Categories
мэдээ нийгэм

Г.Чулуунбаатар сайд судлаачдад тэтгэлэг гардуулав

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлэгийг 66 залуу доктор хүртээд байна.

Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх санхүүгийн дэмжлэг болох зориулалттай юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэгт ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулав. Энэ жилийн тэтгэлэгт 45 төсөл ирсэнээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу доктортөнөөдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн тэтгэлгийн төслийн эрх авсан судлаачдын жагсаалт

Нэр

Төслийн нэр,

Байгууллага

1

М.Уртнасан

Бэлчээрийн талхагдлын таниур /индикатор/ ургамлын спектр ойлтыг спектрорадиометр болон нисгэгчгүй онгоц (UAV)-ыг ашиглан тодорхойлох, оронзайн тархалтыг илрүүлэх

Газарзүй-геоэкологийн хүрээлэн

2

Ц.Цэдэндорж

Суперкритикал (CO2) шингэний технологи ашиглан монгол орны зарим эмийн ургамлын органик нэгдлүүдийг нано түвшинд хандлах, ялгах, цэвэрлэх дэвшилтэт ногоон технологийн судалгаа

Хими, химийн технологийн хүрээлэн

3

Ж.Байгалмаа

Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг Ягаан мүгэз (Rhodiola rosea L) ургамлын адаптоген үйлдлийн судалгаа, эмийн бэлдмэл гарган авах боломж

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

4

Э.Занабазар

Гепатит D вирусын ачааллыг үзэх REAL-TIME PCR оношлуурыг дотоодод бэлтгэх, стандарт аргазүйг боловсруулах

Боловсролын их сургууль

5

Б.Цэрэнцоо

Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

6

Э.Жигмэддорж

“Халхын үйсэн ном”-ын судалгаа

МУИС-ийн Түүхийн тэнхим

7

Б.Тунгалагтамир

Цахилгаан станцын хаягдал үнснээс хөнгөнцагаан ба цахиурын оксид гарган авах судалгаа

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

8

Н.Эрдэнэ

Алт болон мөнгөний нано партиклийг гэрлийн эффектийн аргаар нимгэн үе дээр ургуулж наномэдрэгч /сенсор/ бэлдэх, хавдрын эсийг бага үед нь илрүүлэхэд хэрэглэх нь

ШУТИС-ийн Инженерчлэлийн сургууль

9

Б.Баянмөнх

Монгол орны Давст нууруудын хурдас, усанд орны нөлөөллийг судлах

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

10

С.Энхжаргал

Монгол Үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог аман соёлын өвд туссан нь

Хэл зохиолын хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт жирэмсэн эхчүүдэд зориулж “ЯГААН СУУДАЛ”гаргана

“Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна. Нэг автобусанд зориулалтын хоёр ягаан суудал байх бололтой.

Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандартаар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 06-р сарын 30-ны 15:00 цагт Автобус бaазын 1-р нэгтгэл дээр зохион байгуулагдана гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Нийтийн тээврээр зорчдог жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан суудал тодорхой зааж өгөөгүйгээс шаардлага тавих үндэслэл бүрдээгүй юм.

Тэгвэл “Монголын Энтрепренёр Ээжүүдийн Холбоо” ТББ-аас Нийслэлийн нийтийн тээврийн 1000 автобусанд Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулж ягаан суудал бий болгох нөлөөллийн аяныг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Говь” хандивын 16 сая төгрөгөө онцгойгийнхонд хандивлав

“Говь” хандивын 16 сая төгрөгөө онцгойгийнхонд хандивлав“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархлаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэгслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно.

Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын салбарт мэргэжлийн ёсзүйн дүрмийг нэвтрүүлэхээр боллоо

Хөрөнгө оруулалтын салбар дахь “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол сэдэв”т өдөрлөг өчигдөр “Blue Sky”д боллоо. Өдөрлөгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Монголын санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгтэй (CFA institute)хамтран зохион байгуулсан юм. Арга хэмжээг нээж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр нээж үг хэлэхдээ “Бусдын хөрөнгийг захиран зарцуулж буй хүнд ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй. Олон улсад хөрөнгийн зах зээлийн ёс суртахууны дүрэм гэж байдаг. Энэ бол бүх төрлийн мэргэжил дээр яригддаг ёс суртахууны асуудалтай ижил түвшинд яригдах болсон. Тиймээс бид өнөөдөр CFA институтийн ёсзүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг монголд хэрэгжүүлэх талаар урт хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах гэж байна” гэсэн юм.

Энэхүү ёсзүйн дүрмийн талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ёсзүйн хорооны дарга Г.МөнхЭрдэнээс тодруулахад “Манай зах зээл дээр мэргэжилтний ёс зүй гэдэг бол маш чухал асуудал. Компанийн болон үнэт цаасны тухай хуульд томоохон өөрчлөлтүүд орсон ч хуулиар зохицуулж болдоггүй тодорхой асуудлууд бий. Түүнийг дүрэм журмаар зохицуулдаг. Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн Америк, Японд ч ёс суртахуунгүй үйлдлээс болж компаниа дампууруулсан, түүнээс болоод хэдэн тэрбумын хохирол амссан хүмүүс бий. Хууль хатуу чанга ч гэлээ хүний натур өөрөө буруу зүйл хийх гээд байдаг. Тэрийг нь хааж өгдөг хэм хэмжээ зохицуулалт нь тухайн зах зээлийн ёс зүйн дүрэм юм гэдгийг CFA институт, олон улсын сургалтын байгууллагууд олж илрүүлээд энэ сургалтуудыг хийдэг болсон” гэв.

CFA институтээс гаргасан ёсзүйн дүрэмд зааснаар хөрөнгийн менежер харилцагчийн эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьж, харилцагчийн мэдээллийг нууцлах, үнэн зөвөөр ажиллах, зах зээлд оролцогчдыг төөрөгдүүлэх зорилгоор үнийг гажуудуулах эсвэл зохиомлоор үнийг өсгөхгүй байх ёстой ажээ. Энэхүү дүрмийг манай улс нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь ёс суртахууныг эрхэмлэдэг, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг эрхэм болгодгоо илэрхийлж буйгаас гадна хөрөнгийн зах зээл хөгжих нэг тулгуур нь болохыг CFA институтийн гүйцэтгэх захирал Ник Поллард онцолж байсан юм.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа дотоодын санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал, гадаад улс орнуудын сайн жишгүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн энэ үеэр “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалт”д хамрагдаж, шалгалтдаа тэнцсэн мэргэжилтнүүдэд эрхийн үнэмлэх олгох, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 2011 оноос эхэлж хөрөнгө оруулалтын зөвлөх, үнэт цаасны зуучлал буюу брокер диллер гэсэн хоёр чиглэлээр эрх олгож эхлэсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжлийн зөвлөл шалгалт авдаг ажээ. Энэ хүрээнд өчигдөр 93 хүнд олгосон юм.


Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт эхэллээ

Олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт эхэллээАвлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар суурь мэдлэг, ойлголт өгөх, ажиллах журмыг танилцуулах онлайн сургалт эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.7.4-д орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулахаар заасан ба үүний дагуу Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 сард 21 аймагт ажиллаж уг дэд зөвлөлийн гишүүдийг судлан, сонгон шалгаруулсан юм.

Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Авлигатай тэмцэх газрын дарга хамтран 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/53, А/44 дүгээр тушаалаар баталсан. Уг дэд зөвлөл нь 21 аймагт 78, нийслэлд 30 , яам, агентлагийн дэргэд 60 гишүүнтэйгээр буюу нийт 168 гишүүнтэйгээр улсын хэмжээнд дараах 3 чиглэлээр нийт 16 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Үүнд:

аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх;

Уг сургалтад өнөөдөр Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд оролцоно.

Маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Архангай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд хамрагдах юм.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ. Тэрбээр ярихдаа “Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа. Авч ирсэн хүнийг нь бариад өгчихөөд байхад одоо болтол таг л байна. 60 тэрбум, төмөр замын сая саяар тоологдох ам.долларын асуудал жил дамнаад явчих юм. Зарим зүйл дээр шуурхай, зарим зүйл дээр удаан юм аа, зайлуул” хэмээн ярьжээ.

Солонгос хүн танд 50 сая вон өгье гэсэн юм уу” гэсэн асуултанд Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн” хэмээн хариулсан байна лээ.

Таныг Ерөнхийлөгч болбол маш том хамгаалалт бий болно гээд байсан. Яг юуны хамгаалалтыг тэр солонгос хүн хүссэн юм бэ?

-Сүүлд нь үг нэмсэн байна лээ. Надтай тийм зүйл яриагүй. Тэр гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна. Надтай бол тийм зүйл яриагүй” хэмээн тайлбарлажээ.

https://admin.dnn.mn/%D1%81-%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B1%D0%…

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг,зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (I)

Түрүүч нь №138(5705) дугаарт

Батсүмбэрийн Сангийн аж ахуй энд байжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал хайрханы овоон дээр Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайтай хамт зогсож байтал саарал өнгийн суудлын жижиг тэрэг давхиад ирлээ. Машинаас 70 гаруй насны болов уу гэмээр хүн бууж ирсэн нь Г.Цэвэлсүрэн гэх өвгөн байв. Батсүмбэрийн сангийн аж ахуйд насаараа ажиллажээ. Х.Уртнасан гуайг таниад сүйд болох аж. “Танай аав Ц.Хорлоо манай сангийн аж ахуйн мянгат бригадын анхны даргаар ажиллаж байлаа. Хэдийд нь яаж амжуулдаг юм бэ гэмээр л их олон ажил амжуулчихсан байдагсан. Танайхаар манай сумын мөн ч олон хүмүүс орж гардаг байж билээ. Би танайд туслахаар томилогдож очсон юм. Дүү нартай чинь хамт хононо. А.Авирмэд гуай шөнийн 02:00 цаг болж байхад л үнээгээ саахаар гардаг байлаа. Мөн ч ажилсаг, найрсаг хүмүүс байсан даа” гээд л ярьж гарлаа. Х.Уртнасанд хандаж “Намайг энд томилогдоод ирж байхад чи дуучин болох гээд хот руу явчихсан байж билээ” гэж байна. Бид овоон дээрээс баруун хойшоо буулаа. Эндээс Х.Уртнасан дуучных өвөлждөг байсан газарт шууд очих юм. Сөгнөгөрийн голын хөвөө ногоорчихсон, цэцэг, навч алаглан ургажээ. Нялх ногоо зүлгээ дагаад танан цагаан гэрүүд айл, саахалтын зайтай бууцгаажээ. Голын эрэг дагаад хаа сайгүй л үхрийн аргал байх. Нутгийнхан мод түлээд аргалаа тоож түлдэггүй юм байна. Айл болгоны гэрийн гадаа бургас, улиас, нарс тэргүүт мод хураалгаатай байх. Хонио хариулж яваа хүүхдүүд хойд энгэрийг чиглэн хоорондоо уралдаж байгаа бололтой улаан тоостойгоо гозойх юм. Дуучны аав Ц.Хорлоо сангийн аж ахуйн бригадын анхны даргаар томилогдож ирээд Мандал хайрханы ар өвөр Сөгнөгөрийн голын хөвөөнд бууж байж. Бригадын төв гэж ёотон шиг дөрвөлжин хоёр цагаан байшинтай жижиг суурин байжээ. Анхны бригадын төвийн хоёр байшин одоо хүртэл байдаг юм байна. 1950-иад оны дунд үеэс 1990 оныг хүртэл энэ л хоёр жижигхэн цагаан байшингийн өмнө бригадын ажилтнууд хуралдаж, улсын төлөвлөгөөг хэдэн хувиар давуулан биелүүлэх талаар ярилцаж, нэг бол тэр ажлаа хийж чадахгүй байна, энэ ажлыг ингэж хиймээр байна гээд л их ажил хэрэгч яриа дэлгэн хуралдан суусан биз ээ. Батсүмбэрийн сангийн аж ахуйн бригадын төвийн хоёр цагаан байшинг 1990 оны үед нутгийн айл хувьчилж авсан байна. Одоо үхрийн нэмнээ, сааль сүүнийхээ сав суулга хийдэг газар болгожээ. Х.Уртнасан гуайн хүүхэд нас энэ л голын хөвөө, хоёр цагаан байшинд өнгөрсөн билээ. Түүнийг салхилгагүйтэж, ямар нэгэн буруу зүйл хийхээр аав нь цагаан байшиндаа дуудаж уулздаг байсан гэдэг. “Нөхөр минь чи яахаараа тэгдэг юм. Дахиж тийм зүйл хийгээд үзээрэй” гээд л загнадаг байсан аж.

ХОТЫН СУРГУУЛИЙН ОХИН МОРИОР ХИЧЭЭЛДЭЭ ЯВДАГ БОЛСОН НЬ

Х.Уртнасан хотод сургуульд нэгдүгээр ангиа төгсөөд Батсүмбэр суманд ирж байж. Хотын сургуулийн форм, “паарчиг”-тай хичээлдээ явдаг охин намар нь хөдөөгийн сумын сургуулийн хоёрдугаар ангид орж, суралцах болжээ. Сумын сургуулийн сурагчид даавуун дээлтэй, бөөрөн дээрээ улаан таван хошуу хадсан цүнхтэй хичээлдээ явдаг гэнэ. А.Авирмэд гуай үйл үртэст уран хүн байсан болохоор том охин Х.Уртнасандаа улаан таван хошуутай даавуун цүнх, хөх даавуун дээл намар оёж өгчээ. Охин айл саахалтын хүүхдүүдтэйгээ нийлж, морьтой сургууль руугаа явдаг байсан аж. Хичээлдээ явж байгаа хүүхдүүд бригадын төвөөс гараад л хоорондоо уралдаж, жолоо татахгүй давхисаар сургуулийнхаа хашааны үүдэнд ирдэг байжээ. Хичээлдээ ирэхдээ ч, харихдаа ч уралдсаар очдог байснаа хуучлав. Сумын бага сургууль гэж хөндлөн барьсан дүнзэн хүрэн байшин байх. Модоор пүн хийж, халуу оргитол галладаг жижигхэн ангидаа Х.Уртнасан ном эрдэм сурчээ. Ангийнхантайгаа нийлж ангиа нураачих шахам хашгиралдан үймэлж, сахилгагүй нь дэндсэн ангийнх нь хөвгүүд түүний хоёр салаа гэзэгнээс нь зулгааж уйлуулчихаад хэрхэн аргадах учраа олж ядахдаа зуухан дээр халааж түлсэн ааруул өгдөг байж. Юм бүхнийг танин мэдэх гэсэн хүүхэд насны гэгээн дурсамж, сурагч үеийн хөөр хөгжил, баяр баясгалантай мөчүүдийн талаар Х.Уртнасан гуай инээмсэглэл тодруулан ярих ажээ.

Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан

ШӨНИЙН 02:00 ЦАГТ ЭЭЖТЭЙГЭЭ ҮНЭЭ СААЖ, ҮХРИЙНХЭЭ САРАВЧИНД ДУУЛДАГ ОХИН

Дэлхийн алдарт дуурийн дуучин Х.Уртнасангийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн талаар төрсөн дүү Төв аймгийн театрын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Далантайтай уулзлаа. Тэрээр “Би эгчийгээ 15 настай байхад төрсөн юм. Их өндөр биетэй, нарийхан туранхай охин байж билээ. Манай аав, ээж хоёр ажилтай гэж жигтэйхэн. Ээж үнээгээ гурван удаа саана. Орой үнээгээ саачихаад шөнө шувууд жиргэж эхлэхтэй зэрэгцээд босно. 02:00 цагт л босдог байсан. Эгч том болчихсон болохоор ээжид байнга тусалж үнээ саана. Саалийн тэрлэгээ өмсөөд л хөл нүцгэн үнээндээ гарна. Харанхуй шөнө үнээ тугалаа танихгүй хэцүүддэг байсан гэж ярьдаг юм. Адилхан зүстэй олон үнээтэй. Үүр хаяарах болоогүй байхад үнээгээ сааж эхлээд нар арай мандаагүй цагт дуусдаг байсан юм. Намар оройхон тугал ивэлгэхээр гарахдаа дандаа хөл нүцгэн явна. Хяруу буучихсан хүйтэн шөнө хөл даарахын хэцүү хатууг хэлэх юм биш. Хэвтэж байгаа үхрийн цавинд хөлөө хийж дулаацуулдаг байлаа. Манай ах, эгч нар бүгд л тэгж үнээ ивэлгэдэг байсан даа. Сүүний чиглэлийн үнээ болохоор монгол үхрээс хэд дахин их сүү гарна. Том мөөмнөөс нь базаад л саагаад байна. Хувинтай сүү дүүрээд л тэрийг нь өөр том саванд юүлчихээд л саадаг байсан гэдэг. Эгч ээжээс дутахгүй ажилсаг байсан. Саальчин болсон бол мундаг ажиллах байсан байх шүү. Бүр улсын залуу аварга саальчин болж, Залуучуудын үнэн сонинд зурагтайгаа гарч байлаа. Эгч биднийг үхрийн саравчинд эгнүүлээд суулгачихна. Тэгээд том эгчээр өөрийгөө “Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа дуулна” гэж зарлуулж байгаад л дуулж гарна. “Гарын арван хуруу нь

Гажаа нь үгүй шулуун даа

Гартаа хийсэн бөгж нь

Хольц нь үгүй шижир дээ” гээд л цангинатал дуулна. Эгчийгээ дуулж байхад бид үе үе алга ташиж баяр хүргэнэ. Бид том эгчийгээ Ундаа гэж авгайлж дууддаг. Манай Ундаа ч үнэхээр гоё дуулж байна шүү. Өөр дуу дуулаач гээд л шална. Манай хүн ч яахав хүлээн авагчаар дуулсан дуу болгоныг дагаж дуулсаар байгаад сурчихдаг болохоор дуулахыг харин ч нэг үзүүлнэ дээ” гэв. Х.Уртнасангийн анхны тайз нь үхрийн саравч, анхы үзэгчид нь дүү нар нь байжээ. Үхрийн саравчиндаа сурсан дуу болгоноо хоолойн чадлаар хашгиран дуулах болсон байна. Хаана л явна дуу дуулж явдаг болжээ. Эндээс л дуугаар сэтгэлийн жигүүр хийж, өвөл голоос мөс үүрэээд явахдаа, үхэр, тугалаа ойртуулахдаа, морины нуруун дээр салхи татуулан давхиж явахдаа байнга дуулдаг болсон байна.

“ДАРГА НАР ЯВАХТАЙ ЗЭРЭГЦЭЭД ГЭРИЙН ЗҮГ ХАР ХУРДААРАА ЧАВХДААД”

Ээж А.Авирмэд нь БНМАУ-ын анхны эмэгтэй саальчин хөдөлмөрийн баатар болсноос хойш Ц.Хорлоогийн гэрээр гадаад, дотоодын албаны хүмүүс ирэх болжээ. А.Авирмэд гуай их цэвэрч нямбай хүн байсан гэнэ. Гэрээ өөрийнхөө оёж хатгасан зүйлээр чимэглэж, хүүхдүүдээ хужираар угааж, хувцасыг нь байнга индүүдэж өгдөг аж. Хотоос сайд дарга нар ирэхээр Сангийн аж ахуйн дарга нараас эхлээд л бөөн сүр дуулиан болдог байж. Х.Уртнасан гамбир, боов, боорцог, данхтай цай гартаа бариад дүү нараа дагуулаад гэрийнхээ ойролцоох жалга руу “хөөгдөнө”. Аав, ээж нь дарга нарыг явтал битгий ирээрэй гэж захина. Өнгө өнгийн цэцэгс түүж, цэцгэн эрхи сүлжин толгойдоо зүүж, чулуун гэр тойруулан барьж, янз бүрийн хэлбэртэй чулуугаар гэрийнхээ эд хогшлыг хийгээд өдөржин тоглож өнждөг байжээ. Гэрт нь ирсэн дарга, зочдын машин хөдлөхтэй зэрэгцээд л Ундаа дүү нараа орхиод гэрийн зүг чавхадчихна. Гэр рүүгээ хар гүйхээрээ ороод тавагласан чихрээс гартаа дүүрэн атгаж аваад гараад гүйнэ. Авсан чихрээ дүү нартайгаа хувааж идсээр гэртээ ирдэг байсан талаарх хөгжилтэй түүх түүний санаанаас огт гардаггүй аж. Мөн ногооны талбайгаас лууван хулгайлж өдөржин иддэг талаар нь Х.Уртнасан гуайн дүү нар хөгжилдөн ярих юм. “Ундаа биднийг дагуулаад л гэрийн урд талын ногооны талбайд очино. Бид хүн харж байгаад нууцаар орж баахан лууван сугалж авна. Тэгээд л бөөнөөрөө хулгайлсан луувангаа иднэ. Чихэрлэг шүүстэй лууванг өдөржин амтархан идэхийн сайхныг ярих юм биш. Чихэр ховор цагт лууван үнэхээр сайхан амттай байсан юм. Лууван хулгайлж идсэн хэрэгт биднийг уриалж дагуулж явснаараа эгч буруутан болж аав, ээжид загнуулна. Тэгсэн ч хашрахгүй хэд хоноод л дахиад л өнөө амттай луувангаа гэдсээ дүүртэл иднэ. Ундаа эгч бидэнд анх ногооны салад хийж өгсөн хүн. Өөрөө өрөм идэж ерөөсөө чадахгүй. Ээжийн өгсөн алгын чинээ өрөмний цөцгийг нь долоочихоод л үлдсэн шар хэсгийг нь идэхгүй хаяна. Тэгснээ үхрийн саравчинд байцаа, лууван хөшиглөж өрөмтэй холино. Өрөмтэй хэрчсэн ногоондоо өөрөө нугасгүй дуртай. Инээд алдаад л идээд байна. Бид ч дуртай иднэ. Ээж эгчийг миний охин овоо доо өрөм идээд байдаг боллоо гэж магтана. Удалгүй 17 настайдаа хот руу дуучин болохоор явчихсан юм даа” гэв.

Х.Уртнасан гуай Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин А.Долгор нарын хамт

Х.Уртнасан гуайн хамт алдарт Сөгнөгөрийн голыг өгсөөд явлаа. Голын эхэнд олон түмний сайн мэдэх Сөгнөгөрийн амралт бий. Залуухан цагаан хус найгаад, голын ус мэлзэлзэн мяралзаж, шар будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг шар цэцэг хөл гишгэх зайгүй ургажээ. Батсүмбэрт жил бүрийн намар оюутнууд ирж, ажил хөдөлмөр оргилон буцалж, сангийн аж ахуй дуу хуур болсон газар болон хувирдаг байж. “Анхны алхам”, “Мартагдашгүй намар” киноны зураг авалтыг Сөгнөгөрийн гол, энэ л байгалийн яруу тансаг газарт хийсэн байдаг. Х.Уртнасан дуучин “Энэ “Анхны алхам” киноны зураг авалт хийсэн талбай шүү дээ. Нөгөө Болд дадлага хийж байгаа эмэгтэй дээр очиж уулзахдаа яг энд трактороо суулгаж байсан газар. Энд өвс хадаж байгаа зураг авалт хийгдсэн” гээд л нэгд нэгэнгүй зааж өгсөөр явлаа. Х.Уртнасан 16 наснаасаа Сөгнөгөрийн амралтад болдог бүжгэнд явдаг болжээ. Орой үнээгээ саачихаад найзуудтайгаа нийлж дөрөө харшуулан хатируулсаар Сөгнөгөрийн амралтын газарт ирж оюутнуудтай оройн бүжгэнд орж сэнсэртэл эргэлдэн бүжсээр шөнө дөлөөр гэртээ харьдаг байжээ. Оройн бүжгэнд орчихоод сарны саруулд найзуудтайгаа хоолой нийлүүлэн дуулсаар гэрийн зүг дэргэтэл хатирч явах даанч жаргалтай байсан биз ээ. Бид голоо өгсөж явсаар тахианы ферм байсан газарт ирлээ. Монголын хамгийн олон тахиатай ферм энд байсан билээ. Үүр цайхтай зэрэгцээд азарган тахианууд донгодон хашгирч, бяцхан ангаахайнууд чөлөө завгүй жив жив дуугарсан газар байсан гэх ул мөр одоо энд алга. Тахианы сангас овоолоостой газар ч ул мөргүй болж. Ц.Хорлоо гуайнх энд хэдэн жил зусчээ. Нэг жил аав, ээжийгээ эзгүйд шөнө орсон усан борооноор хонио уул руу алдчихжээ. Шөнөжин хайгаад олж чадалгүй үүр цайлгасан гэнэ. Арав гаруй хонийг нь чоно барьж, гэдсийг нь бөндийтөл гаргаад тавьчихсан байжээ. Аав, ээжийгээ ирэхэд нь Х.Уртнасан уйлаад л зогсож байсан гэдэг.

ДУУЧИН БОЛСОН ТҮҮХ

Энд тэнд дуу дуулаад л яваад байгаа охиноо хараад ээж нь дуучин болж магадгүй гэж бодсон бололтой юм. Тэгээд аав Ц.Хорлоод нь “Энэ хүүхдийг хотод дуучин болгодог юм билүү” гэж хэлсэн байдаг. Аав нь эхлээд ээжийнх нь хэлсэн санааг дэмжихгүй байснаа нэг өдөр бригадын цагаан байшиндаа дуудаж уулзсан гэдэг. Тэгэхдээ “За охин минь чи тэгээд дуучин болж чадах юм уу. Дуучин болсон гээд л янз бүрийн хувцас өмсчихөөд яваад байв даа” гэсэн байгаа юм. Х.Уртнасан ч “Ааваа би чадна аа. Сайн дуучин болно” гэж итгэл дүүрэн хэлжээ. Ингээд Хөдөлмөрийн баатар А.Авирмэд гуай охин Х.Уртнасангаа дагуулаад хотод байдаг хамаатан садандаа хэдэн битон сүү бэлдээд морин тэргээр сумын төв рүү явсан аж. Ингээд сумын төвөөс галт тэргэнд сууж их хотод очсон гэнэ. Тэр үед Ардын ансамбльд шалгалт өгчээ. Монгол Улсын Ардын Жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нар шалгаж авчээ. “Гарын арван хуруу” дуу дуулаад тэнцсэн байна. Шалгуулчихаад гараад явж байтал ээжийнх нь нутаг буюу Төв аймгийн Бүрэн сумын уугуул Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Дамдинбазартай таарсан аж. Ээж нь нутгийнхаа хүнд охиноо захиж үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн байна. Түүний дуучин болох гараа ингэж л эхэлж байж.

Л.ЦОГЗОЛМАА: ҮСЭЭ ХОЁР САМНАСАН СААЛЬЧИН БОР ОХИН ЭЭЖИЙГЭЭ ДАГАЖ ИРЭЭД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДУУЧИН БОЛСОН ДОО

Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайн анхны багш нь Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа билээ. Анх ямар хүүхэд хөдөөнөөс дуучин болохоор ирж байсан талаар багш Л.Цогзолмаа гуайтай хөөрөлдлөө. 90 гаруй настай Хөдөлмөрийн баатар маань ануухан байна лээ.


-Таны хайртай шавь нарын нэг нь яах аргагүй гуай мөн. Дэлхийн алдарт дуурийн дуучин маань анх танд шавь болж ирсэн байсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Ээж нь Монголын анхны хөдөлмөрийн баатар эмэгтэй А.Авирмэд гуай шүү дээ. Бид А.Авирмэд гуайг их хүндэлдэг байсан юм. Үнэхээр гайхалтай хөдөлмөрч хүн байсан даа. Нэг өдөр үсээ хоёр салаа самнасан, даавуун дээлтэй, их сэргэлэн нүдтэй, нүдэнд дулаахан бие хаа сайтай охин дагуулаад ороод ирлээ. Би тэр үед Ардын ансамбльд ажиллаж байлаа. Тэгсэн А.Авирмэд гуайн том охин Х.Уртнасан гэнэ. Дуулуулж үзлээ, байгалиас заяасан их сайхан зөв хоолойтой хүүхэд байв. Бид дуулахыг нь сонсоод бас шүлэг уншуулсан санагдаж байна. Үүний дараа хоорондоо ярилцаж үзээд дагалдан дуучнаар авлаа. Дөнгөж 17 настай саальчин охин байлаа шүү дээ. Цаанаасаа байгалиас, бурханаас заяасан авьяастай хүн. Эхлээд дуучин болох сургуулийг нь төгсөж, багш нараар огт хичээл заалгаж байгаагүй болохоор тийм ч сайн дуулахгүй. Би өөр дээрээ аваад Учиртай гурван толгой дуурийн хамгийн анхны хувилбараар Нансалмаагийн хэсгийг зааж өглөө. Хэд хоног бэлдээд дуулсан маш амархан сайжирсан юм.

-Урлагийн алтан үеийнхэн х.уртнасан гуайг бэлтгэл сургуулилтаа маш сайн хийдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Х.Уртнасанд авах зүйл маш их бий. Тэр сайхан чанаруудаас аав, ээжийгээ дуурайсан үнэхээр хөдөлмөрч хүн. Нэг юм заагаад өгчихөөр өөрийн болтол нь бэлтгэл сургуулилт хийнэ. Ямар нэгэн зүйлээс ухарч няцна гэсэн ойлголт байхгүй. Дайраад л орсон бол ард нь гарч байж л санаа нь амардаг зантай. Төрөлхийн авьяастай хүүхэд хөдөлмөрлөөд өөрийгөө хөгжүүлээд эхлэхээр хоолойн цар хүрээ ч маш их өсөн дэвшиж дээшилсэн. Манайд дагалдан дуучин болоод их удалгүй гоцлол дуучин болсон. Ер нь дуурийн дуучин болж магадгүй болоод эхэлсэн. Энэ үед Г.Хайдав дуурийн дуучны сургууль байгуулж байгаа гээд аваад явсан юм.

-г.хайдав гуай х.уртнасан дуучныг сургуульдаа авахын тулд бэр гуйж байгаа юм шиг л танаас гуйгаад сүртэй зүйл болсон гэдэг байх аа?

-Ш.Хайдав нэг өдөр манай ажил дээр хүрч ирээд танай Ичинхорлоо, Насанбуян, Х.Уртнасанг авмаар байна. Би дуурийн дуулаачны сургууль байгуулж байгаа гээд гуйсан юм. Би тэр үед Х.Уртнасандаа “Хэрээ шиг муухай хоолойтой хүнийг гургалдай шиг дуучин болгодог багш байна. Гургалдай шиг сайхан дуулдаг хүнийг хэрээ шиг болгодог багш бий. Чи дуурийн сургуульд явах юм уу гэж асуусан. “Багшаа би явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд л Г.Хайдавын шавь болгоод явуулсан даа. Хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй сайхан дуурийн дуучин болсон. Үнэхээр дэлхийн дуурийн шилдэг дуучдын нэг болсон. Шавиараа би үргэлж бахархаж явдаг юм. Тэр ажил дээр ч амьдрал дээр ч нугарч, хугарч үзээгүй хүн. Х.Уртнасангийн амьдрал тийм ч шулуун дардан байгаагүй ээ. Тэр болгоныг сөрж даван туулаад л гарсан. Х.Уртнасан дэлхийд гайхагдсан дуурийн дуучин шүү. Үнэхээр чадалтай хоолойтой дуучин. Би шавийгаа Хөдөлмөрийн баатар болох хүн гэж дандаа бодож явдаг юм. Түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихоод зогсож байхад хэн ч энэ хүн баатар болж байгаа юм уу гэж хэлэхгүй дээ. Монголын урлагийг дэлхийд гаргасан агуу дуучин. Дэлхийн дуучин шавь минь дэлхийд өөрийнхөө шавь нарыг бэлтгэж гаргаад л явж байна. Энэ болгонд нь баярлаж, талархаж явдаг юм даа гэв.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

МАНАЙ НИЙТЛЭЛИЙН ДАРАА: Туулын бургасыг сүйтгэсэн “зүүнбаян рефайнери” компанийн лицензийг цуцалжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, голын эрэгт яг тулгаад барилгын суурь цутгаж байгаа “Зүүнбаян рэйфанери” компанийн талаар манай сонин сурвалжлан уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэгвэл дээрх компани хууль зөрчин барилга барьж байгаа асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Зүүнбаян рефайнери” ХХК тухайн үеийн Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авсан. Мөн газар ашиглах гурвалсан гэрээг дээрх оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Улмаар эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ. Тухайн үеийн ТХНУГ-ын /Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар/ дарга Т.Эрдэнэчимэг 2014 онд тус компанийн ашиглалтын талбайг голын хамгаалалтын бүсээс гаргах нэрээр талбайн солбицлын анхны байсан долоон цэгийг холбогдох тушаалгүйгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд 17 болгон өөрчилсөн байна. Өөрчлөгдсөн солбицол бүхий газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлээгүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал бий болсоор ирсэн” гэв. Мөн “Үүнтэй холбогдуулан хамгийн анх 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийсэн байна. Гэтэл бургас мод сүйтгэсэн зөрчил илэрч 6.560.940 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 900013003 тоот дансанд төлүүлсэн. Үүний дараа 2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр мөн тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрсэн.

Бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тус компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгсөн юм. Энэ мэт байдлаар байгальд их хэмжээний хохирол учруулсныг удаа дараагийн шалгалтаар тогтоож, 2017 оны тавдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д Байгаль орчны улсын байцаагч Ойн тухай хуулийн дагуу дахин 12.363.420 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан. Гэвч “Зүүн баян Рефайнери” ХХК-ийн байгальд учруулж байгаа хохирол, тус компанийн зөрчил, дутагдал одоог хүртэл арилахгүй байсаар байна.Иймд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцаллаа” гэв.

“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эргээс арав хүрэхгүй метр газар барилгын суурь ухаж байв. Туул голын сав газрын бүтцийг өөрчилж, хайргатай хэсгийг нь ухжээ. Энэ нь Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг илтэд зөрчжээ. Мөн Газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэм зөрчсөн, бургас сүйтгэсэн, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчил үүсгэсэн. Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 зүйл заалтыг ноцтой зөрчиж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал: Би ялалтандаа тохирсон алга ташилтыг сонсмоор байна

Тэсвэр хатуужлын тэмцээн гэгдэх 240 цаг үргэлжилдэг “Self-transcen­dence USA open” тэмцээний арван өдөр, шөнийн хэт холын марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 1189 км гүйж түрүүлэн дэлхийн аварга болсон Бямбаагийн Буджаргалтай ярилцлаа.


-Өнгөрсөн хавар Америкт болсон 10 хоногийн гүйлтэд амжилттай оролцон түрүүлж, дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Тэрхүү тэмцээний тухай сонирхуулахгүй юу?

-Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6-10 өдрийн “Self-transcendence USA open” тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-27-ний өдрүүдэд болсон. Өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 86 гүйгч оролцсон юм. Хэт холын зайн гүйлтийн спорт дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна уу даа. Ер нь 10 өдөр, шөнө тасралтгүй гүйнэ гэдэг миний хувьд өөрийгөө ялах тэсвэр хатуужлын шалгуур байлаа. Энэхүү тэмцээний нэр нь “Өөрийгөө ялах”. Тийм ч болохоор өөрийгөө ялахын төлөө, эх орныхоо нэрийг гаргахын тулд л хамаг байдгаа шавхаж гүйсэн дээ. Энэ тэмцээнд оролцох хүсэлтэй маш олон тамирчид байдаг. Гэвч тэдгээрээс ердөө ная гаруйхныг л оролцуулдаг юм. Тамирчдад шаардагдах дэд бүтцийг бодолцож тэр тоог тогтоосон гэсэн. Тухайлбал хоол хүнс, эмч эрүүл мэндийн тусламж амрах орчин зэргийг харгалзаж үздэг юм билээ. Харин 84 тамирчиндаа тавих шалгуурт нь өдөрт 80 км гүйчих боломжтой, өмнө нь 24 цагийн гүйлтэд амжилт гаргасан гэх зэрэг хэд хэдэн шалгуурыг тавина. Миний хувьд 24 цагийн гүйлтийн Монгол Улсын гурван удаагийн аварга учраас дээрх болзлыг нь төвөггүй хангасан. Мөн энэхүү тэмцээнд хэтэрхий залуу тамирчныг оролцуулдаггүй. Залуу тамирчид дээр хэлсэнчлэн шалгууруудыг хангаагүй байдаг. Ер нь тэмцээний онцлог нь шинжлэх ухаанаар бол доктор хүмүүс оролцох ёстой гэсэн үг.

-10 хоног өдөр, шөнөгүй гүйнэ гэхээр хүнээс асар их тэсвэр тэвчээр гарах болов уу?

-Мэдээж хэрэг. Миний бие организмийн хувьд бага зэрэг хямарсан явдал бий. Тухайлбал хоёр удаа бөөлжиж хэвтсэн. Хэсэг унтаж амраад цааш гүйтэл өвдөг, дэлүүгээр хатгаж байх жишээтэй. Энэ тохиолдлуудад хэсэг амархад л 100-гаад км-ээр хоцорсон байдаг л даа. Ер нь10 өдрийн турш өдөржин шөнөжин гүйхэд бие организм, сэтгэл санааны хувьд олон л юм болно ш дээ. Эхний таван километр газар гүйгээд л хүний бие ядарч эхэлдэг. Ингээд оюун ухаан, бие мах бодь хоорондоо тэмцэлдэж эхэлдэг юм шиг байгаа юм. Бие эрхтэн ядарч байна, амрах хэрэгтэй гэсэн дохиог үргэлж тархинд өгч байдаг. Тэр бүхэнтэй оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэмцэн байж, сая нэг өөрийгөө ялж чадна. Би өөрийгөө ялсан. Энэхүү тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна.

-Гүйж явахдаа хэсэг амардаг гэсэн. Яг тэмцээнд ямар байдлаар уралддаг юм бол?

-Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн зориулалтын зам бий. Гүйгчид нэг километр 600 метрийн тойрог замаар бүтэн арав хоногийн турш уралдана. Хонон өнжин гүйж байгаа болохоор замдаа бие засах, хоол идэх, ус уух зэрэг хэсэг зуурын амралт бий л дээ. Тамирчид өөрсдийн дураар хичнээн цаг, минут ч амарч болно. Гэхдээ уралдаан тэмцээн л юм чинь тэр бүр хоол, ус эргүүлээд явахгүй. Миний хувьд нэг ч зогсоогүй. Болж л өгвөл гүйж л байсан. Гүйх зуураа хоол унд, шингэнээ нөхөж байлаа. Зогсолтгүй явж байж л өөрийгөө ялна, түрүүлнэ шүү дээ.

-1189 км зам туулна гэдэг Улаанбаатараас Говь-Алтай орох зай шүү дээ. Ингэж бодохоор хүнээс ямар их хүч гарах нь ойлгомжтой…?

-Тэгэлгүй яахав. Өдөрт дор хаяж 100-120 км зам туулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл өдөр бүр хотоос Лүн сум орно гэсэн үг шүү дээ. Ингэж бодохоор хүний оюун ухаан битгий хэл, анагаахын шинжлэх ухаанаар ч боломжгүй гэж хэлнэ. Гэвч хүний эцсийн нөөц боломжоос илүү цаад талын асар их хүч байдаг юм билээ. Би өөрөөсөө эцсийн хүч гэдгээс давсан хүчийг гаргаж чадсан.

-Ихэнх хүмүүс өөрийгөө хэрхэн ялах учраа олдоггүй байх. Өөрийгөө ялах мэдрэмж ямар байдаг юм бол?

-Тамхи татдаг хүний тамхийг нь хорьчихвол тухайн хүн нэг хэсэг хэцүүднэ. Хаа нэг газраас тамхи олоод татчих юмсан гэсэн бодол толгойд нь үргэлж эргэлдэнэ. Тэр бие дотроос хүсээд байгаа хүсэлтэйгээ тэмцэлдэнэ гэдэг тамхичин хүний хувьд хэцүү. Үүнтэй л адил. Гэхдээ энэхүү спортын дэргэд тэр тамхичны хүсэл жижигхэн зүйл л дээ. Хүн усгүйгээр хоёр хоноход ам нь цангана. Ус уумаар санагдана. Үүнийгээ 10 хоног тэвчээд байвал хүний бие ядрана, сульдана. Гэвч ядарлаа, би өөрийнхөө тэсвэрийн эцэст хүрлээ гэж бодоход түүний цаана дахин нэг цөм хүч байдаг. Яг л дэлхийн цөм шиг. Би үүнийг л мэдэрсэн. Хүний тэсвэр тэвчээр, тэр дундаа монгол хүний өвөрмөц ген, цус бусад хүмүүсээс ямар их ялгаатай вэ гэдгийг мэдэрсэн, үүнийгээ харуулж чадсан.

-Барианд орж ирэх мөчид та монгол баатрын хуягт хувцастай, төрийн далбаагаа намируулсаар орж ирсэн. Өөрийгөө энэхүү тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Өмнө нь энэхүү тэмцээнд оролцохдоо дөрөв, зургаа, аравдугаар байранд орж байлаа. Өнөө жилийн тухайд өөртөө “Би энэ тэмцээнд түрүүлэхгүй юм бол, үхсэнтэй адил” гэсэн хатуу шаардлага тавьсан л даа. Тэмцээнд амжилттай оролцохын тулд маш сайн бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүрхээ зоригжуулах нь чухал. Тийм болохоор би нэг л зүйлийг дотроо бодож, сэтгэл санаагаа өргөсөн. Мэдээж хэрэг надаас бие, бялдар, амжилтын хувьд хол илүү гарах дэлхийн алдартай тамирчид олон. Би тэр тамирчдаас юугаараа илүү вэ гэж их бодсон. Ингээд монгол хүн, Монголын түүхээ барьж авахаас өөр арга байгаагүй. Тэртээ хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс дэлхийг морьтойгоо эзэлж явсан. Аугаа Чингис хаан, түүний хөлөг баатруудын сүр хүч, авьяас билэг дэлхийд цуутай. Тийм болохоор өвөг дээдсийнхээ аугаа үйлсийг бодож, түүнээс сэтгэлийн хүч, зоригийг олж байж, тэмцээнд оролцсон. Тэртээ 800 гаруй жилийн өмнө Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байхад өнөө цагийн монголчууд бид яагаад дэлхийг амжилт үйлсээрээ тэргүүлж болохгүй гэж. Би ингэж л өөрийнхөө сэтгэлийг бэлдсэн. Улмаар тэмцээнд оролцохоос өмнө эх орондоо Чингисийн хүлэг баатаруудын өмсөж байсан хуягт хувцсыг захиалгаар хийлгэсэн юм. Түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Хатуухан хэлэхэд би тэрхүү тэмцээнд түрүүлээгүй бол үхсэн ч яахав л гэж бодсон.

-Дэлхийн аварга гэсэн нэр хүндтэй зэрэгцэн тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгосон байх. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Чи хэдий хэмжээний мөнгөөр шагнасан бол гэж байна уу. Тийм зүйл өгдөггүй л дээ. Өөрийгөө ялж чадсан маань л миний хамгийн том шагнал. Энэ тэмцээнд оролцоогүй, түрүүлээгүй бол би өөрийгөө яаж ялах байсан юм бол, мэдэхгүй.

-Тэгэхээр ямар ч шагнал өгдөггүй гэсэн үг үү. Тэмцээнд оролцохын тулд 700 доллар төлдөг гэж байсан?

-Тийм ээ. Гэхдээ ямар нэгэн мөнгөн шагнал өгөөгүй. Өргөмжлөл, батламж бол олгоно. Энэхүү тэмцээний нэр “Өөрийгөө ялах” шүү дээ. Өөрийгөө ялахын тулд л мөнгө төлж байгаа хэрэг.

-Та өмнө нь дөрвөн ч удаа энэхүү тэмцээнд оролцсон гэнэ. Гадаад руу явах зардал, тэмцээний зардал гээд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах юм биш үү. Тамирчин хүний амжилт түшигтэй ивээн тэтгэгчид байдаг болов уу?

-Ивээн тэтгэгч маш чухал. Гэхдээ би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг. Гүйлтийн спортоос олж авсан тэсвэр хатуужил, сэтгэлийн хат маань амьдрал дээр олон зүйлд хэрэг болдог л доо. Нөгөө талаараа оюун санааны томоохон дасгал ч болох нь бий. Миний хувьд одоогоор томоохон бизнес эхлүүлчихсэн явж байна. Түүний дотор дэлхийн хэмжээний бизнес ч бий. Дэлхийн хэмжээний мундаг таирчидтай мөр зэрэгцэн гүйж чадаж байгаа юм чинь бизнесийн салбарт тэдэнтэй хойно урдаа ороод явахад болохгүй зүйл үгүй гэж бодсон. Гэхдээ өргөн хүрээнд ярьвал энэ төрлийн спортыг дэмжээд туслаад явах хүн манайд ховор шүү.

-Дэлхийн хэмжээнд монгол хэмээх нэрийг дуурсгаад ирсэн тамирчингаа эх орон нь хэрхэн хүлээн авсан бол?

-Намайг дэлхийн аварга болчихоод, олон улсад эх орныхоо нэрийг дуурсгаад ирж байхад төр засаг төдийлөн анзаарсангүй. Хүн л болсон хойно урмын үг сонсохыг л бодно. Монголчуудын хэлдгээр бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг тамирчин хүний хямдхан олдоогүй алдрыг үнэлэх нь чухал. Тэгж байж л цаашид тамирчин хүн хөгжинө, илүү их амжилт гаргана, улсынхаа нэрийг дуурсгаж чадна шүү дээ. Гадаадын улс орнууд өөрийн орны тамирчдадаа үнэхээр атаархам анхаарч, дэмжих юм. Намайг дэлхийн аварга болсны дараа гадаадынхан манай улсын нэр дээр гүй гэсэн санал их ирүүлсэн. Ирүүлсэн саналтай зэрэгцээд асар их тэтгэмж, цалин хөлс өгнө гэж байв. Гэвч би тэр болгонд нь “Уучлаарай би эх орноосоо урвахгүй. Хичнээн ядарсан ч энэ чинь миний монгол” гэж хэлдэг. Би ер нь хүнийхээ хувьд их үндсэрхэг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ монгол гээд хоосон цээжээ дэлдээд явдаггүй. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө үүнийгээ батлан харуулдаг. Америкийн ерөнхийлөгч Д.Трамп “Би ялагдах дургүй. Миний ялалтанд тохирсон алга ташилтад дуртай” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адилхан би ч бас ялалтандаа тохирсон алга ташилтыг сонсмоор байна. Гэвч тэрхүү алга ташилт үнэхээр бага байна. Яг үнэндээ би гайхамшигтай ялалт байгуулаад ирлээ шүү дээ. Өөрийгөө ч яллаа. Бас бусдыг ялсан.

-Таныг ном унших дуртай, мөн бичдэг гэж сонссон. Одоогоор хэчнээн ном биччихээд байна вэ?

-Ном унших сайхан. Ном ертөнцийг харах цонх гэдэг үнэхээр үнэн үг. Би ч нэг их ном бичээд сүйд болдоггүй л дээ. Гэхдээ өөрийн гаргасан гурван ном бий. Харин хүмүүстэй хамтарч гаргасан 10-аад ном, хэвлүүлэх гээд бэлдчихсэн.

-Та нэг хэсэг сошиалд “од” болж байлаа шүү дээ. Зарим нь таныг жиргээний ханхүү гэх нь бий, зарим нь муугаар бичих нь ч бий?

-Хүн бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг цахим ертөнц тэгш олгодог гэж боддог. Би тэр л эрхээ эдэлдэг төдий. Түүнээс биш айхтар их цаг зав зарцуулаад л юм болгонд хариу өгөх гээд улайраад суудаггүй.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудаад байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Улс орны хөгжил, нийгмийн болохгүй байгаа зүйлийг хараад залуу хүний хувьд их эмзэгээр хүлээж авдаг. Яагаад тэртээ дэлхийн талыг эзэлж байсан Монголчууд өнөө цагт дэлхийн хамгийн ядуу орны тоонд орчихсон явж байна вэ гэх мэт төвөгтэй, асуудал манайд бий. Эрх мэдэлтэнүүд нэг л их цээжээ дэлдэж, монгол гэж ярьсан хүмүүс байдаг. Гэвч хийсэн бүтээсэн зүйл өдий болтол харагдахгүй юм. Энэ бүхэнд миний сэтгэл эмзэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудсан. Гэвч миний саналыг одоо болтол хүлээж аваагүй л байгаа. Би мэтгэлцээний санал гаргахаасаа өмнө Ерөнхийлөгчид дөрвөн удаа захиа бичсэн байсан. Гэсэн ч нэг ч хариу ирээгүй.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Одоогоор гэр бүлтэй болж амжаагүй л явна. Нас явсаар л байна (инээв).


Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болсон ч 50 хувь дээр нэмэх нь нэг санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгууль явагдахаар боллоо. Таны хувьд 409 мянган сонгогчийн санал авч хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зарим хүмүүс “Энэ сонгуульд С.Ганбаатар ялсан” гэж байна. Та өөрөө ямар бодолтой явна вэ?

-Юуны өмнө Монголын ард түмэндээ талархаж байгаа илэрхийлье. Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч чадлаа. Монголын сэтгүүлзүйн салбарынхан бат зогсч чадлаа. Энэ гайхамшигтай зүйл. Ийм өдөр ирэхийг би маш олон жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлээд монголчууд ирээдүйгээ тав, арван төгрөгөөр худалдахгүй гэдгээ харууллаа. Хамгийн гол үр дүн энэ байсан юм. Ойрын өдрүүдэд Нарантуул захаас эхлээд бүх газруудаар явж “Баярлалаа” аянаа эхлүүлнэ. Надад хамгийн эхний хандив өргөсөн Нарантуулд ажилладаг Завханы Ганбаатар гээд амьдай залуутайгаа уулзана. Нарантуул, Хүчит шонхор захаас эхлээд 21 аймагт очиж “Баярлалаа” гэдгээ хэлнэ. Мэтгэлцээний үеэр би “Сонгуулийн үр дүн ямраар ч гарсан бай би тэмцэнэ. Тэмцэж, ярихаас илүү мөрөөдөж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх гэж сонгуульд орсноос биш би зөвхөн ялах гэж ороогүй. Тэмцэж явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж өгөөч” гэдгээ хэлсэн. Энэ утгаараа миний тэмцэл цаашид үргэлжилнэ. Бид аль нэг улс, хэн нэгэн гадаадын компани ирж биднийг аварна гэдэг энэ байдлаа зогсоож өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө атгах ёстой гэдэг утгаар бид ард түмний хандиваар сонгууль хийсэн. Надад хандив өгсөн, санал өгсөн бүх хүний хариуг би тэмцлээрээ хариулах болно.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаагаа хангалттай хийж чадсан уу?

-Манай намынхан маш их ажилласан. Тэдний тэр их хөдөлмөр, зүтгэл дээр энэ кампанит ажил урагшилсан юм. МАХН улс төрийн томоохон хүчин хэдий ч мөнгө гэдэг чухал юм байна. Гэхдээ бид мөнгөгүй сонгууль хийж болдгийг харууллаа. Гэсэн ч зардал мөнгөний асуудлаас болоод бидний сурталчилгааны материал нэлээд хэдэн аймагт очиж чадаагүй нь үнэн. Очиж чадаагүй сум бүр их байгаа. Ийм хүнд байхад Монголын ард түмэн биднийг сонгож байна гэдэг бол монголчууд ирээдүйгээ, үзэл бодлоо үнэлдэг болсон нь харагдаж байна гэсэн үг. Мөнгө санхүү үнэхээр бэрхшээлтэй байсан.

-Таныг энэ удаагийн сонгуулиар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаачихлаа гэх юм…

-Монголын ард түмнийхээ ийм их итгэл, хайр хүндлэлийг авсан хүний хувьд ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргагчдыг шахаж, шаардах болно. Энэ миний ажил. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг нам шийднэ. Би мэдэхгүй.

-409 мянган сонгогчийн санал авна гэдэг тийм ч амар биш. Энэ удаа харин С.Ганбаатар, Н.Энхбаяр нарын хоршил амжилттай боллоо гээд байна л даа. Ингэж олон хүний санал авах болсон гол хүчин зүйл юу байсан бол?

-Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан. Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН-ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм. Хамгийн чухал нь Монголын ард түмэн тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, мандан бадралын төлөө тууштай зүтгэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон нь бидний хамгийн том давуу тал байсан.

-СЕХ санал хураалтын сүүлчийн хэсгийн хороодын саналыг танилцуулах хүртэл та нэр дэвшигчийн хоёрдугаар эгнээнд явж байсан. Зарим хэсгийн хороодоос ирсэн мэдээлэл нэлээд цаг авсан тул эргэлзэх хүмүүс байна. Та сонгуулийг хэр шударга явсан гэж бодож байгаа вэ?

-Судалгаагаар би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амьгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн.

-Ямар илбэ бэ?

-Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ. Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Энэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас ажихад аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй саналын хуудас 18 мянга гаруй гарсан. Энэ нь нэр дэвшигчид хийгээд улс төрийн намуудад итгэх итгэл улам буурсаар байгаа үзүүлэлт мөн үү?

-Нэгдүгээрт, энэ удаагийн сонгууль маш хар сонгууль боллоо гэдгийг хүн бүр ярьж байна. Манай сурталчилгааны баг болон миний амнаас хоёр нэр дэвшигчийнхээ талаар нэг ч удаа сөрөг байр суурь илэрхийлээгүй. Харин яаж Монголоо аврах вэ, ажилгүйдэл яагаад бий болчихов, яагаад бид ядууралтай болчихов гэдэг талаар шүүмжилж ярьдаг. Төр өнөөдөр нүгэлд идээшсэн, хулгайд гаршсан байгаа талаар би ярьдаг. Нэр дэвшигчид рүү огтхон ч дайраагүй. Харин энэ муу муухай бүлэглэлийн төлөөлөл нь энэ хоёр гэдгийг хэлдэг. Үүнээс гарах зам нь нийт хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага нь Засгийн газартай хамтарч гурвалсан байдлаар ажиллах нь миний мөрөөдөл. Зарим зүйл дээр бид тэсэх хэрэгтэй. Заавал цалин нэмэх хэрэггүй байж болно. Үүний оронд нь бид үйлдвэр бариулах ёстой. Ийм зөвшилцлийн механизмтай болох ёстой.

Хоёрдугаарт, хүчирхэг мал аж ахуйг ярьж байна. Гуравдугаарт, уул уурхайн гэрээнүүдийг эргэж харах ёстой. Энэ бурхны зарлиг биш шүү дээ. Манайд ашиггүй зүйлийг бид хэлэх хэрэгтэй. Ийм арга замуудыг л ярьж байгаа. 18 мянган иргэн гурван нэр дэвшигчийн хэнд ч саналаа өгөхгүй байна гэдэг чинь бие биенээ хараар будсантай холбоотой. Монголын ард түмний төлөө юу хийх вэ гээд ярих боломжгүй болтлоо хараар будалцлаа. Мөрийн хөтөлбөрөө яриагүй байж үндэс угсаа, авгай хүүхэн, төмөр замын мөнгө, төрийн албан тушаалыг наймаалцсан талаар ярьсаар байгаад дууссан. Бид сонгуулийн технологи, арга ажиллагаагаа эргэж харах ёстой. Монголын ард түмнийг хүндлэх ёстой шүү.

Би яаж хурдан гүйж ард түмэнд үйлчлэх вэ гэдгээ ярихаас биш яаж би сайн дэгээддэг вэ гэдэгтээ анхаарч болохгүй. Энэ хоёр нам, хоёр нэр дэвшигч бие биенээ аймшигтай дэгээдсэн.

-Санал хураалтын дүнг танилцуулж дуусах үед танд ямар бодол төрж байсан бэ. Хоёрдугаарт эрэмбэлэгдээд хойшоо ухрах мэдээж хэцүү л байсан байх. СЕХ хоёр дахь санал хураалтад орох хоёр нэр дэвшигчийн нэрийг зарласан. Дараа нь та хэвлэлийн хурал хийсэн. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч нам гүм болсныг бодоход Сонгуулийн үр дүнтэй эвлэрсэн гэж ойлгох уу?

-МАХН-ын төв штаб дээр ярилцаж байгаа. Өмнө нь иргэний нийгмийн байгууллагад байхдаа, бие даагч байхдаа өөрөө асуудлаа шийдээд зүтгэчихдэг байлаа. Одоо бол Монголын үндэсний хэмжээний томоохон намын гишүүн, зүтгэлтэн хүний хувьд намынхантайгаа ярилцаж, даацтай тэмцэл хийнэ. Тэмцэлийн төлөвлөгөөнүүд гарч байна. Манай намынхан хурц, ширүүн тэмцэл хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан.

Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид өөрийн эрхгүй нүд харанхуйлсан. Надад итгэж хандив өгсөн хүмүүсийн нүд харагдаж байсан. Надад итгэж санал өгсөн хүмүүсийн итгэл бодогдож байсан. Ухуулагч нар маань цалин хөлсгүй, цаг наргүй зүтгэсэн. Энэ хүмүүсийн хөдөлмөр бодогдсон. Энэ гэхдээ миний анхны тэмцэл биш. Ялж, ялагдаж байсан хүний хувьд биеэ барина, сэтгэлээ барина шүү дээ. Хамгийн гол нь Монголын ард түмэн сэрсэн байна, хүчирхэг болсон байна. Мөнгөөр худалдахааргүй үнэт зүйл, язгуур эрх ашигтай болжээ, манай ард түмэн.

-Сонгуульд нэр дэвшсэнээс хойш тань нэлээд дайралтууд ирсэн гэж дуулсан. Ялангуяа танай гэрт ирсэн илгээмж дотор гурван ширхэг бууны сум байсан гэж дуулдах юм. Үнэн үү?

-Үнэн. Хань ижил, үр хүүхдийг минь айлгаж бууны сум илгээхэд хэнд ч таатай санагдахгүй. Би эхнэртээ, үр хүүхдэдээ хайртай. Монголын ард түмний том эрх ашиг байхад би бууж өгч, айна гэж байхгүй. Үүнээс хүнд хэцүү дарамт шахалтыг нь би туулаад ирсэн. Намайг зоригтой, дайчин гэдгийг мэднэ. Түмэн олны минь итгэл, өндөр төрийн түшиг тулгуурын ивээл нь надад байгаа. Тиймээс улам хүчтэй Монголын ард түмнийхээ төлөө тэмцэнэ. Үр дүн гаргана.

-Хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?

-Гэргий маань энэ бүхнийг тодорхой болгож өгөөч гэж хууль хяналтын байгууллагад хандсан байна лээ. Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа. Авч ирсэн хүнийг нь бариад өгчихөөд байхад одоо болтол таг л байна. 60 тэрбум, төмөр замын сая саяар тоологдох ам.долларын асуудал жил дамнаад явчих юм. Зарим зүйл дээр шуурхай, зарим зүйл дээр удаан юм аа, зайлуул.

-Таныг 50 сая вон авсан л гээд байх юм. Та гүтгэлэг гээд л байх юм. Энэ талаар ярихгүй юу?

-Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн. Орчуулагч нь мөн байсан. Миний найз надад мөнгө өгөх гэж орж ирсэн. Бичлэг дээрээс яриаг нь сонсоод найзыг маань таниад араас нь нэлээд зовоож байгаа юм билээ. Тиймээс нэрийг нь хэлж болохгүй. Миний найз хэзээ ч тийм зүйл хийхгүй. Тэр буруугүй гэдэгт итгэдэг. Найз маань өөрөө урхи занганд орсон яваагаа мэдэхгүй шүү дээ, хөөрхий. Би Монголын ард түмэн, анд нөхдөөсөө хандив гуйдаг. Харин хэзээ ч гадаад хүнээс, авлигач, оффшорчдоос мөнгө аваагүй. Бүх зүйл хууль номын дагуу явж байгаа. Бодоод үз дээ. Манай том том улстөрчид хэзээ ч хандив гуйдаггүй. Тэд дээрэмддэг, булаадаг, зөвшөөрөлгүй авдаг. Би гуйдаг. Би гуйхаасаа ичдэггүй. Энэ нь ядарсан хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлахаас хамаагүй дээр. Би гуйсан болохоор Монголын ард түмэн надад хандив өгсөн. Ард түмнээ би эзэн гэж боддог. Тэд Монголын ард түмнийг боол, өөрсдийгөө эзэн гэж үздэг. Энэ хоёр ялгаатай. Гуйж авсан зүйл аминд өлзийтэй. Сонгуулийн сурталчилгааны хоногуудын 50 хувийг би хүмүүсээс мөнгө гуйхад зарцуулсан. Монголын улс төрд хамгийн зөв соёлыг тогтоосон гэж өөрийгөө бодож байгаа. Улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд гуйлгачид байх ёстой. Саналын гуйлгачин бай. Итгэлийн гуйлгачин бай. Хандивын гуйлгачин бай. Харин дээрэмчин байж болохгүй. Үүнийг би чин сэтгэлээсээ хэлж байна. Улс төрд би шинэ соёлыг түгээж байгаа. Ард түмэн миний эзэн. Би мэдлээсээ гуйхдаа ичихгүй. Тэднийхээ итгэлийг олж авахын тулд олон жил зүтгэж байна. Маш их хар пиар, гүтгэлэг, доромжлол дундуур олон жил явж ирсэн.

-Гэхдээ таны багын найз таныг хорлох гээд Солонгос хүнтэй хамт ирж л байдаг. Тэр Солонгос нь танд 50 сая вон өгье гэсэн юм уу. Тэр бичлэгийг харж байхад танд хандив өгье. Бид том хамгаалалттай болчихно гэж байсан. Та болохоор бидэнд санхүү хүнд байна гээд сүүлд нь “Баярлалаа. Долоон сард дахин уулзана шүү” гээд байсан л даа…

-Тэр найз маань хэзээ ч тийм зүйл хийхгүй. Найз маань удам судар сайтай, Монголын урдаа барьдаг сэхээтний хүүхэд. Намайг хорлох гэж ирээгүй гэдэгт би баталгаатай итгэж байгаа. Хэрэв хүмүүсийн бодож байгаа шиг тааруу зүйл хийсэн бол би биш тэнгэр ниргэнэ. Гэхдээ тийм зүйл хийх хүн биш. Тэр үед би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Бүх зүйл хяналтад байсан юм. Орой үдэш ч гэсэн найзыгаа дэмжье гээд ирсэн найзыгаа оруулаад нөгөө хэдийг нь гадаа байж бай гэж яаж хэлэх юм бэ. Хэдийгээр би хонзонгоор дүүрсэн улс төрд зүтгэж байгаа ч гэсэн монгол хүн байна даа яаж “Та нарыг гэртээ оруулахгүй ээ” гэх юм. Тэртээ тэргүй тэр найзынхаа төлөө одоо ч би зүтгэнэ шүү дээ. Бид уулзана, би чадах чинээгээрээ тусална. Хаана ч байдаг зүйл. Тэр гадаад хүмүүс, орчуулагч гээд байгаа хүн миний найзыг бас л хуурсан байх.

-Таныг Ерөнхийлөгч болбол маш том хамгаалалт бий болно гээд байсан. Яг юуны хамгаалалтыг тэр солонгос хүн хүссэн юм бэ?

-Сүүлд нь үг нэмсэн байна лээ. Надтай тийм зүйл яриагүй. Тэр гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна. Надтай бол тийм зүйл яриагүй. Нөгөө хүн нь СЕХ-нд очоод “Би буруу зүйл хийчихлээ. Намайг шийтгэж өгөөчээ” гээд мэдэгдэл хийсэн гээд байгаа шүү дээ.

-Танд мөнгө өгсөн. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн байна лээ. Тэгэхээр та яалт ч үгүй авчихсан юм биш үү. Хэрэв худлаа юм бол таныг гүтгэчихлээ. Та хариу арга хэмжээ авах уу?

-Би өмгөөлөгч авсан. Одоо завтай болсон болохоор тухтай нэр төрөө сэргээлгэхээр явна. Тэр хүмүүс манай найзыг хуурсан. Сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролдсон ч тэд чадаагүй. Үнэн гэж байдаг. Тэдний гүтгэлэг явуулга явцгүй ээ. Би хийх зүйлээ л ярина. Найз нөхөд, ард түмнээсээ хандив гуйснаа би байнга хэлж байгаа. Гадаад хүнээс мөнгө авсан гэдэг нь цэвэр явуулга. Бодоод үз. Би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Найз маань хүмүүстэй орж ирсэн. Би зөвхөн найзтайгаа л харьцсан. Тэр бичлэг дээр янз бүрийн зүйл нэмсэн байх магадлалтай. Би өөрөө тэр үед ямар бичлэг хийсэн биш. Үүнийг таслан зогсооно.

-Санал хураалтын өмнө мэтгэлцээн болсон. Харамсалтай нь иргэдийн хүлээсэн хэмжээнд хүрээгүй гэдгийг ярьж байна. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчид үр дүнгээ өгсөн үү?

-Ард түмний дүгнэлтийг хүндэтгэнэ. Би өөрийнхөөрөө, үнэнээрээ байсан. Ирээдүйд юу хийх вэ гэдгээ ойлгуулахыг хичээсэн. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчдэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нөгөө хоёр маань хар юмаа л яриад байсан. Би зөвхөн хийх зүйлээ л яриад байсан. Энэ бүхэн ялгаатай юм шүү дээ.

-Х.Баттулга нэр дэвшигч 517 мянга, М.Энхболд 411 мянган хүний санал авсан. Танд саналаа өгсөн 409 мянган хүний санал хоёр нэр дэвшигчийн аль руу нь хэвийх бол. МАХН бол МАН-тай угшил нэг болохоор тийшээ дийлэнх нь эргэнэ гэж байгаа бол тэр санал МАХН-д биш С.Ганбаатарт өгсөн санал болохоор Х.Баттулга руу эргэнэ гээд байна л даа?

-Ард түмнийхээ саналыг хүндэтгэнэ. Ямагт ард түмний зөв байдаг. Гэхдээ энэ хоёр нэр дэвшигч хоёулаа МАНАН. Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй гэдэг байр сууриндаа одоо ч хатуу байна. МАН, АН уу, АН, МАН уу ямар ч ялгаа байхгүй. Би хувь хүн рүү хэзээ ч ярьдаггүй. Энэ хоёр бүлэглэл бол Монгол орныг сүйрүүлж, өрөнд оруулж, тусгаар тогтнолыг алдагдуулж, Монголын язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж байгаа. МАНАН-гийн бүлэглэл аймшигтай луйварчдын цуглуулга болсон. Би МАНАН-гийн эсрэг ард түмнээ аврахын тулд тууштай тэмцэнэ.

-Таны авсан 409 мянган хүний санал гэдэг бол маш өндөр хувийг эзэлж байна. Тэр утгаараа С.Ганбаатар аль нэг нэр дэвшигчийг дэмжих болов уу гэж харж байгаа нь нууц биш. Таньтай тохироо хийе гэсэн АН, МАН-ынхан ярьж байна уу?

-Шууд хэлчихье. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Намайг УИХ-ын гишүүн байхад МАНАН-гийнхан тохирох оролдлогууд хийж байсан. Манайд ор, сайд бол гээд. МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэдэг үгэндээ одоо ч эзэн байгаа. Ард түмний төлөө зүтгэж яваа хүн хэр их хайр итгэлийг өөр хүнд зөөх нь сүнсээ худалдахаас өөрцгүй. Би МҮЭ-ийн холбооны дарга байхад аль нэг намын харьяалалгүй байх ёстой байсан. Дараа нь шинэ нам байгуулах гэж зүтгэсэн. Маш хүнд байдалд орсон. МАНАН-гийнхан дотор нь тагнуулчдаа оруулсан. Дараа нь би МАХН-ын гишүүн болсон. Одоо би намдаа л зүтгэнэ. Тэгэхээр МАНАН-гийнхантай ямар нэгэн яриа байхгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд буруу зөрүү тохироо юу ч байхгүй шүү гэдгийг шууд хэлье.

-Сонгуулиас хойш танд тохиролцох санал тавьсан уу?

-Тавьсан.

-Хоёр нам хоёулаа тавьсан уу?

-Энэ тухай ярих нь ёс зүйгүй асуудал. Тэртээ тэргүй би өөрийн байр сууриа хэлчихлээ.

-Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон хүн О.Баасанхүү гишүүн. Таныг дэмжих боломжгүй гэж байр сууриа илэрхийлж байсан. Хэр холбоотой байгаа вэ?

-О.Баасанхүү гишүүн маань сайхан сэтгэлтэй, сайн залуу. Намайг дэмжээд сурталчилгаа, ухуулга хийж явсан байж таараа. Сонгуулийн сурталчилгааны үед хүнтэй олигтой ч мэндлэх завгүй байлаа. Энэ үеэр намайг дэмжиж сурталчилгаа хийсэн гэдэгт итгэлтэй байгаа.

-Таны амьгүй албат гэсэнчлэн 30 гаруй мянган хүний саналын зөрүү гарсан. Үүнийг шалгуулах уу?

-Шалгуулна. СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой.

Ард түмэн намайг дэмжихээр хар масс гэж нэрлэх юм. Өөрсдийг нь дэмжсэн болоод, хахууль өгөөд сонголтыг нь худалдаж авч байгаагаа ард түмэн гэх юм. Монголын ард түмнийг минь битгий их басамжлаарай, МАНАН-гийнхаан. Ард түмэн байж гэмээнэ сайд дарга нар байгаа. МАНАН байгаа. Ард түмэн бүлэглэлүүдээс төрөөгүй.

-Сонгуулийн үр дүнг харахад гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байнаа. Та хэлсэнчлэн МАНАН-д итгэх итгэл суларч. Улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай байх, тийм үү?

-Нурах байшин дотроосоо гэгчээр Ардчилсан нам, Ардын нам нурж байна. МАНАН үндсэндээ сүйрч байна. Тиймээс МАХН өөрсдийн хариуцлагыг өндөржүүлж, боловсон хүчнээ бэхжүүлж, бодлогоо баталгаажуулан түмнийхээ төлөө зүтгэх цаг болсон. Би улс төрийн гуравдагч хүчин биш нэгдэх хүчин болсон.

-МАХН нэр дэвшигчээсээ 10 тэрбум төгрөг авна гэж О.Баасанхүү гишүүн хэлж байсан. Та 10 тэрбум төгрөг өгсөн юм уу?

-Олон гүтгэлэг дундуур явсаан. Хуурай гүжирт хариугүй гэгчээр хариулахад хүнд. Намаас дээд хязгаар нь 10 тэрбум шүү гэдгийг надад мэдэгдэх ёстой. Нөгөө нэр дэвшигчдэд “Намд ямар ч мөнгө байхгүй. Хандиваа өөрсдөө цуглуулаарай. Хуулиараа 10 тэрбум төгрөгөөс дээш цуглуулж болохгүй шүү” гэж мэдэгдсэн. Гэтэл 10 тэрбумыг олж ирэхгүй бол дэвшүүлэхгүй гэсэн шүү гээд зарим нэг хүн мушгиад байгаа юм. Монголд хэн ч 10 тэрбумыг босгохгүй шүү дээ.

Ярилцлагынхаа төгсгөлд надад итгэл хүлээлгэж ялалт байгуулуулсан Дархан-Уул, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Орхон, Хэнтий аймаг, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг бүх монголчууддаа гүн талархал илэрхийлье. Мөнгө гэдэг ойр зуурын бэрхшээлээ гэтэлгэж Монголын ирээдүйн төлөө хатуу зогсч чадлаа. Монголын улс төрд оруулж буй том хөрөнгө оруулалт байлаа. Бид ялсан.