УИХ-ын дарга М.Энболдын хувийн болон албаны бичлэгийг АН-ын сонуулийн штабт өгсөн байж болзошгүй хэрэгт УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Д.Ууганбаатарыг сэжиглэн шалгаж байгаа билээ. Тэгвэл Д.Ууганбаатар өнөөдөр өглөө ийнхүү ярьжээ. Тэрээр “Намайг Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг. Би УИХ-ын тамгын газарт зураглаачаар ажилладаг. Сошиал ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний талаар нэлээдгүй их гарч байгаа нь бичлэг зарсан, бичлэг тараасан гэж байсан. Анх “Аархал” гэх нэвтрүүлэг гарснаас хойш намайг Тагнуулын газарт аваачиж, байцаалт авч байсан. Би байцаалт өгч, холбогдолгүй болох нь тогтоогдсон. Дараа нь мэтгэлцээний тухай бичлэг цацагдсан. Намайг задруулсан, энд тэнд өгсөн гэгдээд байгаа. Би ямар ч бичлэг гаргаагүй, видео дүрсийг хэнд ч өгөөгүй. Мэтгэлцээний тухай бичлэгийг би бичээд, Их хурлын даргын өрөөнөөс гарахаасаа өмнө Батбаатар гэж хэлтсийн даргадаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор намайг дагаж, шалгаж байгаа юм байна. Би үнэхээр айдастай байна. Надад хүнд хэцүү байна. Ямартаа ч би аюулгүй газар байна. Үүнтэй холбоотой нэг зүйл хэлэхэд манай гэр бүлийн хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр дуудаж байцаалт авсан. Сая бас цагдаагаас аваад явж байна гэнэ. Мөн манай ээжийг байн байн дуудаж байцааж байна гэнэ. Би хэнд ч юу ч зараагүй, аваагүй. Би үнэхээр айдастай байна” гэж хэлсэн байв.
Түүний хийсэн бичлэгийг хүргэж байна.
Б.УРНАА