Categories
мэдээ нийгэм

Уяачдыг долдугаар сарын 9-нд бүртгэнэ

Уяачдыг долдугаар сарын 9-нд бүртгэнэ

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уяачдын бүртгэлийг долоодугаар сарын 9-ний өдөр 08.00 цагаас Хүй долоон худагт хийж эхэлнэ. Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллана. Энд дашрамд дуулгахад Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоом тоглуулах эрхийн бичгээр урамшуулж байгааг хэлье” хэмээлээ.

ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдөн, ажиллаж байна. Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэв.

Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач, уралдаанч хүүхдийн хамт ирж бүртгүүлэх шаардлагатай

Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх “Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулах хорооны ажлын хэсэгт орж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн, наршсан, морь малд дайруулах эрсдэлтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал-108” гэрийг барьж, долоодугаар сарын 10-13-ны хооронд ажиллана. Уралдаанч хүүхдийг бүртгэл 2017 оны долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Хүй долоон худагт явагдана. Энэ жилээс уралдаанч хүүхдийг хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж, эрсдэлийн түвшин тогтоох программд мэдээллийн бааз үүсгэх ажлыг шинээр хийнэ. Хурууны хээн цахим бүртгэлийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхэд бүрт дугаар олгогдож, хэдэн наснаас эхлэн хэдэн жил морь унаж байгаа, оролцсон уралдааны мэдээлэл, уяачийн мэдээлэл, гаргасан амжилт, учирсан эрсдлийн мэдээлэл, сургуульд хамрагдалт, үзүүлсэн үйлчилгээ зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой болж байгаа юм.

Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач, уралдаанч хүүхдийн хамт ирж бүртгэл хийлгэх шаардлагатай. Бүртгүүлэхээр ирэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримтыг авч ирэх хэрэгтэй” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш автобус бүх чиглэлд 06:30 цагаас явж эхэлнэ

Энэ сарын 7-ны өдөр буюу маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болно. Тиймээс сонгуулийн үеэр нийтийн тээвэр өглөө 06:30 цагаас явж эхэлнэ. Харин орой 23:00 цаг хүртэл үйлчилгээнд явна. Нийтийн тээврийн үйлчилгээний туслах таван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, дунд багтаамжийн, бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл явуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн гурван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд таван тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, Үүнд: Их багтаамжийн таван автобус. Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд арван тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн зургаан автобус, дөрвөн троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.

Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгджээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 27 хэмийн дулаан үүлэрхэг байна

Өнөөдөр өдөртөө 25 хэмийн дулаан үүлэрхэг байх бол маргааш буюу долдугаар сарын 7-д цаг агаар өнөөдрийнх шиг байх нь. Сонгуулийн өдөр Улаанбаатар хотод үүлэрхэг бороо орохгүй байх магадлалтай ч баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар бороо орно. Харин нөгөөдөр буюу энэ сарын 8-нд ихэнх нутгаар бороо орж салхи түр зуур ширүүснэ. Энэ сарын 10,11-нд өдөртөө 26-27 хэмийн дулаан үүлэрхэг байх ажээ. Харин наадмын сүүлийн өдөр буюу энэ сарын 12-нд ихэнх нутгаар бороо орох магадлалтай. Наадмын үеэр цаг агаар шөнөдөө 12-14 хэмийн дулаан байна.

Г.НАР

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш 07.00 цагт эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болсон ч хэн нэг нэр дэвшигч нь 50+1 санал аваагүй тул дахин сонгууль болохоор тов гарсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МахН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн. Гэвч хамгийн бага санал авсан С.Ганбаатар сонгуулиас хасагдсан байгаа. Дахин санал хураалт маргааш өглөөний 07.00 цагт эхэлнэ. Саналын ирц хүрэхгүй бол ирц хүрээгүй хэсгүүдэд нөхөн сонгууль явуулна. Тиймээс иргэд саналаа идэвхтэй өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм

Баярын үеэр эмнэлгийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт Улсын баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгож, дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:

Нэг: Зохион байгуулалтын талаар

1.1 Эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг, нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, зайлшгүй шаардлагатай эм тариа, ороох боох материал, цус, цусан бүтээгдэхүүнийн нөөц, унаа, шатахууны бэлэн байдлыг хангах, нөхөн хангалтыг шуурхай хийх;

1.2 Болзошгүй гамшиг, осол, хордлого, үер усны аюул, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, ор дэлгэх тооцоо, судалгаа гаргаж, төлөвлөгөөг тодотгох;

1.3 Амралт, баярын өдрүүдэд туршлагатай эмч нарыг нэмэлтээр жижүүрт томилох;

1.4 Баярын өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажпын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчлийг гаргахгүй ажиллах;

1.5 Хариуцлагатай жижүүр хийх, алсын дуудлаганд явах эмч, сувилагч, бусад мэргэжилтэн, туслах ажилтнуудын хуваарийг батлан, хуваарийн дагуу ажиллуулах;

1.6 Эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 2 удаа (08.00-16.00 цагийн мэдээг 17.00 цагт, 16.00-08.00 цагийн мэдээг 09.00 цагт) хавсралтад заасан хүснэгтийн дагуу ЭМЯ-ны хариуцлагатай жижүүрт мэдээлж байх;

1.7 Нийтийг хамарсан хордлого, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ноцтой алдаа, зөрчил гарсан үед хугацаа харгалзахгүй Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлнэ. (Утас- 323002)

Хоёр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний найдвартай тасралтгүй байдлыг хангах талаар

2.1 Эмнэлэг бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан баярын өдрүүдэд орны ачааллыг зохицуулж, амралтын хугацаанд тухайн эмчлэгч эмч ирж эсвэл тасагт жижүүр хийж байгаа эмч жижүүрийн ахлах эмч зөвшилцөж хөнгөн өвчтнийг эмнэлгээс гаргах;

2.2 Хүндэрсэн өвчтөн, эх, хүүхдэд эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж, эмч нарын хамтарсан үзлэг, зөвлөгөөнийг хугацаа алдалгүй хийж, эмнэлэг хооронд шилжүүлэх тохиолдолд шилжүүлэх эмнэлэгт урьдчилан мэдэгдэх;

2.3 Эмнэлгийн хүлээн авахаас үйлчлүүлэгчийг буцаах тохиолдолд зөвлөгөө өгч баталгаажуулах;

2.4 Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааны бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөх;

2.5 Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс зөвлөгөө авах тохиолдолд эхлээд цахимаар зөвлөгөөг авч, шаардлагатай тохиолдолд зөвлөх эмч нарыг орон нутагт ажиллуулах ажлыг шуурхай зохион байгуулах;

2.6 Жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн хүндрэл, аливаа халдварт өвчний сэжигтэй (хордлого, суулгалт, халууралт…гэх мэт) тохиолдлыг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ эмнэлгийн унаагаар хүргэж өгөх эсвэл шилжүүлэх эмнэлгийн унааг (утас 100) дуудаж хүлээлгэж өгч, хүлээн авч хүлээлгэн өгсөн тухайгаа баталгаажуулах;

2.7 Хяналтын хугацаандаа ирж үзүүлээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг баярын өмнө заавал үзэж, зөвлөгөө өгөх;

2.8 Төрөх хугацаа дөхсөн жирэмсэн эмэгтэйг эхийн амрах байранд урьдчилан амраах;

2.9 Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ алслагдсан газарт зорчуулахгүй байх талаар зөвлөгөө өгөх;

2.10 Хоолны хордлого, осол гэмтэл (зам тээврийн осол, хурдан мориноос унах… гэх мэт), наршилт, түлэгдэлт, үер усны аюулаас сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажпыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээж, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд өөрсдийн ажилтнуудаа эрсдлээс сэргийлсэн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхийг “Ланд круйзер-200” автомашинаар шагнана

toyata

Энэ жилийн үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагналийн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Тоёота Моторс /Мөнххада ХХК/ компани хамтран мэдээллээ.

“Үндэсний их баяр наадам-2017”-ын албан ёсны түнш “Тоёота мотор корпораци” сүүлийн дөрвөн жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байна. Энэ жил хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог “VXR” ангиллын “Ланд круйзуер-200” автомашиныг түрүүлсэн бөхөд бай шагнал болгон гардуулахаар болжээ.

“Тоёота Мотор” Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж дөрөв дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн юм.

Түрүү бөхийн шагналыг долдугаар сарын 13-ны өдрийн 11:30 цагаас төв талбайд Нийслэлийн засаг дарга С.Батболд, “Тоёота моторс” корпорацийн Ерөнхий менежер Күрокава Сэйжи нар хамтран гардуулан өгөх юм.

toyata

toyata

toyata

toyata

toyata

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.05) хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гадаадын зочдыг хүлээн авч уулзах албан ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд гарсан бодлогын арга хэмжээг голлон Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан хэрэгжүүлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Үндэсний статистикийн хороо нэг, нэг арга хэмжээг хариуцаж хэрэгжүүлэх аж.

Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.7, 2.3.2 дугаар зорилтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ингэхдээ чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөхөд чиглэж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн Төв Азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болжээ. Манай улс уг хөтөлбөрт 2002 онд элссэн байна.

Хөтөбөрийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байгаа аж. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй ” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ. Стратегийн энэхүү 2 түвшний зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны 7 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж, тодорхой төслүүд хэрэгжүүлж байна юм байна.

Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг анх үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж, уг үүднээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ.

КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтийг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Эдгээр зээлийн хэлэлцээр болон хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн усны ослоор 58 иргэн амь насаа алдсан байна

Зөвхөн усны ослоор 58 иргэн амь насаа алдсан байнаЦаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна.

Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул нар оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус зэрэгт 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт 58 хүн амь насаа алдсаны 12 нь бага насны хүүхэд байна.

Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31-ээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмаар олон хоног амралтын өдрүүд тохиох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд119 удаа, нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан түймрийн тоо 33-аар буюу 30 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 17478 га буюу 81 хувиар өссөн, хээрийн талбай 507349 га буюу 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.

135 удаагийн эдгээр гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1, нийт 2 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр асаж байгаа байдалтай байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 40 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 56 иргэн, 8 автомашин нийт 96 хүн, 1 нисдэг тэрэг, 12 автомашин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алдарт морин хуурч Чи Булаг нарын зургаан хүнийг Алтангадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагнажээ.

Мөн бидний сайн мэдэх БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжаагүй байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон гэнэ. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, “Вьетнам Улс бол Зүүн өмнөд Ази дахь манай уламжлалт найрсаг харилцаатай сайн түншийн нэг. Хоёр орны хооронд бүхий л салбарын, түүний дотор улс төрийн болон парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байна. Таны энэ удаагийн айлчлал ч хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь дамжиггүй. Парламентын гишүүд харилцан айлчилж, хамтын ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар байнга санал солилцож байгаа. Тамгын газар хоорондын харилцаа ч сайн байна. Энэ харилцааг улам идэвхжүүлэхэд хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглээд, Засгийн газар, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг УИХ бүрэн дэмжиж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Во Чонг Вьет-д хандан “Та өөрийн хариуцдаг Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хүрээний харилцааг цаашид өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ноён Во Чонг Вьет цаг зав гарган хүлээж авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Дайны хүнд хэцүү жилүүд болон энхийн бүтээн байгуулалтын аль ч цаг үед бидэнд байнга тусалж, дэмжиж ирсэнд Монгол Улс, Монголын ард түмэнд вьетнамчууд ямагт талархдаг. Чин сэтгэлийн хүндэтгэл, талархалд суурилсан энэхүү уламжлалыг хойч үедээ өвлүүлэх нь нэн чухал юм” гэж онцоллоо.

Тэрбээр “Манай төр, засаг хоёр орны уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Бидний улс төрийн түвшний харилцаа маш сайн байна. Энэ нь бусад харилцаа амжилттай хөгжих онцгой сайн суурь нөхцөл юм. Ер нь улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, аюулгүй байдал баталгаатай байх нь манай хоёр орны нийтлэг зорилго билээ. Тиймээс Монголын ард түмэнд сайн сайхныг, Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөе. Та бүхэн улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт шинэ шинэ амжилт олох болтугай” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.