Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно

2017 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 9,10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 11-нд зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийт гишүүддээ хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Журмын нөхөд өө, эрхэм төлөөлөгчид өө

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье.

Ардчилсан Намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, гишүүдээ оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан Нам хүчирхэгжих болно.

Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцлагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. Эргэлтийн цаг үе гэдэгт би юуг хэлэх гэж байна гэхээр төрийн бүх шатны удирдлага, засаглал, нэг намын хараа хяналтанд бүхлээрээ орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж, эрх баригчид сонгуулиар санал авсан сайхан, сайхан амлалтуудаасаа бөөн бөөнөөр буцаж эхэллээ. УИХ дахь хэт олон суудалдаа эрдсэн МАН сонгогчдын санаа бодол, дуу хоолойг үл тоон хүч түрэх, дарангуйлах, тулгах замаар бодлогоо тулган шийдвэрээ гаргаж байна. Тэд хэдий олонхи ч гэлээ эв нэгдэлгүй, гаргасан шийдвэртээ туйлбаргүй цаг үргэлж эргэж буцаж байгаа нь эдийн засгийг туйлдуулж, царцанги байдалд оруулж байна. Үүнийг дагаад иргэдийн амьжиргаа ч царцаж, хөшиж байна. Сонгуульд ялж, Засгийн эрх авсан цагаасаа хойш МАН-аас тууштайгаар нэг мөр шийдсэн нэг ч асуудал одоогоор алга. Хамгийн сүүлд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ хүртэл гурвантаа ухарч, няцаж байж эцэст нь Үндэстэн дамнасан корпорацийн ашиг сонирхолд бүрэн бууж өгсөн байдлаар шийдэхийг та бид харлаа, үзлээ, сонслоо.

МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харууллаа. Тэд ядарсан иргэддээ ачааны хүндийг үүрүүлж долоон төрлийн татвар нэмж дарамтлах хирнээ Чингис бондоос асар их хэмжээгээр нь зээл авчихаад эргэж төлөх талаар бодох ч үгүй суугаа гишүүддээ юу ч хэлж чадахгүй байна. Уг тэднээс эргэн төлөлтийн мөнгийг нь авчихад л татвар нэмснээс гурав дахин их орлого олох байлаа. Энэ мэтчилэн сонгуулийн амлалтаа мартаж, сонгогчдоо дарамтлах нь цаашид улам бүр хараа хяналтгүй даамжирч, засч залруулж болшгүй хэмжээнд хүрэх, дарангуйлал руу гулсан орох урьдач нөхцлүүд хэдийнээ бүрджээ. МАН-ын бодлого шийдвэр жирийн гишүүддээ хүртээлгүй байна. Тэд хэдхэн хүний хүрээнд асуудлыг ярьж, тэдний шийдвэрийг гишүүддээ, хамтын удирдлагын байгууллагадаа тулган хүлээлгэх замаар шйидвэрээ гаргаж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна.

Хамгийн гол аюул нь эдийн засаг нэг улсаас хараат болох нөхцлийг эрх баригчид сэм сэмээр хэрэгжүүлж, Монголын эдийн засгийг олон улсаас бүрэн таслаж дөнгөлөө. Та бид өдөр бүхэн өмнөд хөршийн эдийн засаг, худалдаа бизнесийн давамгайлал, түрэлтийн мэдээг уншиж байна. Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё, давхар иргэншил олгоё, сая саяар нь авчиръя гэх уриалгууд төрийн дээд түвшнээс ил тод сонсогдох болжээ. 1990 онд Монголын ардчилагчдын амь бие үл хайрлан тэмцэж, сэргээсэн тусгаар тогтнол бүдэгрэх, алдагдаж болзошгүй нөхцөл байдал руу эрх баригчид өдрөөс өдөрт түлхэж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой, монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн энэ хуулиар дамжуулан Монгол Улсыг орд газар, баялагтай нь “барьцаалах” эрхийг олж авах нөхцлийг хангах гэж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн энэ заалт нь томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж, улмаар цааш дамжин зарагдаж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг УИХ-ын гишүүдэд сануулаад “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан билээ. Би энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна. Ардын намын санаачилсан хуулиас гадны банк Монголын газар нутгийг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах ёстой. Энэ бол монгол хүний ухаан санаанд буухгүй зүйл. Монгол хүнээс гармааргүй энэ мэт зүй бус санаачлага ахин хэд ч гарахыг бид хэлж мэдэхгүй, тийм учраас сонор сэрэмжтэй байх нь юунаас ч чухал болоод байна.

Ардчилсан хувьсгалын нэгэн том ололт нь Монгол Улс хойд хөршийнхөө дагуул улс байх аа больж, Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээ жинхэнэ утгаар нь тунхагласан явдал байсан. Тэгвэл өнөөдөр олон улсын шинжээчид, судлаачид нэгэн дуугаар Монголыг өмнөд хөршийн эдийн засгийн хяналтад бүрэн орсон хэмээн дүгнэх боллоо. Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би коммунистуудын харлуулан харуулах гэж хичээдэг шиг хятадыг үзэн ядагч биш ээ. Би Хятадын урт түүх, баялаг соёл, уламжлалыг хүндэтгэдэг, Хятадын ард түмний ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Би Монгол Улсад гаднаас ямар нэг ачлал үзүүлэх, тусламжийн гар сунгах, халамжлахыг хүсэх, шаардахын эсрэг байдаг. Харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагааны төлөө бат зогсдог. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн, маш амархан. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шудрага харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Эрх баригчид төрийн санхүү, хүн хүчний нөөц, давуу талаар түрээ барин, цахим луйвар, олигархиудын мөнгөн дэмжлэгт дулдуйдсан байдлаар сонгуульд оролцох гэж байгаагаа бодитоор үзүүлэн бардамнахыг саяхан хийсэн ТВ шоунаас нь олон бүгдээр харлаа, ойлгож мэдэрлээ. Ардын нам олигархи бүлэглэл, гаднаас хамааралтай бизнесийнхэнд найдаж байгаа бол би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна. Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтанд хүргэдгийг миний туршлага нотлоно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.

Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр – Тавдахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид “…төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавъяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно.

Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ зориулахаа андгайлъя. Би ялвал Монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ. Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

Бидний Монголчууд сэрэн мандах болтугай. Сайн үйлс дэгжин дэлгэрэх болтугай . Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах шийдвэрлэх чухал сорилтонд хамтдаа ялъя” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэвч харамсалтай нь Хэвлэлийн эрх чөлөөний баярын эл өдөр зарим сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага Цагдаагийн байгууллагын үүдийг сахиж өнгөрүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг Цагдаагийн байгууллагад өгөөд байгаа аж. Үүнд Zindaa.mn, Breakingnews.mn, Undesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд тайлбар хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Undesten.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, Zindaa.mn, Breakingnews.mn сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар оролцов.

Тус хурлын үеэр хоёр сэдвийг хөндөн мэдээлсэн бөгөөд эхнийх нь “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гэсэн гарчигтай нийтлэлийг сайтуудаасаа буулгах тухай цагдаагийн шахалт ирсэн тухай юм. Тус нийтлэлийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй гэсэн шалтгаанаар буцаан татах болсноо хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдэгдэв.

“Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлчдийн хувьд баярын өдөр байдаг. Баярын өдрөөрөө хар бараан зүйл яриад яахав гээд өчигдөр бид дуугарсангүй. Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй үйл ажиллагаа явагдах боллоо. Цагдаагийн байгууллагаас асуудлыг тодруулах нэрээр сэтгүүлчийн бичиж нийтэлсэн мэдээллийг мөрдөн шалгахын оронд сэтгүүлчийг өөрийг нь байцаадаг, айлган сүрдүүлдэг, эх сурвалжаа хэл гэж шаарддаг, захиалагчаа хэл гэж дарамталдаг, удаа дараа дуудаж, өдөржин үүдээ сахиулж залхаадаг явдал түгээмэл байсаар байгаагийн бодит жишээтэй өчигдөр бид нүүр туллаа. Гэхдээ бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, бид гаргасан нийтлэлээ буцаан татаж байна. ” гэв.

Хоёр дахь гол сэдэв нь Zindaa.mn, Breakingnews.mn сайтын тусгай сурвалжлах багийн бэлтгэсэн “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлэгтэй холбоотой аж. Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр бэлтгэсэн тус нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирж байна гэж үзэж буйгаа Zindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.

Тэрээр хэлэхдээ “Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ “Сауд Гоби Коэл Транс” ХХК ашиглалтын лиценз авч, уул уурхайн олборлолт явуулах гэж байгаагаас үүдэж Тооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийн буйлс устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг хөндсөн юм.

Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин ноцтой нөхцөл байдал үүсвэл бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно” гэлээ. Түүнчлэн олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн ёс зүйг чанд эрхэмлэн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээс айж эмээхгүйгээр зөвхөн үнэнийг олон нийтэд хүргэх ажлаа цааш үргэжлүүлсээр байх болно гэдгээ онцлон хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Бямбасүрэн: Энэ сарын 10-11-нд мод тарих талаар иргэдэд сургалт хийнэ

Энэ сарын 13,14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

– Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Ерөнхийлөгчийн зарлигт “Бүх нийтээр мод тарих өдөртэй байна” гэж зарласан. Энэ ч утгаараа манай яамны зүгээс жил бүрийн V, X сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг бүх нийтээр мод тарих өдөр болгож хэвшүүлж чадсан.

Энэ жил тавдугаар сарын 13, 14-нд “Мод тарих өдөр”-ийг зохион байгуулахаар юм. Энэ өдрийг угтаж сарын турш хэд хэдэн чухал арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” МҮЭСТО-нд болж байна. Бид тодорхой хугацаанд мод тарьж байгаа ч ургуулах, арчлах тал дээр хангалтгүй байгаа нь иргэдийн мод тарих мэдлэг, туршлага хомс байгаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг угтан аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, бусад мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хэн хаана ямар мод тарьж болох вэ гэсэн чиглэлүүдэд ажил зохион байгуулна.

-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд яамны зүгээс ямар шалгуур тавьж байгаа вэ. Чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс болж тарьсан мод ургахгүй байх тохиолдол байдаг шүү дээ?

-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн байгууллага хяналт тавина. Сайн дураараа мод тарих сонирхолтой иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах нь чухал. Стандартын шаардлага хангасан гэдэгт үндэсний систем нь хэр хөгжилтэй байна вэ, гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх байна уу гэх зэрэг нарийн зүйлс хамаардаг. Өмнө нь уулнаас мод ухаад ч юмуу, их хэмжээгээр хууль бусаар импортын тарьц суулгац оруулж ирэх тохиолдол гардаг байсан юм билээ. Энэ нь эргээд тарьсан мод нь амьдрах чадваргүй, тухайн орчиндоо зохицохгүй байх хүндрэл дагуулдаг. Иргэд маань ногоон л байвал тарьц сайн ургана гэж боддог. Гэтэл нахиа нь дэлгэрээд задарчихсан, тайван байдлаасаа гарчихсан үед тарьцыг суулгах нь ургахгүй байх нэг шалтгаан болдог. Тиймээс худалдаалж байгаа тарьц суулгацанд хяналт тавина.

Бид жил ирэх бүрт л туршлагажиж, мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал, Монгол орны газар зүйн байршил, ургамал ургалтын хугацаа баруун урдаасаа зүүн хойшоо чиглэж явагддаг. Ургамал ургалтын хугацаа эрт эхэлдэг говийн аймгуудад мод тарих ажил эхэлсэн бол хүйтэн аймгуудад бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил ургамал ургалт эрт эхэлж байгаа учир тарьц суулгацууд удахгүй нахиа нь задраад суулгах боломжгүй болчихно. Тэгэхээр тарьц суулгацаа зориулалтын байранд хадгалж байгаа.

-Үзэсгэлэнгээс суулгац тарьцаа авах нь илүү баталгаатай юу?

-Улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учраас баталгаатай. Энэ үеэр иргэдэд зөвлөгөө өгөх булан ажиллана. Аж ахуйн нэгж болон иргэн мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.

Хаана мод тарих боломжтой вэ?

-Нийслэлийн хувьд нийтээрээ очоод мод тарья гэхээр төвлөрсөн байршил одоогоор байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 970 га-д хэрэгжинэ. Түүнийх нь 170 гаруй га газрынх нь зураг төсөл хийгдчихсэн байдаг. Хөрс, агаарын чанарын байдлын судалгааг хийсний үндсэн дээр зураг төслийг хийдэг. Төв гудамжаар төлөвлөлтгүй улиас тарьсан байна төлөвлөлтгүйгээр мод тарина гэдэг нь буруу. Сошиалаар иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.

Иргэдэд сургалт зохион байгуулж байгаа гэсэн үү?

-Манай яамны зүгээс мэргэжлийн хүмүүс мод тарих хүсэлтэй иргэдэд зориулж, хашаагаа хэрхэн төлөвлөх, тарьц суулгацаа хэрхэн сонгох, цаашид модоо яаж арчлах талаар сургалт зохион байгуулах ажлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран нэлээд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хамгийн эхний сургалтаа Чингэлтэй дүүргийн иргэдэд хийсэн. Иргэд маш идэвхитэй оролцож, мод тарих чиглэлийн мэдлэг, мэдээллийг нарийн цэгцтэй авлаа гэдгээ илэрхийлж байсан.

Дараагийн сургалтууд маань 10, 11-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09-12, 13.30-16.30 цагийн хооронд болох гэж байгаа учир энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ байгаль орчны мэргэжилтэнд хандах эсвэл Нийслэлийн байгаль орчны газарт хандсанаар суух боломжтой болох юм. Салбарын яамнаас мэргэжлийн хүмүүсээр энэ сургалт зохион явуулж байгаа юм.

-Хөдөө орон нутагт Мод тарих өдрийг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт мэргэжлийн чиглэл өгсөн. Ойн тухай хуулийн 31.1.2-т бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд мод тарих газрыг сум дүүрэг, баг хорооны Засаг дарга сонгож, цаашдын арчилгааг нь зохион байгуулахаар үүрэгжүүлсэн заалт бий. Энэ хүрээнд Засаг дарга нараа салбарын яамнаас арга зүйгээр дэмжиж ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймаг нийслэл сум дүүргийнхээ хэмжээнд байгуулах гэж байгаа бичил цэцэрлэгтээ модыг ямар схемээр тарьж болох вэ гээд загвар зураг төслөө боловсруулаад хүргүүлж байгаа юм. Нэгэнт бий болгосон ногоон байгууламжийг хэрхэн арчлах ёстой вэ мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр Засаг дарга нарт чиглэл өгсөн байгаа.

-Мод тарьсан ч арчилж, ургуулна гэдэг амаргүй?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мод тарихаас эхлээд байгаль дэлхийгээ хамгаалах ажлыг дан ганц албаныхан хийдэг юм шиг ойлголт бий болчихож. Бүх нийтээр мод тарих өдөр өөрийн биеэр мод тарих боломжгүй иргэн бүр нэг модыг арчилж хамгаалах зардлыг хандивлана гэсэн хуулийн заалт байдаг. Өөрийн биеэр мод тарих боломжгүй юм уу газаргүй иргэд олон байгаа. Тэр хүмүүсийн мөнгийг хуримтлуулсан мөнгөөр талбайг арчлах боломжтой гэж би хувьдаа үздэг. Хаана, хаанаа сэтгэл гаргаж, эх дэлхийгээ ногооруулах буянтай үйлсэд хувь нэмрээ оруулаасай.

-Сайн дураараа мод тарих гэж байгаа иргэдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Мод тарихдаа таван жилийн дараа ямар хэмжээтэй болсон байх вэ гэдгийг төсөөлж төлөвлөөд модоо тарих ёстой. Жишээлбэл, орон сууцанд амьдардаг айл цонхныхоо доор улиас мод тарьчихаад таван жилийн дараа хоёр гурван айлын цонхыг хааж ургах жишээтэй. Мөн цонхныхоо доор ялаа, шумуул, хортон шавьж цуглуулдаг үнэртэй жимсний мод тарьчихвал хэцүү. Нөгөө талаас хүүхдийн тоглодог тоглоомын талбайд өргөстэй мод таривал буруу. Иймээс нэгдүгээрт нь модоо зөв сонгох, төлөвлөх хэрэгтэй.

Эмнэлэг сургууль цэцэрлэгийн хашаа мод тарихад илүү тохиромжтой. Яагаад гэхээр эдгээр газруудад хяналт тавих боломжтой.

Categories
мэдээ улс-төр

АН-ын их хурлын төлөөлөгчид Х.Баттулгыг Ерөнхийлөгчид “сойлоо”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвших нь тодорхой боллоо. Нууц санал хураалтын дүнг нэгтгэхэд их хурлын гишүүдийн 96.6 хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгчээ. Ялагчид намын нөхөд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүслээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг мөн 98.5 хувийн саналаар баталжээ.

Энэ удаагийн их хуралд 1206 гишүүн оролцсоноос 1071 гишүүн саналаа өгсөн байна.

Ардчилсан намын их хурал өндөрлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага маргааш дуусна

Цэрэг татлага зурган илэрцүүдУлаанбаатарт цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага маргааш дуусна. Зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих учиртай.

Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим газраар хур тунадас, нойтон цас орно

хур тунадас, нойтон цас орно зурган илэрцүүд

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 10-нд зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арван тонн шатахуун тээвэрлэж явсан автоцистерн онхолджээ

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булаг багийн “Цагаан шал” гэдэг газрын автозам дээр аймгийн төвөөс Дөргөн сумын чиглэлд 10 тн шатахуун тээвэрлэж явсан 79-75 УБҮ улсын дугаартай Камаз загварын чиргүүлтэй автоцистерн онхолджээ. Нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. 2017.05.05-ны өдрийн 17:00 цагт дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж жолооч А /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан, нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр

Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэж иржээ. Энэ өдөр нүүдлийн шувуудыг амьдарч буй орчинтой нь хамт хамгаалах шаардлагатайг хүн бүрт ойлгуулахыг зорьдог. Дэлхийн өнцөг булан бүрт шувуу судлах, хамгаалах сурталчилах, мөн олон төрлийн сургалт, шувуучлах аялалыг зохион байгуулдаг юм. Улаанбаатар хотод энэ өдрийг 2017 оны тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж байна.

Уг өдрийг энэ жил “Нүүдлийн шувуудын ирээдүй бол бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсад одоогийн байдлаар 489 зүйлийн шувуу бүртгэгджээ. Шувуудыг суурин амьдралтай, нүүдлийн, дайран өнгөрдөг, өвөлждөг, тохиолдлоор дайрдаг хэмээн ялгадаг. Монгол оронд дөрөвдүгээр сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Жимс идэштэн шувууд оройтож, шавьж хорхой идэштэн шувууд нь эрт нүүдэллэдэг ажээ. Монгол орны шувууд ихэвчлэн тав, зургадугаар сард үүрлэж, үрждэг.

Монгол орны нутаг дэвсгэрээр шувуудын нүүдлийн гурван гол зам дайрдаг. Жил бүр гадаад, дотоодын шувуу ажиглагчид, гэрэл зураг авах сонирхолтой жуулчид, шувуудын нүүдлийг ажиглахаар манай улсыг зорин ирдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Москва дахь ЭСЯ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийг бүртгэж эхэллээ

ОХУ-д ажиллаж, сурч хөдөлмөрлөж байгаа монгол иргэд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх ёстойг ОХУ дахь ЭСЯ-аас анхаарууллаа.

Бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 8:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд хийгдэж буй аж.
Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ба санал авах өдөр буюу 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай юм.

Түүнчлэн ЭСЯ-ны www.embassymongolia.ru цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд өөрийн биеэр авчирч өгөх эсхүл ЭСЯ-ны шуудан болон факсаар илгээн бүртгүүлэх боломжтой ажээ.

Бүртгэл нь баталгаажсан иргэд саналаа өгөхөөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авчрах шаардлагатайг ОХУ дахь ЭСЯ-аас анхааруулаад тус улсад оршин суугаа монголчууддаа төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхитэй оролцохыг уриаллаа хэмээн МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч мэдээллээ.