Categories
мэдээ цаг-үе

Хар тамхичид сонгуулийн сурталчилгаанд оролцотлоо томорч байна

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхитай холбоотой хэргээр хоёр жил шоронд хоригдох ял авсан. Гэсэн ч шүүх түүний ялыг тэнсэн харгалзах болгон өөрчилж залууст хар тамхины эсрэг сурталчилгаа хийгээрэй гэж сулласан байдаг. Амлалтынхаа дагуу тэрээр шоронгоос гарч ирээд хар тамхины эсрэг сурталчилгаа явуулна, хор хөнөөлийг нь залууст сурталчилна гэж мэдэгдэл хийж байна лээ. Харин түүнийг сулласан шалтгаан нь үнэхээр хар тамхийг бусдад жигшүүлэх сурталчилгаа байв уу гэхээр үнэндээ үгүй бололтой юм. МАН л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж сулласан шиг байна лээ. Х.Бат-Ундрал гарч ирээд дахиж ээжийнхээ нулимсыг үзэхгүй гэж олон нийтэд зарлаад сүйд болсон. Тэгсэн мөртлөө айлын хүүхдийг хар тамхичин гэж цоллоод ээжийг нь уйлууллаа. Хар тамхичин гэж зарлахад ээж нь өрөө өвтгөн өмөлзөж уйлсан гэдгийг энэ хүн мэдэж байгаа юм байна. Тэгвэл өрөөлийг хар тамхичин гэж нэрлэхээр ээж нь яаж хүлээж авахыг мэдэх ухаан түүнд байсангүй юу. Өөрөө болохоор ээжийнхээ нулимсыг үзэж чадахгүй гэсэн мөртлөө яагаад хүний ээжийн нулимсыг үзэх гэж маяглаад байгаа юм бэ. Чиний ээжтэй л адилхан эх хүн хүүгээ янз бүрээр хэлүүлэн шаналж суугаа юм биш үү. Хүний хүүхдийг хар тамхинд орсон, эцэг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэж донгосч буйгаас нь харахад үнэн хэрэгтээ хар тамхины эсрэг биш сонгуулийн сурталчилгаа хийлгэх гэж л түүнийг сулласан бололтой. Эцсийн дүндээ МАН энэ нөхрөөр дамжуулаад хар тамхичин байвал гоё гэсэн сурталчилгаа хийж байна. Нэг ёсондоо Ардын намынхан Х.Бат-Ундралыг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн биш хар тамхичны эерэг сурталчилгаа хийж өглөө. Залуусаа хар тамхи татаарай гэж шууд хэлсэнтэй адил тийм л сурталчилгаа болж байна. Яагаад гэвэл хар тамхи татаад шоронд орсон хүнийг улс төрийн нам урьж залаад сонгуулийн сурталчилгаанд оролцуулан бөөн бөөн мөнгө өгдөг, нэр хүндтэйгээр хэвлэлийн бага хурал хийж манддаг, ийм гоё ганган байдаг, тойроод сайхан ах эгч нар сууж байдаг юм байна гэдгийг сурталчилсан. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан хар тамхины хэрэгтэй хүнийг сайн талын баатар болгон хувиргаж байна. Ардын намынхан сонгуулийн сурталчилгаа хийхдээ ард түмнээ ер бодсонгүй. Хүнийг л муухай харагдуулж байвал нийгэмд ямар мессэж өгөх нь тэдэнд хамаагүй юм байна. Зөвхөн өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө ард түмний хойч үеийг хар тамхичин болоорой гэж шууд сурталчилсантай ялгаагүй зүйл болсон. Эцэстээ манай монгол орон хар тамхичнаа сонгуулийн сурталчилгаанд ашигладаг, гавьяат жүжигчин цол өгдөг бодлогогүй, тэнэг улс болж байна. Угтаа бол бид залуу хойч үедээ хар тамхи татвал донтдог, донтох өвчин эдгэхэд хэцүү, ийм хүн нийгмийн шаар шавхруу буюу хамгийн доод давхаргын хүн болдог гэдгийг үнэн зөвөөр нь сурталчлах хэрэгтэй юм. Хар тамхичин, биеэ үнэлэгч гэдэг бол хүн тоож харьцдаггүй доод давхаргын улс байдаг. Хүн харахын эцэсгүй өвчин зовлон тусдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гаргаж баймаар байна. Ингэхгүй бол залуус, өсвөр насныхан хар тамхичдыг нийгмийн элит хэсэг гэж андуураад байна. МАН ийм л хүмүүсийг ашиглан эх орон, ирээдүй хойчоо ч бодолгүй туйлын буруу сурталчилгаа хийлээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга: ”Сүү” бондын өгөөж Засгийн газрын бонд, хадгаламжийн хүүнээс ч өндөр байгаа

“Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.


-Танайхаас гаргаж буй “Сүү” бонд 2011 оноос хойшхи Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болж байна. Бондын давуу талаас ярилцлагаа эхэлье?

-“Сүү” хувьцаат компани өнгөрсөн пүрэв гаригт Санхүүгийн зохицуулах хорооноос нийт зургаан тэрбум төгрөгийн, нэг жилийн хугацаатай 17.5 хувийн хүүтэй бонд гаргах зөвшөөрөл авсан. Хөрөнгийн зах зээлээс босгож буй хамгийн том дүнтэй бонд болох юм. Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор зөвшөөрлөө авсан, Хөрөнгийн биржийн давхар хяналтан дор явагдахаараа бусад бондоос ялгарах давуу талтай. Өөр нэг давуу тал нь хоёрдогч зах зээлтэй. Худалдаж авсан бондоо эргүүлээд зарах боломжтой гэсэн үг.

-Бондын хүү жилийн 17.5 хувь гэдэг том давуу тал байна шүү. Засгийн газрын бондоос ч өгөөжтэй юм байна?

-Тийм шүү. Засгийн газрын бонд унаад 11.8 хувьтай болсон. Хадгаламжийн хүү ч унасан. Бодлогын хүүгийн бууралтаас хойш ерөнхийдөө 12 хувьтай байна. Тэгэхээр манай компанийн бондын хүү таны хэлж байгаачлан өгөөж өндөртэй болчихож байгаа юм.

-Зургаан тэрбум төгрөг босгох болсон шалтгаанаа сонирхуулаач?

-Олон улсын санхүүгийн корпорацийн урт хугацааны зээлийг хугацаанаас нь өмнө төлөх зориулалттайгаар бонд гаргаж байна. Нийт бондын гуравны хоёр нь үүнд зарцуулагдана. “Сүү” хувьцаат компани 2011 онд зургаан сая ам.долларын урт хугацааны зээлийг Олон улсын санхүүгийн корпорациас авсан юм. Энэ санхүүжилтээ 2019 он хүртэл төлөх эргэн төлөлтийн хуваарьтай. Зээл төлөгдөж дуустал “Сүү” хувьцаат компани ямар нэг ногдол ашиг тараахгүй гэсэн гэрээний үүрэгтэй явж байгаа. Манай компанийн хувьд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг нэгдүгээр зэрэглэлийн хувьцаатай. Ногдол ашиг тараахгүй гэхээр богино хугацааны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй. Хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид маань өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаад 2019 онд төлөгдөж дуусах зээлээ хугацаанаас нь өмнө төлье гэсэн шийдвэр гаргасан. Ийм шалтгаанаар бонд гаргаж байна. ОУСК-иас авсан зээлийн үлдэгдэл 1.8 сая ам.доллар байгаа. Бондоос орж ирсэн орлогоороо 1.8 сая ам.долларын эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ. Гэрээний үүргээсээ гарчихаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эрх үүснэ гэсэн үг.

-Бонд гаргаж буй 17.5 хувийн хүүгээр дотоодын арилжааны банкуудаас зээл авах боломж байсан уу?

-Тийм боломж байсан л даа. Гэхдээ манай компанийн ТУЗ-өөс Хөрөнгийн бирж дэх үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлье гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

-Танай бондын андеррайтераар ямар компани ажиллаж байна?

-Бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал” ажиллаж байна. Туслах андеррайтерууд нь “Тэнгэр капитал”, “Ард капитал”. “Ард секюрити”, “Новел инвестмент” зэрэг брокер дилерийн компаниуд бондын борлуулалтад маш идэвхтэй оролцож байгаа.

-Хүмүүс хэр сонирхож байна, бондын захиалга хэр байгаа вэ?

-Бондын захиалгыг пүрэв (маргааш) гариг хүртэл авна. Асар өндөр борлуулалттай байна. Бондын үнийн дүнгээс давсан захиалга ирсэн. Хувьцаа нь нээлттэйгээр арилжаалагддаг компанийн анхны нээлттэй бонд гэдгээрээ хөрөнгийн зах зээл дээр хүлээгдэж байсан бүтээгдэхүүн л дээ.

-“Сүү” компанийн бондыг авах хүсэлтэй хүмүүс сүүлийн жилүүдэд ямар шинэчлэл хийж, яаж ажиллаж явааг нь сонирхож таарна…?

-Өнгөрсөн онд бид тетрапак савлагаатай сүүний шинэ шугамыг худалдаж авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Орон нутгийн зах зээлд өөрийн гэсэн орон зайтай болъё, цаашдаа экспортод бүтээгдэхүүнээ гаргая гэсэн зорилгоор ийм шугам нээсэн юм. Бүтээгдэхүүнүүд маань purepack савлагаатай гардгийг хэрэглэгчид мэднэ. Ийм цаасан савлагаатай бүтээгдэхүүнүүдийн дийлэнх 14 хоног л хадгалагдах боломжтой. Тийм учраас хөдөө орон нутгуудад хүргэж чаддаггүй байсан юм. “АПУ”, “Витафит”, “Тэсо” зэрэг бусад компани тетрапак савлагаатай бүтээгдэхүүний зах зээлд хүчтэй яваад, харин бидэнд тийм боломж байгаагүй. Өнгөрсөн оны долдугаар сараас тетрапак савлагаатай бүтээгдэхүүний маань борлуулалт идэвхжсэн. Жил хүрэхгүй хугацаанд зах зээлийнхээ долоон хувийг эзэлчихлээ.

-“Сүү” компанийн бондын баталгаа нь юу вэ?

-Манай компанийн хувьцааны 38 хувь нь барьцаа болж байгаа. Компанийн өнөөгийн үнэлгээ 48 тэрбум төгрөг гээд бодоход бараг 17, 18 тэрбум төгрөгийн хувьцааны барьцаа байгаа гэсэн үг. Манай компани зургаан тэрбум төгрөгийн л бонд гаргаж байна. Хугацааны эцэст төлж чадахгүй гэх мэт эрсдэл боллоо гэхэд 17, 18 тэрбумаар үнэлэгдэж байгаа хувьцааг зараад л төлөлтийг нь хийх бүрэн боломжтой.

-Хувьцаа нь анхны үнээсээ өчнөөн дахин өссөн компаниудын нэг бол танайх. Хувьцааны үнийн өсөлт дээр харьцуулалт хийвэл их сонирхолтой тоо гарах байх шүү?

-“Сүү” компанийн хувьцааны сүүлийн арван жилийн өсөлт бол маш өндөр. 2006 онд манай компанийн нэгж хувьцаа 60 төгрөг байсан юм. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгт хүрсэн. Хэрвээ та арван жилийн өмнө “Сүү” компанийн хувьцааг 500 мянган төгрөгөөр авсан бол өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгтэй болчих байсан. Хөгжих боломжтой, зөв менежмэнттэй компаниудад хөрөнгө оруулалт хийвэл өндөр ашиг хүртэх боломж байгаа гэдгийн нэг жишээ л дээ.

-Танай компанийн хувьцаа цаашид өнөөдрийнхөөс илүү өсөх боломж хэр байгаа вэ?

-Боломж бүрэн дүүрэн бий. Дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг харахад л андашгүй. Задгай сүүний зах гэхэд өдөрт 30 тонноор зарагддаг. Гэтэл “Миний Монголын сүү”-ний өдрийн борлуулалт бараг 30 тонн орчим. Тэгэхээр энэ хэмжээг хоёр дахин өсгөх боломж байгаа гэсэн үг. Хэрэглэгчид задгай сүүнээс илүү үйлдвэрийн савласан сүүг илүүд үздэг. Сүүлийн үед ченжүүд зарж буй сүүндээ элдэв зүйл холих болсон нь ийм хандлагатай хэрэглэгчдийг улам өсгөж байна. Эрсдэл ихсэх хэрээр үйлдвэрийн сүү рүү шилжилт явагдаж байгаа. Энэ бол борлуулалтаа өсгөх том шалтгаан. Дахиад ч боломж бий. “Сүү” компанид сүүнээс гадна хийдэг олон төрлийн бүтээгдэхүүн бий. Тараг, иогурт, цөцгийн тос, зайрмаг байна. Цөцгийн тосны нийт зах зээлийн 70 хувь нь Оросоос орж ирсэн импортын бүтээгдэхүүнүүд. 30 хувийг нь л дотооддоо үйлдвэрлэдэг. Зайрмагны зах зээлийн 70 хувь нь ОХУ, Солонгосоос орж ирж байгаа. Олзуурхууштай нь сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хувь аажмаар нэмэгдэж байна. Зайрмаг, цөцгийн тосны 70 хувийг дотоодоосоо хангах бүрэн боломж байгаа. 2011 онд супермаркетуудын лангуун дээр “Янта”-гийн шар сүү, “Селенга” гээд Оросын сүү л ярайдаг байсан. Гэтэл өнөөдөр дэлгүүрүүдийн лангуун дээр үндэсний үйлдвэрийн сүү өрөөстэй байна. Гурав дахь боломж бол экспорт. Бид Хятад, Орос гээд дэлхийн хамгийн том хуурай сүү үйлдвэрлэгч, сүү импортлогч хоёр гүрний дунд оршдог. Хятад улс өмнө нь манайхаас малын гаралтай ямар нэг бүтээгдэхүүн импортолдоггүй байсан. Малын эрүүл мэнд гэх мэт ямар нэг тайлбар хэлээд зөвшөөрдөггүй байсан л даа. Энэ хатуу байдал сүүлийн үед зөөлөрсөн. Монголыг бариад байх нь Хятадад сонин биш болчихлоо. Дэлхийн номер нэг гүрэн болохын тулд Америктай өрсөлдөж байгаа улсад манайхаас сүү, мах экспортлох анхаарах асуудал биш л дээ.

-Хятадын компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүн авах санал тавих болсон гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэн мэдээлэл, Хятад компаниуд олноороо хандаж байгаа. Махан дээр ч ийм санал их ирэх болсон гэж махны компанийн захирлууд ярьж байсан.

-Урд хөршийн зах зээл манай сүүний давуу талыг мэдэрчихжээ дээ?

-Манай компани урд хөршид болдог экспод оролцдог юм. Дөрөв юм уу долоон тонн бүтээгдэхүүн оруулах эрх өгдөг л дөө. Зөвшөөрсөн хэмжээнд нь тааруулаад сүүгээ аваад оччихдог. Монголын сүү Хятадад очихоор эхний арван минутанд юу ч үлдэхгүй зарагддаг.

-Зах зээлийн хувьд асуудалгүй л юм байна?

-Ямар ч асуудал байхгүй. Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр үнэлгээтэй компани бол АПУ. АПУ-гийн хувьд дотоод потенциал нь максимум дээрээ явж байгаа. Зах зээл нь ханачихсан, бусад салбар руу ороод хөгжөөд явж байна. Тэгэхээр АПУ-гийн хувьцааны ханшийг бодит үнэлгээн дээрээ байна гэж дүгнэж болно. Харин манай компани болон “Говь”, “Талх чихэр” бол өөр. Өргөжих, хөгжих потенциал байгаа.

-Танай компани хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-70 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Сүүлд танай компани чавгатай гээд зохицуулах үйлчилгээтэй тараг худалдаанд гаргасан байсан. Зохицуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай ийм бүтээгдэхүүнүүд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлээ тэлэх бас нэг том боломж шүү. Ийм төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргах төлөвлөгөө байгаа юу?

-Тийм төлөвлөгөө бий. Чавгатай тарагны хувьд маркетинг сурталчилгааг нь ч хийж амжаагүй хоёр бүтээгдэхүүний маань нэг л дээ. Чавга гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Дээрээс нь BB12 гээд пробиотик нэмж өгч байгаа. Тэгээд бифидо хөрөнгөөр бүрчихээр сүүний ашигт бактерууд устдаггүй сайн талтай. Бифидо хөрөнгө энгийн хөрөнгөнөөс олон давуу талтай. Ходоодонд ашигтай бактеруудын таатай орчныг бүрдүүлж өгдөг юм. Ходоодонд байгаа ашигт бактерууд гаднаас орж ирэх хоол хүнсийг боловсруулаад гаргадаг юм. Чавганы хувьд антиоксидант ихтэй учраас хортой зүйл ходоодонд орж ирлээ гэхэд задлаад гаргах давуу талтай. Нөгөө нь маракуйя жимстэй тараг. Тэг хувийн тослогтой, тэг хувийн сахартай тараг байгаа юм.

-Маракуйя жимсийг яагаад сонгосон юм бэ?

-Омего-3 болон хүний биед тустай эрдэс бодисоор баялаг жимс. Гадуураа хатуу хальстай, доторх нь зөөлөн, халбагадаж иддэг жимс. Сүүлийн үед дэлхий даяар фитнес хэрэглээ моодонд орж байгаа. Тослоггүй, чихэргүй тараг гэхээр нэг л сулбагар амттай болчихдог юм. Сая хэлсэн жимсийг хольчихоор амтны хувьд их гоё болж байгаа. Одоогоор худалдаанд гараагүй байна. Энэ хоёр бүтээгдэхүүнийг нэлээд ажиллаж байж гаргасан.

-Жимстэй тарагныхаа жимснүүдийг хаанаас авдаг вэ. Шууд жимсээр нь хийдэг үү, эсвэл?

-Шууд жимсээр нь хийдэг. Чавганы хувьд гэхэд Польшийн компаниас авдаг. Маракуйя жимсийг ч жимс хэлбэрээр нь оруулж ирдэг. Жимсний том үйлдвэрүүд олон литрээр нь буталж, нунтаглаж савлаад өгдөг юм.

-Зайрмаг, иогуртын зах зээлээ өөрсдөө эзэлж болмоор юм шиг санагддаг ч тэгэхгүй юм. Цаанаа нарийн шалтгаан байна уу?

-Техник технологи, боломж хүч гээд олон шалтгаан бий ч хамгийн гол шалтгаан нь хүний эрүүл мэндтэй холбоотой л доо. Тодруулж хэлбэл технологийн горимтой хамаатай. Бид үйлдвэрлэлдээ тогтворжуулагч ашиглахаас татгалздаг. Миний хувьд компанидаа гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхдээ банкир учраас цэвэр бизнес талаас нь харж байсан юм. Цөцгийн тосоо Оросын масло шиг хуршихгүй болгоно гэж үзээд бараагүй. Технологичид маань “Ургамлын гаралтай тос, тогтворжуулагч хийх хэрэгтэй болно. Ингэвэл хүний биед хортой. Биед хэрэгтэй гэх юм алга болчихно шүү дээ, захирлаа” гээд хавьтуулаагүй. Ургамлын гаралтай тос, тогтворжуулагч хольчихоор өртөг буурч, хадгалах хугацаа уртасч, хадгалалтын горим шаардахгүй гэх мэт давуу талууд бий ч биед ямар хортой вэ гэдэг талаасаа бол манай технологичдын зөв байсан. Өнгөрсөн жил транс тосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгснийг та санаж байгаа байх. Маслыг нэмэх дөрвөн хэмд хөргөгчинд өрсөн байхад хуршдаггүй. Гэтэл “Сүү” компанийн цөцгийн тос хөлдөөгчинд байдаг. Импортын масло шиг нэмэх дөрвөн хэмтэй нөхцөлд тавьчихаар зөөлрөөд хуршчихдаг. Хүний биеийн градус 36 хэм байгаа. Дөрвөн хэмд хөлдүүгээрээ хадгалагддаг масло 36 хэмтэй ходоодонд очоод бүрэн задардаггүй юм байна л даа. 25 хэмд хөлдүү, нэмэх дөрвөн хэмд хайлаад хуршиж эхэлж байгаа цөцгийн тос харин ходоодонд очоод бүрэн хайлж задардаг. Хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн үг. Монголын технологичид Оросын иогурт, масло шиг бүтээгдэхүүн хийж чадах ч гэлээ хүний эрүүл мэндэд муу учраас хийхийг төвддөггүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ зургадугаар сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

-Монгол түмэн сонголтоо хийлээ. Энэ сонголтыг Ардчилсан нам хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Нэг талаар эрх баригч МАН өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ эсрэг хийсэн үйлдэл алдаа болгоныхоо төлөө дүнгээ тавиуллаа. Ард түмнийг басч, доромжилж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон гэж найдъя. Нөгөө талаас Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт эрх баригчдын алдаа, эрх мэдлээ хэтрүүлсэн аливаа үйлдэл болгоныг зогсоох гэж тэмцсэнийхээ үр дүнг ч тавиуллаа. Боломжийн сайн үнэлгээ авсан гэж бодож байгаа шүү. Энэ дүнгээ дахин санал хураалтаар ахиулах зорилго бидэнд бий. Монголын ард түмэн ч сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна.

-Нэлээн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох шиг боллоо. Ялангуяа АН-ын хувьд эрх баригчдын зүгээс маш их дарамт шахалт ирж байгаа талаар тогтмол мэдээлж байсан?

-Урьд нь танай сонинд ярилцлага өгөхдөө Сонгуулийн өмнөх гурван намын судалгаагаар АН-ын нэр дэвшигч хамгийн өндөр санал авах төлөвтэй байгааг дурдаж байсан. Яг л тэр дагуу боллоо. Манай нэр дэвшигч 50+1 хувийн санал авахад багахан санал дутлаа. Өрсөлдөгч хүчнүүд, ялангуяа эрх баригч хүчнийхэн энэ бүхнийг тооцсон л байж таарна. Тийм учраас төрийн бүхий л эрх мэдлийг ашиглаж АН-ын явуулж буй үйл ажиллагаа, ухуулга сурталчилгааг саатуулж, ажилтнуудыг нь зүйл бүрээр дарамталж,хорьж байцаах зэргээр үйлийг нь үзлээ. Тэр бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевизүүдийн ажилтнуудыг “АН-ын сурталчилгааг явууллаа” гэж шөнө оройн цагаар дуудаж байцаах, ажлын байранд нь ирж дарамтлах зэргээр төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй үйлдэл гаргалаа.

Сүүлдээ АН-ын сонгуулийн штаб хэсгүүдэд цагдаагийн байгууллагаас ирэх дарамт, хүчирхийлэл утгаа алдсан. Цагдаагийн ажилтнууд иргэдийг шалгах, дуудах, байцаах байдалтайгаар сонгуулийг өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн өдөр хэд хэдэн аймгийн АН-ын дарга нарыг цагдаагийн байгууллага зориуд ажлын цагаар дуудаж тайлбар байцаалт авч, айлган сүрдүүлсэн. Ийм байдалтайгаар сонгуулийг явуулсанд харамсч байна. Би өөрөө хуульч хүн. Монгол Улсад Үндсэн хууль гэж толгой хууль бий. Ямар ч улс төрийн хүчин эрх барьж байсан Үндсэн хуулийг гуйвалтгүй даган мөрдөх ёстой. Эцэг хуульд төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд хуулийг дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан байдаг. Хуулиас давсан үүрэг, тушаал шийдвэр өгөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл энэ заалтууд ноцтойгоор зөрчигдлөө.

-Цагдаа, хүчний байгууллагууд сонгуулийн үеэр иргэдийнхээ эсрэг ажиллах нь хэр ноцтой үр дагаварт хүргэх аюултай вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Сонгуулийн булхай луйвар ямар эмгэнэлт байдалд хүргэдгийг тодорхой харуулсан. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд “Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж тайлбарладаг. Гэвч яг хэн гэдэг албан тушаалтан “Таван иргэнээ хөнөөх даалгавар” өгсөн нь тодорхойгүй үлдсэн. Тушаал биелүүлсэн этгээдүүдийн үйлдэл нь ч өөрөө хууль бус байсан. Ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдахгүй байхын төлөө монгол хүн бүр залбирч байгаа. Сонгуулиар биднийг өдөөн хатгасан, сүрдүүлж айлгах үзэгдэл маш хүчтэй явсан. АН-ын зүгээс энэ асуудалд ухаалгаар хандаж, эв эеийг зарчмаа болгож ажилласан. Энэ байр сууриа ч хатуу хамгаалсан.

-Дахин санал хураалт долдугаар сарын 9-ний өдөр буюу ням гаригт болох тов гарсан ч АН-ын шаардлагаар 7-ны өдөр болсон. Та бүхэн үүнд стэгэл хангалуун байна уу?

-Бүрэн дүүрэн гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байгаа. Сонгуулийн ерөнхий хороо анхнаасаа хууль зөрчсөн шийдвэр гаргах хэрэггүй байсан юм. Магадгүй эрх баригчдаас дарамт шахалт ирсэн байх. Гэхдээ хуулиас давсан эрх мэдэл, хуулиас давсан шийдвэр гэж байх ёсгүй. Тийм учраас бид сонгуулийн санал авах өдрийг хуульд заасны дагуу ажлын өдөр явуулахыг шаардсан. Бидний шаардлага шударга байсан учраас СЕХ үнэнд гүйцэгдсэн. Эрх баригчид сонгуулийг амралтын өдөр хийхээр СЕХ-г шахаж байсан нь сонгогчдын ирцийг бүрдүүлэхгүй байх, цаашилбал дахин сонгууль зарлуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй хий цацах байдал руу түлхэх байсан. Бид үүнээс сэргийлж чадсан. Эцсийн эцэст төсвийн мөнгө гэдэг чинь ард түмний татварын мөнгө. Бид энэ мөнгөөр сонгууль хийсээр дуусгаж болохгүй биз дээ.

-Хоёр, гуравдугаар байрт жагссан хоёр нэр дэвшигчийн хувьд “Миний саналыг луйвардлаа” гэх гомдол тасрахгүй байна л даа. Бүр “Орой унтахад Ганбаатартайгаа, өглөө сэрэхэд Энхболдтойгоо” гэсэн онигоо ч гарсан байна. Энэ тал дээр АН-ын байр суурь ямар байгаа вэ. Үнэхээр гуравт явж байсан нэр дэвшигч нь нөгөөхийнхөө саналыг луйвардчихав уу?

-Улстөрчийн хувьд би МАХН-ын илэрхийлж байгаа байр суурьтай санал нэг байгаа. Орой саналын дүнг харж байсан. 00:00 цаг гэхэд цөөн хэдэн хэсгийн хорооны саналыг нэгтгэх дутуу байсан. Олон сонгуулийн үр дүнгээс харж байхад тэдгээр хэсгийн хороодын саналыг аваад ч М.Энхболд 10 мянга гаруй саналаар илүү явж байгаа С.Ганбаатарыгаа гүйцэх боломжгүй л гэж харж байсан. Гэвч маргааш өглөө нь С.Ганбаатар гуравт орсон байсан. Нэг хүн дээр нь санал илт өсөөд нөгөө нь өссөн болсхийгээд л явсан байгаа юм. Санал ингэж илт савладаггүй л дээ. Үнэмшил багатай л юм. Иргэд ч луйвар орсон гэдэгт эргэлзэхгүй байна лээ. “Хэрэв шөнө үүнээс урт байсан бол бараг нэгт орчих байж” гэсэн онигоо хүртэл гарсан шүү дээ. Ер нь энэ үйл явц бүхэлдээ онигоо болсон л доо.

-Баруун таван аймгийн АН-ын ухуулагч, штабын ажилтнуудын цалингийн мөнгийг цагдаа нар хурааж, саатуулсан гэх мэдээлэл байсан. Энэ асуудал юу болсон бэ??

-Тэр мөнгө намын гишүүдийн хандиваар бүрдсэн мөнгө байсан. Баруун таван аймгийн ажиглагч, ухуулагч нарт бензин шатахуун, хоол ундны зардлыг олгохоор явуулсан юм. Найман мянга гаруй хүнд хувааж тооцохоор нэг хүнд 70-80 мянган төгрөг болохоор тооцож явуулсан мөнгө. МАН-ын ухуулагч, ажиглагч нарын авч байгаа мөнгөний хажууд өчүүхэн юм шүү дээ. Бид төрөөс, бас тэрбумтнуудаас санхүүждэггүй, гишүүдийнхээ хандив татвараар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мөнгийг зориуд саатуулж, манай хүмүүсийн идэвхийг бууруулах гэсэн зорилготой байсан, түүндээ ч хүрсэн.

-Бэлнээр авч явж байсан нь хардлага төрүүлж байгаа бололтой?

-Сонгуулийн тухай хуулийн 42.1-т “Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нам өөрийн мөнгөн хөрөнгийг ямар хэлбэрээр зарцуулахаа шийдэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон. Хоёрт, Сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу Ардчилсан нам тодорхой хууль тогтоомжид заасны дагуу хуримтлуулсан өөрийн мөнгөн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулах бүрэн эрхтэй. Тийм учраас бид “Шалга, үз. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн байх юм бол тогтоо” гээд асуудалд хүлээцтэй хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэж өгсөнгүй. Монголын улс төрийн түүхэнд эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ мөнгөн хөрөнгийг замаас нь, цагдаагийн хүчээр булаан авсан тохиолдол гарч байсангүй. Ер нь эрх баригчид Монголын улс төрийн түүхэнд дан хараар бичигдэх маш олон буруу жишиг тогтоолоо.

-Дахин санал хураалтын үр дүнд та бүхэн санаа зовниж байгаа юу?

-Бид хуульд заасан хэм хэмжээндээ л ажиллана. Намын гишүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Намын дотоод зохион байгуулалтад гарсан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, засч залруулна гэх мэт дотоод ажлуудаа цэгцэлнэ. Нөгөө талаар Монголынхоо олон түмэнд итгэж байгаа. Сая үндсэндээ бол Монгол яллаа. Одоо энэ ялалтаа баталгаажуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна. Монголын ард түмний сонголтыг хэн нэгэн эрх мэдэлтэн, ямар нэгэн улс төрийн хүчин луйвардаж болдоггүй юм байна, худалдан авч чаддаггүй юм байна гэдгийг иргэдийн сонголт бидэнд харууллаа шүү дээ.

-Сонгуулийн сурталчилгааны хар пи-ар үргэлжилсээр л байх шиг байна?

-Хэн энэ бүхнийг хийгээд байгаа нь нүдэн дээр ил л байна шүү дээ. Манай нэр дэвшигч манлайлж байгаа сургаар гадны орнуудын хөрөнгийн бирж дээр үнэ ханш уналаа ч гэх шиг. Бас л нэг сонгуулийн онигоонд тооцогдох гүжирдлэг. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад гаднын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ савлах уу. Энэ мэт мэдээллийг мөнгө төлж цацуулж байгаа хүмүүс, тэдгээрийн харьяалагддаг намын удирдлагуудын тархи, мэдлэгийн хэмжээг л харуулж байгаа хэрэг.

Ийм утгагүй, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого нэгдүгээрт, улсын эдийн засагт сөрөг нөлөөлнө, хоёрдугаарт, иргэдээсээ дахиад л татвар нэмж авах байдалд хүргэх нь. Боль л доо. Хүүхдийн мөнгө, Приусны татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээр цалинжиж, улсаас хангамж эдэлж тансаглаж байгаа дэд сайдууд энэ мэт увайгүй зүйлийг дэвэргэж хөөргөж, магадгүй сэдэж хэрэгжүүлж байна. Дэд сайд гэж хийх ажилгүй хүмүүс байдаг болов уу гэмээр фэйсбүүк, твиттерээр жиргээд хар пи-ар цацаад сууж байх юм. Төрийн ажил ингэж явдаггүй юм аа. Би өмнө нь ч хэлсэн, одоо ч сануулъя. Энэ МАН бол урьд өмнөх МАН биш болсон шүү. Боловсон хүчин, бодлогын хувьд урьдын МАН-ын чигчий хуруунд ч хүрэхгүй нам болсон.

-Одоо болох сонгуульд ирц хүрэхгүй, мөн олонхын санал авч чадахгүй бол дахин сонгууль болно. Ийм эрсдэл хэр бодитой вэ?

-Ийм байдал үүсгэхгүйн тулд ард түмэнтэйгээ хамт хичээнэ, зүтгэнэ. Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулах асуудал юу юунаас чухал байна.

-МАН, АН аль нь ялгаагүй мөнгө тараасан гэсэн яриа бий?

-Бидэнд тараагаад байх мөнгө байхгүй л дээ. АН мөнгө тараасан гэдэг бол утгагүй яриа. Магадгүй сүүдэрт нь өөрсдийнхөө луйврыг нуух гэсэн оролдлого биз. Миний сонссоноор Ардын намынхан нэр дэвшигчдээ санал өгүүлсэн хүмүүстээ урамшуулал өгсөн юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь иргэдээс санал өгсөн биллийг нь арав, хорин мянгаар худалдаж аваад цаад “Эзэн”-дээ “Би тэдэн хүнээр танд санал өгүүллээ” гээд биллийнхээ тоогоор 50 мянган төгрөг авсан гэж сонссон. Биллээ булаацалдаад зодоон нүдээн хүртэл хийсэн сурагтай.

Сонгогчдын саналыг ингэж мөнгө, башир аргаар худалдаж авч болохгүй л дээ. Үнэндээ өнөөдөр эрх баригчдын ёс суртахуун ямар түвшинд байгааг харууллаа. Төрийн албан хаагчдыг сонгуульд хүчээр татан оролцуулж байгааг ч харлаа. Зарим нэг яам, төрийн сайд, агентлагийн дарга нар албан хаагчдаа “Энхболдын төлөө саналаа өгөөрэй” гэж гуйж, гуядах зэрэгцүүлсэн байна лээ. Ингэж болохгүй л дээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалдаа хэт ташуурсны илэрхийлэл. Инээдтэй нь “Эзэн”-дээ тус биш ус болох үйлдлүүд олон гарлаа.

-Дахин санал өгнө гэхээр зарим сонгогчид дурамжхан хандаж байгаа тал бий. Мөн энэ удаагийн сонгуулиар цагаан хуудас уншуулсан тохиолдол цөөнгүй гарлаа. Үүнийг юу гэж үзэж байна?

-Үнэхээр цагаан хуудас өгсөн үү. Эсвэл зориуд зохион байгуулсан үйлдэл байв уу. Энэ асуудал С.Ганбаатарын санал гэнэтхэн зогсч, М.Энхболдынх гэнэт өссөнтэй адил учир битүүлэг явдал. Одоо энэ асуудлыг илт дэвэргэж асар их мөнгө хөрөнгө зарж кампанит ажил өрнүүлж байгаагаас харвал зориуд зохион байгуулалттай үйлдэл гэж үзэх магадлал өндөр байна.

Хувь хүн ийм шийдвэр гаргахдаа тулбал маш сайн бодох ёстой. Сонголт хийхгүйгээр үр хүүхдийнхээ ирээдүй, хувь заяаг хэрхэн шийдэх юм бэ. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг яах юм. Цаашилбал энэ Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо саналаа өгч, сонголтоороо баталгаажуулахгүй өөр яах билээ. Тийм учраас иргэдээ саналаа идэвхтэй өгөөрэй, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй, ирээдүйгээ бүтээхэд гар бие оролцоорой гэж хүсье. Мөн өнөөдөр сайхан амлалт өгөөд маргааш түүнийгээ мартаж амлалтынхаа эсрэг ажилладаг, хариуцлага үүрч ачаа даахын оронд ард иргэдийнхээ нуруун дээр овоолж хаядаг хүмүүстэй, улс төрийн хүчинтэй хариуцлага тооцох цаг нь болсон. Монголын ард түмэн МАН-ыг хүнд ачаанаас минь үүрэлцээчээ гэж сонгосон болохоос хамаг ачааг бидний нуруун дээр тохоод ард нь өөрсдөө тансаглаж, төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог нэмээд суугаарай гэж сонгоогүй. Бид одоо л хариуцлага тооцохгүй бол төрийн хүчирхийлэл, хулгай луйвар, дарамт хэрээс хэтэрлээ.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийлээ

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр (2017.07.04) мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Мэтгэлцээнд бэлтгэл хийж байсан бичлэг тавьж, найруулгатай дэглэн тавьсан жүжиг мэтээр нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Иймээс тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзлээ.Сонгуулийн мэтгэлцээнд би бэлтгэсэн, зугатааж биш бэлтгэж оролцох ёстой гэж анхнаасаа бодож байсан. Гурван сая иргэнийхээ өмнө улс орныг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг бодлогын мэтгэлцээн, хөгжлийн мэтгэлцээн байх ёстой гэж бэлдсэн. Мэтгэлцээнд бэлддэг нь зөвхөн Монголд ч биш гадаад улс орнуудад мэтгэлцээнд бэлтгэдэг жишээ баримт олонтаа л байдаг. Үүнд огтхон ч нууц зүйл байхгүй. МҮОНРТ- ийн вэб сайтад иргэдээс ирүүлсэн бүх асуултууд тэнд бий.. Нууцлаг байдалтай хийсэн, дэглэсэн жүжиг мэтээр олон түмнийг төөрөгдүүлэх гэж энэ зүйлийг гаргаж тавьж байгаа явдал нь энэ бичлэгийг хэрхэн яаж олсон бэ гэдэг анхаарлыг ихээхэн татаж байна” гэсэн юм.

Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


Categories
мэдээ нийгэм

Ус түгээх газарууд баяр наадмаар дараах хувиарийн дагуу ажиллана

Ус түгээх газруудын наадмаар ажиллах хуваарьИрэх даваа гарагаас эхлэн Монголын үндэсний баяр наадмын өдрүүд тохионо. Энэ үеэр ажиллах ус түгээх газруудын хуваарийг Ус сувгийн удирдах газраас батлан гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд анхны бүрэн хэмжээний 4D кинотеатр нээгдэнэ

Image result for 4D кинотеатр

Тун удахгүй монголчууд бид 4D форматын давтагдашгүй шинэ мэдрэмжийг мэдэрч, 2-3 цагийн турш кинон дотроо орж үсэрч, харайж, өндрөөс унаж, цэцэгсийг үнэрлэж, цас, бороонд норж, өтгөн манан дундуур явах боломж бүрдэх гэж байна.

Тодруулбал, “Оюуны ундраа” группийн бүтээн босгосон “Зайсан хилл” цогцолборт тус технологийн гайхамшгийг мэдрүүлэх 4DX форматын кинотеатр нээгдэх юм байна. Тус кинотеатрын суудлууд бүгд үнэр гаргаж, найман зүгт хөдөлж танд бодит мэдрэмж, таашаал мэдрүүлэх юм байна. “Зайсан хилл” цогцолбор нь

арванхоёрдугаар сард ашиглалтад орно.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятад хоёр БНАСАУ-д хандсан мэдэгдэл гаргалаа

ОХУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн яамдууд БНАСАУ-д хандсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүндээ БНАСАУ дахин баллистик пуужин харвасан явдлыг буруутгасан байна. Мөн тус улсын өөрийн хүсэлтээр баллистик болон цөмийн пуужин туршихаас татгалзахыг уриалв.

БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн яамдууд Солонгосын хойгийн байдалд зовниж байгаагагаа илэрхийлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Tesla компани “MODEL 3”-ийн үйлдвэрлэлээ тун удахгүй эхэлнэ

Image result for Tesla компани "MODEL 3"

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” комапни “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлээ энэ баасан гарагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Зорилтот хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө үйлдвэрлэлийн бүх шаардлагыг хангасан гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск twitter хуудастаа жиргэжээ. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц автомашин үйлдвэрлэх “Tesla”-ийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүн гэгдэж байгаа “Model 3” загварын үнэ 35 мянган ам.доллараас эхлэх юм. “Tesla”-ийн хувьд 12 дугаар сар гэхэд “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлээ 20 мянгад хүргэх зорилт тавиад байгаа юм. Энэхүү шинэ загварын хүлээлттэй холбоотойгоор Калифорнид байрлах тус компанийн хувьцааны ханш энэ онд 65 хувиар өсөөд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхийн гашуун үнэн (2)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Түрүүч нь №139 (5706) дугаарт

ШИНЭ ТЭЖЭЭГЧ ОРОС

Азийн хамгийн сүүлчийн түшиг тулгуур Хятад XIX зууны дунд үеэс үйлдвэржсэн европчуудын тэлэлтийн бай боллоо. Шинэ империалист Япон 1895 онд Хятадыг, 1905 онд Оросыг дайнаар буулган авчээ. Орос, Япон хоёр 1907 онд нууц гэрээгээр өөрийн нөлөөллийн шинэ газар нутгийг хуваахаар тогтов. Манжуур, Өвөр Монгол Японых, Гадаад Монгол Оросынх. Өнөөгийн Монгол улсын анхны төрх ингэж буй болсон юм.

Хятадад Манж Чин династи мөхлөө. Тэжээгчгүй боллоо гэсэн үг. Оросын шахалтаар 1915 онд Хятадын сюзэрэн боловч Оросын бүрэн эрхт нөлөөт автономит Гадаад Монгол буй боллоо. Энэ бол манж нарын дараа гарч ирсэн шинэ тэжээгч. Эхний ээлжинд Орос улс Монголд нэлээд хэдэн сая рубль зээлжээ. Үүгээр нь асар том Жанрайсаг бурханы дүр босгов. Хятадад 10 мянган, Германд мөн 10 мянган Аюуш бурханы гуулин дүр захиалан хийлгэж авчрав. Балбад гар хийцийн метр хэртэй өндөр баахан бурхан захиж хийлгэлээ. Энэ бурханыг балбаж (гараар давтаж) хийсэн учир “Балбын дархан балбаж хийсэн” гэдэг үг гарч Нэпал улсыг Балба гэж нэрлэсэн байх.

Зээлсэн мөнгийг хамаагүй үрээд байхаар нь Оросоос мөнгө хариуцсан түшмэл Козиныг Монгол руу илгээжээ. Коростовицын тэмдэглэснээр Козинтой Монголын Цэргийн сайд уулзаад сангийн мөнгөнөөс гуйжээ. Ямар хэрэг болсныг асуухад “Надад өөрт жаал мөнгөний хэрэг гараад” гэсэн гэдэг.

Улаантнууд Оросын засгийн эрхэнд гарсны дараа тэд Монголд 3 сая рубль хувьсгалд зориулж өгсөн юм. Энэ мөнгийг ерөнхийдөө Ринчино барьж байсан учир тэрээр нэг хэсэгтээ Монголын хаан байв. Үүнээс хойш үргэлж л Зөвлөлт Оросоос мөнгө гуйна, цаадуул нь барьцаанд нь үзэл суртал, янз бүрийн коммунист туршилтаа тулгана.

Монгол нь нэг талаас Япон, Хятадаас Оросыг тусгаарлах жийргэвч бүс, нөгөө талаас болзошгүй дайны үед байлдаан болоход нэн тохиромжтой хүнгүй тал нутаг билээ. Иймээс ч ХХ зуунд Зөвлөлтийн цэрэг Монголд гурван удаа орж ирж байралсан юм. Жишээ болгоход Халх голын байлдаан. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд “хилийн томоохон мөргөлдөөн” гэдэг. Японд Гадаад Монголыг эзлэх ямар ч төлөвлөгөө байгаагүй. Харин ч Манж Го улсыг хүлээн зөвшөөрвөл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн дэлхийн ганц улс байсан юм. Манж Го – Монголын хилийн зурваст маргаантай асуудал байсныг далимдуулан Зөвлөлт, Япон хоёр Халх голын районд тулалдан хүчээ үзжээ. Ерөнхий сайд Гэндэн “Байлдах дуртайгаараа Япон Орос хоёр л байлдана биз, энэнд ямар ч хамаагүй Манж Го, Монгол хоёрыг татан оролцуулах ямар хэрэгтэй юм” гэж хэлж байсан.

Монгол улс албан ёсоор 1946 онд тусгаар тогтносон нь чухамдаа Оросыг Хятад, Японоос зааглах жийргэвч бүс болох газар нутгийн байрлалтай холбоотой. Тусгаар тогтнол нь хөрш орны тулгасан үзэл суртал, нийгмийн байгууламж, үгэнд нь хүлцэнгүй орсны шан юм.

Монгол улс эдийн засгийн хувьд бүрэн өөрийн хүчинд тулгуурлаж амьдарсан нь дэлхийн II дайны зурвас үе байх. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр гачигдаж, өөрснөө тамхи хүртэл тарьж үзэв. Дайны дараа Хятад нь коммунист гүрэн болсноор хоёр талаасаа эдийн засгийн тусламж авах таатай нөхцөлд тэжээлгэх болов. Хөршүүд үзэл суртлын хувьд зөрчилдөж эхэлсэн тавиад оны сүүлчээр бүр ч таатай нөхцөл үүсэв. Хятадын хөнгөлттэй зээл болох 190 сая рублиэр өнөөгийн Улаанбаатар, Налайхад олон обьект ашиглалтад оржээ. Ингэнгүүт үүнээс давсан зээл хойд хөршөөс орж ирэв.

ХҮЙТЭН ДАЙНЫ БУЯНААР

Жараад оноос хоёр хөршийн харилцаа хурцдан хүйтэн дайны байдалд шилжлээ. Монголд зөвлөлтийн 100 мянган цэрэг ирж байрлав. Үүний шанд Зөвлөлтөөс асар их хөрөнгө оруулалт орж ирсээр нэг мэдэхэд үндэсний үйлдвэрлэлийн 70 гаруй хувь нь тэдний зээллэгт тулгуурлах болж. Тэд төлөвлөгөөт 5 жил тутамд 3 тэрбум шилжих рубль зээлж байсан нь 1990 онд нийт 9,8 тэрбум болсон байна. Хэдийгээр энэ нь биетээр байхгүй хиймэл валют боловч албан гэж үзэх ханшаар 17 тэрбум америк доллар гэж тооцогдох аж. Энэ бол эзгүй уудам нутаг болох цэргийн полигоноо найр тавин тавьж өгсний шан юм.

Гэтэл цөөн хүн амтай Монголд харьцуулахад энэ их барагдашгүй мөнгийг юунд зарцуулаад алга болгов? Зөвлөлтийн бодлогоор Монголын эдийн засаг нь зөвлөлтийн армийг махаар хангаж байх гол ач холбогдолтой. Монголын хил дагуу Улаан-Үдийн, Читийн, Томскийн гурван том мах комбинат ажиллана. Монголын малыг 200 сая хүргэхийг ч Сталин зөвлөж байсан. Зөвлөлтийн удирдагчидтай удаа дараа уулзсан Чойбалсан, Цэдэнбал нарын уулзалтын протоколыг үзвэл Монголын мал аж ахуйг хөгжүүлэх сэдэв дагнаж байжээ. Хрущев хүртэл малын тэжээл яаж тарих технологийг Цэдэнбалд нарийвчлан зааж өгч байв. Малаа өсгөхийн тулд худаг болон өвөлжөө маш чухлыг онцлоно. Ийнхүү нийт зээлийн 60 гаруй хувийг нүүдлийн мал аж ахуйг тордоход зарцуулсан юм.

Хэдэн арван мянган худаг, өвөлжөө хаваржааг богино хугацаанд барьжээ. Нэгэнт бүх юм нь төрд хамаардаг төлөвлөгөөт эдийн засаг эдгээр худгийг олноор нь гол дагуулан угсарч, өвөлжөөг ам болгонд барив. Хагас зэрлэг нүүдлийн малд ийм тансаглал хэрэг болсонгүй, мал хувьчлагдсаны дараа ихэнх нь хэрэггүй болон хаягджээ. Мал эмнэлгийн маш том сүлжээ, зоотехникийн үйлчилгээ, өвс тэжээлийн үйлдвэрүүд, үүнийгээ хүргэх өндөр өртөгт сүлжээ хожим нь зах зээлийн эдийн засагт ямар ч хэрэг болсонгүй. Юутай ч 1970 – 1988 оны хооронд нүүдлийн мал аж ахуйд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нийт малынхаа үнээс олон дахин илүү болжээ. Гээд мал сүргийн тоо өсч чадсангүй, 20 сая орчим тоо толгойгоо барьсаар социализмыг дуусгав. Нэгэнт тэжээлгэж байгаа болохоор энэ болгоныг зөвшөөрөхөөс өөр гарцгүй.

Бараг үнэн байж магадгүй нэг онигоонд өгүүлэхдээ: Гадаадын жуулчдыг нисэх буудлаас автобусаар хот руу зөөж явна. Тайлбарлагч хотоо танилцуулна,

-Баруун талд буй нь Чехословакийн байгуулсан гутлын үйлдвэр, зүүн талд харагдаж буй нь Польш улсаас байгуулсан мод боловсруулах үйлдвэр, Зөвлөлт нөхдийн байгуулсан байшин үйлдвэрлэх комбинат энэ байна, цаана нь румынчүүд босгосон мебелийн үйлдвэр, харин энэ замыг харилцаа сайн байхдаа хятадууд барьсан юм…

-Та нар өөрснөө юу байгуулсан бэ?

-Бид нар уу…? Бид нар социализм байгуулж байгаа.

Эрдэнэт болон уул уурхайн бусад бүтээн байгуулалтад тэрхүү асар их зээлийн ердөө 7 хувь нь зарцуулагджээ. Чухал хэрэгцээт дэд бүтэц бараг баригдсангүй. Нэлээд хөнгөн үйлдвэрүүд баригдсан боловч хожим нь зах зээлийн өрсөлдөөнийг даах чадваргүй учир ихэнх нь дампуурсан. Харин орон сууцжуулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндэд зээлийн үлдсэн жаахан хэсэг нь зарцуулагдсан боловч гайхамшигтай үр дүн үзүүлсэн юм. Монгол үндэстэн түүхэндээ анх удаа соёлжиж, иргэншиж, орчин үеийн шинжлэх ухаан техник технологийг эзэмшив. Нүүдэлчид бүх түүхэндээ анх удаа урбан хоттой боллоо.

ДАРААГИЙН ШИНЭ ТЭЖЭЭГЧИД

1990 онд Монголд төрийн ардчилсан тогтолцоо ялж, улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн нь монголчуудын санаачилга гэхээсээ дэлхий даяар коммунист систем задран унасантай холбоотой. Харин энэ далимыг монголчууд зөв ашиглаж чадсан. Гэвч Үндэсний үйлдвэрлэлийн дөрөвний гурвыг зээл өгч бүрдүүлүүлдэг, гадаад худалдааных нь 90 гаруй хувийг хангадаг ЗХУ нуран тарснаар монголчууд тэжээгчээ алдав. Цөм үсэрлээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болж, зах зээлд өрсөлдөх чадваргүй үйлдвэрүүд дараалан дампуурав. Энэ улсад гадагш нь борлуулж чадахуйц ганц ч бүтээгдэхүүн байсангүй. Гээд байгаагаас мал хунартай учир шилжилтийн үеийн зарим орон шиг өлсгөлөнд автсангүй.

Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд Монголыг тэр дор нь гишүүнээр элсүүлэн авч тусламж дэмжлэгийн гараа сунгав. Шинэ тэжээгч! 2000 он хүртэл Монголын үндэсний үйлдвэрлэлийн 40 хувийг эдгээр тэжээгчид хөнгөлттэй зээл, хандив, буцалтгүй тусламжаар хангаж байсан юм. Ялангуяа Азийг хариуцсан Япон улс голлох тэтгэлэгийг хариуцна. Тэд энэ арван жилд тэрбум орчим долларын удаан хугацааны хөнгөлттэй зээл олгосноос гадна буцалтгүй тусламж, техникийн зөвлөлгөө болон дэмжлэг нь мөн тийм хэмжээнд хүрчээ. Франц улс гадагш их тусламж өгдөг ч нэг хүнд оногдох утгаараа Монголд хамгийн их хандив өгчээ. Хятадууд удаа дараалан их хэмжээний хандив олгов. Хэдийгээр Монгол Төвдийн хороогоор дамжсан боловч Тайваний хүнсний тусламж асар их нэмэр болсон. Монгол руу цувах хандив тусламжийн бодлогыг ерөнхийд нь АНУ, Япон зангидаж хандивлагч-дын зөвлөлгөөн олон удаа зохион байгуулсан юм. ОУВС Монголын санхүү эдийн засгийн зохицуулалтад анхаарлаа хандуулж зах зээлийн үеийн мэнэжмэнтэд тохирсон бодлогыг зааж сурган удирдсанаар тун удалгүй дажгүй амжилтад хүргэжээ.

Мал сүргийг хувьчилснаар тэр дороо тоо толгой нь өсөв. Ноолуур гадагш гаргаж болох ганц бүтээгдэхүүн учир ямаан тоо хэт өсч бэлчээрт хортойгоор нөлөөлөн цөлжилтөд нэмэр болов. Гээд зах зээлийн эдийн засгийн буянаар бараа таваар элбэгшин, шилжилтийн ид хүнд үеийг даван туулсан юм.

МОНГОЛ ХҮНИЙ ОНГИРОХ НЬ ХЯТАД ГАЛЗУУРАХТАЙ АДИЛ

Монгол улсын гадагш экспортолж болох гол бүтээгдэхүүн бол байгалийн баялаг, түүхий эд юм. Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, далайгаас хол байрлалтай зэрэг олон шалтгаанаар уул уурхай олзворлох сонирхолтой хөрөнгө оруулагч олдохгүй байлаа. Зөвхөн эхний арван жилд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монголын уул уурхайд хөрөнгө оруулахыг гуйж гувшин уриалж далласан үгийг 200 удаа албан ёсоор гадаад дотоодгүй зарлажээ.

Хятад улсын эрчимтэй хөгжлийн давалгаа хөрш Монголд хүчтэй нөлөөллөө. Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрийн дөрөвний гурав нь Хятадад бөөгнөрсөн нь тэдний гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлоготой холбоотой. Ёроолгүй ходоод шиг Хятадын зах зээл Монголд элбэг төмөр, цайр, зэсийг ховх сороход тэр хэрээрээ үнэ нь өсч байв. 2005 он гэхэд арван жилийн өмнөхтэй харьцуулахад зэсийн үнэ тав дахин, нүүрсний үнэ найм дахин өсөв. Монгол улс сүүлийн зуун жилд анх удаа өөрийгөө хангахуйц орлоготой боллоо. 10 жилд эдийн засаг 10 дахин өсч дэлхийн рекорд болов.

Хэдийгээр дэлхий даяар эгшин зуур тархсан 2008 оны санхүүгийн хямралд сүрхий донсолгосон боловч ОУВС-ийн станд бай хөтөлбөрийн хүчээр хөл дээрээ тогтлоо. Үүнээс гадна Азийн зах зээлийг хангадаг Австрали дахь асар том нүүрсний орд үерт автсан даруй коксжих нүүрсний үнэ эгшин зуур хаданд гарав. Хэдхэн жилийн өмнө тонныг нь 19 доллароор гуйж өгдөг байсан Таван толгойн нүүрс 130 доллароор гуйлгаж өгдөг болов. Улсын орлого төлөвлөснөөс хавьгүй илүү гаран саваа халих боллоо. Улсын төсвийн тодотголыг УИХ жилдээ 2-3 удаа хийж илүү гарсан мөнгөө хэрхэх тухай толгойгоо гашилгах болов.

ХХ зууны эхээр Монголд 35 жил амьдарсан швед эр Ларсон “Монгол хүний онгирох нь хятад хүний галзуурахтай адил” хэмээн дурсамж номдоо бичсэн байдаг. Нүүрсээр тасарсан Япон, Солонгос, Хятадын том компаниудаас гадна Австрали, АНУ, Энэтхэгийн олзворлогч компаниуд Монголын Засгийн газрыг царайчлах болов. Тэр хэрээр монголчууд гэдийж 4 жилийн турш тэднийг хий горьдоолоо. Хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг зөвлөлдөе хэмээн дэлхийн өнцөг булан бүрээс дуудан Улаанбаатарт цуглуулчихаад ажил их байна, дараа ир хэмээн буцааж байсан тохиолдол ч бий. Хөрөнгө оруулах гэсэн компаниудыг нүдэн дээр нь доромжлох, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэн гутаах, амлалтаасаа буцан хууран мэхлэх, хээл хахууль нэхэх нь ердийн үзэгдэл болжээ. Монголчууд баяжих тусам дэлхийг үл тоомсорлон, ОУВСанг хөөж туун, гадаадын хөрөнгө оруулагчдыг шулуухан л шулаач дээрэмчдээр нь дуудах болов. Заримыг нь үндэслэлгүйгээр шоронд хорих, Монголын хилээс гарахыг нь хориглох, хий хардан үндэслэлгүй торгох нь хэвийн арга хэмжээ болов. Үүнийг аймаг дүүргийн татварын газар, цагдаагийн хэлтэс бие даан шийдэж гүйцэтгэнэ. Үр дүнд нь энэ процесс нийтийн үйлс болж борооны дараах мөөг шиг олширсон ТББ гэгдэх шантаажны гэр бүлийн бизнес дэлгэрэн компани болгоныг хувьчлан хараалж, байгаа болгов. Сул дорой төр нь үүнд арга хэмжээ авах байтугай эрх мэдэлтэн болгон үүнд хувиараа оролцох болов. Хан Рисорс зэрэг компанийг янз бүрээр шахсаар эцэст нь асар их хөрөнгө нэгэнт оруулсаныг нь үл тоон үлдэн хөөв.

Монголчууд түүхэндээ байгаагүйгээр баяжлаа. 1990 онд Улаанбаатарт 3000 автомашин хөдөлж байсны 100 нь аминых байлаа. Тэгвэл баяжсан үедээ монгол иргэд 7 тэрбум долларын автомашин, 2 тэрбум долларын гар утас, нэг тэрбум долларын цахилгаан хэрэгслэл, зурагт худалдан авчээ. Төрийн худалдан авалт хэрээс хэтэрч ашиглаж чадахгүй, барахгүй их зүйлд мөнгөө зарцуулна. Тооцоогүй цацаж өгсөн гэсэн үг. Сангийн яам мөнгөө барахаа больж УИХ-ын гишүүн болгонд захиран зарцуулах эрхтэйгээр сая сая доллар тараах болов. 2012 оны эхний хагас жилд гишүүн болгонд 1,5 тэрбум төгрөг тарааж байсан нь жилээр бодохоор 2 сая доллартой тэнцэж байлаа. Гишүүд энэ мөнгөөр сонгогдсон тойрогтоо сургууль, эмнэлэг, соёлын төв хэрээс хэтэртэл барьсан тул асар том эмнэлэгт жилд 1-2 хүүхэд эх барьж авах, нэг ангид 5-7 хүүхэд суух тохиолдол элбэг гарав. Гэтэл хүн амын тал хувь нь суух нийслэл дивтаат цөөтэй учир эмнэлэг сургууль эрс дутаж өвчтөнүүд коридорт хэвтэж, нэг ангид 50 гаруй хүүхэд суралцах нь мөн элбэг.

МОНГОЛ ХЯМРААГҮЙ, БАЙРАНДАА Л ОЧСОН

Австралийн усанд авахуулсан нүүрсний орд хатаж эргээд ашиглалтад орсноор нүүрсний үнэ уналаа. Хүлэмжийн хийн эсрэг дэлхий дахины арга хэмжээ амьдралд хэрэгжиж эхэлснээр хятадууд үй олон нүүрсний уурхайгаа хаав. Зэсийг орлох материал нээгдсэнээр зэсийн үнэ хоёр дахин уналаа. Төмрийн хэрэгцээ ч багасав. Монгол улсын гадаад өр 20 тэрбум доллар давсны дөрөвний нэг нь Засгийн газарт, тавны нэг нь Төв банкинд хамаатай. Гадаадын хөрөнгө оруулалт зугтааснаар валютийн орлого эрс багасч төгрөгийн ханш эгшин зуур хоёр дахин унав. Эрхийг ээлжлэн баригчид бурууг биен рүүгээ чихэхийн тулд авдар сав бөгс бөөрөө дэлгэн харуулж хямралыг улам өдөөх нь тэр. Алтан загасны эмгэн эвдэрхий тэвштэйгээ хоцрох нь энээ.

Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар кино хийсэн нь бий. Тэнд На захирагч “Чингис хааны үед их гүрнийг байгуулж, Авдай сайн ханы үед Гомбогүр бурханыг залж, Энх-Амгалан хааны үед засаг захиргааг байгуулж, Ардын засгийн үед дээдэс нь доодсоо хавчихгүй, доодос нь дээшээ мөчөөрхөхгүй ёс тогтов” гэж Монголын бүрэн түүхийг тун товчхон илэрхийлдэг. Энд би арай жаахан дэлгэрэнгүй хэлчихлээ.

2017.6.19

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Ямар мэргэжил сонгох вэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбатын ярилцлага нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ. Тэрбээр Засгийн газраас гарсан шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм.

“Өдрийн сурвалжлага” буландаа Гэмтэлийн эмнэлэгийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед хүүхдүүд олноороо гэмтэл бэртэл авч, тус эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлэх болжээ.

Мөн Tv9 телевизийн гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэнгийн ярилцлага нэг, зургадугаар нүүрт гарлаа. ШӨХТГ-аас тус телевизийн эфирийг хаах мэдэгдэл ирүүлсэнтэй холбоотойгоор, тэрбээр дэлгэрэнгүй ярьсан байна. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт Баабарын “Ямар мэргэжил сонгох вэ” хэмээх нийтлэл гарлаа.

Танилаасаа утас худалдаж аваад хүн амины хэрэгт яллагдсан иргэний сэрэмжлүүлэг ярилцлага долдугаар нүүрт гарлаа.

Мөн Баримт, үйл явдлын долдугаар нүүрт 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэх дүгнэлт АНУ-аас ирсэн талаарх хэвлэлийн хурлын мэдээлэл хийтлэгдлээ.

Эдгээрээс гадна уртын дуучин, бөхийн манлай засуул Б.Батболдын “Оюутан байхдаа улсын наадамд Баянаа аваргын цолыг дуудаж байлаа” ярилцлага, Гоёл, Соёл нүүрт “Энэ жилийн наадмын гоёлд торгон, торон, тааран цамц зонхилно” хэмээх наадмын гоёлын тухай сурвалжлага багтлаа. Мөн Иран, Хятад, Вьатнам улсууд руу манайх мах экспортлож эхэлсэн талаар мэдээлэл гарчээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.