Categories
мэдээ цаг-үе

Б.Оюу: Нэр дэвшигчийн тухай аливаа санал асуулгыг зургадугаар сарын 19-нөөс хойш явуулахыг хуулиар хориглосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зарим зүйлийг хуульч, өмгөөлөгч Б.Оюугаас тодрууллаа.


-Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид яг хэзээ сонгуулийн сурталчилгаагаа эхлэх ёстой вэ?

-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг 2017 оны зургадугаар сарын 06 өдөр эхлүүлж, зургадугаар сарын 24-ний өдрийг дуустал явуулахаар заасан. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааг зөвхөн дээрх 19 хоногт явуулах ба бусад хугацаанд сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон.

-Сонгуулийн хуулинд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийн далд хэлбэрийн сурталчилгаа, суртал ухуулга явуулж байна гэх маргаан сонгууль бүрээр гардаг. Ямар ямар тохиолдолд хуулийн заалт зөрчсөн болох вэ?

-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах үндсэн долоон хэлбэрийг тодорхойлон заасан ба эдгээрээс бусад хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Эдгээрт сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; намын далбааг гудамж талбайд байрлуулах; сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; ухуулах байр ажиллуулах; радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; цахим хуудас ашиглах гэсэн үндсэн үйл ажиллагаа хамаарна. Эдгээр үйл ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн явуулах талаар Сонгуулийн тухай хуульд нэгбүрчлэн нарийвчлан тодорхойлсон байдаг. Жишээлбэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна гэж заасан байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны зориулалтаар нээгдээгүй, өөр бусад цахим хуудсанд нийтлэгдсэн сонгуулийн сурталчилгаа нь хуульд заасан дээрх агуулгаас хэтэрч болохгүй гэж ойлгогдож байна. Ийнхүү хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг “хууль бус сурталчилгаа” гэж нэрлээд байгаа юм. Харин таны асууж буй далд хэлбэрийн сурталчилгаа, суртал ухуулга явуулж байна гэх маргаан нь хууль зөрчиж байна, эсвэл үгүй гэж шууд хариулахад хэцүү. Үүнийг зөвхөн шүүхээс эцсийн шийдвэр гарснаар тодорхойлно гэсэн үг юм.

-Цахим сошиал ертөнц орчин дахь сурталчилгааг хэрхэн дүгнэх вэ. Нэг хүнийг дэмжсэн групп, сэтгэгдэл зэргийг хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үү?

-Дээр дурдсанчлан цахим орчинд хэрхэн сурталчилгаа явуулах талаар хуульд заасан тодорхой шаардлагууд байгаа. Харин олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх болсон нэр дэвшигчтэй холбоотой бүх мэдээллийг шууд “хууль зөрчсөн” гэж үзэх боломжгүй. Тухайн мэдээллийг хэн, ямар зорилгоор эсвэл хэний даалгавраар нийтэлсэн байна вэ гэдгийг шүүхээс тогтоож байж сая “хууль зөрчсөн” гэж үзэж болно гэсэн үг юм.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад зарим төрийн бус байгууллага, клуб нэртэй газрууд нэр дэвшигчдийн судалгаа гээд санал асуулга маягийн юм явуулж байна.Дээр нь утасныхаа дугаарыг бич гэдэг ч юм уу. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Сонгуулийн тухай хуульд иргэдээс авах санал асуулгатай холбоотой байж болохуйц үндсэн хоёр хориглосон агуулга бий. Нэгдүгээрт, 2017 оны нэгдүгээр сарын 01 хойш зургадугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон. Тэгэхээр аливаа төрийн бус байгууллага нь нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулахдаа аль нэг нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилготой байсан уу, үгүй юу гэдэг асуулт хамгийн чухал болж таарах нь. Өөрөөр хэлбэл шалгаруулалтыг зохион байгуулсан нь тухайн нэг дэвшигчийг сурталчлах гэсэн үү, эсвэл эсрэгээр улс төрийн чансааг дор байгаагаар харагдуулж сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн үг юм. Хоёрдугаарт, аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглосон. Эндээс үзэхэд нам, нэр дэвшигчийн тухай аливаа санал асуулгыг 2017 оны зургадугаар сарын 19-ний өдрөөс хойш явуулахыг бүрмөсөн хориглосон байна.

-Ер нь нэр дэвшигчдийн болон хэвлэл мэдээллийнхний сонгуулийн тухай хууль зөрчих магадлалтай гэдэг юм уу энгийн хэлбэрүүдээс дурдаж болох уу?

-Юун түрүүнд аль ч “хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэсэн Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг баримталж ажиллаасай гэж хувь иргэн, хуульчийн зүгээс хүсмээр байна. Сурталчилгаатай холбоотой зөрчлийн тухайд 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд өмнөх хуульд байсан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалтууд бий. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглосон. Хэрэв ийм зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар байна. Үүнээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх хүртэл хариуцлагатай байдгийг анхаарах нь зүйтэй.

Мөн сүүлийн үед интернет орчинд мэдээлэл, сурталчилгаа эмх замбараагүй явагдаж байна. Гэвч сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдах үүрэгтэй байдаг. Мөн ийм төрлийн сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглосон. Энэ мэтчлэн Сонгуулийн тухай хуулийн талаар зөвхөн нам, нэр дэвшигчид зэрэг сурталчилгаа явуулах эрхтэй этгээдээр хязгаарлагдалгүй, тухайн сурталчилгааг хүртэх сонгогчид, түүнийг түгээх хэвлэл мэдээллийн байгууллагууд ч зөв мэдээлэл, мэдлэгтэй байх шаардлага нэн өндөр байна.

Categories
мэдээ цаг-үе

Сергей Бубновский: Хөл болон аарцагны булчингуудыг ажиллуулаагүйгээс цусны эргэлт зогсонги байдалд орж, эд, эрхтэн гэмтэж эхэлдэг

Сергей Бубновский зурган илэрцүүдКинезитерапия буюу хөдөлгөөнөөр эмчлэх эмчилгээний аргыг үндэслэгч, эмчилгээний дасгал хөдөлгөөний аргуудыг зохиогч Оросын нэрт эмч Сергей Бубновскийтэй ярилцлаа. Тэрээр залуудаа машины ослоос хүнд гэмтэл аван клиникийн үхэлд орж, суга таягтай явах болжээ. Ингээд өөрийгөө эрүүлжүүлэхийн тулд хөдөлгөөний эмчилгээг санаачилж, нөхөн сэргээх аргыг хэрэглэн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар бүрэн эрүүлжиж чадсан аж. Тэрээр ОХУ-ын анагаах ухааны их сургуулийг дүүргэж, дэд эрдэмтэн болон докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн байна.


-Та хөдөлгөөнөөр эрүүлжиж, урт наслах цогц аргыг боловсруулсан эрдэмтэн хүн юм байна. Энэ аргыг хэрхэн яаж санаачлан гаргав?

-Орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг өөрийн олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнтэй хослуулж, хүн өвчин хуучинд баригдахгүй, эм, тариа хэрэглэхгүйгээр эрүүл саруул, урт удаан амьдрахад туслах цогц аргыг боловсруулсан. Энэ нь эрүүл саруул, урт удаан наслах амьдралын үндэс болсон тулгын гурван чулуу буюу дасгал хөдөлгөөнийг зөв, тогтмол хийх, зөв хооллох, сэтгэл санаагаа тайван сайхан байлгах, өөрөөр хэлбэл аз жаргалыг мэдэрч амьдарч сурах арга юм. Дасгал хөдөлгөөнийг хийхдээ өрцний булчинг удирдаж чадвал хэвлий, цээжний хөндий болон тархины дотоод даралт буурч, булчингууд суларсанаар хүчлэхгүй зөв хийдэг. Хооллолтын тухайд би дэглэм барихын эсрэг байдаг. “Дэглэм барих” гэдэг үг нь өөрөө хүнд сэтгэлзүйн дарамт үүсгэж, буруу хооллочих вий, өглөө цайгаа дутуу уугаад, орой хэтрүүлээд идчих вий гэх мэт зовнил үүсгэж байдаг.

Өлсөөгүй үедээ хоолны ширээний ард суух хэрэггүй, их өлссөн үедээ хэтрүүлж идэхгүй байх хэрэгтэй. Бодит байдал дээр хүн өөрийнхөө идэж хэвшсэн хэмжээнээс 3-4 дахин бага идэх боломжтой. Бид хооллолтын талаарх буруу ойлголт, дадал зуршлаа л өөрчлөх ёстой. Миний онолын гуравдах хэсэг бол сэтгэл зүйн энергитэй холбоотой. Хүн ер нь эрхэлж буй ажил төрөлдөө дуртай, сайн сайхан зүйл бодож, мөрөөдөж, аль болохоор сайн үйл хийж, их эерэг сэтгэгдэл авч байх хэрэгтэй юм.

-Хүмүүс биеийн тамираар хичээллэхдээ, ямар нэгэн хөдөлгөөнт дасгал хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Гүйлтийн явцад өөрийнхөө зүрхний хэмнэл, амьсгалаа хянаж чадаагүйгээс зүрхний шигдээс болтол гүйх тохиолдол хүртэл байна.

Хүний биеийн 60 хувийг бүрдүүлж байдаг булчин дотор цусны судас, мэдрэлийн судлууд, тунгалгийн шингэний систем бүгд агуулагдаж байдаг учраас хүний амьдралын эх үндэс нь булчин гэдгийг ойлгох нь чухал. Булчингууд байнга, зөв ажиллаж, ачаалал, амралтаа тэнцвэржүүлж чадаж байвал хүний биеийн цусны эргэлт, тунгалагийн эргэлт, мэдрэлжүүлэлт болон бодисын солилцоо хэвийн явагдана. Булчин бол хүний биеийн бүх хэсэгт кальц, фосфор, магни, тунгалгийн шингэн зэргийг зөөвөрлөдөг хонгилууд юм. Булчин сайн ажилласнаар бодисын солилцооны хямралын үед эд эсийн инсулинийг мэдрэх чанар сайжирдаг. Хэрвээ булчингийн ажиллагаа муудвал ясны сийрэгжилт үүснэ. Кальцийн ямар ч эм бэлдмэл ясыг бэхжүүлэхгүй. Ясны шим тэжээл мөн л булчингаар тээвэрлэгдэж ясанд очдог. Миний боловсруулсан дасгалууд дотор зүрхний шигдээсийн дараа зүрхний булчинг дасгалжуулах дасгал ч орсон байгаа. Багтраа, архаг бронхиттой хүн хийх ч дасгал байгаа. Түүнчлэн үе бүрт зориулсан дасгалуудыг тэр үетэй холбоотой булчингуудыг ажиллуулах байдлаар оруулсан байгаа.

-Хамгийн энгийн ямар дасгал байна?

-Би хүний биеийг гурван түвшин болгож хуваадаг. Хөлийг I түвшин, гэдэс, нуруу II түвшин, мөр, толгойн хэсэг III түвшин гэж ангилдаг. Долоо хоногт гурваас доошгүй удаа дасгал хийж хүний бие доторх цусыг биеэр тойруулж байх хэрэгтэй. Ачаалалтай дасгал хөдөлгөөн хийж, булчинг хангалттай ажиллуулаад дараа нь 48 цагийн завсарлага өгөх ёстой байдаг. Хөл, гар, мөр, хүзүү, бүсэлхийд тус тусад нь дасгал хийж цусны бага эргэлтийг их эргэлттэй нь холбох хэрэгтэй. Ингэснээрээ хүний биеийн цусны эргэлт сайжирч, эрхтэн, үе мөч, ясанд хангалттай тэжээл, эрдэс бодисууд очно. Дасгал хөдөлгөөнийг ямар ч дарааллаар хийж болно. Хамгийн гол нь амьсгалаа зөв удирдаж, ачааллаа хянаж, тогтмол хийгээд байвал цусны эргэлт, хэмжээг бүрэн сэргээж чадна. Хамгийн энгийн гурван дасгал гэвэл нуруу цэх босч суух, нурууны хэсэгт дээшээ харж хэвтээд хоёр хөлөө шулуун байрлалд 90 градус өргөж, буулгах, мөрөнд гар дээрээ суниах зэрэг орно. Харамсалтай нь дотоод шүүрлийн булчирхайн эмч ба бусад эмч нар биеийн тамирын дасгалын оронд дааврын эм, кальцийн бэлдмэл уу гэж зөвлөгөө өгдөг. Эдгээр эмүүдийг хэрэглээд ясны бүтцийг сэргээж, чанарыг сайжруулдаг гэж хэлдэг. Зөв хөдөлгөөн хийж булчинг ажиллуулахгүй бол эм хэзээ ч ясанд үйлчилдэггүй. Хөлийн болон аарцагны булчингуудыг ажиллуулаагүйгээс цусны эргэлт зогсонги байдалд орж, эд эрхтэн гэмтэж эхэлдэг.

-Сүүлийн үед хоол хүнснээс хамааралгүйгээр өдрийн туршид 2-3 литр усыг аяга аягаар нь уудаг болж. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Хүн өдөрт дунджаар 2-2.5л шингэн биеэсээ гадагшлуулж байдаг. Тийм учраас алдсан шингэнээ нөхөж байх хэрэгтэй. Гэхдээ ширээний ард өдөржин хөдөлгөөн багатай сууж, ус уух нь үр дүнгүй. Хэрвээ хөдөлгөөн ба ус уултыг зөв хослуулж чадвал ус нь бодисын солилцоог сайжруулж хүний бие дэх хаягдал, хорт бодисуудыг гадагшлуулж, үе мөч болон судас тэжээгдэж нөхөн сэргээгдэж байдаг. Ахмад настнууд дасгал хөдөлгөөнөөр эрүүлжихийг хүсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, цогц эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Самбуу-Ёндон: Чарли бааз руу террористууд халдах үед “буудалцаж байгаад нэр төртэй үхье” гэж бодогдсон

Батлан хамгаалах салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж, Зэвсэгт хүчинд ашиглагдаж буй орчин үеийн зэвсэг техниктэй танилцсан юм. Энэ үеэр тусгай томилолтын 084 дүгээр анги, инженер саперын 014 дүгээр анги, элитийн 150 дугаар батальон, артиллерийн 120 дугаар хороо, холбооны 189 дүгээр ангийн алба хаагчид зэвсэгт хүчинд ашиглагдаж буй орчин үеийн техник хэрэгслийг иргэдэд танилцуулж байлаа. Тухайлбал, манай улсад 2014 онд орж ирсэн “АН-19” загварын мина илрүүлэгч, Афганистан болон Судан улсад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай холбоо барьдаг Харрис-7800Н холбооны техник хэрэгсэл, бага оврын автомат, мэргэн буудагчийн винтов ВСК-94, гранатомёт ГП-30 зэрэг нь иргэдийн анхаарлыг тун их татаж байв. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед 20 секундэд 40 сумаар галлах чадалтай, немцүүдийн “үхлийн хар” гэж нэрийдэх болсон “Катюша”-гийн Монголд ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн загвар болох “БМ-21” болон Өмнөд Судан улсад манай дайчдын үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж буй БТР-80 газар уснаа явагчид сууж, гэрэл зургаа татуулцгааж байлаа. Тус өдөрлөгийн нээлтийн үеэр 2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш өөрийг гарын үсэгтэй ном бэлэглэснийг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулж өгсөн юм. Учир нь өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан байна.

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулж Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн холбооны дарга, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонтой ярилцсанаа хүргэе.


-Танд баярын мэнд хүргэе. Одоогоос арав гаруй жилийн өмнө та Иракт үүрэг гүйцэтгэхдээ гавьяа байгуулсан. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Иракийн энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн багт багтаж явсан. Миний хувьд түүнээс өмнө хилийн цэрэгт алба хааж байхдаа хойд хил дээр тува нартай буудалцаж байсан юм. Иракт өвөл хоёрдугаар сарын эхээр очсон. Биднийг очоод удаагүй байхад бидний байрлаж байсан “Чарли” баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөөд байж. Өглөө 07:00 цагийн үед эхний дэлбэрэлт болж, ачааны машин хана дэлбэлж, гарц нэвтрэн орж ирсэн. Хоёр дахь дэлбэрэлтийн өмнө биднийг чиглээд машин ирж байна гэсэн дуудлагыг Г.Аззаяа станцаар мэдээлсэн. Г.Аззаяа бид хоёр өөрсдийнхөө хариуцсан секторт чиглэсэн буудлага хийж, хуурах ажиллагаа явуулж байсан. Удалгүй машинтай бөмбөг тэсэрсэн.

-Яг тэр үед юу бодогдож байв. Айж сандарсан уу?

-Яг тийм үед айж сандардаггүй юм билээ. Таван толгойд хийсэн бэлтгэл сургуулилтыг дайны байдалд байгаа юм шиг хийдэг болохоор сандраагүй. Машинтай бөмбөг дэлбэрсний дараа бүх хүмүүс доошоо хамгаалалтын пункр руу ороод суучихсан. Би буух гэсэн хаалга онгойхгүй гацчихсан байлаа. Тэгээд л “Буудалцаж байгаад нэр төртэй үхсэн нь дээр” гэж бодогдсон. Хаалга гацчихсан, чиглэсэн буудлага болж байна гээд станцаар илтгэчихсэн болохоор удалгүй шуурхай бүлгийнхэн ирж постны хаалгыг өшиглөөд намайг гаргаж авсан.

-Чиглэсэн буудлага гэхээр та хоёр руу буудаж байсан гэсэн үг үү. Ингэхэд Г.Аззаяа та хоёр “бади” байсан юм уу?

– Тэсрэх бөмбөгтэй машин бааз руу нэвтрэх зорилготой. Тэр машиныг нэвтрүүлэхийн тулд цаанаас нь өөр хүмүүс хамгаалалт хийж бид хоёр руу чиглэсэн буудлага хийж байсан гэсэн үг. Г.Аззаяа бид хоёрын хувьд ахлагчийн сургуулийн нэг оны төгсөгчид, элитийн 150 дугаар батальонд хамт очиж байсан. Гэхдээ бид хоёр бади байгаагүй. Баазын тойрсон харуулын цэгүүд байдаг бөгөөд Г.Аззаяа бид хоёрын хариуцсан постны хооронд дайралт хийсэн юм.

-Иракаас хойш Сьерра-Леонд мөн энхийг сахиулахаар явж байсан юм билээ. Энэ хоёр ажиллагаа юугаараа өөр байсан бэ?

-Иракт цагийн байдал тогтворгүй, дайн байлдааны нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн. Харин 2006 онд Сьерра-Леонд байлдааны ажиллагаа дуусчихсан, олон улсын шүүх дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүрэг Монгол Улсын багт ногдсон. Иракт зургаан сар, Сьерра-Леонд долоон сар үүрэг гүйцэтгэсэн юм байна.

-Энхийг сахиулах ажиллагаанд ахиад оролцох төлөвлөгөө байна уу?

-Үгүй. Монголдоо байх шиг сайхан юм байхгүй. Ажиллагааны газар оронд манай цэргүүд үүргээ гүйцэтгэчихээд чөлөөт цаг гарвал амьдрал их ярина. Монголдоо очоод тэгнэ, ингэнэ гээд л төлөвлөнө шүү дээ. Нутаг руугаа буцах дөхөөд ирэхээр нойр хүрэхгүй. Би чинь Ховд аймгийн Чандмань сумын гаралтай. Нутгаа л их санадаг юм билээ.

-Ажиллагааны бэлтгэл сургуулилтаас шантрах үе гарч байсан уу. Цэргийн хүн байх хэцүү юу?

-Цэргийн хүн болно гэсэн чин эрмэлзэлтэй байсан болохоор бэлтгэл сургуулилтаас шантарч байсан үе надад нэг ч байхгүй.

-Танай гэр бүлд цэргийн хүн байдаг уу. Яагаад тэгж их хүсэх болсон юм бэ?

-Намайг жаахан байхад нагац ах нар маань гурван жил цэргийн алба хаагаад энгэр дүүрэн одон медальтэй, тэвхийсэн хувцастай цэргээс халагдаж ирсэн. Тэднийг ирэхэд би шар ногоон даавуугаар цэргийн хувцас оёулж, дэглүүлж өмсөж байлаа. Тэгээд л хар багаасаа цэргийн хүн болохыг хүсч мөрөөдөх болсон. Зурагтаар гарч буй парадын үеэр одон медальтай жагсаж буй ахмад дайчдыг харахад их гоё санагддаг. Харин надаас хойш хоёр ч дүү маань цэргийн хүн болсон.

-Хилийн цэрэгт алба хааж байсан гэсэн. Аравдугаар ангиа төгсөөд шууд цэрэгт явсан юм уу?

– Аравдугаар ангиа төгсөөд цэргийн дээдэд конкурс өгөөд тэнцээгүй. Жилийн дараа цэргийн зарлан дуудах хуудас ирж, хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ахлагчийн сургуульд конкурс өгч тэнцээд 2003 онд төгсөж элитийн 150 дугаар батальонд саналаараа буудагчаар очиж байлаа. Тэр үед элитийн батальон байгуулагдаад удаагүй, диктатур ихтэй, өндөр шалгууртай гээд хүмүүс тэр бүр саналаараа явдаггүй байсан юм.

-Цэргийн хүн байхын юу нь гоё вэ?

-Цэргийн хүний гоё юм нь тэнэг хүн, цэрэг хүн хоёр төмрөнд дуртай гэдэг юм билээ. Цэрэг хүн мөрдэсөө харж, энгэрээ харж баясаж, бахархаж явдаг.

-Таны хүрэхийг хүсч буй цэргийн цол юу байна. Хэнийг бахархан дуурайж явдаг вэ?

-Намайг цэрэгт хөтөлсөн хоёр нагац ах шигээ энгэрээрээ дүүрэн медальтай хүн болно л гэж боддог. Цэргийн хүн бүхэн л хурандаа болохыг, дарга болохыг хүсдэг байх. Би 150 дугаар ангид 2008 он хүртэл ажиллаж байгаад Батлан хамгаалахын их сургуулийг энгийнээр төгсөж, 2012 онд офицер болсон. Цэргийн дарга болох мөрөөдөлтэй байсан болохоор холбооны станцын дарга болох мэргэжлийг сонгосон. Одоо явган цэргийг агаараас халхлах 326 дугаар ангидаа холбооны дарга хийгээд явж байна. Цэргийн хүн эрт тэтгэвэрт гардаг. Одоо найман жилийн дараа тэтгэвэрт суухаар байна. Гэтэл одоо ахлах дэслэгч цолтой. Тэглээ гээд энэ цолоо чамлахгүй, тулсан гэж бодохгүй сайн ажиллахыг хичээж явна.

-Та хоёрыг цэргийн гавьяаны одон, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Үүнээс гадна та хоёрт байр өгсөн үү?

-Тухайн үед байр амласан. Гэхдээ өгөөгүй. Цэргийн хүн эх орондоо, энгэртээ, мөрдэстөө хайртай байхад болно доо.


Categories
мэдээ спорт

Морингийн даваанд маргааш бартаат замын уралдаантай

Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Мазаалай цом 2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах “Мазаалай цом 2017” бартаат замын тэмцээн 2017 оны 6-р сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм.

Тус тэмцээн:

  • Сонирхогчийн ангилал буюу ТR1
  • Мэргэжлийн ангилал буюу ТR3
  • Truck ангилал буюу Том оврын автомашин 4×4, 6×6
  • UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилалийн тэмцээн болох бол хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм.

Хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Тодруулбал, Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ. Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. “Говийн их дархан цаазат газар”-т уаз 469 , Landcruiser 77 , Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна. Мөн Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.

Энэ жилийн “Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажиллагаа хийнэ. Тодруулбал энэ тэмцээний үзэгчдийн таксаас цугласан мөнгөөр говийн их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын бүсийн захиргаанд мотоцикль авч өгөх юм байна. Улмаар жил бүр тэмцээний дараа мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажил хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. ҮХЦ-ийн гишүүнээр Н.Чинбатыг томилох танилцуулгыг хийв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хуулиараа танилцуулгыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь хийх ёстой. Гэтэл н.Зориг гэдэг хүн Монгол Улсын төрөөс том болоогүй байлтай. Ерөнхий шүүгч эзгүй үед насаараа хамгийн олон жил ажилласан хүн танилцуулах ёстой. Гэтэл хууль зөрчлөө. Үүнийг зориуд авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ төр хэтэрхий эзгүй байна. Улсын дээд шүүх хууль биелүүлэхгүй бол Монголд өнөөдөр хэн хууль биелүүлэх вэ?. Хуульзүйн байнгын хороо хууль зөрчсөн асуудлыг ҮХЦ-д тавь. Монголын төрд, хуульд захирагдана шүү” хэмээлээ.

Ингээд байнгын хорооны саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох санал хураалт явуулав. Гишүүдийн 93.9 хувийн саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов.

Дараагаар нь Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэв.

Categories
мэдээ спорт

С.Пүрэвсүх: Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна

Манай улсын хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг дөрвөн тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит академид өнгөрсөн жил суралцахаар Унгар улсыг зорьсон билээ. Эдгээр тамирчдийн нэг болох Ганболдын Ганбаяр “Пушкаш”-ийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна. Энэхүү тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” хэмээх дэлхийн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцдгийг хөлбөмбөг сонирхогчид, фанаатууд андахгүй биз ээ. Тэгвэл Г.Ганбаяр өнгөрсөн баасан гаригт “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар “Сузуки цом”-ын эхний тоглолтоо дэлхийд алдартай “Байерн мюнхен”-тэй хийсэн. Дэлхийд тэргүүлэгч шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн тамирчид энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл хэн хэн нь гоолгүй тэнцсэн юм. Улмаар тоглолтын сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал болсон. Г.Ганбаярыг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулснаар 1:0-ээр дэлхийн шилдэг баг “Байерн Мюнхен”-ийг буулган авчээ. Ийнхүү хүн төрөлхтний аугаа спорт хөлбөмбөгийн дэлхийн дэвжээнд монгол хүү гарч, олон улсад эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Ингээд түүний багш олон улсын хэмжээний мастер С. Пүрэвсүхтэй энэхүү түүхэн үйл явдлын талаар болон гарын шавь Г.Ганболдын тухай ярилцлаа.

-Таны шавь Г.Ганболд дэлхийн дэвжээнд гарлаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ амжилт гэж харж байна. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ хүүхдийн багшийн хувьд үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жил манай улсын шилдэг тамирчин Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарыг Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорих үед миний бие хариуцан шалгалт авч байлаа. Тухайн үед эдгээр дөрвөн шавьдаа “Та нар анх удаагаа Европын шилдэг академид очих гэж байна. Тэр газар бүтэн жил суралцаад, тоглоно гэдэг асар их хариуцлага шүү. Та нарыг амжилттай сайн суралцаад ирвэл, монголын хөлбөмбөгийн дараагийн үе дэлхийд гарах боломжтой болно гэдгийг сайн санах хэрэгтэй” хэмээн захиж билээ. Харин Г.Ганбаяр маань багшийнхаа итгэлийг алдалгүй, Пушкашийн үндэсний шигшээ багт нь тоглож, дэлхийн дэвжээнд гарч чадлаа. Энэ бол манай улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээх, том амжилт юм. Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна.

-Г.Ганбаярын гараанд гарч тоглосон тоглолтыг сэтгэл догдлон үзсэн байлгүй?

– Ер нь дэлхийн хэмжээний багуудтай Монгол тамирчин өрсөлдөнө гэдэг бидэнд ямар их боломж байгааг харууллаа. Тоглолтыг нь үзэлгүй яах уу. Гарч талбай дээр гарч ирэх тэр мөчид нулимс дуслуулсан шүү. Пушкашийн шигээ багийн үндсэн гараанд гарч тоглоогүй ч хоёрдугаар ээлжинд тоглохдоо үнэхээр ширүүн, хурдтай, тоглолтуудыг гаргаж байсан. Дэлхийд тэргүүлэгч “Байерн Мюнхен”-ий багийн эсрэг манай хүн үнэхээр сайн тоглосон.

Г.Ганбаярын баг дараагийн тоглолтоо ямар улсын багтай тоглох юм бол?

– “Реал мадрид” клубын багтай тоглоод байна. Энэхүү тоглолт хэрхэн болж өрнөснийг одоогоор мэдэхгүй юм. Бас дэлхийн шилдэг тоглогчтой, ширүүн баг шүү дээ.

-Г.Ганбаярыг анх хэдэн настайгаас нь өөр дээрээ хүлээн авч байсан бэ?

-Манай Ганбаа маань Сэлэнэгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат. Нэг настайдаа аав, ээжтэйгээ хотод ирсэн юм гэнэ лээ. Улмаар Ганбааг найман настай байхад аав ээж хоёр нь манай клубд дагуулан ирж, тоглуулдаг байлаа. Тэр үеэс эхэлж, энэ хүүхдийн ур чадвар тоглож буй арга барилыг нь хараад ирээдүйд сайн тамирчин болох шинжтэй хэмээн харж билээ. Ингэж л шавьтайгаа учирсан даа.

-Г.Ганбаярын тоглолтын онцлог нь юу юм бол?

-Энэ хүүхэд маань зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Манай “Хоромхон” клубд их олон жил тоглож байгаа. Аливаа зүйл туушдаа хандаж, бууж өгөхийг мэддэггүй, мэдрэмжтэй тоглодгоороо их онцлогтой. Мөн биеийн хөгжил сайтай, тоглолтыг уншдаг, ухаалаг тоглолт гаргадаг, ер нь багын л их мэдрэмжтэй, хурдтай, бусдаасаа онцлог, шаргуу хүүхэд байсан даа. Г.Ганбаяр маань өдгөө 17 настай, үеийнхээ хүүхдүүдээс ур чадварын хувьд хол илүү тасарчихсан, манай улсын ирээдүйн шилдэг тамирчин юм.

-Г.Ганбаярын өндөр нь хэд вэ. Өмнө нь гаргаж байсан амжилтынхан талаар яриач?

-Нэг метр 80 см-байгаа болов уу. Ер нь их нуруулаг хүүхэд, цаашид ч өсөх байх. Өмнө нь 15 настайдаа Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэнд таван гооль хийж, 16 настайдаа лигийн хүрэл медаль хүртэж байсан бахархмаар амжилттай тоглогчоо. Цаашид монголын хөлбөмбөг дэлхийд гарч тоглох боломжтой юм байна гэсэн итгэлийг Ганбаа маань өглөө. Энэ л хамгийн чухал амжилт.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь түүнийг дэмжин томилов. Санал хураалт явуулахаас өмнө гишүүд дараахь байдлаар саналаа хэлсэн юм.

Д.Тэрбишдагва: -Дөрвөн салбарыг хариуцдаг албан тушаалд томилогдох гэж байна. Түүх соёл дээрээ анхаараарай. Эрдэмтэн хүн сайд болох гэж байна гэж гишүүд ярилаа. Сайд гэдэг улстөрч, сайн менежер байх ёстой. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайд болгон өөрчилдөг болсон. Одоо үүнийг өөрчлөхөө болих хэрэгтэй. Монголд тохирсон сургалтын системыг л хөгжүүлэх нь зөв. Үүн дээр анхаараарай.

Г.Тэмүүлэн: -Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн багш нар “Амралтын үеэр ажилгүй хүмүүс шиг байдаг. Үүнийг зохицуулж өгөөч” гэж их ярьдаг. Үүн дээр та анхаараарай. Цэцэрлэгийн багш нар бас нэг асуудал ярьдаг. Юу гэхээр, тэд эцэг эхчүүдийг хүүхдээ ирж авахыг нь хүлээсээр байгаад орой 19, 20 цаг хүртэл ажилладаг. Гэвч үүнд нь илүү цагийн мөнгө гэж байдаггүй. Та үүн дээр тодорхой гарц гаргалгаа бий болгоорой.

Л.Болд: -Хот ачааллаа дийлэхээ больсон. Оюутнууд амрахаар хотын ачаалал басч байна. Тиймээс хэдэн жилийн өмнөөс ярьж ирсэн их, дээд сургуулиудыг хотоос гаргах санал санаачилгыг дэмжиж ажиллаарай. Боловсрол гэдэг том салбарт соёлыг наасан нь манай улсын алдаа. Та соёлын сайд гэдгээ мартаж болохгүй. Мөн шинжлэх ухаан ялгаагүй. Манайд сансар судлал хөгжөөд удаж байна. Гэхдээ одоо үүнийг анхаарахаа больсон. Уг нь манай улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон. Дэлхийн 101 дэх сансрын нисэгч нь Монголынх. Энэ бол бидний бахархал. Дээрээс нь та бол спортын сайд. Тиймээс олимпийн бэлтгэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ц.Нямдорж: -Яамандаа дөрөө даах боловсрон хүчнүүд ажиллуулаарай. Мэдлэг боловсролтой, ажлаа мэддэг туршлагатай хүмүүс чухал шүү. Элдэв юм яриад дамжигнаж гүйгээд байхааргүй боловсон хүчинтэй болоорой.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн гудамжинд Австри Монголын хөгжмийн фестиваль болно

Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран “Австри-Монголын хөгжмийн фестивал”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Фестивалийн хүрээнд энэ сарын 11-нд буюу ирэх ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн өдрөө UB Jazz Club-т чөлөөт тоглолт (Жэм сэйшн) толилуулахаар төлөвлөжээ. Дараа өдөр нь Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулах юм байна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирэх аж.

Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим Бүжгийн Коллежийн монгол оюутнуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Австри Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм.

Мөн энэ сарын 11-14-ний өдрүүдэд Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ. Фестиваль болон бусад арга хэмжээний талаар ЖаззЛаб хөгжмийн агентлагийн 95597500 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор пүрэв гарагийн үдэд тусгай үүргийн нислэгээр Казахстан улсын нийслэл Астана хотод хүрэлцэн ирлээ.

ШХАБ-ын 17 дахь удаагийн энэхүү дээд түвшний уулзалтад оролцох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яамны нэгдүгээр орлогч сайд Руслан Даленов нарын албаны хүмүүс угтав.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд Л.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс багтжээ.

Мөн өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа албаны хүмүүсийн хамт ШХАБ-ын гишүүн болон оролцогч орнууд, олон улсын байгууллагуудын тэргүүн нарт зориулан “Астана Опера” театрт болсон урлагийн тоглолтыг үзэж сонирхсоныхоо дараа төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулсан зоогт уригдан оролцох юм.

Маргааш буюу баасан гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд, хэдэн гол арга хэмжээнүүдэд оролцоно. Төрийн тэргүүн ШХАБ-ын гишүүн болон оролцогч орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Эл хуралдааны дараа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болох юм. Мөн өдрийн орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шарифтай уулзахаар товлосон байна.

Энэ уулзалтын дараа Монгол Улсын төрийн тэргүүн “Астана Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, гэрлийн шоу болон ёслолын буудлага үзэж сонирхох юм.

Дашрамд дурдахад, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцоно гэсэн гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэгэн чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ.

Анх байгуулагдахдаа ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлын салбарт түлхүү чиглэж байсан бол өдгөө худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон нь манай улсын сонирхолд илүүтэй нийцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын бэлтгэл ажилтай танилцана

Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана.

Тэрээр өнөөдөр 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засварын ажилтай танилцах юм байна. Энэ үеэрээ сур, шагайн харвааны гадна, дотно тохижилт, 500 автомашины зогсоолын тохижилтын ажлын явцыг үзэх аж.