Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогджээ

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдсон байна.

Тэрээр 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүнээр ажилласан бөгөөд Рио Тинто компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байжээ. ТУЗ-ийн гишүүнээр цаашид үргэлжлүүлэн ажиллах юм байна.

Харин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс нь тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллахаар болжээ. А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бидний байгуулсан нэг л концессийн гэрээ бий

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын мэдээллийг сонссон юм. Мэдээлэл сонссоны дараа гишүүд сонирхсон асуултандаа хариу авч, гишүүд, сайд нарын хооронд иймэрхүү яриа, маргаан өрнөлөө.

Б.Пүрэвдорж гишүүн Ипотекийн зээлтэй холбоотойгоор барилгын салбарт бизнес эрхлэх сонирхол нэмэгдсэн. Барилгын түүхий эдийн 70 хувийг Эрнээнээс авдаг байсан бол энэ үзүүлэлт 30 хувь хүртлээ буурсан. Гэтэл одоо жилд 1600 өрх зээл авч байна. Барилгын салбарыг аврахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээс аргагүй. Ипотекийн зээлийг багцалж, хөрөнгийн зах зээлд гаргах, барьцаанд тавих замаар зээл авах боломж байна. Баруун аймаг руу тавьж байгаа зам 200 км дутуу байгаа. Долоон концессийн жагсаалтаас харахад нэг км замын өртгийг нэг дахин нугалж, концессийн гэрээг оруулж ирж байна. Ямар шуналтай байна аа гэсэн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд хариулахдаа “Долоон концесс гээд яриад байгаа зургаа нь өмнө нь тендерийг нь зарласан концесс байгаа юм. Тэр битгий хэл таны яриад байгаа Цогтцэций хүртлэх замын урьд байгуулсан гэрээнээс бид 5 сая доллар хассан. Дашинчилэн, Тариалан чиглэлийн замаас 10 сая доллар хассан. Ахиад Хяргас, Сонгино чиглэлийн замаас 4 сая доллар хассан. Хассан байхгүй юу. Бүр 2018-2019 онд төлнө гэж байсан хугацааг хойшлуулаад урьд нь тендер шалгаруулсан байсан өртгөөс сая миний хэлсэн дүнгээр хасч, ийм байдлаар та нар концессийн гэрээгээ үргэлжлүүл гэдэг шаардлагыг нөгөө компаниудад тавьсан юм. Тэр компаниуд бидний тавьсан шаардлагыг хүлээж аваад, “2020 оноос хойш бид төлбөрөө авъя. Та нарын хэлсэн мөнгөн дүнгээр өмнө байгуулсан гэрээний төсөвт өртгөөс хасъя. Ингээд цаашаа явъя” гэдэг тохиролцоонд хүрсэн юм, Б.Пүрэвдорж гишүүн ээ. Түүнээс биш Засгийн газрын хувьд шинээр долоон концессийн гэрээ байгуулсан юм байхгүй. Бидний байгуулсан нэг л концесс бий. Тэр нь Дорноговь аймагт 300 ажлын байнгын байр бий болгоно. Хоёр ширхэг үйлдвэр бий болгоно. Эндээс үүдэлтэйгээр төсөвт жилд 50 орчим сая долларын орлого орох юм. Энэ орлогыг оруулахын тулд хоёр сумаа ч авто замаар холбочихъё. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх дэд бүтцийг бий болгох юм. Төсөвт ачаалал учруулахгүйгээр бид өөрсдийн төлсөн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгийг улсаас авах байдлаар концессийн гэрээний төлбөрийг төлөөд явчих бололцоо байна гэж бизнес эрхлэгчид санал тавьсан учраас бид дэмжсэн. Нэгдүгээрт олон хүн ажлын байртай болно. Хоёрдугаарт хоёр үйлдвэр бий болчихно, төсвийн орлогын бааз суурь нэмэгдэх нь гэсэн үүднээс ганцхан концесс байгуулсан. Бусад нь өмнө нь байгуулсан концессийн гэрээнүүдийг хэрхэн үргэлжлүүлэх вэ, яаж сайжруулах вэ гэдэг шийдвэрийг гаргасан юм шүү. Өөр зүйл байхгүй” гэлээ.

Ж.Мөнхбат сайд:- Ерөнхий сайдын хариулт дээр нэмж тайлбар хийхдээ Б.Пүрэвдорж гишүүн яагаад зам барьдаг өртөг нэмэгдчихэв гэж ярьж байна. 2012 он хүртэл нэг км замыг 400-500-гаар барьдаг байсан. Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын үед байгуулагдсан энэ концессийн гэрээнүүд бол тэрбум 300-аас тэрбум 600 сая төгрөгөөр гэрээлэгдсэн юм билээ. Тэр гэрээнүүдийн үнийн дүнг сая Ерөнхий сайдын хэлсэнээр бууруулсан юм. Хоёрдугаарт концессоор хийгдэж байгаа ажлууд дотор янз бүрийн зам дээр үнийн зөрүүтэй асуудал яригдаж байгаа. Жишээлбэл өнгөрсөн дөрвөн жилд Хөвсгөл аймгийн төвд 7 км замыг долоон тэрбум төгрөгөөр барьсан. Архангай аймгийн төвд 7 км замыг 21 тэрбум төгрөгөөр барьсан. Ийм үнийн ялгаа зөрүүнүүд өнгөрсөн Засгийн газрын үед бий болоод явчихсан юм гэдгийг Б.Пүрэвдорж гишүүнд тайлбарлаж хэлье. Таны хэлсэн долоон концессийн гурван зам гэж яригдаад байгаа чинь өмнөх Засгийн газрын үед гэрээлсэнээс төсвөөс эргэн төлөх хэмжээг нь бид 30 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, баталсан юм. Өөрөөр хэлбэл улсын төсөвт ашигтай, хэмнэлттэй байдлаар шийдэгдсэн. Дорноговь Дэлгэрэхийн 130 км зам бол жишээлбэл өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 131 км замыг 86 сая доллараар барина гэж байхад 20 сая доллараар хямд барихаар асуудал шийдэгдсэн юм.

Д.ЭРДЭНЭБАТ: ТАНАЙ АРХАНГАЙН ТӨВ ХОТ ШИГ БОЛОО БИЗ ДЭЭ, ГЭРЛЭН ДОХИОТОЙ БОЛОО БИЗ ДЭЭ

Д.Эрдэнэбат гишүүн Өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг энэ Засгийн газар үргэлжлүүлээд явж байгаа. Энэ бол үе үеийн Засгийн газрын зовлон, хийх ёстой ажил. Эцсийн дүндээ энэ бол бодит эдийн засагт нөлөө үзүүлж байгаа зүйлүүд. Яах аргагүй хийх л чиглэл рүү явж байгаа юм л даа. Бид үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Улстөржиж болдог болдоггүй асуудал гэж байдаг. Ялангуяа энэ зам тээвэр, барилга, бүтээн байгуулалтын ажил цаанаа өчнөөн эдийн засаг нийгмийн өгөөжтэй байдгийг тооцож ярьдаг байх ёстой. Одоо ингээд маргаад байх юм бол бидний бүх ажил гацаад, хүний өөрийнгүй сонин байдалд орно. Би сая Ж.Мөнхбатыг буруу ярилаа гэж бодож байна. Хөвсгөлд тавьж байгаа зам, Архангайд тавьж байгаа зам ажлынхаа хэмжээгээр, өртгийн хувьд өдөр, шөнө шиг зөрүүтэйг чи мэдэж байгаа. Хөвсгөл рүү шулуун зам тавьсан. Танай Архангайд фортуна Батбаяр гудамж төсөл хэрэгжүүлсэн байхгүй юу. Тэр чинь км-ээрээ бага ч бүтээн байгуулалтын далайц ихтэй. Танай Архангайн төв тэр чигтээ гудамж болоо биз дээ. Хот шиг болоо биз дээ. Гэрлэн дохиотой болоо биз дээ. Үүнийг зүгээр нэг хөдөө тавьсан замтай зүйрлүүлж, болдоггүй юм. Тийм учраас наад үнэ, концессийн маргааныг больцгоо. Ажлаа хиймээр байна. Үүний ард олон хүний ажлын байр, барилгын үйлдвэрлэл байгаа. Энэ бүгдийг улстөржүүлж болохгүй. Та нар ч намайг шүүмжилсэн шүү дээ. Д.Эрдэнэбатаа, чи баахан концесс, Чингис бондын мөнгө идчихлээ гэсэн. Амьдрал тийм байдаггүй юм. Одоо би асуултаа асууя. Монголд цементийн хэрэгцээгээ бид дотооддоо хангадаг болсон. Сайн. Гэхдээ бидний ад үзээд байгаа Чингис бондын бүтээн байгуулалтаас гурван цементийн үйлдвэрийн төсөл 180 сая доллар авсан. 63 сая долларыг Мон цемент, 56 сая долларыг Хөх цавын цементийн үйлдвэр, 61,3 сая долларыг Хөтөлийн цементийн үйлдвэр гурав авсан юм. Үүгээр 1350 ажлын байр бий болгоно гэсэн. Өнөөдөр байдал ямар байна вэ? Сүүлийн үед Хөтөлийн цементийн үйлдвэр ажлаа хийгээд дууссан байгаа. Мон цементийн үйлдвэр, Хөх цав хоёр таг чимээгүй болчихсон. Энэ талаар надад мэдээлэл өгөөч. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийг зөв эхэлсэн гэж боддог. Дэд бүтцийн ажил хэзээ дуусах вэ? Ипотекийн зээлийг хэзээ олгож эхлэх вэ? Өнгөрсөн Засгийн газрын үед 78 000 иргэн байранд орсон. Энэ жилийн тайланд 909 хүн ипотек авсан гэдэг үндсэндээ зогссон гэсэн үг. Барилгын үйлдвэрлэл 15 хувиар унасан.

Г.МӨНХБАЯР: ГАДНААС ЦЕМЕНТ ОРЖ ИРЭХ ЗАХ ЗЭЭЛ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГАА

Г.Мөнхбаяр сайд:- Монцемент, Хөх цав дээр би очсон. Аль аль нь зөв хөтөлбөр дэмжигдсэн байна гэж харагдаж байгаа юм. Хөх цав барилгын ажлын сезон эхлэх үеэр зургаан сараас зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлнэ. Мон цемент өнгөрсөн хавар зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн байна. Одоо гаднаас цемент орж ирэх зах зээл байхгүй болж байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүс дээр очиж танилцсан. 58 сая доллар гаргасан. Ажлын чанар туйлын санаа зовоож байгаа. Улсын комисс ажиллаж чадахгүй байгаа. Гүйцэтгэгч компани хяналт тавьсан яам, орон нутаг үнэхээр хариуцлагагүй ажиллажээ. Хайран мөнгө. Мэргэжлийн технологийн сонголтууд нь буруу. Тоног төхөөрөмжийн сонголтууд туйлын хангалтгүй байна.

Ипотекийн хувьд бид сард өөрийн боломжоор 30-35 тэрбумыг Монгол банкнаас арилжааны банкнуудад өгөөд, энэ хүрээндээ зээл олгогдоод явж байгаа. Тавдугаар сарын 1-нээс орон нутаг руу 15 тэрбумыг зориуд хуваарилж өгсөн байгаа. 2017 онд 300 тэрбумыг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарахаар УИХ төсвийн тодотголоор баталж өгсөн. Сангийн яам хоёр дахь зах зээлийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаа гэв.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд 129-р цэцэрлэг түрүүлжээ

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа. Хүүхэд багачуудын замын хөдөлгөөний талаарх ойлголт, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд 30 цэцэрлэгийн 360 гаруй багачууд оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчийн сорил, буухиа, багш нарын дүрмийн мэдлэг, урлагийн тоглолтоор өрсөлдөж мэдлэг, чадвараа сорьсон юм. Тус тэмцээний тэргүүн байранд 129 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрыг 147 дугаар цэцэрлэг, гутгаар байранд 3 дугаар цэцэрлэг, тусгай байранд 45 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтсээс шилдэг 3 номинацийг шалгаруулсан юм. Энэ жилийн хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэгч байгууллагаар 62 дугаар цэцэрлэг, шилдэг багшаар 172,191 дүгээр цэцэрлэгийн багш нар, шилдэг багийн ахлагчаар 52 дугаар цэцэрлэгийн н.Сондор нар шалгарч шагналын эзэд боллоо. Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Hyukoh” хамтлаг клипнийхээ зураг авалтыг монголын талд хийжээ

Гадны хамтлаг дуучид манай улсад ирж онгон дагшин байгальд зургаа авахуулж,
клипээ хийх нь ихэссэн. Тэгвэл саяхан “Hyukoh” хамтлаг монголын талд дууныхаа
зураг авалтыг хийснээ дэлхий дахинд цацсан байна. Энэ хамтлагийн гишүүд бүгд
1993 онд төрсөн бөгөөд Хятадын Шанхай хотоос гаралтай аж. Тэд бас Солонгост
ажиллаж амьдарч дуугаа гаргадаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлаас зөвлөмж гаргалаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, “Монголын хотуудын холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Бага хуралд Монгол Улсад суугаа 17 улсын элчин сайд, гадаадын найман улсаас 15 зочин, төлөөлөгч, нийслэл хоттой харилцаат 10 гаруй хотын дарга оролцлоо. Энэхүү бага хуралд нийт 20 гаруй илтгэл тавигдаж, хэлэлцсэний эцэст зөвлөмж гарган баталлаа.

НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг хааж хэлсэн үгэндээ “Энэ зөвлөмж гарснаар шийдвэр гаргах төвшинд байгаа хотын удирдлагуудад маш чухал юм. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудал бий. Үүнийг нэг нэгээр нь сугалж авч ярих биш цогцоор нь шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Бусад том хотууд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан зөв бодлогыг гаргаж чадсанд байгаа. Бид хотын хөгжлийг шинэ шатанд гаргах онцлог бага хурал боллоо” хэмээн онцоллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Элэгний вирусийн эмийн хөнгөлөлтөд Орхон аймагт 607 сая төгрөг төсөвлөжээ

Өнөөдөр өглөө 11 цагт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд Монгол Улсын 15-аас дээш насны хүн амд хепатитийн В, С вирусын халдварыг илрүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд 2017 онд 40-65 нас, 2018 онд 15-39 насныханд элэгний В, С вирус илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээ зохион байгуулна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын эсрэг эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байгаа. Ингэхдээ 2016 оны 9 дүгээр сараас хойш эм авсан иргэдэд хөнгөлөлт үзүүлэх юм. Эмийн хөнгөлөлтөд 2017 онд улсын төсөвт 18.9 тэрбум төгрөг батлагдсанаас Орхон аймагт 607 сая төгрөгийг хуваарилжээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Мөн вирус тоолуулах лабораторийг улсын хэмжээнд сонгон шалгаруулна. Нэг иргэн дунджаар 120 мянган төгрөгөөр вирусээ тоолуулах бөгөөд уг мөнгийг улсаас гаргана. Тодруулбал, лабораторийн сонгон шалгаруулалтад ялсан эмнэлэгт ЭМД-ын сангаас иргэдэд үйлчлэх санхүүжилтийг өгнө гэсэн үг юм. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныхныг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж H-Info програмд бүртгэх, эрт илрүүлгийн шинжилгээ, үзлэгт хамруулж эмчилгээ хийнэ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь 2020 он гэхэд С вирусын халдвартай 150 мянган иргэнийг бүрэн эмчилж элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж вирусын голомтыг устгахад чиглэж байгаа юм. Сүүлийн 10 жилд Монгол улсад элэгний хорт хавдарын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр 7 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэнлийн байгууллагын хийсэн түүвэр судалгаагаар манай улсад 400.000 хүн В, С вирусын халдвартай байх магадлалтай ажээ.

Орхон аймагт 2016 онд элэгний хорт хавдартай 96 иргэн бүртгэгджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдахаас өмнө Орхон аймаг 2016 оны 9 дүгээр сард “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөр баталж үйл ажиллагаа явуулж байсныг дурдах нь зүйтэй юм. “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Элэгний вирусгүй хамт олон” аян өрнүүлж үүнд 39 байгууллагын 3600 иргэн хамрагдаж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүртжээ. Мөн 2099 хүн энэ чиглэлийн сургалтад, 1995 хүн шинжилгээнд хамрагдаж 495 иргэн В вирусын вакцинд хамрагджээ. Түүнчлэн өнгөрсөн сард АЗДТГ, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, Дэлхийн Зөн ОУБ-Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Говил багийн 18-39 насны 200 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийж вакцинд хамруулсан байна. Мөн “Элэгний вирусын халдваргүй нярай” төслийн хүрээнд 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 300 нярайд хийх вакцинд орон нутгаас 30 сая төгрөг төсөвлөснийг дурдах нь зүйтэй юм. Дашрамд дурдахад, Орхон аймагт 2016 онд элэгний вирусын шалтгаант хорт хавдартай 96 иргэн бүртгэгдсэнээс 25 хувь нь эрт үедээ 75 хувь нь хожуу үедээ оношлогджээ. Хожуу үедээ оношлогдсон иргэдийн 72 хувь нь тухайн жилдээ нас барсан байна. Орхон аймагт элэгний вирусын шалтгаант өвчлөлөөс улбаалсан нас баралт өндөр хувьтай байгаа тул ийнхүү орон нутгийн удирдлагууд “Элэгний вирусгүй Эрдэнэт” аянг өнгөрсөн оны 9 дүгээр сараас “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, ЭМГ, БОЭТ, “Медипас” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой болно

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг 11:00 цагт зохион байгуулна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцоно.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.

Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Монголын хүүхдийн байгууллага нь,

– 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо

– 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл

– 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар

– 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно” амжилттай болж өндөрлөлөө

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хаалтын ажиллагаанд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Нобль, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын зочид оролцож үг хэллээ.

Монгол Улсад зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, МХЕГ, ИНЕГ, Өмнөговь аймгийн бүх шатны Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, тус аймгуудын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага болон гадаад улс орны, олон улсын байгууллагын төлөөлөл болох АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Ойн агентлаг, Олон улсын тусламжийн газар, НҮБ-ын салбар байгууллагууд, Японы Хүүхдийг ивээх сан, МУЗН, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон Бангладеш, Непаль, Канад, Өмнөд Солонгос, Унгар, Япон улсын нийт 240 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр анх удаа өмнөд бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, практик үйл ажиллагаанд тулгуурласан байдлаар зохион байгууллаа.

Сургуулийн удирдагчийн зүгээс “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа батлагдсан бодлогын дагуу амжилттай зохион байгуулагдлаа гэж дүгнэлээ.

Олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулах бүх талын боломжийг бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэн, сургуулийн бэлтгэл ажлыг хангах болон явцын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Н.Наранбаатарт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Нобль нарын нэрэмжит “Өргөмжлөл”-ийг гардууллаа.

Мөн хошууч Тед Мортон ахлагчтай АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын баг, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Бангладеш, Непаль, Өмнөд Солонгос, Унгар, Канад, Япон улсын оролцогчид, Өмнөд бүсийн аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрын хамт олонд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын нэрэмжит “Өргөмжлөл”-ийг гардуулсан юм.

Мөн “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод “Гэрчилгээ” гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бүргэдчин охин” кино монголд нээлтээ хийлээ

Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийсэн. Уг кино Монгол Улсад өчигдөр нээлтээ хийлээ.

Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцжээ. Тэрбээр энэ үеэр Айшолпан охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн аж. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.

Киноны ерөнхий найруулагчаар Отто Беллээс уг киног Монголд гаргах эрхийг “Шинэ Монголын Санаачилга” ТББ авчээ.

“Бүргэдчин охин” кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд барилга, хот бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан барилга,хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Барилга материалын дотоод нөөц бололцоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүсчлэн хөгжүүлэхэд анхаарч байна.

Иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хороололыг үргэлжлүүлэн барьж байна. “Буянт-Ухаа II” орон сууцны хороолол баригдаж байна. Шинээр 8700 иргэд орон сууцанд холбогдох боломжтой.

Түрээсийн орон сууцны хэрэгцээ шаардлага нэмэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянган орон сууцны санг бий болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 1500 өрхийг хамрууллаа” хэмээлээ.