгаль дэлхийгээ гал түймрийн аюулаас хамгаалж, байгалийн хүнд нөхцөлд, олон хоногоор ажиллаж байгаа алба хаагч залуус та нараар Монголын ард түмэн бахархаж байгаа.

Алба хаагч та бүхэн гэр орноосоо хол, алс бөглүү ойд, халуун бүгчим, байгалийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өөрсдийн аюулгүй байдлаа сайн ханган ажиллаарай, хоол хүнснийхээ аюулгүй байдлыг анхаараарай гэж захиад алба хаагчиддаа амжилт хүссэн юм.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг суманд 2, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр суманд 2, Жаргалант, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1 түймэр нийт 14 түймрийг цурманд оруулсан.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Хэнтий аймгийн Дадал, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Матад, Халх гол суманд тус бүр 1 түймэр, нийт 7 түймэр асч байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 375 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 400 иргэн, 44 автомашинтай нийт 775 хүн, 1 нисдэг тэрэг, 71 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэл, приусын татвар нэмэгдэж байна

Холбоотой Зураг

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдач нөхцлийг хангахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Сангийн яамны зүгээс “ОУВС ингэж шаардсан” гэх тайлбар хийсээр долоон төрлийн татварыг нэмүүлсэн ч тус сангаас “Зардлаа тана” гэсэн ерөнхий шаардлага тавьсан байдаг.

Долоон төрлийн татвар өнгөрсөн 5 дугаар сарын 1-н, ирэх 7 дугаар сарын 1-н, 10 дугаар сарын 1-н гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуулинд тусгагдаад буй. Энэ дагуу ирэх сарын 1-н буюу нөгөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүнд:

НЭГ: АВТОБЕНЗИН, ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буйн зэрэгцээ ам.долларын ханш 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 400 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан дотоодод шатахууны үнийг хэвийн хэмжээнд барих шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын зүгээс:

2016.10.05 – Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон.

2016.11.30-Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.

2017.01.15 –Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулаад байсан юм.

Эдгээр гурван удаагийн хөнгөлөлтийг хоёр үе шаттайгаар /2017.07.01, 2017.10.01/ хүчингүй болгохоор 2017 оны төсвийн тухай хуулиндаа тусгаж өгсөн юм. Тодруулж хэлбэл автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг болиулсан гэсэн үг.

Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусахаар байна.

ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ДЭХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.

Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна.

Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.

Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ ирэх сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.

ГУРАВ. “ПРИУС” МАШИНЫ ТАТВАР ТЭГЛЭЛТИЙН ХУГАЦАА ДУУСЧ, 50 ХУВИАР ТӨЛНӨ

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм.

Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын /2017.05.01/ эхнээс хэрэгжсэн. Үүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болж байна. Ингэснээр түр тэглэгдээд байсан гаалийн онцгой албан татвар 2012.07.01-ний өдрөөс хойш нэмэгдсэн шатлалаараа буюу 50 хувийн хөнгөлөлтөөр тооцогдох юм.

Сонгууль угтсан амлалтын хүрээнд 5 дугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг энэ төрлийн автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор машин импортлогчид “Наадмын шизо”-гоо амжилттай үүсгэж, тэр хэрээр энгийн худалдан авагчдад хүнд тусах нөхцөл байдал үүсэв.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын инженерүүдийн уулзалт манай улсад болно

Австрали, Испани, Сингапур, Малайз, Индонез, Нидерланд зэрэг улсын тусгай мэргэжлийн инженерүүдийн уулзалт энэ сарын 6-нд Улаанбаатарт болно.

Уг уулзалтаар инженерүүд өөрсдийн шинэ технологийн ач холбогдлыг дэлгэн харуулж, технологийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Дэлхийн стандартад нийцсэн XXI зууны технологийг Монголд нэвтрүүлж эхэлснээр манай улсад хэрэгжиж буй төслүүдийн аюулгүй ажиллагаа, үр бүтээмжид өндрөөр нөлөөлнө гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм байна.

Шинэ технологийн нээлттэй өдөрлөгт 300 гаруй хувийн болон төрийн байгууллагын төлөөлөл, инженерийн чиглэлийн их сургуулийн профессорууд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг болж байна

“Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймагт “Номоо солилцъё” өдөрлөг болж байна.

Энэхүү өдөрлөг нь номд хайртай, ном унших дуртай залуусын тоог нэмэгдүүлэх, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготой аж. Өдөрлөгийн үеэр шинэ номын худалдаа, хуучин номын солилцоо болох гэнэ.

Тус аймгийн төв номын сангийн тохижилт, фондыг шинэчлэн баяжуулах ажилд энэ жил 50 сая төгрөгийг орон нутгаас нь шийдвэрлэжээ. Уг номын сан нь 38500 гаруй номтой ба өдөрт тогтмол 30-60 уншигч үйлчлүүлдэгийн 80 хувийг хүүхдүүд эзэлдэг байна.

Categories
гадаад мэдээ

​Хамбург хотноо Их 20-ын уулзалт болно

Хамбург хот зурган илэрцүүдДолоо хоногийн дараа ХБНГУ-ын Хамбург хотноо Их 20-ын уулзалт болох билээ. Ур арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр ХБНГУ-ын канцлер А.Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярьжээ. Германы Засгийн газрын тэргүүний санаачилгаар тэд утсаар холбогдсон бөгөөд Их 20-ын уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын талаар санал солилцсон байна.

Уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар уулзахаар төлөвлөсөн аж. Чухам хэдний өдөр Америк, Оросын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийх нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
гадаад мэдээ

Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгт буудалцаан болов

Нью-Йорк хотын Bronix Lebanon Hospital эмнэлэгт уржигдар орой нэгэн этгээд халдлага үйлдсэн байна. Тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан хар арьстан 35 настай Хенри Белло гэгч уг хэргийг үйлдсэн байна. Тэрээр M16 буугаар өвчтөнүүд рүү буудсаны улмаас нэг хүн амь үрэгдсэн тухай тухай мэдээллээ. Цагдаагийнхан хэргийн газар очиж гэмт этгээдийг баривчлах гэсэн боловч тэрээр өөрийгөө бууджээ.

Уг хэрэг явдал гарсаны дараахан Нью-Йорк хотын захирагч Билл Ди Блазио, Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жемс О’Нил нар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ нэг хүн амь үрэгдэж зургаан хүн шархадсан тухай мэдээлэв. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар давхар болгоноор явж гал нээсэн бөгөөд өөрийгөө шатаахыг завдсан аж.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн аймаг цэвэрлэх байгууламжтай болно

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар боллоо.

21.17 сая ам долларын санхүүжилт бүхий хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон дөрвөн аймгийн Засаг дарга гарын үсэг зурлаа. Ингэснээр аймгуудад хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө их шаарддаг тулгамдсан асуудлын нэг шийдэгдэж байна.

Дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа энэ намар эхэлж ирэх оны сүүлээр дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Дараагийн ээлжинд Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг 20 сая ам.доллараар барихаар Азийн хөгжлийн банктай тохиролцсон байна.

Монгол Улсын Засгийн газар цаашид Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр”, “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл”, “Хуурай хог хягдлын менежмент”, “Хотын ногоон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Азийн хөгжлийн банк 1991 оноос манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулалт хийн, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. 1997 оноос өнөөг хүртэлх хугацаанд гэхэд л буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд нийт 312,4 сая ам.долларын санхүүжилт хийгээд байна.