Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5, 6, 7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Month: May 2017
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Япон улсын Жайка байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-тэй хамтран дүүргийнхээ 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзлэгт 2017 оны 05 дугаар сарын байдлаар 18 сар хүрсэн нийт 445 хүүхдийг хамруулах юм. 18 сартай хүүхдийн үзлэг оношилгоог Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, 3 дугаар хорооны ӨЭМТ, 8 дугаар хорооны ӨЭМТ гэсэн 4 газарт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид дүүрэгтээ сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг хатагтай Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилон саатаж айлчлахыг хүсэн ерөөв.
Мөн өнгөрсөн жил АСЕМ-ийн уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад амжилттай айлчилсныг онцлоод айлчлалууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цаг зав гарган хүлээн авсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, Монгол орны хөгжил дэвшлийг биеэр үзэж байгаадаа байртай байна хэмээгээд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж буйгаа мэдэгдэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Монгол Улс, БНСВУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг Ю.Цэдэнбал, Хо Ши Мин нарын үед тогтоож, үе үеийн удирдлага өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирлээ. Энэхүү айлчлалын хүрээнд урьд өмнөх айлчлалуудын үеэр тохиролцож, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээг ажил хэрэг болгон үргэлжлүүлж, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайдтай амжилттай хэлэлцээ хийлээ.
Аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын асуудлаар санал солилцлоо. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Одоогоор худалдааны хамтын ажиллагаа хязгарлагдмал байна. Үүнийг цаашид хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Вьетнамын давуу талтай бараа бүтээгдэхүүн бол ХАА-н бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээрийг Монгол Улсад экспортлохыг хүсч байна.
Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг хүсч байна. Мөн Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй.
Түүнчлэн соёл, боловсрол, аялал жуулчлалыг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ барилгатай болж байгаад баяртай байна. Боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлж, оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой. Эрхэм Ерөнхийлөгч та 2013 оны 11 дүгээр сард БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхий сайд 2016 онд Монголд айлчилсан. Ингэж харилцан айлчлал тогтмолжиж байна. Энэ удаа БНСВУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахин айлчлахыг урьж байна. Олон улсын тавцанд ч хоёр орон харилцан бие биедээ туслах боломжтой” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүстэй уулзаж гэрээ, хэлэлцээ амжилттай болсонд баяртай байна. Таны гаргасан санал санаачилгатай би санал нэг байна.
Вьетнамаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт бүхэн сайн хөрөнгө оруулалт, ирж байгаа бараа бүхэн сайн бараа гэж бид итгэж байгаа. Энэ талын харилцаа сайн хөгжих боломжтой.
Хуучин ЗХУ-д бид олон Вьетнам нөхөдтэй хамт суралцаж байсан. Сайхан дурсамж үлдсэн байдаг” гээд уулзалтын төгсгөлд БНСВУ-ын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүллээ.
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг дагалдан тус улсын Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөл Монгол Улсад ирсэн байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах суулт тэмцлийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах гол шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан юм. Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулчихвал түүний хууль зөрчсөн олон үйлдлийг буцаан сөхөх боломжтой болно. Мөн Ерөнхийлөгчийн сэнтийнээсээ бууснаас хойш олгогддог эрх ямбуудыг эдлүүлэхгүй байх үндэслэл үүснэ хэмээж байв. Хэрвээ хоёр сарын дараа дараагийн Ерөнхийлөгч сонгогдон халаагаа өгвөл түүний хийсэн бүх ажил нь үргэлжлээд явах учир Ц.Элбэгдоржид хариуцлага тооцох боломж гарахгүй гэж байв.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах иргэдийн гарын үсэг цуглуулах, ерөнхийлөгчийн найман жилийн үйл ажиллагаанд дүн тавих үйл ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж 5,000 гаруй иргэдийн санал, дүнг цуглуулаад байна.
Энэхүү тэмцэлд “Дархан Монгол” нэгдэл, Ард Түмний Онц Түр зөвлөл, “Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”,”Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнийхөн нэгдсэн.
Ирэх Лхагва гараг буюу 2017 оны тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд суулт хийнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дараах үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байна.
-Монгол Улсад татвар төлөхгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөсөн.
-Мөн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөлгүй “Байнга төвийг сахих статус” гэгчийг дэлхий нийтэд шууд зарласан.
-Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д танилцуулалгүй ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35-р зүйлийн 35.1 дэхь заалтыг тус тус зөрчсөн.
-Үндсэн хууль, эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээрээ атал цаазаар авах ялыг хүчингүй болгох санал санаачилга гаргаж, цаазын ял сонссон хүн бүрд бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлнэ гэж хуульт ёсыг уландаа гишгэж, харгис гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн.
-Харийн шашны гаж урсгал МҮҮН-тэй холбогдож МҮҮН-ийн БНСУ дахь салбар байгууллагаас сонгуулийн санхүүжилтээ босгож байсан гэх зэрэг ерөнхийлөгчийг огцруулах олон үндэслэл байна.
Бид Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй тэмцээгүй, гадны гар хөл болсон том бүлэглэлийн ул үндэсийг нь таслах тэмцэл. Ерөнхийлөгчийг тангаргаа зөрчсөн эсэхийг тогтоох цор ганц байгууллага нь УИХ юм. Гэтэл ерөнхийлөгчид хариуцлага тооцох чадваргүйгээ УИХ нотлон харуулсаар байна.
Хэрэв УИХ хариуцлага тооцож чадахгүй юм бол сонгосон ард түмэн нь хариуцлага тооцно.
Бидний өмнө хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг сонголт байгаа” гэв.
Өмгөөлөгч Г.Батбаяр “Энэ Лхагва гараг гэхэд Үндсэн хуулийн 35-р зүйлийн хоёр дахь хэсгийг баримтлан ерөнхийлөгч тангарагаасаа няцсан болох нь Үндсэн хуулийн дүгнэлтээр тогтоогдвол хуралд ирсэн иргэдийн олонхийн саналаар огцруулна гэсэн заалтын хүрээнд мэдээлэл гаргаж байгаа.
Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэц дээр нотлон ярих болно. Ирэх Лхагва гарагт бид Үндсэн хуулийн цэцэд гомдолоо гаргана” гэлээ.
Мэдээлэл хийснийхээ дараа Г.Уянга үргэлжлүүлэн Сүхбаатарын талбай дээр суун гарын үсэг цуглуулах ажлаа хийнгээ ирсэн хүмүүст яагаад огцруулах болсон шалтгаанаа тайлбарлан сууж байлаа.
О.ӨНӨР
МАХН-ын бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан өдрөө МАХН-ынхан Тусгаар тогтнолын талбайд цуглаан зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл тус намынхан цуглаанаа өнөөдөр Тусгаар тогтнолын ордны өмнө үргэлжлүүлж байна. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-ын дарга М.Энхболдоос Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхийг шаардаж буй юм. Тэд эрх баригчдыг хуулийн байгууллагад нөлөөлж, Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эрхийг хааж байна хэмээн үзэж байна.
Тэдний ухуулах хуудсан дээр “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялгүй тооцох нөхцөл байдлыг заасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол ялгүйд тооцно гэсэн заалт. Ялгүйд тооцдог өөр нэг зарчим нь Өршөөлийн хууль гарсан бол ялгүйд тооцно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлд заасан өршөөл үзүүлэх зүйл заалтад хамрагдан өршөөгдсөн бол ялгүйд тооцно. 2015 оны наймдугаар сарын 11-нд гарсан Өршөөлийн хуулиар ялтай байдлын үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байгаа. Тэгэхээр Н.Энхбаярыг энэ хуульд хамаарч байгаа гэж хуульчид ойлгож явдаг” хэмээн тайлбарлан бичсэн байлаа.
“АТГ-аар “Н.Энхбаярыг ялтайд тооцно” гэх дүгнэлтийг гаргуулсан бол хуульчид, улс төрчдийн дийлэнх нь хууль зүйн үүднээс энэ нь боломжгүй гэж үзэж байгаа ч өдийг хүртэл энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэхгүй түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх шалтаг, шалтгаан болгон зүтгэсээр байна” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн “Чамайг шоронд түгжсэн нь “Айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо” Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай /Монгол Улсын Ардын уран зохиолч/” хэмээн ухуулах хуудсан дээрээ бичжээ.
О.ӨНӨР
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) нь энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон. Тус ажлынхаа хүрээнд Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэг нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7-р давхарт байрлах өрөөг Алсын зайн оношолгооны төв болгон бүрэн засварлан тохижуулж, 2017 оны тавдугаар сарын 05ны өдөр хүлээлгэн өгсөн юм.
Уг арга хэмжээнд Сүн Чон Хян их сургуулийн эмнэлгийн дэд захирал Дон Вон Бюн, Эрүүл мэндийн гадаад харилцаа хариуцсан хэлтсийн ахлах менежер Мюн Күк Парк болон бусад төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ.
Цаашид хамтран ажилласнаар бидний хувьд эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, алсын зайн оношлогооны төвөөр дамжуулан БНСУ-ын эмч мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцаж, эмч, мэргэжилтэн сургах, чадавхижуулах, хоёр талын эмч, мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулах боломж нээгдэж байгаа билээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байгаа билээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай.
Тухайлбал, Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн.
Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн. Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн ба гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээ нд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан боловч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай учраас ажлын хэсэгт эдгээр болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй бусад заалтуудыг өөрчлөх тухай санал оруулах нь зүйтэй хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзлээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ баг нийт есөн тамирчинтай оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ аваргын төлөө олимпийн аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтай ялагдан мөнгөн медаль хүртлээ. 64 кг-д Б.Чинзориг алтан медалийн төлөө мөн л дэвжээний эзэн Узбекистаны боксчинд ялагдснаар мөнгөн медаль зүүв. Монголын багаас энэ рингэнд 60 кг-д гавьяат тамирчин, олимпийн хүрэл медаль Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн билээ. Медаль хүртсэн дээрх дөрвөн боксчин ирэх наймдугаар сард Германы Ханновер хотод болох ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Монголын боксынхон багийн нийлбэр дүнгээр тус тэмцээнд оролцсон 29 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Сонирхуулахад энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон Ташкентаас 22 жилийн өмнө гавьяат тамирчин Т.Үйтүмэн алт, Ц.Батнасан хүрэл медаль хүртэж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд таны БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв.
Хоёр орны худалдааны хэмжээ 40 гаруй сая ам.доллар байгаа нь бодит боломжоос доогуур үзүүлэлт. Цаашид энэ чиглэлд анхаарч нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам улсын зах зээлд гаргахад чиглэсэн эхний алхмууд хийгдсэн тухай дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.