Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Монгол кино дэлхийн зах зээлд гарах эхлэлийг “Чингисийн хүүхдүүд” тавилаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” киноны продюссерээр ажилласан. Уг кино нь АНУ-ын Кино ассоциациас Америкт гаргах лиценз болох G ангилал буюу “Бүх насныхан” ангилалд албан ёсоор багтсан Монголын анхны уран сайхны кино болоод байгаа юм.


-Та “Чингисийн хүүхдүүд” кинонд зураглаач Д.Ангарагтай хамтран продюссерээр нь ажиллажээ. Монголчууд Холливудтай хамтарч ажиллаж энэ киног бүтээсэн гэж дууллаа?

-Зураглаач Д.Ангараг маань Лос-Анжелост гэр бүлээрээ амьдарч байгаа. Намайг “Pro sound” студид байхад Д.Ангараг “Дэв” гэж аймшгийн кино хийж байсан. Нөгөө талаар бид чинь хамаатан садан улс. Д.Ангараг унаач хүүхдүүдийн тухай өгүүлдэг “Чингисийн хүүхдүүд” нэртэй их хөөрхөн кино хийчихсэн байгаа. Сүүлийн хэсгийн санхүүжилт болоод киноны дууг дуулж өгнө үү гэсэн санал тавьсан юм. Ийм сайхан саналыг нь хүлээж аваад хамтарч ажилласан. Энэ кино маань дэлхийн зах зээл дээр гарахад хэдийнэ бэлэн болчихоод байна.

Каннын кино наадмын үеэр

-Монголд нээлтээ хэзээ хийх вэ?

-Энэ сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байсан ч сонгууль болоод улс орны нөхцөл байдалтай уялдаад жаахан хойшлуулчихаад байна. Гэхдээ наадмаас өмнө нээлтээ хийнэ. Яг хэдний өдөр вэ гэдгээ одоогоор товлоогүй байна. Бид энэ киног Монгол орноо дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн.

-Энэ кинонд чухам юуны тухай өгүүлдэг юм бэ. Түүхэн кино юм болов уу гэж бодохоор?

-Эко кино гэж хэлж болно. Монголдоо монгол хүн хэрхэн амьдарч байгааг, монголчуудын зан заншил, ёс уламжлал, нүүдэлчин ахуйг харуулахын зэрэгцээ байгалийн сайхныг их гаргасан. Бид Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиас өдрөөс өдөрт холдоод байгаа юм шиг санагддаг юм. Бас сонгууль, улс төр, элдэв хэрүүл маргаан гэх мэтийн хар бараан зүйлсээс болж байгаль минь биднээс улам л холдоод байна уу даа гэж эмзэглэдэг юм. Өдрөөс өдөрт холдоод байгаа байгалиа бодооч ээ, сайн сайхан амьдрах амьдралаа бодооч ээ гэдгийг энэ кино сануулах болно.

Кинонд маань нэг айлын гурван хүүхэд тоглосон. Архангай аймгийн Цэнхэр суманд киноны зураг авалтаа хийсэн. Тэр гурван хүүхэд их хөөрхөн, адтай. Эгэл монгол айлын морь унадаг хүүхдүүд. Монголдоо аз жаргалтай амьдарч байгаа монголчуудын тухай кино. Бидэнд асар их үнэ цэнэтэй зүйл бий. Өөрсдөө мэдэхгүй, анзаарахгүй орхидог олон үнэт зүйл байдаг. Тэр үнэт зүйлсийг маш энгийнээр гаргахыг зорьсон кино.

-Монголд олон төрөл жанрын кино нээлтээ хийж байгаа ч ерөнхийдөө сэдэв нь нэг л зүйлийн талаар өгүүлээд байдаг шиг санагддаг юм. Та яагаад “Чингисийн хүүхдүүд” кинонд продюссерээр ажиллахыг зөвшөөрсөн юм?

-Монгол хүн Монголдоо сайхан амьдраад энгийн амьдрал маань энгийнээрээ, бодитоороо байгаасай гэдгийг хүссэн. Гэтэл бид хий хоосон зүйл мөрөөдөөд хэн ч биш болчихоод байна. Бүгд л Монголоосоо холдож өөр юм шүтэж, монгол ахуйгаасаа холдоод байна. Хийрхээд ч юм уу, улстөржөөд ч юм уу тиймэрхүү зүйл яримааргүй байна. Энэ кино бол эко кино гэдгийг давтан хэлье. Монголын бүхий л сайхан зүйлсийг шингээсэн кино.

-“Чингисийн хүүхдүүд” кино Каннын наадмын үеэр дэлгэцнээ гарсан гэсэн байх аа?

-Тэгсэн. Их сайхан үйл явдал болсон шүү. Монгол киногоо дэлхийн зах зээл дээр гаргахын төлөө ажиллаж байгаа авьяаслаг уран бүтээлч, компаниуд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Warner Bros компанийн кино театрт нээлтээ хийж тэнд амьдарч байгаа монголчуудаа урьж сонирхуулсан л даа. Тэнд байсан монголчууд уг киног үзээд уйлж “Эх нутагтаа харимаар байна. Гоё амьдармаар байна. Бид уг нь ийм л сайхан амьдардаг улс. Даанч тэр ахуйгаасаа холдчихож” гэцгээж байсан. Хичнээн их өв, баялгийг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн юм бэ. Монгол л гэсэн үнэр ханхалсан бүхнийг энэ кинондоо оруулсан. Монголчууд бид бодит зүйлээсээ холдчихлоо, хөндийрчихлөө, урлагийнхан маань хүртэл нэг л өөр болоод сонгуулиас сонгуулийн хооронд гүйсэн хүмүүс болчихлоо гэж шүүмжилмээргүй байна. Миний хувьд урлагийн хүнийхээ үүргийг гүйцэтгэж л энэ киноны ажилд оролцлоо. Би киноны хүн биш дуучин хүн учраас Монгол кино ийм тийм байна гэж шүүмжлэх эрх нь байхгүй. Киноны ажлын явц, Каннын наадам зэрэг үйл ажиллагаанд оролцож байхдаа кино ямар их том ажил болохыг мэдэрч эвлэлдэн нэгдээд ажиллавал дэлхийд байхгүй энэ сайхан зүйлсээ уран гоёор, урнаар бүтээж чадах юм бол бидэнд киногоор дэлхийн зах зээлд гарах том боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Энэ кино Монгол кино дэлхийн зах зээлд гарах эхлэл, түүчээ нь болж чадлаа. Миний хувьд ямар хувь тавилан минь хөтлөөд ийм сайхан кинотой холбогдоод дэлхийн хэмжээнд гарах, G ангилалд багтсан киноны багтай хамтарч ажиллав аа гэж баярлаж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Хойд Америкт гарах эрхээ авчихсан ийм сайхан кинонд продюссерээр ажилласандаа баяртай байна.

-Таны хувьд киноноос тийм ч хол хүн биш байх шүү. Өмнө нь хэд хэдэн киноны дууг дуулсан?

-Өө, дуу дуулсан. Хүмүүс мэддэггүй л болохоос биш би студитэй байхдаа киноны хадмал орчуулга дээр их ажилласан ш дээ. Театрын дэлгэцнээ гарах кинонуудын хадмал орчуулгыг хийхийн тулд бас их хөдөлмөр зарцуулна. Студи дээр жүжигчдээ авчраад бүхнийг мэргэжлийн түвшинд хийхийг зорьдог байсан. Нээрээ энэ тухайгаа би урьд нь хүмүүст ярьж байгаагүй юм байна шүү. “Pro sound” студиэ ажиллуулдаг байхдаа дэлхийн хэмжээний том киноны орчуулга дээр ажиллаж байлаа. Монгол орчуулгыг нь жүжигчилсэн, илүү үнэмшилтэй болгохын тулд их хичээцгээдэг байсан. Тэр олон кино маань хүмүүсийн сэтгэлд хүрч, сэтгэлийг нь баясгаж байсан болохоор би тэр тал дээр дотроо сэтгэл өег явдаг юм.

Д.Ангараг бид хоёрын холбогдсон түүх их сонирхолтой, инээдтэй. Миний 2001 онд хийсэн “Уйллаа шүү” дууны клипэнд Д.Ангараг маань тоглосон юм. “Рок мангас” Мөнхсайхан ах, бид гурав Хонконг руу явлаа. Анх удаа гадаадад очиж хийж байгаа клип маань. Хүмүүс тухайн үед Д.Ангарагийг танихгүй, гадаад залуу байна гэж харцгаагаад байсан. Шар үстэй их л өвөрмөц, анхаарал татах залуу. Дараа нь Д.Ангараг маань кино урлагийн чиглэлээр Бээжинд суралцаж ирээд “Дэв” гэж аймшгийн кино хийхэд нь киноны бүх дуу хөгжмийг студидээ хийж байлаа. Мөн “Амьдралын тасалбар”, “Би чамд хайртай-2” зэрэг нэлээд хэдэн киноны дуу оруулалтыг манай студи хийж байлаа. Тийм болохоор кинонд ямар олон хүний хүч хөдөлмөр ордгийг мэддэг болсон. Харин сая “Чингисийн хүүхдүүд” кинонд оролцсоноор тэр бүхнийг бүр илүү мэдэрдэг болсон гэж болно. Манай кино их хөөрхөн кино болсон. Үзээрэй гэж та бүхэнд хэлье. Д.Ангарагийн дүү Д.Номин энэ кинонд тоглосон. Д.Номин бид хоёр хамтраад “Чингисийн хүүхдүүд” киноны дууг дуулсан юм.

…Үүлгүй тэнгэрийн дор нутаг минь бий

Үрдээ үлдээх бүхэн зөвхөн тэнд л бий

Үлэмж хорвоод хосгүй эх орон минь

Үүрдийн үүрд амьдармаар эх орон минь ээ гэсэн гоё үгтэй дуу.

-Та дууны уран бүтээлийн хувьд юу хийж байна вэ. Шинэ цомгийн ажилдаа орсон уу?

-Лос-Анжелост сурч байгаа шүү дээ. Одоогоор хэлний бэлтгэлдээ явж байгаа. Урлагийн чиглэлээр суралцъя гэсэн зорилго тавьчихсан. Шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Цомгийн эхний дуунууд ороод бичигдчихсэн. Маш гоё дуунууд гарсан байгаа. Маргааш (өнөөдөр) гэхэд хоолойны бичлэгт орох гээд байж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их байна

Урин дулааны цагт иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа олон эрсдэл дагуулж байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байв. Тэр тусмаа эцэг эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахгүйгээс болж, гэмт хэрэгт их холбогдож, золгүй байдлаар хүүхдээ алдах тохиолдол ихэссээр байгаа аж. Тухайлбал, сүүлийн үед бага насны хүүхэд усанд осолдож амь насаа алдах, 14-16 насныхан газ үнэрлэж мансуурах, могойд хатгуулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдэд зориулалтын суудал хэрэглүүлдэггүй, мөн халуун бүгчим үед хүүхдийг машинд цоожилж үлдээх зэрэг үйлдлүүд нүдэнд ил тод харагдаж байдаг. Ийм үйлдлүүд аюултай, эрсдэлтэй учраас ЦЕГ, нийслэлийн онцгой байдлын газар болох холбогдох албаныхан бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, алхам бүртээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан юм.

УСАНД ОСОЛДОХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Санамсар болгоомжгүйгээс усанд осолдож, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээллэв. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 31 иргэн усанд осолдож амь насаа алджээ. Өнгөрсөн тав, зургадугаар сард загасчилж байгаад нэг, болгоомжгүй байдлаар найм, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг, амь насаа хорлож нэг иргэн тус тус амиа алдсан байна. Харин бага насны есөн хүүхэд усанд унаж амь насаа алдсан гэв. Иймээс иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулав.

ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ МОГОЙД ХАТГУУЛСАН 7-8 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА ГЭВ

Сүүлийн өдрүүдэд гол устай газар болон хээр тал, уулын бэл, тэр ч бүү хэл хашаан дотроо могойд хатгуулж, Гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа гэнэ. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулан ирэх тохиолдол ихэссээр байгаа аж. Могой ихэвчлэн хүний хөл, гарын хэсэгт хатгадаг бөгөөд цөөн тохиолдолд нүүр болон хүзүүн тус газарт халддаг байна. Иргэд могойд хатгуулсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандаагүйгээс болж цусны бүлэгнэл үүсдэг. Ингэснээр ам цангах, царай цонхийх, ухаан алдах, таталт өгөх, цаашлаад зүрхний үйл ажиллагаа алдагдаж амь нас хохирдог гэнэ. Энэ талаар Гэмтэл согог судлалын төвийн хүүхдийн тасгийн их эмч Б.Солонго ярихдаа “Могойд хатгуулах тохиолдол улирлын шинж чанартай, харьцангуй өөр өөр байдаг. Яг одоо могойд хатгуулж болзошгүй улирал юм. Дулааны улирал эхлэхээр сард дунджаар 15-20 могойд хазуулсан гэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдол 8-9 сар хүртэл үргэлжилдэг. 0-10 хүртэл насны буюу бага насны хүүхдүүд могойд хатгуулж ирж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал их тохиолдол юм. Зарим тохиолдолд хатгуулаад их удаж, хор нь биеэр нь тархан хүндэрсэн байдалтай ирж байна” гэв. Манай улсын хэмжээнд ойролцоогоор 250 гаруй төрлийн могой байдаг гэсэн тоон баримт бий. Тэгэхээр хордуулах ямар төрлийн могой вэ, ямар хортой вэ гэдгээс хамаарч эмчилгээ хийдэг гэнэ. Могойн хортой эсэхээс хамаарч хатгуулсан хүүхэд маш их уйлж орилдог байна. Цаашлаад амь насаа алдах аюултай байдаг аж. Могойд хатгуулсны улмаас одоогийн байдлаар амь нас нь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдийн тасагт одоогоор 7-8 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хамгийн бага нь гурван настай. Өнгөрсөн жил хамгийн доод тал нь зургаан сартай хүүхэд могойд хатгуулсан ирж байсан гэв. Гэхдээ энэ жил ойгоос бага насны хүүхэд ирээгүй байна. Хамгийн гол нь иргэдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдэдээ анхаарал сайн тавих хэрэгтэй. Мөн хүүхдээ хөдөө орон нутгаар аялж зугаалж байгаа үедээ тэр дундаа могой ихтэй газар хараа хяналтгүй орхихгүй байхыг албаныхан онцлов.

СУУЖ БАЙГААД БОСОХДОО МОГОЙН ДЭЭР ДАРААД ХАТГУУЛЖЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт могойд хатгуулсан долоон настай хүү Б.Өнөржаргал хонинд явж байгаад могойд хатгуулсан байна. Тэрбээр “Би энэ сарын 5-ны өдөр ирж эмнэлэгт хэвтсэн. Гэрээсээ хол, Төв аймгийн Эрдэнэ суманд айлын морь унах гэж очсон. Тэр айл “Хонинд яваад ир” гээд би гэрээсээ гарсан. Морь хашигнаад явахгүй байхаар нь мориноосоо буугаад, уулын энгэрт хэсэг сууж байгаад газар тулаад босохдоо харалгүй могойн дээр дараад хатгуулчихсан” гэж байлаа. “Нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. Босоод ирсэн чинь айлын хүмүүс ирчихсэн байсан. Тэр өдрөө орой 17:00 цагийн үед сумын эмнэлэгт ирсэн. Тэндээсээ гэмтлийн эмнэлэгт 19:00 цагт ирсэн” хэмээсэн. Түүний биеийн байдал одоо гайгүй, эмнэлэгт 24 хоног хэвтсэн гэнэ. “Эхэндээ гараа хөдөлгөж болохгүй маш их өвдөж байсан. Хоол идэж чадахгүй, хөл гар суга руугаа хавдаад, бас шээж болохгүй байсан. Одоо бол гарын хуруу сайн хөдлөхгүй байгаа тэрнээс биш гайгүй болж байна” гэж ярьж байв.

ХҮҮХДҮҮД ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙ ҮНЭРЛЭЖ, МАНСУУРАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Өсвөр насны хөвгүүд шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурч, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол сүүлийн үед их байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн II хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн очиж шалгасан байна. Ингэхэд тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ хэлсэн гэнэ. Ингээд үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Мөн бага насны хүүхдүүд бие биенийгээ дээрэмдэж, зодож, дээрэлхсэн хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, зөв зам руу нь чиглүүлж өгөх хэрэгтэйг анхаарууллаа.

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГААГҮЙГЭЭС ТАВАН ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр гэр бүлтэйгээ автомашинд зорчиж явсан 0-10 хүртэлх насны таван хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна. Тодруулбал, Морингийн давааны хойд замд “T.Сresta” маркийн автомашин “T.Carina” маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 67 настай С, 65 настай Д, ой 10 сартай Т, ой 9 сартай Э нарын хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтжээ. Мөн 52-ын давааны урд замд “T.Pruis” маркийн автомашин “T.Vitz” маркийн автомашинтай мөргөлдөж 23 настай А, 36 настай Э, зургаан настай Э, 10 настай Н нарын дөрвөн том хүн, хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа гэж мэдээллээ. Иймээс жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа аж. Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байгааг Замын цагдаагийн алба хаагч хэлэв. Иймээс эцэг, эх, эмээ өвөө, ах эгч нар бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөв.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ АВТОМАШИНДАА ҮЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Тиймээс энэ өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд өгч байна. Тухайлбал, гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторх температур 70 хэм болдог байна. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг аж. Ийм халуун машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг гэнэ. Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байсан. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, ажлаа амжуулахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхаарууллаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт Б.Цэнддоогийн “Монгол хуушуур” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүлийн ярилцлага нэг, тавдугаар нүүрт хэвлэгдлээ. Тэрээр цагаан санал луйварт ашиглагдах магадлалтай талаар ярилцлага өгсөн юм. ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Солонгос судлалын секторын эрхлэгч И.Энхболдын ярилцлага хоёрдугаар нүүрт нийтлэгдлээ.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол хуушуур (наадмын)” хэмээх нийтлэл гарлаа. Мөн Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч мэдэгдэл хийсэн нь тус нүүрт хэвлэгдлээ.

Өмнөдмонголын Шилийн гол аймгаас бэлтгэсэн аян замын тэмдэглэл зургадугаар нүүрт хэвлэгдлээ. Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Хоёр машин осолдож нийтдээ арван эмч гэмтсэнийг нууж байна гэв” нийтлэл гарлаа.

Мөн “Улсын цолны тааварт багтаж байгаа бөхчүүдийг нэрлэж байна” нийтлэл наймдугаарт нүүрт гарлаа.

“Өдрийн сурвалжлага” буландаа наадмын өмнөх уяа, сойлго хэдийн жигдэрчихсэн энэ өдрүүдэд Монгол Улсын манлай уяач Цоохүүгийн Доржсүрэнгийн уяаг сурвалжиллаа. Мөн долдугаар сард нээлтээ хийхээр хүлээлт үүсгээд буй кинонуудын талаарх мэдээлэл нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Categories
мэдээ нийгэм

2017 онд махны экспортын орлого 100 тэрбумд хүрнэ

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж байна. Энэ аяны хүрээнд махны экспортыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хонь, ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлэх, тогтвортой урт хугацаанд экспортод гаргах бодит алхамыг хийж байна. Тодруулбал Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Иран улс руу “Eco food trading” ххк, “Darkhan meat foods” ххк хамтран 4000 тонн хонины мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа хийсэн. Харин өчигдөр “Мах маркет” ХХК БНХАУ руу 1200 тонн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, Исламын бүгд найрамдах Иран улс руу 2000 тонн, Бүгд найрамдах социалист Вьетнам улс руу 200 тонн хонь, ямааны махыг экспортолж байна.

Энэ жил Иран улсад 1 тонн хонины махыг 3000 ам.доллараар тооцож 6000 тонн мах нийлүүлэхэд 18 сая ам.доллар, Вьетнам улсад 200 тонн ямааны махыг 740 мян.ам.доллар буюу 1 кг махыг 3.7 ам.доллараар, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 1 кг-ыг нь 5 ам.доллараар тооцоход нийт 1200 тонн махан бүтээгдэхүүнийг 6 сая ам.доллараар тус тус экспортлох юм. Эдгээр 5 улс оронд 2017 оны 5 дугаар сарын байдлаар нийт 5283 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 10 сая ам.доллараар экспортолж, одоогийн байдлаар 23.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

2017 оны 2 дугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болж байна. Дээрх тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15 000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо байна. Өсч үрждэг малынхаа махыг экспортод гаргаснаар малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай тогтворжиж, тогтмол ажлын байр нэмэгдэж Хөдөө аж ахуй салбар улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах юм.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ”Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь махны экспортыг нэмэгдүүлэх. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хонь, ямааны махыг зорилтот зах зээлд гаргах буюу гуравдагч орнуудад махны экспортын зах зээлийг нээхэд онцгой анхаарч ажиллалаа. Махны экспорт 2017 оны эхний хагас жилийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс Исламын Бүгд Найрамдах Иран, Вьетнам, БНХАУ, ОХУ, Казакстан, Катар зэрэг улсуудад мах болон махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа амжилттай эхлээд явж байна. Одоо бидэнд экспортынхоо үйл ажиллагааг тогтвортой, найдвартай урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд олон зүйлийг хийж хэрэгжүүлэх ёстой. 2017 онд зорилтот зах зээлд мах экспортлох ажлыг эхлүүлсэн мах боловсруулах үйлдвэрүүдийн экспортын нийт орлого 25 сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15 000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх юм. Энэ бол үр дүн” гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Г.Халиунаа зүүн азийн аваргаас дөрвөн алтан медал хүртэж, дэлхийн дэд мастер болов

Улаанбаатар хотноо зургадугаар сарын 17-ноос 26-ны хооронд нийслэл зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн өсвөрийн шатарчин Г.Халиунаа арван насны ангилалд авьяас чадвар, оюун ухаанаа сорин блиц, рапид, стандарт, багийн гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алтан медаль хүртсэн юм.

Тамирчин охин энэ амжилтаараа дэлхийн Шатрын холбооны дэд мастерын /WCM/ болзол хангав. Уг тэмцээнд арван орны 508 шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангиллаар есөн өдрийн турш өрсөлдсөн байна. Г.Халиунаа тэмцээнд оролцсон 508 тамирчнаас бүх төрөлд түрүүлсэн цор ганц тамирчин болсон нь түүхэнд үлдэх амжилт болжээ. Түүний дасгалжуулагчаар шатрын спортын мастер Б.Ариунбүүвээ ажилласан байна.

Г.Халиунаа нь 2015 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотод 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөхөд эх орноо төлөөлж оролцсон Г.Халиунаа 11 өргөөс долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарч байв. Тэрээр Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн 5А ангийн сурагч бөгөөд 2015 оны улсын аварга шилдэг тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэнэ

Related imageУлсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөжээ. Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэн бүртгүүлэх аж.

Энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр бус хурууны хээгээр цахим бүртгэлд хамруулах гэнэ. Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг. Ингэж цахим бүртгэлд хамруулснаар тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Судалгаа өгөөгүй бол өргөдөл өгч байж хүүхдийн мөнгө авна

Image result for хүүхдийн мөнгө авна

Хүүхдийн мөнгө авалгүй өнөөдрийг хүрсэн бүх хүүхдэд сар бүр өгдөг 20 мянган төгрөгийн нөхөн олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Түрүү жилийн наадмаас хойш хүүхдийг мөнгийг хязгаартайгаараа олгох болсон билээ. Засгийн газрын шийдвэрээр 502.567-гоос дээш оноотой өрхийн хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгохоор болсон ч анхаарах хэд хэдэн зүйл байгаа гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байна. Нэгдүгээрт, 2013 болон 2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аль нэгэнд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн болон нөхөн авах юм байна. Хоёрдугаарт, хэрэв уг санд хамрагдаагүй бол харьяа сум, дүүрэг, хорооныхоо Хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж өргөдөл гарган, судалгаанд хамрагдсаны дараа мөнгөө авч эхлэх аж. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар өнөөдөртөө багтаж айл өрхүүдийн 0-18 хүртэл насны нийт хүүхдээс хэд нь өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсаныг тогтоож Сангийн яаманд илгээхээр болжээ. Үүний дагуу Сангийн яамнаас халамжийн мөнгө олгодог 13 банкинд санхүүжилт олгох юм байна. 2017 оны гуравдугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, өрхийн амьжиргааны судалгааны оноог нь бодсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь тэтгэмж нөхөж олгогдоно гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ослоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь толгойдоо гэмтэл авдаг

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл:

• Толгой-26,8%

• Хүзүү-3,9%

• Аарцаг, нуруу-7%

• Бөгсөн бие-4,7%

• Хөл-25%

• Нүүрний хэсэг-6,9%

• Цээж-8,7%

• Хэвлий-5,5%

• Гар-7,9%

• Бүх биеийн хэсэг-1,8% тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53% нь толгойдоо, 19% нь цээж, 10,4% нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8% нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогдсон.

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хамгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50%-иар, ард суусан зорчигчийг 25-75%-иар бууруулдаг гэсэн тоо баримт бий.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч мэдээлэл хийлээ

Намайг Чамбуугийн Саранзаяа гэдэг. Миний аав ээж хоёр амьд мэнд Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг. Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Намайг царай зүсээ нууцлаад ярилаа гэж их шүүмжилсэн, бас н.Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан болохоор энэ удаа яалт ч үгүй царайгаа ил гаргаж байна. Ийм байдлаар нийгэмд хандаж байгаадаа уучлал хүсье.

Шүүх эмнэлэгт хандсан бичиг байгаа. Өдөр судартайгаа. Манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн. Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар гэрт ирж нэгжлэг хийхдээ шууд Д.Гантулгын талд ажилласан. Эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосоны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан. Монголын хууль хяналтынхан шалгаж тогтоож чаддаггүй юм бол би гадагшаа яваад ч хамаагүй шинжлүүлээд ирж чадна.

Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна. Ядаж надаас, миний найз гээд байгаа хүүхнээс мэдүүлэг авах ёстой биз дээ. Баянмонгол хороолол, Гурван гал эмнэлгийн камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан. Манай найз хүүхэн намайг аягүй их доромжилж байгаа.

Яг үнэнийг хэлэхэд Д.Гантулга сонгууль дуустал элдэв хэл ам гаргахгүй байж бай. Сонгуулийн дараа тохиръё гэж хэлсэн. Би ч итгэсэн. Тохироод дуугүй өнгөрье гэж бодсон. Яагаад гэхээр ийм бузар хэргийн талаар ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө мэдэгдэхгүй дараад өнгөрье л гэж бодсоноос тэр.

Д.Гантулга “Гурван гал” эмнэлэгт надтай уулзахаар орж ирээд ширээн дээр 20 сая төгрөг тавьчихаад гараад явсан. Тиймээс тухайн үед сонгуулийн өмнө ийм зүйл яриад яах вэ гэж дүүтэйгээ яриад хэсэг зуур толгойгоо амраахаар найзуудтайгаа Хөвсгөл яваад ирсэн. Гэтэл намайг ирэхэд цагдаа болон шүх шинжлигээнийхэн нотлох баримтууд болон камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан байсан.

Хамт олон маань надруу залгаад есөн шидээр хэлж байна. Өнөөдөр би хамт олонгүй болчихлоо. Найдууд маань бүгд надаас урвачихлаа. Өглөө манай дүүгийн оюутны ангийн охин www.zarig.mn сайтад ярьж байна. Хэцүү амьдралтай, хүүхэд нь төрөлхийн зүрхний гажигтай. Гэтэл найзынхаа талаар ийм айхтар зүй ярьж байна. Тэр охин хүн гүтгэсэн хэргээр хэрэгт явна шүү дээ. Д.Гантулга үнэхээр хүчингийн хэрэг хийгээгүй юм бол яг одоо энд ирээд надтай хэрүүл хийгээд зогс л доо. Гэтэл дүүгийн минь найзыг худалдаж авч дүүг минь гүтгүүлж байгаад харамсаж байна.

Д.Гантулгын дагаад өчнөөн олон хүн ажилгүй амьдралгүй болно. Баянзүрх дүүргийн цагдаа, прокурор, шүүх эмнэлгийхэн бүгд эд мөрийн баримт устгасан Д.Гантулгад худалдагдсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Дээрээс нь Д.Гантулгын найз нөхөд, биднийг дайрч доромжилсон бүх хүмүүс хэрэгт унана.

Надад найман ширхэг flash байна. “Гурван гал” эмнэлэгт Д.Гантулга надтай ирж, уулзаж ярьсан яриа надад байгаа. Царай нь үл ялиг гарчихсан. Өрөөнд орж ирээд Д.Гантулга, түүний найз Анхбаяр хоёрын ярьсан яриа байгаа.

М.ИЧИННОРОВ: НААД ХЭРГИЙГ ЧИНЬ ЗАДАЛБАЛ 80-ААД ОНЫХНЫ УЛС ТӨР “БУДАА БОЛНО” ГЭЖ ЯРЬСАН

Энэ үеэр хүний эрхийн хуульч М.Ичинноров ярихдаа “Д.Гантулга гишүүн гурван гал эмнэлэг дээр очоод “Тохиръё. Наад хэргийг чинь задалбал бидний 80-аад оныхны улс төр будаа болно шүү дээ” гэж ярьсан бичлэг байна. Бичлэгийг хэвлэлийнхэн та бүхэнд өгчихнө.

Д.Гантулгад хэлэхэд нэг эмэгтэйг хүчиндээд зогсоогүй, уучлал гуйхын оронд өөр эмэгтэйг хөлсөлж аваад нэр төр лүү нь халдаад долромжилж байх юм. Үүнийхээ оронд тэр мөнгөөрөө өмгөөлөгч хөлслөөд хуулийн дагуу асуудлаа шалгуулаач ээ. Тэгээд хуулийн дагуу нотлох баримтуудаа гаргаж ирээд мэтгэлцдэг газраа мэтгэлцээд, явдаг газраа яваач гэж хэлмээр байна. Есзүйн хариуцлагаа хүлээж гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад хэргээ шалгуул.

Энэ хэргийг улстөржүүлж байгаад маш их харамсаж байна. Улс төрч хүн холбогдсон хэрэг учраас хүмүүс их сонирхож байна. Өөрөө хүнлэг ёсоор хандаагүй учраас энэ хүмүүс ингэж хэвлэлийнхэнд хандаж байна. Өөрсдөө хохирогч болохгүйн тулд ард түмний хамгаалалтад орох гэж ингэж ил гарч байгаа юм.” гэлээ.

Б.НАРАН



Categories
мэдээ нийгэм

Төмөр замын ажилчдын цалин 10 хувиар нэмэгдлээ

Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа.

Тэрбээр “Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан.

Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй явж байна.

Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй.Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж 17 өртөө зөрлөгийн нийт 1,500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.

Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан.

Түүнчлэн өртөө зөрлөгийн ажилчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны асуудал нэн тэргүүнд яригддаг. Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн.

Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургаадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг бид шийдэж чадлаа.

Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил явагдаж байна.Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжлээд явагдана” гэлээ.