Categories
мэдээ улс-төр

“Авьяаслаг залуу эрдэмтэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Шинжлэх ухааны академийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чуньли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд энэ удаагийн айлчлал хоёр улсын шинжлэх ухааны байгууллага хооронд төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр “БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ.

Хоёр тал Монголын залуу эрдэмтэн судлаачдыг Хятад улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад зургадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг залуу эрдэмтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан. Мөн хоёр тал шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг дэмжих байгаагаа хэллээ. БНХАУ-ын ШУА-ийн хүрээлэнгийн зүгээс Дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа цөлжилт, цэвдгийн асуудлаар болон нүүрс, нүүрснээс шингэн түлш, нүүрсний хий боловсруулах хамтарсан судалгаа хийх асуудлаар ярилцаж байгаа гэв.

Монгол Улсын хувьд нэн чухал хэрэгцээтэй байгаа, эдийн засгийн гол хөшүүрэг болохуйц нүүрс, нүүрснээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах ажлыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнгийн захирлууд байгаа нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ховд дулааны станц” компани байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүрэг бүхий “Ховд дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт үйлдвэрлэл хөгжиж, хүн амын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц олноор бий болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс аймгийн төвийн дулаан хангамжид техник технологийн шинэчлэл хийж, мэргэжлийн байгууллагын бодлого, шуурхай удирдлагаар хангахын тулд станцыг байгууллаа.

Манай улсын 2012-2014 оны төсвийн нийт 15,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн төв Жаргалан суманд шинээр 36 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүд шинээр баригдсан. Мөн хэрэглэгч хүртэлх дулааны салбар шугам сүлжээ шинээр баригдан 2014 онд барилга угсралтын ажил нь дуусч, эрчим хүчээ өгч эхэлсэн юм.

Өмнөх “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн төвийн төсвийн 21 байгууллага, 60 орчим аж ахуйн нэгж, 1150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд жагслаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд АН-ын байрны урд тайван жагсаал хийж байна. Тэд Хотын дарга асан Э.Бат-Үүлээс хохирлоо нэхэмжилж, орон байраа буцааж авахыг шаардсан лоозон барьжээ. Жагсаал хийж буй иргэдийн дотор дахин төлөвлөлтөд хамрагдахаар хуучин байр болон газраа чөлөөлж өгсөн боловч шинэ байранд өнөөдрийг хүртэл орж чадаагүй иргэд байгаа аж.


Улмаар зарим иргэд таван жил шахам айлаар тэнүүчлэн амьдарч буйгаа дуулгалаа. Тиймээс энэ асуудалд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хариуцлага хүлээж, хохирлыг нь барагдуулж өгөхийг шаардаж байгаа юм байна. Тэдний жагсаалыг цагдаа нар тараахыг шаардсан ч иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай ирж хүмүүсийг зохицуулахыг оролдож байв.

Тэд “Та нар шинэ ордонд бид нар гудамжинд байна”, “Орох оронгүй гудамжинд таван жил амьдарлаа”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харьяа бус гээд авдаггүй”, “Их Өргөө” ХХК Д.Арвин та гэрээний үүргээ биелүүл”, “Амьдралаа буцааж авмаар байна Бат-Үүл даргаа” зэрэг уриа барин жагсаж байлаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Улсын эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж байна

П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга С.Батболд “Би 14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг газар. Өнгөрсөн аравдцугаар сард авто машины зогсоолын асуудлыг шийдсэн. Өнөөдрийн энэ тохижилтын ажил 2017 оны хаврын хот тохижилтын хамгийн эхнийх нь учраас бид ийнхүү ач холбогдол өгч албан ёсоор нээж байгаа юм. 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно. Түүнчлэн X хороолол орчмын авто замын хойд талын талбайг авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрнээр тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ гудамж дагуу байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гаднах тохижилт, хаягжилтын нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Уг ажлыг ирэх зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Явган хүний зам, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, авто машины зорчих хэсгүүдийг цогцоор нь шийдэж, тохижуулж байна. Энэ жил Улаанбаатар хотын ногоон байгууламжид цогц бодлого гарган ажиллаж байгаа. Ногоон байгууламжийг аль болох байгалийн шилмүүст, өндөр модоор сэлгүүлэн тарьж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнөөс Таван шар, Бага тойруу, Сансарын тойрог, Соёлын төв өргөө орчмын гудамж талбайг ийнхүү цогцоор нь тохижуулахын зэрэгцээ төвийн 6 дүүргийн нэг орон сууцыг сонгоод бичил тохижилтыг хийнэ” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Газар тариалан-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХХААХҮЯ, Агроэкологийн сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон ХААИС хамтран “Газар тариалан-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бага хурлаар газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, үйл ажиллагаа болон туршилт, судалгааны ажлын уялдааг хангах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор шинэ гарсан техник, технологи, таримлын сорт болон цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, тариаланчдын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын тухай танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, хэлэлцүүллээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэхээр заасан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал, дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой авч яван, цаашид экспортын чиглэлээр хөгжүүлнэ. Мөн эрчимжсэн мал аж ахуйд тэжээлийн үйлдвэрлэл дутагддаг. Үүнийг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьж байна. Манай тариаланчид дотоодын хэрэгцээний 50 хувийг хангаж байна. Үүнийг бодлогын хүрээнд дэмжин гол нэрийн хүнсний ногоог 100 хувьд хүргэх хэрэгцээ байна” хэмээн энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нөрийн бичгийн дарга Л.Баяртулга ярьж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ” гэсэн стратеги зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, эрдмийн зэрэг горилооч нартай сэдэв, судалгаан дээр хамтрах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг таниулан сурталчилах гэхмэтчилэн олон чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийг нийслэлийн онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон үр ашигтай ажлыг иргэдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Д.Трамп, В.Путин нар өнөөдөр утсаар ярина

Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зурган илэрцүүдӨнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярихаар төлөвлөжээ. Энэ тухай Кремлиэс мэдээлсэн бөгөөд Цагаан ордны ажилтнууд ч төрийн тэргүүн Д.Трампын өнөөдрийн ажлын хуваарьт үүнийг тусгасан гэдгийг баталсан байна.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч албан ёсоор ажлаа хүлээн авснаас хойш ийнхүү гурав дахь удаагаа В.Путинтэй утсаар ярих юм. Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүнүүд чухам юуны талаар ярилцах талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ спорт

“УНИВЕРСИАД-2017” наадмын ширээний теннисний аваргууд тодорлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадмын ширээний теннисний тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь “ОЧ” клубт 2017 оны 4 сарын 29-30-ны хооронд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд бүсийн их наадмуудаас сонгогдон шалгарсан 16-н их, дээд сургуулийн баг тамирчид оролцсон юм. Тэд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 4-н төрлөөр өрсөлдөж Универсиад наадмын аваргаар дараах байдлаар тодорлоо. Ингээд дүнг танилцуулья.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Д. Билэгжаргал-ШУТИС

2-р байр А.Билгүүдэй-МҮИС

3-р байр М.Батэрдэнэ-Мон-Алтиус БТДС

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Б.Урантогос-ҮБТДС

2-р байр Н.Мөнхзаяа-СЭЗИС

3-р байр Г.Болор-ШУТИС

Эрэгтэй багийн төрөлд:

1-р байр ШУТИС-ийн баг тамирчид

2-р байр СЭЗИС-ийн баг тамирчид

3-р байр Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид

Эмэгтэй багийн төрөлд:

1-р байр МУИС-ийн баг тамирчид

2-р байр ҮБТДС-ийн баг тамирчид

3-р байр ШУТИС-ийн баг тамирчид

Холимог хосын төрөлд:

1-р байр ҮБТДС-Б. Баттөмөр, Б.Урантогос

2-р байр ШУТИС-Д.Билэгжаргал, Н.Болор

3-р байр ҮБТДС-С.Дөлгөөн, Б. Ариунбуян

Байгууллагын нэгдсэн дүнгээр:ШУТИСургууль 43 оноогоор1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медаль 2-р байрыг 43 оноогоор ҮБТДСургууль, 3-р байрт 56 оноогоор СЭЗИСургуулиуд эхний гурван байрт орлоо. Удаад нь 4-р байрт 62 оноогоор Мон-Алтиус БТДС, 5-р байр 63 оноогоор МУИС, 6-р байр 70 оноогоор МҮИС, 7-р байр 72 оноогоор ХААИС, 8-р байр 76 оноогоор ҮБХИС, 9-р байр 79 оноогоор МУБИС, 10-р байр 81 оноогоор Аварга ДС, 11-р байр 91 оноогоор ХУИС, 12-р байр 92 оноогоор ХСИС, 13-р байр 93 оноогоор ИЗОУИС, 14-р байр 96 оноогоор ҮТИС, 15-р байр 97 оноогоор МГТИС, 16-р байт 99 оноогоор АШУҮИСургуулийн баг тамирчид тус бүртээ орж байр эзэллээ.

Тэмцээний үйл ажиллагааг их наадмын зохион байгуулах хорооноос баталсан Монголын ширээний теннисний холбооны(МШТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав. Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Универсиад 2017их наадмын Зохион байгуулах хорооны гишүүн Д.Баяр хүрэлцэн ирж баг тамирчидаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Нээлт, хаалтын ажиллагаанд Монголын оюутны спортын холбооны(МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүд, МШТХ-ны удирдлагууд оролцлоо. Тэмцээний үйл ажиллагаа өндөр түвшинд явагдаж олон арван спортын мастер, дэд мастер цолтой ур чадвар өндөртэй залуу тамирчид их наадмын тэмцээнд олноор оролцсон байв. Зарим тамирчдын хувьд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон “Олон улсын тэмцээн”-д оролцон бэлтгэлээ эрчимтэй хангасан байлаа.

Энэхүү наадмаас шалгарсан тамирчдыг МОСХ-ноос эрхлэн зохион байгуулж 2017 оны 8 сарын 19-нд Хятадын Тайваны Тайпей хотноо эхлэх Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр наадамд шалгаруулан эмэгтэй-5, эрэгтэй-5 нийтдээ 10 тамирчин сонгон шалгаруулж авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Орхон аймагт ажиллаж байна

Ц.Элбэгдорж зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болов.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллах үеэрээ төвийн бүсийн аймгуудын телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Автозамын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт авч хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Зам ашиглалт, чанарын баталгаа ямар байна вэ. Дөнгөж зам засаад гурван сар, жилийн дараа эвдэрдэг. Бусад орнуудад олон жилээр ашиглалт, чанарын баталгааг хангасан байдаг. Монгол Улсын автозамын бодлого гэж байна уу. Хөрөнгө оруулалтын эрэмбэ гэж байна уу. Концессоор баригдаж байгаа замыг ЗТЯ хянаж байна уу? гэсэн асуултад ажлын хэсгээс “Монгол Улсад 12 мянга гаруй хатуу хучилттай, 5000 гаруй сайжруулсан зам байна. Үүнийг аж ахуй нэгжүүдэд хариуцуулдаг. Норм, нормативаар нь хариуцуулж өгдөг. Автозамын ашиглалтын хугацааг норм, нормативаар нь тогтоодог. Энэ нь 5-10 жилдээ нэг удаа хийгддэг. Баталгаа, чанарын асуудлыг дүрэм журмын хүрээнд зохицуулж байсан. Одоо шинэ хуулиар тухайн чиглэлийн замын зураг төсөл хийхээс эхлээд баталгаажуулах хүртэл маш сайн нарийвчлан оруулж өгсөн. Хариуцлагатай холбоотой чанарын баталгааг 3 жилийн гэрээгээр хийж байлаа. Одоогийн автозамын хуулинд гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээний тухайд 2 жилийн баталгаатай байгаа. Автозамын бодлогын хүрээнд үндэсний хөгжлийн концесстэй уялдуулахыг хичээж байгаа хэмээн” хариулав. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Зам арчлалтад 50 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь хаанаа ч хүрэхгүй. Зам арчлалт манайд шаардлагатай байгаа гэлээ. Гишүүн Ж.Ганбаатар “Гадаадын зээлээр автозамыг барих гэсэн байх юм. Зээлийн хүүгээ дийлэх юм уу. Автозамын салбарт хувийн хэвшлийнхнийг оролцуулах үүд хаалгыг нээж өгөөч. Хувийн хэвшлээ урин дуудаж, оролцуулахгүй бол төр дангаараа чадахгүй” гэсэн санал гаргав. Төсөл санаачлагач УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хувийн хэвшлийнхнийг оролцуулахыг хуулиар хаагаагүй, нээлттэй байгаа” гэдгийг онцолсон юм.

Аймгийн төвүүдийг Улаанбаатартай холбох, транзитыг хөгжүүлэхэд урт хугацааны зээлээр автозам барих нь бодлогын хувьд буруу биш хэмээн ажлын хэсгийн үзэж байгаа юм байна.

Гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Үндсэн хуулийн цэц хуралдана

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

ҮХЦ-ийн хуралдаан маргааш 09.30 цагаас эхлэх юм.