Олон нийтэд экологийн боловсрол олгох, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутаг, түүнтэй холбоотой асуудлууд, түүнийг шийдвэрлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор оюутан сурагчдын дунд зохион байгуулсан Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Эсээ, Илтгэлийн уралдаан 05-р сарын 24-ний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах газарт болж өнгөрлөө.
Тус уралдааныг Байгаль Очин, аялал жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэ Нэйче Консерванси Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл, мөн МУИС-ийн Экологи клубын залуус хамтран зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь Байгаль Орчны яам байгуулагдсаны 30 жилийн ой, “Байгаль хамгаалах сарын аян”, Олон улсын биологийн төрөл зүйлийн өдрийг угтан зохион байгуулагдсанаараа онцлогтой юм. Уралдаан нь ЕБС-ийн сурагчдын хувьд 1 шат буюу эсээ бичлэг, харин их, дээд сургуулийн оюутнуудын хувьд 2 шат буюу эсээ болон илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдсэн.
Арга хэмжээг нээн ТХГНУГ-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх “Өөрийн цаг завыг зөв боловсон өнгөрөөж, мэдлэг чадвараа дээшлүүлэн өөрсдийгөө сорихоор энд цугларсан оюутан залуус, сурагчдаараа маш их бахархаж байна. Та хэд маань энэхүү уралдаанд оролцохын тулд Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн талаар, мөн түүнд тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд бидний мөн төрийн оролцоо ямар байж болох вэ, зэргээр их эргэцүүлэн бодож илтгэл бэлдэцгээсэн байсан” хэмээв. Харин уралдааны шүүгчээр Хустайн БЦГ-ийн дарга асан Н.Банди, БОАЖЯ-ны ТХГН-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Э.Эрдэнэбаясгалан нар ажиллалаа.
Илтгэлүүд нь тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад бидний оролцоо, улсын тусгай хамгаалалтад авах ач холбогдол, олон улсын тусгай хамгаалалттай газрын сайн туршлага, мөн тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлал гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Уралдааны хүрээнд оюутан залуусаас нийт 20 илтгэл, ЕБС-ийн сурагчдаас 32 эсээг хүлээн авсан бөгөөд үүнээс 8 илтгэл 2-р шатанд сонгогдон хэлэлцүүллээ. Уралдаанд байгаль орчноос гадна, мэдээлэл технологи, хууль эрх зүй, мөн олон улсын харилцаа зэрэг өөр өөр мэргэжлийн оюутнууд илтгэлээ явуулснаас гадна орон нутгаас сурагчид идэвхтэй оролцсоныг энд онцолъё.
Тэгвэл оюутнуудын дунд зарласан илтгэлийн уралдааны 1-р байранд МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн 3-р түвшний оюутан М.Тэргэл, 2-р байранд МУИС-ийн Газарзүй Мэдээллийн Системийн 4-р түвшний оюутан Б.Мөнхтөр, 3-р байранд МУИС-ийн Мэдээллийн Системийн 3-р түвшний оюутан Я.Элбэгзаяа шалгарсан. Харин сурагчдын дундах эсээний тэмцээний 1-р байранд Орхон аймгийн 14-р сургуулийн 12б ангийн сурагч С.Энхжин, 2-р байранд СХД-ийн 12-р сургуулийн 12в ангийн сурагч Г.Баттуул, гутгаар байранд Төв аймгийн Баянцогт сумын 11а ангийн сурагч Э.Цолмон тус тус шалгарчээ.
Энэ үеэр НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн Э.Эрдэнэбаясгалан “Энэхүү тэмцээнийг зөвхөн энэ жил зохион байгуулагдаад дуусахгүй, дараа дараагийн жилүүдэд үргэлжлэн зохион байгуулагдахаар болж байгаа юм байна, манай төслөөс эдгээрт дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахад төлөвлөгөөтэй байна” хэмээсэн юм.
Тэгвэл өнөөдөр уралдаанд идэвхитэй оролцож байр эзэлсэн дээр дурдсан нэр бүхий оюутан, сурагчдыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хүлээн авч уулзан, шагналыг нь гардуулж талархал илэрхийллээ.