УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийн гол зорилын талаар тодруулан асуулаа. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь тэдний эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа онцлов. Хүүхдийг эхийн сүүгээр зургаан cap хүртэл дагнан хооллосноор хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, амьдрах чадвар нь эхийн сүүгээр хооллоогүй хүүхдээс 14 дахин илүү байдаг байна. Харин Үндэсний статистикийн хорооны “Нийгмийн үзүүлэлтийн суурь судалгаа”-аар Монгол Улсад хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаар амлуулалтын үзүүлэлт, зургаа хүртэлх сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт жил бүр буурсаар байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын тайлангаас харахад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт 2013 онд 394.07 тн, 2014 онд 758.2 тн импортлосон нь 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгджээ. Иймд хүүхдийн эрүүл мэндэд эхийн сүүний үзүүлэх ач холбогдол, хүүхдээ эхийн сүүгээр зургаан cap хүртэл нь хооллохын давуу талыг ухуулан таниулж, эхийн сүүг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг иргэдэд ойлгуулах шаардлага үүсчээ.
НҮБ-аас 2015 оны есдүгээр сард баталсан 2015 оноос цаашид баримтлах Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн “Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээлийн байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих” гэсэн 2 дугаар зорилгод хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудлыг гишүүн орнуудын Засгийн газраас дэмжин ажиллахыг зөвлөсөн байна. Дэлхий нийтээрээ 0-3 насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох зорилт бүхий энэ концепцийг дэмжих үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтны зөвлөснөөр хэрэглэхээр тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлаад, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг өндөржүүлэх тул шаардлага хангасан бүтээгдэхүүнд зах зээл нээлттэй гэв.
Дараа нь Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлээд, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.