Categories
мэдээ спорт

“Говь-225 км” Олон улсын марафон болно

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйлгэх, жуулчдыг татах, холбоогоо сурталчлах, таниулах зорилгоор Говь-225км Олон Улсын Марафон Гүйлтийн Тэмцээнийг 2017.06.24-07.01 -ны хооронд тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус олон өдрийн марафонд Монгол Улс, БНСУ, Хонконг, АНУ, Финлянд, Малайз гэсэн нийт зургаан орны 50 гаруй тамирчид оролцох юм. Тамирчид 6 өдрийн турш УБ- Дундговь-Өмнөговь-Ёлын ам- Хонгорын элс-Баян заг- Онгийн хийд- Элсэн тасархай-УБ гэсэн маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж:

Д.Бадамхатан:

  • МХХМГХолбооны шигшээ багийн тамирчин, ОУХМ
  • 100км-н Монгол улсын рекордч Улсын хошой аварга
  • 100км-н Чэжү ОУ-н тэмцээний аварга
  • 100км-н Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
  • Говь-225км 2016 Олон улсын Олон өдрийн марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин

Ч.Батжаргал

  • 2015 он Уулын жимийн 85км-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны оролцогч, рекордч
  • 2015 он 12 цагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний рекордыг шинэчлэн тогтоож ОУХМ-ын болзолыг биелүүлж Алтан медаль

2015он Говь-225км Олон улсын марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин

Эдгээрээс гадна ОУХМ Б.Алдармаа, ахмад тамирчин Г.Оргодол нар оролцох гэж байна . Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2017.06.24-ий өглөө 07:30 цагт Монголын Үндэсний Олимпийн хорооны байранд болно.

Categories
мэдээ нийгэм

Т.Суреш Бабу: Йог нь бидний амьдралын хэвшлийг эерэгээр өөрчилнө

Олон улсын Йогийн өдрийг угтан “Йог-Эв нэгдэл, Энхтайван” уриан дор Д.Сүхбаатарын талбай дээр арга хэмжээ болж өнгөрлөө. Манай улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам болон Улаанбаатар хотын захирагчийн алба, йогийн төвүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүд гэсэн албаны хүмүүс хүрэлцэн ирж нээлтэд үг хэлсэн юм. Йогоор хичээллэгсэд болон йог сонирхогчид олноор цугларч, Энэтхэгээс ирсэн багш нартай хамт йог хийж энэ өдөр йогийн ач холбогдлыг илүү танин мэдсэн юм. Манай улсад сүүлийн жилүүдэд йогоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр йог-бясалгалын төвүүд нэмэгдсээр байгаа. Энэтхэгийн Элчин сайд Т.Суреш Бабу “Йогоор тогтмол хичээллэснээр аливаа хүн хэдэн настайгаас үл хамаарч бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл хөгжлийг олж авдаг. Йог нь бидний амьдралын хэвшлийг эерэгээр өөрчилж, сайн сайхан байх түвшинг ихэсгэдэг юм. Йог гэдэг бол шашин биш. Йог бол сайн сайхан аж амьдрахуйн шинжлэх ухаан, бие болон сэтгэлийн зохицол юм. Ялангуяа йогоор хичээллэж байгаа хүмүүс йогийн ач холбогдлыг биеэрээ мэдэрсэн байдаг” гэж хэлсэн юм.

Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Олон улсын Йогийн өдрийн хүрээнд илгээсэн илгээлтдээ, “Йог нь бидний оюун ухаан, бие махбод, сэтгэлгээг нэгтгэж байна. Сайн сайханд хүрэх зам нь йогоор дамжин хэрэгжинэ. Тиймээс йогийг олон нийтийн хөдөлгөөн болгож хувиргахыг хүсч байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, эв зохицол, аз жаргалын төлөө эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Йогийн дасгал нь амьсгал, зүрх судасны өвчлөл, ясны сийрэгжилтээс сэргийлэх, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг бууруулах, бодисын солилцоог сайжруулах, биеийн жинг тогтмолжуулах, оюун ухаан, сэтгэл санааг тайвшруулан залуужуулах, урт наслуулах зэрэг онцгой ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухаан баталсан. Хүний эрүүл байх нь өөрөөс нь хамаардаг болохыг тунгаан эргэцүүлж, насандаа тохирсон эрүүл мэндийн мэдлэг чадварыг олж, амьдралдаа хэрэгжүүлэх энэ үйлсэд йогчид та бүхний хувь нэмэр их юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Энэтхэг Улсын ЭСЯ болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье” гэсэн юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Эдийн засгийн гол ноён нуруу жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгуурладаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өчигдөр Улаанбаатар хотноо болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад ямар тохиролцоонд хүрэх вэ?

-Гурван орны хооронд худалдаа эдийн засгийн харилцаагхөгжүүлэх нь хамгийн чухал. Энэхүү чуулга уулзалтаар Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын хооронд улс төрийн эрүүл уур амьсгал, яриа хэлэлцээ явагдаад байгаагийн цаад зорилго нь энгийн бизнесменүүд илүү дотно харилцаж байх юм. Монгол руу хөрөнгө оруулалт хийгдэж, энд ажлын байр шинээр бий болж, шинэ технологид шилжиж, үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж байх ёстой. Энэ нь эргээд Монголын хөгжлийн түлхүүр болно. Гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 13 дахь удаагаа уулзаж байна.Эдгээр уулзалтыг зохион байгуулж байх хооронд манай улс хоёр удаа хямралтай байж таарч байгаа юм. Харин хөрш орнууд маань харьцангуй хямралд ордоггүй. Ийм чадамж бүхий эдийн засагтай хоёр том гүрний дунд оршдог хэрнээ Монгол орон хямралд орчихоод байгаагийн шалтгаан нь улс төрийн тогтолцоо маань тогтвортой байж чадахгүй байгаад оршино.Тэгэхээр бид өөрсдөдөө дүгнэлт хийж, анхаарч үзэх ёстой.

Манайулс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Харин ийм хэлэлцээр Орос болон Хятадад байхгүй.Тэр утгаараа манайд тэд хөрөнгөө оруулаад үйлдвэрээ байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Монголын нэр дээр Япон руу татваргүй чөлөөтэй оруулах боломжтой болно. Энэ нь манай худалдааны давуу тал болохоор үүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Ингэснээр иргэдийн орлого, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэж байгаа.

-Ер нь Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн ямар байгаа вэ?

-Япон Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад үр дүн гараагүй байна. Тэгэхээр Японы парламентынхантай бид хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг миний зүгээс УИХ-ын чуулган дээр тавьсан. Уг нь Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч ахиц гараагүй байна. Саад тотгор нь юундаа байгааг бид олж тогтоож, бизнесүүддээ дэмжлэг үзүүлэх ёстой. Тэрнээс “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихсан шүү. Өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ гаргаарай” гээд орхивол орон зай боломжоо олж харахгүй. Өдөр тутмынхаа ажилд түүртээд бас л хэцүү байдаг байх. Тэгэхээр бизнесүүддээ туслах хэрэгтэй. Хойноос нь хөөцөлдөөд бараа бүтээгдэхүүн нь зах зээл дээр гартал төрийн зүгээс дэмжиж туслах ёстой.

Иймэрхүү гацаа, хүндрэл нь юундаа байгааг судлаад, илүү тодорхой болгочихвол гадны хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох боломж үүсч байгаа юм. Тэгэхээр гурван улсын хамтарсан компаниуд байгуулж байх хэрэгтэй. Зөвхөн худалдааны тухай асуудал биш. Хөрөнгө оруулагчдыг, татвар төлөгчдийг Монголд нэмэгдүүлэх тухай асуудал энд яригдана.

-БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” санаачилга манай улсад ямар өгөөж өгөх вэ. Мөн гурван улсын эдийн засгийн коридорын асуудал яригдаж байгаа…

-Урьд нь дандаа хоёр талын харилцаа зонхилж байсан. Одоо төрийн өндөр дээд түвшиндээ гурван талт уулзалтууд явагдаж байна. Цаад зорилго, үр ашиг нь гурван талт худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлээд явуулахад оршиж байгаа юм. Тэгэхээр энэ Торгоны замын хөтөлбөр, дээр нь эдийн засгийн коридорын асуудал нь манайд үйлчилгээний худалдаа буюу үйлчилгээний эдийн засгийг шинэ шатанд гаргаж ирэх боломжийг бий болгоно. Бид зохистой бодлогоо гаргаж, төслүүдийг санал болгож үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр санаачлагатай ажиллах ёстой. Тэрнээс нөгөө хоёр том гүрэн бол манайхыг тойроод явчихсан ч ажрахгүй шүү дээ. Бид л өөр рүүгээ татаж оруулж ирж, хамтарч ажиллах сонирхлыг татахын тулд санаачлагатай байх нь чухал.

Торгоны замын болон эдийн засгийн коридорын асуудал, Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр гээд манайд ашиглах тэр боломжууд нь байгаад байна. Дээрээс нь манайх Европ руу 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргана гээд хэлэлцээр байгуулсан боловч үр дүн байдаггүй. Манай үйлдвэрлэгчдийн технологи, бараа бүтээгдэхүүнийх нь чанар Европын стандартад хүрэхгүй байгаа тохиолдолд хоёр хөрштэйгээ хамтарвал гарц нээлттэй. Хятад улс Европ руу манайхаас хүнд нөхцөлтэйгээр асар их бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа. Тэгвэл тэд манайхаас европ руу бараа бүтээгдэхүүнээ гаргавал тавигдах нөхцөл нь хөнгөрч байгаа юм.

-Ингэхэд Монголын дундаж давхаргыг яаж хөгжүүлэх вэ?

-Манай дундаж давхаргын тоо нэмэгдэж, хэмжээндээ хүрэхгүй байна. Ер нь бол төр засгийнхаа түвшинд томрох хэнээтэй болчихоод байгаа юм. Том аж ахуйн нэгжүүд, хэдэн их наядаар нь ярьдаг. Гэтэл эдийн засгийн гол ноён нуруу бол жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгуурлаж байдаг. Тэд гол ажлын байрыг бий болгодог. Том аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлж байдаг гэрээлэгчид нь жижиг, дунд үйлдвэрүүд. Японы томоохон үйлдвэрүүдийн хамгийн гол ажлыг жижиг, дунд үйлдвэрүүд захиалгаар хийж өгдөг. Том компаниуд нь тэднийгээ чирээд хөгжүүлээд явдаг. Тэгэхээр бид том компанидаа анхаарах биш юм. Томууд бол өөрөө өөрийгөө анхаараад том хөрөнгө оруулагчид нь аваад явчихна. Тэгэхээр төр засаг жижиг, дунд үйлдвэрүүддээ анхаарах ёстой. Ойрын гурван жилдээ 21 мянган шинэ ажлын байр бий болгоно гэж манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Ажилтай орлоготой иргэд гэдэг маань дундаж давхарга. Зөвхөн бизнес биш юм.

-Өнөөдөр том компаниуд бүх салбар руу дайрч ороод, шинэ бизнесийнхэнд боломж олгохгүй байгаа юм биш үү?

-Тийм учраас Шударга өрсөлдөөний хууль эдийн засгийн зохицуулалтын амин судас нь юм. Тэгэхээр манайд шударга өрсөлдөөн ярихад хааяа хэцүү. Иймд шинэ 90-ээд оны бодлого явуулах ёстой. 1990-ээд онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт суурилсан, хувийн салбар давамгайлсан эдийн засагтай орон болж чадсан. Гэтэл одоо бид буцаад үр ашиг хамгийн багатай төрийн компаниудыг бий болгож байна. Хулгай үүрлэсэн, дарга нар нь хамгийн том цалин авдаг. Ийм байхад яаж жижиг компаниуд төрийн эрх мэдэлтэй компаниудтай өрсөлдөх билээ дээ. Тэр чигээрээ эрсдэлтэй. Уг нь тэр томууд нь өрсөлдөөний шинэ шатанд дээшээ татдаг байсан бол өөр хэрэг. Даанч тэд доошоо татаад байна.

-Тэгэхээр Өрсөлдөөний тухай хуулиар энэ бүхнийг зохицуулах ёстой юу?

-Аливаа улсын харагдахгүй хэрнээ хөгжил дэвшил рүү татаж байдаг зүйл бол шударга өрсөлдөөн. Тэрийг л чухал анхаарч үзэх ёстой. Манайхан тэр болгон Дэлхийн худалдааны байгууллагыг ярьдаггүй. ОУВС-г ярихаараа муулах талдаа байдаг. Эдгээр байгууллага бол дэлхийн түвшиндээ санхүү, хөгжил, худалдааны битүү тойргийг бий болгож байгаа юм. Дэлхийн II дайн дууссаны дараа дахиад ийм айхавтар мөргөлдөөн гаргахгүйн тулд улс орнууд жигд хөгжөөд өсөөд явж байх ёстой гэдэг ойлголтоор энэ Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, ОУВС гэсэн гурван байгууллагыг үүсгэн байгуулсан. Дэлхийн банк бол хөгжлийн бодлогыг боловсруулж өгдөг. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Эдийн засгийн ялангуяа санхүүгийн тогтвортой байдал чухал. Тэрийг нь гишүүн орнууддаа хангаж өгөх зорилготой байгууллага нь ОУВС юм. Санхүүгээр дэмжээд, үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр тэр бараа бүтээгдэхүүн зөвхөн өөрийнхөө улсад борлогдохгүй гадагшаа гардаг байх ёстой. Тэрийг нь Дэлхийн худалдааны байгууллага зохицуулж өгч байгаа юм. Үүний цаад гол үзэл санаа нь чөлөөт шударга өрсөлдөөнийг дэлхийн түвшинд байгуулах юм.

Мэдээж төсөл хэрэгжүүлж байгаа улс орон болгонд амжилттай байхгүй. Орон бүр өөр улс төр, эдийн засаг, түүх соёлын нөхцөлд байна. Манайд ОУВС-гийн хөтөлбөрүүд урьд нь амжилттай хэрэгжээд бид хямралаас гарч байсан. Хямралаас гарангуут ОУВС гараад л явчихдаг. Тэрнээс бидэнд мөнгө өгсөн, тэрийг санаарай гэдэг асуудал хөнддөггүй. Цаашид эдийн засгаа хөгжүүлээд аль болох тэнд очихгүй байхын төлөө явах ёстой. Өөрөөр хэлбэл, эмнэлэг шиг юм байгаа. Гоё мундаг технологитой эмнэлэгтэй байхыг ямар ч орон хүснэ. Гэхдээ тэр эмнэлэгт дандаа очоод байхыг хүсээд байх юм биш. Тиймээс тэр эмнэлэгт хүн очихгүйн төлөө өөрийгөө эрүүл байлгах гэж явдагтай адил ОУВС-тай бид тэгж л харьцах ёстой.

-Саяхан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 17 дугаар их хурал Астана хотод боллоо. Монгол Улс тус хуралд ажиглагчийн статустай оролцдог. Тэгвэл энэ байр сууриа ахиулж, ШХАБ-д нэгдэх нь ямар ач холбогдолтой вэ. Дипломатч хүний хувьд таны байр суурийг сонирхмоор байна?

-Монгол Улс эхний шатанд ажиглагчаар ШХАБ-д ажиглагчийнхаа институцийг илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллая гэдэг байр суурьтай байгаа. Гол нь энэ байгууллага хилийн бүс нутгуудад терроризмын аюулыг багасгах, түүнтэй тэмцэх зорилгын асуудал. Бидний хувьд хоёр хөрштэйгөө ямар нэгэн байдлаар хилийн маргаангүй. Бодит терроризмын аюул шууд нүүрлэж байгаа зүйлгүй. Тийм болохоор олон нийтийн үзэл бодол өөрөө дараагийн шатны хамтын ажиллагаандаа орох уу үгүй юу гэдэг тал дээр бүрэн гүйцэд нэг талдаа гараагүй байна л даа.

Манай улсын хувьд ШХАБ-д гишүүнээр элссэнээр ач холбогдол нь ямар байх вэ гэдгийг бодитой судалгаан дээр гаргаж ирэх ёстой. Орвол ийм давуу талтай, орохгүй бол ийм давуу талтай гэдгийг мэргэжлийн түвшинд жигнэж үзэж байж шийдвэр гаргана шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр (IV)

Түрүүч нь №127, 128(5694, 5695), 129(5696), 132(5699), дугаарт

“Буур аваргыг би гучин долоон оны наадам дээр анх харж билээ.Том биетэй, бяр ихтэй, дамжиж ордог, халж сэлж суйлдаг, дугтарч гуд татдаг мэхтэй, хөрслөг бор хүн байсан.сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн байсан санагддаг юм.нас ахисан хойноо улсын наадамд ирээд нэгийн даваанд гарахдаа уйлж байгаа харагдсан” гэж Гялдангийн Цоодол арслангийн дурсамжид бий.Шаравын батсуурь аваргыг “хязгаарын цэргийн” хэмээн цоллуулан ид гарч ирэхэд нь төрийн наадмын түрүү үзүүрт хоёр жил дараалан шалгарч үлдсэн, сүүлд Баянаа аваргыг улсын цолонд анх хүргэсэн Цоодол арслангийн үг бодитой санагддаг.буур аваргын уяхан зөөлөн сэтгэл, өрсөлдөгч бөхөө хүндэтгэх хүндлэл монгол бөх хэмээх их соёлын дархлааг хадгалах үнэ цэнэ нь болсон байдаг.“Бөхийг басах, аагархаж залуурхах, ам гарах нь өөрийгөө бусдаас дээгүүрт бодох өөдгүй зан.Түүнээс гадна бусдыг доромжилсон, басамжилсан, тэр чанараараа бөх хүний нэр төрд харш муу” гэж чин үнэнийг айхтар хатуу, ил цагаан шударга хэлжээ.Ийм л чиг шугамыг барьж, монгол бөхийн дэвжээнд үнэнч байж, ард түмнээ чин зүрхнээс хайрлан хүндэтгэсэн бөх л зуун зуунд алдарших их хувийг олдог биз ээ.“Гонгор гуай биеийн өндөр, бярын ихээ дүүрэн ашиглаж чадаагүй нь харамсалтай санагддаг.Мэх сураагүй, бөхөд үнэн зүрх сэтгэлээрээ хандаагүйнх болов уу. бөхийн эрдэмд тэгш суралцсан бол Гонгор гуайгаас их л юм гарах байсан даа” гэж өндөр Гонгорын тухай харамсан өгүүлснийг ном бүтээлээс уншсан. Зөвхөн Гонгор гэлтгүй олон бөхөд далдуур хэлсэн их аваргын сануулга байсан нь мэдээж.Хойч үеийнхээ бөхчүүдийн талаар юу хэлэх вэ гэж далаад оны эхээр домогт аваргаас асуусан асуулт бий. Түүнд “Надаас хүмүүс ингэж их асуух болжээ. бидний үетэй харьцуулахад, хүмүүсийн ухамсар их өөр болж. Тиймээс тэг ингэ, тэгэх ёстой, ингэвэл дээр гэж сургах хэцүү.

Зарим нь хүлээж авна, зарим нь авахгүй, тохирохгүй ч байж болно. Ямар ч болов бөх нөхдөө хайрлаж хүндэтгэдэг, бэртээж гэмтээхгүйг байнга санадаг, унасандаа хорсдоггүй, давсандаа омойтдоггүй, бусдаасаа арга мэх сурч байдаг, ер нь төлөв даруу гүндүүгүй сайхан сэтгэлтэй л бол болно доо. Би заавал давах ёстой, түрүүлэх ёстой гэж бодох чинь даруу биш зан, өөрийгөө дээрд, бусдыгаа дорд үзсэн хэрэг. Зарим бөх уначихаад тахимаа өгөхгүй маргаад, уурлаад харагддаг.Энэ нь бөхөд байж боломгүй зүйл” гэж хариулсан байдаг. Яг л өнөөгийн бөхийн өнгө төрх, аяг аашийг нүдээр харсан мэт хэлсэн нь гайхмаар.Монгол бөхийн жудаг ёс, дархлаа зөвхөн аваргуудад хадгалагдаж, аваргуудаар дамжих учиртай гэдэг энэ байх шүү.

Тэрээр ид барилдаж байх үедээ төрийн наадамд хэдэн жил ирж зодоглолгүй завсардсан. Энэ тухайгаа “Миний сэтгэлийн хат дутсан” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.Анхны ханиа цаг бусаар алдсан зэрэг шалтгаанууд байснаа тийн тайлбарлажээ.Хэрвээ буур аварга тэгж завсарлалгүй зодоглосон бол дахиад хэд хэдэн түрүү, үзүүр байхаар байсан нь тодорхой. “Манай Вандан гуай шиг сүүн цагаан сэтгэлтэй, “босоо” Шагдар арслан шиг бие хаатай, Төмөрбаатар арслан шиг бахим бие, хүчир их бяртай, Банзар арслан шиг уужуу тайван ухаан энэ бүхэн нэг хүнд бүрдсэн байдаг бол” гэж аварга нэгэнтээ хэлжээ.Харин эл бүхэн өөрт нь цогц заяасан гэж бөх судлаачид үздэг юм билээ.

“Та Буур аваргын хүргэн болж байх үеэ дурсахгүй юу. Насантогтох эгчтэй анх яаж танилцаж байв. Хүмүүст бас л сонин сайхан санагдах нь мэдээж” гэж Гэлэгжамц гуайгаас ая эвийг нь олж байгаад асуучихлаа. Ная гарч яваа буурлаас гэгээн залуу насных нь дурдатгалыг асуух завшаан мэдээж аян замд тохиож байгаа. “За даа, бусдын л адил шүү дээ” гээд чимээгүй болсноо “Муу хүний заяа завагтаан байдаг гэдэг дээ, тэр болсон” гээд гэрэлт насныхаа дурсамжаас хуваалцсан юм.“Би гэдэг хүн сургууль соёлоо төгсөөд Их тамир сумын Мал аж ахуйн машинт станцын ерөнхий нягтлангаар ажиллаж байсан үе. Бүтэн хоёр жилийн туршид авгай авалгүй, аав ээж дээрээ байв. Хоёр хөгшнөөрөө хоол хийлгэж идсэн шигээ байж байх нь надад сайхан байхгүй юу. “Одоо ханьтай болохгүй юм уу, оройтох нь байна шүү” гэж ээж хааяа хэлнэ. Би болохоор гэргий хүүхдийн талаар огт дурсалгүй, ажлаас ирээд Оросын нэрт зохиолчдын номуудыг уншаад хэвтчихнэ. Эс бөгөөс хөгшидтэй шатар нүүгээд суучихна. Нэг өдөр ном уншаад хэвтэж байтал аав нэг хүнтэй орж ирж байгаа бололтой. “Миний хүү бос” гэдэг юм. Өндийгөөд хартал жигтэйхэн том хөх өвгөн байна. “Энэ Буур Жамъян гэж аварга бөх. Саяхан Их тамирт нүүж иржээ. Аав нь танилцаад нэг юм хувааж уугаад” гэлээ. Тэгтэл буур Жамъян гэж хүн нь ярьж байна аа. “Манайх нүүж ирээд удаагүй, таньдаг хүн ховор, харин өнөөдөр аавтай чинь танилцлаа” гэснээ хоймрын авдар өөд хараад “Хүү чи шатар тоглодог юм байна, нэг заваараа манайд очиж шатар нүүгээрэй” гэв.

Аав дахиад нэг шил юм ханцуйлаад ирснээ задалж, тэр хоёр хуучилж суунгаа уучихаад яваад өглөө.Ингэж анх би төрсөн гэртээ өвгөн аваргатайгаа уулзсан хүн юм. Тэднийд очиж тоглох санаа төрөвч, ганцаараа очиж зүрхлэхгүй. Амралтын өдөр аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар ажилладаг, шатарт их хорхойтой Дамдинжамц гэж нөхөр маань манайд ирлээ. “Чамтай шатар нүүх санаатай. Танай энд өөдтэйхөн тоглочихоор хүн байна уу” гээд ороод ирлээ. Тэгэнгүүт би Жамъян аваргыг санаад, тэднийд Дамдинжамцыг дагуулаад очсон. Их аваргын босгыг анх алхаж байгаа минь тэр.Бид хоёр хоёулаа аваргад хожигдож билээ. Намайг анх очиход Насантогтох ээжтэйгээ боорцог хайрч байсан санагдана. Тухайн үед аваргын охинтой суучихна чинээ яаж санахав дээ. Ингээд хавар Майн баярын жагсаал боллоо. Орой нь сумын клубт концерт болно гэж дуулдав. Жаахан хоцорсхийгээд яваад ортол сандал дүүрсэн бололтой, битүү хүн. Манай станцын залуучуудын нэг нь надад суудлаа тавьж өгөв. Сүрхий тухалж аваад дэргэд хүнээ хартал аваргын охин байдаг юм. Хажуу бөөрнөөс халуу оргиод л явчих болж билээ. Ичээд ч байгаа юм уу, хаашаа юм. Би дээлтэй цохиод орсон байдаг. Халуун гэж жигтэйхэн, хөлс урсаад л. Ханцуйгаараа хөлсөө арчаад суугаад байлаа. Аваргын охин жижигхэн цагаан алчуур гаргаж ирээд нүүрээ хааяа арчина.Хэсэг сууж байгаад “алчуураа өгөөч хө” гэсэн чинь өгч байна.Гоё үнэртэй нимгэхэн алчуур байна, өнөөхөөр нь хөлсөө нэг шударчихаад өгчихлөө.Амихандаа танилцаж байгаа царай минь тэр.

Дахиад хоёр ч удаа аваад арчлаа, ингээд концерт тартал алчуур нь надад үлдчихдэг юм.Хойноос нь чихэлдээд гартал, баруун тийшээ ганцаараа явж байгаа нь бүрэнхийд харагдав. Араас нь очиж алчуурыг нь өгөөд гэрт нь дөхүүлж өгсөн. Хоёр гурав хонож байтал ээж “Жамъян аваргын охин гэж өндөр сайхан хүүхэд байна. Түүнийг гуйвал яадаг бол” гэв. Би ч “Та хоёр өөрсдөө л мэдэхгүй юу даа” гэчихлээ. Намайг дургүй биш байгааг ээж гадарлаад баярлаад явчихсан. Ажил тарчихаад орой хүрээд иртэл аав гуйчихаад хүрээд ирж. Бид хоёрын гэр бүлийн гэрчилгээн дээр тавдугаар сарын 20 гэж байдаг. Тавдугаар сарын 1-нд танилцаад хоринд гэр бүл болчихсон байгаа юм. Тийм л хурдан миний амьдрал шийдэгдсэн. Ханилаад жаран жил болжээ” хэмээн өгүүллээ.Уярам сайхан дурсамж. Цагаан алчуур энээ тэрээ нь бас их романтик байгаа юм аа.

Их тамир сум руу орж ирж, урдуур тунгалаг Тамирын гол мэлмэрэн, номин ногоон шугуй хошуурч байх үед Гэлэгжамц гуайгаас Батцэнгэл сум рүү нүүж ирсэн тухайг нь асуусан юм. Гэргийгээ амаржих бүрийд л хүү төрсөн болов уу гэж горьддог байсан гэдэг. Ганц охиноос минь хүү төрвөл удам залгах болно гэж хүлээж буйг халуун элгийн хүргэн нь байтугай хошуу нутгаараа мэдэрч байсан.Гэвч хүсэхэд хясна гэгчээр өвгөн аваргын ганц охин, Гэлэгжамц гуайн гэргийгээс таван охин дараалж төрсөн байдаг. Ингээд хувь заяаны ерөөлөөр тэднийх Батцэнгэл сум буюу алдарт Лу гүний Вандан аваргын нутаг усны айл болж хоёр хүү дараалж төрсөн нь эдүгээгийн монгол төрийн наадмын манлай, хүчит авара Өсөхбаяр, улсын харцага Батбаяр нар юм. “Намайг монгол төрийн наадамд дагуулж очиж, улсын аварга хэмээх дээд цолонд хүргэсэн хүн бол Вандан аварга юм. Тиймээс Вандан аваргын минь нутаг манай удамд бөх хүү заяах болно” гэж Буур аварга сүслэн хэлсэн тухай гайхмаар түүхийг уншиж байсан юм. Хүмүүний амьдрал гэдэг үнэндээ ер бус юм даа гэж эрхгүй бодогдох учрал ерөөлийн тухай миний бие Тамирын голын хөндийд асуусан нь энэ.

Хан Хэнтийн босоо Самдан аварга, Буур Жамъян аварга. 1920-иод он.

“Манайх чинь Батцэнгэлд 1973 оны аравдугаар сарын эхээр Тариатын Хоргоос нүүж ирсэн. Манай хүн жирэмсэн, нэлээн том гэдэстэй ирж байлаа. Батцэнгэл нүүх хэдэн шалтгаан байлаа. Тариатад Насантогтоход ус таардаггүй байсан. Гичгэнийн голын тийшээ Ангархайн рашаан гэж бий. Тэндээс очиж амны усаа зөөж ууна. Дээрээс нь Хорго их хүйтэн газар. Үстэй дээлэн дээрээ каракул захтай пальто өмсөхөд жиндээд байдаг, тийм хүйтэн газар.Ямар сайндаа Хоргынхон ухардаг араандаа оржээ гэсэн яриа байхав. Урагшаа хараад явах гэхээр Тэрхийн цагаан нуурын жаварласан салхи өмнөөс мөсөөр цацаад байгаа юм шиг алгадаад, буруу харж ухарч явахаас өөр аргагүй. Амьдралын энэ байдлаа өөрчилье гэхээр нэгдлийн дарга маань явуулахгүй. Би ерөнхий нягтлан нь байлаа. Ингээд Намжиг даргыгаа амраад явчихсан хойгуур, бусадтайгаа хуйвалдах нь холгүй юм болж ажлаас чөлөөлөгдөж байв.Аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан Өлзийбадрахыг өөрийнхөө оронд аваачихаар тохирч байж ажлаа өгч байв.

Батцэнгэл явахаар болсноо өвгөнд дуулгахаар ганц шил юмтай очлоо. “Миний хүү, Батцэнгэл явна гэдэг чинь ёстой зөв.Танайх таван охинтой айл. Одоо авгай чинь жирэмсэн байна.Вандан аваргын нутагт очиж төрнө гэдэг сайхан. Танайхаас банди гарнаа, дахиад ч хүүтэй болно.Бөх төрнөө” гэдэг юм. Миний баярласан гэж жигтэйхэн.Манайх түрүүлж нүүгээд ирэх жилийнх нь хавар хөгшнийх нүүхээр боллоо.

Батцэнгэлд ирээд ажил албаа авчихсан, арванхоёрдугаар сарын 12-нд малын тоогоор Дэл бригадад явж байгаад, ер нь нэг харьж хоноё байз гээд ирсэн юм. Тэр шөнө Насантогтох өвдлөө. Тэгээд л шөнөдөө амаржчихсан. Эмнэлгийнх нь үүдэнд хүлээж суутал “Баяр хүргэе, танайх хүүтэй боллоо, та шөлийг нь аваад ир” гэдэг юм. Хүүтэй боллоо гэж сонсоод бөөн баяр гэр рүү гүйчихлээ. Шөл хийгээд буцаад эмнэлэг дээр ирэхэд үүр хаяарч байсан сан. Ингэж л далан гурван оны арванхоёрдугаар сарын 13-нд Өсөхбаяр мэндэлсэн юм. Өглөө би холбоон дээр очоод өвөө рүү нь “Хүү төрлөө” гэсэн цахилгаан явууллаа. Хөгшин тэрхүү цахилгааныг хүлээж аваад мөн ч их баярласан гэдэг.

“Манай Насантогтох амаржсан байна. Гэлэгжамцынх маань хүүтэй болжээ, хүү төрсөн байна” гээд холбооноос гараад тааралдсан хүн болгонд өнөө цахилгаанаа үзүүлж, уншуулж “хүү төрсөн” гэх хоёр үгийг нь бусдын амнаас дахин дахин сонсч баярлаж явсан гэдэг.Манай Өсөхөөг чинь Энхтуяа гэж эмч эх барьж авсан Ардчилсан намын Баярсайхан гэж Нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр халамжийн газрын дарга байсан, түүний ээж шүү дээ. Нөхөр нь Даваа гэж тухайн үед Батцэнгэлд багш байсан хүн. Өсөхөө цолныхоо цайллагад эх барьж авсан ээжээ урьж, бэлэг сэлт гардуулж байлаа” хэмээн Монголын домогт их аваргын удамд хүү төрсөн, тэгэхдээ Лу гүний Вандан аваргынх нь нутаг Батцэнгэлд төрсөн нандин дурсамжийг сэтгэл догдлон өгүүлж байна.

Хойтон хавар нь өвгөн аварга гэрээ замын машинд ачуулаад “Батцэнгэл суманд Гэлэгжамц гэж айлын хашаанд буулгах юм шүү” гээд явуулчихсан байна. Жолооч нь Буур аваргыг танин ихэд бэлгэшээлтэйгээр гэрийг нь авчирч буулгажээ. Хэд хоногийн дараа аварга хэдэн сарлагаа мориор туугаад Тариатаас Батцэнгэлийг зорьжээ. “Хоёр Хужиртын даваанд үхрээ туучихсан явж байхад нь хөгшин мотоцикльтой ирж тосч байлаа.

Морийг нь хүнд өгч, сарлагийг нь туулгаж орхиод аавыг сундлаад явбал 10 орчим километр яваад л хойд дугуйны олгой хаймер хагарч байв. Батцэнгэлийн төв хүртэлх 80-аад километр газарт 10 удаа дугуй хагарч байж ирж билээ гэж өнөө алдарт Хоёр Хужиртынх нь давааг үдшээр өгсөж явахуйд Гэлгээ ах хуучилсан. Вандан аваргынхаа нутагт ирээд, охиноосоо гарсан хүүгээ нүдээр үзээд Буур аварга хэрхэн баярласныг хэмжээлшгүй. Төрөөд хэдхэн сартай байсан Өсөхөө хүүгээ хараад монгол бөхийн дэвжээнд нэгэн цагт өөрийнх

нь нэрийг дуурсгах хүчит бөх болно гэдгийг мэдэрч байжээ. “Гайгүй шиг бие хаатай болох байх аа. Сайхан барилдаад байвал барилдуулна биз. Нэг их олигтой амжилт үзүүлэхгүй бол заавал барилдуулах гэж шахаж шаардсаны хэрэггүй” гэж ижий аавд нь аминчлан захисан байдаг. Мөн хорин нас хүртэл нь битгий барилдуулаарай гэж хэлсэн нь бий. Багадаа бэртэж гэмтчих вий, зүрх нь мохчих вий гэж бодсон нь тэр.

Тэгэхээр домогт их аварга зээ хүүгээ яалт ч үгүй сайн бөх болно гэдгийг мэдэж байсан нь илэрхий. “Зээ хүүг минь бөх болоод гараад ирвэл тусалж дэмжээрэй” гэж Мөөеө аваргад захисан. Алдарт Буур аваргын энэхүү захиасыг Жигжидийн Мөнхбат аварга ерэн таван оны наадмаар хариулж улсын цолгүй залуу бөх Өсөхбаярыг тавын даваанд амлан тахимаа өгч, начин цолны босго алхуулсан түүхтэй. Мөөеө аваргаар тав давсан Өсөхбаяр тэр жилээ шууд заан болсон. Бас л бахдам сайхан хувь заяа. “Танайхаас дахиад ч хүү төрнөө” гэж өвгөн аваргынх нь Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хэлсэн үг биеллээ олж далан долоон онд дахин хүү мэндэлсэн нь өдгөөгийн Монгол Улсын харцага Гэлэгжамцын Батбаяр юм. “Өсөхөө ганцаараа байсан бол бас эвгүй. Тэгтэл хоёулаа бараандаа өсч, бараандаа явна гэдэг сайхан юм. Монгол наадмын дэвжээнд хоёр хүү минь хоёулаа зургаа давчихаад зааны даваа буюу долоогийн даваанд гарч байхад сэтгэл хөдөлж л байлаа” гэж Гэлэгжамц гуай уярам сайхан хэлсэн. “Ахын сэтгэл” гэж дуунд Өсөхөө аварга, Батбаяр харцага хоёр гардаг. Тэрхүү дууг сонсох бүртээ ах нь магнай тэнэгэр байдаг юм, тэгээд ханиндаа байгаа нь яасан ч сайхан юм гэж боддог гэж зүрхнийхээ үгийг шигтгэв.

Буур аваргынх Архангайн төвд байхад Баянаа аварга ирж хөгшинтэй уулзаж, хуучилдаг байж. Мөн хоёулаа шатар нүүж “би чи”дээ хүртэл тулна. Хүчит хоёр аваргын авахуулсан зураг ч байдаг гэнэ. Зэрэгцээд суутал Баянаа аварга жижиг харагдсан юм байлгүй, дал хол гарсан хөгшнөөс намхан харагдах чинь юув гээд сандал дээрээ зузаан дэвсгэр тавиад авахуулсан гэдэг. Баянаа аваргатай шатар нүүсэн гэснээс Буур аваргад нь хөгшин нь нэг удаа “Бөх хүн гэдэг бүдүүн тоймын амьтан” гэсэн утгатай үг хэлчихэж. Хариуд нь “Бөх хүн чинь харин хамгийн нарийн ухаантай байдаг юм. Хэнтэй яаж барилдах, яавал унагаж болохыг бодож, харж, төсөөлнө гэдэг чинь хэр хүний ухаанд орох юм биш” гээд бөх барилдана гэдэг шатар нүүхтэй ижил гэж оюуны үнэлэмжийг тодорхойлсон нь бий.

Жамъян аварга өөрийнхөө дараа үед монгол бөхийн дэвжээнд тодорсон аваргуудад машид хүндэтгэлтэй ханддаг байжээ. Төрийн наадмын түрүүг долоон удаа хүртсэн Түвдэндоржийг “Бүр олон ч жил түрүүлэх байсан юм. Өөрийн гүндүүгүй гүдэсхэн зангаасаа болж хэдэн түрүүгээ алдсан” гэж хэлж байж. Мөн “Хоёр Мөнхийг залгах бөх бол энэ Хадбаатар байгаа юм. Гэхдээ тэр золиг их хэнэггүй, гэнэн цайлган хүүхэд шиг” хэмээн үнэн мөнөөр нь хэлсэн байдаг. Дамдин аваргыг “циркийн хүчээр гарч ирсэн” гэх яриа жараад онд байсан юм уу даа, түүнийг Буур аварга эрс эсэргүүцэж Дамдин бол яалт ч үгүй төрчихсөн, хүчит их аварга мөн гэж өмөөрч байжээ. Хоёр Мөнхийн талаар хүмүүс их асууж, сонждог байсан гэнэ. “Таныг ид барилдаж байх үед хоёр Мөнх төрсөн бол яах байв” гэхүйд “Барилдаж болмоор л харагдаад байгаа. Хүний яс жижгэрснээс өөр юмаар дутуугүй дээ” гэсэн нь бий.

1963 онд Гэлэгжамц гуайнх Улаанбаатар хотод хэсэг хугацаанд байжээ. Тухайн үед Их тамир суманд үлдсэн аварга хүргэнийдээ хотод морилно. Нэг удаа ирснийг нь Түвдэндорж аварга дуулаад чех “яав”тайгаа давхиад очжээ. Хоёул баахан хууч дэлгэн айраг ууж, бас болоогүй “хатуу юм”ны бөглөө мулталж оройжин сууцгаасан байна.Түвдэн аварга явах гэснээ Буур аваргадаа сэтгэл хоргодож байгаа бололтой “За хүүхээ, би ерөөсөө аваргыг аваад явлаа. Маргааш үдийн алдад авчирч өгнө” гэх нь тэр. Автобус унаа ховор байсан цаг учир “Хоёр аварга яаж явдаг юм бол. Арай л энэ мотоцикльтойгоо явна гэхгүй байгаа даа” гэж бодох зуурт Түвдэн “Бид хоёрт санаа зовох хэрэггүй, сундалдаад давхичихна” гээд улаан “яав”-аа орилуулаад хөдөлтөл засмал зам дээр хойд дугуй нь хаймергүй юм шиг опутаар эргэж, гал маналзаад алга болсон гэдэг.

Цахирын өндөр хээрлиг уулс, Тэрхийн гол, Тариатын хүрээгээр галигуулж, Чулуутын хавцал, Тамирын голын хөндийгөөр хөндлөн давхисан бид Булган уулын өвөрт Лхагва ахынд ирж хоноглолоо. Маргааш өглөө нь эртээ босоод, нар мандаж байх цаг дор их аваргыг нутаглуулсан Цагаан толгойн өвөрт хүрч очлоо. Аймгийн төвөөс холгүйхэн аж. Өвгөн аварга далан есөн оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу билгийн тооллоор цагаагчин хонин жилийн өвлийн эхэн сарын шинийн 25нд 80 настайдаа бурхны оронд заларсан. Аваргыг сэрүүн тунгалаг байхад нь өөрөөс нь асууж байж, Архангайнхны чимээгүй хот болох уг энгэр ээвэр газарт мөнх нойрсуулсан гэдэг.“Өвгөнийг хэвтрийн байдалтай байсан сар гаруйн хугацаанд цаашдын нарийн ширийн зүйлээ бид хоёр аминчлан ярьдаг байлаа.

“Таныг таалал төгсмөгц нутгийнхан аваачиж нутагт нь оршуулна гэвэл яах вэ” гэж би зориг гарган асуусан.“Тэгж магадгүй, түүнийг зөвшөөрч болохгүй. Энэ л аймгийн төвийн хүн оршуулдаг газар, танай хэдэн хүүхдэд ойр байвал болно” гэж билээ.Үнэхээр л өнгөрснийг нь дуулаад Тариатаас Намжиг дарга утасдаж “Бид аваргынхаа шарилыг очиж авна, төрсөн газарт нутаглуулна” гэсэн.Өвгөнтэй ярьж тохирсноо хэлээд ойлголцсон” хэмээн Гэлгээ ах хэлээд аваргынхаа шарилыг нар зөв гурав тойроод арц хүж уугиуллаа.Аваргыг нутаглуулах өглөө цас будагнасан, жигтэйхэн хүйтэн байсан гэдэг. Аймгийн спорт заалнаас салах ёс гүйцэтгэсэн юм билээ. Аймгийн намын хороо, товчоо захиргааны хүмүүс, багш сурагчид, төрийн албан хаагч, энгийн иргэд гудамжаар эгнэн зогсч гашуудал илэрхийлж байжээ. “Гуулин хөгжим хангинаад мөн ч эвгүй байсан, гашуудлын аянд хүмүүсийн сэтгэл давхар үймрээд” гэж байна.

Архангайн Эрдэнэмандал сумын харьяат, улсын начин Л.Ринчендорж тэргүүтэй бөхчүүд их үүрэг гүйцэтгэж байсан нь санагддаг. Тэд оролцоогүй бол зөвхөн шарилын хайрцагны 2,7 тонн бетон тагийг кранаар өргөөд ч тэгш тавьж чадахгүй байсан гэдэг. Би чамд сонин юм хэлье л дээ гээд Гэлэгжамц гуай над руу харав. “Хадам ээжийн дүү Дамдинсүрэн гэж хүн Хангай суманд байв. Нэг яваад очтол “Чи хө ойрхондоо аварга аавынхаа шарилыг эргэсэн үү” гэж асуулаа. Би ч эргэсээн л гэв. Тэр үед ч ойр ойрхон очоод л байсан юм. Манай энүүгээр “Буур аваргын шарилыг ухаад аваад явчихсан гэнэ гэж яриад байх юм.Чи ашгүй хүрээд ирлээ” гэж билээ. Домогт аваргуудын шарилыг авч явсан тухай яриа байдаг л даа. Вандан аваргын шарилыг ч аваад явсан л гэдэг юм. Хуучин ил задгай тавьдаг байсан, аваад явчихсан байхыг үгүйсгэх аргагүй л юм” гэв. Их аваргыг мөнх нойрссон газар яргуй харагдаж, олон өнгийн цэцэгс алаглан ургажээ.

Энүүхэн хаяанд өвөөлж дуугараад хөхөөн дууны улирал ирж байна. Монголын домогт их аваргын мөнх нойрссон цаст цагаан гантигийг хангайн салхи зөөлхөн илбэж байлаа. “Манай хөгшний чинь хэрлэгнийх нь хавирганы завсарт хальс биш мөгөөрс маягийн юм байсан. Их бяртай хүн тийм байдаг юм билээ” гэв. Хуучны домогт аваргуудын цээжинд нь чоно гөлөглөдөг байсан тухай яриа байдаг нь ийм учиртай биз ээ.

Аймгийн төвийн музейгээр орлоо. Буур аваргын хөх торгон зодог, шар торгон шуудаг, булигааран монгол гутал нь байна. Мөн Ардын хувьсгалын түүхт ойд уригдан үндэсний спортын гавьяат мастер цол тэмдгээр шагнуулахдаа өмсөж очсон хар эмжээртэй шар торгон дээл нь байна. Мөн улсын наадам болоод орон нутгийн чанартай наадмуудад түрүүлсэн баярын бичиг, цолны үнэмлэх, улсын сайн малчны сайшаалын үнэмлэх зэрэг аваргын өөрийнх нь хадгалсан 300 гаруй бичиг баримт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ажээ. 180 гаруй наадамд зодоглосноос 160 гаруйд нь түрүүлсэн гэх тоо баримт байдаг юм билээ. Музейд хадгалагдаж буй зодогны хэмжээ нь хоёр метр 20 сантиметр, дээл нь хоёр метр 45 сантиметр гэсэн. Өсөхөө аварга музейд хадгалагдаж байгаа өвөөгийнхөө зодгийг өмсөхөд элбэгдэж байсан гэдэг. Буур аварга ид үедээ хоёр метр 30 сантиметр өндөр, 130 килограмм жинтэй байжээ.

“Манай аймаг эрт эдүгээгийн бөх сайтай, олон алдарт бөхчүүд төрсөн. Сүүлийн үед Архангай бөх муутай болсон шиг ярих юм. Би бол үгүй гэж боддог. Түрүү үеийнхнийг тооцохгүйгээр Вандан гуайгаас эхлээд ардын засгийн үеийн бөхчүүд гэхэд аварга, арслан, заан, начин олон арав төрж гарсан. Харин улсын баяр наадамд дараалан түрүүлж аварга цол авсангүй олон жил боллоо. “Юманд учир суманд занги” гэдэг. Өлзийтийн Жалбуугийн Чойжилсүрэн, Хашаатын Уламбаярын Мижиддорж гээд үеийнхэн дотроо аваргын зиндааны бөхчүүд байна. Архангайнхан заавал аварга цолыг нь хурааж байх албагүй. Манай аймаг бөх сайтай байгаа, цаашид улам сайжирна.Та нар аяндаа үзнэ” гэж домогт аварга өнгөрөхийнхөө өмнөхөн хэлжээ.

Бөхийн өлгий арын хангай нутгаас үе үеийн их аваргууд төрнө гэдгийг, өөрийнх нь зээ хүү энэхүү алтан хувь заяаны эзэн гэдгийг их аварга зөнгөөрөө мэдэрч байж. “Та нар аяндаа үзнэ” гэдэгт агуу их ойлголт, ухаан оршном. Яг энэ цагт бөхийн цэнгэлийг зээ хүү нь манлайлж, түүчээлж явна. “Дархан аваргатай наадам цаанаа өөр юм” гэж Монголын төрт ёсны баяр цагаан сар, наадмаар ард түмэн Өсөхбаяр аваргаар бахархдаг. Энэхүү гайхамшигт бахархлыг бий болгож, адисласан хүн нь Буур аварга юм аа. Өнгөрөгч жилийн наадамд 1024 бөх зодоглоход Архангайн хоёр залуу түрүү үзүүрт шалгарсан. “Та нар аяндаа үзнэ” гэж тэртээ далаад оны дундуур хэлсэн үгнийх нь баталгаа энэ.

Тийм ээ, бөхөө дээдэлдэг ард түмний зүрх сэтгэлд домог, шастир түүх мэт оршсон Халхын их хүчтэн, Буур Жамъян аваргын тухай тэмдэглэлээ өндөрлөе. Хүмүүний хорвоод алдарт аваргаар “хүү минь” гэж хэлүүлэх дээдийн хүндэтгэлийг соёрхсон, сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугны өмнө төрийн наадмын түрүү хүчтэнхүүгээрээ дээр өргүүлэн үнсүүлэх их бахархлын эзэн Цэвээний Гэлэгжамц гуайтай аяны дөрөө ийн харшууллаа. Монгол бөх гэдэг Монголын ард түмний зуун зуунд хадгалж ирсэн аугаа их өв соёлын дархлаа. “Бөх гэдэг дандаа давахын нэр биш” гэж Өсөхөө аварга нэгэнтээ хэлж билээ. Алдарт буур аваргын бөхөө хүндэтгэсэн их хүндэтгэл, монгол эрийн жудаг ёсыг хадгалсан ухааныг нь бодох бүрийд эл үгний утга учир тайлагднам. Тэрхийн голын хөвөө тэргүүт Арын хангай нутаг аргагүй л монгол бөхийн өлгий юм аа.

Categories
мэдээ цаг-үе

Найрамдлын хотын III арван жилийн 1967-1977 оныхон

1986 оны уулзалт. Дархан хот

Цэцэрлэгийн нэг бүлгэмд хамт сурч дараа нь арван жилийн сургуулийн алтан босгыг мөн л цуг алхаж ороод арван жилийн турш, энэ л насаараа нэг ангийнхан гэж дуудуулна гэдэг ховор хувь тавилан шүү. Сургуулиа төгсөөд гадаад дотоодод сурахаар эрдмийн мөр хөөж, эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа түүчээлэн байж амьдралын өнө удаан жилийг өнгөрүүлсэн ч ямагт нэгнээ л гэж тэмүүлж, үргэлж бие биедээ сураг ажиг тавьж, ерөөлтэй сайхан өдрүүдийг хүлээн байж уулздаг амь нэгтэй хүмүүс бол нэг ангийн хүүхдүүд байдаг. Хэдэн ч жил өнгөрч, өвөө, эмээ болсон ч тэд үргэлж л нэг ангийн хүүхдүүд.

Энэ удаад “Нэг ангийнхан” буландаа Дархан хотын гуравдугаар арван жилийн дунд сургуулийг 1977 онд О.Нина, Ц.Даваахүү багштай төгссөн 10-ын “А”, “Б” ангийнхны тухай өгүүлж байна. Эдний ангийнхныг сургуульд орохоос яг нэг жилийн өмнө Дархан хотын гуравдугаар сургууль нь анх нээгдэж байжээ. 1967 онд Д.Аръяа, У.Бадамгарав, П.Хандсүрэн, Ц.Дашаа гэсэн багш нартай нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт хүүхдүүдийг хуваарилжээ. Анх дөрвөн ангид 150 шахам хүүхэд элсэн орж байсан бол тэднээс хоёр бүлгийн 54 хүүхэд сургуулиа төгсчээ. Эдэн дундаас цэцэрлэгээсээ эхлүүлээд арван жилдээ хамтдаа сурч төгссөн хүүхдүүд гэвэл Ч.Отгонбаатар, У.Сууринбүрнээбаатар, Д.Батцэнгэл, Д.Эрдэнэчимэг, Л.Мөнхбаяр, Б.Бадамсүрэн, Л.Оюун нар. Зарим сургуулийн төгсөгчид зөвхөн ангийнхнаа л нэг ангийнхан гэж үздэг бол харин эдний төгсөлтийнхөн бүгдээрээ нэгнээ нэг ангийнхан хэмээн хүндэлж, хайрлаж явдаг ажээ.

“А” бүлгийн ангийн даргаар арван жилийн турш ажиллаж, одоо ч ангийн даргын эрхэм үүргээ биелүүлсээр яваа Ч.Отгонбаатарыг манай спортынхон таних билээ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортын улсын шүүгчээр ажиллаж байсан спортод элэгтэй нэгэн. Одоо тэрээр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөлийн дарга, Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооны Ерөнхийлөгч гэсэн олон сонгуульт албан тушаалтай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн юм. Тэрээр ангийнхаа хүүхдүүдтэй байнгын холбоотой байдаг бөгөөд нөгөөдүүл нь ч ангийн даргатайгаа зовлон, жаргалаа хуваалцана. Ангийн дарга Ч.Отгонбаатар ангийнхныхаа тухай ярихдаа хүүхдүүдийнхээ нэрийг овогтой нь хэлэх бөгөөд холбоо барих утас, гэр бүлийнхнийх нь хэн нэгнийх нь нөөц утасны дугаар мөн төрсөн он, сар, өдөр, регитрийн дугаар, хэдэн ач, зээтэй болсон, одоо хаана яаж амьдарч байгаа, хэдэн сарын хэдний өдөр холбогдсон тухай мэдээлэл зэргийг жирийтэл нямбай бичсэн жагсаалт хөтөлжээ. Тэрээр “Манай төгсөлтийн 54 хүүхдээс тав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо байгаа 49 хүүхдээс Саруултуяа, Шүрэнтуяа хоёртой л холбогдож чадахгүй байна” гэлээ. 1967 онд ангийн даргын эрхэм үүргийг хүлээж аваад өдгөө 2017 он хүртэл нэр төртэйгээр “Ангийн дарга аа” хэмээн хүндэтгүүлэн дуудуулж байгаа болохоор Ч.Отгонбаатарын хувьд тэрээр ангийн дарга болоод 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм.

Эдний ангийнхан бүгдээрээ хочтой. Нэгнээ “Хар”, “Оготно”, “Хавтгай шар”, “Шумуул”, “Сармагчин”, “Халзан Санж”, “Талх”, “Боохой”, “Данхар” гээд л тухайн холбогдсон инээдтэй, хөгтэй үйл явдал, онцлог шинжээр нь хочилдог байж. Ангийн анд Д.Батчулуун нь их жингэнэсэн дуутай хөвгүүн байж л дээ. Тийм болохоор ангийнхан нь түүнийг Шумуул гээд хочилсон гэнэ.

1976 он. Тэд сурагчийн дүрэмт хувцсаар ижилссэн ч тухайн үеийн моодонд орсон трапецэн өмд платформ гутлаар гоёдог байлаа

Ангийнхан нь ер нь урлаг, дуу хөгжимд авьяастай. Тэрэн дундаа Ц.Оюунцэцэг, Л.Хишигдорж, Р. Мандах-Оргил, Р.Отгонцогт, Б.Дуламсүрэн нар Хөгжим, бүжгийн дунд сургууль руу шилжин суралцжээ. Мөн З.Оюунбилэг, С.Энхжаргал, Л.Жамъяангарав Н.Отгончимэг, У.Сууринбүрнээбаатар, Р.Мандах-Оргил нар сургуулийнхаа циркийн хамтлагт явдаг байж. Тухайн үедээ ерөнхий боловсролын сургууль дэргэдээ циркийн хамтлаг байгуулсан нь бас л сонин содон ховор үйл явдалд тооцогдож байсан гэнэ.

Бас эдний ангийнхан спортдоо гаргуун. Дархан хотын гар бөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, хөнгөн атлетикийн шигшээд ангийнхнаас нь орж тоглодог байж. У.Сууринбүрнээбаатар нь уг нь Суурин гэдэг нэртэй байсан аж. Тэгээд гэрчилгээ авах болтол нэр нь Сууринбүрнээбаатар гээд гараад ирж. Тэгэхээр нь л бэлгэшээгээд энэхүү содон, урт нэрийг өгсөн учиртай гэсэн. У.Сууринбүрнээбаатар гимнастикийн тамирчин. Цэргийн сургуульд сурахаар хойшоо явсан гэнэ. Энэ ангийнхнаас хуульч мэргэжил эзэмшсэн нь олон. Л.Мөнхбаяр хурандаа, Ц.Болдоо, Г.Пүрэвсүрэн нар хуульч. Эмч гэвэл Төрийн соёрхолт Ж.Нарантуяа эдний анги. Мөн М.Сүнжидмаа, Б.Дуламсүрэн, Г.Оюунчимэг, Р.Сэлэнгэ, Р.Нарантогтох, Д.Батчулуун, Г.Галбадрах, Б.Далайжаргал, Б.Нарантуяа, Я.Түвшинжаргал гэсэн мундаг эмч нар бий. З.Оюунбилэг, С.Тунгалаг, Г.Сарантуяа, Н.Отгончимэг, Д.Орхонцэцэг С.Цэцэгмаа, П.Нямаа, Д.Баярмагнай, Д.Эрдэнэчимэг, Д.Намжилмаа нар багш мэргэжил эзэмшсэн бол эдийн засагч мэргэжилтэй нь Х.Ариунцэцэг, Б.Бадамсүрэн, Ц.Нямдарь, С.Туяа, И.Нансалмаа. Инженер гэвэл Ч.Отгонбаатар, Л.Гүндэгмаа, Л.Оюун, Н.Баясгалан, Ш.Болдбаатар, Д.Баасандэмбэрэл, Ц.Энхбаясгалан, С.Норовбадам нар юм байна. Л.Гүндэгмаа, Б.Мягмардаш, Н.Биндэргарав нар өөрсдийн гэсэн бизнесээ амжилттай эрхэлж байгаа аж. Эдний ангиас Д.Баатар, Д.Амгаланбаатар, Х.Оргил гэсэн төмөр замчид төрөн гарсан бол Д.Баяртням нь тухайн үедээ улсын тэргүүний зохион бүтээгч хэмээн салбартаа л шилдэгт тооцогдсон загвар зохион бүтээгч байжээ. Монголын басс гитарчдын томоохон төлөөлөл болсон хөгжмийн зохиолч Д.Нармандах эдний анги. Мөн зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх эдний ангийн хөвгүүн. Г.Уранчимэг нь насаараа “Улаанбаатар хивс” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол түүний ихрийн өрөөсөн Г.Оюунчимэг нь одоо АНУ-д амьдран суугаа юм байна.

Одоо энэ ангийнхан хааяа цуглаж уулзаад ярьж хөөрдөг зүйл нь арван жилийн хөгтэй явдлууд. Тэр болгоноо хөөрөлдөж элгээ хөштөл инээлдэх дуртай.

Ангиараа будаан дээр ажиллаж байгаад хотын тунель доогуур алхацгаана. Тэр мөчид гэрэл унтарчихвал “Тэр тэрийг үнсчихлээ”, “Тэр тэрний гарыг барьсан” гээд нэгнээ цаашлуулж, ичимхий нэгнээ улайлгана. Ангийн дарга нь тухайн үеийн спортын оддын талаарх мэдээ сэлтийг ангийнхандаа сонирхуулдаг байжээ. Дурсгалын дэвтэр дээр нь спортын шилдгүүдийн тухай мэдээ бичиж, зургийг нь наана. Энэ бүхний нөлөөгөөр ч гэх юм уу, ангиараа спортод хорхойтой.

Ер нь л арван жилийн хүүхдүүд багш нар, ангийн багшийнхаа хараа хяналт дор, хий гэснийг нь хийж, сургаалыг нь ягштал биелүүлдэг. Харин эдний ангийнхан тэр болгон багштайгаа зууралдаад, юу хийхээ асуугаад байдаггүй байж. Биеэ даасан, өөрсдөө хэлэлцээд шийдвэр гаргадаг, амь нэгтэй хүүхдүүд байжээ. Хамтдаа Эрдэнэт, Улаанбаатар, Сэлэнгэ, Шарын гол руу галт тэргээр туулайчлаад явчихна. Сайн ч бай, сахилгагүйтэх ажил ч бай бүх юманд бүгд нэгдмэл, зохион байгуулалттай байж чаддаг байсан нь энэ ангийг жинхэнэ нэг анги болгожээ. Д.Батжаргал, Ж.Цэрэнчимэд, Г.Өлзийсайхан, Д.Даваасамбуу, Х.Одтуяа, Д.Нармөнх, М.Батбаяр, Ш.Оюунбаатар, Л.Наран, Д.Оюугчимэг, Д.Эрдэнэцэцэг, Г.Жавхлан. Б.Баяртай, Ц.Гүнжидмаа, Г.Туул, Д.Борбаатар, М.Ганболд, Л.Баярсайхан, О.Пүрэвсүрэн, П.Нямдорж нар ажлыг ягштал хийж анги хамт, багш нараа баярлуулдаг байж. 1974, 1975 оны үед ангиараа сургуулиас зохиогддог байсан бүхий л спортын тэмцээн уралдаанд нэгэн жигд хувцастай оролцдог байсан гэнэ. Охид нь хувцас хэрэглэлдээ номер дугаар хадаж, оёж чимэглэдэг байжээ.

Чөлөөт цагаа аль болох ангийнхантайгаа өнгөрүүлцгээнэ. Хичээлээ тараад гэр гэртээ очоод дүрэмт хувцас, цүнх, номоо заавал аваачиж тавих ёстой. Энэ бол эдний ангийн бичигдээгүй дүрэм. Тухайн үед жинхэнэ моод болж байсан трапецан өмдөө өмсөцгөөж, урт ургуулсан үсээ янзалж гоёод гэрээсээ нэг л их гоё залуус гарч ирнэ дээ. Ингээд л үймүүлэх ажил нь эхэлнэ. Бие биенийдээ очно. Аав, ээж нь эзгүй байгаагийнхаа гэрт очиж тэр үед хит болж байсан дуу, хөгжим сонсч бүжнэ. Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэнэ. Гашуудал тохиосон нэгнийдээ очиж ажил төрөлд нь тусална. Хотын захад амьдардаг нэгнийхээ гэрт түлээ нүүрс дөхүүлж, мод хөрөөдөх зэргээр бүхнийг хамтдаа хийдэг байж. Юм бүхэнд ингэж хамтдаа зүтгэж, хамтарч ирсэн болохоор жигтэйхэн амь нэгтэй. Нэг нь гэмтэй зүйл хийлээ гэхэд багш ч бай, захирал, хичээлийн эрхлэгч ч бай хэн ч асуусан нэгнээ барьж өгнө өө гэж байхгүй. Бүгд л мөрөө хавчиж мэдэхгүй гэнэ. Хичээлдээ сайн, сурлагатай. Дээрээс нь бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй, чанартай оролцдог болохоор тэр хэрээр багш нартайгаа ч шударга харьцдаг байсан нь бас сонирхолтой. Багш орж ирээд “Самбар дээр гар” гэхээр самбар руу авирч элэглэнэ. Багш нь хичээлийн цагаасаа хоцорвол бүгд жагсаалаар гараад явчихна. Ер нь л өөрсдийгөө багаасаа мэдэрсэн, хэрсүү мундаг хүүхдүүд байсан нь энэ бүхнээс нь харагдана.

Ангийн дарга нь спортын ажил төрөл гээд заримдаа ангийнхантайгаа уулзалдахгүй бол “Үгүй ээ, энэ ангийн дарга яачихав. Сая төрсөн өдрөөр минь мэндчилгээ дэвшүүлсэнгүй” гэж ангийнхан нь гомдол нэхдэг гэнэ. Сүүлийн үед фэйсбүүкт ангийн групптэй болсон болохоор төрсөн өдөр нь тохиож буй нэгэндээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай болжээ. Заавал ангийн уулзалт гэхгүй, нэгнийхээ одон, медалийн найр, үр хүүхдүүдийнх нь хуримын ёслолд ангиараа оролцож баяр жаргал хүснэ. Мөн зовлон тохиосон нэгэндээ халуун сэтгэлээ илэрхийлнэ.

Өнөөдөр эдний ангийн албан ёсны уулзалтын баяр тохиож байгаа бөгөөд ангийн Г.Оюунтуяа, Б.Отгон нарынх нь төрсөн өдөр ч болж байгаа аж. Энэ удаагийн уулзалтыг ангийн охин Д.Баяртням нь гардан зохион байгуулж, ангийн дарга нь “удирдан чиглүүлж” байгаа аж. Ангийн дарга Ч.Отгонбаатар нь ангийнхныхаа тухай ярихдаа ихэд баяр баясалтай болж, бүгдийнх нь тухай ярьж, нэр усыг бичүүлмээр байна хэмээн инээмсэглэн “Бид чинь балчир багаасаа л ижилсчихсэн болохоор холбоо харилцаагүй болж байсан удаагүй шүү. Байнгын холбоотой байдаг. Энэ чинь л биднийг жинхэнэ нэг ангийнхан гэдгийг илтгэж байгаа юм” гэж бахархан өгүүлсэн юм. Эдний ангийн уулзалтын урилга дээр “Багын найзууд гэдэг зүрхэнд ижилсч ургасан мөнхийн мод. Тэр модны дэргэд бид хүүхдээрээ өтөлдөг өө” хэмээн бичсэн сайхан үгээр булангаа өндөрлөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орон шатаж байна

Зургадугаар сар дундаа орчихлоо. Өвс ногоо халиурч, цэцэгс өнгөө гайхуулан найгах зуны ид цаг л даа, уг нь. Гэтэл байгаль дэлхий гуравдугаар сараараа гандуухан. Модноос өөр ногоорох юмгүй халуу шатсан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын 60 хувь нь гантай гэж цаг уурчид мэдээлээд эхэллээ. Нийт нутгийн талаас илүү хувь нь хур царайчлан гандуу байгаа энэ үед түймэр гэж том асуудал толгой өвтгөж байна. Товчхондоо эх орон шатаж байна. Ой мод, тал хээргүй түймэрт өртжээ. Онцгой байдлын ерөнхий газрын өчигдрийн мэдээгээр Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийтдээ 96 удаагийн ой, хээрийн гал түймэр дэгджээ. Халуу шатсан өдрүүдэд хүрээгээ тэлж буй түймэр бараг 40 мянган га ой, гучин мянга орчим га хээр талыг сүйдэлсэн гэх тооцоо гарчихаж. Яг өдийд Сэлэнгийн Ерөө суманд хоёр түймэр, Хэнтийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булганы Тэшигт тус тус нэг түймэр дэгдэж байна. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг Хан-Уул дүүрэгт хоёр түймэр улалзаж байгаа гэсэн мэдээг Онцгой байдлын газраас авлаа. Түймрийн голомтод 306 албан хаагч, 25 автомашинтай ажиллаж байгаа юм билээ. Сайн дураараа түймэр унтраахаар очсон иргэдийн тоо зуу гаруйхнаар тоологдож байна. Түймрийн аюул иймдээ хүрчихээд байхад нийтээрээ сонгуулиас өөр зүйлд анхаарахгүй яваа нь бас л сонин сэтгэлгээ, хачин хандлага шүү.

Ууланд сайн дураараа очсон 100 гаруйхан хүн, гэрэл зургийн хоббигоороо олонд танигдсан М.Зоригтоос өөр түймэрт санаа зовсон хүн алга. Зоригт л ууланд явдаг жижиг машинаараа хэдэн канистр ус хүргэж өгснөө фэйсбүүктээ постолсон харагдсан. Ой, хээрийг сүйдэлж байгаа түймрийг унтраахаар өдөр, шөнөгүй ажиллаж буй залууст туслахаар очсон санаа нь хөөрхөн л дөө. Гэхдээ түүний аваачсан цөөхөн канистр ус халуу шатсан өдөр хөлсөө цувуулан ажиллаж яваа залуусын амны цангааг ч бүрэн тайлж чадахгүй нь бодит үнэн. Фэйсбүүк, твиттерт түймрийн элдэв зураг оруулж, санаа зовсон үгс урсгаж суугаа хүмүүс хэдэн мянгаараа харагдах юм. Гэхдээ компьютерийнхээ араас босч, гар утсаа халааслаад хувин ус барин Богд руу зүглэж байгаа нь зуу гаруйхан. Уг нь нийслэлчүүдийн хорь, гучин хувь нь хувин ус бариад түймэр унтраахаар явбал галын аюул ингэтлээ өсөхгүй, дор нь цурманд оруулах боломжтой. Өнөөдрийн бодит байдал гэвэл онцгой байдлын хэдэн залуу л машинаас өөр зэвсэггүй нүцгэн гараараа түймэр унтраахаар нойр, хоолгүй зүтгэж явна. Уулын түймрийг дарахад гал авалцаж буй хэсэгт ус хүргэнэ гэсэн том зовлон онцгойгийнхонд байдаг.

Хөгжилтэй, бодлоготой улсад бол онгоцоор унтраачихдаг ч манайх онгоцгүй учраас хувинтай ус бариад уул өөд хөлсөө урсган алхдаг. Гал унтрааж болохоор цөөхөн онгоцыг нь сонгуульд нэр дэвшигчид хөлсөлсөн шигээ аж төрж байна. Гал унтраах арга барил, технологи маань өчнөөн жилийн хугацаанд өөрчлөгдөлгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун ч гэлээ үнэн. Онгоцтой түймэр унтраасан нэг түүх бий. Тээр жил Сэлэнгэд болсон түймрийг унтраахаар яваад осолдсон залуус хэцүүхэн, хуучин онгоцтой явж байсан юм. Нэгэн даргын буруу шийдвэрээс болж олон сайхан залуу харамсалтайгаар амиа алдсан тэр өдөр л онгоцоор түймэр унтраахаар явсан болов уу. Ойн түймрийг, том талбай хамардаг хээрийн улаан галыг цаг алдахгүй цурманд оруулъя гэвэл онгоцоор унтраахаас аргагүй. Гэтэл бид онгоцгүй явсаар өнөөг хүрсэн. Сэлэнгэд гарсан тэр жилийн айхавтар түймрийн үеэр ямар ядруу байсан яг тэр хэвээрээ л байна.

Халуу шатсан өдрүүдэд уул, хээрт түймэр дэгдсэнээс гадна том обьектууд ч галд өртөж эхэллээ. Долоо хоногийн өмнө хотын захад ноолуурын нэг үйлдвэр шатсан дуулдсан. Уржигдар гэхэд үндэсний том үйлдвэр “Говь”- ийн хамгийн том обьект галд автлаа. Гал сөнөөгчдийн эхний хэсэг уг нь утаа дөнгөж уугиж байхад очсон юм билээ. Ус хүрэхгүй болохоор нь тэр компаниас тэгж усаар тусаллаа гэж ирээд мэдээлж байна. Ядаж л усны асуудлаа зохицуулаад очиж болмоор. Эхний 30 минутанд ус цацлаа, дуусах үед нь дараагийн ээлжийн ус ирчихсэн байх ёстой гэдэг төлөвлөгөө уг нь тийм нарийн тактик биш санагдах юм. Энгийн л нэг арга хэмжээ. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв шатах үед ч яг ийм асуудлаас болж тэр том обьектоос юу ч үлдэлгүй шатсан түүх бий. Бүхэл бүтэн улс байж галын аюулыг амбаар сав, амины орон сууц мэтхэнээр хэмжиж болохгүй л дээ. Том обьектуудын галыг унтраах нарийн тактик төлөвлөгөө, техник технологи, хүн хүчтэй, тов тодорхой бодлоготой байх учиртай.

“Алтжин Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш Онцгой байдлын хэчнээн дарга солигдсон билээ. Гэтэл ядруухан зутруухан хэвээрээ, хэдэн гал сөнөөгчдөө улаан гал руу нүцгэн оруулах нь холгүй явсаар өнөөг хүрсэн байх юм. “Говь” үйлдвэрийн обьект шатахад 150 хүн гал унтраахаар цаг наргүй ажилласан гэж дуулдсан. “Говь”-д гал гардгийн өмнөх өдөр нь Лондонгийн хориод давхар том барилгад гал авалцсныг уншигчид санаж байгаа байх. Тэр том обьектын галыг унтраахад 150 хүн ажилласан гэсэн мэдээллийг дэлхийн мэдээллийн агентлагууд цацна лээ. Ганц байшингийн дээвэрт гарсан галыг 150 хүн, бүхэл бүтэн том барилгад яах ийхийн зуургүй дэгдсэн улаан галыг 200 хүн унтрааж байна гээд харьцуулаад бод доо. Английн гал сөнөөгчид сайн, манай залуус чадвар муу учраас ийм том ялгаа ажиглагдлаа гэвэл хэтэрхий өрөөсгөл, гэнэн дүгнэлт болно. Манай гал сөнөөгч, аврагчид хамаг л чадал чадвараараа ажилладаг. Тэд Английн гал сөнөөгчдөөс техник хэрэгсэл, сургалт дэмжлэгээр л ялгардаг. Онцгой байдлын залуус гэхэд хэд хоногоор ой, хээрийн түймэрт явахдаа бэлэн гоймон цүнхлээд гэрээсээ гардаг, багаж техник гэх юмгүй нүцгэн гараараа галтай нүүр тулдаг. Гал сөнөөгчид ч ялгаагүй. Ямархуу хэцүү нөхцөлд аюултай нүүр тулдгийг “Говь”-д гарсан гал харуулаад өглөө.

Уг нь салбар салбарын сайд нар салбар салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл ингэж бодож, сэтгэж, ажиллаж байгаа дарга байна уу? Бараг алга гэчихэд бодит үнэнээс зөрөхгүй. Онцгой байдлыг хариуцсан сайд, дарга нь гэхэд л том обьектод түймэр гарвал яах вэ, гантай жил ой, хээрт түймэр дэгдвэл ямар техник, хүн хүчээр ажиллах вэ гэдэгт толгойгоо гашилгах учиртай. Яг одооны байдлыг анзаарахад том түймэр, галын аюулд ажиллах төлөвлөгөө, сургалт, техник технологи бидэнд алга.

Манайханд нэг алдаатай ойлголт, буруу хандлага бий. Ямар нэг салбарын дарга, сайд гэхээр л гоё нарийн бичигтэй, гоё хослол, гоё цагаан цамцтай, гоё ширээний ард тухлахын нэр гэж ойлгоод байдаг. Уг нь дарга, сайд гэдэг огт өөр утгатай эд. Бодлого нь зөв улсад бол тухайн салбарынхаа аж ахуйг хариуцдаг хүмүүсийг дарга гэж ойлгодог.Тэнд арай сийрэг сэтгэдэг хүмүүсийг дарга гэж хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь Батлан хамгаалахынхан цэргийн сургуулиа сайн хийх ёстой. Тэр салбарыг хариуцсан сайд дарга нар нь ч ялгаагүй. Цэргийн сургуулилт явагдаж байгаа газарт ажиллаад явж байх учиртай. Салбарынхаа зовлон, жаргалтай нүүр тулж байж л асуудлыг нь шийднэ гэдэг бол хэн ч бодоод олчих энгийн гаргалгаа.Онцгой байдал хариуцсан дарга удирдлагууд өдийд түймрийн захад очоод зогсох хэрэгтэй. Түймрийн гал, утаанд нүүр нь халтайчихсан, хөлс нь урсчихсан явж байгаа бол тэр хүн жинхэнэ Онцгойгийн дарга. Дахиад хэлэхэд дэлхийн мундаг улсууд ийм хүнийг дарга гэж ойлгодог. Тэгж байж л ямар ч багаж техникгүй нүцгэн гараараа ажиллаж буй ажилтнуудынхаа зовлонг мэдэрнэ. Ингэж байж салбараа шинэчлэх, хөгжүүлэх гарц шийдлийг олно. Дэлхийн улсуудад дарга нар ингэж л ажилладаг. Түүнээс биш юун цагаан цамц, гоё зангиа. Манайхан шиг ширээний ард цомцойж суугаад өөрийнх нь данс руу орох мөнгөний шилжүүлгэд гарын үсэг зураад суух хүнийг дарга гэж ойлгодог улс цэнхэр гаригт тун цөөхөн. Хөгжлөөрөө уруудсан, дээр дооргүй авлигад идэгдсэн ядруухан хэдэн улс л ийм “гоё” дарга нартай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуулийг үл тоодог, их зант гэгээнтнүүд муу улстөрчдийг төрүүлдэг” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” “Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байна уу?” хэмээн онцолжээ. “Барилга байшин, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ үед барилгын гол түүхий эд болсон цемент зах худалдааны төвүүдээр хомсдож, энэ хэрээр цементийн үнэ огцом өсөх болжээ” хэмээн энд өгүүлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг “Экспортын шинэ эринийг эхлүүлмээр байна” хэмээн ярьжээ.

“Сонгуулийн хийрхэл дундаас биежиж магадгүй хэдэн ажлын сураг сонсогдож байна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “50 сая вонын жүжгийг СЕХ зохион байгуулсан гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.

“Сонгуулийг үл тоодог, их зант гэгээнтнүүд муу улстөрчдийг төрүүлдэг” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлжээ. “Саналаа өгөхгүй бол таны голсон улс төрч ялах саналаа нэгээр нэмлээ гэсэн үг. Ялахад нэг алхам урагшиллаа гэсэн үг” хэмээн уг нийтлэлд өгүүлжээ.

“Нэг ангийнхан” буланд З а в х а н а й м г и й н Завханмандал сумын найман жилийн сургуульд 1967 онд элсэн орж, эрдмийн их далайд хөл тавьсан нэг ангийнхны тухай өгүүлсэн байна.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ зунаас эхлэн үнэ бууруулах тал дээр арга хэмжээ авна” хэмээн ярьжээ.

“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатарын хэргийг шүүхэд шилжүүлжээ” мэдээг “Өдрийн сонин”-оос уншаарай. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар сонгуулийн зөрчилтэй холбоотой мэдээлэл хийжээ.

“Шалгалтын явцад олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэг нь өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон үйл явдал мөн болох нь, тухайн бичлэг нь ямар нэг эвлүүлэг, засварлалт, дуу х о о л о й н ы ө ө р ч л ө л т г ү й болох нь тогтоогдсон. Түүнийг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шүүх тогтооно” хэмээн тэр мэдээлжээ.

“Эрдэнэсийн арал буюу Замын-Үүдийн гааль” нийтлэлийг “Баримт, үйл явдал” нүүрээс хүлээн авна уу.

“Суу алдартнуудын өлгий” буланд Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг зууны манлай дуучин, Х.Уртнасангийн унаган нутгаар хийсэн тэмдэглэл нийтлэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын авлигын бичлэг эвлүүлэг биш гэдэг нь тогтоогджээ

Холбоотой Зураг

Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны явцад гарсан гомдол, зөрчлийн талаар сая мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн хугацаанд 263 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэнээс авлига авч байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дагвасүрэн хэлэхдээ “С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэн Ю Ван Сүгээс авлига авсан гэсэн гомдол намуудаас ирсний дагуу шалгаж үзэхэд тус бичлэг нь эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон. Тиймээс шалгалтын явцад тогтоогдсон материалыг үндэслээд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн” гэлээ.

Сонгуулийн үр дүн гарсны дараа нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй аль болохоор хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатар анхаарууллаа. Мөн цахим сүлжээнд хяналт тавьж ажиллаж байгааг сануулав.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны зам-Хархорин” соёл, жуулчлалын арга хэмжээ ирэх сард болно

Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор “Торгоны зам-Хархорин” соёл, жуулчлалын арга хэмжээг ирэх сарын 17-21-нд зохион байгуулах юм байна.

ЮНЕСКО”-гийн Торгоны замын хөтөлбөрийн албан ёсны газрын зурагт Монгол Улс Хархорин хотоор холбогдсон байдаг. Хархорин нь Монголын эзэнт гүрний үед Өрнө, Дорнын худалдаа төвлөрсөн, татвар төлөгчид, элч төлөөлөгчдийн дамжин өнгөрдөг гол суваг болж байсан учир гарцаагүй Торгоны замын хотуудын нэг гэж судлаач түүхчид үздэг.

Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор уламжлуулан сурталчилж жуулчдын тоог нэмэгдүүлэн цаашид хөрш зэргэлдээ орнууд, дэлхийн бусад орнуудын жуулчдын зорин ирж оролцдог соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох эхний алхам энэ юм.

Энэ хүрээнд Торгоны Зам-Хархорум хот, түүх өв соёлын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон гадаад, дотоодын зочдод Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчилсан “Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ, “Хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн”, “Хархорум зоог” Монгол үндэсний хоолны фестиваль, “Нүүдэлчин монгол”, “Цамын дэг” шашин соёлын арга хэмжээ, “Адуучин” соёлын үйл ажиллагаа, Хархорумын худалдааны гудамж, Циркийн болон морьтон баатруудын тоглолт зэрэг танин мэдэхүйн боловсролд чиглэсэн сонирхолтой, өвөрмөц хөтөлбөр багтжээ.

Тус соёлын арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хархорин суманд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгтэй Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол эмч нар Харвардад суралцана

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцлаа. Тодруулбал Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь Анагаахын багш, Эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр юм. Дэлхийн дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.