Categories
мэдээ утга-зоxиол

Түүх бичихүй

Сэнтий түшсэн хатад зурган илэрцүүд (Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” бүтээлийн тухай шүүмж)

Хубилай тэргүүтэй монголын феодалууд Монгол улсын нийслэлийг хятад газар шилжүүлэн аваачсан явдал нь хятадыг эзлээд цааш Япон, Вьетнам, Энэтхэг, Индонези зэрэг дорнод ба зүүн өмнөт азийн олон улсыг түрэмгийлэн эзлэх зорилго баримталсан улс төр, эдийн засгийн талын тусгай бодлоготой байсан байжээ” /Ч.Далай, Юань гүрний үеийн Монгол,1973, 44 тал/ “…Москвад хүрэлцэн очсон монголын төлөөлөгчидтэй В. И. Ленин ярилцахдаа хэлсэн ах дүү ёсны мэргэн сургаал нь феодал ба империализмыг эсэргүүцсэн хувьсгалын замыг гийгүүлж өгчээ”/БНМАУ-ын түүх, 1969, 3-р боть, 170тал/,“Баруунтны оппортунизм түүнийг бут цохисон нь”, “гадаадын капиталийг шахаж зайлуулсан нь”, “бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах”, “яруу алдарт нам засаг”, “цагаантны үлдэгдэл”… гэх зэрэг үг өгүүлбэр нь зарим уншигчдад их танил санагдах буй за.

Учир нь, энэ үеийн (Социализмын) түүх бичлэгт ангийн тэмцлийн үзэл санаа нэвт шингэхийн зэрэгцээ хэл найруулгад ч ийм нэр томъёо зонхилох болж улмаар түүх бичлэгийн хэв загвар тогтжээ.

Харин 1996 онд нийтлэлч Баабарын “Монголчууд; нүүдэл суудал” хэмээх бүтээл хэвлэгдсэнээр монгол түүх бичлэгт томоохон өөрчлөлт гарлаа. Хэвлэлийн найруулгад (мөн түүх Ч.Б) зонхилж байсан загварчлагдсан модон хэл найруулга, жинхэнэ ард түмний хэл яриа үгийн сан, хэлзүй, найруулгын өнгө аяс дагах болж, амьд ярианы хэлэнд ойртсон. Өнөөгийн монголын залуучууд, сэтгүүлч- сурвалжлагчдын дунд “Баабаризм” гэж хэлж болохоор найруулгын өвөрмөц арга маяг, урсгал үүссэн. Бүр цоо шинэ биш боловч манайдаа л шинэ гэж хэлж болно.(С.Энхбаяр, Ирэх урсгал, 1995, 14 тал) Өөрөөр хэлбэл, Америк болон өрнө дахины улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг түүх бичлэгийн шинэлэг арга барил/хэл найруулга/-ыг ашигласнаараа уг бүтээл олны талархлыг хүлээсэн юм.

Өдгөө ч манай улсад Америкийн түүхч Жак Уэтерфордын цуврал бүтээлээс авхуулаад энэхүү аргаар бичигдсэн түүхийн бүтээлүүд гарсаар байна. Үүний нэг нь саяхан хэвлэгдсэн зохиолч, хятад судлаач Чулуунбаатарын Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” бүтээл билээ.

Уг бүтээлийн үг хэллэг нь энгийн, утга санаа ойлгомжтой, элдэв нэр томъёо, тодорхойлолтоос ангид, сонирхолтой мэдээ баримтаар баялаг учраас хэвлэгдсэн даруйдаа уншигч олны сонирхлыг татаад байна. Ялангуяа, кирил монгол бичигт төдийлөн их буулгаагүй Юань гүрний түүх, хаад хатдын ордны явдлыг нарийвчлан судлан тусгай бүтээл болгон нийтийн хүртээл болгосон нь үнэхээр бахдууштай.

Нийтэд зориулсан түүхэн бүтээлийн хэл найруулга энгийн ойлгомтой, сонирхолтой (сонирхолтой хэсгийг түүвэрлэн оруулах) байх тусмаа нь бүх нийтийн түүхийн мэдлэгт тус нэмэр болох болов уу.

Улмаар судлаач, зохиолч Ч.Содбилэг энэ үеийн ордны байдлыг “Ордонд амьд үлдэхийн төлөө хайр итгэлээ нэгмөсөн гээж, зүрх сэтгэлээ огоорч, хэнийг ч золиослоно. Тэмцэлд ялагдсан хүмүүс хуйвалдагч хэмээх ял үүрч, удтал яргалагдах агаад тэдний зүрх зүсэм орь дуу элэгдэж эмтэрсэн зузаан цайзын цаанаас хэнд ч үл сонсогдоно. Ордны хэрэм цайзад тэдний төөрсөн сүнс, гаслан шаналан замхран шингэжээ. Нүгэл хилэнц хурсан ордонд шунал тачаалын ад зэтгэр шүглэжээ”/Сэнтий түшсэн хатад, 2017,183-р тал/ хэмээн ордны хуйвалдааныг нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдож, бие жихүйцтэл дүрслэн бичжээ.

Уг бичлэгийн хэлбэр нь ийнхүү зохиогчийн сэтгэл хөдлөлийн өнгө аяс илэрч, уран дүрслэлээр баялаг байдаг онцлогтой. “Сэнтий түшсэн хатад” бүтээлд;

Намрын шөнө зэврүүн салхи жихүүнээр сэнгэнэхэд хээр талд бөмбийн торойх эсгий гэрүүд анир чимээгүй нам гүмд хэдийн автжээ. Гагц хуйсагнах салхи хэн нэгний өчил үгсийг шивнэх мэт шуухтинан исгэрнэ. Гай түйтгэр, гаслан зовлонгийн дуун мөнхөд замхарч, орчлонг амар амгалан үүр эзэмдсэн мэт тал нутгийн шөнө./Сэнтий түшсэн хатад, 2017, 32-р тал/ гэсэн шиг зураглал цөөнгүй тохиолдоно.

Гэтэл Мэргэжлийн биш хүмүүсийн бичсэн түүхийн ном, өгүүлэлд сонирхол татахуйц аяс байх боловч учиг баримтыг нарийн судлаагүйгээс улс төрийн үзэл бодолдоо хөтлөгдөн өрөөсгөл дүгнэлт хийсэн тал бий. Түүхийг улс төрд ашиглан өнгөрсөн бүхэнтэй тооцооо хийх, үгүйсгэх гэсэн оролдлого зарим улс төрийн нам, зүтгэлтнүүдээс гарч байв. (Т.Жамбалдорж Монголын түүх бичлэг,2015,117тал) гэсэн шүүмжлэл өнөө хүртэл байсаар байна. Миний бие энэхүү шүүмжийг бичин ядахдаа, Монголын түүхч эрдэмтдийн түүх бичлэгийн талаар гарсан ганц нэг ном бүтээл, цахим орчинд бас энэ талаар гарсан шүүмж нийтлэлийг харахнээ манай түүхчид Баабарын бүтээлд тийм ч таатай ханддаг биш болтой юм.

Гэхдээ бид Баабарын ч юм уу, Содбилэгийн бичсэн түүхийг нарийн “бүдүүн” нягталсан эсэх тухай ч бус, мэргэжлийн, мэргэжлийн бус түүхчдийн тухай ч бүр ч биш монгол хэлээр бичсэн түүхийг, монгол хэлээр бичсэн хуулийг монгол хүмүүс уншаад хэрхэн ойлгож, оюун тархиндаа яаж буулгаж байна вэ гэдэг л асуудал юм. Зөвхөн түүх ч гэлгүй, уншсан зүйлээ ойлгохгүй мөртлөө ойлгож буй царайлсаар байтал ирээдүй хойч үеийн маань оюун ухаан хомсдчих вий дээ. Өөрөөс нь өөр хэн ч ойлгодоггүй судалгааны болон орчуулгын бүтээл олон болсныг нуух хэрэг юун.

Мэдээж, “Мэргэжлийн” түүх бичлэгт эрдэм шинжилгээний хэл найруулгын хэм хэмжээ (академик бичлэг)-г баримталж, тогтсон нэр томъёог ашиглах нь дамжиггүй ч “түүхчдийн өмнө, эх түүхээ хэл найруулга яруу, утга зүйн хувьд тодорхой, нийтэд хүртээмжтэй, баримт нотолгоотой, утга төгөлдөр, уншуур сайтай бичих зорилт тулгарч байна” /Ж.Болдбаатар; 2008/ хэмээсэн нь сайшаалтай ч их дээд сургуулийн монгол судлал /хэл, утга зохиол, соёл/-ын мэргэжлээр суралцагчид Монголын түүх хичээлийг хэт бага (3кр) цаг, түүхч /эртний түүх-археологич/ мэргэжлийн хөтөлбөрт монгол хэл, бичгийн хичээл дэндүү бага цаг судалдаг гажгийг засахаас нааш үл сайжирна. Бас дээр нь, монголын эртний болоод Юань гүрний үеийн түүх судлаач хятад хэл мэдэхгүй байж хэрхэвч боломгүй санагдана.

Миний ойлгож буйгаар түүхийг хэн бичих нь гол биш яаж ойлгох нь чухал болов уу. Өөрөөр хэлбэл, Түүх бол өнгөрснөө тоочих хэрэгсэл бус, одоо болон хойчийн замаа чиглүүлэхэд баримжаа болох ухаан юм (Судлаач Р.Батсайхан) гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Академич Ж.Болдбаатар “Хамгийн гол нь сургалтын бүх шатанд түүхийг өнгөрсөн үеийн тухай эргэцүүлэн бодох, түүхээс сургамж авч, ирээдүйд сэрэмжлүүлэх арга ухаан гэж ойлгохоосоо зөвхөн л он дарааллын бичиг, баримт сэлтийг зүгээр л хэлхэн дамжуулдаг төдий ойлгосоор байна” (Монгол улсын түүх бичлэг: Шинэчлэл чиг хандлага, 1990-ээд оноос эдүгээ хүртэл, 2008, 27 тал) гэжээ. Үнэхээр түүхийг ингэж л шүүе.

Түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатар “Номд өргөх үг”-дээ “Сэнтий түшсэн хатад” бүтээл ямар түүхэн сургамж үлдээсэн, ямар ухаарал хайрласан талаар;

…Тэдний эрх мэдлийн төлөөх улайрал хаан төрд хагарал, урвалт, хуйвалдаан, өс авалтыг өдөөж улмаар улс гүрэн сулран доройтох нэгэн нөхцөл шалтгаан болсон нь сурвалжид бичигдэн үлджээ. Тэрчлэн төр баригч хаад ордны тансаг бялангач амьдралд автан ард олноосоо тасран холдож, тэнгэрийн амьтан цол гуншиндаа итгэн мунхарвал, өвгөдийн гэрээсийг умартан зөрчвөл, эдэд шунаж элдэв зугаа цэнгэлд автвал улс оронд нь юу тохиолддогийг Тогоонтөмөр хааны түүх харуулна. Солонгос шивэгчин Ки бүсгүйд дурлаж түүнийг Монгол төрийн хатнаар өргөмжлөн Алтан ургийн ёс уламжлалыг зөрчсөн Тогоонтөмөрийн төгсгөл бол хятад газар дахь Монголын ноёрхолын төгсгөл байсан юм. Энэ бол түүхийн том сургамж, анхааруулга билээ./Сэнтий түшсэн хатад, 2017, 17-р тал/ хэмээн дурджээ.

Уг номыг уншсан хэн хүнд, Өнөөгийн эрх мэдэл, хувийн өчүүхэн эрх ашиг, эд мөнгөний төлөө улс үндэстнээ доройтуулж буй улс төрчидтэй хатуу тэмцэхгүй бол улс орны ирээдүй улам бүр бүрхэг болж буйг ойлгож мэдэх ухаарал хайрлах буй за.

Мөн сүүлийн үед түүхийн ном бүтээл борооны дараах мөөг шиг олширлоо.Түүхээ судалж олон сайхан боть болгон хэвлэх, түүгээрээ ч бас түүхээрээ ч бахархан чээжээ дэлдэн “түүхжих” нэг хэрэг, өнгөрсөн түүхээс сургамж авч ирээдүйн улс орныхоо хөгжлийн зам, загварыг тогтоох нь монголч эрдэмтэн монгол хүмүүс, монгол судлалын ухааны эрхэм зорилго билээ.

“Түүхэжсэн” цаг үеийн “түүхэжсэн” хүмүүс энэхүү маш сонирхолтой, сургамжтай, ойлгомжтой, сайхан монгол хэлээр бичсэн “Сэнтий түшсэн хатад” номыг заавал уншаад “түүхжээсэй” гэсэндээ үүний тул МУИС-ийг Монгол судлалын мэргэжлээр суралцахдаа Монголын түүхийн хичээлийг гуравхан кредит судалсандаа үргэлж харамсагч Чой.Баттулга би бээр өчсү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын VIII их хурал Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ҮБХ-ны гишүүдээ батламжилна

Ардчилсан намын VIII их хурал “Корпорэйт” зочид буудалд үргэлжилж байна. Их хуралд 1206 гишүүн оролцож буй.

Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг батлуулахаар Их хуралд санал оруулсан юм. ҮБХ-ны гишүүд болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хамтад нь баталгаажуулах нууц санал хураалт явагдаж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо 389 гишүүнтэй байх юм.

С.Эрдэнэ “Их хурлын гишүүдийн дунд нэр дэвшигчээр нууц санал хураалт явуулна. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Нэр дэвшигч Х.Баттулга Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол Р.Амаржаргалын асуудал яригдаж магадгүй гэсэн хүлээлт байна.

Ардчилсан нам нийт гишүүдийнхээ саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан юм. Өнгөрөгч долоо хоногт АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, нар дотоод санал асуулгаар өрсөлдсөн билээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх санал асуулгаар улс төрөөс хараат бус мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхийг иргэд тууштай дэмжжээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс өчигдөр (2017.05.05) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав мэдээллийн эхэнд “Үндэсний статистикийн хорооноос анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг тавдугаар сарын 02-нд хүлээн авч, зөвлөмжөө гарган, тавдугаар сарын 03-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд, өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Зөвлөмжид дурдсан гол агуулгыг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээлэл хийж байна” гэлээ.

Дараа нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар Зөвлөмжийн гол агуулгыг танилцуулсан юм.

Тэрбээр, “УИХ-ын тогтоолоор баталсан зургаан сэдэв тус бүрийг зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд хэрхэн үзэж, ямар байр суурь илэрхийлснийг хураангуйлан дүгнэж, зөвлөмж гаргалаа.

Асуудалд үнэлгээ хийхдээ 0-10 гэсэн оноогоор тооцон, 1-4 хүртэлхийг эрс эсэргүүцсэн, 4-6 хүртэл дундаж, 6-10 хүртэлхийг бүрэн дэмжсэн байрь суурь илэрхийлсэн гэж үзсэн.

Санал асуулгын дүнгээс үзэхэд “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаархи сэдвийн эхний асуудал буюу Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх асуудлыг иргэд санал асуулгын нэг, хоёрдугаар шатны аль алинд нь тууштай дэмжсэн. Удаах асуудал болох Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлалт хийвэл ямар вэ гэсэн асуудлаар иргэд дундаж байр суурь илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, аль аль талаас нь харах нь зүйтэй гэж үзсэн байна. Дараагийн, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын нэрийг Үндсэн хуульд бичиж баталгаажуулах ёстой юу гэдэг асуудалд бүрэн дэмжсэн байр суурь илэрхийлсэн.

“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”сэдвийн хүрээнд тавигдсан Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн нэг удаа сонгох зохицуулалтыг хийвэл ямар вэ гэсэн асуудлаар 4-6 оноонд хэлбэлзсэн буюу дундаж байр суурь илэрхийлсэн дүн гарчээ. Үүнийг зөвлөмжид тусгахдаа юуны өмнө зөвлөлдөх санал асуулгын хэсгийн болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шинжээчдэд асуулт тавьж, хариулт авсан байдал, мөн өмнө хийгдсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, бусад судалгааны дүнг үндэслэн нарийвчлан судалж байж шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ сэдвийн Ерөнхийлөгчийн хууль санаачлахыг хязгаарлах асуудлыг иргэд дэмжсэн, харин хориг тавихыг хязгаарлах асуудал дундаж байр суурьтай гарсан учир нягталж үзэх шаардлагатай.

“Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг санал асуулгад оролцогчид бүхэлд нь тууштай дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байна.

“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр тавигдсан хоёр үндсэн асуудлын нэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож, Үндсэн хуульд аймаг нь сум, хот нь дүүрэг нь, дүүрэг нь хороо, хороо нь хэсэгт хуваагдахаар зохицуулбал ямар вэ гэсэн асуудлыг тууштай дэмжсэн бол удирдлагыг сонгох асуудлаар 4-6 гэсэн дундаж утга гарсан учир энэ асуудлыг нарийвчлэн судалж, тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл судалгааны мэдээллээр нарийвчлах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн.

“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр хоёр үндсэн асуудал тавигдсан. Үндсэн хуулийн хяналт шалгалтын механизм бий болгох, парламентын бүтцэд Мөрдөн шалгах түр хороо байгуулбал ямар вэ гэсэн асуудал хоёулаа өндөр хувиар дэмжигджээ.

Харин “Монгол Улсад Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай парламент байгуулах” сэдвээр нэлээд савлагаатай дүн гарлаа. Эхний шатанд ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр 1570 хүнээс авсан санал асуулгаар энэ асуудлыг 67 хувиар дэмжсэн байсан бол Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн дараа энэ байр суурь нэлээд гулгаж, 0-4 гэсэн үнэлгээгээр дэмжихгүй гэсэн байр суурь давамгайлсан.

Дээрх ерөнхий дүн санал асуулгын тайланд тусгагдаж гарч ирснийг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд, үүнд үндэслэж гаргасан зөвлөмждөө ард түмний санал асуулгаар бодитой дэмжигдсэн асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахдаа анхааралтай авч үзэх, харин эрс эсэргүүцсэн болон дундаж байр суурь илэрхийлсэн асуудлыг тодорхой судалгаа, мэдээлэл дээр үндэслэн, нарийвчлан үзсэнээр хэрхэн яаж тусгахаа шийдвэрлэх шаардлагатайг тусгасан” гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мод тарих өдрийг угтан, тарьц суулгацын үзэсгэлэн нээгдлээ

Энэ сарын 13, 14-нд тохиох “Мод тарих өдөр”-ийг өдрийг угтан “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдааны үеэр мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, жимс жимсгэнэ, таримал ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг уламжлалтай. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Үзэсгэлэн худалдаа ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ бямба, ням гарагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордныг зорьсноор хашаандаа мод тарих, ажлын ширээгээ гоёмсог цэцгээр гоёх, эсвэл үр хүүхдийнхээ өсөн торниж буй орчинд цэвэр агаар бэлэглэх тарих модны үр үрсэлгээ, тарьц суулгацыг хямд үнээр худалдан авах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Т.Алтангэрэл, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхбат нар оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталчихвал санхүүгийн зуучлалын өртөг буурна

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Байнгын хорооны хуралдаан дээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдахын ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хууль бол өмнө нь манайд байгаагүй цоо шинэ хууль. Энэ хуулийг Засгийн газрын зүгээс өргөн барьсан. 1990 оноос хойш манай улс банкны хоёр системтэй болсноос хойш санхүүгийн систем өргөжсөн. Үүнийгээ дагаад төлбөр тооцооны платформ ч гэсэн өргөжсөн. Харин энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь сүүлийн үеийн дэлхий нийтийн чиг хандлагатай холбоотой. Орчин үед дэлхий нийтээрээ цахим эринд амьдарч байна. Үүнийг дагаад банк, санхүүгийн систем ч гэсэн технологийн дэвшилд хүрсэн цахим хэлбэрээр өргөжиж байгаа. Тэгэхээр үүнийг уг хуулиар зохицуулах юм. Зохицуулахаас гадна цахим төлбөрийн системийг дагасан маш олон бизнесийн боломжууд бий болж буй учраас түүнийг нээж өгч, оролцогч талуудын статусыг маш тодорхой болгож өгөх юм. Дээрээс нь Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрхэн хяналтдаа байлгах вэ, шинэ боломжуудыг яаж тодорхой байлгах вэ гэдэг талаар зааж өгнө. Тиймээс энэ хууль цаг үеэ олсон хууль. Өнөөдөр баталлаа гэхэд маргаашнаас амьдрал дээр хэрэгжээд явах бүрэн бололцоотой.

-Банкууд шилжүүлэг хийхэд нэг хувийн шимтгэл авч байгаа. Үүнийг 0.6 болгоно гэж ярьж байна лээ. Тийм боломж бий юү?

-Аливаа банкны зуучлалын өртгийг өрсөлдөөний зарчмаар буулгах боломжтой. Нэг ёсондоо өрсөлдөөний зарчмаар өөрөө өөрсдийгөө зохицуулж явах ёстой. Төв банкны зүгээс өрсөлдөөнийг дэмжих сувгаар л оролцох боломжтой. Түүнээс биш захиргаадах, дарангуйлах аргаар оролцож болохгүй. Бид ийм сонголт хийгээд 27 жил банк, санхүүгийн системээ хөгжүүлээд явж байна. Зах зээлийн өрсөлдөөнд даатгахаас өөр аргагүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Гэвч арилжааны банкууд уг хуульд тийм ч таатай хандахгүй байх шиг байна?

-Банкууд уг хуулийг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй. Хууль батлагдсанаар банкуудын бизнесийг булааж авах гэж байгаа, эсхүл шинэ хуваарилалт хийх гэсэн зорилго огт байхгүй. Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлийг зах зээл рүү хэн нийлүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой. Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдлаар өрсөлдөөнийг дэмжье. Ер нь банкууд сүүлийн 27 жил шинэ тогтолцоогоороо маш сайн хөгжиж ирсэн. Ард иргэдэд санхүүгийн үйлчилгээг маш сайн хүргэж байгаа. 2000 оноос хойших бизнесүүдийг хараад байхад банкны салбар шиг технологийн дэвшил хийж, дэлхийн стандартыг нэвтрүүлж байгаа салбар цөөхөн. Яахав сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаа. Гэхдээ хөгжлийн түвшнээрээ банкны систем тэргүүлж байгаа гэж боддог. Цаашид манай улсын эдийн засаг тэлнэ. Тэлэхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Түүнийг банкны систем дангаараа хангаж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарна. Хэдийгээр банкны систем хөгжөөд байгаа ч гэлээ нөгөө талдаа хоёр дахь санхүүгийн зах зээл болох хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Тиймээс банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн. Хэрэв хөрөнгийн зах зээл адилхан хөгжөөд ирсэн бол банкууд ганцхан хадгаламж биш хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт татаж хямд өртөгтэй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэх байсан. Ингэж чадаагүй болохоор хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөж өнөөдрийг хүрлээ. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа юм.

-Тэгвэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Бид яриад л байдаг, яриад л байдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд нэмэр болоосой гэдэг үүднээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хамтран өргөн барьсан. Үүнийг банк, банкирууд эсэргүүцээд байх шаардлагагүй.

-Уг хууль батлагдчихвал гадны банк орж ирэх нөхцөл, боломж бүрдэнэ гээд байгаа биз дээ?

-Гадны банк манай улсад орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал. Одоогоос зургаа, долоон жилийн өмнө буюу эдийн засаг мундаг өссөн байх үед ийм хуультай байсан бол гадны банкууд уралдаад орж ирэх байсан биз. Харин өнөөдрийн эдийн засгийн өсөлтгүй, идэвхжилгүй, бизнес зогссон, улсын зээлжих зэрэглэл –B түвшинд оччихсон байхад хэн манайд бизнес хийх гэж орж ирэх вэ дээ. Тийм байлаа гээд энэ хуулийг хойшлуулж болохгүй. Батлах ёстой цаг хугацаа нь аль хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн. Хэрэв бид банкны системээ гадаад зах зээлтэй харьцуулж харъя гэвэл Сингапур, Люксембург гэхээсээ илүүтэй хуучин зүүн Европын улстай харьцуулах хэрэгтэй. Тэд 1990 оны үед яг манайх шиг тогтолцоотой байлаа. Бүгд ганцхан төв банктайгаа харьцдаг байсан. Харин 17 жилийн өмнө буюу 2000 оны үед банк санхүүгийнхээ системд либераль бодлого баримталж баруун Европын орнуудын банкуудад зах зээлээ нээлттэй болгосон байдаг. Өнөөдөр тэд бүгдээрээ хожсон. Хожихдоо хэн хожив гэхээр ард түмэн нь, бизнесийн байгууллага, эдийн засгийн орчин нь хожсон байдаг. Дэлхийн стандартад нийцсэн хөрөнгө оруулалтуудыг тэд татаж байна. Түүнийг нь дагаж мэргэжилтнүүд, технологи дагаад орж ирсэн. Ингэж эдийн засаг нь бүхэлдээ хожоод байдаг. Яахав хүчтэй ширүүн өрсөлдөөн байж таарна. Түүнд дотоодын банкууд ялагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч эцсийн ялагч нь тухайн улсын ард түмэн байдаг.

-Манай улс уг хуулийг баталчихаар ард түмэн хожно гэсэн үг үү. Уг хууль батлагдчихвал зээлийн хүү буурах уу?

-Санхүүгийн зуучлалын өртөг буурахад шууд болон шууд бусаар нөлөөлөх нь дамжиггүй. Зээлийн хүү буурах эсэх нь бас л цаг хугацааны асуудал. Өнөөдөр хууль батлагдчихаар маргааш гадны банк шахцалдаж орж ирээд зээлийн хүүг бууруулна гэж байхгүй. Аажимдаа буурах үзэгдэл. Гэхдээ бид энэ удаа уг хуулийг батлахгүй бол дахиад дөрөв, найман жил хүлээх эрсдэлтэй. Мөн энэ хуулийн тухай ярихаар тодорхой нэр заагаад тэр банк орж ирэх гэж байна, энэ банк Монголд салбартай болно гэсэн цуу яриа гарч байгаа. Тэрийг зах зээл өөрөө шийдээд явах юм. Ямар ч байсан уг хууль аль нэг улсын банкинд зориулагдаагүй. Хууль батлагдлаа гэхэд хэрэгжүүлэгч гол байгууллага нь Сангийн яам, Монголбанк байна.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Оюу толгой зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг мөнгөө Монголбанкаар дамжуулж байх тогтоол гарсан. Үүнээс болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байх нөхцөл үүсээд байгаа юм уу?

-Төсвийн тодотголын тухай хууль хэлэлцэж байх явцад нэг тогтоол гарсан. Оюу толгой болон бусад мега төслүүдийн төлбөр тооцоог дотоодын банкуудаар дамжуулах тухай үүргийг Ерөнхий сайдад өгсөн. Энэ сэдэв гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээн татсан. Хөрөнгө оруулагчид төдийгүй гадны хэвлэл мэдээллийн байгууллага үүнд ач холбогдол өгч анхаарлын төвдөө байлгаж байгаа. Элчин сайдууд хүртэл УИХ-ын гишүүдтэй уулзахдаа ярьж байна. Хэдийгээр ийм тогтоол гарсан боловч хэрэгжүүлэх үйл явц нь ямархуу шатандаа явж байгаа тухай мэдээлэл алга. ОУВС-гийн хурал дээр ч гэсэн уг асуудлыг яригдсан эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ зөвхөн энэ тогтоолоос болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад саад болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Цаашид асуудал яаж өрнөхийг харж байя. Гэхдээ батлагдсан тогтоолын төслийг би хувьдаа дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль яригдаж байхад ч гэсэн би ярьж байсан шүү дээ. Оюу толгойтой холбоотой тогтвортой байдлын анхны гэрээ хийж байх үед ийм заалт орчихсон юм билээ. Цаад талын хөрөнгө оруулагчдын шаардсаны дагуу олон улсын банкаар дамжуулж мөнгөн урсгалаа явуулна гээд заачихсан. Одоо энийг өөрчлөхөд нэлээд ажил орох байх. Ер нь нэлээн төвөгтэй асуудал үүснэ. Гэхдээ ямар ч байсан манай улсын зүгээс ийм сигнал өгнө гэдэг их чухал. Цаашид том мега төсөл явуулахад мөнгөний урсгалыг зайлшгүй дотоодын эдийн засгаараа дамжуулах ёстой. Тэндээс гарах үр өгөөжийг эх орондоо авч үлдэнэ гэдэг бол маш чухал.


Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсодном: В.Инжаннаш бол туульсын зохиолын XIX зууны үеийн аугаа их хөшөө дурсгалыг босгосон хүн

Их зохиолч Ванчинбалын Инжаннашийн 180 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр Монгол Улсын их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны Дугуй танхимд эхэллээ. Өнөөдөр өндөрлөх уг хуралд дотоод, гадаадын 22 илтгэгч илтгэл тавих юм байна.

XIX зууны Монгол бичгийн уран зохиолын нэрт төлөөлөгч Ванчинбалын Инжаннаш нь 1837 оны тавдугаар сарын 15-нд Өмнөд Монголын Зостын чуулганы Түмэд зүүн хошууны Шударга бат хороонд тайж Ванчинбалын VII хүү болон мэндэлсэн байдаг. Тэрээр

…Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч

Хөх үүл салхинаа хөврөх мэт

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөр бийрийг хөшиж юу хийнэ хэмээн шүлэглэсэн байдаг билээ.

Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.

-Манайхан В.Инжаннашийг “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” хэмээх үгээр нь мөн “Хөх судар” романаар нь илүүтэй мэдээд байдаг?

-В.Инжаннашийн аав Ванчинбал нь “Хөх судар” романыг бичиж эхэлсэн байдаг. Түүнийг нь В.Инжаннаш үргэлжлүүлж бичиж дуусгасан. В.Гуларанс, В.Сүнвэйданжүн, В.Инжинаш, В.Гүнначүг нар гэсэн эдгээр ах дүүс чинь гэр бүлээрээ бичиг, цэргийн эрдэмд сайн боловсорсон улсууд байсан. Тийм ч учраас эд нар утга зохиолын дугуйлан ажиллуулдаг, шүлэг, зохиол бичдэг, өөр хоорондоо холбоо шүлэг маягийн юм явуулдаг байж л дээ. Хамгийн гол зохиол болох Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” роман байна. Мөн “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим” зохиол бий. Энэ бол Хятадын түүхэн роман. Бэнсэн үлгэрийн жаяг дэг, хаялгаар л зохиол бүтээлээ туурвиж ирсэн ийм л учиртай.

Д.Цэрэнсодном

-Монголын уран зохиолд оруулсан энэ хүний хувь нэмэр гэвэл?

-Бид өөрсдийн энэ туурвилзүйн бүтээлийг Европынхтой харьцуулж жишдэг. Үүгээр бол “Хөх судар” бол яалт ч үгүй Монголын анхны түүхэн роман мөн байна гэсэн. Үнэндээ түүхэн романы нөхцөл, шаардлага, хэр хэмжээнд бүрэн нийцсэн давна уу гэхээс дутахгүй цараатай том бүтээл. Тиймээс Монголын анхны түүхэн романыг туурвисан. Өөрөөр хэлбэл, туульсын зохиолын XIX зууны үеийн аугаа их хөшөө дурсгалыг босгосон хүн мөнөөс мөн л дөө.

-В.Инжаннаш бодит амьдрал дээрээ ямархуу зан араншинтай хүн байсан юм бол оо?

-Нэг их урт наслаагүй. Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар”-ыг бичихэд үс цайж, чөмөг дундарлаа гэж өөрөө хэлсэн. Хүний биеийн энэ чөмөг чинь тархинд тэжээл өгдөг гол зүйл юм байна шүү. Тэгэхээр энэ бол айхавтар үг. Нэг ёсондоо биеэ тэгж айхавтар дайчилж ажиллана гэдэг чинь насаа богиносгож байна л гэсэн үг байхгүй юу. В.Инжиннашийн намтар түүхийг үзэхэд уян зөөлөн сэтгэлтэй, өрөвч хүн байсан шиг байгаа юм. Нэг баримт хэлье. В.Инжаннаш тайж язгууртай хүн шүү дээ. Тайж хүн болохоор албат, хамжлагат иргэдтэй. Гэтэл В.Инжаннаш алба, татвар, гувчуур элдэв шалдвын юмыг тэдгээр иргэдээсээ авч чаддаггүй байсан гэдэг. Өрөвдөөд авч чаддаггүй байсан байж болно. Хоёрдугаарт, В.Инжаннашийн төрж өссөн газарт тариалангийн соёл, мал аж ахуйн соёл буюу суурин болон нүүдлийн соёл хоорондоо таарахгүй мөргөлдөж байсан. Малын бэлчээрийг нь хагалаад л тариа тарина. Тэрнийг нь эсэргүүцэж газар нутгаа хайрлаж хамгаалсаар байсан. Хятадууд газар руу нь бүр эртнээс дайрч байсан. Тийм учраас В.Инжаннаш, түүний удам угсаа, дээдэс бол Хятадад бараг хамгийн түрүүнд ууссан, хайлсан. В.Инжаннаш чинь түмэд хүн шүү дээ. Одоо тэр Түмэдийн нутгаар явбал монголоор ярих хүн бараг байхгүй дээ. Тэгтэл Шилийн гол, Ордос, Хөлөнбуйраар очиход монголоор сайхан ярьцгаадаг. Тийм учраас нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил хоёрын зөрчил, зөрүүтэй холбоотой байх болов уу гэж боддог.

-В.Инжаннашийн яг юу нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг юм. Түүний уран бүтээлийн шигтгээ нь юу юм бэ?

-В.Инжаннашийн Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” гэж байна. Үүнээс харахад монголчуудын мандаж, хөгжиж, дэвжиж дэлхийн дэвжээнд гарсан цаг үе чинь тэр Юань улсын гүрэн байна шүү дээ. Тэрийг чинь л В.Инжаннаш тухайн үеийн сурвалж бичиг, зөвхөн “Монголын нууц товчоо”-г биш бусад сурвалжуудад судалгаа хийж, хачирлаж, олон чухал нарийн нандин, бидний мэдэхгүй үй түмэн зүйлийг бичсэн байгаа юм.

-Энэ хүний яруу найргийн бүтээлүүдийн онцлог юу байв?

-Туурвилзүйд хүүрнэл зохиолын маягаар өгүүлэхээсээ яруу найргийн аргаар хэлэх нь хүний сэтгэлд илүү хүрдэг байхгүй юу. Тэрийг л сонгож авч чаддаг авьяаслаг нэгэн. Хөрвөх чадвартай валют гэдэг шиг уран сайхны хувьд хөрвөх чадвартай том туурвигч, уран бүтээлч байсан. Ямар ч хэлбэрээр бичиж чаддаг. Хэлж байгаа түүхэн явдлууд нь асар их үнэ цэнтэй, чухал чухал зүйлүүд бий л дээ. Жишээ нь, Тайваньд байдаг Чингис хааны эх хөрөг гэж бий.

-Уг хөргийг Чингис хааны бодит төрхтэй хамгийн ойр очсон гэж манайхан ярьдаг?

-Тийм, тийм. В.Инжаннашийн “Хөх судар”-т үүнийг чинь хамгийн ойлгомжтой, тодорхой хэлчихсэн. Тэрийг нь манайхан анзаардаг юм уу, үгүй юм уу. Чингис хааны хүү Тулуй эзний хүү бол Хубилай цэцэн хаан. Хубилай Чингис өвөөгөө мэдэлгүй яахав дээ. Чингис хаан Хорезм болон дундад Азийг дайлаар одоод буцаад ирэхэд нь тосуулын улс дунд нь Хубилай есөн настай явж байсан байхгүй юу. Тэр үед эр хүний хүч чадал эрхий хуруундаа гэж үздэг байсан. Яагаад гэвэл нум сумаар харвадаг байсан учраас. Тэгэхэд Чингис хаан Хубилай гарыг бариад эрхий хурууг нь өчөөд хүчийг нь тандаж байсан гэдэг. Тэгж нүүр тулж байсан юм чинь Хубилай өвөөгөө мэдэлгүй яахав. Тэгээд сүүлд нь өвөөгөө өөд болсны дараа Хубилай төрийн хаан болчихоод дээдсүүдийнхээ хөргийг хятад зураачдаар зуруулсан. Зүгээр ч зуруулаагүй гэдэг юм, В.Инжаннашийн бичиж үлдээснээр. Хүний хөргийг гэрэл сүүдрийг аргаар цохиулаад хуулбарлах маягаар зуруулсан гэдэг. Одооны гэрэл зургийн аргын анхны хэлбэр нь Юань гүрний үед байжээ. Тэгж авсан зургийг Хубилай өөрөө хараад “Энэ болж байна” гэж зуруулсан тухай В.Инжаннаш бичсэн. Энэ бол маш үнэтэй мэдээ. Ийм юм их бий.


Categories
мэдээ цаг-үе

Эрдмийн баяртаа бэлтгээд баяр хөөр дүүрэн байгаа 1б ангийнхан

Урьхан хаврын энэ өдрүүдэд нэгдүгээр ангийнхны эрдмийн баяр болоод баяр хөөр дүүрэн байна. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн нэгдүгээр ангийнхан эрдмийн баяраа тэмдэглэхээр аль хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Тиймээс баярын бэлтгэлээ хийж буй тус сургуулийн 1б ангийнхныг энэ удаагийн нэг анги буландаа онцоллоо. Тэд эрдмийн баярынхаа өдөр сонингоо гардаж авна гээд бөөн баяр байгаа. Анги руу биднийг ормогц багш нь сонины сурвалжлагч ирчихлээ, гоё суугаарай хүүхдүүд ээ, та нарын зураг сонинд гарна гэхэд хүүхдүүд үнэн юм уу, яг биз, үнэн биз дээ гээд л итгэж ядан баярлацгааж байгаа нь илт байв. Багшийг хүүхдүүдийн ширээний голд зогсоож зураг авах гэтэл хүүхдүүд “Багш намайг хаагаад байна, холдооч, багш аа холд” гэцгээх юм. Багш нь инээмсэглээд л холдож өгч байна. Та нарыг сайн сурдаг, мундаг хүүхдүүд болохоор сонин дээр гаргах гэж байгаа юм гэж хэлэхэд урамшаад, зарим нь инээд алдан, нямбай гэгч нь зургийн хичээлдээ оролцож байхад зарим хөвгүүд нь карт тоглоод, картаа булаацалдаад л үймүүлчих янзтай шүү. Карт гаргаж ирсэн хөвгүүнийг ангийнхан нь эгч ээ, энэ манай ангийн “босс” гэж байна. Гаднаас танихгүй хүн ороод ирэхээр хүүхдүүд их хөөрдөг, ярилцах дуртай байдаг бололтой.

Харин ангийн багш Б.Баасанхүү “Манай хүүхдүүд биеийн тамираас орж ирээд, үдийн цайгаа уучихаад сууж байтал та нар ороод ирлээ. Биеийн тамираас ирээд хувцсаа солиод хоолоо идээд хөдөлгөөнд орчихсон байсан юм. Ер нь л биеийн тамир орохоор хүүхдүүд хөдөлгөөнд ороод их хөөрчихдөг болохоор дараа нь хичээлдээ орох гэж хэсэг бужигнана” гэж байлаа. Хүүхдүүдээс сургуульд орох гоё байна уу гэхэд “Гоё шүү дээ, сургуульд сурах сайхан. Бид уншиж бичээд сурчихсан” гэж байна. Энэ анги 46 хүүхэдтэйгээс 26 хөвгүүн, 20 охинтой юм байна. Энэ сургуулийн нэгдүгээр ангийн долоон бүлгээс хамгийн олон эрэгтэй хүүхэдтэй анги гэнэ. Ангийн багш Б.Баасанхүү 31 дэх жилдээ бага ангийн багшаар ажиллаж байгаа туршлагатай багш аж. Тэрээр 1986 онд багшийн сургууль төгсөөд, өөрийн төрөлх нутаг болох Ховд аймгаас ажлын гараагаа эхэлж байжээ. Ангийн багш ярихдаа “1980-аад оны нэгдүгээр ангийнхан болон одоогийн нэгдүгээр ангид орж буй зургаан настнууд асар их ялгаатай шүү дээ. 1986 онд намайг багш болж байхад нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд их тэвчээртэй, аливааг нухацтай удаан сурдаг, хүний үг хүлээж авах сонсохдоо сайн, хичээлээ удаан ойлгож, удаан хийдэг, нягт нямбай, жаахан бүрэг ичимхий байсан. Харин одоогийн нэгдүгээр ангийнхан аливаа хичээлийг маш хурдан сурна, дээд тал нь 15-20 минут л анхаарал нь төвлөрдөг онцлогтой, сэтгэл хөдлөл ихтэй. Гэхдээ аливааг хурдан сурна, гэсэн ч хоёр хоногийн дараа асуухаар мартсан байх жишээтэй. Их зөрүүд, дураараа. Бас амархан мартана, хэнээс ч айхгүй, хэлэх гэсэн үгээ хэн ч байсан шууд хэлдэг, жаахан зөрүүд шүү. Заримдаа хүүхдүүд маань багш аа би хичээл хиймээргүй байна гэдэг. Их дэврүүн, эрх чөлөөтэй байх дуртай зэрэг онцлогтой. Тиймээс бид хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулж, арга эвийг нь олж харилцана шүү дээ гэж байна. Цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглээд сурчихсан хүүхдүүд олон байдаг аж. Намар энэ ангид гутлаа үдэж чадахгүй хүүхэд нэлээд хэд байсан ч одоо бол бүгдээрээ гутлаа үдээд сурчээ. Мөн багш нь хүүхдүүдээ арвич хямгач байлгахын тулд харандаагаа хаяж болохгүй, жижигхэн харандаагаар ч бичиж болдог гэснээс хойш хүүхдүүд, харандаагаа чигчий хуруу шиг болсон ч үзүүрлээд л хэрэглээд байдаг болсон гэнэ. Хүүхдүүд эхний хоёр цагийн хичээлийг ямар ч хөдөлгөөнгүйгээр суугаад хийчихдэг ч дараагийн цагаас хөдөлгөөнд ороод эхэлдэг байна. Нэгдүгээр ангийн нэг цагийн хичээл 35 минут үргэлжилж ихэвчлэн 4-5 цагийн хичээлтэй байдаг ажээ.

Зарим хүүхдүүд багш аа би хичээл хиймээргүй байна гээд суучихаар нь багш нь за тэгвэл яахав, амарчих гэчихээд буцаж ирээд за миний хүүхэд зөндөө амарчихлаа, одоо хичээлээ хийчих гэхээр за гээд сайн хийчихдэг байна. Харин амарч болохгүй, чи хичээлээ заавал хийх ёстой гэж загнавал зөрүүдлээд, огт хичээл хийхгүй болчих тохиолдол бий гэнэ. Тиймээс зургаан настнуудын онцлогийг ойлгож, арга эвийг нь олох л чухал гэж ангийн багш ярилаа.

Энэ анги эрдмийн баяраараа хүүхдүүдээ 35 үсэг болгож хуваатал зарим хүүхдүүдэд үсэг давхцаж оногдсон гэнэ. Ангийн эцэг, эхчүүдийн төлөөлөл урлагийн хүн олонтой аж. Тиймдээ ч дуулж, бүжиглэдэг авьяастай хүүхэд олон бий гэнэ. Тийм болохоор эцэг, эхчүүд нь ярилцаж байгаад хүүхдүүдийн үсэгний дөрвөн мөртүүдийг дуулуулж байгаа юм байна. Шүлэг биш дуугаар үсгээ илэрхийлнэ гэсэн үг. Тухайлбал Алтантүлхүүр, Мягмарсүрэн, Батдаваа дуучдын хүүхдүүд энэ ангид сурдаг юм байна. 1б-гийнхэн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмцээнд оролцоод уран уншигчаар амжилттай оржээ. Гэхдээ баяр ёслол, урлагийн тоглолтод аль болох олон хүүхэд хамруулахыг хичээдэг гэнэ. Угаас боловсролын яамнаас дээр үеийнх шиг хүүхдийг онц сурлагатан, уран уншигч, цэвэр бичигтэн гэж ялгамжтай хандахгүй байх үүрэг өгдөг байна. Тиймээс аливаа арга хэмжээнд бүгдийг хамруулж, онц сайнаар нь ялгаж онцолдоггүй юм байна. Энэ ангийнхан сэтгэх чадварын улсын олимпиадад оролцоход нийт хүүхдийн 70 хувь нь хангалттай сайн гэсэн үнэлгээ авч, хоёр хүүхэд дээгүүр байр эзэлсэн байна. Мөн математекийн олимпиадад амжилттай оролцжээ. Б.Баасанхүү багш ярихдаа “Зургаан настнууд сургуульд орсноос хойш 3,5 жилд гайгүй сайн төлөвшчихдэг шүү. Тэгээд хүүхдүүд сайхан сууж сураад, багшийгаа гарсан хойгуур ч багш байгаа юм шиг хичээл хийж чаддаг болдог. За одоо л хүүхдүүд минь сайхан болж байна гэх үед дунд ангид шилжүүлчихдэг” гэв. Мөн тэрээр ирээдүйд хүүхэд ямар хүн байхад бага ангийн суурь төлөвшил их нөлөөлдөг. Багш ганцаараа хичээх биш. Үүнд эцэг эхийн оролцоо их чухал байдаг. Манай эцэг, эхчүүд ихэвчлэн залуу хүмүүс. Мөн хүүхдүүддээ сайн анхаарал хандуулж, багштай сайн хамтарч ажилладаг гэлээ. Хүүхдүүд гадуур явахдаа байгууллагуудын хаягийг чанга, чанга уншихад нь эцэг, эхчүүд нь саяхан л үсэг мэдэхгүй байсан жаахан хүү минь эрдэм сурч байна хэмээн ихэд баярладаг гэж ярьцгааж байна. Саяхан л сургуулийн босгоор алхаж байсан тэд аль хэдийнэ уншиж бичиж сураад эрдмийн баяраа тэмдэглэх гэж байгаа нь хүүхдүүдийн хувьд том баяр байлгүй яахав. Уншиж, бичиж, тоо бодож сурчихаад ирээдүйд эрдэмтэй сайн хүн болохоор хичээж буй цаас шиг цагаахан сэтгэлтэй, инээд шуугиан халгиасан эрдмийн энэ өргөөний эздэд өндөр амжилт хүсье.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр тохионо. Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ. Тиймээс хүүхдийн байгууллагын ойн өдөр тус байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгууллаа

Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүд ажиллана.

Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй. Тус зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 18-нд болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын А зааланд боллоо.

Хуралдаанаар “Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл”, “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Хуралдаан зарлах тухай”, “Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” болон бусад асуудлыг хэлэлцэв.

НИТХ-ын ээлжит X хуралдаан энэ сарын 18-нд болох бөгөөд хуралдаанаар “Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл”, “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэхээс гадна ирэх саруудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэх аж.