Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт нэг иргэн могойд хатгуулж нас баржээ

Өмнөговь аймагт нэг иргэн могойд хатгуулж нас баржээ зурган илэрцүүд

Өмнөговь аймагт нэг иргэн могойд хатгуулан нас баржээ. Урин дулааны цаг ирж аялж, зугаалж яваад могойд хатгуулж өвдөх, улмаар амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьят 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулсан гэж эмчилгээгээ даалгүй нас барсан хэрэг өчигдөр гарсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан станцад гал гарсны улмаас зарим дүүрэг цахилгаангүй болжээ

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд өчигдөр оройн 23 цагт гал гарчээ. Улмаар Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгасан байна.

Одоогоор станцын гэмтэлтэй хэсгүүдийг засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд ажиллаж байгаа аж.

10 цагийн байдлаар тус станцаас цахилгаанаар тэжээгддэг ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээжээ. Харин Улаанбаатар сувилал орчим, 19-р хороолол, Энхтайваны гүүрний зүүн урд талын Хурд аппартмент хотхоны айл өрх хэрэглэгчид, Соёлын төв өргөө, Арьс ширний үйлдвэр орчмын үйлдвэрийн газруудын хэрэглээ сэргээгүй буюу цахилгаангүй байна.

Тиймээс өмнөд дэд станцын гэмтлийг засварлаж дээрх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг хэвин болгох ажлыг өнөөдөртөө багтаж дуусгахаар шуурхайлан ажиллаж байна хэмээн УБЦТС-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүхэд усанд унаж амиа алджээ

Урин дулааны улиралд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж голын эрэг орчмоор амарч зугаалж явахдаа хараа хяналт сул орхисноос болж хүүхэд усанд эндэх тохиолдол гардаг билээ.

Өчигдөр гэхэд Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ -Уул баг Гялгарын хясаа гэх газар тус сумын харьяат 4 настай хүүхэд голын усанд унаж амиа алдсан мэдээллийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж байна.

Тиймээс урин дулаан цагт, гол усны дэргэд хүүхдүүдтэйгээ явахад анхаарал сайжруулахыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлсээр байна.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай: АН-ын нэр дэвшигч мэтгэлцээнээс зугтаагүй

МАН болон МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд АН оролцохгүй байна гэсэн утга бүхий мэдээллийг өчигдөр хамтран хийсэн билээ. Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “АН нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг дэмжиж байна. Харин нэвтрүүлэх телевизийн хувьд Монгол HD гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Нийгэмд хараат бус хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн суваг гэж ойлгогддог.

Ах дүү намууд /МАН, МАХН/ хэвлэлийн хурал хийж, олон нийтэд буруу ойлголт өгсөнд харамсаж байна. АН-ын нэр дэвшигчийн хувьд УИХ-д гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажиллаж байсан хүний хувьд мэтгэлцээнээс зугтах шаардлага байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн нүүр хуудастаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын Залаатын аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд Уулын хойд Залаатын аманд түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 14:58 минутанд нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу гал унтраах 63-р анги очсон ба нэмэлтээр 10, 14, 35-р анги болон Нийслэлийн аврах 105-р ангийн 60 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн, 16:40 минутанд түймрийг цурманд оруулсан, бүрэн унртаахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэллээ.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшсэн.

МАН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд 10 цагаас эхлүүлэхээр болоод байна. АН нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгаас эхлэхээр болжээ.

Харин МАХН-ын гишүүд дэмжигчид Эрх чөлөөний талбайд 11 цагт цугларч, сонгуулийн сурталчилгаагаа нээх аж.

Categories
мэдээ нийгэм

Улс, аймгийн цолтой бөхчүүдийн чансааг арслан О.Хангай тэргүүллээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос улс, аймгийн цолтой бөхчүүдийнхээ чансааг шинэчиллээ. Ингэхдээ Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх нийт 10 барилдааны дүнг хамруулжээ. Энэ удаагийн чансааг сүүлийн хоёр барилдаанд дараалан түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай тэргүүллээ.Харин дэд байрт улсын арслан Н.Батсуурь орсон бол харцага Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, харцага Н.Жаргалбаяр нар эхний тавд багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөр албан ёсоор хэрэгжихээр болж байна. Эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад хамгийн их хувь нэмэр болно гэж байна л даа. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирэхээр боллоо. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хэр байх бол?

-Миний хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авралын гарц гэж хардаггүй. Гэхдээ аргагүй нөхцөл байдал үүсчихсэн учраас энэ хатуу хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байгаа бололтой. Засгийн газрын өрийн хэмжээ 22 их наяд болчихсон, төлбөр тооцоо нь тулчихсан, эдийн засаг, бизнесийн орчин муудсан ийм л хямралтай цаг үе таарчихлаа. Нөгөө талаар, нэг улс орноос зээл авч өрөнд орсноос олон их үүсвэртэй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа зөв юм. Мөн урт хугацаанд төлөх, хямд хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл учраас өрийн дарамт үүсгэх нь гайгүй байдаг. Мөнгөн дүнгийн хувьд өндөр хэмжээ учраас эхнээс нь тооцоо судалгаа сайн хийж, оновчтой зүйлд зарцуулахад анхаарах ёстой. Зээл учраас эргэн төлөгдөнө гэдгийг мартаж болохгүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр Валютын нөөц, ханш тогтвортой байхад эерэг нөлөөлөл үзүүлнэ.

ОУВС-гийн хөтөлбөрийн мөнгө гурван жилийн хугацаанд үе шаттай орж ирнэ. Эдийн засгийн таатай орчин хэзээ бүрдэнэ гэж итгэж болох вэ. Ер нь зээл 5.5 тэрбум ам.долларын зээл авснаа баяр ёслолын байдалтай яриад байна л даа?

-Хөтөлбөр хэрэгжсэнээр хямрал алга болчих юм шиг төсөөлж болохгүй. Энэ бол хүндрэлийг даван туулахад, гал унтраах хэмжээнд л үйлчилнэ. Харин эдийн засгийн гадаад орчин сайжирч, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч, валютын орлого нэмэгдэх боломж гарч ирж байгаагаа зөв ашиглаад хөтөлбөртэй хослуулбал хөгжлийн боломж гарч ирнэ. Эцсийн дүндээ энэ улс орны хувь заяа, иргэдээ сайхан амьдруулах асуудал бол монголчууд бидний л үндсэн зорилт, үүрэг шүү. Түүнээс биш манайхны зарим нэг гадны гар хөл болсон нөхдийн ухуулж яриад 20 гаруй жил хүлээлт бий болгосон “Гадны хөрөнгө оруулагч” гэж сайн хүн хүрч ирээд бидний өмнөөс энэ үүрэг, зорилтыг биелүүлчихгүй. Тэр бол дэлхий дахинд явагддаг нэг тархи угаалт. Тиймээс монголчууд бид үүрэг, зорилтоо зөв ухаарч, гадны гар хөл болохгүй, байгаа боломж, баялгаа зөв ашигладаг болсон тэр цагт л эдийн засгийн хөгжил бий болж ашиг хөөсөн гадныхан хөрөнгөө оруулж эхэлнэ.

-Хөтөлбөрийн хүрээнд татварууд нэмэгдэхээр болсон. Иргэдийн нуруун дээр төдий л дарамт үүсэхгүй гээд байгаа. Шатахууны онцгой албан татвараас эхлээд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх баталгаа бий юу?

-Цалин, тэтгэврийн зээл, малчны зээл гээд өрөндөө баригдсан хүмүүст татвар нэмэгдэхээр дарамт үүсэхгүй байна гэж юу байх юм. Хөтөлбөрт орж, тулгамдсан өр зээлээ төлөх гэсэн аргагүй нөхцөл байдлын улмаас л зарим татварыг нэмэх шийдвэр гаргасан. ОУВС хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой нөхцлийг тавьж, тухайн орон хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ийм л зүйл болсон.

-Хөтөлбөр хэрэгжих хүрээнд таны оруулсан хажуугийн саналаар гадны хөрөнгө оруулагчид мөнгөө Монгол банкаар дамжуулах ёстой байлаа. Харамсалтай нь Их хурал буцаагаад цуцалчихсан. Гэсэн ч та өөрийн байр сууриа хамгаалж байгаа харагдсан. Нэг үгээр хэлбэл та ОУВС-гийн хөтөлбөрийг ч нураах дөхсөн шүү?

-Улс орон маань гүнзгий хямралд орж, өрөнд баригдлаа гээд байгаа атал манай гадагшаа ачуулж байгаа баялгийн хэмжээ, экспортын орлого тэр сайхан байсан 2010-2011 оноос чинь буураагүй байгаа. Тодруулбал, гадагш баялгаа зарж олсон орлого чинь буураагүй байна гэсэн үг л дээ. Гэтэл “Яагаад бид өрөнд орчихов оо” гэдэг асуулт гарнаа даа. Хариулт нь тодорхой. Тэр их олон тэрбумаар олсон орлогын чинь дийлэнх хувь нь Монголд орж ирдэггүйтэй холбоотой юм. Оюу толгой дээр олсон орлогын 90 гаруй хувь, Тамсагийн орд дээр 76 хувь нь орж ирдэггүй юм. Тийм учраас валютын нөөцгүй болж, ханш өссөн. Хямралын гол үндсэн шалтгаан бол валютын ханш өсч, мөнгөний худалдан авах чадвар унаж, иргэдийн орлого буурч, ядуурал нэмэгдсэн явдал юм. Үүнийг л засах гэж мөнгөө Монголоороо оруулъя, валютын нөөцөө нэмэгдүүлье гэсэн хэрэг л дээ. Би хувьдаа ОУВС яагаад хөтөлбөртөө энэ нөхцлийг оруулахгүй хямралын хүндрэлийг монголчуудын татварыг нэмж өөрсдөөр нь үүрүүлэх гээд байгаад гайхаж байгаа. ОУВС яагаад гадны хөрөнгө оруулалтын үр ашиггүй гэрээ, авлига, оффшорын асуудал дээр нүдээ аньчихав гэх мэт олон асуудал гарч ирж байна. Нөгөө улс орныг чинь өөд нь татаад, хөгжүүлээд өгнө гэсэн Рио тинто компани ийм хүнд үед ямар муухай зан гаргаж байна. Монголчууд бидний “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг энэ шүү дээ. Ийм л компанитай нөхөрлөсөн байна. Хөрөнгө оруулалт гээд баахан зээл өгчихөөд, дээрээс нь өөрийнхөө компанид дөрвөн тэрбум ам.долларын зээл “Дубайдаж” аваад биднээр төлүүлээд сууж байна.

-Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт явуулж дууссан. Дүгнэлтийг сонсож байхад үнэхээр хэцүү тоо сонсогдсон юм. Монгол банкны алдагдал яг хэзээнээс үүссэн юм бэ?

-Монгол банк 2012 оноос 181 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхлээд 2016 он дуустал нийтдээ 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

-Алдагдалд нөлөөлсөн голлох зүйлс нь юу байсан юм бол. Маш нууц гэсэн зэрэглэлтэй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл гарахгүй байх шиг байна. Гэхдээ боломжийнхоо хэрээр яриад өгөх боломж байна уу?

-Алдагдалд хүргэхэд гол нь санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал буюу банк хоорондын своп, форвард хэлцлээс 1.7 их наяд, валют арилжаа, ханшны тэгшитгэл буюу шатахууны импортын хөнгөлөлтөөс 462 тэрбум төгрөгийн, элдэв уламжлалт бус зээллэгээ хүүгээс 524 тэрбум төгрөгийн алдагдал нөлөөлсөн юм билээ. Арилжааны банк шиг компаниудад зээл хүртэл олгосон байгаа юм. Энэ мэт хууль бус үйлдэл их хийгдсэн юм билээ.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үр дүн муутай болсон гээд байгаа. Гэхдээ иргэдийн нуруун дээр ирэх ачаалал буураагүй юм уу. Одоо тэгээд хариуцлагын асуудлыг хөндөж байна. Ганцхан Н.Золжаргал гэдэг хүнд хариуцлага тооцох нь хэр зүйд нийцэх вэ?

-Төв банкны ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийг эдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн хариуцлагаа хүлээхгүй гээд яах юм. Гарын үсэг зурахгүй бол шийдвэр баталгаажихгүй. Тийм биз. Гадны нөлөөлөл, хүний шахалтанд орсон бол тайлбараа хийгээд л зурдаг журамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол Төв банкны хуулинд байхгүй хууль бус үйлдэл. Уламжлалт бус арга хэрэгсэл гэдэг чинь буруу гаж нөлөөлөл үзүүлдэг учраас л хориотой байдаг зүйл. Гэтэл ийм арга хэмжээ аваад, тэр тусмаа бодлогогүйгээр импортыг илт дэмжсэн салбар луу мөнгө оруулаад л нөгөө валютын нөөцөд байсан дөрвөн тэрбум ам.долларын нөөцөө гүвчихсөн. Энэ чинь өнөөдрийн энэ хямралыг авчирсан гол шалтгаан шүү дээ. 2012 онд нэг ам.долларын бараа 1350 төгрөг байсан бол одоо 2400 төгрөг болсон. Бүх зүйлийн үнэ өсч, амьдрал ядуурсан. Өр зээл хавтгайрсан. Үүнийгээ бас зөөлөн газардуулсан гэх ухааны тайлбар хийж суугаа юм. Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм байна. Зарим оронд хэрэглээг дэмжих, хямралыг саармагжуулах зорилгоор иймэрхүү уламжлалт бус арга хэмжээ авахдаа адаглаад экспорт дэмжсэн үйлдвэрлэл рүү чиглүүлдэг. Харин манайд эсрэгээрээ импорт дэмжээд, валютаа гөвчихсөн.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байхад Монголбанкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооц гэх юм. Үнэндээ бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь танай намын Б.Жавхлан гишүүн ажиллаж байсан шүү дээ. Энэ хүнд мөн хариуцлага тооцох ёстой юу?

-Эцсийн дүндээ эрхээ эдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн л хариуцлагаа үүрдэг хуультай юм. Б.Жавхлангийн хувьд өөрөө тайлбар хийх байлгүй.


Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: А.Сүхбат, Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нарын үнэн, худал нь тун удахгүй тогтоогдож ил болно

“Өдрийн сонин”-ы 2017.05.30-ны Мягмар гаригийн 121(5688) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс зохион байгуулан хуралдуулж, холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон талаар өчигдөр мэдэгдсэн. Хуралдааны үеэр МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэж мэдээллээ. Энэ үеэр М.Хүдэрбаатар “Энэ хурлаар Үндэсний бөхийн холбоо дэд тэргүүнгүй болсон. Дэд тэргүүний оронд дотоод үйл ажиллагаагаа удирдах Гүйцэтгэх захирлыг ойрын үед томилно гэж шийдвэрлэсэн. Бид энэ хурлын тайланг Бөхийн холбооны хуучин тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарт өнөөдөр албан ёсоор хүргүүлнэ. Хуучин удирдлагууд маань энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгнө гэж найдаж байна” хэмээв. Харин үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар нар албан ёсоор мэдээлэл хийж, дээрх хүмүүсийн зохион байгуулсан ээлжит бус “Их Эе” нэртэй цуглаан нь хууль бус болсон гэдгийг хэллээ.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү дөрөв, таван хүн буюу Х.Баянмөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар тасралтүй ээлжлэн ярьж, нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ятгасан боловч өдгөө амьд сэрүүн байгаа 10 аваргаас долоо нь, 15 арслангаас 11 нь, есөн гарьдаас долоо нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 179 начингаас 163 нь тэдний зохион байгуулсан цуглааныг хууль бус гэж үзэн оролцоогүй байна. Ийм цуглааныг Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе” гэж үзэж болох уу. Нөгөө талаас тэдний бөхчүүдийн цуглуулсан тэн хагас нь Увс аймгийн бөхчүүд байгаагийн зэрэгцээ хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл хамж нийлүүлэн, хэвлэл мэдээлийхнийг оролцуулалгүй, хаалттай хурал хийсэн нь энэ цуглаан хуйвалдаан болсныг нотолж байгаа юм. Мөн энэ цуглаан нь “Их Эе”-д төлөөлөгч сонгох тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмыг ноцтой зөрчсөн байна. Дээрх хүмүүс гурван шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 253.1 зүйлээр хэрэг үүсгэн шалгагдаж, тэр нь тогтоогдон, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль, дүрмийн дагуу хүчингүй болно гэсэн үг. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нарын нөхөд 2002 онд хуралдсан дөрөвдүгээр “Их Эе”-ээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах хуйвалдаан зохион байгуулж ажиллаад ялагдсан юм. Тэгээд гурван шатны шүүхээр явж “Тэргүүнийг сонгох сонгууль явагдсан нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргуулсан. Тэр шийдвэр нь үнэнд нийцээгүй. Иймээс энэ асуудлыг бид дахин хөндөнө, үнэнийг тогтоолгоно” гэлээ.

Өнгөрсөн ням гаригт болсон хууль бус гэгдээд буй Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-д Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, түүний хүргэн дархан аварга А.Сүхбат, Увсын С.Мөнхбат аварга, улсын арслан Ж.Хайдав, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, О.Одгэрэл, харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Б.Эрдэнэбилэг, Д.Жанчивдорж, Н.Мөнхжаргал, Б.Насандэлгэр, Ц.Цэрэнхүү, Даваасамбуу, Д.Энхбаяр нарын хуралд оролцсон бөхчүүдийн дийлэнх нь Увс аймгийнх байсан аж.

Уг нь ээлжит “Их Эе”-ийг хуралдуулахдаа бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэцдийн төлөөлөл, судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцох журамтай байдаг гэнэ. Ийм учраас Монголын үндэсний бөхийн холбоо дээрх цуглааныг жалга довны үзлээр цугласан, нэгнийгээ дарамтлан хүчээр оролцуулсан хурал болсон талаар ярьж байсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Эдгээр хүмүүс 2002 оноос МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бид хоёрыг идсэн ууснаар нь их гүтгэсэн. Тэгээд бидний идсэн уусныг Монгол Улсын хяналт шалгалтын бүх байгууллага шалгасан. Үр дүнд нь нэг ч төгрөгийн дутагдал гаргаагүй, идсэн уусан юм байхгүй гэдгийг тогтоосон. Ингээд хэлэх үггүй болсон Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нар хэсэг чимээгүй болсон. Гэтэл саяхнаас өөр нэг шинэ зүйл олж авч л дээ. Тэр нь биднийг Монголын Үндэсний бөхийн холбоог алсдаа үр хүүхдүүддээ өгөхөөр бичиг баримт бүрдүүлж байна гэсэн ор үндэсгүй зүйлээр гүтгэх боллоо. Монголын үндэсний бөхийн холбооны гэрчилгээг авахдаа бүртгэлийн газар хандсан. Үүний дагуу Иргэний бүртгэл мэдээллийн газраас гаргасан гэрчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэсэн хэдэн заалт, журам бий. Энэхүү журманд тухайн байгууллагын үүсгэн байгуулагч нь хэн бэ гэсэн асуулт байдаг юм. Түүнд нь хэнийг хэлэх вэ гэхээр хамгийн анх үүсгэн байгуулсан хүмүүсийнхээ нэрийг л хэлэх ёстой. Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, П.Даваасамбуу, Р.Давааням хэмээх таван хүн үүсгэн байгуулсан болохоор нэрсээ бичсэн. Энэ бол Монголын түүхэнд тов тодорхой байгаа, худлаа зүйл биш. Ингээд бидний нэрээр гэрчилгээ шинэчлэгдсэн. Одоо бол Нямдорж, Данзан, Мягмар гэсэн гурван хүний нэр дээр бий. Төрийн бус байгууллагыг тодорхой хүмүүс байгуулдаг, дэмждэг. Энэхүү субектийг хэн ч авах боломж байдаггүй. Тэр үүсгэн байгуулагчийн гэрчилгээн дээр Ганболд, Дуламсүрэн, Амгаа гэсэн нэр бичих ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс энэхүү холбоог үүсгэн байгуулаагүй шүү дээ. Бид Монголын үндэсний бөхийг спорт, өв соёлын талаас нь хорь гаруй жил бодлого боловсруулж ажиллаж байгаа болохоос биш үхэхийнхээ өмнө энэ холбоог үр хүүхдэдээ аваад өгье гэсэн бодлого, сэтгэл өчүүхэн ч агуулаагүй хүмүүс” гэв.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн ням гаригт Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүс МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан талаар мэдэгдсэн. Тэрээр гурван шатны шүүхээс “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон тухай шийдвэрийг хууль ёсных хэмээн хэлж байсан. Мөн бидний хийсэн хурал хууль ёсны дагуу болсон гэж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдаад 50 шинэ зүйл хийсэн тухай ном бий. Тэр номонд 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон Монгол бөхийн өргөө юм. Бөхийн өргөөг байгуулах хүртэл ямар нэгэн хэрүүл, тэмцэл болдоггүй байлаа. Энэ Бөхийн өргөө хэмээх сав ашиглалтад орсноос хойш Х.Баянмөнх тэргүүтэй Ганболд нарын хүмүүс Бөхийн өргөөг авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Улмаар эдгээр хүмүүс 2002 оны ээлжит дөрөвдүгээр “Их Эе”-ийн хурлаар тэргүүнийг өөрчилнө, Бөхийн өргөөг хувьчилж авна гэсэн ойлголттой байсан ч чадаагүй. Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар гэсэн хүмүүс чинь нийгэмд бас их сонин зүйл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр хүмүүсийн зохион байгуулсан хурлаар Бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбоог бусдын гарт очихгүй ээ. Энэ хурал хүчингүй, хууль бус хурал болно. Энэ улсад чинь хууль хяналт, цагдаа шүүх гэсэн хүчний байгууллагууд байдаг юм. Гурван шатны шүүхээр бидний талд явсан маргаан тэдний талд гарсан нь үнэн. Ер нь Цэцдийн зөвлөлд жар гаруй хүн бий. Эдгээр хүмүүсийн гурваны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж, ээлжит бус “Их Эе”-ийг зарлах дүрэмтэй юм. Шүүхийн шийдвэрийг нэг хүн гүйцэтгэх ёстой шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс нь Ганболд, Дуламсүрэн, А.Сүхбат нар орчихсон. Улмаар бусад хүмүүсийг ятгаж, айлгаж, дарамталж байгаад сая нэг юм хурал хийжээ. Тэр хуралд нь таван хүн очоогүй байхад таван хүний хуурамч гарын үсгийг дууриалган хийсэн байна. Аймгийн бөхийн холбооны дарга нарыг янз бүрээр дарамталж байж, итгэмжлэл буюу төлөөний хүн оролцуулах бичиг авсан байна. Тэгэхээр цэцдийн зөвлөлийн хүн биш юу ч мэдэхгүй, танихгүй хүн оролцуулжээ.

-Гурван шатны шүүхийн шийдвэр Ү.Хүрэлбаатарыг ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч болохыг тогтоосон гэнэ. Шүүхийн энэхүү шийдвэртэй яагаад санал нийлэхгүй байгаагаа тайлбарлахгүй юу?

-Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн учраас Цэцдийн зөвлөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр тэр хурлаа хийж байгаа юм. Гэтэл одоо тэрхүү хуурамчаар хийсэн зүйл нь цагдаагийн газар эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдээд тогтоогдсон. Одоо прокурорын газарт хянагдаж байна. Хүнийг хэлмэгдүүлэхгүйн тулд тав, зургаан прокурор хянадаг. Тэгэхээр хуулийн үйлчилгээ явагдаж байх хооронд хулгайч нохой шиг ийм зүйл хийсэн нь дэндүү ичгүүргүй явдал юм. Гэхдээ би энд худлаа гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар намайг бас үгүйсгэнэ. Тийм болохоор тун удахгүй Хүрэлбаатар, А.Сүхбат, Х.Баянмөнх нарын үнэн худал нь тогтоогдож, ил болно.

-Ер нь дараагийн албан ёсны “Их Эе”-ийг хэзээ хуралдуулах юм бэ. Хоёр талын асуудал хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх бол?

-Энэ оны хоёрдугаар улирал дуусахад гуч хоногийн хугацаа байна. Үүний дараа бид Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж “Их Эе”-ийнхээ товыг зарлана. Үүнийг зарим хүмүүс “Их Эе” хуралдахтай андуураад байна. Харин ээлжит “Их Эе” 2018 онд болно. Бүр яараад байгаа бол 2018 он дөнгөж гарангуут хуралдъя гэсэн бодолтой байгаа. Тэр болтол хүлээхийг хүсье. Тэр үед эдгээр нөхдүүд хүмүүсээ өрсөлдүүлнэ биз. Гэхдээ эдгээр хүмүүсийг олон түмэн мэдэж байгаа учраас сонгох нь юу л бол. Эдгээр хүмүүс бөхийнхөө хүрээнд нэр хүндээ алдсан улсууд шүү дээ. Ирэх намраас буюу есдүгээр сараас эхэлж хуралдах болно. Д.Данзан бид хоёр энэхүү албан тушаалаа өгье өө гэж байгаа. Гэхдээ Х.Баянмөнх, А.Сүхбат, Ганболд, Дуламсүрэн нар болоод энэ хүмүүсийн дэвшүүлж буй хүнд суудлаа тавьж өгөхгүй ээ. Эдгээр хүмүүс энэ ажлыг хийж чадахгүй, чадах ч сэтгэл байхгүй. Бид нарын өдийг хүртэл гаргасан амжилт, монгол бөхийн хөгжлийг улам дэлгэрүүлэн, сэтгэл гарган ажиллах хүнд л энэхүү суудлаа өгнө үү гэхээс ашиг хонжоо хайсан хүмүүст өгч болохгүй биз дээ. Бөхийн өргөө байгуулагдаад хорин жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд бид хоёр хувьдаа авах байсан бол аль хэдийнээ авчих л байсан. Гэтэл бидэнд тийм сэтгэл байхгүй. Зүгээр өгсөн ч авахгүй.


Categories
мэдээ цаг-үе

ШУТИС-ийн оюутнууд 3D хэвлэгч, сийлбэрийн машин бүтээжээ

“Өдрийн сонин”-ы 2017.05.30-ны Мягмар гаригийн 121(5688) дугаараас авч нийтлэв.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутнууд 3D хэвлэгч, сийлбэрийн машин бүтээжээ. Оюутнуудын зохион бүтээсэн эдгээр бүтээл мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд хувь хүн, байгууллага, компаниуд захиалгаар хийлгэж эхэлжээ. Сийлбэрийн машин болон 3D хэвлэгчийг сурвалжлахаар Механик, тээврийн сургуулийг зорьж очлоо. Эдгээр бүтээлийг хийхэд голчлон ажилласан тус сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын IV курсийн оюутан Ц.Доржсүрэнтэй уулзав. Тэрээр дипломоо хамгаалахаар ойрын өдрүүдэд тун завгүй ажилласан гэнэ. “Би одоо дипломоо хамгаалах гээд хүлээж байна. Тэр хүртэл би та бүхэнд хийсэн бүтээсэн зүйлүүдээ танилцуулъя” гээд кабинетдаа дагуулж очлоо.

Сийлбэрийн машин буюу CNC (компьютерийн удирдлагатай тоон удирдлага) нь нарийн түвэгтэй эд анги, бэлдэцийг боловсруулах чадалтай машин юм байна. Манайд ийм төрлийн машин хувь хүн, үйлдвэрүүдэд цөөн тоогоор байдаг гэнэ. Мэдээж гаднаас оруулж ирдэг болохоор иймэрхүү машинуудыг угсрахаас эхлүүлээд, хэрхэн ажиллуулах хүртэл асуудал гарна. Харин оюутнуудын бүтээсэн энэхүү CNC машин нь судалгааны ажил, дипломын ажлын хүрээнд бүтээгдсэн ч универсиал гэж хэлж болно. 50х30 хэмжээтэй ажиллах талбайтай, боловсруулах материалын зузаан нь хутганыхаа уртаас хамаараад дээд тал нь таван см байх боломжтой бөгөөд хэмжээсийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Сийлбэрийн машин гэж л түгээмэл ойлголтоор нэрлээд байгаагаас биш нарийн, ур шаардсан эд анги, бэлдэц хийх зориулалттай машин юм. Машинд компьютерээс зургаа өгөхөөр CNC-гийн тоон өгөгдлийг унших зориулалттай программ нь ажиллаад сийлбэрлэж эхэлнэ гэж энгийнээр ойлгож болно. CNC гэдэг товчлолыг тоон өгөгдлийн машин ч гэж нэрлэж болох юм байна. Гурван тэнхлэгийн дагуу хөдөлж өгөгдсөн хэлбэр, дүрсийг гаргана.

Иймэрхүү төрлийн машиныг гаднаас оруулж ирэхэд ойролцоогоор гурав, дөрвөн сая төгрөгийн үнэтэй байдаг бол Ц.Доржсүрэн CNC машинаа 492 мянган төгрөгөөр босгожээ. МУИС-ийн лабораторид 90х70 харьцаатай, илүү чанартай машиныг захиалгаар нэгийг хийж өгчээ. Сүүлийн өдрүүдэд энд тэндээс утасдан ирж, уулзаж захиалга өгч байгаа гэнэ. Ц.Доржсүрэнг сийлбэрийн машин бүтээхэд хамгийн ихээр тусалсан хүн нь дэд профессор Э.Наранбаатар багш. Ц.Доржсүрэн CNC машинаа зохион бүтээх ажлыг гуравдугаар курст байхдаа дээд курсийн Баттөр, Алтансүх гэсэн хоёр оюутантай хамтарч эхлүүлж хийцээ тасдаж тайрах гэх зэрэг ажлуудаа амжуулсан ч тэр хоёр нь сургуулиа төгсөөд явчихсан учир ганцаараа үргэлжлүүлж гол ажлаа нугалжээ.

Ц.Доржсүрэн Ховд аймгийн Зэрэг сумынх юм байна. “Робокон” зэрэг мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд үеийнхнээ хошуучилсан шилдэг оюутан бөгөөд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардаж байжээ. Сургуулиа төгсч амжаагүй ч дөрөв таван газраас ажлын санал хүлээж аваад байгаа аж. Ирэх наймдугаар сард Япон руу мастерт сурахаар төлөвлөснөө тэрээр яриад “Аав ээж маань техниктэй харьцдаг хүмүүс байдаг болохоор тэрийг дагаад энэ чиглэлийн мэргэжил эзэмшихээр шийдсэн. Оюутан болоод л робот, автоматжуулалтын талаар ихэд сонирхож олон ч тэмцээнд оролцсон. Робот сонирхож байгаа хүнд робот, машины эд ангийг хайж олох нь хамгийн хэцүү. Тийм болохоор эд ангийг нь өөрөө хийх боломжтой юм байна гэсэн бодол төрж л ийм машин хийх сэдэл төрсөн” гэлээ. Ц.Доржсүрэн ийнхүү ярих зуураа компьютер дээр “Өдрийн сонин” гэж бичээд хуванцар дээр сийлэх команд өглөө. Нэг минут 40 секундийн дотор “Өдрийн сонин” гээд сийлчихэв. Сийлэх явц нь дэлгэцэн дээр харагдах бөгөөд бүх хэмжээс нь маш нарийн харагдана.

Үүний дараа тэрээр 3D хэвлэгчээ танилцууллаа. Хуванцар материалаар хэвлэх бөгөөд хуванцар нь чанарын хувьд янз бүр байдаг гэнэ. Уян хуванцраас эхлүүлээд төмөртэй дүйхүйц нягттай хуванцраар ч хэвлэх чадалтай юм байна. Ямар ч эд ангийг хэвлэх боломжтой. Хүний нүүр царайг ч хэвлэж гаргана гэсэн үг. Гурван хэмжээст зүйлээр харагддаг ямар ч зүйлийг хэвлэж болно гэдгийг Ц.Доржсүрэн хэлээд “Хэвлэгчийн чанартай хуванцарын материал 300-гаад мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ энгийн материал буюу хуванцар хаалганы бариул хугарчихлаа гэхэд л энэ машинаар хэвлээд гаргаад ирж болно. Ер нь өдөр тутмын амьдралдаа энэ хэвлэгчийг ашиглаж болно” гэв.

3D хэвлэгчийг макет буюу аливаа биет юмсын хураангуйлсан хэмжээтэй загварыг хийдэг газрууд ихэд сонирхож байгаа гэнэ. Байгаль орчны чиглэлээр ажилладаг газрууд уул нуруу, тал газрын макетыг хийх зорилгоор ийм хэвлэгчтэй болох хүсэлтэй байдаг бол барилгын компаниуд байр, байшингийн макетаа энэ машинаар хэвлэж гаргахыг зорьдог юм байна. Ингэж макетаа хэвлэдэг компаниуд олон байдаг гэнэ. Иймэрхүү төрлийн хэвлэгч гадуур 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол Ц.Доржсүрэн хэвлэгчээ 200 мянган төгрөгийн зардал гаргаж бүтээжээ. Ц.Доржсүрэн “Энэ бол миний эхний бүтээлүүд. Цаг гаргаж суувал ийм төрлийн машинуудыг 7-10 хоногийн дотор л хийчихнэ. Одоо нэг том захиалга авчихсан байгаа. Сийлбэрийн машинаа таван тэнхлэгт болгож улам боловсронгуй болгож сайжруулахаар ажиллаж байна. Хийсэн бүтээлүүдээ улам сайжруулж амьдралд ойртуулж, аль болох чанартай зүйл хийхийг зорьж байна” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН