Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын түймрийг унтраахаар ажиллаж байна

Богдхан уулын түймрийг зурган илэрцүүдЭнэ сар эхэлснээс хойш буюу сүүлийн гурав хоногийн өмнөөс Богдхан уулын Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон таван газарт гал түймэр асаж эхэлсэн байна. Тухайн газруудад Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг ажиллаж өнөөдрийн байдлаар хоёр газрын түймрийг унтраагаад байгаа аж. Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагч нар хэлж байгаа юм. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асаж буй түймрийн голомт дээр ажиллахаар явжээ.

Уг газар нь нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газруудын нэг. Аялж буй иргэд гал алдсанаас их хэмжээний гал гарах шалтгаан болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна. Татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхааруулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд автобус иргэдэд үйлчилж эхэллээ

Зуслангийн чиглэлд автобус зурган илэрцүүд

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн Таван шар-Ботаник, Нисэх-МУБИС-Ард, “Зунжин- Долоон буудал-МУБИС чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлийн автобусууд 22.30 цагаас 01.30 цаг хүртэл үйлчилгээнд явах юм.

Түүнчлэн зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-“Тэнгис” кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-“Тэнгис” кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явуулна. Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэв. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэх юм байна.

zam

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллага амралтын өдрүүдэд ажиллаж байна

Холбоотой Зураг“Онцгой Албан Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа

Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газарт хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд амралтын өдрүүдэд буюу 2017 оны 6 дугаар сарын 10, 11-нд гаалийн бүрдүүлэлт хийх юм байна.

Ажиллах цагийн хуваарь: Ердийн өдрийн адил 08:30-17:30 хүртэл үйлчилгээ үзүүлнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Самсунг хамгийн өргөн дэлгэцийг танилцууллаа

Баасан гарагт Самсунг компани CHG90 нэртэй компьютерийн шинэ дэлгэц танилцуулсан нь дэлхийн хамгийн өргөн дэлгэцэнд тооцогдож байна.

Түүнийг “super ultra wide” гэсэн шинэ ангилалд орох анхны дэлгэц гэж үзэж байгаа юм. Дэлгэцний хэмжээс нь 32:9. Харьцуулбал ultrawide ангиллын дэлгэцүүд 21:9 харьцаатай байдаг бол энгийн дэлгэцүүд 16:9 гэсэн хэмжээстэй байдаг.

Шинэ дэлгэц нь компьютерийн тоглоомчдын мөрөөдлийн дэлгэц болж байна. Түргэн хариу үзүүлэх чадвар (quick response), AMD-ийн FreeSync 2 технологитай зэрэг нь CHG90-ийг тоглоомчдын зах зээлд зориулсан гэдгийг харуулж байгаа юм.

49 инчийн супер өргөн дэлгэцэн дээр Эксел яаж харагдахыг дараах зурагнаас харж болно.

Мөн дэлгэцийг бүхэлд нь тоглоом тоглоход ашиглаж болохоос гадна хоёр хуваан өөр өөр ажилд зориулж болох юм. $1,500-ын үнэтэй CHG90 дэлгэцийг өнөөдрөөс Амазон онлайн дэлгүүрээс захиалж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн Их дүйчэн өдрийн “Сэтгэл ариусахуй” ёслолын арга хэмжээ боллоо

Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өчигдөр тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн зон сэтгэлийн амар амгаланг хурааж, үйлдсэн буян түмэнтэй арвиждагийг бясалган бие биедээ энэрэнгүй сэтгэлийг түгээж, элдэв үгсийг хэлэлцэн эв эетэй байж, бусдад урам зориг өгөн амар амгалан байх аваас бид бүхний өмнө тулгарч буй олон арван асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, аз жаргалтай хотыг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Бурхан шашинаар дамжуулан хотын соёлыг бий болгох, ард олныг гэгээрүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдэх, шашин соёлын арга хэмжээнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох цаашлаад, хүмүүнлэг энэрэнгүй зөв сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд шашины байгууллагуудын үүрэг оролцоо их юм. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг өргөн тэмдэглэж, гүн хүндэтгэл үзүүлж буй Гандантэгчэнлин хийдийн хамт олон, хамтран зохион байгуулж буй сүм, хийд бусад албан байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний буян номын ажлыг үргэлж дэмжин ажиллах болно. “Сэтгэл ариусахуй” уриан дор зохион байгуулж буй сүрт жагсаалд хүрэлцэн ирж, даган баясаж буй нийслэлчүүд та бүхний бодол оюун номын ариун хураар тэтгэгдэж, ашид амгалан байх болтугай” хэмээлээ.

Буддын шашинт улс орнууд энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай. Баярын үйл ажиллагааны сүрт жагсаал Гандантэгчэнлин хийдээс Д.Сүхбаатарын талбай руу, бясалгалын флашмоб төв талбайд болж, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав 14 дүгээр Далай багшийн мэндчилгээг хүргэж, Хутагт хувилгаадын төлөөлөл Жонон Ханчэн гэгээн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Бурхан багшийн ариун дагшин газар” сэдвээр илтгэл тавьж, урлаг соёлын одод оролцсон арга хэмжээ болж өнгөрөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цус харвалтаас хэрхэн сэргийлэх вэ?

Цус харвалтаас хэрхэн сэргийлэх вэ? зурган илэрцүүдЭнэ зун нар сүрхий шарж, халахыг цаг уурчид мэдээлээд байгаа. Тэгвэл аагим халуунд өндөр настай, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс харвалтаас хэрхэн сэргийлж болох зөвлөгөөг хүргэе. Монголчуудын дунд цус харвалт залуужиж, нас баралт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон асуудлын нэг болжээ. Энэ өвчний 30 хувь нь зүрхний хэм алдагдлаас болдог байна. Харин 70 хувийн шалтгаан нь даралт ихсэх, чихрийн шижин, тамхи татах, холестерин ихтэй, стрес зэргээс үүдэж тархинд цус харвадаг ажээ. Тодруулбал, тархины артерийн судасны шохойжиж нарийссан тэр хэсэг дээр бүлэн үүсэж, судас битүүрч улмаар тархи цусан хангамжаар дутагддаг байна. Мөн зүрхний тосгуурын хөндийд бүлэн үүсэж энэ нь хүзүүний артерийн судсаар дамжин тархины судсыг бөглөж харвах шалтгаан болдог гэнэ. Тамхи татдаг хүмүүст ихэвчлэн хүзүүний артерийн судас шохойжиж нарийсдаг аж. Тэр нарийссан хэсэгт үүссэн цусны бүлэн судасны ханаас ховхорч цусны урсгалаар дамжин тархины судсыг бөглөн харвах аюултай юм байна. Хэрэв та болон таны ойр дотны хүнд дараахь шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэнэ. Нүүр ам, гар, хөлөнд саажилт үүсэх, биеийн нэг тал, мэдээгүй болох, хараа муудах, аливаа зүйл хоёрлож харагдах, толгой эргэх, дайвалзаж тэнцвэр алдагдаад зогсохгүй гэнэт хүчтэй өвдөх, хэлж ярихад бэрхшээл саадтай болоод ирвэл шуудхан түргэн тусламж дуудах ёстой юм байна. Харвасан хүн огиулж, бөөлждөг учраас хажуу тийш нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр тухайн хүний амьсгалын зам чөлөөтэй болох нь ээ.

Бүгчим халуунд даралт ихэслээ гээд дур мэдэн эм уух нь аюултай болохыг эмч санууллаа. Мөн хүмүүсийн дунд зуун грамм татвал харвалтаас сэргийлдэг гэсэн яриа байдгийг ч анагаахынхан үгүйсгэв. Архи уух нь цус харвалтыг улам түргэсгэхэд нөлөөлдөг ажээ. Иймд энэ өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь амьдралын хэв маягаа өөрчилж, эмчийн хяналтад тогтмол байх ёстой гэсэн. Стресст орохгүй, ажлын хэт их ачаалал авахгүй байх, таргалалттай тэмцэж, жингээ хасах, архи, тамхины хэрэглээгээ зогсоох, спортын болон идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөв. Тэгвэл зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс эмчийн хяналтад тогтмол байх ёстой гэнэ. Эдгээр зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэнээр тархины цус харвалтаас 95 хувь хамгаалж чадах юм байна.


Categories
мэдээ нийгэм

Шөнийн гудамжийг камержууллаа

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ соёл-урлаг

Монгол, Солонгосын дуурийн дуулаачид хамтран дуулна

Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээлд тооцогддог аж. Дэлхийн хамгийн алдартай суут арван хөгжмийн зохиолчийн наймынх нь бүтээлийг Монголын уран бүтээлчид тоглодог байсан бол 2015 онд Г.Доницетти ес дэх нь болж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүний бүтээл анх удаа амилсан түүхтэй. Тус дуурийг 2015 оны аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж, гол дүрд нь УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА .Гомбо-Очир, Б.Батжаргал нар дуулж үзэгчдэд толилуулж байсан.

Энэ удаад УДБЭТ-ын хамт олон Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг өнөөдөр/2017.06.10/ БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран дахин тайзнаа тоглохоор бэлтгэл хангагдлаа. Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг тоглоход хамтран ажиллахаар БНСУ-ын Тежон хотын дуурийн байгууллагийн гоцлол дуучид болон тус дуурийн найруулагч Ан Ху Вон нар Монголд ирж бэлтгэлээ хангасан юм. Үзэгч та бүхэн дэлхийн сонгодогийн оргил бүтээл болох Г.Доницеттигийн ”Лучиа Ди Ламмермур” дуурийг үзэж амжаагүй өнөөдөр /2017.06.10/ УДБЭТ-т саатаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Эрхэм зочид , төлөөлөгчид өө,

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.

ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистан Улсын төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе.

ШХАБ гишүүнчлэлийн хувьд ийнхүү өргөжин тэлж байгаа нь түүний улс төр, эдийн засгийн нөөц боломж, олон улсын нэр хүндийг өсгөж, бүс нутгийн тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ.

Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна.

Хатагтай, ноёд оо,

Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм.

Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ.

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.

Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон 3 талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.

Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна.

Бид ШХАБ-ын хүрээнд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх, ХАА зэрэг салбарт хамтран үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.

Түүнчлэн соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.

Эрхэм дарга аа,

ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.

Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа иргэд өнөөдөр саналаа өгнө

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох санал хураалт гадаадад эхэллээ. Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд иргэд саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс пүрэв гаригт/2017.06.08/ салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж, бэлтгэл ажлын явц, байдлын талааор мэдээллийг сонссон байна. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасаг хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдэж, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгджээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрлалаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаар өгөхөөр бүртгэгджээ.