Categories
мэдээ цаг-үе

Богдхан уулын газрыг шилжүүлнэ

Туул голын эрэг нь иргэдийн эко орчин бүрдүүлсэн амралт зугаалгын бүс байх ёстой. Дэлхийн бүх хот дундуураа урсдаг томоохон голуудыг ингэж л ашигладаг. Гэтэл Туул голын эрэг дагуух газруудыг аж ахуйн нэгжүүд эзэмшилдээ аваад хашчихсан байдалтай байна. Үүнийг бид судалж үзсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байгаа. Ажлын хэсгийн хувьд Туул, Сэлбэ, Улиастайн голын эрэг дагуух газруудаар явж хяналт шалгалт хийсэн. Мөн агаараас зураг авалт хийсэн байгаа. Шалгалтын дүн мэдээ удахгүй нийслэлийн Засаг даргын хурлаар орно. Агаарын зураг авалтаар юу илрэх вэ гэхээр ямар байгууллага аж ахуйн нэгж Туул гол, Сэлбэ гол, Улиастайн голын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байна вэ. Энэ аж ахуйн нэгж хэн гэгч хүний эзэмшил вэ гэдэг нь маш тодорхой болох юм. Үүний дараа эргийн хамгаалалтын 50 метрийн бүсийн асуудал яригдах юм. Эргийн хамгаалалтын 50 метрийн бүс бол бүр хэний ч ашиглаж болохгүй хэсэг. 250 метрийн бүс тодорхой хязгаарлалттайгаар ашиглах ёстой бүс. Эдгээр бүсэд орсон аж ахуйн нэгж иргэдийн тооллогыг гаргаад хүмүүстэй нь нэг бүрчлэн уулзана. Хаанаас ямар хугацаатайгаар зөвшөөрөл авсан юм. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар нарийвчилж тогтооно. Үүний дараа миний бодож байгаа бодол бол хуулийн дагуу газар авсан байвал асуудалгүй. Гэхдээ та 50 метрийн бүсээс гадагш байх. Туул голын эрэг дагуу байрлаж байгаа бол танай байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд чиглэсэн байх ёстой. Тиймээс өөрийн эзэмшил газрын 30 хувийг олон нийтэд зориулж тохижуулах ёстой. Тэнд хэн нэгэн хүн тухайн компанид хөрөнгө мөнгө төлж, компанийн эзэмшил талбайд орж байгаа байдлаар биш нийтийн эзэмшлийн байдлаар тохижуулсан байх ёстой гэсэн шаардлага тавина. Бидний тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол газар олгосон Туул голын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яамтай ярьж байгаад газар эзэмших гэрчилгээг цуцлах хүртэлх арга хэмжээ авна.

-Газар чөлөөлж, нийтийн эзэмшлийнх болгоно гэхээр нам дамжсан улстөрч бүлэглэл, эрх мэдэл, мөнгөтэй компаниудтай нүүр тулна шүү дээ?

– Туул голын газар чөлөөлөх ажлыг хийхэд бидэнд маш их саад бэрхшээл тулгарах байх. Миний эзэмшлийн газарт халдаж байна гэсэн байдалтайгаар иргэд хандаж байна. Тэгэхээр нэг хүний эрх ашгаас илүүтэйгээр нийт 1.3 сая хүний эрх ашиг хамгийн чухал. Тэр хүн нийгмийн хариуцлагын хүрээнд Туул голын эрэг дээр амралт, аялал зугаалгын газар байгуулж байгаа бол 30 хувь нь нийтэд нээлттэй байх ёстой. Тийшээ хүмүүс орохдоо танайхаас зөвшөөрөл авах ёсгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж эсэргүүцэл тулгарах байх гэхдээ энэ бүгдэд шантрахгүйгээр ажлаа хийгээд явна. Туул голын эрэг дагуу ажиллаж байгаа амралтын газрууд архидалтын газар болсон. Нэг гэрт хоноход 60 мянган төгрөг төлж байна. Хэтэрхий их үнэтэй байна шүү дээ. Архидалт болдог, орчин нь бохирдолтой газар хэн өндөр үнэ төлөөд амрах юм бэ. Иргэдийнхээ бололцоонд тулгуурласан хямд үнэтэй, боловсон бие засах газартай, таатай орчин бүрдүүлсэн байхыг бид шаардаж, зөвлөгөө дэмжлэг өгч, хамтран ажиллана. Нэг нөхөр нийтийн эзэмшлийн газрыг хувийн өмч болгож том хашаагаар хашаалчихаад суугаад байдаг. Гэтэл наана нь олон мянган иргэн Туул гол руу орж чадахгүй байж болохгүй.

-Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн гэдгийг холбогдох газруудын дүгнэлтээр тодорхой болсон. Арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос хэзээ гаргах вэ?

-Туул голын бохирдлын асуудал санаа зовоож байгаа. Туул голын бохирдол Налайхын Гордокоос эхэлж байгаа юм. Мөн гол бохирдуулж байгаа зүйл нь Харгиа цэвэрлэх байгууламж буюу арьс, ширний үйлдвэрүүд. Үүний дараа төв цэвэрлэх байгууламжийн асуудал яригдана. Сонгинын гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Туул голын уснаас хүн мал уух нь битгий хэл ойртохын аргагүй болж, өмхий үнэртэж байна. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд концессын гэрээгээр асуудлыг шийдэж байгаа. Энэ долоо хоногт гэрээ нь зурагдана. Энэ зунаас концессын гэрээний шинэчлэлийн ажил хийгдэнэ. Хуучин цэвэрлэх байгууламжийг үе шаттайгаар цэвэршүүлнэ. Лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах асуудал энэ зунаас эхэлнэ. Хөрөнгө оруулагч талаас мэргэжлийн хүмүүс ирээд лаганд шинжилгээ хийгээд цэвэршүүлэх судалгааг хийсэн. Жайкагийн судалгаа хийгдсэн байгаа. Хуучин цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийн үе шаттайгаар эхлүүлэх гэж байна. Хоёр дахь том асуудал гэвэл Улаанбаатар хотоос арьс, ширний үйлдвэрүүдийг бүгдийг нь гаргана. Эмээлтийн үйлдвэр технологийн паркт гэсэн төлөвлөлт хийгдсэн байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийг бүр хаагаад арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана. Үйлдвэрүүдийг “Эмээлт”-д аваачна гэсэн бодолтой байна. Арьс, ширний үйлдвэрүүд одоо Улаанбаатар хотын хамгийн сайхан хэсэг буюу Туул голын ногоон бүсэд байрлачихсан байгаа. Налайх дүүргээс шугам татаад Улиастайд худаг нь ирчихсэн байна. Үүнийгээ төв шугамтай холбох зүйл яригдаж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ. Ингэснээр Налайхаас Туул гол руу бохир ордог асуудал бүрэн шийдэгдэх юм. Үүнээс гадна Туул голын урсгалыг тогтмолжуулах, хаврын цагт урсац тасраад байгаа байдлыг арилгах технологийн шийдлийг гаргаад гаднын хөрөнгө оруулагчдад санал гаргасан. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид үүнийг их сонирхож байна.

-Туул голын эрэг дагуух бүсэд авто зогсоол байгуулна гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

– Бид Туул голын эрэг дагуу дугуйн зам тавина. Гэхдээ зөвхөн дугуйн зам тавиад зогсохгүй амралтын бүсүүд бий болгоно. Амралтын бүсэд иргэд очоод маш цэвэрхэн орчинд тусгайлан бэлтгэсэн хөргүүрийн байгууламжтай газар хоол ундаа хийдэг, махаа шараад идчихдэг, амарч зугаалах таатай орчин бүрдүүлсэн тохижилтын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажлын эхлэлийг бид тавьсан. Эхний ээлжинд хотын төсвөөр Туул голын эрэг дагуух газарт иргэдийн амралт зугаалгыг бүс байгуулах ажлыг эхлүүлнэ. Цаашдаа энэ талаар сонирхох юм бол хувийн аж ахуйн нэгж хийх бүрэн боломжтой. Тэд голын эрэг дагуух амралтын газрынхаа тохижилтыг хийх юм. Хариуцаж авсан талбай дээр нь хүн очиход дугуй, машины хангалттай зогсоолтой, хүн амрах сүүдрэвчтэй байх юм. Зун амарч байгаа хүмүүсийг харахаар өрөвдөлтай дүр төрх харагддаг. Зам дээр машинаа тавьчихсан, ямар ч тохижилтгүй газар хүүхдээ тоглуулаад зогсож байдаг. Энэ байдлыг өөрчилнө. Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх газарт 600 сая төгрөгийн төсөвтэй зураг төсөл хийлгэж байгаа. Сүүлийн үед хараад байхад Богд уулын арын газрыг ухаад газрын унаган төрхийг эвдэж сүйтгэж барилга бариад байх юм. Дархан цаазат газарт газар ухаж болохгүй шүү дээ. Газрынх нь ландшаптад тохируулж байшин барилгаа барих ёстой. Одоо хадны сүг зурагтай хэсгээс зүүн тийш нь тэр чигт нь ухсан байдалтай байна. Энэ талаар би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлсэн.

-Богдхан ууланд ч гэсэн жирийн иргэд очиж чадахгүй байдалд хүрчихсэн. Дандаа хувийн компанийн хашаагаар нэвтэрч уул руу авчирч байна?

-Богдхан уул байгалиасаа Улаанбаатар хотод зориулсан сайхан ногоон бүс. Ийм бүс газрыг нийслэл хотынхоо иргэдийн эрх ашигт зориулж зөв зохистой байлгах ёстой. Дархан цаазат газар гэсэн мөртлөө арчилж хамгаалж байгаа юм байхгүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүн очоод хашаалаад авчихсан. Ийм байдлыг болиулах хэрэгтэй. Монголын ард түмэн үүнийг харж байна. Тийм учраас энэ хууль бус байдлын төлөө тэмцэнэ. Богд уулын асуудал яригдахаар бас л Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөрчилдөх болж байгаа юм. Яагаад гэхээр дархан цаазат газар нутаг дээрх яаманд харьяалагддаг. Газар олголт хийгддэг. Үүнээс болоод Улаанбаатар хоёр хоттой болчихоод байна. Нэг хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаарагддаг хот төлөвлөлт огт хийгдээгүй газрууд. Уугуул иргэд нь авч байна гэсээр өөр нэг гэр хороолол Зайсанд бий болж байна. Энэ зохисгүй зүйл. Хэн нэгэн УИХ-ын гишүүн лоббидож байгаад газар өгчихдөг байж болохгүй. Энэ талаар Засгийн газарт юу гэж хэлж байна вэ гэхээр нэгэнт суурьшлын бүс болчихсон энэ газрыг Дархан цаазат газрын бүсээс гаргаад хотын мэдэлд өг. Бид хот төлөвлөлтөө хийж, эмх цэгцтэй болгоё. Нэг бодлогоор явъя гэж хэлсэн. Ерөөсөө Богдхан уулыг цөмийг нь үлдээгээд бусад хэсгийг нь аялал жуулчлалын бүс болгох шаардлага бий болсон. Тэнд явган хүний зам, автозам, дугуйн зам, зочид будал, ресторан байх ёстой гэсэн байр суурин дээрээс хандаж байна. Хамгийн гол нь УИХ дээр хууль гарч байж Богдхан уулын эзэмшил, хамгаалалтын бүсийг тогтооно. Би тэнд газар олгох гэж байгаа зүйл огт биш шүү. Байгаа байдлыг нь эмх замбараатай болгомоор байна. Богдхан уул руу иргэд хамгийн их зөрчдөг хэсэг Зайсан, Баруун ширээт. Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа ч хотын захиргаанаас Зайсангийн замыг засаад Баруун ширээтийн адагт 250 автомашины зогсоол барихаар болсон. Иргэд Богдхан уул руу гарах гарах гэхээр уулын аманд түгжрээ бий болоод байна. Түгжрээг нь арилгаад, зам, зогсоолыг нь эхний ээлжинд шийдээд өгье. Цаашдаа Богдхан уулыг аялал жуулчлалын эко чиглэлийн бүс болгоно гэж л харж байна. Өөрөөр хэлбэл, дугуйн замтай, автомашины зам, зочид буудал, ресторантай, хамгаалалттай, байгаль орчинд ээлтэй бүс болгомоор байгаа юм. Богдхан ууланд хэн нэгэн байшин бариад суучихдаг биш, нийтийг чиглэсэн зүйлс л байх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (IV)

З.Ооёобаатар

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №089 (5656), 090 (5657),092 (5659) дугаарт

Дашбалбар найрагчийн хүргэн дүү Зоригоогийнхоос гараад үеэл ах Зундуйн Ооёобаатар ахын пикаап машиныг хөлөглөн, гэрт нь очиж хөөрөлдөв. Их найрагчийн яруу найргийн номуудад “З.Ооёобаатарт зориулав” гэсэн эшлэл бүхий шүлэг хэдэнтээ таарч байдгийн эзэн нь эл хүн ажээ. Тэднийх Мангал гуайнхтай адил мөн л хаалга нь түгжээгүй, онгорхой байна. Тэр ч бүү хэл байрны хаалгаа монгол гэрийн хаалга шиг мяндсан уяагаар сойсон нь сонирхолтой санагдсан. Тэрээр машиныхаа салхивч шилийг ч огт хаахгүй юм. “Ийм хээгүй ч гэмээр, хэнэггүй ч гэмээр нөхөр хотод очвол идээшиж чадахгүй, үгүй ядахнаа л машинаасаа хамаг юмаа алдаж балрах байх аа” гэсэн инээдтэй бодол тэрүүхэн үед төрж байна. Ооёобаатар ах их найрагч дүүгийнхээ сонинд хэвлэгдсэн зургийг жаазлан хоймортоо нандигнан шүтжээ. Тэрээр 1953 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн аж. Эцэг эхээсээ долуулаа ч аав Зундуй нь түүнийг таван настай байхад бурхан болжээ. Ээж нь Дашбалбарын ээжийн төрсөн эгч Осорын Хандсүрэн юм. Ооёо ах өнчин өрөөсний зовлонг багаасаа мэдэрч өсчээ. 1965 оны үед О.Дашбалбар Наран суманд бага сургуулийн дөрөвдүгээр ангиа дүүргээд Дарьганга суманд шилжин ирж байж. Дашбалбар үеэл ахаасаа хоёр дүү бөгөөд дүү З.Сааралынх нь нэг анги юм байна. Ооёо ах 1968-1970 онд Дорнод аймгийн Барилгын ТМС-ийн мужааны ангийг төгсөж ирээд нагац ах Мангалындаа амьдрах үеэс наймдугаар анги төгссөн Дашбалбартайгаа их дотносох болжээ.

Омскийн ТМС-ийг 1973 онд төгсөж ирснээсээ хойш бүүр ч ходийсох болжээ, тэр хоёр. Ооёобаатар үеэлийнхээ тухай “Миний дүү өөртөө эвтэй найртай харьцаж байгаа хүнийг их хайрлаж энэрдэг, зөвлөж сургадаг хүүхэд байсан. Миний сайн санахаар Дарьгангын ангийнх нь Баярсайхан гэж сайн найз нь байж байгаад саяхан нас барсан. Энэ хоёр уран зохиолын тухай хоорондоо маргалдаж, ярилцаж байхыг олонтаа сонсож байсан. 1976 онд бид хоёр Баруун-Уртын нэгдүгээр арван жилийн сургуулийн оройн ангид орж суралцсан. Дүү маань биднээс арай өөр хүн байсан нь энэ үеэс мэдэгдсэн. Тэр оройн сургуулийн ес, аравдугаар ангийн шалгалтыг зэрэг өгөөд биднээс жилийн өмнө төгсөөд явсан. Би тэр үед Гал командын газарт гал сөнөөгчөөр ажиллаж байлаа. Дашбалбар хэзээнээс уран зохиолд шүлэнгэтэн дурлана. Сергей Есенинийг шүтэн биширч, шүлгийн номыг нь сугавчилж явж их уншина. Мань эр гартаа ном барихгүй өдөр гэж ганц ч байгаагүй. Омскт сурч байхдаа оросоор шүлэг бичиж, “Сүхбаатарын зам” сонинд илгээж байсан байдаг. Тэр үед яруу найргийн онгод нь их орж байсан үе байсан юм болов уу” гэж өнгөрсөн хойно нь л бодох юм. Оройгоор арваа төгсөх үедээ уран зохиолын хичээлийг би дүүгээсээ л будаа идэж байлаа. Зуны урин дулаан үед манай Шар ахынх (найрагчийн аав Очирбат агсныг нутгийн ахан дүүс нь ийн авгайлна. сур) Дөрвөлжийн тэнд зусна. Дөрвөлжийн орой дээр гарахаар шүлгээ уншиж өгнө. Нэг өдөр зохиолч Магсаржав багш бидэнд “Ум ма ни бад ми хум” гэдэг чинь “Цэцгэн дээр суусан хүүхэн” гэж зааж байсан. Шашин ном хаалттай байсан тухайн үед чухам яагаад тэгж зааж байсныг би сайн мэдэхгүй. Би шүлэг найраг сайн ойлгохгүй ч Данзанравжаагийн

“Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ

Үйл нь ирээд үхэхийн цагт

Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байна” гэсэн мөрийг жинхэнэ яруу найраг юм байна гэж одоо ч бодож явдаг. Энэ шүлэгт ертөнцийн мөнхийн бодитой үнэнийг арга байхгүй л яруу сайхан дуулсан байх юм. Тэр үед би энэ шүлгийг түрүүлээд цээжилчихсэн болохоор дүүдээ уншиж өгтөл “Наадах чинь юу ч биш. Би үүнээс чинь сайхан шүлэг бичнэ” гэж байсан омголон үе нь харагдах шиг болж байна. Ахын хувьд надаас амьдралын зөвлөгөө авна. “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч Бат-Өлзий гэж хүн байлаа. “Улаанбаатар явах гэсэн чинь Бат-Өлзий намайг явуулахгүй байна” гэхээр нь “Миний дүү хамаагүй өөдөөс нь ярзаганаад үг сөрж болохгүй. Би олон дүүтэй хүн. Ажил амьдралын эрхээр сурч мэдэх шаардлагатай гээд шил архи аваад оч” гэж хэлсэн юм. Бодвол хэлснээр минь очсон байх. Ер нь манай дүү төрөлхийн сод авьяастай, зөнч хүн байсан юм байна гэдгийг одоо л би ойлгож байна. Би Дашбалбарыгаа “Дарга болоод ах дүү нараа ачилж халамжилж яв” гэж ятгадаг байлаа. Тэгэхэд мань хүн “Би дарга болохгүй, яруу найрагч болно. Горькийн Утга зохиолын дээд сургуульд явна” гэдэг байсан. Нэг ТМС төгссөн хүн ийм өндөр зорилго тавиад биелүүлсэн тохиолдол хэд байдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан зөгнөсөн зүйлдээ хүрсэн л хүн байж. Горькийн сургуульд сурч байхдаа бурхны тухай их судалснаа надад ярьж байсан. Төрийн түшээ болсноос нь хойш дүүтэй холбоотой сайн, муу ямар л мэдээлэл гарна, тэр бүх сонин сэтгүүлийг би цуглуулдаг байсан.

Наран сумын төв дэх О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн. 2017.04.16

Дашбалбарын хэлж ярьж байсан бүх зүйл туйлын үнэн байж гэдгийг ард түмэн өнөөдөр харж байна. Ялангуяа “Газрын төлөөх тулалдаан эхэллээ” гэж сонин хэвлэлд нийтлүүлж, ном ч бичиж байсан нь өнөөдөр газар нутгийн бүрэн бүтэн байдал, уул уурхайн лицензүүд, гадныханд өөрсдийн баялгаа өгч байгаа зэрэг байдлаас тодорхой харагдаж байна. Дашбалбарын сэрэмжлүүлснийг уг нь тусгаж авсан бол улс оронд мөн ч их тустай байх байлаа. “Амьддаа бие биеэ хайрла, алив сайхнаа бусдаас битгий харамла”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг ямар гайхамшигтай бүтээлүүд үлдээгээ вэ дээ, муу дүү минь. Дашбалбарын буцан буцталаа ард түмэндээ зориулж бичсэн бүхэн монгол хүн бүхэн санаж бодож болгоож явах философи болов уу. Их хурлын гишүүн болсноос нь хойш би цөөхөн уулзсан. Хэн хэн нь улсын цаг наргүй ажилтай байлаа. Манай дүү чинь тэгтлээ ч их ууж идээд байдаггүй хүн байсан. Би ч бас шалихгүй. Гэхдээ бид хоёр уулзахаараа ярьж хөөрч суугаад ганц лонхны бөглөө мулталчихдаг л байсан. Дүү бид хоёр уулзахад заавал ч үгүй миний өвөрт унтана. Нуруугаа надаар илүүлэх их дуртай.

Би Улаанбаатарт очихоороо Дашбалбарындаа очиж хононо. Бид хоёрын сэтгэл зүрхний холбоо их ойр байж. Хүнд ярьдаггүй зүйлээ надад ярина. Харин их улстөрждөггүй байсан. Аж төрөл, яруу найргийн гоо сайхан, ер нь хүний амьдралын утга учрын талаар их ярилцдаг байлаа” гэж өгүүлсэн юм. Ооёо ах үеэл дүүгээ орчлонгоос цаг бусаар буцсанд их харамсаж нэг хэсэг багагүй балгажээ. Нэг удаа хотод хүүгийндээ очоод ачтайгаа хэд хонотол гуравхан настай ач хүү нь нэг өглөө хий хундаганаас агаарт хий сэржим өргөж байхыг хараад “Ухаантай амьдрахгүй бол удам судар маань хүртэл дуурайх юм байна” гэж бодон хатуу идээнээс татгалзах болсноо нуусангүй. Ооёобаатар 1982 онд ЗХУ-ын Орёл хотын Автотехникийн тусгай дунд сургуульд суралцаж байх үед О.Дашбалбар Москва хотноо тосон авч, байрандаа аваачин дайлж, Улаан талбайгаар газарчилж байжээ. Түүнийг хоёрдугаар курст байхад үеэл дүү нь Орёлд хонины мах, нутгийн шимийн юмтай очиж өдөржин сайхан ярьж хөөрч, дуулж хуурдаж суусныг Дундговийн Умаахум, Архангайн Батжаргал, Өвөрхангайн Сумьяа нарын арваад нөхөд одоо ч халуун дотноор дурсдаг аж.

О.Дашбалбар үеэл ах болон ангийнх нь нөхдийн хамт. Москва. Улаан талбай. 1983 он

Нарт орчлонд жаран жилийн тэртээ мэндэлсэн их найрагч Дашбалбарын үеэл ахтай уулзаж хөөрөлдсөний хойно манай аяныхан дүү О.Балжиннямыг ханьтай нь авч төрсөн нутаг Наран сум руу гарлаа. Балжиннямын хувьд төрөлх сум Нарангийнхаа Засаг даргаар ажиллаж байсан болохоор нутгийн ахан дүүсээ ч сайн танина, бас газар орноо ч мэднэ гэж “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ах тун ч зөв тооцоолжээ. Найрагчийн насны хань Н.Борхүүхэн эгчийн сэтгэл их хөдөлж “Өвгөний минь “Наран булаг” дууг дуулаач” гэж дүүгээс нь гуйж байна. Балжаа ч удаан гуйлгалгүй

“Үүлс нойрсох хавцал хаднууд

Үүрийн манан дэгдэх хөндий

Насан багын алтан өлгий

Намайг торниулсан он жилүүд

Цагаан мөөгний зөөлөн бороо

Цайран шиврэх намуухан орой

Цагийг элээсэн буурал тогоруу

Цам харайх үзэсгэлэнт нутаг аа

Бөөр дэрсэнд мангир түүгээд

Бүүр багадаа тугал сүүлдээд

Эх нутгийнхаа цэцгэнд хөрвөөж

Эрээн цамцаа гээж орхисон

Ай хө, Наран булаг минь

Зээ хө, Нарны булаг минь” гэж эвлэг зөөлөн хоолойгоор дуулахад “Салхиар ганхах цагаан өвсөнд нь ч амь нас минь буй” гэж магтан биширсэн Дарьганга нутгийнх нь намхан толгод аялгуу шүлэгтээ мөнхрөн үлдсэн найрагч хүүгээ үгүйлэх шиг хүйс хүйсхэн салхиараа санчиг үнсэн сэвэлзэнэ. Бид замдаа Онгон сумын Салаа хэмээх газарт хаваржиж буй аймгийн алдарт уяач Шарын Мөнхбаясгалангийнд очсон юм. Мөнхбаясгалан бол аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарын төрсөн ах ажгу. Ренчинханд ахын борцыг энэ айл нутгийн салхиар урь идүүлжээ. Хурц арслан маань хоёр хоногийн өмнө ахынхаараа зочилж адуугаа эргээд буцсан байна. Хар говийн замаар хөдөлсөн бид Талын таван уулын овооноо өдөр, шөнийн зааг үдшийн бүрийгээр давж, Наран суманд очиж хоноглолоо.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Устгагдсан “ХҮН ЧАНАР”

СЭТГЭЛ ТАТСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

ХХ зууны хориод оноос монголчууд диваажинд төрж жаргахын оронд эндээ диваажин цогцлоохоор шийдсэн юм. Энэ бол коммунизмын тухай яриа. Нэгэнт өнгөрсөн тогтцыг муулахын оронд үзэл санааны мөн чанарыг хамтдаа сонирхъё.

Нийгмийн энэ байгууллыг санаачлагчид өмч хөрөнгө, боловсрол, амьжиргааны бүхий л ялгааг арилган жигдлэх санаа сэдсэн юм. Бүх хүн нийгмийн гарал, шашин шүтлэг, ухаан бодол, боловсрол, за тэгээд “хөгжлийн бэрхшээл”-ээсээ ч үл хамааран жигд жаргана гэсэн үг л дээ. Тэгш гараа ч биш, тэгш бариа ч биш. Ерөөсөө нэг эгнээнд байрлах тухай санаа.

Нэгэнт жаргаж байгаа баячууд энэ асуудлыг тоохгүй нь тодорхой. Иймээс жаргаж чадахгүй байгаа хэсэг энэ ажилд идэвхтэй оролцох учиртай. Эндээс “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриа урган гарчээ. Пролетари гэдэг нь үгээгүйчүүд буюу “алдах юмгүйчүүд” гэсэн үг.

Энэ үзэл санааг үндэслэгчид “Алдах юмгүйчүүд”-ийн алдах юмгүй байгаа шалтгааныг тайлбарлажээ. Бүх хүн тэгшхэн хуваагаад жигд баян байх учиртай хөрөнгө баялгийг цөөхөн хүн булааж эзэмшсэн учраас маш олон “алдах юмгүйчүүд” бий болсон гэж хэлж өгчээ.

Хичнээн ядуу ч гэсэн эрүүл ухаантай хүмүүс гайхна биз дээ, “хэзээ миний юмыг булаалаа” гэж. Эхээс төрөхөд нь газар, үйлдвэр завод эзнийх байсан, ээж аав, эмээ өвөө нь булаагдсан юмны тухай дурсаагүй байдаг.

Гэтэл коммунист суртлын их багш Карл Маркс, Фридрих Энгельс нар энэ эргэлзээг тайлж өгсөн юм. Тэдний хэлснээр хөрөнгөтнүүд “нэмүү өртөг” хэмээх нууц явуулгаар хүний ясыг цайтал мөлждөг байжээ. Маркс “багш” тайлбарлахдаа, “Ажил олгогч чамаар сандал хийлгэхдээ зөвхөн ажлын хөлс өгдөг, харин сандлаа цааш нь зараад олсон ашгаа өөрөө ганцаараа гудардаг. Уг нь зүгээр хэвтэж байсан модыг чи л зорж, хадаж сандал болгоо биз дээ, ингэж л чамайг шулж байна, ямрав дээ, хэн минь” хэмээн сэтгэл хөдөлтөл халаглажээ.

Хөрөнгө оруулагчийн тухай нарийн юм ойлгохоо байг гэхэд, хэний модоор, хэний ажлын байранд сандал хийсэн, хэн борлуулалт хийсэн, менежмэнтийг хэн авч яваа, өөрөө тохирсон хөлсөө авсан эсэх тухай эргэцүүлэх боломж гарсангүй. Маш олон хүнд “ямар ч байсан чи авах ёстой” гэсэн санаа таалагджээ.

Бас нэг сонирхолтой санаа нь хувийн өмч бол мөлжлөгийг төрүүлдэг. Иймээс баячуудаас хурааж авсан өмчийг хэн ч авахгүй, харин нийтийн өмч байна. Нийтийнх гэдэг бол чиний ч биш, бас минийх ч биш өмч. Өмч чамд ч биш, надад ч биш байвал намайг ч мөлжихгүй, чамайг ч мөлжихгүй гэж айлджээ.

Баячууд булааж (үнэхээр булаасан байлаа ч) авсан юмаа зүгээр буцааж өгөхгүй. Иймээс булааж авахаас өөр аргагүй. Булаах гэдэг бол хүчирхийлэл. Хүчирхийлэл муухайдуувтархандуу болов ч “зорилго аргаа зөвтгөнө” гэж сургана. Булаах ажлын нэр нь “Пролетарийн диктатур” бөлгөө. Ингээд их булаалтад уриалжээ. “Пролетари нарт гинжнээсээ өөр алдах юм байхгүй. Харин олохдоо бүх дэлхийг олж авна” гэсэн алдарт уриа эндээс төрөв. Тэд бүх дэлхийг олж авч чадаагүй ч, монголчуудыг авч дөнгөсөн юм.

Марксистууд өрнөдийн ажилчин анги энэ уухайг хамгийн түрүүнд хүлээн авч эздээсээ үйлдвэр завод газрыг булаана гэж найдаж байсан гэдэг. Гэтэл тэд нь хичнээн ядуу ч гэсэн иргэншлийн тогоонд ёс суртахуунжталаа чанагдсан төдийгүй, өмч ба эрх чөлөөний уялдааг ойлгоод эхэлчихсэн байжээ. Манай үйлдвэрийн эзэн муухай ч гэсэн ажлын байр бий болгож, би хичнээн бага ч гэсэн тохиролцооны үндсэн дээр хөлсөө авч байна. Энэ үйлдвэр нурвал би ажилгүй болно. Тэгэхээр үйлдвэр ажилласаар байх нь миний эрх ашгийн нэг хэсэг гэж хардаг болчихсон байв.

Гэтэл хамжлагаасаа гараад гараад хагас зуун ч болоогүй тариачид голлосон орос орон энэ үзэл санааг хүлээн авсан ба тэр хувьсгал одоогоос яг зуун жилийн өмнө болсон билээ. Харин монголчуудын хувьд энэ нь сонголт гэхээсээ илүү хувь заяаны тулгалт байсан билээ.

ХҮНЭЭС ГАРЧ НАМД ОЧСОН “СОВЕСТЬ”

Хувь заяаны эрхээр коммунизм байгуулах болсон монголчууд болбоос өрнөд болон оросуудаас их ондоо үндэстэн байлаа. Аж амьдралын хоцрогдлын тухайд ч биш. Хэдийгээр дайнч түйвээнчээрээ алдартай боловч төр ёсны хоёр мянганы уламжлалтай, зуу зуун дамжсан Буддын ёс сурталтай хүмүүс. Төрөө хөмөрч хаяна гэж бодохоосоо илүү төр улсдаа үнэнч зүтгэх үүрэгтэй хэмээн харж “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирна. Хувь заяагаа үйлийн үрээс хамааралтай хэмээн хардаг ба аз жаргалтай амьдрал гэдэг нь хөрөнгө чинээний хэмжээнээс илүү сэтгэл санааны хангалуун түвшин байдлын илэрхийлэл гэж ухаардаг байжээ. Ер нь бол хүн болгон өөрийгөө “алдах юмтай” гэж үздэг байсан гэсэн үг.

Ийм үндэстнийг “алдах юмгүй” болгох үүрэг Коминтернийн өмнө тулгарчээ. Алтан ургийн язгууртан ихэс дээдэс, хутагт гэгээдийг нь “дайсан” гэж хэлэхэд үнэмших хүн гарахгүй. Иймээс “алдах юмтай”-чуудаас нийгмийг цэвэрлэх хэрэгцээ гарч ирлээ. Энэ ажлыг хувьсгалын эсэргүүг дарах, феодалын хөрөнгө хураах, лам нарыг ангийн хувьд устгах, ноосны төлөвлөгөө биелүүлэх зэрэг олон кампанит ажлаар хийсэн билээ.

Ингээд 1930 –аад он гэхэд үндэстний ёс суртахууныг тээгчид болох язгууртнууд, шашны зүтгэлтнүүд, хуучин уламжлалаар бэлтгэгдсэн төрийн албан хаагчид цэвэрлэгдэж дуусав. Үүнтэй зэрэгцүүлэн гүйцэд хүмүүжээгүй, ойворгон залуусыг хөөрөгдөн хувьсгалт үзлээр зэвсэглэлээ. Зэвсэглэсэн төдийгүй засгийн эрх атгасан хүүхэлдэй болгов. Түүхнээ үүнийг 1928 онд Коминтерн монгол ирж “Хөдөөгийн фракц” засгийн эрхэнд гарав хэмээн тэмдэглэжээ. Жинхэнэ утгаараа “хөдөөний гар”-ууд төрд гарсан нь тэр байв.

Эндээс л монгол үндэсний ёс суртахууны номлол өөрчлөгдлөө. Зуу зуун жил номлогдсон “сайн хүн” болох тухай философи орвонгоороо эргэлээ. Монгол хүн хар багаасаа сайхан сэтгэлтэй, худал хэлэхийг цээрлэдэг, хуурч дээрэмдэхийг тэвчдэг, эцэг эхийн ач элбэрлийг санадаг, өрөвч нинжин хүн болох учиртай байсан юм. Өвөг дээдэс нь “сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн сургасан нь их учиртай. Энэ бол чиний санаа сэтгэл зөв бол өмч хөрөнгөгүй царай муутай ч байсан жаргаж болно гэсэн гүн ухаан байлаа.

Гэтэл пролетарийн диктатур огт өөр юм номлолоо. “Чи сайн хүн энээ тэрээ болохоосоо өмнө хувьсгалч болох ёстой” гэж номлов. Нүглээс айх ёсгүй. Учир нь нүгэл гэж байхгүй, шашин чамайг мэхэлж байсан. Алдах юм үгүй, айх юм ч үгүй хувьсгалч ингэж төрлөө.

Ийм үзэл санаа бий болгохын тулд шашин шүтлэгийг устгахаас өөр аргагүй. Учир нь алдах юмгүй тэр хүн нүглээс үнэхээр айдаггүй байх ёстой. Ардын хуучин үгэнд зөв хүмүүжиж байгаа залуусыг “Эрлэгийн элч ороод ирэхэд эх рүү заахааргүй хүн болох нээ” хэмээн урамшуулан хэлдэг байж. Гэтэл хувьсгалын хүүхдүүд эрлэгт ээжийгээ зааж өгөх төдийгүй, санаачилгаараа өөрөө хүргэж өгөх хэмжээнд хүмүүжиж эхлэв. Социалист хүмүүжлийн чухал үлгэр болсон “Зөвлөлтийн баатар хүүхэд” нарын дунд Павлик Морозов гэгч байх. Тэрээр эцэг, эх нь хамтралд тариагаа өгөхийн оронд шалан дороо нуусныг (өөрийг нь тэжээж өсгөх гэж) илчилж баатран хүүхэд болжээ.

Хүний сайныг илэрхийлэх шударга, хүнлэг, өрөвч, уучламтгай, тусархуу, өгөөмөр, ёс суртахуунтай гэхчилэнгийн бүхий л тодорхойлолтыг дарангуйлсан “эх оронч” “намч зарчимч” гэсэн хэмжүүр гарлаа.

Яг энэ үед орос хэлний совесть гэдэг үг тэр чигээрээ орж ирлээ. Монгол хүнд совесть гэхээр совесть л буудаг. Нандин чанар, хүн чанар гэхчилэн олон үгээр орчуулдаг ч аль ч совесть болж буудаггүй. Хуучин цагийн онигоонд монгол хүнд совесть байдаггүй учраас орчуулах үг олдоогүй гэж гардаг. Магадгүй энэ хэллэг иргэншсэн хотошсон нийгэмд бүрэлддэг нийтлэг үнэт зүйл ба тэр үнэт зүйлийг нийтээрээ дээдлэх хэрэгцээ шаардлагатай уялдан гарсан ойлголт ч байж мэднэ.

Ямар ч байсан ХХ зуунд монголчууд совесть гэхээр ойлгодог нэг зүйлтэй болсныг совестьтой болсон гэж үзвэл зохилтой. Гэтэл дөнгөж совестьтой болж эхэлж байтал бас нэг сонин зүйл тохиолдлоо. Учир нь Монголын коммунизмын багш В.И.Ленин маань “Нам бол манай үеийн оюун ухаан, нэр төр, совесть мөн” хэмээн сургасан байжээ.

Нэг талаасаа намаа магтсан юм шиг боловч үнэн утга нь ондоо. Үнэндээ “оюун ухаан”, “нэр төр”, “совесть” зэрэг хүний мөн чанар болсон ойлголтуудыг хүнээс нь салгасан хэрэг байлаа. “Чи хүнлэг, оюун ухаанлаг, совестьлог байх ямар ч хэрэгцээ байхгүй. Харин чиний тэр оюун ухаан, нэр төр, совесть чинь нам буюу манай тогтоц өөрөө юм аа”… гэж. Тийм болохоор хамгаалах хүн чанар, нэр төр ариун нандин зүйл хүнд үлдэхгүй. Алдах юмгүй хүн ингэж эхэлсэн.

Өөрөө сайн хүн болж байж дараа нь амьтны тусыг бүтээх учиртай гэсэн дараалалтай хүмүүжлийн логик орвонгоороо эргэлээ гэсэн үг л дээ. Эхлээд хувьсгалын тусыг бүтээ, дараа нь яахав, хувьсгалын хэрэгт садаа болохгүй хэмжээнд сайн хүн мүн болох гэж оролдвол оролдох л юм биз. Оролдохгүй байсандаа ч яах вэ. Хувьсгалч байх нь л чухал.

Үймээн самууны дараагийн шатанд хувьсгалч гэдгийг орлох өөр үг гаргаж ирлээ. Цаашдаа байнгын ажиллагаатай хувьсгалчидтай байх нь осолтой болоод иржээ. Өдөр тутмын хувьсгалд дассан, гар хуруу нь загатнасан хувьсгалчид нь хувьсгалаа өөрийг нь хувьсгачихаж магадгүй болсон хэрэг. Ингээд хувьсгалчдыг өөрсдийг нь “нугалаатан”, “ардын дайсан” гэхчилэнгийн нэртэй ээлжит цэвэрлэгээнд оруулж зүйл дуусгасан ба “хувьсгалч” гэдэг цолыг 1920-30 онд хамааруулан үлдээв.

Дараагийн шатанд хувьсгалчийг орлох “эх орон” ба “Эх оронч” гэж үг гарч ирлээ. Хэрвээ чи эх оронч л байвал чамайг хэн ч яаж ч чадахгүй. Чи муу хүн байсан ч, өөдгүй шаар байсан ч хамаагүй. Эх оронч л байвал чамайг хэн ч дийлэхгүй болов. Уг нь бол “газар нутаг болоод үндэстнийхээ үнэт зүйлсийг хамгаалагч” гэх тэнгэрлэг өргөн утга агуулавч хэрэглэгдэх зарчим нь өөр. Чи улсынхаа төлөө үхэхэд бэлэн, үндэстэндээ хайртай болов ч нам засагтай ганцхан юман дээр зөрвөл л эх орны дайсан болон хувирна. Чи өчүүхэн зүйлээр дарга удирдагчтайгаа зөрөлдвөл агшин зуур монгол орноо сөнөөсөй гэж боддог этгээд болон хувирна. Зүрх сэтгэл чинь хаана байх нь хамаагүй. Тухайн дэглэмээсээ “эрх оронч” гэсэн тодорхойлолт авсан нэгэнтэй муудалцвал авгай хүүхэн, арав таван цаасны өр ширээс болсон ч хамаагүй “эх оронч биш” буюу монгол орон сөнөөсөй гэж боддог нэгэнд тооцогдоно. Тийм учраас “эх орончийн лиценз”-ийн төлөө ёс суртахуун байтугай төрсөн эхээ ч хайрлахгүй шаарууд олноороо төржээ. Өнөөдөр ч энэ инерци байгаа бөгөөд, энэ ариун үгийг духан дээрээ наагаад явахад айхгүй ч гэсэн аягүй хэвээр бөлгөө.

Энэ шинэ үг өвөг дээдсийн сургаал, Ноён хутагтын айлдвар, Чингисийн билэг сургаалын алинд ч байгаагүй. Монголчууд эх оронгүй, эсвэл эх орондоо хайргүй, нэг ч эх орончгүй байсан ч юм биш. Монголчуудыг улс болгон нэгтгэж байгаа төрдөө, төрийг төлөөлсөн хаандаа үнэнч зүтгэхийг номлож байснаас биш “эх оронч болбол зохистой” тухай үг байхгүй. Эх орны төлөө төрөө нураах, хаанаа алах, эзэн хаанаа мөлжигч гэж нэрлэх тухай санаа оноо огт байхгүй.

Ийнхүү өмч хөрөнгөгүй, алдах юмгүй, ёс сурталгүй учраас үнэт зүйлгүй хүн бүрэлдүүлж эхэлсэн юм. Энэ хүн өөрийн сайхан амьдралын төлөө тэмцэх ёсгүй. Учир нь өөрийн сайхан амьдрал гэж байхгүй. Энэ хүн өөрийн өмчөө хамгаалахгүй, учир нь түүнд хамгаалах өмч байхгүй. Энэ хүнд нандигнах совесьт байхгүй, учир нь совесть нь өөр юманд байгаа. Өөрийнх нь совестийг шингээсэн үзэл суртлыг л хайрлахаас биш өөрийгөө хайрлах хэрэггүй.

Яг л үлгэрийн киноны зарим баатрын сүнс нь далайн ёроолд хэвтэх авдарт байдаг шиг. Тэд төрсөн биеэ хамгаалахын оронд нэг авдар хамгаалаад тулалддагтай адил. Социалист нийгмийн гишүүн хүн өөрийгөө хамгаалахын оронд өөрийнх нь сүнс, совесть энэ тэрийг хадгалсан “социализм” хэмээх төмөр авдрыг амь тэмцэн хамгаалах үүрэгтэй болсон юм. Хүнийг хомосапиенс биш “хөдөлмөрчин” гэж нэрлэж байсан нь ч ийм учиртай. Өмчгүй, алдах хөрөнгө, муудах ёс сурталгүй нэг ширхэг зүйл, хөдөлмөр хийхэд зориулсан багаж гэсэн санаа. “Манай орны хөдөлмөрчид”, “хөдөлмөр сонин”, “хөдөлмөрчидтэй уулзалт хийх” гэхчилэнгийн хэллэгүүдийг манайхан санаж л байгаа.

Хүнийг зөвхөн “авдар хамгаалагч” болгохын тулд л өмчөөс нь, хувийн үнэт зүйлсээс нь хэрхэн салгасан түүхийг бид ярилцаж байна. Гамшиг байгаа биз? Гэтэл энэ гамшиг бүх хүн төрөлхтнийг жигд жаргаах тухай хачин тэнгэрлэг үзэл санаанаас эхтэй аж. Сайхан сонсогдсон, сайхан санагдсан бүхэн сайхан байдаггүй аж.

Амь хайргүй эх оронч болгохын тулд аминдаа хайрлах үнэт зүйлгүй хүн бүтээж эхэлсэн энэ түүх дуусаагүй байна. Коммунизмыг тогтцын хувьд нураах нь амархан байж. Харин түүний үлдээсэн ёс суртахууны өвийг даван туулах нь үнэхээр амаргүй.

Хүний мөн чанар нь хүнлэг байдал. Хүнлэг байдал гэдэг ёс суртахуун, хүмүүжлийн цогц ойлголт. Сая сая хүнийх нь хүн чанарын нийлбэр нь үндэстний ёс суртал болдог. Энэ ёс суртал дээр үндэстэн оршин тогтнодог. Үндэстэн оршин тогтнож байхыг улс орон, эх орон гэж хэлдэг. Сайн үндэстэн сайн хүнээс эхэлнэ. Үндэстэн сайн бол муу муухай ганц нэгийгээ уусган сайжруулаад явчихна. Харин “эх оронч, хувьсгалч л байвал хүн нь ямар хамаа байна”, “хүн муутай боловч сайн улстөрч” гэсэн суртал хэвээрээ байгаа бол бид хуучнаасаа салаагүй л яваа гэсэн үг. Өчигдрөөсөө салдаггүй үндэстэнд маргааш байдаггүй гэдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Энэ хот-чиний хот” нийтлэл хэвлэгдлээ

Пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ.

Өнөөдрийн дугаарын “Удам судар” буланд Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Панамын Аюушийн тухай хөрөг нийтлэл хэвлэгдлээ.

“Нанотехнологи ба шинэ эрин” нийтлэлээс 50 жил тэсчихвэл хуучирч муудсан элэг, бөөр, эд эрхтэнээ машины сэлбэг шиг засч сэлбээд явах цаг ирж байгаа талаар сонирхолтой мэдээллийг уншаарай

Баримт, үйл. Явдлын 7-р нүүрт “Эхнэртэйгээ муудалцаж, өөрийгөө хутгалдсан эр Цэргийн төв эмнэлгийн цонхоор унаж амиа хороожээ” нийтлэл хэвлэглээ

“Яг түүн шиг шоу”-р олны танил болоод байгаа Солонгос улсад амьдарч, ажилладаг С.Гантогоотой хийсэн “Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд асар их саад бэрхшээлийг туулсан” ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай

Ч.Хашчулуун “Улс орон хэвийн хэмжээнд хөгжье гэвэл ОУВС-гийн тавьж буй шаардлагыг хүлээж авах нь зөв” ярилцлага эдийн засгийн нүүрэнд нийтлэгдлээ

Мөн сүүлийн үед бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд их өртөх болсон талаар барим, судалгаатай нийтлэлийг өнөөдрийн асуудал хөндсөн нийтлэлээс уншаарай

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ шийдвэрээ гаргавал ОУВС, Дэлхийн банк хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн гэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Дэлхийн банк нь ОУВС-тай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх гэж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв.

Жейсон Алфорд: Та бүхнийг засгийн эрх авахад танай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг бид мэднэ, одоо тогтворжиж сэргэх хандлагатай болж байгаад бид ч баяртай байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд тодорхой бүтэц байгуулан ажиллаж байгаа нь бусад улс орнуудад сайн туршлага, сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй, гэхдээ хөрөнгө оруулагчдын мөнгөн гүйлгээг зөвхөн Монголын банкаар дамжуулах байдлаар хязгаарлах нь эдийн засагт сөрөг тал ихтэй. Энэ харилцааг зохицуулсан парламентын шийдвэрээ эргэж харж байгаа эсэхийг сонирхож, хэрвээ УИХ шийдвэрээ тодорохой болговол Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ОУВС, Дэлхийн банкны зүгээс шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн гэв.

Ж.Мөнхбат: Зарим том төслүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулах тухай зохицуулсан УИХ-ын тогтоолыг эргэж харах, өөрчлөх чиглэлээр УИХ дахь олонхийн бүлэг улс төрийн нэгдсэн шийдвэрээ гаргасан. Удахгүй, энэ долоо хоногтоо багтаад УИХ эцсийн шийдвэрээ гаргана. Түүний дараа ОУВС манай улсад хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны шийдвэрээ баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

​Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Харин банкууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.

Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.

Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Galaxy S8, S8+ Монголд нээлтээ хийлээ

Монголын зах зээлд “Самсунг” компанийн Galaxy S8, S8+ утас өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Дэлхийн зах зээлд Galaxy S8 утас нь өнгөрсөн гуравдугаар сард танилцуулагдсан. Монголын зах зээлд Төв Азийн бүх оронд нэгэн зэрэг өнөөдөр нээлтээ хийж байна. Ингэснээр энэ сарын 5-аас Монгол дахь “Самсунг”-ийн албан ёсны дэлгүүрүүдээр болон “Мобиком”, “Юнитель”, “Нэкст электроникс”-ээр эдгээр утас нь худалдаалагдахаар боллоо.

Энэхүү шинэ загварын онцлог нь өмнөх S7-оос нүүрэндээ товчлуургүйгээр тэр чигээрээ дэлгэц болсноороо ялгаатай аж. Мөн нүүрэнд байрладаг лого байхгүй. Нүдний бүрхэвчийн хамгаалалт шинээр нэмэгдсэн. Энэ шинэлэг зүйлс одоо зах зээлд байгаа бусад ухаалаг утсанд байхгүй гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн халамжийн салбарыг хөгжүүлэхэд 150 сая ам.доллар зарцуулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Гэрээний төслийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр, БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ соёрхон баталсан бөгөөд энэхүү зээл 20 жилийн хугацаатай. Эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр тохирсон. Төсөл тус бүрийн санхүүжилтийн 85 хувийг зээлийн хөрөнгөөс, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргах байсан. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэлтэй байгаа тул төслүүдийн санхүүжилтийн 95 хувийг зээлийн хөрөнгөөс гаргахаар Хятадын талтай тохиролцсон” гэв.

Гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан болон зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг гаргасан эсэхийг тодруулав. Засгийн газраас Зээлийн гэрээг баталсны дараа ямар төсөл хэрэгжүүлэх талаар судалгаа явуулахаар Хятадын талтай тохирсон гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үүний дараа Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохирчээ.“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 150 сая ам.доллар, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-т 100 сая ам.долларын зээл авах аж.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” хөтөлбөрийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн. Харин Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эсэхийг Монголбанкнаас мэдээлэл авсны дараа шийдвэрлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн Цэц дээрх маргааныг хэлэлцээд, Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзлээ. Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргалаа.

Categories
мэдээ улс-төр

​Төрийн албаны шинэчэлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


Төрийн албаны шинэчлэлийн тухай хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс хоёрдугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараахь асуудлыг шинээр тусгажээ. Үүнд:
• Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах,
• Түүнчлэн чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах,
• Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх,
• Төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх;
• Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг 6 жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Төрийн албанд авлига, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;
• Төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;
• Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх,
• Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчлах;
• Удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхийг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;
• Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах,
• Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжих. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг болох;
• Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.