Categories
мэдээ цаг-үе

Ү.Хүрэлбаатар: “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар ээлжит бус “Их Эе”ийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.


-“Их Эе”-ийг хуралдуулах тодорхой журам байдаг байх. Энэ удаагийн “Их Эе” хичнээн хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрсөн бэ. Мөн хууль бус хурал зохион байгуулсан хэмээн МҮБХ-ноос үзээд байгаа шүү дээ?

-Монголын үндэсний бөхийн холбоо бол төрийн бус байгууллага. Тийм болохоор төрийн бус байгууллагын хуулинд нийцсэн өөрийн гэсэн дүрэмтэй газар. Яг одоогоор Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр “Их Эе”-ээр буюу 2002 онд батлагдсан дүрэм үйлчилж байгаа юм. Яг хүчин төгөлдөр байгаа ганц дүрэм бол энэ. Харин Р.Нямдорж, Д.Данзан нарын барьж яриад байгаа дүрэм бол 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр батлагдсан дүрэм. Гэтэл энэхүү зургадугаар “Их Эе”-ээр гаргасан шийдвэрийг гурван шатны шүүх бүхэлд нь хүчингүйд тооцчихсон. Тийм учраас өнөөгийн дэд тэргүүн, тэр үед батлагдсан дүрэм журам бүгд хүчингүй гэсэн үг. Гэтэл 2010 оны хуралдаанаар томилогдсон тэргүүлэгчид өнөөг хүртэл хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа нь хүчин төгөлдөр бус юм аа. Ингэж шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон хурлын шийдвэрээр тэргүүлэгчид шийдвэр гаргаж яваад байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодорхой хэлмээр байна. Яг барьж байгаа буюу 2002 оны “Их Эе”-ээр батлагдсан дүрмэнд дэд тэргүүн гэсэн бүтэц байхгүй. Би энэ батлагдсан хүчин төгөлдөр дүрмээ л барин ярьж байгаа юм. Дүрмийн дагуу Монголын үндэсний бөхийн холбооны эрх барих дээд байгууллага нь “Их Эе”. Энэ нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг байх ёстой. Гэтэл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй явсаар ирлээ. 2002 оны “Их Эе”-ээр бүх асуудлыг шийдвэрлэсэн ч тэргүүнээ сонгож чадаагүй тарсан. Үүний дагуу Р.Нямдорж “Би тэргүүн байх ёстой, найман хүний дундаас би ялсан. Үүнийг тогтоож өгнө үү” хэмээн шүүхэд хандсан юм. Улмаар Р.Нямдоржийн энэхүү асуудлыг гурван шатны шүүх авч хэлэлцсэн. Эцэст нь Дээд шүүхээс “МҮБХ-ны тэргүүнээр сонгох асуудлаар ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтааж зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдэд үүрэг болгосугай” хэмээн дүгнэлт гарсан байдаг юм. Энэхүү Дээд шүүхийн шийдвэр сая болсон “Их Эе”-ээр дуусгавар болж байгаа хэрэг. Тэгэхээр 14 жил энэхүү шүүхийн шийдвэрийг Р.Нямдорж биелүүлээгүй байх нь ээ дээ. Үнэхээр энэ хүн тэргүүн юм бол Цэцдийн зөвлөлийг бүрдүүлж, хуралдуулах үүрэгтэй байсан. Үүнийгээ хийхгүй, хийсэн ч гэсэн хууль бусаар зохион байгуулж ирсэн учраас хэрэгжихгүй явсан. Тэр утгаараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хурлаа хийхгүй явсаар 2014 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийг албан хуралдуулсан юм. Тэр хуралд Цэцдийн зөвлөлийн 67 хүн бүрдэж, хуралдсан. Энэхүү хуралдаанаар ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийг томилон гаргасан байдаг юм. Тэрхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь миний бие орсон. Энэ эрх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн жил Их хурлын товыг зарласан байсан. Гэтэл одоогийн тэргүүн нь тухайн үед нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд хэрэг үүсгэн шалгуулсан учраас тэрхүү хурал хойшилсон юм. Улмаар холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгаж дуусаад Р.Нямдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Тийм болохоор тухайн үеийн ном журмаараа ээлжит бус их хурлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл сая болсон “Их Эе”-ийг хууль ёсны дагуу явуулж, гүйцэтгэсэн гэсэн үг. Хамгийн гол нь 2003 оны Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу бид их хурлаа хийсэн.Нөгөөтэйгүүр гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эсэргүүцээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.“Их Эе” 200 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байж гэмээнэ ирц бүрэлдэнэ гэсэн дүрэмтэй. Харин сая болсон “Их Эе” 85 хувийн ирцтэй буюу 170 гаруй төлөөлөгч оролцсон. Улсын цолтнууд, бөхийн зүтгэлтнүүд болоод орон нутгийн төлөөллүүд өөрсдийн хурлаар сонгогдсон хүмүүс оролцсон албан ёсны “Их Эе” болсон.

-“Их Эе”-д оролцсон бөхийн зүтгэлтнүүд болоод бөхчүүдийн ихэнх нь Увс аймгийн гаралтай хүмүүс байсан хэмээн МҮБХ-ноос мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Хуралд оролцсон бөхчүүдийн ихэнх нь Увсынх байсан гэдэг бол худлаа. Цэцдийн зөвлөлд Увс аймгийн арав гаруй хүн л байсан. Ер нь толгой бөхчүүдийг харахад ихэнх нь Увсынх шүү дээ. Улсын цолтой бөхчүүдийг ангилаад үзвэл хамгийн олон бөхтэй нь Увс аймаг байдаг юм. Тэр ч утгаараа Х.Баянмөнх, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд улсын аварга, арслангууд нь оролцохоор тэр хүмүүс өлгөж авч байхгүй юу. Цэцдийн зөвлөлийг аймаг бүрээс сонгоод оруулах гэхээр Увс аймгаас арав гаруй хүн болчихож байгаа юм. Үүнийг бид яах юм. Ямар хүмүүс хэрхэн оролцсон нь бүгд л дүрэм журмынхаа дагуу л зохион байгуулсан. Улмаар Цэцдийн зөвлөл хуралдаж 11 тэргүүлэгчийг сонгосон. Эдгээр тэргүүлэгч дунд Увс аймгийн нэг л хүн бий. Энэ нь улсын гарьд Б.Гантогтох юм. Нэг л хүнийг ингэж сонгоход нийт даяар Увсынх юм шиг ярьж байгаа нь утгагүй л дээ.

-Тэгвэл 2010 онд хуралдсан “Их Эе” яагаад хүчингүй болсон юм бэ?

-Их Эе буюу их хурлыг Цэцдийн зөвлөл хуралдаж, товыг нь зарладаг дүрэмтэй. Гэтэл Цэцдийн зөвлөлөөс зарлалгүйгээр тэргүүлэгч, тэргүүн нь зарлаад 2010 оны зургадугаар их хурлаа хийсэн. Тийм болохоор энэхүү үндэслэлээр зургадугаар их хурал хүчингүй болчихож байгаа юм. Ер нь бол Р.Нямдорж, Д.Данзан нар иймэрхүү хууль бус, цаг авсан, амиа аргацаасан аргаар явсаар байгаад 15 жил боллоо.

-Гурван шатны шүүхийн үндсэн нотлох баримтыг та бүгдийг хуурамчаар үйлдсэн тухай МҮБХ-ноос яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Хуурамч материал бүрдүүлсэн гэх гомдлыг нь цагдаа шалгаж, шат шатны шүүхээр хэлэлцээд нотлогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсаны дараа үүнийг дахин дахин яриад байгаа нь олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн утга учир муутай, аргаа барсан хүний үйлдэл. Ер нь яагаад заавал шүүхийн шийдвэрээр их хурлаа хийх ёстой юм бэ. “Их Эе” боллоо гэхэд яагаад зохион байгуулалттай ажил хийж, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа юм. 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу албадан хурал болоход Р.Нямдорж ирээгүй. Өөрөө ирсэн гэдэг юм. Бүр тэр хурлын ирцийг нь бүрдүүлэхгүй байх ажлыг зохион байгуулсан. Энэ бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс санаатайгаар бултаж байгаа асуудал байхгүй юу.

-Та бүхний зохион байгуулсан “Их Эе”-ээр гарсан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор танилцуулсан уу?

-Одоогоор бол өгөөгүй байна. Уг нь өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн тэргүүн биш гээд 2003 онд сонгогдоогүй шүү дээ. Тэр үеэс хойш тэргүүн бишээр явж байгаа. Тийм болохоор тэргүүн гэж үзээд гаргасан шийдвэрээ танилцуулаад байх шаардлага байхгүй. Сая их хурал болохоос өмнө бөхийн зүтгэлтнүүдийн хурал болсон юм. Тэр хуралд Р.Нямдорж, Д.Данзан нарыг урьсан. Гэвч хуралд хүрэлцэн ирээгүй. Тийм болохоор төлөөлөгч биш хүнийг энэхүү “Их Эе”-д урих ямар ч шаардлага байхгүй юм. Бидний явуулсан албан бичгийг буцаачихна, хүн очихоор доромжлоод хөөгөөд гаргадаг, урихаар ирдэггүй хэрнээ олон юм яриад гоншигоноод байдаг.

-Монголын үндэсний бөхийн холбоог анх санаачлан үүсгэн байгуулсан хүмүүс нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Ч.Даваасамбуу хэмээх таван хүн байдаг гэсэн. Харин та нөхдийг энэхүү хүмүүсийн үүсгэн байгуулсан холбоог хувьдаа авах гээд байна хэмээн олон нийтэд тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээг нь хараад би их гайхсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “хугацаагүй”, үүсгэн байгуулагч нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гээд биччихсэн байсан. Гэтэл яг одоогийн хүчин төгөлдөр, мөрдөгдөж буй Р.Нямдоржийн гарын үсэгтэй дүрмэнд “Монголын үндэсний бөхийн холбоог өөрчлөн байгуулах, эсвэл татан буулгасан тохиолдолд залгамжлагчид шилжинэ” гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр тэр залгамжлагч гэдэг нь хэн юм. Мөн эдгээр хүмүүс наанаа Увсынхан Бөхийн өргөөг авах гээд байна, Бөхийн өргөө ашиглалтад орсноос хойш энэ хэрүүл эхэлсэн гэсэн хөшиг татчихаад, хэрэг дээрээ эрх зүйн бичиг баримтыг өөрсдөө авч байгаа нь энэхүү байгууллагыг хувьдаа авах гэсэн далд санаатай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний 10 хувийг өөр дээрээ авч буй байдал, дүрмэндээ “залгамжлагч” гэж оруулж байгаа үйлдэл, үүсгэн байгуулагчаар нь өөрийн гурван хүнийг оруулсан нь эцсийн эцэст өөрсдөө Бөхийн өргөөг хувьдаа авах санаатай байгаа гэсэн үг юм.

-Дүрмэндээ дөрвөн жилд нэг удаа “Их Эе” хуралдана гэж заачихсан байдаг гэж байна. Ингэж бодвол дараагийн “Их Эе” ирэх онд болох ёстой биз дээ?

-Энэ бол тэр хүмүүсийн заль мэх. Үнэхээр л энэ дүрмээ барьдаг бол өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдах байсан юм. Гэтэл хуралдсангүй шүү дээ. Цэцдийн зөвлөл хоёр жилийн хугацаагаар солигдож, шинэчлэгдэнэ гэдэг. Өнөөг хүртэл хэдэн удаа Цэцдийн зөвлөл солигдохоор болж хэдэн удаа хурал хийчих байсан бол. Гэтэл 2002 оноос хойш хурал хуралдуулахгүй, 2014 он хүртэл явсан. Бүр болохгүй болохоор шүүхийн шийдвэрээр албадан хуралдуулсан шүү дээ. Үүнээс харахад Р.Нямдорж хэзээ дүрмээ барьж, хуралдаанаа хийдэг байсан юм. Өөрийнхөө тааллаар аливаа юмыг хийж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дүрмээ барих үедээ барьдаггүй хэрнээ өөрт ашигтай үе гарч ирэнгүүт дүрэм гэж ярих нь ёс зүйгүй юм. 2018 онд ярьж байгаа шигээ “Их Эе”-ийг хийхгүй. Тэр үед бас нэгэн маргаан гаргаж ирээд л хойшлуулна. Энэ мэтчилэн явсаар дараагийн дөрвөн жил тэргүүн хийнэ. Ингэж олон түмнийг хоёр талцуулж, бөхчүүдийг хагаралдуулж, хууль шүүхийн байгууллагыг доог тохуу хийж болохгүй шүү дээ. Би үүнд л дургүйцээд байгаа юм. Түүнээс биш Р.Нямдорж бид хоёр үе тэнгийн, нэг нутаг усны найзууд шүү дээ. Би шударга үнэний төлөө л явж байна. Би найзын хувьд хэдэн үг хэлье. Одоо миний найз болсон. “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй. Битгий олон түмнийг талцуулаач ээ гэдгийг хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвацэрэн: Материал задарсныг мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлсэн Боловсролын үнэлгээний төвд хариуцлага тооцох ёстой

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн сургалтын менежер Ё.Лхагвацэрэнтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн математикийн шалгалтын материал задарсантай холбогдуулан ярилцлаа.


-Сургуулийн сургалтын менежерт шалгалтын материалыг бусдад дамжуулах, цааш задлах боломж бий юу. Та үүсээд буй нөхцөл байдалд ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд энэ жил сургуулийнхаа улсын шалгалтын комиссын даргаар ажилласан. Шалгалтын материалаа өрөөндөө ганцаараа сууж байгаад татдаг. Ингээд сургалтын менежерт хүргэж өгөхдөө битүүмжилсэн ууттай хүлээлгэж өгдөг. Дараа нь улсын шалгалтын комиссоор ажиллаж буй долоон гишүүнд битүүмжийг нь харуулж, шалгуулж өгнө. Улсын шалгалтын комисс тойроод сууж байхад дотор нь тухайн хичээлийн багш орж ирэх ёсгүй. Ингээд комиссын гишүүдийн гар утсыг хурааж авдаг. Энэ мэтчилэн шалгалт дуустал хариуцлагатай ажиллаж жижигхэн ч гэсэн алдаа гаргахгүйг хичээж ажилладаг. Дээрээс нь шалгалт авах, дүн засах, шивэх гээд гурван багш, тухайн ангиас төлөөлсөн хүүхэд гээд олон дамжлага, нарийн зохион байгуулалтын дор явагддаг. Энэ хооронд бүх цагийг минуттай нь би тэмдэглэж өөрөө хянадаг. Би буруу зөрүү хийж байгаад хоёр уншуулчих вий, хэн нэгэн намайг хувилж байх хооронд зургийг нь аваад тараачих вий, алдаа гаргачих вий гэж их хичээж байж ажилласан. Хүн л болсон хойно хариулт шивж байгаа багш аяга цай уух гэнэ. Тэр болгонд би “За цай асгачихав. Алдаа гаргачихав. Цайгаа хол тавь, боль” гээд л байнга хянана. Ингэж ажилласныхаа төлөө би өнөөдөр энэ багш нараасаа ичиж байна.

-Яагаад?

-2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдсан математикийн хичээлийн XII ангийн шалгалтын материал задарсан. Энэ материал задарсан учраас шалгалт хүчингүй боллоо гэсэн мэдээллийг тэр орой 20:20 минутад сонссон. Би маш их бухимдсан. Манай сургуулийн шалгалтын материалын засалт дөнгөж дуусаад шивэлт хийх гэж байсан. Тухайн үед би их бухимдсан учраас холбогдох олон газар руу утасдсан. Би нэг их сүрхий хүмүүст үүрэгдээд, улсын нууцаас өөрцгүй хамгаалаад чухал царайлаад байдаг, гэтэл материалыг задалж, тарааж болдог юм байна гэдгийг харлаа шүү дээ.

-Шалгалтын материал задарсан нь сурагчдын хувьд сэтгэлзүйн болоод маш олон сөрөг нөлөөтэй гэдгийг багш нар хэлж байна?

-Нэгдүгээрт энэ жил нийтдээ 40 гаруй мянган хүүхэд төгсч байгаа. Энэ олон мянган хүүхдийн сэтгэл зүйгээр тоглосон явдал болсон. Хүүхдийн сэтгэлзүй гэж нэг юм бий. Хүүхдүүд л юм болохоор шалгалт өгөх гэж айна, эмээнэ, бэлтгэнэ, зүтгэнэ. Хоёрдугаарт, энэ хичээлийг заасан багш нарын бүтэн жилийн хөдөлмөр талаар болж байгаа юм. Гуравдугаарт, энэ хичээлээр сурагчдад илүү цаг гаргаж давтлага өгсөн, оройн цагаар үнэгүй хийсэн багш нарын давтлагуудын үнэ цэнэ. Дөрөвдүгээрт, тэр материалуудыг авч дуусаад засч буй шалгалтын комиссынхны хүч хөдөлмөр.Тавдугаарт, тухайн шалгалттай холбоотой сургуулиас гарч буй хөрөнгийн асуудал гээд бүгд ямар ч үр дүнгүй болж хувирсан. Манай сургууль дээр гэхэд V, IX, XII анги нийлээд 910 хүүхэд төгсч байгаа. XII ангийг 247 хүүхэд төгсч байна. 247 хүүхдийн шалгалтын материалыг ар өвөргүй нийлээд дөрөв таван хуудас хийнэ. Энэ бүгдийг бодоод би өөрийн эрхгүй бухимдсан.

-Шалгалтын материал задарсанд боловсролын үнэлгээний төв буруутай.Тиймээс тус төвтэй хариуцлага тооцох ёстой гэж та хэлж байсан?

-Тухайн материалыг задруулсан гэх сургалтын менежерийг би зөвтгөхгүй.Хариуцлага алдсан тэр хүний ард ямар мөнгөний асуудал, ямар зорилго байсныг бид мэдэхгүй. Тэрийг нь хууль хяналтынхан нь тогтооно биз. Харин тэр багшид тийм нөхцлийг олгосон Боловсролын үнэлгээний төвийг би буруутгаж байгаа. Сайд бямба гаригт болсон багш нарын форум дээр хэлж байна лээ. 49 дүгээр сургуулийн сургалтын менежер шалгалтын материалыг задруулсан гэдгийг мэдсэн гэж ярьж байсан. Мэдэнгүүтээ Боловсролын үнэлгээний төвд яваад очиход тухайн сургуулийн сургалтын менежер “V сургуулийн XII ангийн хүүхдэд материалыг дамжуулсан юм аа” гээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тэр үед нь л хүчээр шалгалтыг зогсоох ёстой байсан. Ангиудад шалгалтыг материал тараагдаж эхлээгүй байсан. Би тэр үүднээс л Боловсролын үнэлгээний төв мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлчихээд дараа нь ингэж байх ямар шаардлагатай юм. Тэр үедээ шалгалтыг зогсоогоод эцэг, эх, сурагчид, сурган хүмүүжүүлэгчдээс хариуцлага алдлаа ийм зүйл боллоо гээд Боловсролын үнэлгээний төвийн захирал хэвлэл мэдээллээр өөрөө уучлал хүсээд дахиад авч болох байлаа шүү дээ. Тэр уучлал гэдэг чинь хариуцлага юм шүү дээ. Захирлыгаа тэгж үг хэлүүлсэн хүн дараа дахиж алдахгүй. Би буруу бодоогүй байх аа.

-Ер нь төрийн албан хаагчид тэр дундаа улсынхаа ирээдүйг тодорхойлдог боловсролын салбарынхан хэдэн ч төгрөгт хөл алддаггүй баймаар санагдах юм. Энэ асуудал байнга л үүсч байдаг?

-Монголын төрийн албыг хэдхэн төгрөгөөр худалдаж болохгүй. Тэр сургалтын менежер ахиад Монголын төрийн албанд орох нүүргүй боллоо. Дээр нь тус сургуулийн захирал сургалтын менежерээ халсан тушаалаа сошиалд тавьсан байсан. Инээд ч хүрэх шиг. Сургуулийн захирал өөрөө сургуулийн улсын шалгалтын комиссын дарга шүү дээ. Би 2012 онд Солонгос руу Монголын 20 багшийг хариуцаад сургалтын журмаар авч явсан. Яг тэр үеэр буюу арваннэгдүгээр сард Солонгосын элсэлтийн шалгалт явагдаж таарсан.Тэгэхэд хүмүүс элсэлтийн ерөнхий шалгалт болоход бараг Солонгосын Ерөнхийлөгч онгоцтой нисэх ч эрхгүй гэж ярьж байсан. Анх ойлгоогүй. Боловсролын үнэлгээний төвийн хариуцлагатай, чанга байдал. Цагдаа нар эргүүл хамгаалалтад гарсан байдал үнэхээр сүрхий зохион байгуулалттай. Цагдаа хамгаалалтад гардаг учир нь гэвэл элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхэд замын түгжрэлд орвол шууд мотоциклиор хүргэж өгдөг юм билээ. Тэд хүүхдийн ирээдүйн шийдвэрлэх мөчид ингэж л хариуцлагатай, ач холбогдол өгч ханддаг юм байна гэдгийг харсан. Өндөр хөгжилтэй орон гэдэг хөгжлөөрөө биш ажлын хариуцлага, ёс зүйгээрээ ялгардаг юм байна гэдгийг ойлгож байсан.

-Шалгалтын материалын зарим вариантын түлхүүр таарахгүй асуудал гарсан гэж сонссон?

-“B” даалгаврын түлхүүр ирсэн чинь өгөгдөхүүнээ буруу өгөөд хариултаа буруу өгөөд явуулчихсан. Тэрийг математикийн багш нар холбогдох 88… дугаарын утас руу нь хэлсэн. Гэх жишээний түлхүүр нь буруу гарахгүй, түлхүүр задрахгүй гэж олны өмнө хэлчихээд алдаа гарахаар бухимдахгүй яах юм бэ. Өөр бас нэг зүйл намайг бухимдуулсан.

-Юу юм бол?

-Нэг хэцүү юм нь шалгалтын цагийг 12.00 цагаас гэж зарласан. Энэ цагийг ерөнхий боловсролын сургуульд багшилдаг хүн гаргаагүй байгаа даа, бурхан минь. 12.00 цагт зарим сургуулиудын өглөө, орой ээлж зөрдөг цаг байхгүй юу. Манайд 13.15 цагт тараад 13.30 цагт бага бүлэг ордог. Сая бид бүхэл бүтэн сургуулийн 13.00 цагт эхлэх хичээлийг 30 минут хойшлуулж шалгалтыг авлаа ш дээ. Ээлж солигдоход дор хаяж 1500 хүүхэд байгаа. Тэр олон мянган хүүхдийн дуу шуугианыг яаж хориод ч бид барьж чадахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь 12.00 цаг бол хүний сэтгэхүй, чадвар яг уналтад ордог. Тэр үед нь шалгалт авчих юм. Ахиад дахин шалгалтын цагийг ингээд л зарлачих юм.

-Дахиж шалгалт өгөх нь сурагчдын хувьд олон сөрөг талтай гэдэг. Эхний шалгалтад сайн авсан хүүхэд дахин авахад тааруу өгөх магадлал өндөр гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэн. Эд чинь хүүхэд шүү дээ. Тиймээс би өнөөдөр (өчигдөр) хүүхдүүдээ дахин шалгалтад ороход сэтгэлзүйгээр нь дэмжсэн.12.00 цагт эхлэх шалгалтад 11.00 цагт ангидаа бэлэн байгаарай гээд хэлчихсэн. Хүүхдүүд ангидаа шуугиг, хоорондоо яриг, инээг. Яагаад гэвэл хүүхдүүд дахиж шалгалт өгөх гэж байгаа учраас биеэ хэт барьсан айсан. Мөн шалгалт эхлэхээс 20 минутын өмнө ангиудаар ороод өмнөх хичээлийнхээ шалгалтыг амжилттай өгсөн хүүхдүүдэд хандан “Ерөнхий боловсролын сургууль амжилттай төгсч байгаа хайртай шавь нартаа баярлалаа, улсын шалгалтын комиссын нэрийн өмнөөс, сургуулийн бүх багш, сурган хүмүүжүүлэгч нарын нэрийн өмнөөс баяр хүргэе. Шалгалтаа тайван, яарч сандралгүй өгөөрэй” гээд хэлэхэд л хүүхдүүд нэг их гоё инээгээд нижгэнэтэл алга ташиж байгаа байхгүй юу. Алга хэдий чинээ чанга ташна төдий чинээ хүүхэд тайвширдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Монголчууд нийтээрээ мутацид ороод хомо сапиэнс биш болжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Л.Болд: Бид Үндсэн хуулиа зөрчсөн тогтолцоо руу давхиад орчихож ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншина уу. УИХ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулсан шалтгааны талаар түүнээс асуужээ. Тэрээр хариулахдаа “Ер нь бол бид нэг зүйлийг шаардаж байгаа. Засгийн газрын гишүүд болон Засгийн газартай хариуцлага тооцох, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардалага бий. Гэхдээ хэрэгжүүлж байгаа хэлбэр нь хуйвилдааны шинжтэй, хуучин цагийг санагдуулсан болчихоод байна…” хэмээн яриандаа дурджээ.

Эх орноосоо урвах заалтыг хуулиас хассаныг Их хурал санаатай мартав уу, Салан баавгайн үлгэр болов уу? Нийтлэл өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Та бүхэн өөрсдийн мэргэн оюун ухаанаар тунгаан уншаарай.

Нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Таван толгойн биш Тувагийн нүүрсэнд санаа тавьсан нь Ерөнхий сайдын гавьяа юу?” нийтлэл Өдрийн сонины лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлтэн дээр хэлсэн “Нэгдсэн нягтарсан Монгол ялна” үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Приус машины татвар нэмэхийг эсэргүүцэн нэгэн иргэн талбай дээр машинаа шатаах гэж оролдсон билээ. Тэгвэл түүнд 10-15 жилийн ял оноогоод байгаа аж. Энэ талаар түүний дүү О.Алтан-Эрдэнэ “Монголын төр буруугаа мэдэж шийдвэрээ өөрчилсөн хэрнээ бурууг нь ойлгуулсан ахыг минь яагаад суллахгүй байгаа юм бэ” ярилцлагыг Өдрийн сонинд өгчээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Улаанбаатар хотын Налайх дүүргийн иргэд болон орон нутгийн удирдлагаас тус дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтрэх болсноос иргэдийн байшин цуурах, суулт өгөх болсон тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газарт мэдээлэл ирсний дагуу ажиллаж эхлээд байна.

Нүүрс олборлож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж ажиллах үед дээрхи нөхцөл байдал үүсээд байсан төдийгүй Налайхын төмөр замд хүртэл суулт өгч нөлөөлж эхэлсэн байсан хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, БОНБҮнэлгээ болон жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж үзэхэд 2017 оны байдлаар Ашиглалтын 31 тусгай зөвшөөрөлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан хоёр, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан нэг, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байна.

Түүнээс гадна Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй түгээмэл зөрчил байгаагаас 1992-2017 оны хооронд Налайхын нүүрсний ордын далд малталтын амуудад хүчил төрөгчийн дутагдалд орох, нурангинд дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна.

Эдгээр зөрчлүүдийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн онуудад олон удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УМХЕГ-ын байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэн хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зосгоох тухай мэдэгдэж байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл дээрхи зөрчлүүдээ арилгаагүйн дээр улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.

Эхний ээлжинд эдгээр зөрчил бүхий “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэлээ хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас хэвлэлийн хурал хийхдээ мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306890 хүүхэд байна

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайланг танилцуулсан юм. Сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306 890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240 342 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. 60 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.

Улсын хэмжээнд төрийн 854, хувийн 504 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Улсын цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн стандарт хэмжээ 29 боловч өнөөдөр 55-60 хүүхдийн анги дүүргэлттэй байна. Тиймээс 315 цэцэрлэг яаралтай барих шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг улсын хэмжээнд 0-3 насны хичнээн хүүхэд байгааг асуухад “Улсын хэмжээнд 2-5 насны 750 мянган хүүхэд бий. Хоёр настай нийт 79 мянган хүүхдийн 30 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 80 орчим хувь нь хамрагдсан” гэж Ажлын хэсгээс хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг асуухад Ажлын хэсгийн зүгээс “Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудалд анхаарч ажиллаж байна. Төсвийн хөрөнгөөр барьж буй цэцэрлэгийг хот суурин газрын хүн амын нягтаршлаас шалтгаалан шийддэг. Хувийн хэвшлийнхний цэцэрлэгийн норм нормативд өөрчлөлт оруулж байгаа. Цаашдаа шинэ арга зам нэвтрүүлнэ. Байгууллагын цэцэрлэгийн хууль эрхзүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Өнөөдөр амьдрал дээр хувийн цэцэрлэгийн ашиглагдаагүй орон зайг ашиглах талаар ажил хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадал өмнөх оноос нэмэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухайд хүүхдийг аюулгүй нөхцөлд харах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн хариулав.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын сонгуулийн штабаас 60 тэрбумтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандана гэв

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдын талаар тараагдаж буй мэдээлэлтэй холбогдуулан түүний сонгуулийн штаб, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос мэдээлэл хийлээ.

Тэд ярихдаа “Сонгуулийн сурталчилгаа зарласан өдрөөс эхлэн нэр дэвшигчийг элдвээр гүтгэж ирлээ. Тухайлбал 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэж олон түмнийг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байна. Энэ нь нэр дэвшигчийн нэр алдарт халдахаас авахуулаад олон мянган сонгогчийг маань доромжилж байна. Сонгууль бүрээр 60 тэрбумын энэ хар пи ар гарч ирдэг. Тиймээс энэ асуудалд цэг тавин шүүхийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Манай сонгогчид дэмжигчдээс өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг шалгуулаач гэж шаардаж ирсэн ч бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй өдий хүрсэн. Харамсалтай нь Х.Баттулга гурван сонгууль дамнуулан энэ асуудлыг сөхөж тавьж байгаа учир бид ч бас сөргүүлэн яагаад шалгуулж, үүнийг шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар асуулга явуулна. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө үүнийг нэг шийдвэрлэх ёстой гэж бодож байна.

Мөн Х.Баттулгатай холбоотой хэргийг яагаад шалгахгүй байгаа талаар хэрэг нь ямар шатандаа явж байгаа вэ, энэ хүн сэжигтэн юм уу, яллагдагч юм уу гэдгийн эргэлзээг тайлж өгөөч ээ гэж ҮАБЗ болон Шүүх, Цагдаад хүсэлт тавихаар одоо явах гэж байна. Тэрээр 267 км төмөр замыг бариулна гэж 720 тэрбум төгрөгийг завшсан” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны гэмтлийг өнөөдөр багтаан засварлана гэв

Холбоотой ЗурагУлаанбаатар хотын зарим дүүргүүдийн цахилгаан тасраад буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Өмнөд дэд станцын 6 кВт-ын хоёрдугаар секцэд гал гарснаас үүджээ.

Одоогийн байдлаар Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийж, станцыг хүчдлээс бүрэн салгажээ. Гэмтлийн талаар шуурхай хуралдаан зарлан арга хэмжээ авч байна. Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар тус станциас цахилгаанаар тэжээгддэг ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн ч Улаанбаатар сувилал орчим, 19 дүгээр хороолол, Энхтайваны гүүрний зүүн урд талын “Хурд” хотхон, Хан-Уул дүүргийн Соёлын төв, Арьс ширний үйлдвэр болон Сүхбаатарын талбайн ойр орчмын зарим барилгыг цахилгаанаар хангаж эхлээгүй байна.
Дэд станц хүчдэлгүйн улмаас тус станцаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлэх ажлыг өнгөрсөн шөнийн туршид хийж гүйцэтгэсээр байгааг тус сүлжээнийхэн тайлбарлав.

Гэмтлийг засварлаж, дээрх хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг хэвийн болгох ажлыг өнөөдөртөө багтааж дуусгана гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд шуурхайлан ажиллаж байна гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

захиалга III

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил Япон улсад ажиллаж байна

Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форумын зургадугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай байр суурийн тухай танилцууллаа.

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд энэхүү форумд оролцсоноор манай улс Азийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүс нутагт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ойлгуулан таниулахад чухал ач холбогдолтой болов. Форумын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Японы “Никкей сонин”, “Никкэйн Азийн тойм” сэтгүүл, “Никкэй CNBC” телевизэд тус тус ярилцлага өгөв.

Дашрамд дурдахад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил форумын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ монголчуудад мэнд дамжуулж, хямралаас хурдан гарахыг ерөөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлэв

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар нэрээ дэвшүүлэхэд Д.Зүмбэрэллхам нэрээ татсан байна.

Санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов.