Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам зөв хүнээ дэвшүүлж чадвал ялалт авчрах үндэс болно

УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор өнөөдөр албан ёсоор бүртгүүллээ. Өнөөдрийн дотор бүртгүүлсэн нэр дэвшигчдээс маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Ардчилсан намын гишүүд саналаа өгч 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчээ тодруулах юм.

Л.Болд гишүүний бүртгүүлэхээр ирэхдээ хэлсэн үгийг хүргэж байна.

Үзэл санаа нэгт эрхэм нөхдийнхөө энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр дэвшигчээ орон даяар нийт гишүүдийн саналаар тодруулж дараа нь их хурлаараа баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь манай улс төрийн орчинд цоо шинэ, дэвшилтэт үйл явдал болж байна.

Ардчилсан нам өнөөдөр хямрал, шинэчлэлийн дундах адармаатай цаг үеийг туулж байна. Үүнтэй зэрэгцээд хяналтгүй болсон төрийн бодлого гажуудан иргэнээ биш даргыг ачилж, ардчиллын үнэт зүйлс гундаж байна.

Энэхүү эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам зөв хүнээ дэвшүүлж нэгдэн нягтарч чадвал намдаа төдийгүй ард түмэндээ ялалт авчрах үндэс болно.

Миний бие 1990 оны Ардчилсан хувьсгалын их түрлэгт оюутан залуусынхаа хамт нэгдэн орж улмаар Монголын Ардчилсан Намыг байгуулалцсан үеэсээ хойш өнөөг хүртэл ардчиллын үзэл санаа, Ардчилсан намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж ирсэн билээ.

Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.

Би Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг тээгч Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбаруудад Ардчилсан намын бодлогоор томилогдон ажиллаж үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн хэрэгт бэлтгэгдсэний хувьд Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглаж, монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавьж, ашигт малтмал мал аж ахуйн орноос оюунлаг, мэдлэгжсэн Монгол болон хувирах баттай эхлэл, үзэл номлол, хандлагыг бий болгон Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.

Санал асуулгад өрсөлдөхөөр бүртгүүлж буй журмын нөхдөдөө амжилт хүсье.

Та бидний шударга өрсөлдөөн Монголын ард түмэнд ялалт, Ардчилсан намд сэргэн мандалтыг авчрах болтугай.

Ардчилсан намын мянган мянган гишүүд та бүхэндээ энэхүү түүхэн чухал санал асуулгадаа идэвхитэй, хариуцлагатай оролцохыг уриалж байнa!” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ноён уултай холбоотой шүүх хурал өнөөдөр болно

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас эхэлнэ.

Өмнө нь хэд хэдэн удаа шүүх хурал нь хойшилсон бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэхээр тов нь гарчээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорчулуун, Г.Уянга, Б.Хатанчулуун, П.Шижээравдан, Ш.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нар оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн их наадам өнөөдөр болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хамтдаа Инээмсэглэе 2017″ урлагийн их наадам тавдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдахгэж байна. Урлагийн наадамд маань нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 тусгай сургуулийн хүүхдүүд авъяас, чадвараараа өрсөлдөжшилдгүүдээ тодруулдаг ба тэдний болон багш ажилчид, эцэг эхчүүдийн жил бүр хүлээдэг арга хэмжээ болдог юм байна. Шүүгчээр жүжигчин Г.Ундармаа, хийлч Дээгий нар ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жигжидийн зусланд гал гарчээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.

Дашрамд дуулгахад, хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч зуслангийн чиглэлд гал түймрийн дуудлага буурахгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал: Би намынхаа яв гэсэн тойрог руу очоод ямар ч байсан нэг суудал аваад л ирдэг

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-АН-аас хэдэн хүн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн бэ?

-Өнөөдөр Лу.Болд гишүүн бид хоёр бүртгүүлсэн. 13 цаг 40 минут хүртэл нэлээн хэдэн хүн нэмэгдэх байх гэж бодож байна.

Татвар нэмж байгаа асуудлыг та юу гэж бодож байна вэ?

-Би бол буруу гэж бодож байна. Цагаа олоогүй шийдвэр. Эдийн засаг ийм хүнд байгаа үед үйлдвэрлэлээ дэмжсэн, тэлсэн бодлого явуулах ёстой байдаг. Гэтэл эд нар маань эдийн засгийг хумисан алхамууд хийгээд байгаа нь харамсалтай байна.

-Таныг УИХ-ын гишүүн болохдоо дорвитой ажил хийгээгүй гэдэг. Яагаад тойргоо их сольдог юм бэ?

-Надад тойрог солих асуудал байдаггүй. Эцсийн эцэст явсаар байгаад Р.Амаржаргалыг л хамгийн хүнд хэцүү, болохгүй бүтэхгүй байгаа газар руугаа л явуулдаг. Яв гэсэн газар нь очоод ямар ч байсан нэг суудал намдаа аваад ирдэг л байсан. УИХ-ын гишүүн анх болоход дөрвөн жил юу ч хийж амждаггүй. Тал тал тийшээгээ үсчсээр байгаад таардаг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын талаар та юу харж байна вэ?

-Зөвлөлдөх санал асуулга бол зүгээр л зөвлөлдөх л гэсэн утгатай. Түүнээс биш шийдвэр гаргах түвшний асуудал биш гэж харж байгаа. 1200 хүн яавч Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Олон жил яригдаж байгаа том том асуудлууд байгаа. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард түмнээрээ санал асуулгаар нэлээд нухацтай ярилцаж шийдэх ёстой гэж бодож байна.

-Таныг бие даасан тоглолт хийгээд байна уу гэж хүмүүс хардаг?

-Би элдэв луйвар, нам дамжсан бүлэглэлд харъяалагддаггүй. Олигархуудын гар хөл болдоггүй. Тэр маань л тэгж харагдуулдаг байж магадгүй.

-ОУВС-гийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид асуудлаа төлөвлөж, хэрэгжүүлэхийн оронд яарч сандарсан байдлаар арга хэмжээ авчихаад араас нь нөхөөс юм шиг зүүлт хийх гэж байгаа юм шиг элдэв янзын юмнууд яваад тохиролцоонд хүрч чадахгүй байна гэдэг бол харамсалтай юм. ОУВС-тай манай улс ажиллаж байсан үүх түүх хангалттай байгаа. Урьд нь тохирох юмаа тохироод явж болдог байсан. Энэ удаа дутуу дулимаг бодсон учраас иймэрхүү байдалтай болчихов уу л гэж дүгнэж байна.

Ерөнхийлөгч УИХ-р шийдэгдэж байгаа зарим асуудал дээр хориг тавихгүй байна гэж яриад байна. Та Ерөнхийлөгчид дэвшиж байгаа хүний хувьд юу гэж бодож байна?

Ерөнхийлөгч УИХ, Ерөнхий сайдын ажилд хутгалдаад ороод байх нь зохимжгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг шаардаж байгаа үед томоор үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол хэлэх цагт нь хэлэх л ёстой гэж бодож байна.

За ингээд дуусгая. Өдий өндөр болцгоогоорой.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цасан шуургатай тул замд гарахгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.

Иймд, иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгүй байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ өдрүүдэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж,хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-с анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал, Л.Болд нар Ерөнхийлөгчид дэвшихээр бүртгүүлжээ

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод сунгаанд Р.Амаржаргал, Л.Болд нар одоогийн байдлаар бүртгүүлээд байна. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар мэдэгдээд буй. Тэд намын дотоод сунгаанд оролцох хүсэлтээ морин цагт бүртгүүлнэ гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины эсрэг тэмцлийг “хар шилтэн”-үүдээс эхэлье

Хар тамхи байнга хэрэглэж мансуурч байгаа хүний тоо 76 мянгад хүрээд байгаа. Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргажээ. Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг болсон. монголд хар тамхинд мансуурагчдын тоо 2005 оноос өмнө тэгтлээ их биш байсан. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Мөн мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулах болсон. Түүнчлэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байсан. Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа нь өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. Тэгвэл хар тамхины хэргээр сүүлийн гурван жилд хэдэн хүн шалгагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе. 2014 онд нийт 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан бол 2015 онд 79 хэрэгт 168 хүнийг шалгасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 2016 онд 109 хэрэгт 224 хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт шалгагдсан байх юм. Одоогоор 13 улсад манай улсын 114 иргэн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээг Гадаад харилцааны яамнаас өгч байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн хар тамхи хэрэглэсэн үедээ 12 давхар байрнаас унаж амиа алдсан. Тэрээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас унаж амиа алдсан байдаг. Тус байр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан бөгөөд хэрэг гарах үед байранд 11 залуу хоносон байдаг. Тэдний хоёроос бусад нь хар тамхи хэрэглэж мансуурсан болохыг Шүүх эмнэлгээс хийсэн шинжилгээгээр тогтоосон. Мөн залуусын байрласан гэрээс хар тамхи, тариур зэрэг эд зүйлс нэгжлэгийн үед олдсон билээ. Талийгаач Б.Хүслэн 22 настай, харин найзууд нь 21-28 насныхан. мөн дээрх хэргээс хэдэн сарын өмнө 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амиа алдсан байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан. Талийгаачтай хамт 18-22 насны хоёр залуу мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан болохыг цагдаагийнхан тогтоосон. Талийгаачийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхитай холбоотойгоор амиа алдсан залуусын хэргийг сөхөхөд дундаршгүй. Учир нь Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газарт хар тамхи байнгын хэрэглэдэг 17 мянга орчим хүн бүртгэлтэй байдаг аж.

ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨРИЙН БОДЛОГО

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны хуралдаанаараа “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр ажиллах төрийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах явдал юм. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын энэ төрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгосон билээ. Тэгвэл дээрх газар хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг гуравдугаар сарын 13-26-ны хооронд илрүүлж баривчилсан байдаг. Тухайлбал, 50 настай эмэгтэй Б гэгч гуравдугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйн хамт саатуулсан.Мөн 35 настай эмэгтэй Х гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 23-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн. 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй А нар гуравдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн. Түүнчлэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь гуравдугаар сарын 26-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн байдаг. Мөн энэ сарын эхээр 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нарт зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Ямартай ч дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр бодит үр дүнгээ өгнө гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ хар тамхины эсрэг ганцхан цагдаагийн байгууллага бус төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал гэдгийг онцлон хэлж байгаа.

ХАР ТАМХИТАЙ ХОЛБОГДСОН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛЪЁ

Монголын рок попынхон 2006 оноос хар тамхитай холбогдох болсон. Ингэхдээ “Ice Top” хамтлагаас эхлэлтэй гэж үздэг. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар хар тамхитай холбогдож шүүхээс ял сонссон. Тэд өмнө нь ял эдэлж байсан түүхтэй. Ш.Батбаяр 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар буюу садар самууныг сурталчилсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гурван жилийн ял сонсч байсан юм. Шүүх түүнд оноосон ялыг тэнсэн харгалзаж, ялтай хугацаа 2001 онд дуусч байсан билээ. Дараа нь 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсон. Ингэж хоригдож байхдаа буюу 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөг санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тухайн үед түүний ойрын хүмүүс “Бааварыг гаднаас нь галдан шатаасан” талаар мэдээлэл хийж байсан ч өөрөө гал тавьсан болох нь тогтоогдож ял сонссон боловч давж заалдах шатны шүүх түүнийг цагаатгасан. Гэвч түүнээс хойш нэг их удалгүй Чойрт тоглолтоор явах үедээ “Ice top” хамтлагийн гишүүдтэй хамт цагдаагийнханд баривчлагдсан байдаг. Баривчлагдах үедээ цагдаагийн албан хаагчийн биед халдаж шүүхээс дахин ял сонссон. Шүүх хуралдааны үеэр тэрбээр “Би урлагт зүтгэж, олон залууст үлгэр дуурайл болж байгаа. Намайг зохион байгуулалттайгаар яллаж байна” гэж мэдүүлсэн байдаг. Харамсалтай нь түүний үлгэр дуурайл өсвөр насныхныг хар тамхи, гэмт хэрэгт уруу татах магадлал өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж, ард түмэн шүүмжлэх болсон.Мөн “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайбаатар танхайн хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял шүүхээс сонсож байжээ. Гэтэл тэрээр тэнсэн ялтай байхдаа мансууруулах бодис хэрэглэжээ. Тодруулбал, Чойрт тоглолттой явах үеэр түүний машинаас “Ice” буюу мөсний төрлийн мансууруулах бодис олдсон байдаг. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ял оноож, өмнөх тэнсэн харгалзах ялтай нь нэгтгэн 3.6 жил хорих ял оноосон байдаг. Мөн “Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэрээр хар тамхи татсан бөгөөд мөрдөн байцаагчид “Манай хамтлагийн нэр угаасаа хар тамхины нэр. Мэдээллийг хаанаас бол хаанаас олж авч болж байна” хэмээн мэдүүлсэн гэх боловч хэргийг нөлөө бүхий эрхмийн хүсэлтээр тухайн үед хаасан гэдэг. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан. Гэвч түүнд хожим Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг олгосон. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн мөн л хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэрэгт холбогдож нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Мөн Дижи Өөжий буюу Б.Ганболд гэх залуу Монгол Улсын хилээр удаа дараа хар тамхи оруулж ирсэн болох нь тухайн үед нотлогдож байсан удаатай.

Ер нь “Ice Top”, “Guys”, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь түүх болон үлдсэн байдаг. Тэд Монголын олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон. Монголын нийгэмд бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын амьдралд хар толбо авчирсан дуучид өнөөдрийг хүртэл огт хариуцлага хүлээгээгүй. Харин тэд өдгөө ч уран бүтээл хийсээр байна. Нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх урлагийнхныг хар тамхитай холбогдсоных нь төлөө хариуцлага тооцдог байвал яасан юм бэ. Энэ талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн “Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн” гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон” хэмээн саяхан дуугарсан. Гэтэл манайд хар тамхи хэрэглэдэг байсан эсэх нь хамаагүй харин ч уран бүтээлийг нь хийлгэж, шагнаж урамшуулж, өөгшүүлсээр байна. Товчхондоо хар тамхиныхаа мөнгийг олоход дэмжиж байгаа. Үнэндээ телевизээр гэгээн цагаан өдрөөр тас хар шил зүүсэн урлагийн тодотголтой нөхдүүд таахалзаж ирээд л ярьдаг.Тэд хар тамхи хэрэглэдэг болоод магадгүй шил зүүж байж мэдэх юм. Учир нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд хамгийн түрүүнд нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгдөг байна. Үүний дараа нь сэтгэцэд нөлөөлнө. Улмаар бие нь хамааралд орж уналт таталт өгч эхэлдэг бөгөөд эцэстээ эрүүл нэг ч эрхтэнгүй болдог талаар мэргэжлийнхэн онцолсон. Тэгвэл хар шилтэй урлагийн нөхдүүд маань мансуурсан, улайж, талимаарсан, гөлийсөн харцаа үзэгчдээс нуух гэж дээрх аргаа хэрэглэдэг юм болов уу гэх хар төрөх. Ямартай ч хар тамхитай холбогдсон урлагийнхныг тайзан дээр гарахыг хориглох нь хүний эрхийг зөрчих гээд байгаа тул энэ төрлийн хариуцлага тавьж чаддаггүй гэдгийг хууль, хяналтынхан хэлээд байгаа. Хэрвээ тийм юм бол хар тамхитай холбогдсон уран бүтээлчийг урьж, залсан, тоглолт зохион байгуулсан байгууллагад нь хариуцлага тооцдог болъё. Хүүхэд залуусыг анх хар тамхинд уруу татсан дуучид, хамтлагуудаас эхэлж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм. Эх үндсээс нь эхэлж хар тамхитай тэмцэж чадвал олон мянган хүүхэд залуусын ирээдүйд гэрэл гэгээ өгөх юм. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (III)

Найрагчийн дүү О.Балжиннямынд

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, дөлт яруу найрагч Очирбатын Дашбалбарын жаран насны ойгоор төрөлх Дарьганга нутагт нь очих талаар өнгөрөгч намраас шавийн хувьд сэтгэл өвөрлөн хэд хэдэн уран бүтээлчтэй уулзсан билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо багш энэ саналыг ихэд сайшаан хүлээж авсан. Тэрээр “Энэ жил манай “Гал” нэгдлийн хоёр уран бүтээлч Данзангийн Нямсүрэн, О.Дашбалбар нарын маань дал, жаран насны ой тохиож байгаа. Унаа тэрэг, явдал суудлын боломж тохиож гэмээнэ Сүхбаатар-Дарьганга-Дорнод-Эрээнцав гэсэн маршрутаар явбал мөн ч сайхан үйл болох сон” гэж сэтгэл юүгээн чилээж байсан. Их найрагчтай сэтгэл, зүтгэл, авьяас билгийн ахан дүү, анд нөхөд явсан хүний нэг бол соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Айлтгүйн Төмөр-Очир. Дашбалбарыг өөрийнх нь шүлгээр “Талын хөх чоно” гэдэг байсан бол атархан талыг адуун сүрэг бөмбөрдөх шиг алтны үртэс-авьяасын залтсыг цээжнээсээ урсгагч Ай сэцнийг ардын уран зохиолч Тангадын Галсан абугай “Дарьгангын дэлт хар чоно” хэмээн цоллон өргөмжилсөн нь учиртай юм. Дарьгангын энэ хоёр “чоно” хүн нийгмийн бусармаг бузар бүхнийг ариун шударгын араа шүдээр хэмлэхийн төлөө амь бие, аж төрлөө умартан тэмцэгч чанар нь хүзүү сээр холбуулж хүний орчлонд нөхөрлүүлжээ.

Найрагч, хүү Д.Гангабаатарын хамт. 1980-аад он

Ай.Төмөр-Очир ах биднийг Сүхбаатар аймаг зорихоос хэд хоногийн өмнө нутагтаа очин хүлээж байлаа. Харин яруу найрагч С.Амартайван ахын “Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа” дууг аялсан шигээ Өндөр хаан уулын өмнө бэлд хүрэх үед нийслэл хот руу буцаж буйгаа дуулгасан юм. Аман билгийн яндашгүй далай ухаант Ай ах маань “Ах нь Борхүүхэн, Ренчинханд, дүү та нарыг Баруун-Урт, Наранд хэд хоног хүлээж ядаад буцлаа. Уг нь би Балбарынхаа талаар овоо томхон дуугарах сэтгэл зүрх ойр л явдаг хүн. Балбар намайг анхандаа дүү гэж томордог байлаа. Тэр нь ч аргагүй. Мань эр чинь Дарьганга сумын сургуулийн миний ах, тракторын жолооч Айлтгүйн Мөнх-Очирын нэг ангийн нөхөр байгаа юм. Би тэднээс хоёр анги дүү ч насаар бол Балбар надаас ганцхан ах. Хожим бид яруу найргийн буянаар үй зайгүй нөхөрлөсөн. Ерэн зургаан оны Их хурлын сонгуульд ялсан тухай нь бид хоёр Түмэнцогт сумын төвийн Зайсан толгой болсон Баян овоон дээр анх сонсож, дурсгал болгон патиар татуулж явлаа. Манай Балбарын чинь хот явсан түүх нь хүртэл сонин ш дээ. Уг нь би та нартайгаа явсан бол олон юм яримаар байна. Одоо Баруун-Урт хотод аж төрж буй 72 настай “Сонины Гоомоо” буюу Намжилын Гомбосүрэн гуайн яриагаар бол манай хүн чинь цэргийн комиссынхонд нүцгэн биеэ үзүүлэхгүй гэж Улаанбаатар гараад шидчихсэн байгаа юм. Мань мэт бол айж хулчийгаад л сууж байх шүү дээ. Тэгэхэд тэр тэнгэрлиг амьтан эцэг, эхээс төрсөн биеэ гадны хэн нэгэнд үзүүлэхгүй гээд явчихаж байна гэдэг чинь цаанаасаа л тэс өөр хувь заяатайн шинж. Хэрвээ Балбар “Цэргийн муусайн юмнуудад мээмээ үзүүлэхгүй” гээд хот яваагүй бол манай ах шиг насаараа тракторын жолооч байх ч байсан юм бил үү” гэх мэтээр утасны цаанаас ёстой нэг пулёмет шиг шүршдэг юм байна. Тэр ч байтугай Балбарынхаа тухай ланжгар том дурсамж дурдатгал ч бичих юм болоод авлаа.

Баруун-Уртын гудманд энэ тухай бодон алхсаар их найрагчийн хамгийн ойрын төрөл садан болох төрсөн дүү О.Балжиннямынд нь очлоо. Балжиннямын хань Зоригоо хэмээх цэргийн дарга асан нэгэн аж. Мангал гуайнхаас Борхүүхэн эгч бидэнд замчилсан З.Ооёобаатар ах гэрийн эзэнтэй “Шүдлэн өвгөн сайхан хаваржаад байна уу” хэмээн мэндлэхэд “Харахад дөч гаруй насны л идэрхэн эр байх юм. Яагаад шүдлэн өвгөн гэж байгаа юм бол” гэж гайхасхийж байтал Хилийн цэргийн офицер учраас хээрийн нэмэгдэл энэ тэр гэсээр цэл залуугаараа тэтгэвэрт гарсан хүргэн хүү юмсанж. Зоригоо “Гэргий, бид хоёр оюутан байхдаа ахынд амьдарч байсан” гэж ам хагарч байна. Найрагчийн дүү О.Балжинням ахынхаа хичээл ордог С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгссөн, манай дээд төгсөлтийн оюутан, бас багшийнд амьдардаг байсан болохоор бид зүс зүсээ таних юм. О.Дашбалбар эцэг, эхээс эгч дүү арвуулаа байж. Ууган эгч Дулмаа нь өөрөөс нь арав эгч хүн гэнэ. Зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нарыг нь Пунцагдэлэг, Жавзмаа, Батхүрэл, Сугар, Түвдэннямбуу, Дашням, Балжинням, Отгонбаяр нар ажгу. Гунигтай ч гэмээр нэг зүйл байсан нь эднийхний эрчүүд ахаасаа хойш бүгд тэр л хүмүүний бурхан болсон дөчин хоёр насанд нь тэнгэрт оджээ. Үе дамжсан эрдэм номтой өвөг дээдсийн үр сад болсон Улаан сахиусны овогтынхон Балжиннямыг Дашбалбарын аав Очирбат гуайн ээжийг эргэн төрсөн гэж ихэд хүндэтгэдэг бол зээ хүү Буянтөгөлдөрийг ээж О.Цэрмаагаа хүү болон эргэн ирсэн хэмээн эвийлж энхрийлдэг байна.

О.Дашбалбар, Ай.Төмөр-Очир нар. Сүхбаатар аймгийн Түмэнцогт
сум Баян овооноо. 1996 он.

Дашбалбар багш маань оюутан бидэнд хичээл орохдоо зөвхөн уран бүтээл, дэлхийн сонгодгуудаас гадна олон зүйлийг ярьж хөөрнө. Тэр нь залуу балчир бидний санаа сэтгэлд тэгтлээ ч их буудаггүй байж. Тэр “Аравтай хүн арав зовно. Нэгтэй хүн нэг л зовно гэж ээж минь хэлдэг сэн. Арван хүүхдийн ээж билээ л. Ээж минь дүү бидний хэнийг ч эрхлүүлээгүй бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан” гэж бичиж үлдээснийг өнөө би харж байнам. Дашбалбар гэж хэн сэн билээ. Дарьганга нэрмэлийн ааг толгойд манарч, уйлмаар, хэнтэй ч юу ч ярилгүй баймаар санагдана. Гал руу цацахад хөх дөл манаран нүүр түлэхээ шахдаг нутгийнхаа нэрмэл шиг хүн байжээ, тэр. Сүхбаатарт ирсээр “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ахын адуучин, шүүгч Баярцогт, цагдаагийн бэлтгэл хурандаа Мангал, хилийн цэргийн бэлтгэл дарга Зоригоо нарын цөөхөн айлаар орсон ч нэг л юмыг сэтгэл зүрхэндээ мэдэрсээр явав, муу шавь нь.

Тэр юун гэвээс Улаан сахиусны овогт О.Д гэдэг хүний хөрөг айл бүхний хойморт залраастай. Найрагчийн аав Очирбат гуай хүүгээ бусдаас илүү эрхлүүлж байсан шиг сэтгэгдэл надад явдаг. Бага сургууль ч төгсөөгүй аав нь хүүгээ бусдаас түрүүнд бичиг үсэгтэй болгох гэж таван настайд нь уншуулж, бичүүлж сургана гэдэг, онц сурлаа гэж олон сайхан номоор мялаана гэдэг, хоёрдугаар ангийн Дашбалбарт хоёр зуу гаруй төгрөгийн үнэтэй хөөрөгт хөгжим сарынхаа цалингаар авч өгнө гэдэг гайхамшиг бус уу? Арван хүүхэдтэй, аж төрөл тааруу хүн хүүгээ арай л өөр хүн гэдгийг төрөхөөс нь эхлээд сайтар анзаарчээ. Дашбалбар гэдэг шүтээнийг Дарьганга нутагт хайрласан Очирбат аавд мөргөмүү. Осорын Цэрмаа ээжид нь сөгдмүү. Олон сайхан дүү нарт нь бахархмуу. Бор эгч минь “Баруун-Уртад орвол ч манай хамаатнууд олон бий. Өвгөнийхөө л ах дүү нараар орж чиний ажлыг юун түрүүнд амжуулъя” гэнэм. Миний ажил гэдэг нь Дашбалбар багшаа л асуун сурах бүлгээ. Ерэн найман онд багшийнхаа ууган шавь “Мөнгөнморьтын тэнгэр аялгуу” болсон Жамьянгийн Болд-Эрдэнэ найрагчийг, ерэн есөн оны намар багшийгаа одоход сэтгэл нэг хоосорч хүний хорвоо утгагүйдсэн сэн. Балжинням дүү нь ахдаа зориулж “Тэр оюун санааны ертөнцийг эзэгнэн амьдарч буй” гэдэг ном 2007 онд хэвлүүлжээ. Дүү нь гэхэд хөндлөнгийн хүн ч юм шиг хандлагатай нэр ахынхаа тухай номд өгч гэж бүү бодоорой. Тэр номд ямархан их халуун сэтгэл, ямархан их гуниг хадгалагдсаныг уншсан хүн л мэдрэх биз ээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

О.Сэргэлэн: Монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны эрсдэлийг тооцож чадах туршлагатай болсон

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай хийсэн билээ. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж байгаа юм. Хагалгааг удирдсан, гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Ээж, охин хоёрын биеийн байдал ямар байна вэ?

-Л.Бүжинлхам охин эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Одоогоор амьсгалын аппаратнаас гүйцэд салаагүй ч биеийн байдал нь тогтвортой байгаа. Шээсний гарц хэвийн, шинжил-гээ болоод бусад үзүүлэлтүүд харьцангуй гайгүй гарсан. Хагалгаанд орохоос өмнө охины цусны бүлэгнэлт муу байсан нь одоо ч хэвээр байна. Ийм үед бага зэрэг цус шүүрэх тохиолдол бий. Гэхдээ одоохондоо ажиглаж, зохих ёсны шинжилгээ, эмчилгээг хийж байгаа. Харин ээжийнх нь хувьд биеийн байдал тогтвортой, босоод явах хэмжээнд байна.

-Л.Бүжинлхам охинд учирч болох ямар эрсдэл байгаа вэ?

-Бид хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг гурав дахь удаагаа хийж байна. Энэ удаад ээж нь донор болсон. Хүүхдийн элэгний зохилдлогоо том хүнийхээс ялгаагүй байдаг ч ховхрох урвал гэж бий. Ховхрох урвал хүүхдэд илүү тохиолдох магадлалтай байдаг. Учир нь хүүхдийн дархлааны урвал хүчтэй байдагтай холбоотой юм. Бид ажиглалтаа үргэлжлүүлж байгаа. Хэрэв дээрх тохиолдол илэрвэл зохих ёсны арга хэмжээг авахад бэлэн байна.

-Мэс засал 30 гаруй цаг үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч 16 цаг үргэлжилсэн гэж байгаа. Энэ талаар тодруулаач?

– Хагалгаа өнгөрөгч бямба гаригийн өглөөний 06:00 цагт эхэлж, шөнө дууссан. Л.Бүжинлхам охин нярай үедээ шарласан бөгөөд арилахгүй явсаар бие нь шар, нүд нь ногоон туяатай болсон тул гурван сартайд нь эмчид хандахад төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонссон юм билээ. Хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 60 гаруй хүн оролцлоо. Хугацааны хувьд цөсний замыг ялгахад ойролцоогоор гурван цаг зарцуулагддаг. Гэтэл охины цөсний зам төрөлхийн битүүрэлтэй учраас энэ хугацаа хэмнэгдсэн. Мөн ялгагдаж байгаа талбай нь харьцангуй бага учраас энэ хэрээр арай бага хугацаа зарцуулсан. Том хүний тухайд зөвхөн хэвлийг нээхэд хоёр цаг гаруй хугацааг зарцуулдаг бол хүүхдэд нэг цаг орчим үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хийгдэж байгаа талбай харьцангуй бага учраас хугацааны хувьд богиносох талтай. Цөсний зам залгахад дөрвөн цаг, цөсний замыг ялгахад 2-3 цаг мөн хэвлий нээж, хаахад тус бүр хоёр цаг зарцуулагддаг. Энэ мэтээр том хүний хувьд 27-28 цаг болдог. Хугацааны хувьд үүнээс болж наашилсан.

-Хагалгааны үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай эмч нар хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг урьд нь хоёр л удаа хийж байсан болохоор туршлага дутмаг байлаа. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгахдаа зүүн талыг суулгадаг, харин том хүнд баруун талыг суулгадаг. Уг нь баруун талыг нь суулгах илүү хэцүү. Хүүхэд том хүнийг бодвол хагалгааны техникийн хувьд арай хялбар байдаг. Л.Бүжинлхам охины хувьд урьд нь хоёр удаа маш хүнд хагалгаанд орж байсан болохоор мэс заслын үед наалданги үүссэн байх магадлалтай, цус алдсан, биеийн байдал сул, эрсдэл өндөр байсан. Ээжийнх нь хувьд ч мөн анатомийн онцлогтой. Уг нь зүүн дэлбэнг аваад суулгахад зөвхөн нэг ширхэг цөсний зам, нэг артер залгагддаг бол энэ бүхэн нь салаа байсан зэргээс болоод Солонгосын “Асан” төвийн эмч нарыг урьж хагалгааг хамтран хийхээр болсон. “Асан” төвөөс нэг мэдээгүйжилтийн эмч, хоёр мэс заслын эмч бидэнтэй хамт ажилласан учраас сэтгэл санааны хувьд бид харьцангуй тайван байсныг онцлох хэрэгтэй болов уу. Солонгосын эмч нараас хагалгааны явцад маш олон зүйлийг сурсан. Цаашдаа монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хүндрэлтэй байсан ч эрсдэлийг тооцон, хийж чадах хэмжээний туршлагатай боллоо.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед донорын элэгнээс хичнээн хувийг нь авдаг вэ?

– Том хүнд элэг шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд донорын элэгний 66 хувийг авдаг бол хүүхдэд арай бага элэг суулгадаг. Энэ удаад охинд ээжийнх нь элэгний гуравны нэгийг буюу зөвхөн зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Хүүхэд болон том хүнд элэг шилжүүлэн суулгасны дараахь хариу урвал ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ хагалгааны үед том хүнээс 100-150 гр цус гарахад ноцтой өөрчлөлт төдийлөн гараад байдаггүй бол хүүхдээс 50 граммаас дээш цус гарахад л ноцтой өөрчлөлтүүд гардаг учраас байнгын хяналтад байлгах шаардлагатай байдаг.

-Элэг ургадаг эрхтэн. Тэгэхээр охины элэг хэдий хугацаанд төлжих вэ?

-Донорын элэг гурван сарын дараа гэхэд 80 хувь төлждөг. Охины тухайд том хүний элэг суулгасан учраас төлжихөд харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй хийгддэг шүү дээ. Энэ удаагийн хагалгаанд хичнээн төгрөг зарцуулагдсан бэ?

-Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсаны 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан. Мөн сайхан сэтгэлт монголчуудын хандив, тусламжаар ийнхүү нэгэн гэр бүл элэг бүтэн үлдлээ.

-Охинд яг одоо ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ?

-Хүүхдийн биеийн байдал ямар хонов гэдэг дээр өглөө бүр 7:00 цагаас хуралдаж танилцаад тухайн өдөр ямар эмчилгээ хийх талаар багаараа зөвшилцөж байна. Хэрэв зайлшгүй шаардлага гарвал эмч нарын баг яаралтай хуралдана. Мөн охины биеийн байдал сайжрахад эцэг, эхийн хариуцлага, асаргаа сувилгаа чухал үүрэгтэй.