Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүүлийн 27 жилийн төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө

“Өдрийн сонин”-ы 2017.06.30-ны Баасан №145 (5712) дугаараас авч нийтлэв.

Монголын төр засаг ард түмэндээ ээлтэй, тэднийхээ төлөө ажил хийдэг болмоор байна. Ард түмний төлөө ажил хийнэ гэдэг ард түмнийг бэлэн мөнгөөр угжихын нэр биш. Халамжаар халамжлаад гэрэлт нийгэмтэй, аз жаргалтай ард түмэнтэй болдог бол болохоор хугацаа өнгөрснийг дэлхий байтугай монгол нотолчихоод байгаа. Гэтэл өнөөдөр дэлхийн хаана ч халамжинд сэтгэл ханасан ард түмэн байхгүй. Тэгээд ч ард түмнээ 100 хувь халамжлах гэж оролдсон улс бүхэн сөнөдөгийг бид бүхэн хангалттай харж байгаа. Төр засаг нь иргэдээ 100 хувь халамжилж хүчрэхгүй учраас эмзэг бүлгээ илүү тойлж мөрөөрөө хийж бүтээж, хөдөлмөрлөж яваа хэсгээ алагчилдаг. Ажилгүй, ажилладаггүй нөхдийг төр нь халамжлахыг хараад хоногийн хоолоо залгуулахын төлөө хийж бүтээж, махран зүтгэж байгаа хэсэг нь уурладгийн жишээ ч олон. Сая Монгол Улсад үүнийг нотолсон сонгууль болж өнгөрлөө. Ер нь дэлхийн бүх сонгууль ийм байгаа. Франц орныг хар. Эрх барьж байсан, эрх барьсан намуудын бодлого үйл ажиллагаа нь ард түмнийхээ сэтгэлд хүрээгүй учраас шинэ нам гарч ирсэн. АНУ-ын сонгууль ч ялгаагүй. Огт төсөөлөөгүй Дональд Трамп сонгогдож байх жишээтэй. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч үүнтэй агаар нэг. Хэний ч тооцоолоогүй С.Ганбаатар таавар будлиулан орж ирээд бараг л гарсан.

Энэ сонголтоороо ард түмэн төр засагт юу хүсээд байгаагаа тулган хүлээлгэхийг зорьсон байж болно. Улс эх орноо хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, бүх хүн хөдөлмөр эрхэлж, бүх хүн орлоготой байх үндэс суурийг тавих шаардлагатайг шаардсан нэг төрлийн эргэлт байсан ч байж мэднэ. Нөгөө талаар төр засаг, Их хурал, Засгийн газрыг юу хийх ёстойг хатуу сануулсан үйлдэл гэж харж ч болох байх. Манай сонины бичээд байдаг ганц, хоёр хүн баяждаг, ганц хоёр хүн бүх хөрөнгийг булаадаг, ганц хоёр хүн өрмийг нь хамж ард түмэнд хусам ч олддоггүй байдлыг өөрчлөх гэсэн, сүүлийн үеийн засаг, төрийн эрхэнд байгаа намуудын бодлого буруу байна гэдгийг сануулсан, хоорондын хэрүүлээс нь залхаж ээлтэй байхыг харуулсан ийм л сонгууль боллоо. Гэхдээ ард түмэн С.Ганбаатарыг гарч ирээд учиргүй ажил хийнэ гэж лав итгээгүй ч яалт ч үгүй өөр сонголт мөнөөсөө мөн байж. Юм хийх бололцоог олгоод өгчихөж магадгүй гэж горьдсондоо л ийм шийдвэрийг үгссэн мэт гаргасан нь ажиглагдаж байгаа.

Уул уурхай тойрсон бүлэглэлүүд баяжиж, ард түмэнд юу ч нялзаж, наалдахгүй байгаа учраас дургүйцлээ ийнхүү илэрхийлсэн байж таарна. Ерөөсөө төр засгийн юу нь ч Монголын ард түмэнд таалагдахгүй байгаагийн нотолгоо энэ. Бас улстөрчдийн буюу элитүүдийн хоорондын мөнгө төгрөгөө булаацалдсан хэрүүлээс, хар хорын зарга зайлхайгаас ард түмэн үнэндээ залхсан байж. Ард түмний амьжиргаа үнэхээр муу, ажилгүй, итгэл найдваргүй байсаар зэвэрчихэж. Эзэнгүй айлын хүүхэд шиг удсан учраас лэнсийрч, туйлдсан байна. Тэгэхээр улс эх орныг цоо шинээр цогцлоон байгуулах, цоо шинийг бий болгох хүсэл ард түмнээс ингэж илэрлээ. Ард түмэн чинь урд байсан, одоо байгаа амьдралаасаа тэс өөрийг, цоо шинийг хүсч эхэлснийг олж харах хэрэгтэй байна, төр засаг.

Монголчууд бусад ард түмний хүсдэгийг л хүсч байгаа юм. Хүн төрөлхтний туйлын мөрөөдөл нь ядарснаа өөд татаж задарснаа дарж нийгмээрээ, нийтээрээ сайн сайхан амьдрах. Ажил хийх, мөнгө олох нь чөлөөтэй, ТҮЦ-ийг нь хурааж, татварыг нь нэмээд байдаггүй нийгмийг л хүсдэг. Товчхондоо дэлхийн бүх ард түмэн түүн дотор монголын ард түмний хүсэл ийм л байгаа. Иймхэн хүслийг нь биелүүлж чадахгүй байгаа учраас, ирээдүйдээ итгэхгүй байгаа болохоор ард түмний сонголт айхтар савалж байгаа юм. Энэ намуудад итгэл хүлээлгэж чадахаа ч больсон. Яагаад гэвэл 27 жил ард түмнээ хуурч, хооронд нь хэрэлдүүлэн туйлдуулсан учраас тэр. Улстөрчдөд итгээд жалга довоороо, сум сууриараа талцаж талцаж эргээд харахад нь зөвхөн улс төрд оройлон явсан хэдхэн нөхөд л хожсон байсан. Ард түмэн тэнэг биш болохоор үүнийг нь олж хараад хатуу анхааруулж эхэллээ.

Тэгэхээр одоо ард түмний энэ хүслийг яаж хангах вэ, ямар тохиолдолд ард иргэд хожих вэ, Монгол Улс яавал хүчирхэг болох вэ гэсэн асуултын хариултыг хайсан бодлого стратеги хэрэгтэй байгаа. Францын сонгуулиар бодит байдлыг хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр тайлбарлан гарах гарцыг хэлж өгсөн хүн ялалт байгуулсныг харж байгаа байх. Намууд, улстөрчид үүний төлөө явахгүй хуучин байдлаараа өөрсдөө хожих санаа агуулсаар байвал том алдана. Намуудын улс төр гэж яриад байгаа, түүндээ хөтлөгдөж хийгээд байгаа ажлууд буруу байсан нь өдрөөс өдөрт нотлогдсоор байна. Энэ бүхнээ засч бодлого үйл ажиллагаагаа 100 хувь эргүүлэн ард түмэндээ ээлтэй болгох цаг иржээ. Улс хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, бүтээн байгуулалтыг хийх ёстой юу гэвэл тийм. Үүний үр шим улс орон даяар мэдэгдэж, ашиг тусыг ард түмэн хүртдэг байх хэрэгтэй байна. Ард түмэндээ үүнийг нь л хийгээд өгчих. Ийм итгэл найдварыг нь сэргээгээд өгчихвөл ямар ч Пи-Ар хэрэггүй, ард түмэн шууд дэмждэгийг С.Ганбаатарын жишээнээс харж болно.

Гэхдээ бидний ирээдүй хэр гэрэл гэгээтэй байгаа билээ. Долдугаар сарын 1-буюу маргаашнаас шатахууны гаалийн, хосолмол хөдөлгүүрт автомашины гаалийн онцгой албан татварууд нэмэгдэх гэж байна. Удахгүй хэд хэдэн татвар нэмэгдэнэ. Энэ бүхэнд ард түмэн, Монгол Улс л хохирч үлдэх нь ойлгомжтой байгаа. Энэ татвараар гадны өнгөлзлөгөөс сэргийлэхийн тулд батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлэх үү, эрүүл мэндийн салбараа сайжруулж, багш, эмчийн цалинг нэмэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөө сайжруулах уу. Төр засаг хэзээ ч ийм санаа тээж татвар нэмж байсангүй. Одоо ч нүсэр удирдах бүтцээ тэжээх гэж татвар нэмж байна. Төсвийн алдагдалгүй болгоно гэдэг сүүлийн 27 жил байсан удирдах бүрэлдэхүүн, тусгай хэсгээ тэжээх оролдлого байсаар ирсэн. Энэ бүх татвар ард түмэнд нялзахгүй учраас дургүйцлээ сонголтоороо илэрхийлдэг болсон байна. Үүнийг өрсөлдөж байгаа намууд бодох цаг нь иржээ. Сүүлийн 27 жил явж байгаа төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Луйварт ашиглагдах магадлалтай учраас “цагаан санал” маш аюултай

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Сонгуулийн “халуун” ид үргэлжилсээр л байна. Та энэ дунд хаана нь явна. Нэр нөлөөтэй улстөрчийн хувьд сонгуульд идэвхтэй оролцогчоор байгаа байх?

-Мэдээж хэрэг АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцож байгаа. Үүний хажуугаар өөрийн хувийн ажлыг амжуулж байна.

-“Ардын их хурал” байгуулж, ард түмэнд алдагдсан эрх мэдлийг олгож өгөх тухай та саяхан ярьж явсан. Энэ юу болсон бэ?

-Залуучуудын санаачилж байгуулсан энэ зүйлийг би энэ он гарснаас хойш дэмжиж яваа. Өнөөдөр манай улс төрийн тогтолцоондоо суурь өөрчлөлт хийх цаг болсон. Тогтолцоогоор нь өөрчлөхгүйгээр нийгмийн хөгжлийн тухай ярих аргагүй. Төрийн тогтолцоо буруу байгаа цагт сөрөг үзэгдлүүд амь бөхтэй оршдог. Тухайлбал, гэр хорооллын амьжиргааны түвшин ер дээшлэхгүй байгаа. Орон нутаг гэхэд хөгжлөөс бүр хаягдсан. Залуучууд маань хөгжил дэвшилд итгэх итгэл үгүй боллоо. Эдгээр бэрхшээлүүдийн угийг хөөгөөд үзэхээр төрийн тогтолцоо буруу учраас зохисгүй үйлдлүүд байнгын шинжтэй болдог. Төрийн тогтолцооны золиос болчихдог юм байна. Төрийн эрх мэдэл цөөнхийн гарт орчихоор нийгмийн ашиг тус цөөнх хэсэгт олгогдож, олон нийт ард нь хаягдаж үлддэг. Манай улс 1990-1992 онд Ардын их хуралтай байсан. УИХ-ын хоёр танхимтай байсан. Ардын их хуралд бүх хороо, сумаас орон нутгаас төлөөлөл оролцдог байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хоёр танхимтай байхаар хуульчилбал Ардын Их Хурал нь УИХ-аа хянах боломжийг бий болгоно. Өнөөдрийн хяналтгүй төрд энэ хамгийн их хэрэгтэй. Ардын их хурлыг эргэж байгуулах тухай би 2000 оноос хойш ярьж бичиж байсны хувьд залуучууд маань санаачилж хөдөлгөөн байгуулаад ирэхээр би дэмжилгүй яахав.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аясыг та хэрхэн харж байна вэ. Нэр дэвшигчид, намууд бие бие рүүгээ дайрсан сурталчилгаа, булай булхайг илчилсэн гэх мэдээллүүд хэрээс хэтэрлээ?

-Хүмүүс сонголт хийхдээ өөрийнхөө амьдралтайгаа холбож шийдвэрээ гаргадаг. Энэ сонгуульд сонголт хийхдээ миний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэдгээ сайн бод. Аль нэр дэвшигч бодитой үнэн, миний амьдралыг өөрчлөх гарцыг гаргах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөнгө, луйварт хууртах хэрэггүй. Манай зарим сонгогчид саналаа худалдаж байгаа тухай дуулддаг. Хэрвээ саналаа худалдаж буй бол маргаашийнхаа ирээдүйг худалдаж байгаагаас өөрцгүй. Тэгчихээд маргааш нь болохгүй бүтэхгүй байна гээд бөөн гомдол хэлээд үлддэг. Уг нь өөрчлөх бололцоог сонгогч олны өөрийнх нь гарт өгөөд байгаа юм шүү дээ.

-Хүүхдийн мөнгийг буцаан олгохоор боллоо, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас иргэн бүрт эзэмшүүлнэ гэх мэт шийдвэрүүд сая гарлаа. Энэ бүхэн бодитоор хэрэгжих болов уу. Эсвэл сонгуульд санал татах гэсэн арга юм болов уу?

-Яг үнэндээ уржигдрын гаргасан шийдвэрүүд бол сонгуультай холбоотойгоор гаргасан. Зүй нь үнэн сэтгэлээсээ хийх ёстой байсан юм. Ардчилсан нам анх хүүхдийн мөнгө гэж ярьж байхад Ардын нам ямар их баалж, эсэргүүцэж байлаа. Тэгсэн одоо бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болж байна гэнэ. Жинхэнээсээ өгвөл энэ нь их хэрэгтэй. Эдийн засаг, нийгмийг тогтвортой байлгахын тулд хүн амыг орлоготой байлгах ёстой байдаг. АН анх хүүхдийн мөнгийг санаачлахдаа орлогыг тогтвортой байлгахын тулд хүүхэд өсгөхийг хөдөлмөр гэж үзсэн юм. Зарим улсад хүүхэд өсгөсний төлөө цалин хүртэл өгч байна. Манайд хүүхдийн мөнгө буунгуут бараа борлуулалт сайжирч зах зээл сайжирдаг нь харагддаг. Үүнийг ойлгохгүй эсэргүүцээд байсан хүмүүс сая сайндаа ч биш сонгуульд дэмжлэг авахын тулд мөнгө олгох тухай ярьж байна. Уг нь хүүхдийн мөнгө чинь сонгуультай холбоогүй эдийн засгийн утга агуулгатай юм шүү дээ.

-Тавантолгойн хувьцааг ард түмэнд олголоо гэсэн. Ард түмэнд үр шимээ өгч наалдсан зүйл алга. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгоно гэх яриа бас үүн шиг хүртээлгүй болчих вий гэсэн болгоомжлол байна?

-Тавантолгойн хувьцааны хяналтын багц төрд байгаа. Эрхийг нь ард түмэнд өгөөгүйд гол учир байна. Харахад ард түмэн хувьцаатай юм шиг тэгсэн хэрнээ эзний эрх нь төрд байгаа учраас үр дүнтэй хэрэгжихгүй л дээ. Өнөөдөр Ардын нам юу гэж хуурах гээд байна вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нэг хэсгийг нь ард түмэндээ өгсөн юм шиг царайлаад үүнийхээ ард улстөрчид эрх мэдлээ авч үлдэх гээд байна. 51 хувийг эрх мэдэлтнүүд авч үлдэнэ. Би урьд нь тодорхой санал тавьж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ард түмний мэдэлд олгоё. Хувьцаагаар дамжуулж ард түмний өмчид өгье гэж хэлж байсан. Ард түмэн 51 хувийг эзэмших ёстой. Тэгж байж дарга нарын өмч биш болно. Англид 1972 онд Маргарет Тетчэр төрийн өмчийг төрд өгч болохгүй гэж үзээд ард түмэндээ бүх эрхийг нь шилжүүлж улс нь хөгжиж байсан түүх бий. Төрийн эрх мэдэлд байгаа өмч хэзээ ч ард түмний мэдэлд байдаггүй, улстөрчдийн өмч байдаг гэдгийг одоо ард түмэн ойлгох хэрэгтэй. Ердөө төрийн нэрийн өмнөөс дарга нарт луйвар хийх бололцоог л олгодог. Манай улс нийтийн өмчийн менежмэнтийг хуульчилж өгөх хэрэгтэй. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ард түмэн эзэмшиж байвал даргаа ард түмний саналаар сонгоно. Ард түмэн хувьцаагаа үнэтэй байлгахын тулд сайн түнштэй болохын төлөө явна. Дэлхийн брэндүүдтэй хөл нийлүүлэхийг хүснэ. Хэрвээ төрийн өмч хэвээрээ байгаад байвал очсон дарга нар идэж шамшигдуулахаа л бодно.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээнийг үндэсний телевизээр үзсэн үү. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Мэтгэлцээнийг зохион байгуулсан Монголын олон нийтийн радио телевизийн өмнөөс би ичсэн. Дарга нарын захиалгаар ийм инээдтэй юм хийж олны өмнө шившиг болох ямар хэрэг байна вэ. Чөлөөт хэвлэл биз дээ. Харамссан зүйл гэвэл мэтгэлцээнийг хөтөлж буй хүмүүс нэр дэвшигчдийг улс орны бодлогын талаар ер яриулсангүй. Хов жив яриулаад л байх юм. Хувь хүнийг сайн, муу ч гэж байх шиг. Тэр хүүхдийн мөнгө олгох эсэхийг мэтгэлцээнийхээ үеэр ярихгүй яасан юм. Одоо тулгаж байж ярьдаг нь ямар учиртай юм. Санал л авахын тулд шүү дээ. Эрдэнэтийн хувьцааг өгөх эсэхээ тэр мэтгэлцээнээрээ ярихгүй яасан юм. Би мэтгэлцээнийг үзээд урьд өмнө болж байснаас хамгийн тааруу нь боллоо гэж дүгнэсэн. Урьд нь ядаж гадаад бодлогын тухай асуулт асуудаг байлаа. Одоо тэгсэн чинь “Та их зүгээр хүн юм шиг байна” гэж асуудаг болчихож. Ийм зүйл асуугаад байхдаа ч яахав дээ. Ёстой элэг авсаан.

-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн хүлээлт байсан. Та яагаад нэр дэвшээгүй юм гэдгийг энэ дашрамд асуучихъя?

-Уг нь би сонгууль гэж яригдах үеэс л нийслэлийнхээ ажлыг хиймээр байна, надад Ерөнхийлөгч болох сонирхол байхгүй гэдгийг хэлж байсан. Хамтран тэмцдэг журмын нөхөд маань “Та нэр дэвш” гэсэн тулгалтуудыг ирүүлж байсан. Тэгээд л амыг нь дагуулчихсан чинь нэр дэвшинэ гэсэн яриа түгчихсэн. Манай намын журмын нөхөр Р.Амаржаргал “Бат-Үүлд татгалзах эрх байхгүй. Нэр дэвших ёстой” гэж хэлж байсан нь бий. Үнэндээ надад нэр дэвших дотоод сонирхол байгаагүй.

-Таныг хотын захиргааны байрыг зарчихсан гэж хотын дарга С.Батболд хэлсэн. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Хотын дарга С.Батболд намайг битгий хэл байгаль дэлхийг гүжирддэг хүн. Урьд ороогүй их цас орсон ч гэх шиг. 2016 оны сонгуулийн дүн гарч дуусаагүй байхад шахам бид ажлаа С.Батболдод маш хурдан хугацаанд хүлээлгэж өгсөн. АСЕМ болоход тулчихсан байсныг ч хэлэх үү. Хурдхан ажилдаа ороосой гэж хүссэндээ тэр. Би хотын дарга байсан хүний хувьд зовлонг маш сайн мэдэрнэ. Намайг анх ажлаа авахад Ардын намынхан дайсагнаж ажил хийлгэхгүй саад тотгор учруулахыг оролдож байсан. Зовлон мэдэх учраас хотын ажлыг урагшаа явуулаасай гэж бид хүссэн. Тиймээс бид нэг ч муу үг хэлээгүй, эсэргүүцээгүй. Тэгсэн чинь хотод очсон хүмүүс маань зогсолтгүй гүжир гүтгэлгээр булдаг болсон. С.Батболд хүнийг муучилж байгаад хүмүүсийг хуурч болно гэж бодоод байх шиг байна. Хотынхон хэзээ ч хууртдаггүй юм гэсэн хэллэг улс төрд байдаг. Хотын захиргааны байрыг зарах эрх мэдэлтэн гэж Монголд байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хотын захиргааны байрыг ашиглах нөхцөлгүй гэсэн шийдвэрийг 2008 онд гаргасан байсан. Тэгээд Иргэдийн хурал шийдвэр гаргаж, концессоор барих шийдвэр гаргасныг нь эргээд гүтгэлэг болгочихсон явна. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Сая Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг намайг гүжирдэхийн тулд, АН-ыг гүжирдэхэд зориулж ярьцгаалаа. Гол нь Бат-Үүл хотын захиргааг зарчихсан байна гэдгийг хэлэхийн тулд энэ хуулийн тухай хэлэлцлээ.

-Нийслэлийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр зарчихсан тухай 90 минутын бичлэг цацагдсан. Та үүнийг эвлүүлэг мөн биш эсэх дээр юу гэх вэ?

-60 тэрбум төгрөгийн тухай бичлэг эвлүүлэг биш гэдгийг шинжээч нар тогтоосон байна гэдгийг манай намын дарга С.Эрдэнэ хариуцлагатайгаар мэдэгдсэн. Би тэр бичлэгийг эвлүүлэг биш гэж бодож байна. Цахимаар явж буй мэдээллээс харж байхад ч тэр төрийн эрх мэдлийг зарж олсон гэдэг нь үнэн гэдгийг зарим хүмүүс баримттайгаар хэлээд байна шүү дээ. Зөвхөн Нийслэлээс 60 тэрбум төгрөг босгож байгаа юм чинь Засгийн газар, улсаас замгүй их мөнгө босгох нь ээ. Үнэхээр төрийн эрх мэдэл ингэж худалдагдаж байгаа бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд заналхийлсэн онц ноцтой аюултай гэмт хэрэг. Хэрэв төрийг ингээд худалдаад авчихаж болж байгаа бол Монголыг худалдаад авчихаж болно гэсэн үг болох нь. Сүүлдээ аж ахуйн нэгж шиг гадны хөрөнгөөр худалдаад авчихвал хэрхэх вэ. Аюул болно биз дээ. Миний байр суурь бол 60 тэрбум төгрөгийн бичлэгийг эцэст нь тултал нь шалгаж, заавал үнэнийг тогтоох ёстой.

-Цагдаа, хуулийн байгууллагаас эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоож чадахгүйд хүрээд байгаа юм биш үү. Улс төрийн нөлөөлөл хэтэрхий ороод байгаа гэсэн хардлага бий?

-Энэ эрх баригчид чинь мөнхийн албан тушаал дээр байхгүй байгаа юм биз дээ. Манай улс ардчилсан төртэй улс. Хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох байлгүй. Саяны сонгуулийн үр дүнгээс үзэхэд 2020 онд эрх барьж буй нам солигдох шинжтэй байна. Ардын нам Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээнд нийт сонгогчдын 30-аадхан хувийн саналыг авлаа. 70 хувь нь эсрэг байсан нь эрх баригчид солигдохын дохио. Хуулийн байгууллага хэрвээ үнэний талд зогсч чадахгүй байгаа бол нийгэм маань улс төрийн хүчээр асуудлыг шийддэг дэг жаяг руу шууд орно. Цагдаагийн удирдлагууд ичгүүргүйгээр нэг талыг барьж дайрч буйг хараад арай албан тушаалаа худалдаад авчихсан юм биш биз дээ гэж хүртэл бодогдох боллоо. Урьд нь цагдаа арай ч ийм улаан цаймдаа тулж байгаагүй юм шүү.

-Та хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд Улаанбаатар хотын буруу төлөвлөлт хаанаас эхлэлтэй гэж үздэг вэ?

-Улаанбаатар хотын төлөвлөлт анх хийгдэхдээ бүх айлын цонхонд нар тусахыг тооцоолж аяга шиг хэлбэртэйгээр төлөвлөсөн байдаг. Хаанаас нь ч уул сарьдаг нь харагдана. Уулаа дагаж өндөр хорооллуудыг барьсан. Зориуд төв талбайгаа Зайсан толгойтойгоо холбож өгсөн. Монгол нартай гэдгийг тооцож төлөвлөсөн байдаг юм билээ. Тэгсэн чинь төлөвлөлтийг нь алдуулж, эмх замбараагүй болгоод хаячихсан. Намайг хотын даргаар ажиллахад ордны хажуу талын хэвлэх үйлдвэрээс өөр газар хотын төвийн ойролцоо бараг үлдээгүй байсан. Дуудлага худалдаагаар тэр бага шиг газрыг 24 тэрбум төгрөгөөр үнэлж зарсан. Улаанбаатарын газрыг дуудлага худалдаагаар оруулсан бол гэж тооцоход 26 их наяд төгрөгийн орлого олох байсан.

-Зургадугаар сарын 26-ны өдрийн сонгуулийн дүнгээр МАН-ын нэр дэвшигч сугарч үлдэнгээ алдсан. МАХН-аас бидний саналыг МАН луйвардчихлаа гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан нь бий. Та энэ сонгуулийн дүнгээс юуг олж харсан бэ?

-Эрх барьсан намын өнгөрсөн нэг жилийн ажлын үр дүнд сэтгэл ханамжгүй байна гэдгийг харуулсан. Наад зах нь приус автомашины татварыг нэмчихээр хэн дуртай байхав дээ. Олон улсын Валютын сан хэзээ ч татварыг нэм гэж зөвлөдөггүй юм. Тийм эрх ч байхгүй. Орлого, зарлагынхаа зөрүүг багасгаж үр ашиггүй зардлаа багасга гэснийг нь манайхан сурснаараа зарлагаа багасгалгүйгээр орлогыг танах бодлого барьсан. Нөгөө 60 тэрбум төгрөгөөр зарчихсан албан тушаалаасаа таналт хийж багасгаж чадахгүй байгаа юм биш үү. Тийм учраас иргэдийнхээ орлого руу дайраад байгаа хэрэг л дээ.

-Та маргааш болох дахин санал хураалтын үр дүнг хэрхэн багцаалдаж байна. Анхны сонгуульд аль ч нэр дэвшигчдэд санал өгөлгүйгээр цагаан хуудас уншуулсан сонгогчдын тоо нэлээн өндөр гарсан?

-Хэнд ч санал өгөхгүйгээр цагаан хуудас уншуулах нь маш аюултай санал юм шүү. Яагаад вэ гэвэл сонгуулийг будлиантуулж луйвар явуулах боломжийг цагаан хуудсаар дамжуулан хийхийг үгүйсгэхгүй. Сонгуулийн дүн таалагдахгүй байна, гараар тоолъё гэсэн асуудал үүслээ гэхэд цагаан хуудсан дээр ямар ч тэмдэглэгээ явуулчих ч юм билээ. “Цагаан санал” луйварт ашиглагдах магадлалтай учраас маш аюултай. Тиймээс цагаан хуудас битгий уншуулаач гэж би уриалмаар байна. Хэрэв үнэхээр таалагдахгүй байгаа юм бол сонгуульд оролцохоо больчих. Будлиан, луйвар явуулах боломжийг сонгогч бид хэзээ ч өгч болохгүй. Би өмнөх сонгуулийн үед М.Энхболд хоёроор ч гарч ирж чадахгүй дээ гэж хэлж байсан. Одоо би нэг л зүйл хэлье. Сонгуулийн улайрал арай хэтэрлээ. Сонгуулиа сэтгэлд сэвгүйгээр шударга явуулъя. Хэн ялж, ялагдах нь чухал биш. Сонгуулиа шударгаар явуулаад араас нь амар амгалан өмнөх ажлаа хийцгээе дээ монголчуудаа.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Гүрбазар: Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарлах хэрэгтэй байгаа юм

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн наадмаар “Миний монгол наадам” хэмээх сайхан дуу бүтсэн. Рок попынхон ч сайхан дуулсан. Энэ дууны түүхээр ярилцлагаа эхэлье?

-Энэ бол улсын наадмын төв комиссын захиалгаар хийгдсэн дуу. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жилийн тавдугаар сард Л.Балхжав бид хоёртой уулзаад, наадамд зориулсан, жинхэнэ наадмын тухай дуу манайд алга. Морь, бөх, сур харваа гэх зэргээр эрийн гурван наадмыг тус, тусад нь магтан дуулсан дуунууд л байна. Тиймээс бүгдийг нь багтаасан “Монгол наадам” гэдэг дуу байвал яасан юм бэ гэж санал тавьсан. Ингээд тавдугаар сараас эхлээд л бид хоёр ажилдаа ороод наадмаас өмнө дуугаа бэлэн болгосон. Монголын рок попын бүх л дуучид дуулсан юм. Өнгөрсөн жил би өөрөө ч наадам хөтөлсөн. Дараа нь сонсож байхад их аятайхан дуу болчихсон санагдсан шүү. Ер нь ийм дуу байх хэрэгтэй гэж бодсон юм. “Миний монгол наадам” гэдэг дуунд эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь гэж үг бий. Тэр үгээрээ би их олзуурхдаг. Гэхдээ энэ миний үг биш. XVII, XVIII зууны үеийн цолонд байсан үг. Энэ бол зөвхөн Чингисийн нутагт л байх наадам. Рок попын дуучид дуулсан учир сонсогчдод хөнгөхөн хүрч байгаа боловч нэг бүрчлэн харах юм бол судар номонд байх эртний язгуур монгол, хуучны үг их бий. Энэ дуундаа морь бөхийн цолонд байдаг язгуур үгсийг тусгах гэж оролдсон. Би зохиох гэхээсээ илүү Монголын уламжлалт үг хэлнүүдийг шингээх гэж их оролдсон. Морины цолны 30 хэдэн бадаг шүлэг харж байгаад л тэндээс нэг үг олох жишээтэй байлаа.

-Таныг ная, ерээд онд наадмын хурдан морьдыг их сайхан тайлбарладаг байсан гэж одоо болтол хүмүүс ярьдаг. Азарганы уралдаан эхлээд л таныг шүлэглэхээр, хүмүүс огшоод л монгол наадам эхэллээ гэдэг байсан. Тэр сайхан мөртүүдээсээ хэлж өгөөч?

-Би улсын наадмын морь тайлбарлаад 15 жил, тайлбарлаагүй 15 жил болчихлоо. Нийтдээ 39 жил телевизэд ажиллаж байна. Ажилд ороод есөн жилийн дараа наадмын морь тайлбарлаж эхэлсэн гэсэн үг. Өнгөрсөн 15 жилд хүмүүсийн санаанаас гарахгүй байхыг бодоход миний тайлбар хүмүүсийн сэтгэлд хүрч байжээ гэж бас бодох юм. Зарим нь та энэ жил наадмын морь тайлбарлах уу гэж асуугаад байдаг юм. Тухайн үед Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн зэрэг хүмүүсийн шүлгээр л чимэглэдэг байлаа.

Тургихад нь агийн үнэр

Туурайнаас нь газрын үнэр

Тохойноос нь хөлсний үнэр…

Туг сүүлнээс нь тэнгэр үнэртсэн монгол морь эргэлээ, монгол наадам эхэллээ гээд л уншина. Эсвэл өөрийнхөө шүлгэнд байдаг “Зуун тогос буудаллан далавч хумин цомцойх шиг, долоон хошуу наадамчдын эрээн асар цэгцэрч, монгол наадам эхэллээ” гэнэ. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон айдсын даваа өгсөж байна, самсай шархирна гэдэг ч юм уу чихэнд хоногшсон үгс үзэгчдийн санаанаас гардаггүй , их дотно санагддаг юм шиг байгаа юм. Мөн би 1977 онд “Дугуй хээтэй наадам” гэж шүлэг бичсэн.

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж

Зуузай харшуулсан гурван сумын морьд

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ …гэж одоогоос 40 жилийн өмнө бичсэн. Энэ шүлэг бүтсэний намар нь нэрт яруу найрагч Чойном гуай “Сайхан шүлэг гарлаа. Гүрбазар гэж залуу бичсэн байна” гэж ярьж байсан нь түүний дурдатгал номонд хүртэл орсон байдаг. Энэ шүлэг наадмын үеэр их уншигдана. Олон жил наадам тайлбарлалаа. Монгол наадам бол миний зүрх тархинд, миний урын санд их ойрхон зүйл. Би өөрөө монгол ахуйн шүлэг их бичдэг хөдөөний хүн.

-Тухайлбал, та ямар, ямар хурдан буянуудын уралдааныг тайлбарлаж байв?

-Алдартай хурдан хүлгүүдээс хамгийн сүүлд 1997 онд “Толин хул”-ыг тайлбарласан юм байна. Их сайхан хурдан буян байсан. Данзаннямын хүрэн азарга, Мөнхбатын хүрэн азаргыг ид гараанаас нь тайлбарлаж байлаа. Сайхан азарганууд байсан. Харин сүүлийн үеийн хурдан буянуудыг М.Оюунбаатар гэх зэрэг залуус сайхан тайлбарлаж байгаа. Тэд морио сайн мэддэг болохоор мундаг тайлбарладаг.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлүүдийн ихэнх нь эх орон, Монголын тухай сэдэвтэй юм аа…

-Сүүлийн 10 жил Монголын тухай их дуу шүлэг бичсэн. “Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Монголоороо гоёдог” зэрэг уран бүтээл бий. Хүний нас яваад ирэхээр нутаг эх орноороо илүү их омогшдог болчихдог юм байна. Тэгээд ч нийгэм эдийн засгийн байдал даяарчлагдаж буй энэ үед монгол гэдэг ойлголтыг их өндөрөөр авч явах шаардлагатай болчихоод байгаа юм.

-Та сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байна, сүүлийн үеийн уран бүтээл?

-2016 онд “Жаргаагүй нар” жүжиг маань оны шилдэг болсон. Би зүгээр суудаггүй хэдэн жүжиг биччихсэн байгаа, бичиж байна, шүлгээ ч бичиж байна. Л.Балхжав, Н.Жанцанноров зэрэг хөгжмийн зохиолчидтой дуу хийж байна. Мөн яруу найргийн номоо гаргахаар ажиллаж байна. Хайрын шүлэглэсэн романаа эхлүүлчихсэн. Би хайрын сэдэвтэй 30-аад жүжиг хийсэн байдаг юм. Хайр дурлал бол мөнхийн сэдэв.

-Залуудаа хайр бичих, өдий насанд хайрын тухай бичих хоёр их ялгаатай байна уу?

-Өдий насанд сэтгэлийн хөдлөлөө дагахаасаа илүү хүн төрөлхтний ойлголт руу нь их ордог юм байна. Хайрын бурууг, зөвийг, үнэнчийг нь, нууц амрагийн тухай бичсэн ч аль алиныг нь хамгийн сайн бичнэ. 20 хэдхэн настай хүн бол нууц амрагийн тухай бичиж чаддаггүй юм шүү дээ. Тийм юм байдаг болов уу л гэсэн ойлголтоор ханддаг. Хайр сэтгэл бол хүн хүний оньсого шүү дээ. Тиймээс цэвэр хайр сэтгэлийн зохиол ховор ч “Надаар тоглосон хайр” бол цэвэр хайрын зохиол байхгүй юу. Хайргүй кино, хайргүй зохиол гэж байдаггүй мөртлөө ямар нэгэн зүйлтэй холилдчихсон байдаг. Миний энэхүү шүлэглэсэн роман бол цэвэр хайр, өөр юу ч биш. Улстөр хүн чанар өөр юу ч үүнд хамаа байхгүй, зөвхөн хайрыг илэрхийлсэн. Жишээлбэл, “Учиртай гурван толгой”, “Отелло”, “Ромео Жульетта”- ч хайрын зохиол биш шүү дээ. Энэ зохиолуудад тухайн үеийн нийгмийн байдал, амьдралын зөрчлүүдийг хайраар илэрхийлэн гаргасан байдаг. Өөр юу ч биш зөвхөн хайр бичих хэцүү гэхдээ би оролдож байна, энэ оны сүүлээр бэлэн болчих байх.

-Таны хамгийн анхны дууг “Соёл-Эрдэнэ” хамтлаг дуулж байсан бил үү?

-Том Жагаа бид хоёрын дуулсан “Хүүхэд шувуухай хоёр” гэж дуу анх 1970- аад онд гарч байсан нь миний хамгийн анхны дуу. “Сэм сэмхэн алхана, сэргэлэн шувуухай донгодоно” гээд л. “Соёл-Эрдэнэ” хамтлаг дуулж байсан шүү дээ. Энэ үеэс эхлээд л дууны шүлэг бичсэн гэж бодохоор олон жил Монголын бараг бүх л хөгжмийн зохиолчтой хамтран дуу хийсэн байна.

-Наадмын хурдан морины уралдааныг та 15 жил хөтөлсөн болохоор наадмаар их огшино биз. Наадмын өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Монгол хүнийхээ хувьд сүүлийн найм, есөн жил өглөө эртээ морины уяан дээр очдог. Сайхан уяа, хурдан буян харна. Наадмын нээлт хөтлөх ажилд бас дайчлагддаг болохоор наадмын өдрүүдэд завгүй шахуу л байдаг.

-Наадмын хурдан морины тайлбарыг яаж төгс болгох вэ. Дутуу зүйл харагдана биз?

-Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарламаар байгаа юм. Яагаад гэхээр М.Оюунбаатар морио сайн таньж байна. Тайлбарлаж байхдаа би ч таньдаг байсан, одоо бол танихгүй болсон байх. Харин би наадмыг 400 уяач, хоёр сая хүнд тайлбарлаж уянгалдаг байсан. Оюунбаатар гэж залуугийн морио мэддэг таньдаг тайлбар, миний уянгалдагтай нийлчихвэл үзэгчдэд их сонин байна байх. Уг нь наадамчдад хэний хүрэн морь түрүүлж яваа нь биш,наадам хамгийн сонин, гоё сайхан байхгүй юу. Харин уяачид бол өнгөнд нь хэнийх өнгөлж байна гэдгийг сонирхоно. Телевиз үзэгчдэд морь мэддэг ч хүн байна, мэдэхгүй ч хүн байгаа шүү дээ. Монгол Улсын гавьяат Ганбаатар гуай бөх тайлбарлахдаа бүхэл бүтэн наадмын цараар нь тайлбарладаг байсан шүү дээ. Өөр хүн бөх тайлбарлахаар өмслөө, дэгээдлээ гэдэг. Тэр яахав нүдэнд харагдаж байгаа зүйл. Үе үе тэрийг нь хэлчихээд, ерөнхийдөө хоёр сая ард түмнийг дэлгэц рүү нь уриалах, догдлуулах, монгол хүн болж төрснөөр нь бахархуулах зэрэгт анхаарах хэрэгтэй. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна. Хурдан хүлгүүдийн тоос таньд бараг үнэртэх шиг болж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ тургихад нь агийн үнэр ханхалсан монгол морьд ийнхүү давхиж байна шүү дээ гэхээр хүмүүс гэртээ огшоод л наадам үзсэн юм шиг болдог. Тайлбарлалтын нууц нь энэ. Хэн, хэн нь хэддүгээрт орж байна гэдгийг уяачид л илүү харна, түүнээс биш энэ ингэж байна гэж хөөцөлдөх хүн ховор шүү дээ. Мориных нь уралдаанаар хөглөгддөг, бөх ч гэсэн адилхан. Эхнэр нь мах чанаад л гэрийн хоймортоо сууж байхад тэнд жинхэнэ наадмын халуун уур амьсгал байх ёстой. Ер нь монгол хүн болж төрсөн нь сайхан, монгол наадам сайхан, монгол морьдын сайхныг үзэгчдэд хүргэх нь чухал. Одоо бол нэг тийм талууд нь дутагдаад байгаа юм болов уу. Залуучууддаа хэлэхээр Гүрээ ах бид бодож байгаа, гэхдээ тань шиг яруу найрагч биш болохоор болохгүй байна гэдэг юм. Тэгэхээр нь би тоглоод хамтраад үзэх юмсан гэнэ. Ямар хөөрхөн хүн бэ гэж ард түмэн миний тайлбарыг санадаггүй байх, би өөрөө их огшиж, омогшиж тайлбарлана. Наадам хараад хөөрнө, монгол хүн болж төрснөөрөө бахархаж догдолно. Та ч гэсэн хөөрч догдлооч гэсэн сэтгэлээр тайлбараа хийдэг.

-Тэгвэл таньд шавь болъё гэж ирэх залуус байна уу?

-Сонирхсон хүмүүс байдаг. Шавьтай болж болно, гэхдээ хэцүү. Энэ бол уран чадварын тухай л асуудал шүү дээ. Заагаад болдоггүй шиг байгаа юм. Ер нь төрдөг шиг байна. Тухайн хүний өгөгдлүүд их чухал. Монгол ахуйтай ойр, Монголоо мэддэг, уламжлалаа хүндэлдэг байх хэрэгтэй. Сүүлийн үед баячууд морь уялаа гэж их ярьдаг. Тэд тоохгүй ярвайгаад байдаг бол хэцүү шүү дээ. Тэдний гэрт ороод үзэхэд монгол эмээл хазаартай, дээл бүсээ дээш нь тавьчихсан арай өөр байдаг. Томчуудыг морь уяхад би дуртай.

-Наадмаар хүн бүхэн гоё, сайхан ааштай, хангай дэлхий хүртэл үе үе хураа хайрлаад л нэг л гоё болчихдог шүү?

-Хүний сэтгэлийг орчлон даяар сонсдог гэж үг бий. Гурав хоногийн турш инээгээд л сайхан зүйл яриад л сайхан шүү дээ. Тэгээд ч ийм сайхан монгол наадмын хийморьт бид 2000 жил сайн яваа ч юм бил үү. Наадмын энерги гоё гэж ярьдаг болсон байна. Монголын хийморь сайхаан сайхан.


Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглагсдыг бүжигчин залуус баясгаж байна

Энэ удаагийн “Шөнийн сурвалжлага”-аа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бэлтгэлээ. Нар төөнөсөн энэ өдрүүдэд оройн сэрүүнд уужирсан хэн бүхэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, голын эрэг зорих нь олонтаа байна. Үүнийг ч баталж байна уу гэлтэй 21:30 минутын үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явахад түгжрэл ихтэй байлаа. Очиход ойр хавийн зогсоол дүүрэн. Зогсоолын хүрэлцээ тааруу болоод ч тэрүү иргэд цэцэрлэгт хүрээлэнгийн замын урд талын явган хүний зам дээр машинаа тавьцгаажээ.

Цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хүүхэд суулгадаг, гэрэл гялалзуулсан удирдлагатай машинууд энд тэндгүй байх аж. Ер нь энд ирсэн хүүхэд бүр удирдлагатай машинд суухыг эцэг эхээсээ гуйдаг гэнэ. Уг машин дээр суулгаад таван минут тоглуулахад 3500 төгрөг, арван минут нь 5000 төгрөг. Эндхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй бизнес болохоор удирдлагатай машин ийн түрээслүүлдэг хүмүүс олон байдаг аж.

Хүүхдүүдэд зориулсан “Мини парк” ажиллаж байх юм. Тоглоомуудад нь тоглоход 2000-5000 мянган төгрөгийн үнэтэй. Харин томчууд сууж болохуйц галт тэрэг 4000 төгрөг, завинууд хэмжээнээсээ хамаараад 3000-10000 төгрөгийн хооронд байна. Сар болон бархасбадь гаригийг 1000 төгрөгөөр дурандах боломж ч энд бүрджээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдын хамгийн их сонирхлыг татдаг зүйл нь цэвэр агаарт салхи татуулан дугуй унах юм. Гэр бүл, найзууд, хосоороо хоёр болон дөрвөн хүний суудалтай дугуй сонгон унах боломжтой. Дугуйнууд нь 5000 төгрөгийн үнэтэй. Ер нь анзаараад байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, багачуудад зориулсан тоглоом, сонирхол татахуйц зүйлс олон байна.

Бүжигчин залуус цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдыг хэдэн давхар тойрог болтол нь цуглуулсан нь ихэд сонирхол татлаа. Тэднийг хөгжмийн аянд тун ч эвлэгхэн, эрч хүчтэй бүжиглэхийг харсан үзэгчид алга ташин баяр хүргэнэ. Зарим хүүхэд, багачууд даган бүжиглэж байлаа. “Welcome to Mongolia” продакшны бүжигчин залуус ийнхүү бүжгийн гайхамшгаар хүмүүст бэлэг барьж байгаа бөгөөд хамтлагийн ахлагч А.Мягмарсүрэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урлаг соёлын арга хэмжээ бага болдог шиг санагддаг. Энэ чигийн үзэх, харах зүйл багатай гэсэн үг л дээ. Цаг заваа гарган байж хүрээлэнг зорин ирсэн хүмүүст үзэх зүйл ихтэй байвал сайхан гэж боддог. Тиймээс манай хамтлаг зуны дэлгэр цагт цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн хүн бүрт цаг завтай үедээ чаддаг зүйлээрээ бэлэг барихыг хүссэн юм. Хүмүүс бидний төсөөлж байснаас илүү их сонирхож байна. Энэ нь бидэнд маш их урам өгч байна. Биднийг үзэж, сонирхож, халуун алга ташилт бэлэглэдэг хүмүүстээ баярлалаа” гэсэн юм. Тэдний үзүүлбэрийг үзэн сонирхож буй хүмүүс хөгжмийн аянд сэтгэл нь хөдөлж байгаа нь илт ч зориг гарган хамт бүжиглэж байгаа нь ховор байлаа, дороо хөлөө зөөн хөдөлж, найган ганхах ажээ.

Харин үдэш бүр эдгээр бүжигчин залуус ч юм уу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд “Flashmob” буюу бүгдээрээ нэгдэн нэгэн зэрэг бүжиглэж болохуйц орчин, нөхцөлийг бүрдүүлээд өгвөл хүмүүс нэрэлхэж хойш суухгүй нь лавтай. Саяхан л гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Алтай” хамтлагийнхан үндэсний хөгжим дээр тойрон бүжиг зохиоход олон хүн оролцсон гэнэ. Цахим ертөнцөд ч уг тойрон бүжгийн бичлэгийг маш олон хүн эерэгээр хүлээн авсан билээ. Иймэрхүү олныг хамарсан бүжиг наадам нь өнөөгийн нийгмийн стрессийг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үндэснийхээ уламжлалыг сэргээж, нэгдэн нийлэхэд нэн тустай нь дамжиггүй. Мөн эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн байдаг. Хөдөлгөөний идэвх нь зөвхөн өндөр настай хүмүүст гэлтгүй хүүхэд, залууст гээд хэн бүхэнд эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Тиймээс энэ мэт олон нийтийг хамарсан бүжгийн үзүүлбэрүүдийг олон нийтийн хамгийн их зорин очдог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай зэрэгт зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Ямартай ч дээрх хамтлагийн залуусаас өөр цэцэрлэгт хүрээлэнд ирсэн олон түмний нүдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгачихаар зүйл бараг байсангүй гэж хэлж болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн элдэв төрлийн тоглоом зарж буйг эс тооцвол гар дээрх наймаа худалдаа өмнөхөө бодвол цөөрсөн нь анзаарагдсан. Хуушуур, түргэн хоолны мухлагууд үйлчлүүлэгчдийн суух ширээ сандлаа нэмж, бороо, шорооноос хамгаалсан үзэмж сайтай асартай болсон нь нүдэнд тусч байлаа. Эндээс та хуушуурыг 1000, хачиртай талхыг 4000, халуун цай, кофег 1000 төгрөгөөр худалдаж авна. Харин цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хиншүү, хярвас утай май тавьж зогсдог шорлогчид хүрээлэнгийн зүүн тал руу нүүжээ. Тэд шорлогоо хачиртай, хачиргүйгээс нь хамаараад 5-15 мянган төгрөгөөр зарж байна. Шорлог авсан үйлчлүүлэгчид хажуу дахь зүлгэн дээр тааваараа зооглож суугаа нь харагдаж байлаа.

Цэцэрлэгт хүрээлэнд оройн агаарт салхилж, зугаалж яваа хүмүүс “Энэ хүрээлэн байгуулагдаад олон жил болоогүй ч жил ирэх бүр өнгөө засаад байна. Юмыг тэр дор нь сайжруулчихна гэж юу байх вэ. Бага сагаар юм нэмэгдээд ая тухтай орчин бүрдүүлэх гээд л хичээгээд байх шиг байна. Хэрвээ ийм цэцэрлэгт хүрээлэн байгаагүй байсан бол бид одоо хаана явж байх байсан бол. Суулгасан модод нь тав, арван жилийн дараа өндөр болж, үйлчилгээ нь улам сайжрах нь ойлгомжтой. Улаанбаатар хотод ийм цэцэрлэгт хүрээлэн дахиад нэгийг байгуулчихвал болох л асуудал” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“PLAYTIME 2017” амьд хөгжмийн наадмын хөтөлбөр

“PLAYTIME 2017” Олон улсын Амьд Хөгжмийн Наадам 7-р сарын 14, 15, 16-нд цэвэр агаар, инээмсэглэл, амьд хөгжим, цогц шийдэл уриатайгаар 16 дахь жилдээ Монгол шилтгээнд болно.

Наадмын олон улсын онцлог хөтөлбөрт:

  • Дэлхийд нэртэй Японы “The Fin”, “The You”, “Churashima Navigator”,
  • Швейцарийн “One Sentence.Supervisor” зэрэг инди рок элетроник хөгжмийн 6 хамтлагийн 32 уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж наадмын хөгжмийн өнгө аясыг тодорхойлно.

Мөн наадмын хүрээнд Монголын рок хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагын 30 жилийн ойг тэмдэглэхийн сацуу, “The Lemons”,“Mohanik”, “Nisvanis”, “Magnolian” зэрэг Монголын нэр хүндтэй 11 хамтлаг уран бүтээлээ хүргэнэ.

Мөн наадмыг санаачлагч, захирал Ц. Нацагдорж, “Плейтайм наадмын чухал хэсэг бол залуу хамтлаг дуучдын шинэ хөгжмийг дэмжих замаар Монголын инди, рок, амьд хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулах” зорилготой Шинэ Давалгаа тайзаар Bazo, Even Tide зэрэг нийт 11 хамтлаг, нийлээд Монголын 21 гаруй хамтлагын 100 гаруй залуу уран бүтээлчид 3 өдрийн турш энэхүү хөгжмийн баярыг наадмын үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэнэ.

Энэ жил Герман болон БНХАУ-д уран бүтээлээ хүргэж ирсэн The Majesti Label студын DJ Билгүүдэй, Монголын шилдэг 25 DJ-н хамт Нааглихац электрон тайз агуулгыг хөгжим болон орон зайн хувьд шинэлэг, онцлог содон байхаар удирдан, найруулж байна.

Мөн энэ жилийн наадмын хөтөлбөрийн онцлогоор Францын нэрт дуучин Эдит Пиафын алдарт “La vie en rose” дууны нэрээр овоглосон акустик, жазз хөгжмийн тайз шинээр нэмэгдэж, намуухан, романтик орчин, хөгжим, stand up comedy, хөгжилтэй тоглоом, кино зэргийг сонгодог хүмүүст олон төрлийн гэнэтийн, сонирхолтой бэлгийг барихаар ажиллаж байна.

Мөн тус наадам “REPLAY MARKET” гар урлалын хотхоноор дамжуулан залуу уран бүтээлчдэд бүтээлээ сурталчлах боломж олгохоос гадна энэ жилийн наадмын онцлох орчин үеийн бүтээлээр дэлхийд данстай зураач М.Эрдэнэбаярын УЛААН МОРЬ орчин үеийн уран баримлын бүтээлийг сонгон танилцуулж байгаагараа онцлогтой.

Наадмын хүрээнд Монгол, Солонгос, Япон, Зүүн Ази болон Турк зэрэг олон улсын хоолны соёлыг 20 гаруй мэргэжлийн байгууллагууд сурталчилахаас гадна зочдын хэрэгцээ, тав тухыг хангах зорилготой харилцаа холбоо, мэдээлэл технологи, хаягжилт, банк санхүү, болон бусад үйлчилгээний ЦОГЦ шийдлийг 55 гаруй байгууллагатай хамтран бий болгон ажиллаж байна.

Мөн наадмын үеэр хотын иргэд, залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, ногоон хөгжлийг дэмжих зорилготой ХОГГҮЙ PLAYTIME 2017 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Наадмын түүх

Playtime наадам нь Монгол улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ урсгал, түүний тѳлѳѳлѳл болсон гадаад дотоодын хамтлаг, дуучдын бүтээлийг түгээх онцгой талбар болон жилээс жилд утга агуулга, уран бүтээлчдийн ур чадвар, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд тогтворжин хөгжиж ирсэн онцлогтой.

The Lemons, Нисванис, Батчулуун зэрэг олны танил болсон хамтлаг уран бүтээлчид тус наадамд оролцож ирсэн уламжлалтайгаас гадна Magnolium, The Colors, зэрэг залуу хамтлагууд энэхүү наадмаар эхлэн, олонд танигдаж, нэрд гарч байсан түүхтэй. Тус наадамд 2002 оноос хойш давхардсан тоогоор нийт 500 гаруй хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ хүргэж байснаас гадна, 2014 оноос АНУ, Их Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Швед, Польш, Франц, БНХАУ-ын ѲМӨЗУ-ын уран бүтээлчдийг наадамдаа оролцуулж, цар хүрээгээ олон улсын тодотголтой болгон нэмсэн түүхтэй.

Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Шведийн The Radio Dept., Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан болно.

2014 оноос Playtime наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын ивээл дор, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 3 жилд давхардсан тоогоор төр, хувийн хэвшил, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй байгууллагатай үр бүтээлтэй, тогтвортой түншлэлийг бий болгон хамтран ажиллаж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт эхэллээ

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн дахин санал хураалт орон даяар 07:00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хороо байгуулагдсанаас 368 нь Улаанбаатарт, 1528 нь аймаг, сумдад байршжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1856190 сонгогч бүртгэгдсэнээс 841858 нь Улаанбаатар хотод харьяалагдаж байна. Энэ нь нийт сонгогчдын 40 хувь нь нийслэлд оршин сууж байгааг илтгэж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд явагдсан нэгдүгээр шатны санал хураалтад сонгогчдын ирц 68.27 хувьтай байсан. Энэ удаад нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгч, саналаа өгсөн сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Дахин санал хураалтад 2.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Хэрэв энэ удаагийн сонгууль хүчингүй болж дахин сонгууль зохион байгуулахаар болбол үүнээс ч их мөнгө, хүн хүчний хэрэг гарна. Тиймээс сонгогчдод сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Иргэд сонгуулиа өгөхдөө цахимгүй бол хурууны хээгээр өгч болох аж.

Б.ЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Баян гэдэгт нь биш хууль мөрддөггүйд нь л нийгмээрээ хорсдог юм” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.

Наадам дөхсөн энэ өдрүүдэд Төрийн есөн хөлт цагаан тугийг ёслол төгөлдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг торгон цэрэг, есөн шарга морьны сурвалжлагыг манай сонин нэгдүгээр нүүрэндээ онцолж байна. “Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх торгон цэрэг, шарга морьдын бэлтгэл хангагджээ” хэмээх гарчигтай сурвалжлагын үргэлжлэлийг зургаадугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт “Баян гэдэгт нь биш хууль мөрддөггүйд нь л нийгмээрээ хорсдог юм” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Энэ оны УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр өндөрлөсөн. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Дэлгэрэнгүйг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс сонирхох боломжтой.

Баримт, үйл явдын долдугаар нүүрнээс Өвөрхангай аймгийн Уянга сумын алтны уурхайд гарсан ослын талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай. Мөн цаг үеийн цагдаагийн мэдэгдэл, сэрэмжлүүлгийг сонирхон хараарай.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр “Наадмын нээлт монголчуудын зүрхэнд орж, тархинд нь ярих болно” хэмээн хийх гэж буй ажлаа тодорхойлжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Наадам дөхсөн энэ өдрүүдэд наадмын тухай яриа, дурсамж сэтгэл гэгэлзүүлнэ. Шандаст хурдан хүлэг, мэргэн харваачид, хүчит бөхийн барилдааныг наадамчин олон тэсэн ядан хүлээн суугаа нь тодорхой. Тийм дээ ч өнөө жилийн баяр наадмын шандаст хурдан хүлгүүдийн уралдаан хэрхэн болох талаарх “Тод магнай болж торгон жолоо өргүүлэн төв асарт очих тааварт багтсан хурдан азарга, их насны морьдыг нэрлэж байна” хэмээх гарчигтай нийтлэлийг 13 дугаар нүүрнээс шимтэн уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төв аймаг руу нэвтэрч буй автомашиныг бүтэн шалгаж байна

Төв аймгийн Зуун мод хот руу орох цагаан хаалганы наана цагдаагийн пост гарчихсан байна. Тусгай тоноглолтой фургон болон цагдаагийн алба хаагч нар мөн энгийн хувцастай хүмүүс Зуун мод хот руу орж буй тээврийн хэрэгслийг нэгт нэгэнгүй зогсоон ачаа тээш, болоод автомашиныг нь бүтэн нэгжин шалгаж байна. Учрыг лавлабал их хэмжээний мөнгөн дэвсгэрт ачин явж болзошгүй автомашин тодруулах зорилготой гэж байлаа. Автомашины техникийн гэрчилгээ, даатгал, согтуу жолоочийг илрүүлэх гэхээс илүү багаажийг нь онгойлгож бүх юмыг шалган үзэж байна. Ийн ачаа, тэээш шалгаж байгаа хүмүүсийн дунд видео камер барьсан хүмүүс харагдаж байв.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар шөнө гэрлээ шилжүүлдэггүйгээс болж аваар их гаргаж байна гэв

Related imageСүүлийн үед хөдөө орон нутгийн замд аваар осол их гарах болсон талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өчигдөр шөнө л гэхэд Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Партизаны сангийн аж ахуйн урдуур өнгөрөх төв зам дээр гэр бүлийн жийп, дунд оворын ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас хоёр зорчигч хүнд гэмтэл авч, гурван хүн хөнгөн гэмтсэн аж. Осол болсон газар дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид “Орон нутгийн замд осол гарлаа гэсэн дуудлага сүүлийн өдрүүдэд нэмэгдэх болсон. Хотоос Төв аймгийн Батсүмбэр сум руу чиглэх авто зам дээр өчигдөр шөнө 2 цагийн үед автомашин мөргөлдөж, хүн гэмтсэн дуудлага ирсэн. Энэхүү осол шөнө гэрлээ шилжүүлэлгүй явснаас болсон гэж үзэж байна” гэсэн юм. Төв аймгийн Батсүмбэр сумруу чиглэх 60 гаруй километр автозамыг өнгөрсөн жил шинээр барьж хүлээлгэн өгсөн билээ. Нутгийн иргэд болон жолооч, зорчигч нар энэхүү автозамыг стандарт бус, чанаргүй, мөн хэт нарийнхан барьснаас шалтгаалж, осол аваар их гарах болсон хэмээн ярьж байсан юм. Мөн шөнө орой жолооч нар замын хөдөлгөөнд гэрлээ шилжүүлж, соёлтой, хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 16-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баяр наадмын үеэр Замын цагдаагийн албаныхан хэрхэн ажиллах талаар мэдээллээ.

Хурлаар замын цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллахын сацуу долдугаар сарын 7-ноос 16-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж мэдээлэв.

Мөн наадмын талбайд нэвтрэх авто машины долоон төрлийн зөвшөөрлийг өнгөрсөн жилүүдийн адил олгох бөгөөд маргаашнаас Мишээл, Оргил, Дүнжингаравв болон бусад нэг цэгийн үйлчилгээнүүдээс авах боломжтой юм байна.