Categories
мэдээ нийгэм

Д.Гантулга: Энэ асуудал дээр илэрхий улстөр харагдаж байна

Хүчингийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэр нь тодорхойгүй хаягаас, нэр ус нь тодорхойгүй хүний тухай мэдээлэл цацагдахаас эхлээд явсаар байгаад өнөөдөр Гантулга гэдэг УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон мэтээр мэдээлэл цацагдаад нэлээдгүй цаг хугацаа өнгөрлөө. Хүмүүс надаас “Та яагаад энэ мэдээллийг 20-иод хоног үргэлжлэх хугацаанд, мэдээлэл хийхгүй, хариу өгөхгүй удсан юм бэ, та өөрөө буруутай юм биш үү” гэж асуусан. Нэгд, хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 3-ны өдөр энэ мэдээллийг цацаж байгаа албан ёсны эх сурвалж мэдээллийг хийлээ. Тийм учраас би орон нутагтаа ажиллаж байгаад өчигдөр ирээд өнөөдөр энэ мэдээллийг хийж байгаа юм. Ер нь өнгө мөнгөнд, үнэ цэнэ, хүн чанараа худалддаг үеийн залуучуудын эрх ашиг бүхэл бүтэн нэг үеийг, өөрчилж шинэчлэх нийгмийн сэтгэл зүйн өмнө бид ирсэн байна. Иймээс одоо бид юунд итгэх вэ гэсэн асуултанд тулаад байгаа юм. Анх зургадугаар сарын 12-ны өдөр Гантулга гэх хүнд холбогдох хүчингийн хэргийн мэдээлэл, гомдол гарсан байдаг, 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан байдаг. Гэхдээ би хуулийн байгууллагад энэ хэргийг ямар байдлаар явах ёстой тэр бүгдийг нь үргэлжлүүлэн шалгаж өгөөч, би мэдээллээ өгье гээд зургадугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Мөн дээрээс нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Ингээд эцэст нь зургадугаар сарын 21-ний өдөр “Энэ хэргийг хэрэгсэх үндэслэл байхгүй” гэсэн прокурорын дүгнэлт гарсан.

Би прокурорын байгууллагаас “Мэдээллээ авъя” гэсэн боловч мэдээллийг зөвхөн анхны өргөдөл гаргасан хүнд эхэлж өгнө гэсэн хуулийн үндэслэлээр надад өгөөгүй. Ингээд 6 сарын 29-ний өдөр энэ мэдүүлгийг би авсан. Энэ мэдүүлэгт долоо хоногийн дотор анх гомдол гаргагч дараагийн шатны прокурорт буюу Нийслэлийн прокурорын газарт дахин санал гаргах эрхтэй гэсэн байсан. Энэ цаг хугацаа нөлөөлсөн. Дараагийн шатны прокурорт хэргийг өгч байгаа юм байна. Намайг мэдээлэл цаг тухайд хийхгүй байна гэсэн. Би цаг хугацаандаа мэдээллээ өгөөд явж байгаа. Харамсалтай нь энэ мэдээлэл одоо мушгигдаад байгаад харамсаж байна. Үндсэндээ энэ мэдээлэл бол оффшор дансны тухай задалсан мэдээлэлтэй зэрэгцээд Medee.mn дээр гарч эхэлсэн. Цэвэр АН-ын хэвлэл мэдээллийн хамаарал бүхий байгууллагуудын дэмжлэгтэйгээр, дээр нь АН-ыг дэмжиж байгаа бүхий л сонгуулийн штабын нөхдүүдийн лайваар энэ мэдээллийг цацаж байгаа нь илэрхий улс төр харагдаж байгаа юм. Зургадугаар сарын 21-ний өдөр Гантулгад холбогдох энэ асуудлыг хэрэгсэх шаардлагагүй гэсэн байхад өнөөдөр мэдээлэл хийгээд байгаа Саранзаяа Хөвсгөл далайн эрэг дээр амраад явж байсан. Ингээд уржигдар мэдэгдэл хийхдээ уйлан хайлан мэдэгдэл хийсэн. Маргааш нь уулзахад эмнэлэг дээр маш тайван ярилцаж байгааг та бүхэн харж байгаа. Өчигдрийн хэвлэлийн бага хурлаар “Надад мөнгө өгсөн, ахиад мөнгө өг” гэсэн утгатай хэвлэлийн бага хурал хийж байгаа. Энэ бол шантааж. Би хэн нэгэнд мөнгө өгөх нь битгий хэл өөрөө орон сууцны түрээсийн байранд амьдарч байна” гэх мэдээллийг хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Цаатан фестиваль Хөвсгөл аймагт болж байна

Image result for Цаатан фестиваль

Хөвсгөл аймагт “Цаатан фестиваль 2017” наадам болж байна. Энэхүү наадмыг цаатан иргэдийн өвөрмөц аж амьдрал, соёл, ёс заншил, бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, тоо толгой нь цөөрч байгаа цаа бугыг хамгаалах зорилготой зохион байгуулагддаг ажээ. Энэхүү арга хэмжээ маргааш өндөрлөх гэнэ. Өдөрлөгийн үеэр “Хөвсгөл Монголын Алтан Хоймор” уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж, аж амьдралтай нь танилцах аялал зэргийг зохион байгуулж байгаа аж. Мөн Хөвсгөл нуур орчмын аялал, галын наадам, бөөгийн дуудлагын ёслол зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Гансүх: Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй

Зам, тээврийн сайд, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллахдаа төмөр зам, Тавантолгойн орд гээд олон дуулианы гол дүрийн нэг болж байсан А.Гансүхтэй ярилцсанаа хүргэж байна.


-Зургадугаар сарын 29-нд төмөр замын хэргийн шүүх хурал болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Дуулиан шуугиантай хоёр жил шалгасан хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Яагаад?

-Эхлээд тайлбар хэлье. Энэ хэргийг энэ оны тавдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх дээр хянаж үзээд мөрдөн байцаалт явуулсан энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг Нийслэлийн прокурор эсэргүүцэж эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аваагүй. Шүүх дээр болсон процесс нь энэ.

-Шүүх хэргийг буцаах ямар үндэслэл байсан бэ?

-Олон үндэслэл байсан. Товчлоод хэлье. Шүүгчийн захирамжид “…а.гансүх нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн.

-Цагдаа нар хэргийг тогтоосон гээд хэвлэл мэдээллээр зарлаад байсан биш үү. Гэтэл нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х. Баттулгатай холбоотой ямар шийдвэр гарав. Тэр хүн ч энэ хэрэгт нэр холбогдоо биз дээ?

-Дахиад л шүүгчийн захирамжаас иш татаж хариулъя. Шинэ төмөр замын гэх хэргийг буцаасан шүүхийн захирамжид УИХ-ын гишүүн Х. Баттулгын талаар ингэж дүгнэсэн. “Үүнээс гадна Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А. Гансүхийг “Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед “УИХ-ын гишүүн Х. Баттулгатай бүлэглэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. Гэтэл А. Гансүх нь Х.Баттулгатай ямар хэлбэрээр, хэрхэн бүлэглэсэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгдээгүй, бүлэглэн, үгсэн хуйвалдсан болон гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоосон нотлох баримт хавтаст хэрэг байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн болно.

-Тэгээд Х.Баттулгатай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй, бүлэглэн гэмт хэрэг хийсэн гэдэг нотлох баримт байхгүй байж яахаараа цагдаагийн байгууллага мөрдөөд тогтоолоо гэж зарлаад байсан юм бол?

-Өөрсдөө л дүгнэлтээ хийцгээ. Угаасаа Х. Баттулгатай холбогдох боломжгүй хэрэг. Энэ шалгаад байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажил хийгдэж байх үед Х.Баттулга нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан. Зам, тээврийн сайд биш.

-Өөр ямар үндэслэл байгаа вэ?

-Шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь 10 гаруй хуудас болж байна. Бүгдийг нь танай сонинд яривал багтахгүй л дээ. Би өөрийн цахим хуудсаар дамжуулж цувралаар олон нийтэд хүргэе гэж бодож байгаа.

-Сонгуулийн өмнө шоу болголоо гэж харах хүмүүс ч байна. Яг сонгуулийн үеэр шүүх ийм шийдвэр гаргасан болохоор тэгэж харж байгаа байх л даа…

-Шүүх дээр байгаа хэргээр би яаж шоу хийх вэ дээ. Тэгээд ч ингэж шоу хийж болох уу. Хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа гэж байдаг. Хуулийнхаа хугацаагаар тэгж таарсан. Энэ сэдвээр сонгуулийн шоу болгох сонирхол улстөрчдөд байгаа байх. Аль нам төрийн эрхийг барьж байгаа билээ. Бид бол одоо эрх мэдэлтэй албан тушаалтнууд биш, шалгуулж байгаа энгийн иргэд. Ер нь энэ хэрэг бол атаач, матаач хүмүүсийн гүтгэлгээр анх үүссэн. Түүнд улстөрчид итгэж дагаж намираад, одоо бол улс төрийн зорилгод ашигладаг сэдэв болоод байна.

-Шүүх хурлаас сэдвээ арай өөрчилье. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг “MMС”–д яг өгч шампанскаа буудуулах гэж байсан торгон мөчид УИХ–ын дарга З.Энхболд болиулсан шүү дээ. Та хуулийн бодлогын зөвлөх нь байсан. Таны зөвлөгөө байсан уу?

-УИХ-ын дарга надаас асуух юмаа асуусан. УИХ-ын дарга, АН-ын дарга байсан З. Энхболд улс эх орон, ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулсан. Тэр бол ард түмэн, эх орноо гэсэн төрийн түшээ хүний алхам байсан. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг болон нэр бүхий 40 гишүүн Тавантолгойн ордыг хамгаалсан. Бүгдийнх нь нэрийг дурдмаар л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай нэрлэгдсэн. Одоо ч интернэт ороод харж болно. Тэднийг үнэлэх цаг удахгүй ирнэ. Тэгээд ч тэр хувилбар чинь явахгүй байсан л даа.

-Яагаад?

-Монгол Улсын Өмнөговь аймгийн Тавантолгойн ордыг газар нутагтай нь хамт хашаа татаж тусгаарлаад 60 жилээр (дахин 60 жил сунгах нөхцөлтэй) Хятадын компанид өгнө гэж байсан. Улс дотор улс байгуулах гэсэн гэрээ байсан. Миний ойлгож байгаагаар ямар ч тэнэг хүн ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

-Таныхаар бол яах ёстой байсан гэж?

-Гуравдагч хөрш гэдэг орнууд руу экспорт хийх хэрэгтэй. 1911 оны тусгаар тогтнол, 1921 оны ардын хувьсгалаас хойшхи бүх цаг хугацаанд манай төр засгийн бодлого бол улс төр, эдийн засгийн гуравдахь хамтрагчийг хайж байсан. 2010 онд УИХ-аар батлуулсан Төмөр замын бодлого маань энэ гарцыг нээхэд чиглэж байсан юм. Улс орныхоо нүүрсний экспортыг ганцхан улсаас хараат байлгахгүйн тулд төмөр замын өөр гарц нээсэн бодлогыг 2010 онд УИХ баталж байлаа шүү дээ.

-Тэр өөр гарц нь юу байсан юм бэ?

-Хөндлөн шугамаа эхэлж барих ёстой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос бүтээгдэхүүнээ аваад Чойбалсан чиглэлээр ОХУ-ын Алс Дорнодын төмөр замд холбогдож аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань руу гаргах бодлого байсан юм. Хятадаас эдийн засгийн хараат байдлаа тэнцвэржүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Тавхан алхамын цаана байгаа Хятад руу нүүрсээ шууд гаргачих юмыг бараг дэлхий тойруулж Чойбалсангаар Япон, Солонгос руу зөөнө гэдэг зөв бодлого байсан гэж үү?

-Хүмүүс түүхий нүүрсээ тэгж тойруулж зөөнө гэж ойлгосон, одоо ч тэгж ойлгосоор байгаа. Нүүрс болон төмрийн хүдрээ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортоо боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Европын холбоо гэх мэтийн бусад зах зээлд зарах бодлого байсан юм аа. Монголчууд аж үйлдвэртэй болж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнээ арай илүү үнэтэйгээр зарах, бас гуравдагч хөрштэй эдийн засгийн харилцаанд орохыг дэмждэггүй хүмүүс үүнийг зориуд үлгэр гэж ярьдаг. Иймэрхүү энгийн зүйлийг ойлгохгүй баахан гавьяат эдийн засагчид байна гэж байхгүй. Тэдгээр нөхдийг цуглуулаад хийсэн судалгаагаа танилцуулахаар огт дуугардаггүй. 2010 онд УИХ-аар батлуулсан “Шинэ төмөр зам” төслийг одоо болтол хийлгэхгүй байна гэдэг чинь Монгол Улсыг хөгжүүлэх сонирхол манай улстөрчдөд үнэхээр байхгүй гэдгийн нотолгоо мөн биз.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далан нэрээр шороо овоолсон гэдэг?

-Би нэг л юм хэлье. Төмөр замын даланг шороо овоолж хийдэг. Гэхдээ тусгай технологиор… Олон улсын нэр хүнд бүхий мэддэг, чаддаг компани ирээд барьсан. Солонгосын “Samsung С&T” даланг барьж, түүний ажлыг Германы “DBI” буюу “Германы төмөр зам” компанийн герман инженерүүд газар дээр нь хяналт тавьж ажилласан. Шороо овоолсон эсэхийг дэлхийд алдартай энэ хоёр компаниас асуу. Бас мянга сонсохоор нэг үз гэдэг. Очоод үзэх хэрэгтэй л дээ. Нэмж хэлэхэд тэр шороо овоолсон гээд байгаа “Samsung С&T” компани чинь Хөшигийн хөндийд ОУ-ын Шинэ нисэх буудлыг, MCS-ийн “Шангри Ла” зочид буудлыг барьсан гэдгийг мэдэх үү.

-Тийм үү? “Samsung С &T” гэдэг чинь хуурамч компани юм биш үү?

-Дэлхийд нэртэй жинхэнэ компаниуд. “Samsung С&T” нь Солонгосын барилгын хамгийн том компани. Энэ компани төмөр замын ажлыг хийхээр олон улсын тендерээр шалгарсан байдаг. Тендерийг би шалгаруулаагүй, “Энержи Ресурс” компани өөрөө шалгаруулсан. Би хуурамчаар “Samsung С&T” гэдэг компани байгуулаад Монголд 3 том төсөл дээр ажилласан байх уу? Тэгээд жинхэнэ “Samsung С &T” нь энэ бүх хугацаанд нэрийг нь ашиглаж байгааг мэдэхгүй байх уу?

-Миний санахаар “McK­enzie” гэж бас нэг хуурамч компани байгуулж мөнгө угаасан гэдэг?

-АНУ-ын “McKenzie” компанийг хуурамч гэсэн цуурхал тараасан. Гэтэл тэр компани нь албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн. Түүний дараа энэ хар пиар таг болсон. “McKenzie” гэдэг чинь Монголын цагдаагийн тоглоом биш, АНУ-ын дэлхийд нэртэй глобал компани. Монголын цагдаа ховоор ажлаа хийсний хор уршиг. Дараа нь Германы төрийн өмчит “DBI” компанийг төмөр зам дээр хяналт тавиагүй гэж гүтгэсэн. Хэтэрсэн гэхэд арай хэтэрсэн гүтгэлэг тараасан. ОУ-ын нэр хүндтэй компаниудыг хуурамч гэж гүтгэсэн дүр төрхтэй л байна даа. Эдгээр компани эсэргүүцэл илэрхийлэхэд л Монголд орох хөрөнгө оруулалт гацна шүү дээ.

-Цагдаагийн байгууллага тэр компаниудаас нь асууж, шалгаагүй юм уу?

-Харин тэгмээр л байна. Гэхдээ тэр компаниуд удаан дуугүй хараад суухгүй байх. Саяхан хяналт хийсэн Германы компани нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор тайлангаа хүргүүлсэн байна лээ.

Одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын УИХ дээр ярьсан яриаг харсан уу. Д.Ганбат сайд “энэ бол овоолсон шороо биш, 85 хувийн гүйцэтгэлтэй, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн зам гэж хэлсэн”

-Харсан. Мэргэжлийн хүн тэгж хэлснийг бодоход бодитой л юм шиг санагдсан. Тэр хүн таныг сайд байх үед “МТЗ” ХК-ийн захирал байсан юм биш үү. Тэгээд л та нарын талд дуугарчихлаа гэж бодсон….

-Үгүй ээ. Би 2014 онд сайдын албан тушаалаа өгсөн. 2014 оны 10 дугаар сард АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахад МАН-д Зам, тээврийн яамыг өгч, Н.Төмөрхүү гэдэг сайдтай болсон. Тэгэхэд л МАН-ын талаас сайдаа дагаж “МТЗ” ХК-ийн захирал болсон хүн. Наад хүн чинь АН-ын хүн биш.

-Төмөр замын холболтын цэг зөрсөн гэж яриад эхэллээ? Тайлбар хийх үү?

-Холболтын цэг зөрсөн биш, холболтын цэгээ тохироогүй байгаа юм. Учир нь Хятадын талын санал болгож байгаа цэгээр холболт хийх юм бол 166 сая доллларын өртөгтэй болоод байсан. Газар зүйн байршлаас шалтгаалаад өндөр гүүр барих шаардлага үүсч өртөг ийм өндөр болсон. Манай талаас санал болгож байгаа цэгээр холболт хийвэл 34 сая долларын зардалтай. Ийм л юм. Сүржигнээд байгаа нь бас л улс төр. Дараа хоёр тал хамтарсан ажлын хэсэг гаргаад ажилласан. Тодорхой ойлголтод хүрсэн байгаа.

-Яагаад төмөр замын нарийн өргөн, цариг гэж маргаан үүсгээд байснаа яг одоо шударгаар хэлчих?

-Хятад нарийн царигийн төмөр замтай, Монгол Улс түүнээс өргөн царигийн төмөр замтай. Техникийн хувьд энэ ялгааг яриагүй юм. Хятад улс яагаад заавал Монгол Улс руу өөрийн царигаар төмөр зам барих гээд байгаа бодлогыг нь бид ойлгох хэрэгтэй. Стандарт өөр байгаа нь тухайн улсын бодлого юм. Үүний цаана байгаа улс төрийн бодлогын асуудлаар үүнийг ярих болсон. Х.Баттулга, бид хоёр ил тодоор олон нийтэд ярьсан болохоос олон улстөрч, албан тушаалтан надтай санал нийлдэг. Манай улсын батлан хамгаалах яамныхан, Жанжин штабынхан, армийн офицерүүд, цэргийн тагнуулынхан, Тагнуулын Ерөнхий газар гээд бүгд санал нийлдэг. Энэ асуудлаар бид 2009 оноос Тагнуулын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Бид олон удаа Тагнуулын ерөнхий газарт очиж ярилцаж, зөвлөж асуудлыг боловсруулж байсан. Тагнуулынхан бүгд л санал нэгтэй дэмжиж байсан. Харамсалтай нь тэд олон нийтэд ил гарч хэлж ярих боломжгүй байдаг юм билээ.

-Орос, Казакстанаар дамжуулаад нарийн цариг тавьсан гэж байна. Тэр нь Лондон хүрч байна гэнэ. Монголоор явуулаагүй нь та нараас л боллоо гэж байна даа?

-Шинэ зүйл биш. Хийгдэж байсан тээвэр. Угаасаа энэ маршрутаар Хятадын галт тэрэг Казакстанаар дамжин Европын холбооны Франкфурт, Хамбург хот хүртэл ачаа тээвэрлэдэг. Хятадын төвийн бүсээс Европ руу явдаг хамгийн дөт зам. Харин энэ удаа цаашаа ахиж Лондон хүрсэн нь анхны удаа юм. Энэ маршрут Монголыг дайрах боломжгүй, тэгвэл тээврийн замын урт нэмэгдэж үр ашиггүй болох учир Казакстанаар дайран явж байгаа. Казакстан дээр дугуй сольж өргөн царигт шилжиж байгаа. Тэгээд ч тэр Орос, Казакстаны төмөр зам өргөн царигтай. Ер нь бол Хятадаас Европ руу төмөр замаар явдаг ачаа Казакстан, ОХУ, Монгол гэсэн гурван улсаар дамжин өнгөрч байна. Хятадаас нарийн царигаар явж байгаа галт тэрэг Казакстаны Хорос, ОХУ-ын Манжуур, Монгол Улсын Замын-Үүд боомтод шилжүүлэн ачилт хийж өргөн төмөр замд шилждэг.

-Хятадгүй бол монголчууд өлсөж үхнэ, тиймээс Хятадтай аятайхан байх хэрэгтэй гэдэг шүү дээ.

-Амьдарч байгаа мөнгөний эх үүсвэр нь Хятадаас ирдэг хэсэгхэн л хүмүүс тэгж ярьж байгаа. Монгол хүн бүр ингэж бодохгүй байх аа. Тийм хүмүүст хэлэхэд өнөөдөр өлсөж үхэхээс айгаад ирээдүйгээ, улс орноо зарж идэх хэрэгтэй юу. 1919 онд яг ийм байдал үүссэн гэдэг. 1911 онд зарласан тусгаар тогтнолыг эсэргүүцэж Хятад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Бараа таваар хомсдож эдийн засгийн хямрал үүссэн байдаг. Гол нь ноёдын Бээжингээс авдаг сул цалин ирэхээ больсон. Үүнд дүргүйцсэн ноёд нийлж байгаад Хятадад дагаар орох хүсэлт хүргүүлсэн байдаг. Ийм түүх битгий давтагдаасай.

-Гэхдээ мөнгөтэй баян байж эх орноо хамгаална, хоосон эрх оронч сэтгэл хэнд хэрэгтэй юм бэ?

-Хэний мөнгө, хэний төлөө ажиллаж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эх орон, газар шороогоо зарж мөнгөтэй бол гэдэг ганцхан л тулгалт бидэнд ирж байна. Тэгээд эх орноо, газар нутгаа зарж баяжаад дараа нь юугаа хөгжүүлэх юм. Газар нутаг бол улсын орших үндэс. Эх оронгүй болчихоод хичнээн баян байгаад яах юм. Өвөрмонголын “Гаадаа мээрэн” кинонд гардаг Дархан ван шиг нутгаа зарчихаад Хонконгод очиж ясаа тавих уу. Баячууд тэгээд мөнгөө аваад тийшээ очих л байх. Би өмнө хэлсэн одоо дахиад хэлье. Ядуу буурай байгаа ч гэсэн түүндээ автаж эх чөлөө, тусгаар тогтнолоо зарахгүйгээр эх орноо баялагтай нь ирээдүй хойчдоо үлдээе. Монголчууд өөрсдөө эзэн болсон эрх чөлөөт эх оронтой байсан цагт хөгжүүлж, баян болох цаг ирнэ.

-Тэгээд л та нар Тавантолгойг гацаасан юм уу?

-Тавантолгойг гацаагаагүй, аварсан. Удахгүй монголчууд ойлгоно. Тавантолгой ордыг хууль бусаар олон зуун жилээр авах гэж байхад нь зогсоож энэ орд төрдөө, ард түмэндээ үлдсэн. Одоо улс ийм их өртэй байгаа үед энэ орд л улс орныг аварна. Чалкогийн 350 сая долларын өрийг төлөөд дууссан. Хар л даа. Улсын өрийг нүүрсээрээ хаагаад дуусгаж байгаа биз дээ. Бидний зүтгэл үнэлэгдэх цаг нь ирнэ.

-Төмөр замын хувьд?

-Товчхондоо бол Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, төмөр замыг нь төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн мэдэлд үлдээх л гэж тэмцсэн. Хувьдаа авах гэж биш. Төрийн өмч төрдөө байж, ард түмний ашиг сонирхол, улс орны аюулгүй байдлын төлөө ашиглах хэрэгтэй гэсэн юм.

-Та нар Тавантолгойн ордыг, бас төмөр замыг өөртөө авах гэсэн юм биш үү?

-Гүтгэлэг. Тавантолгойн орд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд байгаа, төмөр зам “Монголын Төмөр зам” ХК-ийн мэдэлд байгаа. Хоёулаа 100 хувь төрийн компани. Төрийн өмч төрдөө л байгаасай, ард түмэндээ өгөөжөө өгөөсэй гэж бодож зүтгэсэн.

-Энийгээ эртхэн хэлэхгүй дээ, би ч гэсэн та нарыг л буруутгаж боддог шүү дээ…

-Хэвлэл мэдээллийнхэн ингэж ойлгохоор бусад нь аргагүй юм байна даа. Гэхдээ 2007 оноос МоАХ болон бид аюул нүүрлэж байгааг анхааруулсан, зүгээр суугаагүй тэмцсэн, эх орон, газар нутгаа худалдаагүй гэдэгтээ би нүүр бардам байх болно. Ард түмнийг ядуурлаар айлгаж, эдийн засаг, хөрөнгө мөнгө гэдэг нэрийн дор бидний хамгийн үнэтэй зүйлийг үнэгүйдүүлж байна. Энэ бол эрх чөлөө, тусгаар тогтнол. Монголчуудад эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг мөнгөөр хэмжихийн аргагүй баялаг байна. Монголчууд баян.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

Image result for Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгийг иргэдэд олгох ажлыг энэ сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн болохыг мэдээллээ. Гурван жилд нэг удаа зохион байгуулдаг өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааг 2013 онд явуулсан. Энэ судалгааны дүнгээс улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч 400 мянган хүүхэд сар бүр улсаас авдаг 20 мянган төгрөгийн тэтгэмжээ 2019 онд авахаар болсон. Засгийн газрын энэ оны долдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох бөгөөд хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн парад боллоо

Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг ес дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа ба баярын өдөрт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэж байна.

Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй албан хаагчид оролцож байгаа аж. Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Чингисийн талбайд хийсэн байна.

Мөн Монгол Улсын Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэл болох шөнийн парадыг Чингисийн талбайд энэ сарын 08-нд дахин зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдсэн байна.

Ц.АНАР

Categories
xурдан-морь мэдээ

Өнгөрсөн жилийн наадмаар айрагдсан хурдан хүлгүүд

2016 онд буюу Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүнг эргэн сануулан хүргэж байна.

Related image

ДААГА


  • Зай: 11 км
  • Бүртгүүлсэн: 367
  • Уралдсан: 212
  1. Д.Аюулхүүгийн хурдан халиун даага (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум)
  2. Н.Баасанжавын хээр халзан (Ховд, Цэцэг сум)
  3. Т.Төрмөнхийн хул (Сэлэнгэ, Баянгол сум)
  4. Т.Төрмөнхийн зээрд халзан (Сэлэнгэ, Баянгол сум)
  5. Х.Бат-Эрдэнэ бор халзан (Говь-Алтай, Шарга сум)

ШҮДЛЭН


  • Зай: 16 км
  • Бүртгүүлсэн: 372
  • Уралдсан: 281
  1. Ж.Уясахын бор халзан (Архангай, Ихтамир сум)
  2. Ц.Нүүдэлийн хонгор (Увс, Малчин сум)
  3. Х.Түмэнбаяр бор (Өмнөговь, Цогцэций сум)
  4. Ц.Гантөмөрийн халтар (Ховд, Алтай сум)
  5. Д.Ганболдын хонгор халзан (Баянхонгор, Богд сум)

ХЯЗААЛАН


  • Зай: 18 км
  • Бүртгүүлсэн: 387
  • Уралдсан: 306
  1. Б.Лхагва-Очирын хүрэн (Дундговь, Хулд сум)
  2. Т.Галбадрахын бор (Завхан, Тосонцэнгэл сум)
  3. Н.Батжаргал шарга (Дундговь, Хулд сум)
  4. Ц.Энхтайваны хүрэн (Баянхонгор, Баян-Овоо сум)
  5. Ж.Мөнхсүрэн бор (Сүхбаатар, Халзан сум)

СОЁОЛОН


  • Зай: 22 км
  • Бүртгүүлсэн: 297
  • Уралдсан: 235
  1. Д.Дагвадоржийн бор (Өвөрхангай, Хужирт сум)
  2. Ө.Пүрэвбаатарын загал (Өвөрхангай, Төвшрүүлэх сум)
  3. С.Дамбажавын хээр (Төв, Алтанбулаг сум)
  4. Д.Ганзоригийн зээрд халзан (Төв, Алтанбулаг сум)
  5. Л.Батмөнхийн хүрэн халзан (Говь-Алтай, Бигэр сум)

АЗАРГА /177/


  • Зай: 22 км
  • Бүртгүүлсэн: 214
  • Уралдсан: 177
  1. Т.Болдбаатарын магнай Халиун (Хөвсгөл, Мөрөн сум)
  2. Д.Баянбатын наран Хонгор (Төв, Баянцагаан сум)
  3. Д.Дагвадоржийн Шовгор зээрд (Завхан, Яруу сум)
  4. Д.Дагвадоржийн Яруу хээр (Завхан, Яруу сум)
  5. Д.Энхтөрийн хул (Хөвсгөл, Их-Уул сум)

ИХ НАС /372/


  • Зай: 25 км
  • Бүртгүүлсэн: 376
  • Уралдсан: 383

  1. Б.Энхбаатарын хонгор халзан (Өвөрхангай, Тарагт сум)
  2. Д.Баяраагийн хүрэн (Завхан, Дөрвөлжин сум)
  3. М.Даваажаргалын хүрэн сарт (Төв, Эрдэнэсант сум)
  4. Ц.Хэнмэдэхийн хонгор халзан (Төв, Сэргэлэн сум)
  5. Н.Мөнхбаясгалангийн зээрд (Завхан, Цэцэн-Уул сум)

Categories
мэдээ улс-төр

Өлсгөлөн зарласан иргэнийг эрүүл мэнддээ анхаархыг АН-аас уриаллаа

Төрийн албыг 60 тэрбумаар худалдах тухай бичлэг задарснаас хойш олон хүн эсэргүүцлээ илэрхйилж байгаа. Мөн эргэлзэж байгаа юм. Тэдний нэг болох АНУ-д амьдарч буй Монгол Улсын иргэн Ц.Батмөнх 27 дахь өдрөө өлсгөлөн зарлаад байгааг бид өмнө мэдээлсэн билээ. Түүнийг энэхүү улс төрийн хурц тэмцлийн хэлбэрээ зогсоож, эрүүл мэнд амь насаа эрсдэлд оруулахаа зогсоохыг Ардчилсан намаас уриаллаа. Хэдийгээр нэг иргэн нь амь нас, эрүүл мэндээ золиослон Төрийн эсрэг гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа ч өнөөгийн эрх баригчид энэ талаар үл тоосоор байгаа юм. Гэсэн ч 60 тэрбумаар төрийн албыг худалдах тухай 90 минутын бичлэг “Эвлүүлэг” биш болохыг олон улсын шинжээчид нотолж, хөдлөшгүй баримт бүрдсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүллээ

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 07, 08-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх юм.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган хаалтаа хийнэ

Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Түүнчлэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаснаар чуулган хаалтаа хийх юм.

Categories
мэдээ цаг-үе

Х.Баасансүрэн: Барууны элитүүд буддын шашин, бясалгалыг судалж, сонирхох болсон

-ЖАНРАЙСИГИЙН ТАРНИД ХОРТ ХАВДРЫГ АНАГААХ ЧАДАЛ БИЙ-


“Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Таны фэйсбүүк хуудсандаа оруулсан “Ричард Гирийн гутал” гэсэн гарчигтай пост олон хүнд хүрсэн. Ричард Гиртэй зорьж уулзсан уу?

-Би сүүлийн арван жилийн турш намар болохоор Америк явж байгаа л даа. Аризонад найз маань байдаг юм. Миний хувьд тэнд Монголдоо байдаг шигээ идэвхтэй биш намдуухан амьдарч байгаад ирэхийг хүсдэг. Тэр үеэрээ Ричард Гиртэй уулзсан. Зорьж уулзсан ч биш юм аа. Яах юм бэ гэсэн чинь уулз гэсээр байгаад уулзуулсан (инээв). Гир их таалагдсан. Уулзангуут шууд ойлголцсон. Зүрхний хүн байна лээ. Буддын шашинтай хүн болохоор Монголын буддын шашинд чадах тусаа хүргэхсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Одоо нэг кино хийж байгаа. Зураг авалтыг нь Хятадад хийнэ гэж төлөвлөсөн гэсэн. Хятадууд Гирийг оруулахгүй байхаа даа.

-Буддын чигийн кино байх нь ээ?

-Тийм гэсэн.

-Таныг Ричард Гиртэй уулзуулсан хүнийг хэн гэдэг вэ, хаанахын хүн юм бол?

-Жасрай гээд халимаг хүн. Жараад онд Америк руу 500 гаруй халимаг гарсан байдаг юм. Америкийн засгаас тэдэнд газар өгөөд сүм барих боломжийг олгосон юм билээ. Америкт очсон халимагуудаас хоёр нь их сайн амьдардаг. Нэг нь Алтан, нөгөө нь Жасрай. Сэтгэл сайтай хүмүүс шүү. Нью Жерсид амьдарцгаадаг юм. Тэд намайг Гиртэй уулзуулсан. Саяхан надтай Германаас хэдэн хүн ирж уулзаад явлаа. Европ, Азийн хамтарсан том баримтат киноныхон юм билээ. Европт нэг асуудал үүсчихэж. Настай хүмүүс нь л сүмдээ явдаг юм байна. Ахмадууд нь цөөрсөөр байгаад эзгүйрсэн сүм олон болж. Фэйсбүүк идэвхтэй хөтөлж, залуус руу чиглэсэн шинэлэг зүйл хийдэг болохоор надад хандсан юм билээ. Би ч эхэндээ цааргалсан. Өөрийгөө ярих тийм ч таатай санагдаагүй. Залуусаа шашин руу татах зорилгоор хийж байгаа кино юм аа, хэдхэн минут яриад өгөөч гэж хүссэн л дээ. Жасрайгийн санаа бас ийм. Монголд шашны чиглэлээр залуус руу чиглэсэн зөв юм хийгээд яваа хүн гэдэг утгаар нь надад Гиртэй лекц хийгээд яваач гэсэн санал тавьсан хэрэг. Монголын залуус Холливудыг сонсч тэндээс үлгэр дууриал авахыг хүсдэг гэдэг талаас нь харсан байх.

-Гир буддын шашинтай Холливудын жүжигчдийг Монголд урьж бурхны шашны чиглэлээр лекц уншуулах боломжтой гэж хэлсэн гэл үү?

-Тусална, дэмжинэ гэсэн яриа хөөрөө өрнөсөн тал бий. Энэ жил уламжлал ёсоороо Америкт очно. Яг юу болохыг урьдчилж хэлэх боломжгүй байна.

-Холливуд чамгүй олон буддисттай. Монголд ирээч гэвэл дуртай зөвшөөрөх байх аа?

-Тэгэлгүй яахав. Тийм боломж мэдээж бий.

-Барууны айхавтар хэсэг нь буддын шашныг сонирхоод байгаа анзаарагддаг. Америкчуудын хувьд ямар байна?

-Элит түвшнийхэн нь буддизм, бясалгалыг илүү ихээр судалж, сонирхох болсон. Материаллаг талаасаа бүх юм нь ханачихаар сэтгэлийн амгалан, сэтгэлийн таашаал гэдэг талаасаа хэцүү болчихдог юм байна л даа. Ямар ч хүн сэтгэлийн амгаланг эрэлхийлнэ. Эрэлхийлж яваад буддизм дээр ирээд зогсдог, сонирхдог, судалдаг, дурладаг шиг санагддаг.

-Бясалгал гэснээс таныг саяхан удаан хугацаагаар маанийн бясалгал хийсэн гэж сонссон. Маанийн бясалгал гэж ямар бясалгал байна аа?

-Ум ма ни бад ми хум гэдэг бол Жанрайсигийн тарни. Маани мэдэхгүй хүн гэж үгүй. Аяндаа л цээжилчихдэг. Хүмүүсийн хувьд маани уншиж байхдаа огт өөр зүйл боддог. Үүнийг маани тоолно гэдэг л дээ. Тэгэхээр ихэнх хүн маани тоолдог гэсэн үг. Үүнийг бясалгал болгоод маанийг бүтээнэ гэж бий. Бүтээнэ гэдэг уг нь их энгийн. Эх болсон зургаан зүйлийн амьтдад тус бүрт нь зориулж маани уншдаг. Дороосоо эхлээд есөн шаттай. Есдүгээр шатанд хүрвэл бурхан болно. ийм үе шаттай бясалгал л даа. Зургадугаар төвшинд хүрэхэд биеийн бүх өвчин үгүй болдог.

-Хорт хавдар хүртэл үү?

-Тэгнэ. Жил орчим маанийн бясалгал хийхэд сэтгэл их зөөлөрнө. Жанрайсигийн тарни их сайхан. Ум ма ни бад ми хум гэж хэлэхэд хүртэл уруул инээмсэглэж байгаа мэт хэлбэр үүсгэдэг. Гэтэл энэ тарнийг хүн нас барахаар уншдаг гэсэн сэтгэл зүй давамгайлаад байна л даа. Энэ бол буруу хандлага. Өөрчлөхсөн гэж боддог. Дуу эгшиг авианд нь хүч чадлыг нь шингээж өгсөн тарни шүү дээ. Унших тусам чадал нь гарч ирдэг.

-Ямар ч өвчнийг тарниар эдгээж болно гэдэг тун сонирхолтой сонсогдож байна…?

-Эвдэршгүйг бий болгох чадал энэ тарнид бий. Биеийг хутгаар хатгахад цус гарахгүй, сүү гарах хэмжээнд хүртэл хүрэх боломжтой. Шинжлэх ухаанч үндэслэл нотолгоотойгоор батлагдсан шашны бясалгал. Бид мэдлэгийнхээ төвшинд амьдардаг юм байна л даа. Мэддэггүйгээ үгүйсгэдэг гэм бидэнд бий. Яг судлаад үзэхээр огт өөрийг нь мэдэрдэг. Энэ бясалгалыг би Монголд түгээх хүсэлтэй яваа. Нийт хүмүүсийн бодол, сэтгэл гундуу болоод ирэхээр бүх юм сөрөг болж, түүнийгээ дагаад муу юм их гардаг. Бороо хургүй гандуухан байгаа нь ч цаанаа учир шалтгаантай. Нийт массын энерги, үйлийн үр нөлөөлөөд байгаа хэрэг. Тэгэхээр олны бодол, энергийг зөв болгох л энэ цагт хамгийн чухал. Маани мэдэхгүй хүн гэж байхгүй болохоор маанийн бясалгалаар хүмүүсийн сэтгэлийг засах боломжтой. Онцгойлон сонирхоод үзвэл маш гайхалтай бясалгал. Аръяабал бурхан өөрөө дамжуулсан бясалгал.

-Маани уншдаг хүн бүр хийх боломжтой бясалгал юм байна. Биечлэн заах боломж танд бий юу?

-Биечлэн заагаад тийм олон хүнд хүрэхгүй л дээ. Нарийн зааж өгсөн гарын авлага хэвлүүлэх гэх мэт аль болох олон хүнд түгээх гарцыг хайж байна. илүү гүнзгийрсэн түвшинд бясалгах хүсэлтэй хүмүүст сургалт явуулж болох юм. Болж өгвөл массын түвшинд хүмүүсийг эерэг болгохсон гэсэн хүсэл байна.

-Ум ма ни бад мэ хум гэж хэлээд л өөрийгөө бүрэн өөрчилнө гэхээр хүмүүс эргэлзэж хүлээж авч мэдэх юм. Заавал нэг мундаг хүн дээр очиж засал хийлгэвэл сайхан болчихно гэсэн хандлагатай хүмүүс олон шүү дээ?

-Бид сүртэй зүйлд дуртай юм байна л даа. Таны хэлсэн шиг ажил үйлс бүтэхээ байлаа гээд нэг мундаг хүнд ханддаг, өнөөх нь тэрийгээ шатаачих тэгээд л болчихно гэдэг. Тэр бүхнийг нь хийчихээрээ “За ёстой нэг сайхан засал хийлгэлээ” гэж боддог. Зүгээр л нэг энгийн зан үйл шүү дээ. Харин ум ма ни бад ми хум гэсэн тарнийг унш гэвэл ингээд л болоо юм уу гэдэг. Жанрайсиг бурхан “Бүх амьтдыг гэгээрүүлснийхээ дараа би гэгээрнэ. Эс бөгөөс би гэгээрэхгүй” гэж амласан байдаг юм. Хүмүүс өнөөдөр гэгээрээгүй байна. Тэгэхээр Жанрайсиг бурхан байгаа нь тодорхой. Жанрайсиг бурхан хэмжээлшгүй их нулимс асгаруулаад уйлсан байдаг. Тамын амьтдыг дээш нь гаргаад буцаад хартал тамын амьтад буцаад л дүүрчихсэн байж. “Хүмүүс ямар их нүгэлд дуртай юм бэ” гээд шаналахад нь Авид бурхан ирж залраад “Би ч гэсэн санал нэг байна” гэж. Сүүлд нь бүр мянган бурхан ирж, нэг нэг гар, нэг нэг нүд болж залраад “Бүх амьтдыг аврахын тулд бид ч нэгдье” хэмээж. Мянган бурхны зүрхэн тарни ум ма ни бад ми хумд шингэсэн гэдэг нь ийм учиртай.

-Таны яриаг уншаад маанийн бясалгал хийе гэсэн бодол олон хүнд төрөх байх. Маанийн бясалгалаа манай сониноор дамжуулаад энгийнээр хэлж зааж өгөх боломж байна уу?

-Энэ тарнийг зургаан зүйлийн амьтдад зориулж уншвал арванхоёр зүйлд зориулж уншиж байгаа гэсэн үг. Үүнийг нь нэг тун гэдэг. Эхлээд тамын амьтдад зориулж гурван эрхи маань уншина. Уншихын өмнө нүдээ аних ёстой, суудал нь тийм байх учиртай гээд нарийн дэг бий. Тэгээд “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад үтэр түргэн гэгээрлийн хутгийг олох болтугай. Эрлэг тамын амьтдад зориулж маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе” гээд нүдээ аниад унших ёстой. Нүд харж байгаа тохиолдолд анхаарал сарнидаг. Нүдээр дамжуулж бидний шуналын 80 хувь нь явж байдаг. Энэ тарни бол бодитой үнэн, мундаг хүчтэй, би энэ тарнийг бусдад туслахын тулд уншиж байна гэсэн сэтгэлийг үүсгэх учиртай. дараа нь бирд, адгуус, хүмүүн төрөлхтөн амьтдад гэх мэтээр тус бүрт нь зориулж уншина. Тэгээд асур тэнгэрийн оронд зориулна. Энэ бол эхний зургаан зүйл. Дараагийн зургаан зүйл нь хүмүүний маш олон төрөл тутамтай холбоотой. Төрөл тутамд өчнөөн амьтад үрэгдсэн байдаг. Бид энэ төрөлдөө гэхэд л хэчнээн амьтдыг хүнсэндээ хэрэглэж байгаа билээ. Тэгэхээр бид төрөл тутамдаа хязгааргүй олон амьтдын аминд хүрсэн гэсэн үг. Үүнд зориулаад дахиад гурван эрхи маань уншина. Төрөл тутамд ач тусаа өгсөн өчнөөн амьтад бий. Энэ амьдралд ч өчнөөн хүн биднийг хайрлаж энэрсэн. Тэдэнд зориулж уншина. Төрөл тутамд хорлогдож хөнөөгдсөн ургамлан аймаг, төрөл тутмынхаа аав, ээж, гал ус дөрвөн хүчний эзэд, уул усны савдагууд тус бүрд нь зориулаад гурав гурван эрхи маани уншина. Нийлээд 36 эрхи маани болно.

-Эрхи маани гэдгээ тодруулаач?

-108 удаа ум ма ни бад ми хум гэж хэлэхийг эрхи маани гэдэг юм. 36 эрхи маани гэдэг нь 360 удаа уншина гэсэн үг. Үүнийг уншихад 45 минут л болно. Утга учиргүй хэлсэн хэдэн түмэн мааниас ганц удаа ингэж зорьж уншсан маани илүү чадалтай. Бясалгал бол төвлөрөл. Мааниндаа төвлөрөнгүүт сэтгэл бодь болдог. Сэтгэл нэг зүйл дээр төвлөрөхөөр олон бодол цөөрнө. Бусдын төлөө уншиж байгаа учраас хайрлах сэтгэл нэмэгдэнэ. Энэ мэт олон давуу тал бий.

-Чойжамц хамбатай ярилцаж суухад маанийн дуу авиа талаасаа хүнд үзүүлдэг нөлөөллийг их сайхан тайлбарлаж байсан. Тэгэхээр тарни эгшиг авиа талаасаа хүний биед нөлөөлөхөөр хүчтэй байдаг шиг байгаа юм…?

-Тэгэлгүй яахав, дуутай маани гэж бий. Эхлээд гурван эрхи маанийг сул дуутай уншина. Ум ма ни бад ми хум гэж сулаар унших үедээ биеэ мэдэрнэ. дунд дуутай гурав, чанга дуутайгаар гурван эрхи маани уншдаг. дуугаар уншихад биеийн энд тэнд ирвэгнэж чичирч эхэлдэг. Тарниар доргио үүсгэж байгаа хэрэг. чанга дуутай уншиж эхлэхээр хөлрөөд ирдэг. Ер нь маанийн бясалгал хийхдээ хүйс хавийн чакрандаа төвлөрдөг. Хүний биеийн доод хэсэгт маш хүчтэй энерги байдаг. Энэ энергийн төвлөрлийг задалж дээш нь өгсгөж байгаа юм. Хөлөрдөг нь ийм учиртай. Энгийнээр хэлбэл биеийг эгшгийн доргиогоор, тарниар цэвэрлэж өгдөг гэсэн үг.

-Хүйсний доод хэсгийн чакра яг ямар учиртай энергийн хүрд вэ?

-Хүнд долоон чакра бий. Яг голын чакра нь зүрхнийх. Түүнээс дээш, доош гурав гурван чакра бий. Доод чакрандаа л амьдраад явбал адгууслаг амьдраад байна гэсэн үг. Бие махбодийн таашаалаар л амьдраад байгаа хэрэг. Биеийн тэр хэсэгт маш хүчтэй энерги байдаг юм. Анагаахын сургуульд сурдаг шавь маань “Багш аа яг үнэн юм байна аа. Маш олон судасны зангилаа хүний биеийн доод хэсэгт байдаг юм байна” гэж хэлж байсан. Тэнд байгаа энергийг дээш нь өгсгөж задлах ёстой юм байна л даа. доор төвлөрсөн энергиэ дээш өгсгөж байж бид бие махбодийн төвшнөөсөө салж оюунлаг, зүрх сэтгэлийн төвшинд очдог. Бас нэг шалтгаан хэлье. Хүний бие тэр хэсэгт бүрэлддэг гэхээр ямар хүчтэй энергийн төвлөрөл бий нь төсөөлөгдөх байх. Царайны цаана нэг тархи, цоройны цаана бас нэг тархи байдаг гэж ярьдаг нь цаанаа ийм нарийн учиртай. доод хэсгийн чакранд төвлөрөхөөр бие халдаг. Хязгааргүй их хална. Биед гурван янзын эс бий. Хамгийн шимтэй нь үрийн шингэний эс, чөмөгний эс, зүрхний цагаан эс. Энэ гурав нэгдэж байж халалт хүчтэй явагддаг. Энэ гурав сайн байвал, чөмөг дүүрэн бол хүн хөгшрөхгүй. Хоол тэжээлийн шим нь яс, ясны шим нь чөмөг. Хамгийн шимтэй нь гэсэн үг. чөмөгнөөс шимтэй нь чөмөгний шар эс. чөмөгний шар эс, зүрхний цагаан эсийг үл эвдрэх дусал хэмээдэг.

-Чөмөгний шар эс, зүрхний цагаан эс, үрийн шингэн нийлэхээр биед хүчтэй халалт явагддаг гэж ойлголоо. Хүчтэй халалт явагдсаны дараах процессийг энгийнээр тайлбарлаач?

-Сая хэлсэн гурван эс нийлж халалт хүчтэй явагдахаар хаана өвчин байна тэр хэсгийг нэвтэлж гардаг. Ингэсэн тохиолдолд эс, бөөмийн төвшинд өөрчлөлт өгдөг. Нэвтлэх үед өвдөлт мэдрэгдэх ч дараа нь ямар ч өвчингүй болдог. Халдаг бясалгалын хувьд Түвдийн дүмон бясалгал л даа. Нүцгэн биенд нөмөрсөн нойтон даавууг хатаах чадалтай бясалгал. Түвдийн дүмон хийдэг хүмүүс маш гүнзгий төвшинд хүрсэн байсан. Шприцээр цус сорлоо гэхэд дүмон сайн хийдэг хүмүүс биеэ халаагаад буцаагаад татаад авчихдаг. Данзанравжаа гэхэд л энэ бясалгалд нэвтэрсэн хүн байсан гэдэг. Бидний бие төгс. Гараа эсгэчихлээ гэхэд цэвэрлээд боохоос өөр зүйл хийхгүй байхад өөрөө эдгэчихдэг. Америкт нэг судалгаа хийсэн байдаг юм. Дүмон бясалгал хийдэг хүнийг том мөсөн дотор суулгахад бүгдийг нь хайлуулсан. Бие хална гэдэг арга билгийн агаарыг тэнцүүлж өгч байгаа хэрэг. Ийм тохиолдолд өвчин гэсэн ойлголт үгүй болдог гэсэн үг л дээ.

-Хүмүүст анхан шатнаас нь заамаар л бясалгал байна…?

-Миний хувьд тэгтлээ гүнзгийрээгүй ч чадах хэмжээндээ зааж өгөх хүсэл байна. Байр сав, хүмүүсийн цаг зав гээд олон асуудал байна л даа. Эхлүүлбэл их сайхан ажил болно.

-Жирийн хүмүүс энэ бясалгалаар хичээнгүйлж хичээллэлээ гэхэд дээд түвшинд хүрэх боломжтой юу, эрүүлжье гээд хийвэл хэр хугацаа зарах бол?

-Бүрэн боломжтой. 1600 хоног буюу наад зах нь гурван жилийн хугацаа орно. Ер нь 108 хоног суухад л илт мэдэгдээд эхэлдэг. Эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгаа нь мэдрэгддэг.