Categories
мэдээ цаг-үе

Сүүж уулын бэлд гарсан “Хүч”-ийн галаас улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нар өнгөтэй байна

Монгол түмний үндэсний их баяр наадам болоход арваадхан хоног үлдлээ. Наадам дөхсөн энэ өдрүүдэд бид уншигчдын хамгийн ихээр сонирхон үзэх дуртай хүчит бөхийн барилдаанд зодоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж буй Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн бөхчүүд гарсан Сүүж уулын амралтыг зорилоо. Энэ өдөр халуун нартай ч хэд хоног орсон борооны дараа шороо тоос босохгүй, чийг үнэртсэн тогтуун сайхан өдөр тохиосон байв. Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд байдаг энэ амралтын газар нь Сүүж уулын бэл дэх үзэсгэлэнт ой хөвч дунд байрладаг. Энд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны хүчит бөхчүүд сүүлийн 30 гаруй жил баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Энэ галаас даяар дуурсагдах далай даян дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор од нь гийж, улсын начин, харцага, заан цолыг алгасаж, улсын гарьд цолонд хүрэн, түмэн олноо баясгасан Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайхан, үнэн хүчит, саруул сайжрах, уран барилдаант улсын заан Ч.Бямбадорж, Монгол бөхийн түүхэнд “Зургаан залуу заан” хэмээн нэрлэгдэх хүчтэнүүдтэй ид өрсөлдөж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, тэртээ 1990-ээд оны эхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед нь улсын наадамд өвдөг шороодуулж байсан улсын начин Идшийн Мөнхбаатар нарын алдар цуутай улсын цолтнууд төрөн гарсан, өгөөж буянаа хайрласан нутаг билээ. Сүүлийн жилүүдэд Сүүж амралтад “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн Б.Адъяахүү начингийн шавь нар, Дорноговь, Хөвсгөл нутгийн бөхчүүдийн гал төвхнөх болсон.

Хойд чиглэлд Баруунтурууны даваанд орших “Сүүж уул” нөхөн сэргээх сувиллын амралтын газар ийнхүү жил бүр “Хүч”-ийн хэмээх тодотголтой олон аймаг, галын бөхчүүд наадмын бэлтгэлээ хангадаг уламжлал тогтсон гэж болно.

Биднийг очих үед бөхчүүд өглөөний хөнгөн бэлтгэлээсээ бууж ирж байлаа. Энэ жил тус амралтад улсын харцага Т.Амартүвшин, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нар “Хүч” спорт хорооныхоо бөхийн галыг, улсын гарьд Ш.Жаргалсайхан Завхан аймгийн бөхийн галыг, улсын начин Б.Адъяахүү “Аварга” дэвжээгээ ахлан гарсан байв. Завхан аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн тэгш ойн баяраар зургаа давж, улсын харцага цол хүртсэн Нөмрөг сумын харьяат бөх Д.Бат-Эрдэнэ, улсын начин цол хүртсэн Их-Уул сумын харьяат бөх Б.Чимэдвандан нарын улс, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүд бэлтгэлээ базааж байлаа. Харин Ховд аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн баяр наадмын долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунан давж, улсын заан хэмээх эрхэм цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор Өсөхөө аваргатай үнэн хүчийг үзэж, олныг баясгаж чадсан улсын харцага Нямаагийн Батзаяа, өнөө жилийн хамгийн сүүлийн барилдаан болох Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд иртэй, бяртай барилдан түрүүлсэн улсын начин Ч.Цогбаяр, аварга, арслан цолны хүндэтгэлийн барилдаанд дараалан түрүүлсэн аймгийн арслан Оргихын Хангай тэргүүтэй Ховдын 80 гаруй хүчтэн наадмын бэлтгэлээ базааж байв. Тус галынхан Буянт сумын уугуул, аймгийн арслан О.Хангайг улсын цолонд хүрэх залуу бөх хэмээн итгэл хүлээлгэж байгаа нь лавтай. Мөн улсын заан Б.Пүрэвсайханыг өнгөтэй байгаа талаар галын ахлагч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын харцага Түмэннасангийн Амартүвшин ярьж суув.

Б.ПҮРЭВСАЙХАН ЗААН, О.ХАНГАЙ АРСЛАН НАРЫН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ЖИГДЭРЧИХСЭН, ӨНГӨТЭЙ САЙХАН БАЙНА

Тэрбээр “Өнөө жил манай Ховдоос улсын шинэ цолтон төрөх магадлал өндөр байгаа. Өнгөрсөн жилүүдэд нутгаас минь төрөн гарсан заан, начингууд өнөө жил цолоо ахиулан барилдах, Ховдын ард түмэн, нийт монголчуудаа баярлуулсан сайхан амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Манай гал зургадугаар сарын эхээр уламжлал ёсоор Сүүж уулын амралтад гарч ирлээ. Энэ үзэсгэлэнт хангай нутаг, нутгийн бөхчүүдийг ивээлдээ авч, өгөөж буянаа хайрладаг их сайхан газар л даа. Өнөө жил хур бороо, хурц нар хоёр ээлжлэн, газар ногоо чийг алдахгүй, сайхан зун болж байна. Зун сайхан болбол наадам сайхан болдог гэдэг. Энэ жил бидний дундаас Б.Пүрэвсайхан заан, О.Хангай арслан нарын бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, өнгөтэй сайхан байна. Тийм болохоор удахгүй болох үндэсний их баяр наадмаар нэг нь цолоо ахиулж, нөгөө нь шинэ цолонд хүрнэ хэмээн ихэд найдаж байна. Хэрэв Б.Пүрэвсайхан заан түрүүлж, арслан цол хүртчихвэл 77 жилийн өмнөх Ховдын Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтана гэсэн үг. Тиймдээ ч нутгийн зон олны олон арван жил хүлээсэн итгэлийг Б.Пүрэвсайхан заан алдахгүй болов уу. Гэвч улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг санах хэрэгтэй. Харин улсын шинэ цол хүртэх боломжтой олон сайхан аймгийн цолтнууд манай галд бий. Тухайлбал, Буянтын О.Хангай, Дарвийн Б.Тайван, Мянгадын Н.Батсайхан нарын шилдэг аймгийн арслангууд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Эдгээр бөхчүүд өнөө жил улсын начин, цаашлаад өндөр цолонд хүрч барилдах бүрэн боломж бололцоо харагдаж байгаа юм” гэлээ. Түүнийг нь батлах мэт галын ахлагч Ц.Лхагвасүрэн начин энэ жилийн бэлтгэл сургуулилтын явцын талаар яриа өрнүүлэхийг шамдахгүй байсан юм. Энэ хангайд галд гарсан бөхчүүд өглөө 6 цагт босч ойрын зайд тайван гүйж, биеэ халаах хөнгөхөн дасгалуудыг гурван цаг давтдаг аж. Ингээд 9 цагт байрандаа ирж, өглөөний цайгаа уучихаад амардаг гэнэ. Харин өдөр 13 цагаас бөхчүүд нэгдсэн журмаар өдрийн хоолоо иддэг байна. Бид ч бөхчүүдийн өдрийн хоолноос ам тослов. Бөхчүүд өглөөний цайнд бантан, өдрийн хоолонд тахианы махтай, ногоотой шөл, мөн хоёрдугаар хоол иддэг байна. Хоолны порц нь аргагүй л бөх хүн идэж баймаар их ажээ. Улмаар хоолоо шингээх дасгал, хөдөлгөөн хийж байгаад хоёр, гурван цаг унтаж амрав. Харин үндсэн бэлтгэлээ үдээс хойш буюу 16 цагаас эхэлж хийдэг гэнэ. Энэхүү бэлтгэлээр галын бөхчүүд зодог, шуудгаа өмсөж, олон жил бэлтгэл сургуулилтаа хангасан тэгшхэн талбай болох дэвжээн дээр очин, 50 орчим метр зайд дэвэн дэвсээр гүйдэг ажээ. Барилдаан эхэлж бөхчүүд хоёр талын засуулаас дэвэн гардаг шиг хэд хэдэн удаа энэхүү үйлдлээ давтлаа. Энэ үеэр улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэнтэй бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын арга барилын талаар тодрууллаа.

Улсын начин Д.Адъяахүү шавь нараа бэлдэж байна

Улсын начин Ч.ЦОГБАЯР: БИЕИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛАА АШИГЛАЖ, ХИЙ БАГАТАЙ БАРИЛДВАЛ ЦОЛОО АХИУЛАХ БОЛОМЖ БИЙ

Тэрбээр “Бөхчүүд ийн дэвэн гарах нь их учиртай. Нэгдүгээрт, үндсэн бэлтгэлд орохын өмнөх биеийн халаалт болно. Хоёрдугаарт, зүлэг ногоон дэвжээн дээрээ хэрхэн зөв гарахыг мэдэж авна. Мөн барилдахын өмнөх сэтгэл санааны бэлтгэл болж өгдөг. Гуравдугаарт, хэдэн удаа дэвэн гарч байна, тэр тоогоор наадамд давна гэсэн бэлгэшээлийг боддог. Ингээд бөхчүүд маань 8-10 удаа гарч дууссаны дараа жижиг биетэй бөхчүүд том биетэй бөхтэй хослон барилдаж, халаалт авдаг юм” гэлээ. Үнэхээр түүний хэлснээр зарим бөхчүүд нь долоон удаа гарч, зарим нь 10 удаа гараанаас туг хүртэл дэвэн гарч байв. Энэ үеэр улсын харцага Н.Батзаяа, улсын начин Ц.Цогбаяр нар хоорондоо “Хоёулаа хэдэн удаа гарчихав аа. Ер нь долоо гарчихсан байхад болно доо” гэцгээн ярилцаж байлаа. Энэ нь өнөө жилийн баяр наадмаар долоо давна гэсэн санаа юм. Ч.Цогбаяр начин бусад бөхчүүдээс арал чац сайтай, бяр ихтэй бөх. Энэхүү биеийн онцлог, давуу талаа ашиглаж, хий багатай барилдаж чадвал өнөө жил долоогийн даваанд гараад ирэх боломж бий хэмээн галын ахлагч Т.Амартүвшин харцага ярилаа.

Улсын харцага Н.БАТЗАЯА: ӨНӨӨ ЖИЛИЙН НААДМААР ЦОЛОО БАТЛАХЫГ ХИЧЭЭНЭ

Мөн энэ үеэр Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор тавын даваанд Г.Өсөхбаяр аваргатай урамтай сайхан барилдаж, олныг шуугиулсан, зургаагийн даваанд хүчит арслан Намсрайжавын Батсуурийг давж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяатай ярилцлаа.

-Бэлтгэл сургуулилт тавлаг уу. Хэзээнээс эхэлж галдаа нэгдэв?

-Зургадугаар сарын 10-наас эхэлж энэ сайхан хангайдаа нутгийн болон бусад бөхчүүдтэй хамтран бэлтгэлээ базааж байна. Одоогоор нийт бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, сайхан байна. Өнөө жил манай галд дөрвөн аймгийн 150 гаруй бөхчүүд нэгдсэн нь урьд жилүүдийнхээс олон бөхчүүд нэгдэн бэлтгэл хийж байгаагаараа онцлог болж байна.

-2015 оны баяр наадмыг та сайн санаж байгаа байх. Үнэхээр үзэгчдийг шуугиулсан барилдааныг та гаргасан шүү?

-Тэр жил миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Зургаан жил начин цолтой барилдаж байгаад тэр жил цолоо ахиулахыг үнэхээр их хүссэн. Тэр хүсэлдээ хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн. Ингээд харцага болж чадсан. Тухайн жил начин цолоо баталчихаад л маш их баярлаж байлаа. Тавын даваанд хүндэлж явдаг аваргадаа амлуулж, барилдан, давсан.

-Мөн та өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байх аа?

-Тийм ээ. Тэр жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Миний хувьд тэр жил улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан бол түрүү булаалдахаар үлдэх байсан. Тухайн үед би эхлээд барьц сонгоод дараа нь аварга сонгосон. Барьц салах явцад аваргыг ардаа алдаад унасан. Аваргатай урьд нь олон барилдаж байсан. Гэхдээ сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэнэ гэдэг их хэцүү.

-Энэ жил танай галаас хэнийг илүү өнгөтэй байна гэж харж байна?

-Мэдээж хэрэг нутгийн сайхан заан Б.Пүрэвсайхан маань өнөө жил их өнгөтэй байгаа. Мөн Буянтын О.Хангай арслан, Дарвийн Б.Тайван гээд аймгийн арслангууд бий. Ер нь бөхчүүд маань дор бүрнээ бодлоготой, хийгүй, хамаг бүхнээ дайчлан барилдаж чадвал улсын цолонд хүрэх тийм ч хол биш юм шиг санагддаг.

-Таны хувьд өнөө жил хэрхэн барилдах бодолтой байна. Мэдээж хэрэг цолоо ахиулахыг бодох байх?

-Би өдий хүртэл харцага хэмээх цолныхоо хэмжээнд хүрч барилдахыг хичээсэн. Цаашдаа ч сайн барилдах болно. Харин өнөө жилийн баяр наадмаар цолоо батлахыг, цаашлаад ахиулахын төлөө хичээнэ дээ” хэмээв.

УЛСЫН ЗААН Ч.БЯМБАДОРЖ АГСАН ШАВЬ НАРТАА ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬДАГ БАЙЖЭЭ

Монгол Улсын манлай заануудын нэг, хөдөлмөрийн баатар Чадраабалын хүү улсын заан Бямбадорж гуай ид үедээ наадамчин олныг шуугиулсан, зоригтой дайчин барилдаан гаргаж байсныг ард түмэн мэднэ. Тэрбээр барилдахын зэрэгцээ нутгийнхаа болоод бусад нутгийн залуу бөхчүүдийг дэмжиж, улсын цолонд хүргэж байсан хүн юм. Улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нарын багш байсан тэрбээр шавь нартаа хатуу, зөөлнийг уялдуулан бөхийн эрдэмд сургадаг байсан гэдэг. Наадмын өмнө галд гарч бэлтгэл сургуулилтандаа орсон л бол залуу бөхчүүдийг бүтэн сарын турш өндөр шаардлага тавин бэлддэг байсан тухай түүний шавь нар нь дурсаж байв. Ч.Бямбадорж заан бэлтгэлээс хоцорсон, мэх зааж өгөөд сурахгүй байгаа бөхчүүдийг сураар ороолгож, заримыг нь автомашинаар араас нь хөөн элдэж байсан тухай яриа ч бий. Залуу бөхчүүдтэй ийн өндөр шаардлага тавьж ажилласны хүчинд Ховд нутгаас өдгөө гурван заан, гурван харцага, өчнөөн улсын начин төрсөн байдаг гэнэ. Орой бэлтгэл дууссаны дараа Ховдын бөхчүүд ийн багшийгаа санагалзан ярьж суусан билээ.

ЗАВХАНЫХАН ӨНӨӨ ЖИЛИЙН НААДАМД АЙМГИЙН АРСЛАН ШАРХҮҮГИЙН ПҮРЭВГАРЬДАД НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Харин Завханы бөхчүүдийг ахалж буй улсын гарьд Ш.Жаргалсайхан хувийн ажлаар хот руу буцсан, удахгүй ирнэ хэмээн нутгийн бөхчүүд нь хэлж байсан юм. Завханыхан өнөө жилийн наадамд аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг өнгөтэй байгаа, наадмаар улсын цол хүртчих байх гэсэн найдлага тавьж байлаа. Ш.Пүрэвгарьдын хувьд хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч бөхтэй барилдсан дайчин, шуурхай барилдаж, олон угсраа мэх, уран барилдаан гаргадгаараа онцлогтой бөх. Тиймдээ ч өнөө жил од нь гийж, улсын цол авч магадгүй аймгийн шилдэг арслангуудын нэг билээ. Ирэх долдугаар сарын эхээр “Сүүж уул” амралтад гарсан галуудын бөхчүүд их баяр наадмын өмнөх сүүлийн сорилго барилдаан зохион байгуулна гэнэ. Энэ барилдаанаас аль галын хэний бэлтгэл нь ханаж, иртэй, уртай, хүчтэй, тамиртай болж өв тэгш жигдэрснийг харуулах биз ээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хуульчилж өгөх хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы 2017.06.27-ны Мягмар гаригийн142(5709) дугаараас авч нийтлэв.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж дууслаа. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь хар пиараар нэгнээ “нүдсэн” цахим ертөнцийн давалгаа байв. Тухайн нэр дэвшигчийн ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжүүлэх, ямар бодлого баримталж ажиллах, Монголынхоо нэр хүндийг олон улсад хэрхэн өсгөх, иргэдийнхээ ахуй амьдралыг яаж дээшлүүлэх зэрэг мөрийн хөтөлбөрийн амин чухал асуудлууд цахим хар давалгаанд живж алга болсон.

Нэгнээ удам судраар нь жигшин зэвүүцсэн, өмнө нь эрхэлж байсан ажил алба хийгээд туулж ирсэн зам мөрийг нь харлуулж гутаасан ийм л сонгууль болох шив дээ.

Төрийн тэргүүнээр хэн нь сонгогдсон ч Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл бус харин ч энэ улс оронд ажиллах амьдрах боломжгүй, олон нийтийн нүүрийг харахын эцэсгүй гэмт хүмүүс болж хувирсан. Төрийн албан тушаалыг үнэлсэн 60 тэрбумын дуулиан болоод нууц бичлэгүүд, оффшорын асуудал, овоолсон шороо буюу төмөр зам, гадны шашин, мөн гадны иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө авсан бичлэг гээд нийтэд задраагүй, дуулиан шуугиан үүсгээгүй асуудал ховор. Гэвч аль талынх нь үнэн бодит, аль талынх нь худал хуурмаг, гүжир гүтгэлэг гэдэг нь мэдэгдэх арга байхгүй. Монгол төрийнхөө тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийг сонгох сонгуулиа бид бүхэн хоёр, гурав хуваагдан талцаж, нэгнийхээ муу муухайг ил цагаан дуудалцаж, монгол хүний жудаг ёс, эрхэм нандин чанарыг уландаа гишгэн, хүнээ алдан байж хийдэг нь ямар учиртай юм бэ. Эргээд уулзах нүүртэй байх сайхан гэж хуучны үг бий. Гэтэл эргэж уулзах улаан нүүр байтугай энэ хэдхэн хоногт өстөн дайснууд болж, өөр хоорондоо хэмхэлдэн байж сонгуулийн ард гарлаа.

Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй хар пиараар нэр дэвшигчээ, нийгмээ будсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгууль Монгол Улс цаасан хэвлэлийн оронд цахим ертөнцийг чухалчлан үзэх болсны горыг амсав уу гэлтэй. Цахим ертөнцийг бодлогоор хазаарлахгүй бол элдэв эвлүүлэг, гүжир гүтгэлгийг зогсоох аргагүй нь тодорхой. Энэ олон вэб сайт, арилжааны сувгуудын ард мэргэжлийн сэтгүүлч, хариуцлагатай редактор, мэргэжлийн редакци байна уу гэхэд эргэлзээтэй. Ерөөсөө компьютерийн мэдлэгтэй, орчин үеийн техник технологийг эзэмшсэн хориод насны залуучууд л цахим сайтын цаана байх шиг.

Сэтгүүл зүйн боловсрол, туршлага бага, ёс зүй гэдгийг сайтар гадарлаагүй тэд ямар ч хамаагүй материал, бичлэг тавьж нийгэмд шуугиан үүсгэхийг бодно. Уул нь хууль дүрмээрээ бол тухайн хүний нэр төрийг эрхэмлэх, сэтгүүл зүйн алтан зарчмаа баримтлах гээд олон асуудал байдаг л юм.

Тэгвэл цаасан хэвлэл сонин тухайн улс үндэстний түүх, баримт болж үлддэг. Баримттай зүйл дээр хүн ёс зүйгээ алддаггүй юм. Ялангуяа мэргэжлийн хамт олныг бүрдүүлсэн, нэгдсэн редакцитай сонины хувьд аливаа асуудлыг хариуцах эзэн нь тодорхой байдаг. Нэр ус нь, утасны дугаар, тамга тэмдэгтэйгээ сониныхоо цагаан цаасан дээр хар бэхээр бичиглэгдээд зурайж байдаг. Иймийн учир мэргэжлийн редакцитай, мянга мянган уншигчдын итгэл хүлээсэн сонин худал хуурмаг мэдээ материал нийтлэхгүй. Нийгмийн өмнө тэгж булайгаа дэлгэн хэрэг төвөгт орооцолдохыг бодохгүй. Мэргэжлийн ёс зүйн кодоо чанд баримталдаг.

Дэлхий нийтэд шинэ үеийн сэтгүүл зүйг Пулитцерээс хамааралтай гэж үзэх нь бий. 1878 онд Пулитцер “Dispatch”, “Post” сонинуудыг худалдан авч редакцийг нь нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байдаг. Ингээд улстөрчдийн талаар болон хэл ам таталгасан бүхний тухай зөвхөн үнэнийг бичиж уншигчдын хүртээл болгож байв. Дараа нь Нью Йоркт ирээд “The New York World” сониныг худалдан авч, тус сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдлуудтай хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх материал өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байсан гэдэг. Зөвхөн үнэнийг өгүүлж бичсэнээрээ “The New York World” сонин удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон түүхтэй. Түүний сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл зэрэг нь сэтгүүл зүйд дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Мөн түүний нийтлэлийн үр дүнд Америкийн сүлд болсон эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулснаараа хөшөөг босгосон гэж үздэг. Сонины нийтлэл гэдэг ийм л үнэт баримт болдог.

Орчин үед цахим сэтгүүл зүйг илүүд үзэх болжээ. Цахим сайт ажиллуулж, хэвлэл мэдээллийн зах зээлд гарна гэдэг маш амар, хямд, боломжтой хувилбар болж. Мэргэжил боловсрол, дадлага туршлага, энээ тэрээ гэлгүй хэн ч түүнийг ажиллуулж, юу ч хийж болно гэх ойлголт нийгэмд бий болсон нь аюултай. Цахим сайтууд хариуцлага хүлээхгүй. Хүний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон материал байрлууллаа гэхэд дараа нь шууд авчихаж болно. Арилжааны суваг, телевизүүд ч ялгаагүй. Мөн л бохир нэвтрүүлэг явууллаа гэхэд араас нь залгуулаад үндсэн нэвтрүүлгээр сольчихож болно. Ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “ориг эх нь энэ байна” гээд сольсон нэвтрүүлгээ үзүүлчихнэ. Харин сонин бол нэг л хэвлэгдсэн бол тэр чигтээ баримт болоод үлдэнэ. Урж шатаадаггүй юм бол хичнээн зуун жил болсон ч шарласан хуудас нь байж л байна.

“Манай телевизүүд аналоги системээс дижитал систем рүү шилжиж, дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлэх болж. Программ хангамж нь сайжирсан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь үүнийг дагаад үнэнийг худал болгож, сайхныг муухай болгож, муухайг сайхан болгох боломж нь илүү нарийн болсон. Ингэхээр л итгэл үнэмшил улам буураад байна. Хэдэн зууныг дамжин хэвлэгдэн гарч өнөөдрийг хүрсэн цаасан сонины үнэ цэн хэвээр байгаад байгаа юм” гэж өмнө нь бичиж байсан маань ийм учиртай.

Монголын улстөрчид сүүлийн үед цаасан хэвлэлд дургүй болсон. Энэ нь 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуультай холбоотой. Уг хуулинд “Радио, телевиз, цахим вэб сайтаар сонгуулийн сурталчилгааг явуулна” гэж заасныг манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн эсэргүүцэж, түүний үр дүнд сониноор явуулахаар болж байв. Улс орны түүхийн гол нотолгоо баримтыг ингэж үгүй хийхийг санаархсан нь улстөрчдийн алсыг хараагүй ойрын бодлого нөлөөлсөн. Түүнийхээ горыг өнөөдөр амслаа. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг харахад үнэхээр хэцүү болжээ. Тухайн хүний дуу хоолой, дүрс бүгдийг яаж л бол яаж эвлүүлж, хүссэнээрээ өөрчилж, яг л кино шиг нэвтрүүлгүүд бэлддэг болсон байна. Технологийн дэвшлийг бол хэлэх юм биш.

Аливаа зүйл мөнгөнд хэт автахаараа болохоо байдаг. Оргилдоо хүрсэн зүйл хүссэн ч эс хүссэн ч өөрөө өөрийнхөө толгойг залгидаг нь жам. Цахим сайтыг ийм л хувь тавилан хүлээж байна уу гэх бодол энэ удаагийн сонгуулиар төрлөө. Ард түмэн, нийгэм ч ийм л бодолтой байх шиг байна. Цахимын хар пиарт эргэлзсэн хүмүүс сонины редакцитай холбогдож тухайн асуудлын үнэн зөвийг лавлаж байна. Иргэд сониноор үнэнийг хэлж өгөхийг хүсч байна.

Тэгэхээр цаашид сонгуулийн сурталчилгааг мэргэжлийн редакцитай, нэр хүндтэй сониноор явуулдаг болмоор байна. Бүр хуульчилж өгөх хэрэгтэй. Үндсэндээ Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, албан ёсны сурталчилгааг сониноор явуулна гэдгийг тов тодорхой зааж өгөх нь чухал. Тухайн хуулинд сонин хэвлэлийг хариуцлагатай байхыг шаардаж нэг нам, нэг нэр дэвшигчийн талд үйлчилдэггүй байхыг хатуу анхааруул. Мөн одоогийн мөрдөж байгаа хуулинд тусгасан хэвлэмэл хуудсын хэмжээг зааж өгөхийг болиулж таарна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “Гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” гэж бий. Энэ бүгдийг болиулж ерөөсөө сонин хэвлэлээр сонгуулийн сурталчилгааг явуулахыг хуульчлах нь зөв зүйтэй. Ингэж л баримт нотолгоотой, үнэн бодит мэдээллийг чухалчилж, сэтгүүл зүйн ёс зүйгээ баримталдаг сонин хэвлэлд сонгуулийн сурталчилгааг хамааруулахгүй бол улс орны цаашдын ирээдүй ямраар ч эргэх аюултай болжээ.

Б.БАТБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цагаан цаасан дээр юу ч бичиж болдог” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн ярилцлага нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ. Тэрбээр өчигдөр АН-ын бүлгээс тавьсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Өдрийн сурвалжлага” буландаа онцгой байдлын завьт эргүүлийнхний ажлыг сурвалжиллаа. Тэд усанд живсэн хүүхдийн амийг аварсан юм. Сүүлийн үед их халж байгаатай холбоотойгоор иргэд гол усанд осолдох нь нэмэгджээ.

Мөн төмөр замын гэх хэрэгт холбогдсон, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийн ярилцлага нэг, 11 дүгээр нүүрт гарлаа. Тэрбээр “Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан баримт нотлогдоогүй, тийм мөрдөн байцаалт ч явагдаагүй” гэх зэргээр ярьжээ.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Цагаан цаасан дээр юу ч бичиж болдог” хэмээх нийтлэл гарлаа.

Сүүлийн үед хотон шувууд их хорогдох болсон байна. Энэ тухай “Хусуурны гангараа буюу нэн ховордсон хотонгийн мөхөл” хэмээх эрэн сурвалжилсан нийтлэл долдугаар нүүрт гарлаа.

Мөн Баримт, үйл явдлын зургадугаар нүүрт УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн бүсгүйн эгч хэвлэлийн хурал хийж, олон нийтэд хандсан талаарх мэдээлэл гарлаа

Эдгээрээс гадна жүжигчин С.Өлзийхүүгийн сонирхолтой ярилцлага, “Эмч”,”Танин мэдэхүй” зэрэг хуваарьт булангууд энэ өдрийн дугаарт хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хохирогч С-ын эгч: Дүү маань хүчиндүүлчихээд, одоо нэр төрд халдсан болж давхар хохирох болчихоод байна

УИХ-ын гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн талаар дам мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Сүүлдээ хүчингийн хэрэг үйлдсэн хүн нь УИХ-ын залуу гишүүн хэмээх мэдээлэл тарж, хэрэгт холбогдсон эрхэм өөрөө үгүйсгэж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн гэх хохирогчийн эгч болон хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэвлэлийнхэнд хандлаа.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн гадаа болсон хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг болсон. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн ярилаа.

Түүний дараа хохирогч С-ын эгч “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносоны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.

Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн.

Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.

Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан.

Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан.

Дүү маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Бид хоёр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Тэгэхэд сул өрөө байхгүй байна, хурцийн тасагт хэвтүүлчих үү гэсэн. Сэтгэл санааны хувьд хэцүү байхад нь хурцийн тасагт шууд хэвтүүлчихвэл яах билээ. Тэнд байгаа хүмүүсийг хараад юу бодох вэ, тийм биз дээ.

Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Хэнд хандахаа би мэдэхгүй байсан. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга. Сая хэвлэлийн бага хурал хийе гээд ирэхэд хүртэл дарамттай байна. Хурал хийх газар нь оруулахгүй гээд бүх сэтгүүлчдийг тараах гээд байж байх жишээтэй.

Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй.

Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм

Categories
мэдээ нийгэм

Интерполоор 11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Ц.Гансүх гэгчийг баривчилжээ

Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллааИнтерполоор 11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Ц.Гансүх гэгчийг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баривчилсан байна. Түүнийг Монгол Улсын хилээр орж ирээд байхад нь иргэний мэдээллийн мөрөөр олж, саатуулжээ.

Өлгий сумын харьяат Ц.Гансүх гэгч нь 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60 сая төгрөг завшиж, Казахстан Улс руу оргон зайлсан байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Хурлаараа иргэдийн зээлийг чөлөөлөхтэй холбоотой Ардчилсан намын зүгээс гаргаж тавиад байгаа асуудлыг хэлэлцсэн гэнэ. АН-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдвол иргэдийн зээлийг чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр даалгавар өгнө гэж мэдэгдсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өрсөлдөгч намынхан нь ингэж мэдэгдсэн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх, энэ асуудлаар гомдол гаргах уу гэхчилэнгээр ярилцсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

ОХУ- аас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

ОХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлааХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан /2017.01-17-24/ Олон улсын хөдөө аж ахуйн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн, Хөдөө аж ахуйн сайд нарын 9 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй тусгайлан уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах хэлэлцээр бодит ажил болж байна.

Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд хоёр тал/2017.07.03/ гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов Р.З., болон бусад албаны төлөөлөл оролцов. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэгдэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ-ноос Баян-Өлгий аймгийн санал тооллогын талаар тайлбар хийлээ

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мөн саналын дүн мэдээ хоцорсон Баян-Өлгий аймгийн асуудалд ч тайлбар хийв.

Одоогийн байдлаар хоёр дахь шатны саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан бөгөөд дүүргүүдийн саналын хуудсыг маргааш гэхэд хүргэж дуусгах юм байна. Харин гадаадад байгаа иргэдээс санал хураах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал хураах үйл ажиллагааг явуулахад бэлэн болжээ.

Сонгуулийн санал хураалтын дүн мэдээ оройтож ирсэн Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек мэдээллийн үеэр дараахь тайлбарыг хийсэн юм. Тэрээр “Баян-Өлгий аймгийн 21 хэсгээс зургадугаар сарын 26-27-ны мэдээллүүд оройтож ирсэн. Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн 42 хэсэгт нь тооллого явуулсан, үлдсэн 47 хэсэгт техникийн тооллого явуулсан. Сонгуулийн дүн мэдээ оройтсон тул зургадугаар сарын 29-ний өдөр оройтож ирсэн хэсгүүдэд албан бичгийн дагуу намуудад бичиг хүргүүлсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй дөрвөн хүнийг ажиглагчаар оруулахаар хариу ирсэн. Харин МАХН-ын хувьд Баян-Өлгийн сонгуулийн хороонд тооллого хийх шаардлагагүй гэж үзэж ажиглагч оролцуулахгүй гэж мэдэгдсэн” гэв.

Оройтож мэдээ ирсэн хэсгүүдийн санал тооллогыг зургадугаар сарын 29-ний 17 цагаас эхэлж 30-ны өдрийн 12 цагт дуусгасан байна. Нийт дүнгээр Баян-Өлгий аймагт 39255 хүн санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 19332, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 14218, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 5205, огт тэмдэглээгүй 500 саналын хуудас гарсан байна. Мэдээ саатсан 21 хэсгээс 9 нь техникийн тооллогод хамрагдсан аж. Мэдээ оройтсон шалтгаан нь цаг агаар болон, газрын байршлаас шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа юм. Мөн дахин санал хураалтын ажилд 7.2 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Харин дахин санал хураалтад сонгогчид хуулиар баталгаажсан эрхээр саналаа өгөх бөгөөд СЕХ-ны зүгээс сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхыг уриаллаа.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Б.Буянзаяа: Мэргэжил сонголт бол таны амьдралын баталгаа

ХААИС-ийн элсэлт болон тус сургуулийн хөтөлбөрийн шинэчлэл, суралцагчдад олгож буй боломжийн талаар ХААИС-ийн Сургалт эрхэл­сэн дэд захирал, док­тор Б.Буянзаяатай ярилцлаа.

-Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөгчид суралцах сургууль, мэргэж­лээ сонгож байна. Энэ жи-лийн элсэлт хэзээнээс эхлэх вэ?

-Аймаг, орон нутагт 07 дугаар сарын 1-4-нд, Улаанбаатар хотноо бүртгэл, мэргэжил сонгуулах үйл ажиллагаа 07 дугаар сарын 01-нээс 08-ны 22 цаг хүртэл онлайн болон сургуулийнхаа төв байранд явагдаж байна.

Бид сургуульд элсэгчид болон тэдний эцэг эхчүүдэд мэргэжлийг нь зөв сонгуулах, хүсэл сонирхолд нийцүүлэх зорилгоор эрдэмтэн багш нараас бүрдсэн зөвлөгөө өгөх баг томилон ажиллуулж бай­гаа. Онлайн бүртгэл болон элсэлттэй холбоотой мэдээл­лийг www.elselt.muls.edu.mn, www.muls.edu.mn хаягаар орж авах боломжтой.

-ХААИС-ийн давуу тал, амжилттай суралцагчдад ямар боломж, хөнгөлөлт байдаг вэ?

-Манай сургууль нь Улс орны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн тулгуур болсон эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, экологи, байгаль хамгаалал, аялал жуулчлал, инженерчлэлийн чиглэлээр сургалт явуулахаас гадна байнга төрийн бодлогын анхаарлын төвд байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, нийгэмд зайлшгүй шаардлагатай, эрэлт, хэрэгцээтэй мэргэжилтэнийг бэлтгэж байгааг харуулж байна. Дэлхий даяар хүнсний хомсдол, аюулгүй байдлын талаар анхаарлаа хандуулж байгаа өнөө үед энэ чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц төрийн өмчийн сургууль юм.

Харин манай сургуульд элсэхийг хүссэн амжилттай суралцагч, төгсөгчдөд дараах боломж хөнгөлөлт нээлттэй байгаа.

• Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.

• ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарч, ерөнхий шалгалтын 500-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.

• Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

• Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.

• Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 түүнээс дээш бол “Агрономи”, “Зооинженер технологи”, “Биологи-Агнуур зүй“, “Загасны аж ахуйн технологи”, “Бэлчээр, тэжээлийн технологи” мэргэжлээр элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.

-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжил сонгох тал дээр мэдлэг, мэдээлэл багатайгаас болж алдах тохиолдол байдаг. Танай сургуульд төгсөгчдийн сонирхлыг төдийлөн татдаггүй ч ирээдүйд эрэлттэй ямар мэргэжлийн анги байна вэ?

-Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том алхамын нэг бол мэргэжлээ зөв сонгох явдал бөгөөд мэргэжил сонголт бол таны амьдралын баталгаа юм. Өнөөдөр мэргэжлээ зөв сонгож амьдралд бүтээлчээр хандаагүйн улмаас их, дээд сургуульд 4 жил сураад эцэст нь ажил, орлогогүй эргээд л аав ээжийн халамжинд очдог муу зуршил залуучуудын дунд бий болсон байна. Судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь эцэг эхийн зөвлөмжөөр, 30 хувь нь өөрийн сонирхолоор, 20 хувь нь мэдээллийн хэрэгсэл болон найз нөхдийн зөвлөгөөгөөр мэргэжлээ сонгодог байна.

Тиймээс эцэг эхчүүддээ зөвлөхөд хүүхдийнхээ мэргэжил сонголтод хариуцлагатай хандаж зөвхөн өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг бус ирээдүйгээ харсан, өөрөөр хэлбэл тав, арван жилийн дараа ямар мэргэжил илүү эрэлттэй, ажлын байртай болох боломжтойг судалж сонгуулах хэрэгтэй.

Одоогоор дэлхийн нэн эрэлт¬тэй мэргэжлийн жагсаалтыг эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байна. Үүний цаана дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, өндөр хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж, хүрэлцээ, аюулгүй байдал гээд олон хүчин зүйл хүн төрөлхтөний чанартай, эрүүл амьдрах нөхцөлд нөлөөлж буйг харуулж байгаа юм.

Энэхүү нөлөөлөлтэй холбоотойгоор хүнс үйлдвэрлэл, органик тариалан, хүнсний чанар, аюулгүй байдал, астро фермер, биотехнологич, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, биологийн кибернетикч буюу биологийн эдийн засагч, ландшафтын архитектур зэрэг хүн бүрийн анхааралд төдийлөн байдаггүй боловч дэлхийн эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтанд хурдтайгаар орж ирж байна.

Манай сургуульд дэлхийд эрэлттэй байгаа дээрх мэргэжлүүдээс гадна Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогыг дэмжих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад зориулагдсан Зоо инженер технологи, Агрономи, Малын эмч, Экологи, байгаль орч­ныг хамгаалах технологи, Хүнсний инженерчлэл, Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ, Байгалийн аялал жуулчлал, Маркетинг зэрэг хөтөлбөр, мэргэжлүүдээр сургалт явуулж байна.

Ирээдүйд эрэлттэй, бие даан бизнес эрхлэх, ажлын байр бий болгох, хамгийн гол нь төрийн бодлого, хууль эрх зүйн түвшинд дэмжигдэж баталгаажсан дээрх мэргэжлүүдийг сонгох нь сургууль төгсөгчдийн хувьд оновчтой байх болов уу.

– Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнгийн талаар ярина уу?

-Бид ажил олгогч, салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, төгсөгчид, судлаачидтай хамтран мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүддээ бодитой шинэчлэлийг хийн түүнийгээ хэрэгжүүлж эхлээд байна.

Бодитой шинэчлэл гэд­гийн учир нь оюутнуудад заах хичээлийн агуулга буюу мэд­лэг, ур чадварыг зөвхөн багш тодорхойлох бус ажил олгогч, төгсөгч, судлаачдын саналыг тусган оруулснаараа төгсөгчид маань нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой болно гэж үзсэн.

Зөвхөн агуулга төдийгүй түүнийг хэрэгжүүлэх сургалтын орчныг үе шаттайгаар шинэчлэн сайжрууллаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ 34 лаборатори шинээр байгуулснаар оюутнууд суралцах хугацаандаа үйлдвэрлэл, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахуйц ур чадвар, дадлага туршлагыг эдгээр лабораторит олж авах боломж бүрдсэн.

Манай сургуулийн оюутан бүр хоёр дахь жилээсээ эхлэн сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийж түүнийхээ үр дүнг төгсөн гарахдаа бизнес төсөл, төгсөлтийн ажил болгон амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх улмаар ажлын байр бий болгох төсөлтэй төгсдөг болж байна. Энэ бол хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүн буюу ажлын байр хайдаг бус өөрсдөө ажлын байр бий болгох чадамжтай төгсөгчдийг нийгэм, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаараа онцлог юм.

-Гадаадад суралцах боломжийн талаар тодруулна уу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орны Засгийн газрын тэтгэлгүүд ихэнхдээ дэлхий даяар тулгамдаж байгаа асуудлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарлаа хандуулдаг. Иймд хүнс, хөдөө аж ахуй, экологи, хүрээлэн буй орчны чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрүүд маш их ирдэг. Манай сургууль одоогоор 36 орны 174 их, дээд сур­гуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

Манай сургуулийн гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр сүүлийн жилүүдэд бусад улс орны их сур­гуулиудтай “Хос хөтөлбөрийн сургалт”-ыг идэвхитэй зохион байгуулж байна.

“Хос хөтөлбөр” гэдэг нь хоёр улсын диплом буюу Монгол улсын ХААИС-ийн бакалаврын зэргийн диплом болон ОХУ, БНХАУ, БНСУ, Ка­над зэрэг орнуудын их сур­гуулийн дипломтой төгсөх боломж олгож байгаа сургалт юм. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд хос хөтөлбөрийн хүрээнд хэлний сургалтанд хамрагдан түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч /ОХУ-д 26, БНСУ-д 6, БНХАУ-2/ нийт 30 гаруй оюутан хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад шилжин суралцах болзлыг хангасан байдаг. Хамтарсан хөтөлбөрүүдийн тухайд;

• ОХУ-ын Новоси­бирскийн ХААИС-тай хамтарсан 2+2, 1+3 бакалаврын хөтөлбөр;

• ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;

• ОХУ-ын Буриадын ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөл­бөр;

• БНХАУ-ын Өвөрмонголын ХААИС-тай хамтарсан 3+1, 4+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр;

• БНСУ-ын Чонбукын Үндэсний их сургуультай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;

• Канад улсын Саскачеваны их сургуультай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

-ХААИС-ийг амьдралын ухааны их сургууль гэж тодорхойлох нь бий. Ер нь ч үйлдвэрлэлтэй их ойрхон сургууль. Мэргэжлийн байгууллагад ажиллахгүй ч мэргэжилдээ тулгуурлан бие даан үйлдвэрлэл удирдан явуу­лах боломжтой. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь ХААИС-ийн төгсөгчид байдаг бол. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Тиймээ манай сургуулийн хувьд үнэхээр онцлог бөгөөд хүний чанартай амьдралын баталгаа болсон хүрээлэн буй орчин, хүнсний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой сургалт, судалгааны үйл ажиллагааг зонхилон явуулдагаараа амьдралын ухааны их сургууль гэгддэг.

Дэлхийд тэргүүлэх нэгэн Хөдөө аж ахуйн их сургууль эрхэм зорилгоо: “Чанартай амьдралын төлөө биологийн нөөцийг судлах явдал юм” гэж тодорхойлсоноос харахад хүний амьдралын суурь асуудлыг судалж, түүний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа нь яах аргагүй амьдралын их сургууль гэж нэрлэхэд хүргэж байна.

Манай сургуулийг төгсөгч бүр ажлын байр хайхаас гадна бие даан үйлдвэрлэл, бизнес эрхлэх боломжтойг дээр дурьдсан. Төгсөгчид маань ч өнөөдрийг хүртэл энэ байдлаа хадгалж ирсэн. Монголын газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт ажиллагчид, бизнес эрхлэгчдийн дийлэнхийг манай төгсөгчид эзэлж байгаа.

Бэлчээрийн доройтол, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулаад манай улсад бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн, өндөр ашиг шимт малын үүлдрийг бий болгох мал зүйч, бүтээгдэхүүн, бараа судлалын технологич мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их болж байна. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйн салбарт зоо инженер болон амьтны биотехнологийн мэргэжилтэнүүд өндөр ашиг шим­тэй донор малаас үр хөврөл шилжүүлэн суулгах аргыг ашиглан богино хугацаанд өндөр ашиг шимтэй малын генетик нөөцийг бүрдүүлэх ажлыг хийж байна.

Мөн монгол оронд ургадаг эмийн болон ашигт ургамлыг эд эсийн өсгөвөр хийх биотехнологийн аргаар тарималжуулан биологийн идэвхит нэгдлийн үйлчилэлийг тодорхойлж эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн бий болгох бо¬ломжтой.

Дээрх жишээнээс харахад хөдөө аж ахуйн салбарын бизнес нь зөвхөн үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүгээр зогсохгүй биологийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээнд суурилсан биоэдийн засгийг хөгжүүлэх талбар болоод байна.

Categories
энтертаймент-ертөнц

МУГЖ Э.Амартүвшиний талаар Италийн хэвлэлд онцлон бичжээ

amartuvshin

МУГЖ Э.Амартүвшин энэ сарын 1-нд Италийн хамгийн эртний тайз, бахархалт байгууламж гэгддэг “Веронагийн задгай театр”-т Ж.Вердийн “Риголетто” дуурийг нээж Риголлеттогийн ариг дууллаа. Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдсан байна.

amartuvshinАрена Ди Веронад нийт таван удаа тоглох “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтонд гавьяат жүжигчин Э.Амартүвшин ийнхүү анхны Монгол дуучин болж оролцсон бөгөөд түүний дүрийн талаар Италийн “Arenagii” нэртэй хэвлэлд онцлон дурьдсан байна. Тус сонинд “Риголетто дуурийн гол дүрд нь анх удаа Монгол улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь бөгөөд дөнгөж 30 настай энэ дуучин тус дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийн таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ” хэмээжээ.