Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатарын гэрт учир битүүлэг илгээмж ирсэн гэв

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатарын сонгуулийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өчигдөр 00:00 цагийн орчимд үл таних этгээд нэр дэвшигч С.Ганбаатарын эхнэр н.Тунгалагийн нэрээр илгээмж авчирч өгсөн байна. Гэрийн хаягаар нь илгээмж хүргэж ирсэн этгээд өөрийгөө таксины жолооч гээд үл таних хүн оруулаад өгөөч гэж хэлсэн хэмээн мэдүүлжээ. Тухайн үед н.Тунгалагийн төрсөн дүү нэр дэвшигчийн гэрт байсан аж.

Тэрбээр танихгүй хүнээс ирсэн илгээмжийг авахгүй гээд буцаасан ч 15 минутын дараа дахин хаалгыг нь тогшсон гэв. Ингээд Төрийн тусгай алба болон цагдаагийн байгууллага руу дуудлага өгснөөр таксины жолооч гэх иргэнийг баривчилсан байна. Харин илгээмжид гурван ширхэг капсултай зүйл байжээ. Түүнийг шинжлэхээр холбогдох албаныхан аваад явсан аж. МАХН-ын гишүүн Н.Тулгын хэлснээр “Тэр илгээмж дотор байсан зүйл юу болохыг бидэнд одоог хүртэл мэдээлэхгүй байна. Тиймээс хууль хяналт болон прокурорын байгууллагаас илгээмж доторхи зүйл юу байсныг харуулахыг шаардаж байна” гэлээ.

Уг зүйлийг өнөөдөр шүүх шинжилгээний байгууллага шалгасан гэх мэдээллийг өгч байв.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Буянт-УхааII хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн ёслол болов

“Буянт-УхааII” хороолол дахь 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан ч “Улс худалдан аваагүй” гэсэн шалтгаанаар нэг жил гаруй хугацааг үдсэн билээ. Тус хорооллыг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын зорилтот хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан юм. Харин өнөөдөр 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн нээлтийн ёслол болов. Ёслолд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, X хорооны Засаг дарга Ц.Чинзориг, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар хүрэлцэн ирж, тууз хайчиллаа. Одоогоор Буянт-Ухаа II хорооллын эхний ээлж болох 1620 айлын орон сууцанд оршин суугчид аж төрж байна.

Хан-Уул дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн тусламж үйлчилгээнд анхаарал хандуулж байгаа” гэдгээ онцолсон. Цаашдаа сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах төлөвлөгөө бий гэнэ.

Оршин суугчид цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар маш их хөөцөлдөж, олон хүнд хандсан гэдгийг Засаг дарга Ж.Алдаржавхлан ярьж байна лээ. Тус хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байгааг ёслолд оролцсон албаны хүмүүс онцолсон. Цэцэрлэгийн нээлтэд хүүхдээ хөтлөөд ирсэн ээж, аав нар “Хэзээ хүүхдээ бүртгэж авах вэ” гэж хамгийн их асууж лавлацгааж байлаа.

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйгээс зарим асуултад хариу авлаа.

-Буян-УхааII хорооллын цэцэрлэг ашиглалтад орж чадахгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Одоо санхүүжилтийн асуудал шийдэгдсэн үү?

-ТОСК цэцэрлэгийг барьж байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нэг жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй зогссон. Хөгжлийн банкны эх үүсвэр хэрхэн эргэн төлөгдөх вэ гэдэгт асуудал байсан юм. Хөгжлийн банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороотой хамтраад санхүүгийн асуудлыг шийдсэн.

-Оршин суугчдын хувьд нэмж цэцэрлэг барих эсэх, сургуулийн барилга хэзээ босох бол гэсэн хүлээлттэй байгаа. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Буянт-УхааII хорооллын эхний хэсэг ашиглалтанд орсон байгаа. Ирэх онд бид Буянт-УхааII хорооллын хоёр төсөл эхлүүлэхээр гэрээ, төслийн хэмжээнд яригдаад явж байна. Ирэх онд нэмээд хоёр цэцэрлэг, 500 хүүхдийн сургууль баригдах болно. Маш олон оршин суугчидтай хороолол учраас нийгмийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байна.

-Орон нутагт ТОСК мянган айлын орон сууц барих ажлын явц ямар байгаа вэ?

– Аймаг бүрд 1000 айлын орон сууц төлөвлөсөн. Эхний ээлжийн 120-200 айлын орон сууц ерөнхийдөө баригдаад эхэлсэн. Бид цаашдаа энэ тоог нэмэхээр судалж байна. Аймгуудад эрэлт байна. Худалдан авах чадварыг нийлүүлэлттэй уялдуулан ажиллах юм. Мөн Яармагийн дэнжид “Эко Яармаг” хорооллыг барьж байгуулахаар барилга угсралтын ажил эхлүүлэх хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна.

-Хараахан дуусгаагүй байгаа 18 барилгын ажил бий. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд энэ орон сууцнуудыг ашиглалтад орохыг хүлээж байгаа. Энэ орон сууцнууд хэзээ баригдаж дуусах вэ?

-Бид хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр шамдан ажиллаж байна. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл энэ жилдээ ашиглалтад ороод, бага дунд орлоготой иргэдэд ипотекийн зээл, түрээсийн орон сууц, худалдан борлуулах нээлттэй схемүүдийг хэрэглэж хүрэх боломжтой гэв.


Шинэхэн цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ авч эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа

Image result for ЭлбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа.

Уг зарлигт:

  1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
  2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
  3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна.

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан:

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ. Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан туг юм.

Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж болон үлджээ.

Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”; 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”; 4 дэх хэсэгт “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн” хэмээн тус тус заажээ.

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарав.

Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”; 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг; Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно.

Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.


Categories
мэдээ нийгэм

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асраар үйлчилгээ эрхлэх-4, зориулалтын бусад түр байгууламжаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх-4 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  1. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  2. Стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
  3. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;
  5. Мэргэжлийн тогооч, ажиллагсадтай байх;
  6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораториор тогтмол баталгаажуулдаг байх;
  7. Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төсөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/; асрын хэмжээ 3*3 байх;
  8. Хоолны үйлчилгээнд шаардагдах Монгол улсын MNS 5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн нефтийн хийг ашиглахдаа аюулгүй ажиллагааг ханган зориулалтын зөөлөн холбоосоор холбох
  9. Шаардлага хангасан галын хор, гал унтраагуурыг бэлтгэсэн байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Хүсэлт /албан бичиг/;
  2. Үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
  3. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл /хуулбар/;
  4. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
  5. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт;
  6. Мэргэжлийн тогоочийн үнэмлэх /хуулбар/;
  7. Үйлчилгээнд гаргах хоолны цэс, технологийн карт, хоол, зууш, ундааны танилцуулга, өнгөт зураг;

Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 06 дугаар сарын 28-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ үү гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Асраар болон явуулын цэгээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх загвар:

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгийн Дулаанхайрхан өртөөнөөс Ерөө-Хүдэр хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Дулаанхааны дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр чиглэлийн эхний ээлжийн 65 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр барьж ашиглалтад орууллаа.

Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа юм байна.

Уг концессын гэрээний хүрээнд зам, тээврийн салбарын хоёр төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хоёр төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй ордоос Ерөө суманд байрлаж буй “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьж, өнгөрсөн оны 12 сард ашиглалтад оруулсан.

Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох “Дулаанхааны дөрвөн замын уулзвар–Ерөө сум–Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж буйг Зам, тээврийн сайд Д.Ганбат онцолсон юм.

Гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ХХК ажиллаж байгаа бөгөөд үлдэж буй 30 км хатуу хучилттай авто замын далан, суурь, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил хийгдэж байгаа ба гэрээний дагуу энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах гэнэ.

Тус чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор уул уурхай, металлургийн төсөлд дэмжлэг үзүүлэхээс гадна Сэлэнгэ аймаг түүний дотор Ерөө, Хүдэр сумын ард иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэнэ.

Түүнчлэн энэ бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуй, цаашлаад орон нутаг болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийтлэл үндэсний-бөx

Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт Ч.Санжаадамба аварга, П.Бүрэнтөгс нар хүчийг үзэх үү

Өнөө жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү үзүүштэй, сэтгэл хөдөлгөм сайхан наадам болох шинжтэй. Арваадхан хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар чансаа өндөр 512 бөх зодоглож, үнэн хүчээ үзэн барилдах болно. Одоогоор нутаг нутгийн бөхчүүд гал болон наадмын бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд зургадугаар сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарчээ. Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын ах дүүсийн ахалж буй галынхан Бүрэгхангай суманд үндсэн бэлтгэлээ базааж байгаа ба улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд энэхүү галд нэгджээ. Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд сурсан газар болох Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарсан байна. Зургадугаар сарын 12-ноос эхэлсэн тэдний бэлтгэлийг улсын арслан Д.Ганхуяг удирдаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Харзтайд наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Уг галыг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж байгаа бөгөөд гуч гаруй бөхчүүд нэгдсэн гэнэ. Өнөө жилийн баяр наадамын гол тааврын эзэд болох улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд мөн Харзтайд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн нэгдсэн бэлтгэлд аварга С.Мөнхбат, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарчээ. Тэгвэл Засагт ханы хөх харчуул Багануурын ойролцоох ‘Мандал’ амралтад бэлтгэлээ базааж байгаа бол Хан Хэнтий нутгийнхан Өндөр дэнж хэмээх газар наадмын бэлтгэлдээ оржээ. Хэнтийн бөхчүүдийг улсын начин Д.Одхүү ахалж буй юм. Хонгор нутгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас бэлтгэлээ эхлүүлжээ. Ийн нутаг нутгийн бөхчүүд цолгүй нь улсын цолонд, цолтойчууд нь шөвгөрөхийн тулд халуун нар, зүсрээ бороог үл ажран бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Өнөө жилийн наадмаар шинэ цолтонгууд харьцангуй цөөн төрөх болов уу хэмээн бөх судлаачид харж буй. Учир нь 512-д энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг улсын цолтонгууд бүгд зодоглоно. Мэдээж хэрэг ирэлсэн тонгорог шиг аймгийн цолтонгууд бий.

Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмаас хойш өдий хүртлэх хугацаанд зохиогдсон заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдаж, улсын аварга, арслангуудыг дараалуулан өвдөг шороодуулж байсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг нэрлэж болох юм.

Тэрбээр өнөө жилийн сар шинийн барилдааны тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууж, шөвгийн наймт шалгаран үлдсэн билээ. Мөн дөрвөн уулын хишиг барилдаан, болоод чансаа өндөр барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж, шөвгөрч байсан юм. Түргэн шуурхай, бие жижигч уран мэхтэй, хүнд бярдуулдаггүй өөрийн гэсэн онцлог барилдаантай өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг яахын аргагүй Ш.Пүрэвгарьд юм. Удахгүй болох наадмаар ч аварга, арслан, гарьд, заануудыг сандаргах бөхчүүдийн нэг билээ. Мөн сүүлд болсон томоохон барилдаан болох улсын арслан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд томчуудыг дараалан давж, урамтай сайхан барилдан түрүүлсэн, аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд мөн л адил иртэй барилдаж өнгөлсөн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангайг өнөө жил дээгүүр барилдах болов уу гэсэн бөх сонирхогчдын зүгээс ихэд харж буй.

О.Хангай арслан хүчтэй, чацтай, мэхэнд үлдэцтэй, шуудагнаас ч, задгайгаас ч тэр сайн барилдаг хүчтэй арслан билээ. Тэрбээр өнөө жилийн баяр наадын гурвын даваанд тунан барилдах өндөр магадлалтай. Харин дөрвийн давааны оноолтод улсын арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэй арслангуудын нэгэнтэй нь таарч болзошгүй. Ингээд давчихвал тавын даваанд О.Хангай арсланг амлан авч барилдах бөх ховор болов уу. Доороос гарч ирсэн шилдэг аймгийн арслантай эсвэл улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж нарын нэгтэй тунж магадгүй л юм. Хэрэв Б.Пүрэвсайхан заантай тунчихвал О.Хангай арслан начин болох магадлал өндөр. Учир нь өмнөх заалны барилдаанд Б.Пүрэвсайхан заантай дөрвөн ч удаа таарч барилдахдаа гурван удаа давсан болохоор тэр. Гэхдээ наадмын дэвжээ арай өөрөөр яригдах байх. Ямартай ч О.Хангай арсланд улсын цол авах боломж бий. Бүр П.Бүрэнтөгс арслангийн амжилтыг ч гаргаж болзошгүй бөх өө. Харин улсын цолтой бөхчүүдээс өнөө жил өнгөтэй байгаа нь өнгөрсөн жилийн түрүү бөх улсын аварга Ч.Санжаадамба. Өнгөрсөн хугацаанд болсон заалны барилдаануудад барилдахдаа ихэнхд нь түрүүлж, үзүүрлэсэн, шинэхэн аварга цолныхоо хэмжээнд хангалттай хүрч барилдсан юм. Тийм дээ ч өнөө жилийн наадмаар Санжаа аваргын гарыг нугалах бөх ховор болов уу. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь улсын арслан П.Бүрэнтөгс. Тэрбээр Санжаа аваргатай барилдаан таардаг, аралтай, бяртай, барилдааны хий багатай бөх гэдгийг ард түмэн мэднэ. Өнөө жилийн баяр наадмын түрүү, үзүүрт аварга, арслан хоёр таарах магадлал бас бий. Хэрэв Санжаа аварга түрүүлбэл далай аварга болно. Харин П.Бүрэнтөгс арслан түрүүлбэл улсын аварга цолтон нэгээр нэмэгдэх билээ. Өөр нэг зүйл нь өнөө жилийн баяр наадмаар шинэ улсын цолтонгууд ховор төрөх хандлагатай харагдана. Улсын начин цолтон хоёроос ихтэхгүй, улсын харцага ч алил. Харин улсын заан цолтон нэг төрж магадгүй бол улсын арслан цолтон шинээр төрөхөд үнэхээр хэцүү болж таарна. Энэхүү цолонд Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж болоод од нь гүйсэн аймгийн арслангуудын нэг нь хүрч магадгүй. Харин улсын аварга цолтон төрөх магадлал өндөр юм. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг арслангууд болох П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын нэг нь аваргуудын эгнээнд бичигдэж магадгүйл юм. Ерөнхий дүр зургийг гаргах хэцүү болж. Хэн нь ч унаж, хэн ч давж магадггүй. Гэхдээ л олон түмэн улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт үлдэнэ гэцгээх юм.

Categories
мэдээ нийгэм

Италийн Наполи хотын их сургууль Монгол судлалын анги нээнэ

Бүгд найрамдах Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тус улсын Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар зургаадугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочилжээ.

Элчин сайд их сургуулийн проректор профессор Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч профессор Микеле Бернардини, тэнхимийн профессор Донателла Гуида нартай уулзаж ярилцсан байна. Профессор Ж.Банти өөрийн их сургуулийн түүхийг Элчин сайдад танилцуулж, дэлхийн 100 орчим орны их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг тус их сургууль нь өнгөрсөн онд МУИС-тай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, оюутан, багш, профессорын солилцооны талаар тохирсон тухай сонирхуулжээ.

Тус их сургууль нь дэлхийн 80 гаруй гадаад хэл заадаг, Европт төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог гадаад хэл, олон улс судлалын төв бөгөөд 1980-аад онд Монгол, Түвд судлалын чиглэлээр ажиллаж байгаад түр зогсоосон талаар проректор Ж.Банти дурдсан юм. 2018 оноос Монголын түүхийн хичээл зааж эхлэх, улмаар 2020 оноос Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаа талаар проф. М.Бернардини мэдээлж байв.

Монгол судлалын уламжлалтай, гадаад хэл, орон судлалын Италийн томоохон их сургуульд Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаад Элчин сайд талархал илэрхийлж, Монголын төр, засгийн зүгээс гадаад улс орнуудад Монгол судлалыг хөгжүүлэхэд бололцооны хэрээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдэгджээ.

Монгол Улс, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд Монголын түүх, соёлыг илтгэсэн томоохон хэмжээний үзэсгэлэнг Итали Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Элчин сайд Ц.Жамбалдорж мэдээлээд, тус их сургуулийн проф. М.Бернардини уг асуудлаар идэвх санаачилгатай ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж буйгаа мэдэгдсэн юм.

Уулзалтын дараа проф. М.Бернардини Элчин сайдыг Наполи хотын Үндэсний Археологийн музейд урьж, 2020 онд зохион байгуулах Монголын үзэсгэлэнг тус музейд гаргах боломжийн талаар санал солилцжээ. Италид хамгийн олон жуулчин ирж сонирхдог Наполи хотын дэргэдэх Помпейн музейн дараа Ромын түүхийн хамгийн арвин үзмэртэй Наполи хотын Үндэсний Археологийн музейд Монголын үзэсгэлэнг дэлгэн тавих нь Монгол Улсын хувьд томоохон сурталчилгаа болно гэж үзэж буйгаа Элчин сайд онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт мөнгөн шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ. О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.

Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.

“Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа.

Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнд Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангалаа

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 51кг-д тулалдсан ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж улмаар хагас шигшээд үлдэх тулаанаа Филиппиний боксчин Касин Жуделинтэй тоглож 4:1 ялсан.

Харин медалийн өнгө хувиргах тулаанд БНАСАУ-ын Чол Ми Бантай оноолт таарсан юм.

Сонирхуулахад, “Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, 69кг-д ОУХМ Б.Түвшинбат нар өнжиж байна.

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ дөрвөн боксчин авсан.

Эдгээр боксчдоос Д.Отгондалай, Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжиж Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар энэхүү тэмцээнд өрсөлдөж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2375 төгрөгтэй тэнцэж байна

“Найман шарга” валютын зах дээр өнөөдрийн 15 цагийн байдлаар үнэ ханш ийм байна.

USD
АНУ-ын доллар авах
2,370 зарах
2,375

CNY
БНХАУ-ын юань авах
347 зарах
349

RUB
ОХУ-ын рубль авах
40 зарах
41

EUR
Евро авах 2,645 зарах
2,670

KRW
БНСУ-ын вон авах
2.09 зарах
2.011

GBR
Английн фунт авах
2,950 зарах
3,050