Categories
мэдээ нийгэм

29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийхгүй

Хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар байгаа билээ. Уг засвартай холбогдуулан өдөр бүр тодорхой заасан байршлуудад цахилгааны хязгаарлалт хийж байгаа ч өнөөдөр хязгаарлалт хийхгүй аж. Харин маргааш 11.00-17.30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14, 18-р хороо ХСҮТ, ХӨСҮТ, Bеллмарт, Эрин лайн, Доог алт ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор цахилгаан түр хязгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн баатар саальчин “Сайн малчин” дээд шагнал хүртлээ

Хэнтий аймгийн малчин эмэгтэйчүүдийн холбооны “Сайн малчин” дээд шагналыг Биндэр сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар саальчин С.Аюушт хүртээсэн байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Сангын Аюуш Хэнтий аймгийн Биндэр суманд 1956 онд төржээ. Тэрээр Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн саальчин байхдаа цэл залуухан 22 насандаа 1978 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг хүртэж байсан юм. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас “Бүтээлч” нэгдлийн саальчин Найданжавын Цэвэлмаагийн алдарт замналыг залган мянгат саальчид олноор төрөн гарч, тэдний дундаас хөдөлмөрийн баатрууд тодорсны нэг нь саальчин С.Аюуш юм. Хойч үе, залууст ахмад үеийнхнийхээ хөдөлмөрч зан чанарыг өвлүүлэх, тэднээр бахархах үзлийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн баатар, алдартнуудынхаа гавьяаг алдаршуулах зорилготой “Сайн малчин” дээд шагналаар цаашид жилд есөн малчин эмэгтэйг шагнаж байх ажээ.

Уг шагналыг цацлын дүрс бүхий ногоон гантиган суурин дээр бадамлянхуа цэцэг, төгсгөлгүй үргэлжлэх өлзий утсыг цэцгэн эвэр угалзаар чимж, Монголын нүүдэлч уугуул малчин эмэгтэйчүүдийн холбооны бэлэг тэмдгийг дүрслэн цацлын халбаганд эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдэхийн хүсэл, харилцахын хүсэл, хамтран амьдрахын хүсэл, үрийн хүсэл, амирлангуйн хүсэл, эзэн эрхийн хүслийн бэлгэдлийг нар зөв тойруулан урлаж голд нь мөнх амьдрахын хүслийг бэлгэддэг нүдийг есөн эрдэнээр шигтгэж урлажээ. Уг суурин дээр Монгол түмний гал голомтын мөнхийн бэлгэдэл нар, сар, гал болон “Сайн малчин” гэсэн үгийг босоо монгол бичгээр товойлгон сийлбэрлэж, өнгөрсөн, одоо, ирээдүйн бат бэхийг бэлгэдэн гантиган суурьтай бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэж эхэллээ

“Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон нийслэлийн хэмжээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэл хотод гадаадын иргэд ихээр зорчдог, төвлөрдөг газруудад 30 оюутан цагдаа жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран “Оюутан цагдаа”-ийн ажиллуулж байгаа зорилго нь оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх юм.
Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Багшийн цалинг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж нэмдэг системтэй болно

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Та Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Ямар онцлогтой хуулийн төсөл вэ?

-Манай улс түүхэндээ анх удаа Багшийн хөгжлийн тухай хуультай болох гэж байна. Би боловсролын салбарт чамгүй олон жил ажилласан. Мөн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлж байна. Тиймээс багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг мэднэ. Ерөнхийдөө нийгмийн захиалга бий учраас уг хуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төсөлд багшийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байгаа. Тухайлбал, цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг чухал асуудлыг тусгалаа. Мөн энэ дундаас багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт багшийн мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд суралцах явцдаа дадлагажигч багшаар ажиллах боломжийг олгох, цаашлаад бага, дунд, их дээд сургуулиудад туслах багшийн орон тоог бий болгох саналыг мөн тусгасан.

-Туслах багш гэхээр ямар багшийг хэлэх вэ. Одоо манай боловсролын байгууллагад туслах багш гэсэн ойлголт байхгүй биз дээ?

-Албан ёсоор туслах багш болгож байхгүй. Гэтэл туслах багшийн хэрэгцээ шаардлага маш их байна. Наад захын жишээ болгож ЕБС-ийг аваад үзье л дээ. ЕБС-ийн нэг ангид өнөөдөр дунджаар 45-60 хүүхэд суралцаж байна. Тэр олон хүүхдэд ганцхан багш гэдэг үнэндээ хаанаа ч хүрэлцэхгүй. Хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа учраас туслах багшийг мөн бэлтгэх шаардлагатай. Яагаад гэвэл туслах багш гэдэг багш нарын удирдаж буй хичээлийг тухайн хүүхдүүдэд тохирсон хэлбэрээр хүргэх суваг гэж ойлгож болно. Ингэж байж бидний нөгөө хүсээд байдаг мэдлэгийг үйлдвэрлэдэг түүнийгээ баялаг болгодог оюутан байхдаа ажлаа олж авдаг ийм тогтолцоо бүрдэх юм. Түүнээс биш зөвхөн академик боловсрол олгоод, зөвхөн багш лекц уншдаг байдлаар бид цаашдаа хол явахгүй болов уу.

-Уг хуулийн төсөлд нийгмийн асуудлыг шийднэ гэсэн. Тэгэхээр багш нарын цалин өөрчлөгдөж байгаа юу?

-Багш нар сардаа 480 мянган төгрөг гар дээрээ авч байгаа. Түүгээр амьдралаа залгуулаад явна гэдэг хүнд шүү дээ. Багш нарын зэрэг, цалингийн шатлал нэмэгдэхгүй л бол цалин нь нэмэгдэхэд хүнд. Манай багш нар таван жил болж байж зэрэг ахидаг байх жишээтэй. Гэтэл 480 мянган төгрөгийн цалинтай багш, амьдралаа авч явахын зэрэгцээ нэмэлт төлбөр төлөөд зэргээ дээшлүүлнэ гэдэг үнэхээр бэрх асуудал. Тиймээс амжилтаар цалинг нь нэмдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал тухайн багш чадварлаг л бол зэрэг ахиагүй байсан ч 22 настайдаа багш болоод 24 настайдаа амжилт гаргаад үнэлэгдэж өндөр цалин авдаг болно гэсэн үг. Гэтэл одоо амьдрал дээр мундаг амжилт гаргасан багш нарын цалинг нэмэх гэхээр зэрэг, шатлал нь ахиагүй байх жишээтэй. Тэгэхээр үнэхээр тухайн багшийн хүүхдүүд амжилт гаргаад, сурагчид болон эцэг, эхийн сэтгэл ханамж өндөр байгаад, багшийн идэвх санаачилга сайн байгаад тэр хэрээрээ багшийн цалин нэмэгддэг байвал гүйцэтгэлээрээ цалин авдаг болох учир тэр багшийн ажиллах эрч хүч, эрмэлзэл ч өндөр байна. Үр дүнд нь чанартай багш нар олон болох болно. Энэ мэт багшийн хөгжих хөшүүргүүдийг хийж өгөх талаар тусгасан зүйл олон байгаа. Ажил хийвэл ам тосдоно гэдэг л зарчим. Гэтэл өнөөгийн манай системд хэн нь сайн, хэн нь муу ажиллаж байгаагаас үл хамаарч яг л ижил тэнцүү цалин өгчихдөг. Дэлхийн стандарт юу байдаг вэ гэхээр нэг сая төгрөг байлаа гэхэд сайн ажилласанд нь 800 мянган төгрөг, мууд нь 200 мянган төгрөг өгдөг тийм л тогтолцоотой. Ингээд ирэхээр багш нар 800 мянган төгрөг авахын тулд тийм хэмжээний үр дүн гаргадаг. Өнөөдөр таван жил болж байж л цалин нэмдэг тогтолцооноос болоод багш нар өдрийг зүгээр цаг өнгөрөөх байдлаар л аргацааж байх жишээтэй. Тиймээс ажлын гүйцэтгэлийг нь үнэлдэг болъё гэж байгаа юм. Ингэж чадвал цалингийн систем өөр түвшинд очно. Тиймээс энэ хуульд багшийн ур чадвараас хамаарч цалин урамшуулал тооцдог системд шилжихээр зааж өгч байгаа.

-Цалингаас өөр нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Багш нарын нийгмийн олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Багш нараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулдаг болгох, багшийн хүүхдийг цэцэрлэгт хамгийн түрүүнд бүртгээд авчихдаг байх, багш нараасаа сонгон шалгаруулаад магистр, докторын сургалтад тэтгэлгээр явуулдаг болж яагаад болохгүй гэж. Төрийн албан хаагчийн хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах зэргээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлага байна. Орон сууцжуулах хөтөлбөрт багш нарыг хамгийн түрүүнд хамруулж болох юм. Энэ тал дээр Нийслэлийн удирдлагууд санаачилга гаргаад “Багш хөгжлийн форум”-ын үеэр “Нийслэлийн хэмжээнд багшийн хөгжил-2017. Улаанбаатарын тунхаглал”-ыг батлахаар болсон нь үнэхээр сайшаалтай. Дээрээс нь бид зөвхөн Багшийн хөгжлийн хуулиар зогсохгүй холбогдох бусад хууль тогтоомжид багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх заалтуудыг тусгаад явж байна. Яваандаа багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Яаж нэмэгдүүлнэ гэж?

-Ер нь ирээдүйд манай улс багшгүй болох аюул ойрхон байх шиг. Яагаад гэвэл мэргэжлийнх нь үнэ цэнэ унаад байна. Энэ хуулийн хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан. Тус судалгаанд нийт 1852 хүүхэд хамрагдсанаас ердөө 2.9 хувь нь л багш болно гэсэн байна лээ. Гэтэл урлаг соёлын мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүд 27 хувийг эзэлж байх жишээтэй. Үүнээс юу харагдаж байна гэхээр хүүхдүүдийн дунд “Яг түүн шиг шоу”-ны оролцогч Т.Бархүү шиг болбол би гурван сая төгрөг авах юм байна, харин багш болбол бага цалинтай, сайнгүй амьдрах юм байна гэдэг ойлголт яваад байна. Тиймээс хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байна. Үгүй бол сүүлийн үед хүүхдүүд нийгэмд нэр хүнд нь уначихсан учир багш мэргэжлийг сонгохоо болиод байгаа. Хөдөө орон нутгийн дунд сургуулиуд эхнээсээ багшгүй болоод эхэлж байна шүү дээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбар ямар ч уялдаа холбоогүй болчихоод байгаа. Адаглаад математикийн багш хэд хэрэгтэй байгаа юм бэ гэхэд тоо баримт байхгүй л байна шүү дээ. Тусгай хэрэгцээт сургуулиудаар очоод үзэхэд мэргэжлийн согог зүйч багш хуруу дарам цөөн байна. Араас нь бэлтгэгдэж байгаа мэргэжлийн залгамж халаа гэж алга. Яагаад гэвэл тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж, байгаа багш нарыг дэмжих тогтолцоо байхгүй. Ер нь хүн хаана ажиллаж амьдрах таатай орчин байна тийшээ л явдаг. Тэгэхээр багш нарын хувьд тийм орчин нь алга. Шаардлагатай мэргэжлийг нь эзэмшүүлэхэд төр бодлогоор дэмжиж чаддаггүй. Тэгэхээр энэ хууль гарснаар төр өөрөө захиалгаа өгөөд, Багшийн их сургууль босго давсан өндөр оноотой хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг, төгсөөд гарахад нь тэр аймгийн тэр суманд оч гээд томилдог, тэнд нь ажиллаж, амьдрах таатай орчин нь бүрдчихсэн байх тийм л боломжийг бий болгоход чиглэж байгаа.

-Уг асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг л байсан. Гэтэл бодитой ажил хэрэг болгож чадахгүй байгаагийн учир юу вэ?

-Монгол Улс түүхэндээ боловсролын салбарын олон хууль, хөтөлбөр санаачилсан байдаг. 1995 оны Багшийн хөгжлийн бодлогод багшийн хөгжлийн талаар ярьж байсан. 2015 оны Засгийн газрын 304 дүгээр тогтоолд ч энэ талаар бас л заасан байна. Гэтэл бодитоор хэрэгжсэн зүйл алга. Эцэст нь бид ямар ч байсан бие даасан хуультай болох ёстой гэдэгтэй санал нэгдсэн нь өөрөө маш чухал. Хууль эрх зүйн хүрээнд баталгаатай болж байж багш нарын нийгэм дэх үнэ цэнэ өсч эцэг эхчүүд хүртэл багш нарыг хүндэлдэг болно. Өнөөдөр манай орчин цагийн хүүхдүүд тун хэцүү цаг үед амьдарч байна. Энэ их мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгцээтэй мэдээллийг олж авна гэдэг тун хэцүү болчихсон. Ийм чадварыг барууны орнууд эрэлхийлж байсан одоо ч эрэлхийлсээр байгаа. Цахим орчны энэ хурдтай хөгжлийн шуурганд өсвөр насныхныг яах вэ гэдэгт хамгийн их санаа зовдог. Гэхдээ тэд нэг гарц олсон нь хүүхдүүдэд шүүмжлэн эргэцүүлэх чадварыг олгосон. Энэ нь ямар чадвар гэхээр тэр их мэдээллээс яг аль нь зөв бэ гэдэг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар. Үүнийг боловсролын системдээ суулгаж өгсөн. Тиймдээ ч барууны оронд манай сурагчид, оюутнууд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай гэж тайлбарладаг. Тэр нь явсаар байгаад сэтгэл гэдэг хүний дотоод мөн чанартай холбогддог. Япон залуус гэхэд аливаа зүйлд ач холбогдол өгдөг юманд чин сэтгэлээсээ ханддаг боловсролтой байх жишээний. Үүгээр нь тэднийг хэмждэг.

-Хуулийн төсөл батлагдчихвал багш нарыг дэмжих тал дээр ямар бодит байдал бий болох вэ?

-Энэ хуулиар их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, ерөнхий боловсролын сургуулиуд бүгдээрээ багш хөгжлийн төвтэй болно. Энэ нь ямар ашиг тустай институт вэ гэхээр багш нарыг мэдээлэл, судлагдахуун, материал тоног төхөөрөмж бүхий баазаар хангадаг тийм төв гэсэн үг. Тэнд мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрөөр хангах, сургалтыг зохион байгуулах ажлыг багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь хийдэг багш хөгжлийн төвдөө давтан сурдаг тийм тогтолцоо юм. Үүний учир нь хөгжсөн багш л өөрөө хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр багш нарын хөгжил үнэхээр доогуур байна. Ганцхан жишээ гэхэд одоогийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ердөө 22 багш доктор хамгаалсан байна. Бүр тодруулбал, Монгол Улсад нийт 48577 орчим багш байгаагаас ЕБС-ийн 28889 багш бий. Боловсролын зэргээр нь ангилбал 22 доктор, 3350 магистр, 1790 бакалавр байх жишээтэй. Үлдсэн нь дипломтой багш нар болчихоод байна. Тиймээс хууль эрхзүйн зөв системтэй болж байж багш нарыгаа чадавхжуулна.


Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Р.Нямдоржоос өөр тэргүүн Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын Үндэсний бөхийн холбоо хэдэн онд батлагдсан дүрмээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээр баталсан дүрэм, бас 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр баталсан дүрэм хоёрыг барин ажиллаж байна. 1998 онд сонгогдсон тэргүүлэгчдээс зарим нь мөнх бусыг үзүүлснээр хүчинтэй бүрэлдэхүүнгүй болсон тул 2010 онд сонгогдсон тэргүүлэгчид өдгөө ажлаа явуулж байна. Эдний 70 хувь нь хуучин тэргүүлэгчид юм.

-2010 оны их Эеийн хуралдаанаар яг юу болсон юм бэ. Ү.Хүрэлбаатар гуай “Их Эеийг дөрвөн жил тутам хуралдуулах ёстой. Гэвч 2002 оноос хойш хуралдаагүй” гэж ярьжээ. Энэ ямар учиртай вэ?

-2002 оны дараа 2006 онд их хурал хуралдах байсан. Бид 2005 оны зургадугаар сард Цэцдийн зөвлөлөө хуралдуулж ээлжит их эеийг товлох гэсэн боловч Х.Баянмөнх, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нарын бүлэг энэ хурлыг хийлгээгүй юм. Улмаар 2006 ондоо дахин Цэцдийн зөвлөлийг хуралдуулахад тэд санаатайгаар ирцийг хүргэхгүй болгосон тул дүрэмд заасан ёсоор бүрэлдэхүүнээ сэлбэж улсын арслан Б.Ганбаатар, улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын харцага Д.Одсүрэн, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, ахлах гарын даа С.Сэлэмбаатар, засуул Д.Цогзол нарын хэдэн хүнийг Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгож ирцээ бүрдүүлээд “Их Эе”-ээ 2006 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулах тов зарласан боловч Ж.Ганболд нар шүүхэд “Гудамжнаас хүмүүс оруулж ирээд Цэцдийн зөвлөлд сонгосон тул энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, “гудамжнаас хүн оруулсан” гэх үндэслэлд итгэж, “Их Эе” хуралдуулахыг зогсоосон. Гудамжнаас оруулсан гээд байгаа хүмүүс нь дээрх хүмүүс шүү дээ. Энэ мэтчлэн Бөхийн холбоог “Их Эе”-ээ хуралдуулъя хэмээн зарлах бүрд саад учруулаад, өөрснөө ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах тухай ярьж хөөцөлддөг улс.

Ээлжит бус “Их Эе” хуралдуулбал МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувийн болгоно гэж тооцож, увайгүй үйлдэл хийдэг юм. Бид 2010 онд ээлжит хуралдаанаа хийсэн. Гэтэл эд нар “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөлөөс зарлаж хуралдуулах ёстой байтал тэргүүлэгчид зарлаж хуралдуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан.Шүүх тэдний хүсэлтийг хангасан юм. Яг үнэндээ ээлжит “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөл зарлана гэсэн заалт дүрэмд байдаггүй. Дүрмийн 7.3-д Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь “Их Эе”-ийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас нь өмнө хуралдуулж болно” гэсэн заалт бий. Энэ бол ээлжит бус “Их Эе”-ийн тухай заалт болохоос ээлжит “Их Эе”-ийн тухай заалт биш. Мөн энэ дүрмийн 7.16-гийн “В”-д зааснаар МҮБХ-ны тэргүүнд “Их эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах эрхийг олгосон байдаг юм. Бид зургадугаар Их эеийг зөвхөн тэргүүний шийдвэрээр биш, хамтын удирдлагын байгууллага болох Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хуралдуулсан. Энд хууль дүрэм зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Гэтэл Ж.Ганболд нар дахиад шүүхэд “Их эеийг Цэцдийн зөвлөл зарлах ёстой байтал тэргүүлэгчид зарласан тул хүчингүй болгож өгнө үү” гэснийг шүүх бас л хүсэлт ёсоор болгосон юм. Ингээд харахаар бид Их эеэ хийх гээд байдаг, харин Ж.Ганболд нар нэг бол хийлгэхгүй гацаадаг, эсвэл хийснийг нь хөөцөлдсөөр байгаад хүчингүй болгодог ийм л улс байгаа юм.

-Тэдний яриад байдаг 403 дугаар тогтоол ямар учиртай юм бэ?

-Дөрөвдүгээр “Их Эе” хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусаад холбооны тэргүүний сонгуулийг явуулахад таван хүн нэр дэвшсэнээс Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар үлдэн өрсөлдөж, Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 хүний санал авч, Р.Нямдорж найман хүний саналын илүүгээр ялсан юм. Үүний амьд гэрч одоо 160-аад хүн байж байна. Мөн видео бичлэг нь, хүмүүсийн санал өгсөн хуудас зэрэг бүх нотлох баримт нь байж байхад гурван шатны шүүх “сонгууль явсныг үнэлэх боломжгүй байна” гэсэн шийдвэр гаргасан.Тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан юм. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд нарын урьдчилан төлөвлөснөөр энэ Их эе дээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах байж. Гэтэл энэ зорилгоо хэрэгжүүлж чадаагүй тул Х.Баянмөнх гуай ширээ шааж, элдвийн муухай үгээр харааж зүхэн хурлыг хүчээр тараасан. Энэ бичлэг нь одоо хадгалагдаж байна. Тэд “Хэрэв ялагдвал хурал хаяж явахаар тохирчихсон байсан юм” гэж Г.Бор нотлон хэлдэг юм. Ийм булхайтай, луйвартай юм болсныг дүрс бичлэгээр харуулж нотлоод байхад шүүх тийм шийдвэр гаргасан. Бодит амьдрал дээр ийнхүү Р.Нямдорж ялсан байхад шүүх түүнийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлдэг. Иймээс бид энэ асуудлаар шүүхэд дахин хандахаар бэлдэж байна.

-Р.Нямдорж тэргүүн биш гэж Ү.Хүрэлбаатар нар яриад байх юм, энэ ямар учиртай юм бэ?

-Манай гүйцэтгэх удирдлага бол тэргүүн, дэд тэргүүн нар юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын дөрөвт “Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан байдаг юм. Ү.Хүрэлбаатар Р.Нямдоржийг тэргүүнээр сонгогдсон гэж үзээд 2002-2013 оныг хүртэл МҮБХ-ны тэргүүлэгчийн сонгуульт ажлыг хийж байгаад, 2014 онд бусад тэргүүлэгчдийн санал болоод үйл ажиллагааг үл ойшоон хутган үймүүлж, түүнд нь сануулга өгөхөд “Одооноос эхлэн МҮБХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулна” гэж заналхийлсны учир тэргүүлэгчээс хөөгдсөн юм. Ү.Хүрэлбаатар өөрийн үзэл бодлоосоо урван өдгөө Р.Нямдоржийг тэргүүн биш гэж үзэж байгаа бол оронд нь сонгогдсон тэргүүн нь яагаад одоо болтол ажлаа хүлээж авахгүй байгаа юм бэ. Тэр тэргүүн нь хаана байна вэ. Хууль мэддэггүй, ямар нэгэн асуудалд мэдлэг мэдээллээр биш, сохор номингийн тэмтрүүлээр ханддаг хүмүүсийн яриа ийм л байгаа юм. Хуульд заасны дагуу бүрэн эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэргүүн бол Р.Нямдорж. Түүнээс өөр тэргүүн МҮБХ-нд байхгүй.

-Гэтэл Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүс Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг хуралдуулж, тэргүүнээ сонгочихлоо гээд байгаа?

-Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулсан “Их Эе” гэх цуглаанд ихэнх бөхчүүд нь оролцоогүй, ирц нь бүрдээгүй. Уг нь тэд бөхчүүд өөрснөө гүйгээд ирэхээс аргагүй болтол Р.Нямдоржийг гутаан гүжирдсэн хар нэвтрүүлэг хийж бараг бүх телевизээр олон хоногийн турш цацаж, сайт, фэйсбүүкийг дүүргэсэн. Гэтэл нөгөө цуглаанд нь улсын цолтой 40 бөх, хэн ч танихгүй хүмүүс очсон байна. Тэд сайн дураараа очсон ч биш нэг хүн рүү гурав, дөрвүүлээ ээлжлэн утасдаж улайран дуудсаар цуглуулсныг тэнд очсон бөхчүүдээс ярьж, зарим нь биднээс уучлал гуйж байна лээ. Бөхчүүд лут нуруутай, гол чиг алддаггүй хэрсүү улс байдаг юм. Тэр ч ёсоор 10 аваргаас гурав нь, 15 арслангаас дөрөв нь, 9 гарьдаас хоёр нь, 25 заанаас зургаа нь л очжээ. Энэ нь Монгол бөхийн асуудлыг шийдэх бүрэлдэхүүн болж чадах уу? Чадахгүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Монголын бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, судлаачид, жаяг дэгийн багийнхан маань эдгээр хүмүүсийг хэн бэ гэдгийг өмнөх замнал, ажил үйлсээс нь хангалттай сайн мэддэг болсных юм. Тиймээс ч Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар тэдний өмнө ил гарч чадахгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Л.Ням нарын ашиг сонирхолтой нөхдийг өмнөө бариад ард нь нуугдаад явж байна. Дээрх хүмүүс хуурамч бичиг бүрдүүлэх, ирээгүй хүнийг ирсэн болгож бичихдээ гарамгай, түүгээрээ шүүхийг хуурахдаа мэргэшсэн хүмүүс л дээ. Нөгөө талаас энэ цуглаан хууль бус болсны хууль зүйн нотолгоо нь прокурор дээр тэдний “нотлох баримтыг шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн” үйлдэлд Эрүүгийн хуулийн 253.1-ээр эрүүгийн хэрэг үүсгээд хянаж байхад буюу прокурорын эцсийн дүгнэлт шийдвэр гараагүй байхад яаран хуралдах гэж оролдсон явдал юм.

-Ү.Хүрэлбаатар гуай “Р.Нямдорж, Д.Данзан нар дүрмэндээ “Залгамжлагч” хэмээх үг оруулсан нь үр хүүхдэдээ МҮБХ-г өвлүүлэх гэж байгаа хэрэг юм” хэмээсэн байдаг. Энэ тухайд?

-Биднийг 2002 оноос хойш 2007 он хүртэл идэж ууснаар нь гүтгэж байлаа. Ингээд Монголын бүх хяналт шалгалтын байгууллагаар шалгуулж идэж, уусан зүйл байхгүй байна гэсэн. Ингэснээр биднийг гүтгэх арга нь мухардсан. Бид Монгол бөхийг спорт болоод өв соёл талаас нь хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж ажилласан. Монгол бөхөд 50 шинэ зүйл хийсэн. Үүнийг бөхчүүд, олон түмэн, төр засаг мэддэг юм. Зөвхөн бөхчүүдийн бай гэхэд л 1990-ээд оны үед түрүү бөхийн бай 50 төгрөг л байлаа шүү дээ. Мөнгөний ханш 1000 дахин унасан гэвэл түрүү бөхийн бай одоогийн ханшаар 50 мянган төгрөг болно гэсэн үг. Гэтэл одоо түрүү бөхийн бай хоёр сая төгрөг болсон. Бид бөхчүүдийнхээ байг ингэж 40 дахин нэмэгдүүлсэн байна. Тэмцэгчид маань бидний нэр төрийг гутаах, олны дургүйцлийг төрүүлэх өөр нэг юм бодож олсон нь биднийг МҮБХ болон Бөхийн өргөөг үр хүүхдэдээ өвлүүлэх зорилготой ажиллаж байна гэсэн ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Гэрчилгээн дээр “Хугацаагүй” гэсэн үг бий. Энэ нь бөхийн холбооны ажиллах хугацааг заасан утгатай болохоос өөрсдийнхөө ажиллах хугацааг заасан үг биш. Мөн гэрчилгээн дээр Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гэсэн нэр байхгүй. Тэгэхээр Ү.Хүрэлбаатар маань хий юм олж хараад тэгтлээ гайхсан юм болов уу? Харин “МҮБХ нь залгамжлагчид шилжинэ” гэдэг бол хувь хүнд юм уу, үр хүүхдэдээ өгнө гэсэн үг биш. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу дараагийн байгууллагад нь өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл МҮБХ-ны үйл ажиллагаа зогссон тохиолдолд залгамжлан үргэлжлүүлэх байгууллагад өмчийг шилжүүлнэ. Ийм ойлгомжтой зүйлийг мушгиж, гүтгэж байгаа нь арга ядсан хүмүүсийн үг юм даа. Дашрамд хэлэхэд Ү.Хүрэлбаатар бид нэг байгууллагад нэгэн сэтгэлээр зүтгэж явсан хүмүүс. Харин одоо Ү.Хүрэлбаатар царай нь мөн ч ярьж байгаа зүйл нь Ж.Ганболд болжээ. Ү.Хүрэлбаатарын хэлээд байгаа бүгдийг Ж.Ганболд ярьдаг байсан юм.

-Монголын үндэсний бөхийн өргөөний 10 хувь буюу 212 сая төгрөгийг Р.Нямдорж авчихсан хэмээн Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар хэлдэг. Одоо Ү.Хүрэлбаатар гуай бас хэлж байна. Энэ ямар учиртай юм бол?

-Бөхийн өргөө ашиглалтад орохоос хоёр сар гаруйн өмнөөс эдгээр хүмүүс Төрийн өмчийн хороогоор явж, Бөхийн өргөөг хувьчлах асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Тийм учраас бид төр булаацалдаж магадгүй юм байна гэж ойлгоод бөхийн талд давуу эрх байлгахын тулд менежментийн баг тодорхой саналын хувьтай байх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, төрийн оруулсан хөрөнгө 45 хувь, Бөхийн холбооны оруулсан хөрөнгө 45 хувь байх үед менежментийн багийн 10 хувийн саналыг төлөөлөх хүн нь бөхийн талын хүн байхаар шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг 2001 оны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор тэрхүү 10 хувийн саналыг менежментийн багийн удирдагч Р.Нямдорж төлөөлж байхаар зохицуулсан юм. Энд Р.Нямдорж Монгол бөхийн өргөөний 10 хувийг хувьчлаад авчихсан гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Бөхийн өргөөг хувьчлахад хүрвэл МҮБХ 45 хувь дээр нэмэх нь 10 хувь бүгд 55 хувийн төлөөлөлтэй байж, ингэснээр Монголын бөхчүүд ямар ч тохиолдолд Бөхийн өргөөгөө алдахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, бөхчүүдийн эрх ашгийг хангасан тогтоол гаргасан юм. Энэ тогтоолыг гаргахад Ү.Хүрэлбаатар өөрөө оролцож, гарын үсэг зурсан байдаг. Одоо болохоор эвдэрсэн хүний эвлэршгүй зан гарган рекламдаад ярьж байна.

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хуралд тэргүүн Р.Нямдорж та хоёрыг ирээгүй гэдэг юм билээ. Та хоёр яагаад очоогүй юм бэ?

-МҮБХ 2014 онд ээлжит Их Эеэ хуралдуулна гээд тэргүүн Р.Нямдорж сонин хэвлэлд “Р.Нямдорж, Д.Данзан нар Их Эеийг хуралдуулаад ажлаа өгнө. Бөхийн холбооны ажлыг хийх хүмүүсийг бөхчүүд маань дотроосоо сонгож, өрсөлдүүлээрэй” хэмээн албан ёсоор мэдэгдэж, улмаар 2014 онд Цэцдийн зөвлөлөө хуралдуулах гээд яг төлөвлөөд байж байтал Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд, Х.Баянмөнх, А.Сүхбат нар мөн оны зургадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөлийн хурлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотойгоор дайрч хуралдуулсан. Тэгэх мөртөө МҮБХ ээлжит Их эеэ хуралдуулж болохгүй гэсэн захирамж гаргуулчихсан. Манайх ингээд хуралдуулах гэхээр энэ мэт арга хэрэглэж, болиулдаг. Өмнө нь 2006 он, 2010 оны Их эеийг ингэсэн. Сая өөрсдөө хурал хийлээ. Дүр зураг нь ямар болсныг хүмүүс харж, ойлгож мэдэж байна.

-Та нөхдийг шүүхийн шийдвэрийг үл хүндэлдэг, гүйцэтгэдэггүй хэмээн шүүмжлээд байдгийн учир юу вэ?

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хурал болж өнгөрсний дараа бидэн дээр тав зургаан хүн ирсэн. Эдгээр хүмүүс “Бид нар эдгээр хүмүүсийн зохион байгуулсан цэцдийн зөвлөлийн хуралд оролцоогүй, бас гарын үсэг зураагүй байтал яагаад бидний гарын үсэгтэй хуралд суусан гэсэн бичиг яваад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь бид цагдаад “Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болсон нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн байна, үүнийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан юм. Цагдаа эрүүгийн хуулийн 253,1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан. Ингээд цагдаагийн мөрдөн байцаалтаар эдгээр хүмүүс Цэцдийн хуралд оролцоогүй болох нь тогтоогдсон юм. Тэр таван хүн “Бид нар Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын зохион байгуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотой хуралд ерөөсөө суугаагүй” гэдгээ цаасан дээр бичиж, амаараа хэлж, гарын үсгээ биш гэдгээ цагдаагийн мөрдөн байцаалтад хэлсэн. Гэтэл энэ хэргийг хянасан Сүхбаатар дүүргийн прокурор “эдгээр таван хүн хуралд оролцсон байна” гэсэн хачирхалтай дүгнэлт гарган манай гомдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргажээ. Прокурорын энэ шийдвэр эцсийн шийдвэр биш. Бид ийм хариу авчихаад дээд шатны прокурорт нь гомдол гаргасан, үүний дагуу одоо хянаж байгаа юм. Тэгтэл эдгээр хүмүүс анхан шатны прокурорын дүгнэлтийг шүүрч аваад хурал цуглаан хийсэн нь хууль бус ажиллагаа тул тэдний хийсэн дээрх хурал гэгч нь хүчингүй болж байгаа юм.

-Ээлжит Их Эеийг он гаргаад хийхээр товлож байгаа юу. Нөгөө талын хүмүүс энэхүү хурлыг Р.Нямдорж хийхгүй гэсэн байрь суурьтай байгаа гэх юм. Энэ талаар?

-Хүмүүс, бас зарим бөхчүүд манай 2016 оны арванхоёрдугаар сард гаргасан мэдэгдлийн утгыг буруу ойлгосон тал байна. Тэр мэдэгдэлд “2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийнхээ товыг тогтооно” гэж бий. Энэ бол хоёрдугаар улиралд Их эеэ хуралдуулна гэсэн үг биш. Одоо хоёрдугаар улирал дуусахад сарын хугацаа байна. Энэ хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулна, Их эеийнхээ товыг тогтооно. Манайх Их эеэ дөрвөн жил тутамд хуралдуулж ирсэн тул ээлжит Их эе 2018 он гаргаад хуралдана.

-Сая болсон ээлжит бус Их эе чинь тэргүүнээс гадна Цэцдийн зөвлөл, тэргүүлэгчдийг бас сонгосон юм уу?

-Бидэнд албан ёсны бичиг баримт шийдвэрээ өгөөгүй байна. Өөрсдийнх нь хэлж байгаагаар Цэцдийн зөвлөлийг байгуулж, Цэцдийн зөвлөлийн даргад Ү.Хүрэлбаатарыг сонгожээ. Бас тэргүүлэгчдийг, хяналтын албыг ч сонгосон гэнэ. Уг нь ийм эрх тэдэнд байхгүй л дээ, бас л хуулийн зөрчил. Нэг сэтгүүлчийн ярьж байгаагаар, бас Ү.Хүрэлбаатарын нотолж байгаагаар, Цэцдийн зөвлөлийн 46 хүний 27 нь Увсын бөхчүүд болсон юм байх. Энэ ч арай дэндэж байгаа хэрэг байхаа даа. Үүнийг учрыг Ү.Хүрэлбаатар Увс олон бөхтэй учраас гэж тайлбарлаж байна лээ. Олон бөхтэй нь ийм эрхтэй байх тухай ямар ч дүрмийн заалт байхгүй. Тэгээд ч Увс хамгийн олон бөхтэй нь бас биш. Тэд ийм юм хийгээд сууж байхаасаа ичихгүй байна л даа. Дашрамд нэг зүйлийг зориуд хэлэхэд тэр хуралд очиж суусан Увсын харьяалал, хамааралтай бөхчүүд, бусад хүмүүст бид ямар ч буруу өгөхгүй. Тэднийгээ ойлгож байна. Багш шавь, нутаг усны нөлөөллийг энэ хуйвалдааны шинжтэй цуглааныг зохион байгуулсан хүмүүс ашигласныг бид ойлгож байна. Ер нь бид 1990-ээд оноос өмнө нэгэнт бий болчихсон байсан нутаг усны үзлийг арилгах, тийм үзэгдэл гаргуулахгүй байх талаар хичээн ажиллаж ирсэн. Үүний тодорхой жишээ нь анхдагч, ахмад, бас халх гэдгийг бодолгүй амжилт илүү гэдгийг үндэс болгон Х.Баянмөнх аваргаа хамгийн түрүүнд Хөдөлмөрийн баатар болгуулсан билээ. Үүнд их баярласнаа аварга өөрөө ярьдаг бөгөөд бидний ийм үзэл гаргадаггүйг бас хэдэнтээ хэлж байсан юм шүү.

-Ү.Хүрэлбаатар гуай “Увсынхан бөхийн өргөөг авах гээгүй, харин Р.Нямдорж хувьдаа авах далд санаатай нь харагдаж байна” гэсэн байх юм?

-Харин тийм байна. Түүний санааны үндэслэлийг өмнө тайлбарласан. Бид Увсынхан ч гэдэггүй юм. Х.Баянмөнх, Д.Амгаа, Ж.Ганболд нар л гэдэг юм. Учир нь Д.Амгаагийн “Одоо Монгол улсад Бөхийн өргөөнөөс өөр авах юм үлдсэнгүй, бид заавал авна” гэж бөхчүүдэд ярьж явсан үг бий. Тэр ч санаагаараа элдэв хэрүүл тэмцэл өрнүүлэн дайрч давшилж, Бөхийн өргөөг гаднын хөлсний хамгаалалтын хүчээр булаан авч, тамгыг дээрэмдэж байсан үйлдлийг нь хүмүүс мартаагүй байгаа байх. 2010 онд болсон ээлжит Их эеэрээ холбооныхоо дүрэмд Бөхийн өргөөний тухай нэмэлт бүлэг оруулаад “1. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн, 2. Бөхийн өргөөг хувьчилж болохгүй, зээлийн барьцаанд тавьж болохгүй. 3.Бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг зөвхөн Их эеэр хэлэлцэнэ” гэсэн гурван заалт оруулан баталгаажуулсан юм. Гэтэл энэ хурлыг тэд шүүхээр хүчингүй болгуулсан. Үүний далд санаа нь Бөхийн өргөөг дур мэдэн авахад нь саад болох дүрэмд оруулсан энэ дархлааг л устгаж байгаа хэрэг л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Том төслүүдээ хөдөлгөчихвөл эдийн засгаа өндийлгөх боломжтой

-“FITCH”: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, ХҮЧИРХЭГЖИХИЙН ТУЛД ОЮУ ТОЛГОЙГООС ГАДНА ТАВАН ТОЛГОЙ ИХ ЧУХАЛ-

“Fitch” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B-Тогтвортой” ангилалд хэвээр хадгалахаа хэдхэн өдрийн өмнө зарлалаа. Урьд нь шил дараалан унаж байсныг бодоход бас ч гэж таатай мэдээ. Зээлжих зэрэглэл хадгалагдаж үлдсэн хамгийн том шалтгаан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон явдал. Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсанаас гурван өдрийн дараа “Fitch” ийм мэдэгдэл хийсэн юм.

“Fitch”-ийн хэвлэлийн мэдээнд “Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан шийдвэр гарсан нь санхүүгийн эрсдлийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө” гэсэн өгүүлбэр дурайж байна. Төсвийн үр ашигт байдал нэмэгдэж, төсвийн зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа ч онцолж. Өрийн тогтвортой байдлыг хангана, уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилтэд чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтийг “Fitch”-ийн мэдээллээс харж болно. Тэд ДНБ-ийг 2019 онд найман хувь болж өснө гэж өөдрөгөөр төсөөлжээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар валютын сангаас бид 434 сая ам.доллар авна. Эхний ээлж нь болох гучаад сая ам.доллар ороод ирчихсэн. Нөхцөл, шаардлагыг нь биелүүлээд явчихвал дараагийн мөнгөнүүд ээлж дараагаараа шилжээд ирнэ. Валютын сангийн мөнгөнөөс гадна хандивлагчдаас авах ам.долларыг нийлүүлбэл 5.5 тэрбум гэсэн аварга тоо дуулдаж байгаа. Хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн түрүүнд бидэнд ирэх эерэг нөлөө бол хөрөнгө оруулагчдын хандлага. Товчхондоо хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн даруйд гардаг эерэг нөлөөний нэг нь долларын ханш. Ам.долларын ханш сарын хугацаанд наад тал нь 2300 төгрөгт хүрч суларна гэх таамгийг эдийн засагчид хэлж байна. “Fitch”-ийн манай улсын эдийн засагт найдаж буй гол шалтгаан мега төслүүд гэдэг нь хэвлэлийн мэдээнээс нь төвөггүй харагдаж байна. Тэд “Монголын эдийн засаг дунд хугацаандаа сэргэж, хүчирхэгжихийн тулд Оюу толгойгоос гадна Таван толгой төсөл чухал ач холбогдолтой. Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт сэргэснээр экспортын орлого их хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа ч Монголын гадаад төлбөрийн чадварт ирэх дарамтын эсрэг дархлаа тогтсон байх болно“ гэж онцолжээ. Таван толгойн хэлэлцээрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиас наана хөдлөхгүй гэдэг нь тодорхой. Манай талаас ч ярих сонирхолгүй байгаа. Хятадын тал ч сонгуулийн үр дүнг харж байж үг унагана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирэх найм, есдүгээр сараас Таван толгойн хэлэлцээ эргэж сэргэх байх. Өмнө ярьж байсанчлан төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь шийдэж чадвал оны өмнөхөн эдийн засагт эерэг нөлөө үзүүлээд эхлэх боломжтой. Хэдэн УИХ дамжин маргасан ч шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн төмөр замын талцал үргэлжилбэл харин хэцүү. Төмөр замгүйгээр Таван толгой өөр ямар ч хувилбараар ашигтай ажиллах боломжгүй.

Манай улсын хувьд энэ жил уул уурхайгаас нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлнэ гэж төсөөлөөд буй. Түрүү жилийнхээс 36 хувиар илүү их хэмжээний мөнгө нүүрс, зэс тэргүүтнээсээ олно гэсэн өөдрөг тооцоо гаргачихаад байгаа. Уул уурхайгаас дажгүй мөнгө төвлөрүүлнэ гэж тооцсон шалтгаанаа Оюу толгой, Таван толгой, Гацуурт төсөл гэж тайлбарласан. Оюу толгойн бүтээн байгуулалт саадгүй өрнөж байгаа. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоож болдоггүй учраас энэ төсөл цаашдаа ч бартаа саадгүй хэрэгжээд явах байх. “Гацуурт”-ын тухайд засгийн зүгээс хөдөлгөнө гэсэн мэссэж өгч байгаа ч яг таг шийдлээ олсон юм алга. Мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн ая занг харж байгаа болов уу. “Таван толгой”-н хувьд өмнө хэлсэнчлэн хүлээлтийн байдалд байгаа. Нүүрсний үнэ түрүү жилийн өдийг бодвол мэдрэгдэхээр сэргэчихсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш үнэлгээнээс хол хаягдсан үнээр нүүрсээ борлуулж байгаа ч жилийн өмнөх 20 доллараас бас ч гэж өсөөд байгаа. Төсөвт уул уурхайгаас төвлөрүүлэх ёстой нэг их төгрөгийн 92 хувийг алт, зэс, нүүрснээс бүрдүүлнэ гэж буй. 22 хувийг нь нүүрснээс бүрдүүлэх учиртай. 226 тэрбум төгрөгийг нүүрснээс олох ёстой гэсэн үг. 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг нь зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлнэ. Олзуурхууштай нь нүүрс, зэс аль алиных нь үнэ сайн байгаа. Нүүрсний тухайд галзуурч байсан үеэсээ доошилсон ч үнэгүй болохоо шахсан үеэ бодвол тун давгүй ханштай байна. Оюу толгой, Эрдэнэт хэвийн ажиллаж байгаа учраас зэсийн баяжмалаас төсөвт орж ирэх мөнгөнд асуудал байхгүй. Нүүрсний хувьд Таван толгой хөдлөөгүй, үнээ нэмж сүйд болоогүй учраас санасан хэмжээнд хүрэхгүй байх. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гашуунсухайтын ажиллах хугацааг дөрвөн цагаар уртасгалаа гэж мэдээлсэн ч бодит байдал дээр хэцүүхэн байгаа бололтой. Уржигдар гэхэд Гашуунсухайт руу чиглэсэн машины оочер 90 км-т хүрч. Таван толгой төслийн хэлэлцээр амжилттай болж, төмөр зам энэ тэртэйгээ иж бүрэн хөдөлж байж л тээврийн элдэв асуудал нь цэгцэрнэ, Таван толгой ашгаа өгч эхэлнэ гэж эрдсийн шинжээчид онцолдог.

Товчхондоо хагас жилийн дотор эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө гарах хамгийн том шалтгаан мега төслүүд байна. Тодруулж хэлбэл Таван толгой, Гацуурт. Энэ төслүүдээ сонгуулийн дараа зориглоод хөдөлгөчихвөл сэвхийгээд ирэх боломж байна.

Эдийн засаг өсөхөд нөлөөлөх сайн мэдээнүүд геологи, хайгуулын салбараас дуулдана гэсэн хүлээлт бас бий. Манай сонин өмнө нь Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Develop­ment” компанийн хувьцааны ханш өсөлттэй байгаа тухай мэдээлж байсан. Тус компанийнхан хэдхэн хоногийн өмнө алт, зэсийн Баян хөндий, Алтан Нар, Алтан Арроу ордод хийсэн хайгуулын судалгааны дүнгээ шинэчлэн танилцуулахдаа мөн л чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Баян хөндий ордын “striker zone”-д 58 метрийн гүнд тонн хөрс тутмаас 1.1 грамм алтны илэрц олджээ. Гол талбай болох “midfield zone”-д 174 метрийн гүнд тонн хөрснөөс 0.7 грамм алтны илэрц гарсан байна. Тэд намрыг дуустал өрөмдлөгөө үргэлжлүүлэхээр болж. “Erdene Resource Develop­ment” компанийн хайгуул хийж буй орд Оюутолгой, Цагаан Суваргын ордын бүслүүрт багтаж байгаа учраас алт, зэсийн нөөц их байх магадлалтай гэсэн таамгийг геологичид хэлдэг. Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан үүсэх боломжтой гэсэн агуулгатай мэдээлэл гарсан нь тохиолдлын хэрэг биш. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараахан цацагдсан мэдээлэл юм билээ. Хайгуулын салбарынханд боломж нээж өгвөл манай улс хайгуулчдын хувьд тун сонирхолтой бүсэд багтдаг.

Орост найтаахад энд ханиадаг гэдэг шиг Монгол гэдэг улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас бүрэн хамааралтай. Хятадын эдийн засаг сайн бол бидэнд аятайхан амьдрах боломж байна гэсэн үг. Харин урд хөршийн эдийн засаг хэцүүдвэл адаглаад л нүүрсний үнэ шалдаа унах зовлон бий. Жишээ нь Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг дөрөвдүгээр сард 14 хувиар өссөн гэдэг мэдээ бидний хувьд сайны дохио. Хятад гэдэг аварга зах зээлд ийм том хэмжээний өсөлт ажиглагдсан гэдэг нь дэлхийн худалдааны эргэлт эрчимжээд эхэлчихсэн гэсэн үг. Дэлхийн эдийн засаг сайжирч эхэлсэн учраас Америкийн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн хүлээлт аль хэдийнэ үүсчихээд байгаа. Урд хөршийн аж үйлдвэрийн салбарын ашиг сарын дотор 23.8 хувиар өснө гэдэг бол огцом өөрчлөлт. Оны эхний дөрвөн сард Хятадын үйлдвэрлэгчдийн ашиг 24.4 хувиар өссөн юм. 41 үйлдвэрийн 38 нь түрүү жилийнхээс үлэмж өндөр ашигтай ажилласан гэхээр зүгээр ч нэг өсөлт биш нь харагдаж байна. Тэгэхээр гадаад зах зээл дажгүй болж эхэлсэн гэсэн үг. Ийм үед өөрсдөөс хамаарах алхмаа хийж чадвал богино хугацаанд хямралаас гарах боломж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Шөнийн гудамжийг нээлээ

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дөрөв дэх нэр дэвшигч нь илүү хийморьтой харагдах юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

З.Нарантуяа:Монголбанктай холбоотой УИХ-ын тогтоолыг Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэрэгжүүлэх боломжгүй ярилцлага улс төрийн 2-р нүүрт нийтлэгдлээ.

Гуравдугаар нүүрний гол нийтлэлийг нийтлэлч Э.Энэрэлийн Намбарын Энхбаярыг онцолчон “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дөрөв дэх нэр дэвшигч нь илүү хийморьтой харагдах юм” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Халз мэтгэлцээн байх ёстой гэдэгтэй би 200 хувь санал нэг байдаг ярилцлага улс төрийн 5-р нүүрт нийтлэгдлээ.

Баримт, үйл явдлын 7-р нүүрэнд “Талийгаач эмэгтэй тэр өндөр хананд хөлөөрөө ганц тулаад л цонхоор шууд уначихна гэж байхгүй гэлээ” эрэн сурвалжилсан материал хэвлэгдлээ.

Наадам дөхөж буйтай холбогдуулан Улсын арслан Ж.Хайдав: Өнөө жилийн баяр наадамд залуу арслан П.Бүрэнтөгсийг өнгөтэй барилдах болов уу хэмээн харж байна хэмээн ярьжээ.

Сансрын нисгэгч БАЗЗ ОЛДРИН: 50 жилийн дараа ангараг дээр 50 хүн оччихсон алба хаагаад зогсч байх болно хэмээн өдрийн сонинд сансарт ниссэн тухай сонин сайхнаасаа хуваалцжээ.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ш.Буянжаргал охины эмчилгээнд зориулан Х.Баасансүрэн лам лекц уншина

Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөнхөн хуруутай төржээ. Охин БНСУ-д 200 сая төгрөгөөр дөрвөн удаа хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Иймд гэр бүлийнхний зүгээс хандивын аяныг эхлүүлжээ.

Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж. Тэгвэл Эрдэнэ-зуу хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн охины эмчилгээний зардалд зориулан “Бусдын төлөө гэрэлтэе” ухаарахуй лекцээ зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр охины ээж Ч.Уранцэцэг, “Бэст буйдан” компанийн ажилчид болон Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Хандивын лекц нь МҮЭСТО-д энэ сарын 16-ны өдөр болох бөгөөд тоглолтын бүх орлогыг Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд хандивлах юм байна. Түүнчлэн тус тоглолтод урилгаар МУСТА дуучин О.Баянмөнх, Л.Банзрагч, Л.Нарантуяа, Э.Чулуунчимэг, Б.Энхбат болон Н.Мөнгөншагай нар оролцох аж.

Ш.Буянжаргал охин наймдугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн хагалгаандаа орох бөгөөд тус хагалгааны зардал 80 сая төгрөг шаардлагатай юм байна. Энэхүү мөнгөөр охин хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн оёулах аж.

Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл 1000 төгрөгийг доорх дансанд хийж бал худалдан авах боломжтой юм байна.

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ

ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822