Categories
мэдээ нийгэм

​Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт болж байна

“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангард ордонд эхлүүллээ. Зөвлөлдөх уулзалтын гол зорилго сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт мэдээлэл өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зөвлөмж гаргахад оршино. Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ өвчин нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Энэ сонгуулийг бойкотлох хэрэгтэй

Хотын мэр асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, “Дахин төлөвлөлт гэдэг үйл ажиллагааг мушгиж, ард иргэдийн өмч хөрөнгө дээр гадны хөрөнгө оруулалттай маш том хэмжээний луйвар хийх гэж байна” гэж мэдэгдэв.

-Өчигдөр АН-ын байранд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж, гомдол мэдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ дахин төлөвлөлтийн иргэдийн дотор төрийн албан хаагчид байсан. Дахин төлөвлөлтийг хариуцах ёстой ажилтнууд оролцсон цуглааныг манай намын байрны өмнө хийсэн. Хийх гэж байгаа луйврыг илчилнэ гэдгийг мэдэж байгаа хүний хувьд над руу зориуд дайраад байгаа юм.

2016 онд би ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийг дуусгахаар 70 тэрбумыг төлөвлөж 40 тэрбумыг нь бий болгосон байсан. Ингээд 10 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 барилгыг дуусгахаар шийдвэрлэсэн. Энэ 25 барилгыг дуусгахад газраа чөлөөлсөн 1,200 иргэн орон сууцанд орохоор байсан. Гэтэл МАН эрх бариад 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон. Бүх төсөв хөрөнгийн үйл ажиллагааг зогсоосон. Намар гэхэд газраа чөлөөлсөн иргэд бүгд байрандаа орох гэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр орон сууц авч байгаа иргэдэд 5 хувийн моргэйж өгөх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр гарсан. Энэ ажлыг зогсоосон. Зогсоосон шалтгаан нь борлуулалтын хяналтыг нь гартаа авсан бизнес хийхээр шийджээ. Гэхдээ гэр хорооллын иргэдийн хашааны газрыг маш хямд авах луйвар хийх гэж байна.

Би одоо гэр хорооллынхонтойгоо нэг бүрчлэн уулзаж, энэ луйврыг илчилнэ” гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан шалтгааныг лавласан сэтгүүлчийн асуултанд ийнхүү хариуллаа.
-Би намын гишүүддээ уриалсан. Baabar.mn дээр энэ сонгуулийг бойкотлох хэрэгтэй гэдэг уриалгыг би тавьсан. Яг үнэндээ сонгуулийн ажлыг луйвардаж, санал худалдаж авах ажлын бэлтгэл хангагджээ. Хууль бусаар төрийн эрх мэдэл авах бэлтгэл үнэндээ хангагдсан.
Орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан байна лээ. Хууль бус аргаар санал худалдаж авдаг явцыг өөрчлөхгүй бол бид тайван замаар дарангуйлал руу шилжих гэж байна.
Өнөөдөр төр нь авлигалд автсан нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлбэл дарангуйллыг бий болгоно. АН үүнд оролцсоноороо, мэдсээр байж сонгуульд оролцоно гэдэг хамтран оролцогч болно гэсэн үг. Ийм байдалд орж болохгүй.
Бусад намуудтай ярилцаад, бүх нийтийн бойкот хийх ёстой. Би энэ асуудлыг намын даргатай ярьсан. Луйвар боллоо гэдгийг мэдсээр байж тоглоомд орчихоод дараа нь луйвар боллоо гэж хашхирах утгагүй.
Санал худалдан авалт урьд хожид байгаагүй өргөн дэлгэр болно. Би өөрөө бойкот хийе гэж уриалчихаад нэр дэвшинэ гэдэг утгагүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Энх тайвны гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завджээ

Өчигдөр цагдаагийн байгууллагад “ХУД-ийн I хороо, Энх тайвны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч Ч.Машбаяр, Л.Мягмарсүрэн нар шалгахад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат 21 настай эмэгтэй Б гэгч амиа хорлохоор үсрэх гэж байжээ. Тэрээр сэтгэл санааны хямралаас болж амиа хорлох гэж байсныг шалгалтаар тогтоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

108 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 454 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 147 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 108 нь зөрчилгүй байсан бол 18-ийг нь буцааж, 20-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 307 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн 1 урьдчилсан мэдүүлэг байсан байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Амарцэцэг, Багахангай дүүрэг дэх Мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн И.Базаррагчаа, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Өлзийжаргал нарын зэрэг 147 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 18 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 20 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.

Categories
мэдээ улс-төр

​М.Энхболд уу, Ц.Нямдорж уу?

МАН-ын Бага хурал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах юм.

Тус намын дотоод дүрмээр сонгуульд нэр дэвшигчийг Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, Бага хурлаар хэлэлцүүлдэг. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүний нэрийг дэвшүүлжээ. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн аж. Тэд МАН-аас хийсэн судалгаагаар хамгийн өндөр оноо авсан гэнэ.
Удирдах зөвлөл дээр Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар нэрээ татжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулж ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Тайван, шударга нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүргийн тухай хэлэлцэнэ

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг нь улс орнуудын Засгийн газруудад сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тусгай тогтоолыг 1993 оны 12 дугаар сарын 20-нд гаргаж байв. 1994 оноос энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.

Энэ удаагийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг “Эгзэгтэй цаг үед эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн оруулах үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Худал мэдээлэлтэй тэмцэж, сэтгүүлчдэд заналхийлж байгаа явдлыг зогсоох арга хэмжээ авах”-ыг дэлхийн удирдагчдад хандан уриаллаа.

Тэрбээр “Чөлөөт хэвлэл нь энх тайван ба шударга нийгмийг бүтээнэ” гэж цохон тэмдэглэв.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ саяхан “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаа таницуулсан билээ.
180 улс орныг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс өнгөрсөн оныхоос 9 байраар ухран 69 дүгээрт бичигдсэн юм.
Тус ТББ-ын мэдэгдсэнээр, 2017 он гарснаас хойш найман сэтгүүлч, нийгмийн сүлжээний хоёр идэвхтэн, хэвлэл мэдээллийн салбарын нэг ажилтан амь үрэгдээд байна. Мөн 193 сэтгүүлч, нийгмийн сүлжээний 166 идэвхтэн болон хэвлэл мэдээллийн салбарын 10 ажилтан шоронд хоригджээ.
Харин Монголд энэ өдөрт зориулан “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үйл ажиллагааг Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Нээлттэй нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

​АН-ын гишүүд санал асуулгаа хаана өгөх вэ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан АН болон МАН нэр дэвшигчээ тодруулах сунгаагаа хийж байгаа билээ. Өчигдөр АН эцсийн байдлаар намаасаа нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад өнөөдөр гишүүдээсээ санал хурааж буй.

Энэхүү санал асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан бүх гишүүдийнхээ дунд асуулга явуулах юм. Ардчилсан намын гишүүд харьяа намын үүр, хороодоороо дамжуулан асуулгадаа оролцох бөгөөд тусгайлан бэлдсэн байруудад очиж саналаа өгөх юм. Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн АН-ын гишүүд дараахь байршлуудад очиж асуулгадаа оролцох нь.

Нийслэлийн есөн дүүргийн АН-ын гишүүд саналаа өгөх байрны байршил

Дүүрэг

Харьяалагдах үүр

Байршил

1

Баянгол дүүрэг

УИХ-ын 67,68-р тойрог буюу 1,2,3,4, 5,6,7,9,21,20 үүрийн гишүүд

Төмөр замд БГД-ийн ЗДТГ-ын баруун байранд

УИХ-ын 69,70-р тойрог буюу 8,10,11,12,13,14,15

,16,17,18,19,22,23 үүрийн гишүүд

Хүрээ дээд сургуулийн байранд

2

Баянзүрх дүүрэг

УИХ-ын 49-р тойрог буюу 1,2,3,7,21,27 үүрийн гишүүд

КТМС

УИХ-ын 50-р тойрог буюу 6,15,18,25,26 үүрийн гишүүд

25-р хорооны Иргэний танхим

УИХ-ын 51-р тойрог буюу 4,5,14,22 үүрийн гишүүд

КУДС

УИХ-ын 52-р тойрог буюу 9,17,19,24 үүрийн гишүүд

24-р хорооны Иргэний танхим

УИХ-ын 53-р тойрог буюу 11,12,13,16 үүрийн гишүүд

Жанжин клуб

УИХ-ын 54-р тойрог буюу 8,10,20,23,28 үүрийн гишүүд

Боса, Амгалан тээврийн товчоо

3

Багануур дүүрэг

Нийт гишүүд

Намын байрандаа

4

Багахангай дүүрэг

Нийт гишүүд

Намын байрандаа

5

Налайх дүүрэг

Нийт гишүүд

Налайх дүүргийн төв Соёлын ордон

6

Сонгинохайрхан

дүүрэг

1,2,3,4,5,6,19,20,22,

26,27,32

СХД 20 Хороо 13 байрны 1 давхарт

7,8,9,10,11,21,24,

25,28

СХД 10 хороо Зүүн Баян Уулын 8-1 “ИХ ДАГИНА” цэцэрлэгийн байранд

12,13,14,15,16,17,18,

23,29,30,31

СХД-ийн АН-ын байрны 1 давхарт

7

Сүхбаатар дүүрэг

1-10 үүрийн гишүүд

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТҮШЭЭ ” Дээд сургууль

10-20 үүрийн гишүүд

Сүхбаатар дүүргийн 14дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

14 дүгээр хорооны Иргэний танхим

8

Хан-Уул дүүрэг

1,2,3,11,15 үүрийн гишүүд

Хан-Уул дүүргийн Соёлын ордон

4,5,6,7,8,9,7,10,12,13,

14,16 үүрийн гишүүд

12,13,14,15,16,17,18,23,29,30,31

9

Чингэлтэй дүүрэг

1-11 үүрийн гишүүд

“Premium palace” зочид буудалд

12-19 үүрийн гишүүд

19-р хороо 57-р сургууль

Categories
мэдээ улс-төр

​МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал сая эхэлж, намын дарга үг хэллээ. Энэ удаагийн хурлаар хоёр асуудал хэлэлцэх юм байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгож, батална. Хоёрдугаарт, нэр дэвшичийн мөрийн хөтөлбөрийг батлахаар төлөвлөжээ.

Бага хурал нь 310 гишүүнтэй. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээр ахлуулсан ажлын хэсгүүд 21 аймгийн 15-д нь ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнөө таван бүст хуваан зохион байгуулсан. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны байгууллагын 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Тэрбээр мэндчилгээндээ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе. Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.

Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан, үл шантрах тууштай чанарыг шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг даяар олноор дээдлэн хүндэлдэг билээ.

Хэдийгээр чөлөөт сэтгүүлч, төр засаг хоёр найзлан нөхөрлөх учиргүй гэсэн нийтлэг зарчим байдаг ч засаглалын байгууллагуудын бодлого, шийдвэрийг түмэн олонд хүргэх зууч нь, төрийн хоймор, гал голомт цэвэр тунгалаг байхын нэгэн дархлаа нь чөлөөт сэтгүүл зүй, хараат бус сэтгүүлч гарцаагүй мөн.

Энэ утгаараа Та бүхэн төр, засгийн дотнын нөхөр нь, гашуун боловч үнэнийг ил хэлдэг үнэнч туслагч нь билээ.
ЮНЕСКО-гоос 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй бэрхшээлтэй байна. Уналтыг зогсоох, улмаар тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааг өөд татахын төлөө бид хичээн чармайж байна.
Чухамхүү “эгзэгтэй энэ цаг мөчид” монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар хүлээц тэвчээртэй байж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.
Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, нөлөө онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмууд жинхэнэ утгаараа төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Энэ чиглэлээр цаашид хийх зүйл бидэнд их бий.
Тиймээс эдгээр болон бусад асуудлаар сэтгүүлчдийнхээ санаа бодлыг сонсох, хэлэлцэн зөвшилцөх, хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.
“Эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар нь иргэний зориг, үнэн шударга үг мөн” гэдэг билээ. Энэ үг сэтгүүлч та бүхэнд илүү хамаатай гэж би боддог.
Тиймээс эрх чөлөөт сэтгэлийн гүнд урган соёолсон иргэний, хариуцлагатай сэтгүүл зүйн үр жимс улам улмаар дэлгэрэх болтугай гэж ерөөе.
Монголынхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн үнэн түүхийг үгээр, үзгээр туурвин бичих, эрүүл нийгмийг бүтээн цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгс байх болтугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Монголчууд хүүхэд, нохойг бусдаас өмөөрдөггүй

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Г.Батдэлгэр

Монголчууд бид ёс, жаяг ярихын хэрээр хэзээ ч түүнийгээ биелүүлдэггүй хүмүүс. Ялангуяа хөдөө орон нутагт “гадны” хүнд алхах, гишгэхийг хүртэл заах гээд байдаг. Гэсэн атлаа амьдралын чанар, боловсролын тухай тэдэнтэй ярихад хэцүү. Монголын гүн ухаан зөв, учир утгатай амьдрах, гол нь хүн байх тухай номлодог. Өнөөгийн нийгэмд өрх толгойлсон дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна. Яагаад эмэгтэй, эрэгтэй хүний тоо бараг тэнцүү (51:49), манай оронд эмэгтэйчүүд илүү хариуцлага үүрээд байгааг тайлбарлах гэж оролдъё. Эрэгтэйчүүд нийгмийн өмнө, өрхийн тэргүүний хувьд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо тэр бүр мэдэхгүй байна. Гэргий, хүүхдээ халамжилж, хамгаалах, мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах ёстой наад захын үүргээ ухамсарлахгүй учраас эхнэр, хүүхдэдээ адлагдан гудамжинд гардаг. Тэд зөвхөн эрхээ л мэдэж, илүүг шаардаж байна.

Охид, хүүхнүүд төв, суурин газрын соёл, боловсролтой залуусыг сонгох боллоо. Энд тэнд шүлс, хог хаяж, тамхи татаж, гудамжинд морь харсан эрчүүд “борлогдох” гэж зовох бололтой. Зоддог, архичин, орлогогүй, бүдүүлэг эрчүүдийн эхнэр нэртэй оймс, турсик угаах гэж төрөөгүй шүү гээд манай бүсгүйчүүд нэг үеэ бодоход зоригтой дуугардаг болсон. Хоёрдугаарт, залуучуудын сэтгэлгээ, хандлага, зуршил буруу тийш яваад байна. Ховоор амьдардаг хүний тоо хог түүгчдээс илүү олон болж дээ. Хүн хэнээс ч эмээхгүй үгээ хэлэх эрх, эрх чөлөөт амьдралын төлөө бид ардчилал гэж 27 жил гудамжинд бархирсан. Үүнийг ойлгохгүй хүн энэ нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд, айл гэр авч явж чадах уу? Дуугүй байх дээд зэргийн эсэргүүцэл гэж үг бий.

Гуравдугаарт, хүүхдээ эцэг, эхчүүд их өмөөрөх юм. Ялангуяа буруу үлгэр дуурайл үзүүлэх зүйл дээр ч ялгаж, салгах тэнхэлгүй дэмий зүйл бурах. Тухайлбал, эхнэр, хүүхдээсээ салаад ирсэн хүүдээ зөв юм хийсэн байна, дахиад олдохгүй “сэгсгэр” биш, дээр л салах байсан юм гэж “морийг нь эмээллэнэ”.

Бид өнөөгийн аж төрөх хэв маяг, хандлагаа өөрчлөхгүй, дүгнэлт хийхгүй бол хот, суурингийн охид, хүүхнүүд гадаад нөхөр сонгон (ядахнаа зодохгүй), хөдөөний миссүүд хотын хөвгүүдийг сонирхож, харин орон нутагт залуус хэнд ч тоогдохоо больчих вий дээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ