Categories
мэдээ нийгэм

Хот дээгүүр 1,000 метрээс доогуур нислэг үйлдэхийг хориглодог гэв

Image result for нислэг үйлдэхийг хориглодог гэв

Төрийн ордны баруун хойд булангаас Туушин зочид буудлын дээгүүр өнөөдөр 12:10 цагт Боинг онгоц доогуур ниссэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Олон улс хоорондын том Боинг онгоцны дамжин өнгөрөх нислэг өдөр бүр үйлдэгддэг. Онгоц хот дээгүүр нисэх бол заавал ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Өнөөдөр 12 цагийн үед ниссэн онгоц Korean Air-ын онгоц байх магадлалтай. Одоогоор том Боинг онгоц хот дээгүүр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн зөрчил гараагүй байна. Манай улсын нутаг дэвсгэрээр өдөрт 300-400 нислэг үйлдэгддэг. Хот дээгүүр 1,000 метрээс доогуур нислэг үйлдэхийг хориглодог. Өнөөдрийн байдлаар 3,000 метрээс доогуур нислэг үйлдсэн онгоцны зөрчил илрээгүй байна. Хамгийн доогуур нислэг үйлдсэн онгоц нь 3,700 метрийн өндөртэй нисчээ. Том онгоц ниссэн болохоор доогуур нисэж байгаа мэт харагдсан байх” гэлээ.

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 8.1.1-д нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэхийг агаарын зайн зөрчилд тооцно гэж заажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үнсгэлжин” дуурь амиллаа

Дуурийн урлагийн өлгий нутаг Италийн хошин дуурийн нийтлэг хэв шинжийг бүрдүүлэгч Ж.Россинигийн “Үнсгэлжин” дуурь манай улсад анх удаа олны хүртээл боллоо.Хүн төрөлхтний соёлын гайхамшигт бүтээл болох дуурь нь үүсээд хэдэн жарныг элээжээ. Харин “Үнсгэлжин” дуурь бүтээгдэн үзэгчдийн мэлмийг баясгаад 200-н жилтэйгээ залгаж байгаа юм. Дэлхий нийтээрээ эл дуурийг мэдэн, шүтэж, тэр бүү хэл түүний нэрэмжит жилийг хүртэл зарласан. Гэтэл манай улсад саяхан тавигдсан нь дэндүү хожим гэлтэй. Сонгодог урлагийг ойлгодоггүй, нийтийн дуу, хошин урлагт дурладаг, сэтгэлгээний ядууралд орсон хэмээн шүүмжлэлд ихээхэн өртдөг манай ард түмэн үүнийг үгүйсгэх гэсэн мэт Дуурийн театрын үзэгчдийн суудлыг дүүргэжээ.

Мэдээж дэлхийн сонгодог, Итали, Испани, Орос, Монгол дөрвөн улсын үндэстэндээ хүлээн зөвшөөрөгддөг уран бүтээлчид оролцсон гэдэг утгаараа тоглолтын тасалбар чамлахааргүй үнэтэй байсан юм. Гэсэн ч үзэгчид сонгодог урлагаас татгалзсангүй.Аялгуулан дуулах, тэр тусмаа өргөн утга санаа илэрхийлэн, уран яруу эгшгээр үнэмшилтэй дүр бүтээн үзэгчдийн оюун санаанд нэгийг бодуулж, сэтгэлийн таашаал өгөх дуурийн үндсэн шинжээ “Үнсгэлжин” дуурь бүрэн хадгалсан байв.Уг дуурийг Дэлхийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пескассэролиги удирдаж, Улсын филармонийн Симфони найрал хөгжим бүрэл бүрэлдэхүүнээрээ хөгжимдөж, Италийн алдарт дууучин Франко Черри, Пиэтро Тоскано, Испанийн нэрт дуучин Игнацио Прието, ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова, ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин Т.Энхбат, УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, “Ньюанс” хамтлагийн гоцлол дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун, Д.Дүйнхэржав, Д.Шагдарсүрэн болон дуурийн залуу дуучин Э.Очирсайхан нар оролцов.

Цоглог аялгуутай эл дуурийг бүхэлд нь би “өд” шиг хэмээн нэрлэмээр санагдав. Учир нь хөгжмийн хэмнэл нь хүнд биш, агуулга, үйл, явдал, дуурийн баатруудын үзэл бодол, сэтгэлийн хөдлөл, зөрчил хөдөлгөөнийг бүрэн нээж чадсан. Үзэж, сонсоход босоод бүжмээр, сэтгэл хөнгөрөх нь тийн нэрлэхэд хүргэсэн. Мөн гол баатруудын хувцаслалт тод өнгийг голлохын зэрэгцээ, бяцхан охидын шунал хүрмээр дэгжин. Хүн бүрийн үзэж, өөр өөрийнхөөрөө төсөөлдөг “Үнсгэлжин” үлгэрээс бага зэрэг өөр.

Гэхдээ үлгэрээс сэдэвлэсэн гэдэг утгаараа хойд ээж, хоёр эгчдээ ад үзэгдсэн бяцхан охин, ханхүүтэй үдшийн турш бүжээд эцэст нь шаахайгаа орхиж явах зэрэг үйл явдлын ерөнхий чиг шугамыг нь баримталсан байлаа. Нийгэм цаг үеийн асуудалд дарагдаж, төөрөлдөж, тархи нь ядарсан ард түмэн минь үйл явдал, ая эгшиг нь хөнгөн энэ мэтийн урлагаар цангасан байсан мэт санагдсан юм. Үнэхээр л “Үнсгэлжин” дуурь цагаа олж манай эх орны тайзан дээр амилжээ.Итали хэл дээр дуулсан уг дуурийн гол баатруудыг манай улсын уран бүтээлчид голлосон нь бахархмаар. Тэр ч байтугай “Үнсгэлжин” дуурийн өлгий нутаг хэмээх Италид С.Аяна хэмээх монгол бүсгүй үзэсгэлэнт гүнжийн дүрд дуулдаг. Тэрээр гэнэн хонгор, тэгсэн хэрнээ сэтгэлийн хийгээд биеийн асар их дарамтыг даван туулж чадаж байгаа Үнсгэлжингийн дүрд гарамгай сайн хувилсан байлаа. Хэл, соёл, үндэс угсаа, сэтгэлгээ хийгээд олон зүйлээрээ эрс ялгаатай тив тивийн уран бүтээлчид урлаг хэмээх хүн төрөлхтний гайхамшигт бүтээлээр нэгджээ. Түүнд нь бидний цөөхөн монголчууд багтаж, дэлхийн монгол гэдгээ баталж байгаад гүнээ баясмаар.

Categories
мэдээ нийгэм

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 50 жилийн ой өнөөдөр тохиож байна

Улсын нийслэл болон 15 аймаг 209 сум, суурин газруудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байдаг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн ёслолын үйл ажиллагаа “The Corporate” зочид буудлын ёслолын танхимд боллоо. Уг үйл ажиллагаанд Эрчим хүчний яам, тус яамны харъяа төрийн өмчийн аж ахуйн газар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.

Ойн үйл ажиллагааны үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан нь онцлох үйл явдал байв. Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Ц.Баярсайхан компанийн хамт олонд гардуулан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хүндэтгэлийн туганд зүүж өглөө.

Мөн Монгол Улсын засгийн газрын гишүүн ЭХЯ-ны сайд П.Ганхүү ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үе үеийн ажилчдад 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь үндэсний хэмжээний компанид төрөөс үзүүлж буй гүн хүндэтгэл хэмээн үзэж байна. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК үүсч хөгжсөний 50 жилийн ой, эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байна. Тус компанийн хамт олон түүхт ойгоо олон бүтээлч ажлыг өрнүүлэн идэвх санаачлагатай ажиллаж, арвин амжилтаар угтаж байгаад яамны зүгээс талархлаа илэрхийлж байна” хэмээн компанийн хамт олонд хүндэтгэлийн үг хэллээ.

Ц.АНАР

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна.

Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү“Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ.

Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3,000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9,000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.

Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн долоо дахь удаагийн уулзалт зохион байгуулагдаж байна

“Монголын уул уурхайн бирж” болон “Эрдэнэс Монгол” ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017” форумын долоо дахь удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ удаагийн форум “Хөгжлийн шинэ шатанд шилжье” уриан дор явагдаж байгаа бөгөөд орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, уул уурхайн компаниуд дэвшилтэт технологи, менежменттэй танилцах, туршлага солилцох зэрэг уул уурхайн компаниудын хамтын ажллагааг дэмжих зорилготой явагдаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдаж байгаа бөгөөд “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг уул уурхайн томоохон компаниуд оролцож байгаа аж. Уг үйл ажиллагаанд нийт 350 гаруй компаниуд оролцож байгаагаас ханган нийлүүлэлтийн 100 гаруй, уул уурхайн 200 гаруй компаниуд хуралдаж санал бодлоо солилцлоо.

Энэ талаар үйл ажиллагааг зохион байгуулагч “Монголын уул уурхайн бирж” компанийн гүйцэтгэх захирал З.Наранбатаас тодруулахад “Манай энэ удаагийн “Miner & Supplier” буюу уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хурал долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганыг бид “Эрдэнэс Монгол” компанитай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн хурал орон нутгийн ханган нийлүүлэлтийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилготой явагдаж байгаагаараа онцлог юм. Чуулганаар томоохон Мега төслүүдэд хэрхэн ханган нийлүүлэлтийг хийх болоод эдгээр компаниудтай уулзалт хийн санал бодлоо солилцох зэрэг олон талын мэдээллүүдийг олгодгоороо ханган нийлүүлэгч нарт ихээхэн ач холбогдолтой. Мөн Мега төсөл хэрэгжүүлэгч компаниуд шинэ ханган нийлүүлэгч компаниудтай холбогдож, ханган нийлүүлэгч компаниудад тавигдах стандарт, тусгаж хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг өгснөөр харилцан ойлголцож, шийдэх арга замыг тодорхойлох боломжийг энэ үйл ажиллагаагаар дамжуулан хүргэж байгаараа давуу талтай юм” гэсэн мэдээллийг өглөө.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

Засгийн газар өчигдөр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас бүх хүүхдэд мөнгө олгох шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ гэж онцолсон юм. Хүүхдийн мөнгө хэзээнээс олгогдох талаар зарим газраас тодрууллаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй байгаа аж. Энэ долоо хоногтоо багтаж албажиж ирнэ гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Хаан банк болон Хас банкнаас хүүхдийн мөнгөний санхүүжилт орсон эсэхийг тодруулахад ямар ч мэдээлэл ирээгүй гэсэн хариу өгсөн юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны халамжийн мэргэжилтэн Д.Уугансувдаас хүүхдийн мөнгө нөхөж олгох шийдвэрийн талаар лавлахад “Гурван жил тутамд амжиргааны түвшин тогтоох судалгаа явагддаг. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 19 хүртэл улс орон даяар явуулсан. Одоогийн байдлаар судалгааны хариу гараагүй байгаа тул хэзээнээс эхэлж мөнгө тараагдах нь тодорхоогүй” гэлээ.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Наадмаар 711 автобус, 400 такси үйлчилгээнд явна

Баяр наадмын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 22:30 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

АВТОБУС “ХҮЙ 7 ХУДАГ” РУУ 1,000 ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

1. Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5 нийт 711 автобус үйлчилгээнд гарна.

2. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ.

3. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 4 минут тутамд, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 4 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

5

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

3

4 мин

3

“Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо”

20

4 мин

4. Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ

400 ТАКСИ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксины үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдийг хүргэнэ.

Үүнд:

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
  2. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
  3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment

БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД 5 ТӨРЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

Таксины үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Хөх өнгөтэй байна.

“Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна.

Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.


Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаярын охин тоглолт хийнэ

Аавынхаа авьяасыг өвлөсөн охин энэ сарын 6-нд “Nomuka’s cover night” анхны ковер тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр

1) knew you were trouble

2) Rude

3) Come and get it

4) Summertime sadness

5) Hit me baby one more time

6) Nadad Itge ft Munkhbayr

7) Saturn sunrise hamtlag

8) Surprise song

9) Surprise song

10) Slow down

11) I want you to know зэрэг дууг дуулж сонирхуулах юм байна.

Тоглолт Монголын залуучуудын холбооны гурван давхарт байрлах “Циферблат” кафед болно.

Categories
мэдээ спорт

Г.Болор-Эрдэнэ Ази тивийн аварга боллоо

BOLORERDENE

Монголын Пара-Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт арвинтай оролцлоо. Тодруулбал, нийт 19 орны 100 гаруй тамирчид оролцсон уг тэмцээний К44 ангиллын 61кг-ийн жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн K44 ангиллын 49кг-д Х.Энхтуяа алтан медаль, К43 ангиллын 61 кг-ийн жинд Ц.Даваачулуу мөнгөн медаль, К42 ангиллын 61кг-д Б.Шинэбаяр хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн тэмцээний шилдэг тамирчнаар Монгол улсын Пара-Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн том хүннү дээлийг олны хүртээл болгоно

“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-нд болно. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн наадмаар хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэх юм. Мөн “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр ерөнхий дүр төрх болж, ая дуугаар өргөхөөр болжээ.

Арга хэмжээний үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулах аж.

Мөн энэ үеэр нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхаж, оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнаж, үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулах гэнэ.