Categories
мэдээ улс-төр

МАХН-ын их хуралдай болж байна

УИХ-д МАХН-ыг О.Баасанхүү гишүүн төлөөлдөг тул МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Одоогоор тус намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулаагүй байгаа. МАХН-ын Бүх ард түмний үндэсний их хуралдай болж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар оролцож, үг хэлсэн байна. Маргааш өглөө 10.00 цагт тус намын Бага чуулган болно. Энэ чуулганаараа Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм. МАХН-ын 6 гишүүн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байгаа гэх мэдээлэл гарчээ.


Categories
мэдээ нийгэм

“Батдорж сан”-гийн шагналтнууд тодров

Сэтгүүлч Батдорж агсны нэрэмжит сангаас жил бүрийн гуравдугаар сарын 6-нд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг.

Энэхүү уралдааны ялагчийг Дэлхийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний өдөр буюу өчигдөр зарлаж, шагналыг нь гардууллаа. “Цахим орчин дахь бидний араншин” сэдвийн дор зохион явуулсан эссэ бичлэгийн уралдаанд нийтдээ 120 гаруй бүтээл ирсэн байна.

Эхний шатанд ирүүлсэн эссэ бичлэг бүрийг шүүгч нар уншиж, уран чадварын шалгалт явуулсан аж. Хоёр дахь шатны шалгаруулалтаар оюутнуудтай уулзаж, тухайн эссэний гол санаа, бичих болсон шалтгааны талаар ярилцжээ.

“Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит эссэ бичлэгийн дөрөв дэх удаагийн уралдааны тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн хоёрдугаар дамжааны оюутан н.Үенч шалгарч, ирэх жилийн сургалтын төлбөрөө төлүүлэх эрхийн бичгийн эзэн болов. Харин МУИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Маралмаа удаалсан бол тусгай байрын эздээр МУИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Мөнхжин, МУБИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Янжмаа, МУИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Оргилмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Дэнсмаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Сэтгүүлч Батдорж сангийн тэргүүн Д.Мягмаржав “Энэ жилийн уралдааны онцлог нь сэдэв зааж өгсөн явдал байв. Тэр дундаа өнөөдөр Монголын сэтгүүл зүйд цахим орчин ба сэтгүүл зүй гэсэн томоохон зөрчилдөөн үүсээд байна. Үүнийг сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд хэрхэн анзаарч, ямар өнцгөөс шүүн тунгааж байна гэдгийг тандах зорилготойгоор уралдааны сэдвээ “Цахим орчин дахь бидний араншин” гэж нэрлэсэн юм. Сэтгүүлч хүний хувьд хувийн араншингаа нийгмийн сүлжээнд илэрхийлэх нь зохимжгүй. Харин цахим орчны элдэв араншинг өөрийнхөө бүтээлд зөв ашиглах хэрэгтэй. Барууны сэтгүүл зүйд ийм л өнцөг барьж байна. Энэ утгаараа энэ жилийн сэдвийг сонгож авсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ерөнхий хороо хуралджээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Тухайлбал, Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах асуудлыг хэлэлцэв. Нийт мэдээллийн технологийн 30 багт 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Т.Чахар пауэрлифтингийн Азийн аварга болов

Индонези улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 6-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин оролцож буй.

Тэгвэл өнөөдөр мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар гурван төрөлд аваргалж Азийн аварга боллоо. Тодруулбал, тэрээр суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртжээ. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Төрийн албан хаагчийг зөвхөн шүүхийн шийдвэрээр халж сольдог байя

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хууль бол маш чухал хууль юм. Яагаад гэвэл олон төрийн албан хаагч сонгуулийн дараа ажлын байр нь тогтворгүй боллоо гэж УИХ-д өргөдлөө гаргадаг. Тэр битгий хэл заримынх нь амьдрал эрсдэлд орж, амь насаа егүүтгэх явдал ч гарч байна. Ямар ч нам гарсан төрийн албан хаагчид халагдаж солигддог энэ жишиг үргэлжлээд олон арван жил боллоо. Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгаа. Даргыг нь таван жилийн хугацаагаар томилдог. Энэ зөвлөл ялсан намын үүрэг даалгаврыг шууд биелүүлдэг байгууллага болсон. Тодорхой хувь нь мэргэжлийн ёс зүйгээ барьдаг байх. Хэд хэдэн хэлэлцүүлэг хийхэд олон залуус бид айдастай байна, шинэ дарга ирвэл бид ажлаас халагдаж зээлээ төлж чадахгүйд хүрэх вий гэж айж байна. Төрийн албаны зөвлөлийг эрх баригчид дураараа сольж халдаг байх юм бол бид энэ хуулийг хэлэлцээд ямар ч нэмэргүй. Төрийн албыг улстөрөөс хэрхэн хараат бус болгох вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.

Миний тодорхой санал бол төрийн албан хаагчдын улстөрийн албан хаагчдыг эс тооцоод захиргааны болон тусгай албан хаагчдыг зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж халдаг байя. Даргын шийдвэрээр халдаггүй байя. Төрийн албыг төрлийн алба юм уу намын алба болгож ашиглахаа больё.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Танхимд яг одоо 12 хүн сууж байна. Уг нь бид төрийн албаны тухай ярихдаа дээрээс нь эхэлмээр байгаа юм. Эмч,багш бол тэртээ тэрэнгүй ажлаа хийгээд явж байгаа шүү дээ гээд төмөр замын талаар 100 тэрбумын асуудлыг би гаргаж тавьсан. Ч.Хүрэлбаатар гишүүн намайг гүтгэлээ гэж байна. Би ерөөсөө буруу юм яриагүй.

Categories
мэдээ нийгэм

Шороон шуурганы үеэр айлын гэр нурж, малчид төөрчээ

Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр өчигдөр хүчтэй шороон шуурга шуурлаа. Тус аймгийн УЦУОША-наас авсан мэдээллээр Сайншанд, Айраг, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт үзэгдэх орчин 50 метрээс дотогш орж харанхуйлсан байдал үүссэн байна.

Сайншанд болон Хөвсгөл суманд салхины хурд 27-гоос 29 мс хүрчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээ хүчтэй салхи шуурганы улмаас “Сайншанд сумын нэг, гуравдугаар багт тус бүр нэг гэр нурсан, Зүүнбаян тосгоны спорт заалны дээвэр хуурсан, Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унасан” талаар мэдээллээ. Түүнчлэн аймгийн ХХААГ-ын авто машины грашийн дээвэр хуурч, Хатанбулаг, Сайхандулаан, Эрдэнэ, Улаанбадрах сумын зарим малчин малдаа яваад төөрсөн тул сумаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуурч байгаа энэ үед Онцгой байдлын хэлтэс бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр 21.20 цагийн үед салхины хурд бага зэрэг буурч 10 метр секунд хүрчээ. Салхины хурд 18 метр секундээс дээш гарсан үед гамшигт үзэгдэл гэж тооцдог байна. Дорноговь аймгийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хордсон иргэдийн уусан архинд шинжилгээ хийжээ

Хэнтий аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын харьяат, 58 настай иргэн Л архинд хордсон байж болзошгүй байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд, эмчилгээ авч чадалгүй нас барсан хэрэг гарсан юм.

Мөн эл өдөр Хэрлэн сумын харьяат иргэн Б, Мөрөн сумын харьяат иргэн Л нарын 5 иргэн ижил төрлийн зовиуртайгаар хүлээн авах тасагт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгэсэн байна. Нэгдсэн эмнэлгээс аймгийнхаа цагдаагийн газарт мэдэгдсэнээр тус алба ажиллагаа явуулжээ. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Шинжилгээний Алба хамтран талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд албан ёсны хариу хараахан гараагүй байгаа юм байна.

Эмнэлэгт хүргэгдсэн дээрх иргэдийн зарим нь олон хоногоор архи уусан нь тогтоогдсон бөгөөд Цагдаагийн газраас шалгалт явуулж, 2 аж ахуйн нэгжийн 6 нэр төрлийн архийг хураан авч, аймгийн МХГ 4 чиглэлээр дээж авч шинжилжээ. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хэвийн, үйлчилгээнд гарч болно гэж гарсан ба нарийвчилсан шинжилгээг хийлгэхээр Улаанбаатар хот руу явуулаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон захирамж цуцлагджээ.

Categories
мэдээ спорт

Б.Баттүшиг “Токио 2020” олимпод Монголын багийг ахална

Монголын үндэсний олимпийн хорооны шинэ удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн МҮОХ-ны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагууд цаашид хийж хэрэгжүүлэх гэж буй ажил, гаргасан төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан юм.

“Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон бол Монгол улсын багийн элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилсон. Түүнийг 2015 онд МҮОХ-ноос “Токио 2020” олимпийн их наадмын Монголын багийн элчээр томилж, “Олимпийн Алтан-Очир” одонгоор шагнаж байсан билээ.

Мөн олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус холбооноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа гэлээ.

“Авирагч сэтгүүлч 2017” спортын авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тэмцээн URSA спорт бэлтгэлийн төвд болох бөгөөд сонирхсон сэтгүүлчдийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл бүртгэх юм байна. Авирагч сэтгүүлчид бүртгүүлэхдээ galkhuu@olympic.mn, tungalag@olympic.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл өөрийн биеэр МҮОХ-ны байран дээр ирж бүртгүүлж болох аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн орлого өмнөх сараас 1.4 тэрбум төгрөгөөр өсчээ

Нийслэлийн нийтийн тээврийн хураамж 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100 хувь цахим төлбөрийн системд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого өмнөх сараасаа 4,9 тэрбум хүрч 1,4 тэрбумаар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын байцаагч нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж байгаа. 5 сарын 15-наас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан болон хөнгөлөлттэй зорчигчдын үнэмлэхийг эрчимтэй шалгах юм байна.

Иргэд зарим автобуснууд цагаасаа өмнө бууж байна гэж гомдоллодог. Энэ нь замын түгжрэлээс болж байгаа бөгөөд графикт өөрчлөлт оруулж, динамик график хэрэгжүүлэх чиглэл барьж байгаа аж. Богино эргэлттэй болсноос хойш нийт автобуснуудын 20 хувь нь хотын төв рүү орохоо больж, замын түгжрэлд эерэгээр нөлөөлж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

116-р сургуулийн багш нар эсэргүүцэл илэрхийлэв

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Тэдний тавьж буй шаардлагыг БСШУС-ын яамнаас сонсоод, 116-р сургуульд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг өнөөдөр өглөө тус сургуульд шалгалтаар очсон ч сургуулийн багш нарын эсэргүүцэлтэй тулснаар шалгалт хийж чадалгүй буцсан байна.

Багш нар “Багш бидний хөдөлмөрийг үндэслэлгүй битгий үгүйсгэ”, “Хараагүйчүүдийн үндэсний холбоо биднээс илүү шавь нарт минь хайртай гэж үү”, “Сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд бүх хариуцлагыг Монголын хараагүйчүүдийн холбоо, түүний гар хөл бологчид хариуцах ёстой”, “Өөрсдийнхөө ашиг сонирхолд, сургууль, сурагчдын нэрийг бүү оролцуул”, “Хамт олны нэр хүндийг гутаан доромжлогч бидэнд хэрэггүй” гэх мэтчилэн уриа, лоозон барин жагсчээ.