Categories
мэдээ улс-төр

“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт хурал эхэллээ

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал ШангриЛа зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ. Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухааны, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэсэн байна.

Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах аж. Мөн “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлэх юм байна. “Хотын хөгжил-эрх зүйн орчин”, “Хотын хөгжил-инноваци”, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан явагдах юм. Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эммануэль Макрон, Марин Ле Пен нар халз мэтгэлцжээ

Францын Ерөнхийлөгчийн сонгууль болж буй. Сонгуулийн эхний шатанд хоёр нэр дэвшигч хамгийн олон санал авч, дараагийн шатанд өрсөлдөхөөр болоод байгаа. Тодруулбал, “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен болон Эммануэль Макрон нар хамгийн олон санал авсан, тэд өчигдөр халз мэтгэлцсэн байна. Халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Марин Ле Пен “Франц улсыг өөрчлөн шинэчлэхээ амлаж байна” гэсэн бол Эммануэль Макрон “Надад итгэл хүлээлгэвэл илүү амар тайван Франц улсыг бий болгоно” хэмээн мэдэгджээ. Нэр дэвшигчид 160 минутын турш халз мэтгэлцэж, үзэгчдийн сонирхсон асуултад хариулт өгчээ.

Урьдчилсан санал асуулгаар Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авсан. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд нар Германы лигт барилдаж байна

Германы жүдо бөхийн Бундеслигт Монголын хоёр жүдоч барилдаж байна. Хамбург хотын “Hamburger Judo Team e.V” багт Д.Төмөрхүлэг/66 кг/, Ж.Амарболд /60 кг/ нар багтсан юм. Энэ багт Монголын жүдочдоос гадна Азербайжан, Германы бөхчүүд багтжээ. “Hamburger Judo Team e.V” баг өнгөрсөн жил Бундеслигт түрүүлжээ.

Нийт 12 багтай тус лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-д эхэлсэн бөгөөд финал ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Их хурал тавдугаар сарын 6-нд болж, нэр дэвшигчээ батламжилна

Ардчилсан намын дотоод сонгууль өчигдөр болж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ бүх гишүүдийн санал асуулгаар тодруулаад байна. Зургаан нэр дэвшигчээс өчигдөр орой Х.Баттулга 2740 буюу хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн бол хоёрдугаарт 2374 оноогоор Р.Амаржаргал орсон.

Ардчилсан намын ийн нийт гишүүдийнхээ дунд дотоод санал асуулга явуулж, улмаар тавдугаар сарын 6-нд болох намын их хурлаараа хамгийн өндөр санал авсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр батламжилна. АН-ын Их хуралд нийт 1200 гишүүн оролцох ажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ тив алгасах баллистик пуужин хөөргөн туршив

АНУ Калифорни муж улс дахь баазаасаа “Minuteman 3” тив алгасах баллистик пуужинг хөөргөн туршжээ.

Энэ тухай тус улсын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгдлээ. Пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор лхагва гарагийн өглөө “Minuteman 3” пуужинг хөөргөн туршсан байна. 10 гаруй сарын өмнөөс уг пуужинг туршихаар төлөвлөж байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Тус улсын Агаарын цэргийн хүчин нь “Minuteman 3” пуужингийн үйл ажиллагааг шалган үе үе туршилт хийдэг юм. Энэ он гарснаас хойш тус улс гурав дахь удаагаа пуужин хөөргөн туршлаа. Лхагва гарагийн туршилтаас өмнө өнгөрсөн сарын 26-нд мөн туршилт хийсэн юм.

Өнгөрсөн сард туршилт хийснийх нь дараа АНУ-ыг Умард Солонгос эрс шүүмжлээд “Вашингтоны энэ үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэн муутгасныг харууллаа” гэж мэдэгдэж байв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: ”Эрдэнэт”-ийг зохистой шийдэх боломж бий гэж боддог

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа 5 чиглэлд чиглүүлж ажиллалаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хамгийн гол ажил бол улс орноо дотоод, гадаадад төлөөлнө гэсэн байдаг. Нэгд, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлэв, хоёрт, монголчуудын уламжлал, ёс заншил, монгол дархлаа бий болгох чиглэлд ямар үйл ажиллагаа явуулав, гуравт, шүүх эрх мэдэл, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ямар ажил хийв, дөрөвт, ногоон хөгжил, бүтээгчдээ дэмжих чиглэлд юу хийв, тавд, шууд ардчилал, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо гэсэн чиглэлд ажилласан.

Би Ерөнхийлөгчийн ажил авсан эхний өдрөө өмнөх бүх Ерөнхийлөгчийн сууж байсан ажлын өрөөг Иргэний танхим болгохоос ажлаа эхэлсэн. Өөрөө Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд шилжиж орсон. Төрөөс гарах гэж байгаа, гарч байгаа шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлддөг байя. Учир утгыг тайлбарладаг болъё гэж анх удаа Төрийн ордонд Иргэний танхим байгуулахаас ажлаа эхэлсэн. Энэ үйл ажиллагаа цаашаа маш хурдтай өргөжиж бүх аймаг, сум болгон, Улаанбаатарын дүүрэг, хороо бүр Иргэний танхимтай болсон. Шат шатандаа гаргаж байгаа шийдвэрээ иргэддээ ойлгуулж хамтарч ажиллах нь чухал гэсэн чиглэл барьж ажилласан.

Шууд ардчиллын талаар 3 удаа хэлэлцүүлэг хийж, 7000 гаруй багш бэлтгэсэн. Иргэдтэйгээ хамтарч ажиллах гэдэг бол нэлээд их хүч, санаачилга зарцуулсан ажил байгаа юм.

Энэ 5 чиглэлээс аваад үзэхэд Засгийн газар дангаараа, УИХ дангаараа, эсвэл нэг Засгийн газрын гишүүн дангаараа шийдэх боломжгүй ажлууд байгаа юм. Миний хамгийн гол барьж авсан ажил бол Засгийн газар, эсвэл УИХ барьж авахаас заримдаа зүрхшээдэг, барьж авч явуулах тодорхой механизм байхгүй чиглэлийн үйл ажиллагаануудыг барьж авч ажиллая. Гол нь орон нутгаа, иргэдээ дэмжсэн бодлого явуулъя гэж ажилласан.

Өнгөрсөн хугацаанд гарсан нэг том амжилт бол Орон нутгийн хөгжлийн санг бий болгох ажлыг 3-4 жил УИХ-ын хүрээнд тавьж, Засгийн газартай ярьж маш эрчимтэй ажилласан. Сүүлийн 3-хан жилд Монгол Улсын хэмжээнд орон нутаг руу 600 тэрбум төгрөг хуваарилуулж чадсан.Өмнө нь сумдын түвшинд хөрөнгө оруулалтын талаар бараг ярьдаггүй байлаа. Аймагт гэхэд нэг, хоёр тэрбум төгрөгөөс хөрөнгө оруулалт нь хэтэрдэггүй байсан. Тэгвэл Орон нутгийн хөгжлийн сангаас Эрдэнэтэд хамгийн дээд талдаа 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байсан. Харамсалтай нь хасагдсаар байгаад одоо 5 тэрбум төгрөг болсон. Уг нь энэ мөнгийг хасах ёсгүй.

Би Орон нутгийн хөгжлийн сангийн талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй. Хүн амын тоог харгалзана. Газар нутгийн алслагдсан байдлыг харгалзана. Улс орны эдийн засагт хөрөнгө оруулалт оруулж байгаа хувь нэмрийг харгалзана гэсэн томъёолол гаргасан. Орон нутагт ирсэн эрх бүхий хүмүүсээс та нар Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг л шаардаж байгаарай. Сүүлийн гурав дөрвөн жилд манай сум, аймгийн төвүүд, Эрдэнэт ч адилхан, нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн. Санхүүжилт ирэхээр хүмүүс хамгийн түрүүнд ойр орчны дутагдсан асуудлаа шийддэг. Гэрэлтүүлэг тавья, хогноосоо салъя, явган хүний зам тавья гээд эхэлдэг. Худаг гаргаж, сумдад ногоон байгууламж байгуулж эхэлсэн. Сумдын өнгө сайхан болоод ирвэл Монголын өнгө өөрчлөгдөөд ирнэ. Дарга нар асуудлыг Улаанбаатараас шийднэ гэж боддог. Тэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг мэдэхгүй. Тэд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хасч байгаа ч бүр мөсөн зогсоож чадахгүй. Одоо миний шаардаж байгаа зүйл бол миний санаачилсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л баталж өг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй. Эрдэнэтэд 16 тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөг болтол хасагдлаа. Одоо болно.

1990 оноос өмнө Монголын улс төрийн удирдах эрх Кремльд байсан. 1990 оны хувьсгалаар тэр эрх Монголд ирсэн. Одоо Улаанбаатарт ирсэн тэр эрх мэдлийг орон нутагт, ард иргэдэд хүргэх ёстой. Хамгийн гол эрх нь ард иргэдэд санхүүгийн эрх олгох явдал.

Тэгээд би Шилэн дансны тухай хууль санаачилсан. УИХ-аас 3 удаа буцааж байж баталж өгсөн. Гэхдээ амин сүнс болсон зарим заалтыг хассан. Хариуцлагын талыг нь алга болгосон.

Монголд улс төр хариуцлагын тогтолцоог бүрэн бий болгож чадсангүй. Үүний төлөө 8 жил зүтгэлээ, болохгүй л байна. Гэхдээ иргэдийн авч байгаа мэдээлэл нэмэгдэх хэрээр энэ асуудал шийдэгдэж таарна. Хариуцлагын хууль санаачлаад тэнд улс төрийн хариуцлага гэж юу юм, ёс зүйн хариуцлага гэж юу юм, захиргааны хариуцлага гэж юу юм, эрүүгийн хариуцлага гэж юу юм, бүгдийг томъёолж оруулж өгсөн. Сая би УИХ-ын хаврын чуулганд орж үг хэлсэн. Хариуцлагын талаар л би ярьсан. Та нар үнэхээр хариуцлагатай болъё гэж байгаа бол энэ хуулиа батлуулж өг гэсэн.

Элбэгдорж гэдэг хүнтэй хамт Монголын төрийн бодлогын хар хайрцаг яваад өгч болохгүй. Би анх Эрдэнэт хотоос АИХ-ын депутатаар сонгогдож, Улсын Бага Хурлын гишүүн болсноос хойш 27 дахь жилдээ Монголын улс төр дотор явж байна. Түүнээс 8 жил нь Монголын Төрийн тэргүүнээр ажиллалаа. Энэ суудал бол Монголын төлөө юм боддог хүнд юм бодуулдаг суудал юм. Тулгамдсан асуудал болгоныг дундуур нь ороод гарсан юм шиг ойлгодог болдог.

Шинээр улс төрд орж байгаа хүмүүсийг харахаар бидний 1990 онд гаргаж байсан алдааг, 1992 онд УИХ-ын гаргаж байсан алдааг давтах хандлагатай л байгаа. Уг нь аливаа үндэстэн тэр туршлагыг шингээж аваад үлддэг байх ёстой. Шингээхдээ сайн удирдагч бол хууль дүрэм болгоод, соёл болгоод явдаг байх ёстой. Хууль дүрмийг буцааж болохгүй, улам цаашаа төгөлдөржиж явна. Түүнийг ард түмэн шаарддаг.

Улстөрчид хариуцлагаас зугтдаг. Улстөрчид хариуцлагын тухай ярихаас нүүр нь улайдаг. Холддог. Миний ганц онцлог бол түүнийг барьж авч шийдүүлэхийн төлөө л явдаг. Болохгүй байгаа юмыг шийд гэж хүмүүс биднийг сонгосон гэж би өөрөө ойлгодог. Зарим улстөрчид болохгүй байгаа юмыг ашиглах гэж гарч ирдэг. Үүнийг зогсоох ёстой. Дараагийн эрх баригч нь миний ээлж гэж орж ирж байна шүү дээ. Миний өөрийн үнэт зүйл бол үүнийг хуулиар зогсоох ёстой.

Би анх 2009 оны 6 дугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө үүнээс цааш авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол төрд өршөөл байхгүй шүү, үүнээс өмнөхийг өршөөе гээд Өршөөлийн хууль гаргаж байсан.

Шүүхийн шийдвэрийг ил болгосон. Ил болсон учраас шүүгчид шийдвэрээ асар хариуцлагатай гаргадаг болсон. www.Shuukh.mn гэдэг веб сайтад 2012 онд 60 мянган хүн хандаж байсан. Одоо жилдээ давхардсан тоогоор 3 сая хүн ордог боллоо. Тэнд 275 мянга орчим хэргийн материал байхад жилд 150 мянган шүүхийн шийдвэрийг иргэд татаж авч уншиж байгаа. Энэ тохиолдолд шүүгч хариуцлагатай болдог. Энэ нь иргээд ард түмэнд л ашигтай.

Одоо шүүхээр орж байгаа нийт хэргийн 20-25 хувь нь эвлэрүүлэн зуучлахаар дамжиж байгаа. Хүмүүс мөнгө зээлсэн байдаг, гэр бүлийн маргаан гардаг, хүний амьдралд янз бүрийн л юм болдог. Шүүхээр ороход нэг нь шийтгэгдээд, нөгөө нь хохирлоо ч төлүүлж чадалгүй, хоёулаа хохирдог. Одоо хэн нэгийг нь хорих биш, маргаанаа зохицуулаад, төлбөрөө төлөөд гарч байна. Эвлэрүүлэн зуучлуулсан нийт хэргийн 95 хувь нь үүгээр амжилттай шийдэгдсэн байна. Шүүх үйлчилгээний байгууллага болж хувирсан. Энэ бол ард түмэндээ зориулсан шинэчлэл. Үүнийг цаашаа аваад явах хэрэгтэй.

Шүүхийн барьдаг хамгийн гол хуулиудыг одоо УИХ хэлэлцэж байна. Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль гээд хуулиуд орно. Энэ дөрөв батлагдаад хэрэгжээд эхэлсэн байхад Монголд шүүх эрх мэдлийн салбарт одоогоор хийх ёстой ажлын 70-80 хувийг хийлээ гэж хэлж болно. Үүнийг барьж аваад хийх албан тушаалтан Ерөнхийлөгчөөс өөр алга. Ийм учраас л энэ рүү орж байгаа юм.

Монголын соёл, уламжлалтай холбоотой асуудлыг Ерөнхийлөгч л анхаарахгүй бол хэн ч анхаарахгүй. Хүүхдээ төрсөн цагаас нь л Монгол болго. Дараа нь тэр хүүхэд бусад орны туршлага, эрдэм мэдлэгийг олж аваг. Ерөнхийлөгчийн төсөв 2013 онд 11,5 тэрбум төгрөг байсан. Одоо 4,5 тэрбум төгрөг болсон. Ерөнхийлөгчийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж л хоёр зүйл хасагдсан. Би төсвөө жилд 60 хувиар бууруулж байгаа. Төрийн байгууллага ингэж ажиллаж болж байгаа. Түүнээсээ илүүчилж Монголын эртний түүхийн боть номуудыг хэвлүүлж, Төв номын сангийн бүх номыг цахимжуулсан. Монгол хэлний цахим тольтой болгосон. Тэнд хүмүүс өөрсдөө дэлхийн хаанаас ч үг нэмж болж байгаа. Сүүлийн 4-5 жилд монгол хэл гайхамшигтай баяжсан. Монгол бахархлыг хүн бүрт, ялангуяа залуу үедээ суулгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж эх орноо хайрладаг болно. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч явахгүй бол өөр хэн явах вэ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Үндсэн хуульд эдийн засгийн талыг жаахан орхичихсон юм. Наад зах нь “Төсвийн орлого, зарлага тэнцүү байна” гэсэн нэг өгүүлбэр оруулж өгөх хэрэгтэй. Өнөөдөр манайд орлогоосоо зарлага нь 18 хувиар давж байгаа. Тийм улс амьдрах хэцүү. Зарлага хэтэрвэл Сангийн сайд шууд огцордог болгож заах хэрэгтэй. Ингэхэд төсөв цэгцэрнэ. Монголын төрд хариуцлагын тогтолцоог хийж явах хэрэгтэй.

Өрийг байх байранд нь тавих хэрэгтэй. Өр ДНБ-ний 86 хувьд хүрлээ, 100 хувь гараад явчихлаа гээд яриад, маргалдаад байгаа. Энэ байдал 60 хувиас дээш гарвал Засгийн газар хариуцлага хүлээдэг байх ёстой. Төрийн зарах мөнгөний хэмжээ ДНБ-ний 40 хувиас дээш гарах ёсгүй. Одоо бол 60 хувиас дээш гарч байгаа.

Би 2004 оны 8 дугаар сард хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд болсон. 2005 оны дүнгээр Монгол Улсын төсөв түүхэндээ анх удаа ашигтай гарсан. Яагаад гэхээр гарч ирээд л авлигатай тэмцсэн. Түүнээсээ болж огцорсон. 2006 оны 1 дүгээр сард намайг УИХ-аар огцруулсан. Тэгэхэд 160 тэрбум төгрөгийн илүүдэлтэй төсвийг би дараагийн Засгийн газартаа өгсөн. Дараагийн Засгийн газар гарч ирээд цалинг 3 дахин, тэтгэврийг 3 дахин нэмж байсан.

Улстөрч зоригтой, хариуцлагатай байх ёстой. Тэгэхэд Хариуцлагын хуулийг өмнөх УИХ ч, одоогийн УИХ ч баталж өгөхгүй байна. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ шаардах ёстой. Сүүлийн үеийн улстөрчид харин ярьдаг болсон байна. Энэ 76 гишүүний 41 нь шинээр сонгогдсон. Би УИХ дээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар 10 цаг ярьсан, миний ярьсныг УИХ-ын гишүүд дотно хандаж хүлээж авсан” гэлээ.

Үүний дараа тэрээр иргэдээс тавьсан асуултад хариулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултад хариулахдаа “Үйлдвэрийн хаягдал дээр ажиллана гэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн санаачилга зөв. Монгол Улс уул уурхайн их баялагтай ч маш их зүйлийг хаядаг. Хаягдлаа яаж эргүүлж баялаг болгох вэ гэдэг дээр манайд бодлого дутуу явж ирсэн. Үүнийг бид шийдвэрлэх шаардлагатай болсон. Хүн өөрөөсөө гарч байгаа хаягдлыг хүртэл шийдэж чадаагүй байх юм бол тухайн нийгмийг иргэншсэн, хөгжилтэй нийгэм гэж бодох аргагүй. Энэ асуудал Улаанбаатарт бүр илүү яригдаж байгаа. Сүүлийн үед төв, суурин газруудад яригдаж байна. Хаягдлаа эргүүлж баялаг болгох аргууд байна. Энэ талаар гарч байгаа санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр дэмжих хэрэгтэй. “Зэс эрдэнийн сан”-г санаачилсан иргэдэд дэмжлэг үзүүлж, аль болох хамтарч, ойлголцож ажиллах ёстой. Хоёр жилийн хугацаанд үйлдвэр барихаар газар олгосон. Хоёр жилдээ үйлдвэр баригдалгүй хугацаа нь дуусаад, эрх нь хураагдсан. Эргээд энэ тухай ярих боломжтой гэж холбогдох хүмүүс ярьж байсан. Эрдэнэт үйлдвэр, энд байгаа хүмүүстэйгээ яриад асуудлыг ойрын хугацаанд шийдэж болох байх аа гэж бодож байна. Би үүнд анхаарч ажиллах болно. Асуудал шийдэгдээд, ажлын байр бий болоод, монголчууд хаягдлаа олон улсын стандартад нийцсэн байдлаар аюулгүй ашигладаг болчихвол монголчуудад, эрдэнэтчүүдэд хэрэгтэй. Аль нэг зүйлийг улстөржүүлж, мушгих байдлаар хандаж болохгүй.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд сэтгэл зүрхээрээ хандаж ирсэн. Анх би дунд сургууль төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байсан юм. Цалинг сард 2 хувааж өгч байсан. Анх 180 төгрөгийн цалин аваад их баярлаж, гэртээ авч очиж байснаа сайн санаж байна. Миний ажлын гараа эхэлж байсан, анх ажилчны эгнээнд орж, гараа тосдож, ажилчны хувцас өмсч явсан газар маань Эрдэнэт. Тийм учраас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал гарахад улс орны эрх ашиг, иргэдийнхээ эрх ашгийн үүднээс хандах байр суурийг барьж ирсэн. Надад өөр ямар нэг сонирхол байхгүй.

Эрдэнэт үйлдвэр олон улсын стандартад нийцсэн удирдлагатай болох ёстой. Хэний, хаанахын өмч байна гэдэг гол нь биш. Удирдлага нь ямар зарчим барьж ажиллаж байна гэдэг л гол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн бүх орлого, зарлага, худалдан авалт шилэн болох ёстой. Үе үе аудит, хөндлөнгийн байгууллага орж шалгадаг байх ёстой. Одоо ямар нэг байдлаар 6100 хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Түүний цаана нэг гэр бүлийн 4-5 хүн байна. Ах дүүгээр нь авч үзвэл эрдэнэтчүүдийн бараг гуравны нэгийн хувь заяа шууд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Хүний гаргаж байгаа шийдвэрт ямар сайн зүйл байна гэдгийг эхэлж хардаг зан суртахуунтай байх ёстой. Нийгмийн сайн сайхныг дэмжиж, хамтарч ажилладаг чиглэл рүү цаашид явах байх.

Эрдэнэтийн 51:49 хувийн асуудал гарч байхад би өнгөрсөн жил наадмын өмнө хэлж байсан. Энэ үйлдвэртэй холбогдож гарч байгаа асуудлууд нэгд, Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой. Хоёрт, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтэд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ улстөрчдийн ээлжит тоглолтоо хийдэг талбар болж хувирсан. Үүнээс хожиж байгаа зүйл байхгүй.

Хуулийн асуудал байвал хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй. УИХ-ын түвшинд шийдэх шаардлагагүй. Мөнгө төгрөгийн эргэлзээ байгаа бол худалдаж авсан юм уу, оролцсон аж ахуйн нэгж л хариуцлага хүлээнэ. Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөхшүүлдэг. Энд хоёр нүд зэрэг нээлттэй байсан бол эрдэнэтчүүдэд хэрэгтэй байсан байх гэж боддог. Шахаа, хүний оролцоотой зүйлүүд шахагдах тийшээ явж байснаа сая эргээд төрийн мэдэлд ирлээ гэхэд эргээд цуглаж байгаа сурагтай байгаа юм. Тэр харамсалтай. 51:49 гэдэг асуудлаа монголчууд ярьж байгаад нэг тийш зөв шийдэж чадах байх гэж би хувьдаа бодож байгаа.

Төрд гуравны нэг нь, хувьд гуравны нэг нь, ард иргэдэд нээлттэй хувьцаагаар гуравны нэгийг гаргах замаар, хяналттайгаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдвэл яасан юм бэ гэдэг саналаа ч би өмнө нь хэлж байсан. Ингэж явах боломж бий гэж би хувьдаа боддог. Энэ үйлдвэрийн цаашдын хувь заяаны талаар талаар зөвхөн төр биш, хувийн хэвшлийнхэн санаа зовдог, хамтарч хөрөнгө оруулдаг, хамтарч шинээр бизнес бий болдог, хамтарч хөрөнгө оруулалт нь иргэдэд ашигтай байдлаар шийдэгдэх юм бол зөв байсан байх.

Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд сэтгэлээ өгч сайн ажиллаж байсан гэж би боддог. Эмчилгээ, оношлогооны төв байгуулсныг зөв гэж боддог. Энэ бол Орхон аймагт үлдсэн их сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Анхдагчдаа хүндэтгэх, хамтарч ажиллах талаар Эрдэнэт их сайн ажилласан. Эрдэнэтийн өргөтгөлийг сайшааж, би нээлтэд нь ирж ажиллаж байсан.

Каплагийн талаар асуусан. Ерөнхийлөгчийн шийдвэр бүрт хүмүүс алга таших боломжгүй. Монголынхоо төлөө шийдвэр гаргадаг эр зориг улстөрчдөд байх хэрэгтэй. Өөрийнхөө нэрийг бодох юм бол тэр хүн шийтгэгдээд шоронд явж байна уу, хамаагүй. Улсынхаа нэрийг бодох юм бол Монголд хөрөнгө оруулаад, тэнд ажиллаж байсан гурван ажилтныг татварын маргаанаар барьж аваад шоронд хийсэн. Дэлхий нийтээрээ Монголын тухай бичиж эхэлсэн. Монголын нэр унаж байгаа. Монголд хөрөнгө оруулахаар шоронд оруулдаг гээд. Татварын асуудлаар хүнийг хорьдог биш, татварыг нь төлүүлэх талаар ажиллая гэсэн бодлого барьж байгаа. Тэр шийдвэрийг гаргаснаар сайн жишиг бий болсон.

Монголын 8000 гаруй байгууллага татварын асуудлаар шүүх, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Тэднийг хорих биш, татварыг нь төлүүлэх чиглэлд Монголын бодлого өөрчлөгдсөн. Монголын олон мянган аж ахуйн нэгж, олон мянган ажилчдад Ерөнхийлөгчийн тэр зарлигийн буян хүрсэн. Ганц нэг гадаадын хүний тухай асуудал биш.

Өнөөдөр Монголын Эрүүгийн хууль дээр татварын асуудлаар хүнийг шүүж хорьдогоо больё гэж байгаа. Ингэж Монголын өмнөх явж ирсэн буруу зам бүрэн өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлтийг тэр зарлигаар эхэлж, А үсгийг нь татаж, шан татах ажил хийсэн. 35 тэрбум төгрөгийн татварын асуудал гарч ирсэн. Одоо 27 тэрбум төгрөг нь графикаараа төлөгдсөн явж байна. Тэр хүмүүсийг 2-3 жил шоронд хориод Монголын нэр хүндийг шалан дээр унагах нь дээр байсан уу, уучиллаа гэж хэлээд, ганц Ерөнхийлөгчөө муулуулаад, авах ёстой мөнгөө авах нь дээр байсан уу?

Цэргээр явсан хүнийг манайхан хүндэтгэж үздэг. Манай залуу үе эрэгтэй хүн болж төрсөн л бол заавал цэргийн албаар дамжих ёстой гэж би боддог. Тийм учраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачилсан. Жилд 1000 оюутан хамрагдаж байгаа нь маш бага байна. Сурч байгаа бүх оюутан хамрагдах боломжтой байх ёстой. Их, дээд сургууль төгсөхдөө давхар цэргийн албаа хаагаад ирвэл ямар хэрэгтэй вэ. Хүн гэрээсээ хоёр сар, долоо хоног хол явахад л гэрээ санадаг. Хүн нэгээсээ холдохоороо нэгийнхээ үнэ цэнийг мэдэрдэг. Тийм учраас цэрэгт явсан хүнд эх оронч үзэл бий болдог. Хүмүүжиж ирдэг. Хүнтэй зөв харьцаж сурдаг. Монголд эх оронч үзэл маш чухал гэж би боддог.

МСҮТ-д орсон бүх залуусаар хоёр жилийн хугацаанд мэргэжлийг нь эзэмшүүлээд, нөгөө талаас цэргийн мэргэжил давхар эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёр сар карантинаар дамжуулаад, хоёр сар анги, байгууллага дээр дадлага хийлгээд, хоёр сар хил дээр дадлага хийлгээд, 6 сар болоход цэргийн алба хаасан гэсэн үнэмлэх өгөөд гаргах хэрэгтэй. МСҮТ-ийн эрэгтэй багш нарыг цэрэгжлийн түргэвчилсэн сургалтаар оруулаад, бэлтгэл ахмад, бэлтгэл хошууч цол өгөөд явуулах хэрэгтэй. Ингэж чадвал монголчууд эх орондоо хайртай, бие биеэ ойлгодог болно.

Манай энхийг сахиулагчид Монголынхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрч ирдэг. Олон улсаар явахад миний сэтгэлд Африкийн Өмнөд Судан их ойр үлдсэн. Тэр нэг настай улс. Тусгаар тогтноод жил гаруй болж байгаа улс. Монгол Улс 2200 жилийн тухай ярьдаг. НҮБ-аас 5000 гаруй цэргийн албан хаагч илгээсний 850 нь Монголоос очсон. Цэргүүдээ эргэхээр би явсан. Манай цэргүүд “Миний Монгол үнэхээр диваажингийн орон юм. Монгол Улсын явж байгаа тогтолцоо зөв юм” гэдэг. Тэд Монголын үнэ цэнийг асар их мэдэрч ирдэг. Өмнөд Суданд би өөрийнхөө хүүг 9 сараар явуулж байсан. Өөрөөрөө ингэж үлгэрлэх хэрэгтэй шүү дээ. Бусдын хүүхэд явж байгаа бол өөрийн чинь хүүхэд явах л ёстой.

Хамгийн гол нь улс орноо, ард түмнээ хайрлах үзэл. Бусдын газар очиж байж л юмны жишиг гардаг. Миний явуулж байгаа бодлого бол энэ бодлого.

Улаан талбай дээр ялалтын парад үзээд сууж байхад Монголын алаг туг намираад, манай салаа алхаад гараад ирэхэд гоё харагдаж байсан шүү. Гадаад харилцаа хувийн харилцаагаар л шийдэгдэж байгаа. В.Путин Ерөнхийлөгч Монголд айлчлахад бид нар дэлхийн II дайны үед ЗХУ-д яаж тусалж байсан тухай би үг хэлсэн. Тэгэхэд тэнд ирсэн бүрэлдэхүүн энэ тухай ихэнх нь анх удаа сонсож байсан. Монголчууд дэлхийн II дайнд ийм чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна гэж байсан. Цэргээ алхуулах тухай ярихад хүлээж аваад алхуулж байсан. Бээжинд, Тянь Ань Мэний талбайд монгол цэрэг алхсан.

Ингээд та бүхэнтэй уулзсан уулзалтаа өндөрлөе. Дахин дахин баяртай уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга АН-ын санал асуулгад тэргүүлэв

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод сунгаанд зургаан хүн өрсөлдсөнөөс намын гишүүдийн дунд орон даяар зохион байгуулсан санал хураалтад УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авчээ.

Энэ талаар АН-ын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа уг мэдээллийг баталгажуулан жиргэжээ.

Нэр дэвшигчдийн хэн ялсан талаарх мэдээлэл зөрүүтэй байсан ч энэхүү мэдээллийг намын удирдах албанаас баталгаажуулж байна. Намын зүгээс өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж, дүнг танилцуулах аж.

АН: Х.Баттулга дотоод сунгаанд тэргүүлжээАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Х.Түвшинтөгсөөс энэ талаар тодруулахад “АН-ын дотоод санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга олонхын санал авсан. Энэ талаар манай намаас 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ” гэв.

Санал хураалтыг өчигдөр 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилж, асуулга зохион байгуулах комисс өнгөрсөн шөнө дүнг нэгтгэж дуусчээ.

Санал хураалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг энэ сарын 6-нд болох VIII их хурлаар нууц санал хураалт явуулж, баталгаажуулна. Ингэснээр тэрбээр АН-аас Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлж нэр дэвшихээр Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдлөө.

АН: Х.Баттулга дотоод сунгаанд тэргүүлжээ

АН: Х.Баттулга дотоод сунгаанд тэргүүлжээ

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: 10 сая, 100 саяар торгоод сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын амыг барина гэвэл үүн шиг үлгэр байхгүй

“Өдрийн сонин”-ы №094(5661) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-УИХ-аар Зөрчлийн хуулийг хэлэлцэж байна. Тэр дундаа цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн бол хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгохоор боллоо. Гэхдээ санаатайгаар хүн гүтгэнэ гэж байхгүй л дээ. Засгийн газраас өргөн барьсан төслөөр хувь хүнийг хоёр сая, аж ахуйн нэгжийг 20 саяар л торгох заалт байсан даа уг нь. Таны байр суурийг сонсмоор байна?

-Зөрчлийн хууль өөрөө их маргаан дагуулж байна. Өнгөрсөн даваа гаригт бүлгийн хурлаар ажлын хэсгийн гаргасан хуулийн төсөлтэй танилцсан. Ингэхдээ маргаантай зүйлсийг хагалуулъя гэж оруулж ирсэн юм. Зөрчлийн хуулийн төслийг хуулийн зөвлөхтэйгөө зөвшилцсөн. Өөрөө ч сайн судаллаа. Ямартай ч хуулийг бүхэлд нь эргэж харах шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол маргаантай зүйлс их байна гэдэг нь харагдлаа. Тэр дундаа таны асуусанчлан “гүтгэх” заалтын хүрээнд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эхсүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох санал орж ирснийг байнгын хорооны гишүүд дэмжээд явчихсан л даа. Уг нь бид бүлэг дээр ярихдаа юм л болбол торгох эсвэл барьж хорих гэдэг бол хуулийн гол зорилго биш гэж ярьж байсан юм. Бид улс орноо хөгжүүлэх ёстой, хариуцлага сахилга баттай байх ёстой гэж ярьцгаасан. Би бүлгийн хурал дээр “Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгийг хэдэн зуун саяар нь үрж үрэгдүүлж, хууль бусаар зарцуулсан гэж яриад л байдаг. Үүнийг шалгасан болоод орхидог. Бид гэхдээ хувь хүнийг шийтгэх гээд байгаа юм биш. Хууль бусаар мөнгө зувчуулсан бол төрийн албанд ажиллаж болохгүй гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх ёстой” гэж хэлсэн. Одоо хэлэлцэгдэж буй Зөрчлийн хууль ард түмнийг хэтэрхий сахилга баттай байлгах гээд чангаруулсан зүйл заалтууд орж ирсэн. Тухайлбал, 12 зүйл дээр баривчлах заалт ороод ирж байгаа юм. Бодит амьдралд нийцэхгүй, их хэмжээний мөнгөөр торгуулахгүйн тулд авлига өгөх боломжийг нь нээчихсэн ч гэдэг юм уу, зөрчилтэй зүйлс байна лээ.

-Гүтгэх заалтын тухайд сошиал орчин гэж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түлхүү хамааралтай хууль гарчих гээд байна л даа?

-Уг хуульд гүтгэхтэй холбоотой заалт байгаа юм. Гүтгэсэн бол тухайн хүнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно гээд нэмчихлээ л дээ. Үнэхээр тухайн хүнийг гүтгэсэн үү, үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ. Хоёрдугаарт, энэ хүн гүтгэсэн байлаа гэж бодоход тухайн мэдээллийг сэтгүүлч өөрөө олсон уу, эсвэл захиалагч байна уу гэдгийг нягтлах ёстой. Үнэхээр захиалагч байгаа бол захиалагчийг нь яаж шийтгэх юм гэдэг нь ч тодорхойгүй байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол буух эзэн, буцах хаягтай байдаг. “Өдрийн сонин” гэхэд Э.Энхболд гээд автортойгоо гардаг. Ийм эзэнтэй байдаг байхгүй юу. Харин цахим орчинд хэн гэдэг нь мэдэгдэхгүй нүүрээ, нэрээ нуусан хүмүүс гутаан доромжилж байгаа энэ зүйлсээ ялгахгүйгээр зарим хүмүүс асуудалд хандаад байна. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Ийм асуудал байна, үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн байвал үүнийг гүтгэлэг гэж үзэх юм уу. Гүтгэж байна гэж үзээд шууд 10-100 сая төгрөгөөр торголоо гэхэд үүний цаана улсын хөрөнгийг шамшигдуулсан, идэж уусан энэ асуудлыг өөгшүүлээд үлдээх үү. Нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн амыг нэг мөсөн барих сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол надад ч байна. Учир нь 100 сая төгрөгийн торгууль нь хуулийн этгээдийг торгох хамгийн дээд хэмжээгээр орж ирж байгаа юм. 10 сая гэдэг нь ч мөн адил хувь хүн дээр хамгийн дээд хэмжээ. Энэ хуулийн бусад заалт дээр ийм өндөр торгууль байхгүй. Үүнийг хэдэн хүн, хэдэн хуулийн этгээд төлж чадах вэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ихэнх нь төлж чадахгүй. Шударгаар асуудалд ханддаг хэвлэлийн байгууллага үүнийхээ төлөө үүдээ барих хандлага олон гарна.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Энэ хувь хэмжээн дээрээ эргэж харах ёстой. Мөн гүтгэсэн үү, үгүй юү гэдгийг яаж нотлох вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Уг хуулийн нэг аюултай нь шууд хэрэгжээд явчих юм. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой. Гүтгэх гэж юуг хэлэх вэ, нэр төр гутаах гэж юуг хэлэх вэ гээд бүгдийг нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд чуулганы хуралдаанаар батлаад явбал алдаа болно.

Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Гарамжав гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээд явчихсан. Байнгын хороон дээр дэмжигдсэн юм чинь чуулганы хуралдаанаар орно. Зарчмын зөрүүтэй санал оруулсан гишүүн өөрөө саналаа татаж авбал энэ санал хүчингүй болно. Гэхдээ саналаа татаж авах эрх нь зөвхөн анхны хэлэлцүүлэг дээр л нээлттэй гэдгийг бодох ёстой. Эцсийн хэлэлцүүлэг дээр саналаа татаж авна гэж байхгүй. Би зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн болон зарим хүмүүстэй уулзаад мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн байгууллагыг хамгийн дээд хэмжээгээр торгож болохгүй. Энэ асуудал чинь хоёр талтай гээд уулзаж байгаад гарч ирлээ. Чуулганы хуралдааны үеэр гишүүд асуудалд хэрхэн хандах вэ гэдгийг л харах үлдлээ.

-Ер нь улстөрчид яагаад хэвлэлийнхэнд ингэж хатуурхаад байгаа юм бэ. Өөрсдийг нь гаргаж ирж олж таниулдаг нь хэвлэл л байдаг биз дээ?

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр нэрээ, байгууллагаа нуусан хүмүүс зохион байгуулалттай дайрах зүйлс гарч байгаа. Тиймээс хуулийн заалтдаа энэ бүгдийг тодорхой болгох ёстой. Одоо бол нэр хүндийг гутаасан гээд ерөнхий заалт дээр хуулийн этгээдэд оногдуулах хамгийн өндөр хэмжээг оруулсан. Үүн дээр гишүүд наанатай, цаанатай хандаж эхний хэлэлцүүлгээр шууд явуулчихгүй байх гэж найдаж байна.

-Сэтгүүлчийн, хэвлэлийн байгууллагын ирийг мохоох арга нь эдийн засгаар нь боомилох, дарамтлах хууль л болчих гээд байх шиг байгаа юм…

-Дарамтлах гэж ойлгох нь хаашаа юм. Ерөнхийдөө эдийн засгийн аргаар асуудалтай тэмцэх гэж үзэж байна. Хэнтэй тэмцэх гээд байгаа юм, тэмцэх шалтгаан нь юу байв гэдэг нь өөрөө энэ хуульд бүрхэг байна л даа. Түүнээс биш хэвлэл мэдээллийн байгууллагын амыг үдэж, зогсооно гэж хэзээ ч байхгүй. Бидэнд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж бий. Энэ хууль өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнээс биш нэг гишүүн санал гаргаад 10 сая, 100 саяар торгоод сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын амыг барина гэвэл үүн шиг үлгэр байхгүй. Хэзээ ч сэтгүүлчид амаа бариулахгүй. Ярих зүйлээ яриад л явна. Түүнээс биш гүтгэх, үнэн мэдээллийг түгээх хоёр өөр зүйл. Үүнийг хэрхэн ялгах вэ гэдэгтээ асуудал байгаа юм.

-Зөрчлийн хуульд иргэнийг баривчлах заалтууд орсон байна лээ. Баривчлах чинь Эрүүгийн хуульд хамааралгүй юм уу?

-Энэ асуудал мөн маргаан дагуулж байгаа. Уг хуулийг бүхэлд нь сайн харахгүй бол хувь хүний хувь заяатай холбоотой асуудлыг үүгээр зохицуулж байгаа. Би бүлгийн хурал дээр ч гэсэн хэлж байсан. 7-30 хоног баривчлах шийтгэл дээр танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, жагсаал цуглаан хийх, хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гээд заалтууд орж ирсэн. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэхээр шүүхийн танхимд шүүгдэж буй иргэн өөрийгөө өмгөөлөн үг хэллээ гэхэд “Чи шүүхэд нөлөөлөхийг оролдлоо” гээд шууд 30 хоног баривчлахаар болбол яах вэ. Тэр хүн гэмт хэрэг хийсэн ч байж болно. Хийгээгүй ч байж болно. Тэгэхээр хүнийг хэн хамгаалах юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс энэ мэтчилэн бидэнд бодолцох зүйлс бий.