Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Мэдээллийн боловсролтой иргэд л амжилтад хүрч нийгэм хөгждөг

Сэтгүүл зүй судлаач, доктор Ж.Батбаатартай уулзаж өнөөгийн хэвлэл мэдээллийн зах зээл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэрэглэгчдийн мэдээллийн боловсролтой холбоотой цогц асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн зах зээлийн орон зай нэлээд хумигдмал болж байгаа нь юутай холбоотой вэ?

-Орчин үеийн мэдээллийн технологийн хурдтай хөгжил, мультмедиа соёлын хэт дэлгэрэлттэй холбогдон гарч байгаа нэлээд нийтлэг үзэгдэл л дээ. Өнөөгийн дижитал эрин үе нь өөрийн соёл, хэрэглээ, орчинг нэгэнт бүрдүүлж түүндээ зохицсон хэрэглэгчдээ ч төрүүлж байгаа нь уламжлалт хэвлэлийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх болсон нь ажиглагдаж байна. Гэхдээ ганц энэ ч биш ялангуяа манай орны хувьд өөр олон онцлог шалтгаан бий. Тэр дотроос мэдээлэл хүртэгч, түүнд оролцогч иргэдийн соёл, хэрэглээний түвшинтэй холбоотой нь гэвэл аливаа мэдээллийг үнэлэх, түүнийг амьдрал ахуйдаа ашиглах чадвар, боловсрол дутуу байгаа явдал юм.

Жишээлбэл, манай улсад чөлөөт хэвлэл хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд өмнөх социалист нийгмийн үеийн ямар нэг сонголт, харьцуулалт хийх боломжгүйгээр шууд тулгагдаж ирдэг, “үнэмших л ёстой” үзэл суртлын зорилготой мэдээллийг идэвхгүй хүлээн авч хэвшсэн манай иргэдийн мэдээлэлд хандах хуучин арга барил, хэвшил, зуршил нь өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа нь саад болж байна. Уг нь олон нийтийн мэдээлэлд орчин үеийн түвшний “хатуу шалгуур, шаардлага” тавих хэмжээний уншигч, хэрэглэгчид бий болж төлөвшсөн нөхцөлд бол тэд өөрсдөө хэвлэл, мэдээллийн чанарт нөлөөлөх гол хөшүүрэг нь болоод явчих учиртай.

Бас нөгөө нь манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чөлөөт хэвлэлийн үүрэг зорилгоо ухаарч, мэргэжлийн зарчим, ёс зүйгээ баримталж жинхэнэ чөлөөт хэвлэл шиг хэвлэл байж чадахгүй, олон нийтийн их ярьдаг захиалга, шантааж гээд элдэв бусын авир үйлдэл их гаргадгаас нь болоод олон хэрэглэгчийн итгэл алдрахад хүрч байгааг ч хэлэх хэрэгтэй.

Чөлөөт хэвлэлийн зах зээлийн жам хуулиас гадуур санхүүжигдэж амь тээдэг олон хэвлэл угаас жижиг зах зээлээ хуваагаад багталцахгүй байна гэж шүүмжлэх нь бий. Гэлээ гээд хэвлэлийн тоог хүчээр цөөрүүлэх, тийм бодлого барих боломжгүй л дээ. Учир шалтгааныг тодруулж илүү нарийвчилсан судалгаа, дүгнэлт хийж, сургамж авч зөв ажиллаж чадвал сэтгүүл зүй эрүүлжиж, чанаржиж, зах зээл нь тэлж тогтворжсоноор салбарын төдийгүй нийгмийн ухамсар, иргэдийн хөгжил, төлөвшилд ихээхэн тустай болох юм.

Ер нь хэвлэл, мэдээлэл ялангуяа уламжлалт хэвлэлийн зах зээлийн ийм хязгаарлагдмал байдал бий болоход нийгэм, технологийн хөгжил, хэрэглээний соёл, хэвшил, хэрэглэгчдийн бүтэц, сэтгэлгээний онцлог, зах зээлийн багтаамж, мэргэжлийн чадвар, бүтээгдэхүүний чанар гээд олон зүйл нөлөөлж байгаа.

-Тухайлж хэлбэл?

Наад зах нь зарим хэвлэл одоо бүх нүүр, булан нь, сүлжээний бүх хөтөлбөр, нэвтрүүлэг нь ил, далд төлбөртэй, захиалгатай болчихсон байна. Эзэн нь өнөөдөр ийм мэргэжлийн бус увайгүй ажлаараа ашиг олоод, болоод байгаа мэт ч бусдынхаа, салбарынхаа нэр хүндийг унагаж, улмаар мэдээллийн үйлчилгээний ирээдүйг нь үгүй хийж байгаагаа ухамсарлах чадваргүй цайчихсан, бүр амьдрах арга, хэв маяг нь болчихлоо. Энэ нь сэтгүүл зүй цаашлаад иргэдийг хохироож, нийгмийг бохирдуулж байгаа хэрэг учраас олны эрх ашгийн үүднээс цаашид тэднийг нийтэд зарлах зэргээр зохих хариуцлага тооцож явахгүй бол иргэд шударга бус, хор ихтэй хэвлэлээс улам л зайгаа авч дайжих болно. Ер нь олон нийтийн мэдээлэл үнэн бодитой, зөв шударга байх нь орчин үед хэрэглэгчдийн тавих зайлшгүй шаардлага, тухайн хэвлэлийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь болохоос редакцийн юм уу, хэн нэг эзэн, эрх мэдэлтэй эзний дур зоргын хэрэг биш юм.

Одоо чинь олон жил хэвлэл мэдээлэл, харилцаа судалсан мэргэжилтэнд байтугай мэдээлэлтэй байнга харьцдаг олон уншигч, үзэгчийн хувьд ч мэргэжлийн зарчмаасаа жаахан л гажвал тухайн хэвлэл, сэтгүүлч ямар зорилготой, ямар мессэж өгөөд, хөдөлгөөн хийгээд байгаа нь, хэний, ямар бүлэглэлийн эрх ашигт үйлчлээд буй нь тодорхой харагдаж мэдрэгддэг болчихсон байна шүү дээ.

Тийм болохоор шинэ мэдээллийн хэрэгслийн хөгжлийн энэ үед хэвлэл, мэдээллийн буруу булхай үйлдлүүд өөрийнхээ нас, орших хугацааг л богиносгож байгаа юм. Хэдий хурдтай өөрчлөгдөж буй боловч мэргэжлийн төвшний сэтгүүл зүйн чанартай мэдээллийн хэрэгцээ өнөөгийн соёлтой хэрэглэгчдэд байсаар л байгаа, цаашдаа ч хэвлэлийн мэдээлэл найдвартай, баталгаатай байж чадвал зах зээл одоогийнхоос өргөжих боломж бий.

-Өнөөгийн дүр зураг нь ямархуу байдалтай харагдаж байна?

-Хувь хүнтэй л адилхан шүү дээ, удаан хугацааны туршид бодитой, тулхтай байж чадсан, олон нийтэд тийм үнэлэмжээ алдаагүй барьж чадсан хэвлэл гайгүй, жаахан тавьтиргүй, итгэл алдсан овилгогүйнүүд нь хэрэглэгчдээ алдаж, аргагүйдэн янз бүрийн аргаар нохой хоргоож байгаа дүр зураг л голлон харагдаж байх шив. Нэлээд нь хөгжлийн хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлах, бусдын сайн туршлагаас суралцах, орчин цагийн шинэ менежмэнт хийхийн оронд нөгөө л захиалга хэрэгжүүлэх тэргүүт аль зохисгүй арга, техникт дулдуйдах бололтой юм аа, тэгэхээр хонгилын үзүүрт нэг л гэрэл харагдаж өгөхгүй тал руугаа болчих гээд байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмыг алдагдуулж, ингэж буруу солгой байдлаар ажиллах хэвлэл олон болоод байвал улс, нийгмийнхээ хөгжил, төлөвшилд эерэг сайн нөлөө үзүүлэх биш бүр эсрэгээрээ хор хохирол учруулахад хүрч болзошгүйг анзаарахгүй байж болохгүй.

-Бусад улс, орнуудтай харьцуулбал манайд ямархуу түвшинд байна, ялгаа, зөрүү их байна уу?

-Их өөр байна. Хэдийгээр сүүлийн 20-30 жилд нөхцөл шалтгааны дэлхий дахинаа уламжлалт хэвлэлийн зах зээл буурч ирсэн ч манайх шиг биш байна. Харьцуулан судлаад үзэхэд Европт, тухайлбал, Германд хэвлэмэл хэвлэл, сонины хэвлэгдэж байгаа тоо нь мөн үеийнхээс дунджаар 30 гаруй хувиар буурсан байхад, Японд 20 гаруй хувь, манайд энэ үзүүлэлт 80 хувиас ч дээш гарчихсан байх жишээтэй.Адилхан л хямралтай нөхцөлд ажиллаж байгаа ч гадаадын хэвлэлүүд бол зах зээлийн байдал, технологийн хөгжлөөс шалтгаалсан хөгжлийн хандлагуудыг мэдэрч өөрсдийн уншигч, сонсогч, үзэгчдээ бэлтгэх, зорилтот бүлэг, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд явуулах гээд гарцууд хайж амжилтад хүрч байгаа жишээ олон байна.

Бусад улсуудад харьцангуй тогтвортой байтал манайд яагаад ийм байна гэхээр орчин үеийн соёлын нэг салшгүй хэсэг болсон медиа соёлын өөрчлөлтийн ерөнхий хандлагаас илүүтэй манай уншигчдын онцлог, бидний туйлшрамтгай байдал, дээр хэлсэн олон нөхцөл, байдал буюу биднээс хамаарах шалтгаануудаас болж иймэрхүү байдалтай байна.

-Үүний сөрөг үр дагавар нь юу вэ?

-Өнгөц харахад сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын л асуудал, энэ бизнесийн зах зээлтэй л холбоотой зүйл мэт боловч үнэн хэрэгтээ бол нийгмийн асуудал шүү дээ. Ардчилсан нийгэмд, энэ мэдээллийн эрин цагт иргэд үнэн бодитой, чанартай мэдээлэл авах, хүртэх эрхтэй, тэрхүү үйлчилгээг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд голлон үзүүлдэг. Гэтэл манай хэрэглэгчид мэргэжлийн сэтгүүл зүйгээс авах ёстой тэр чанартай мэдээллээ хуурмаг, элдэв зорилготой мэдээлэл, үзэл бодол, хийрхэл давамгайлсан сошиал медиагаар хэтийдүүлэн сольж, орлуулдаг болчихоор нийгэм бүхэлдээ түүнд дөрлүүлэх байдалд орчихож байгааг бид сүүлийн үеийн олон баримт, үйл явдлын жишээнээс бэлхнээ харж байна.

-Энэ байдлаас гарахын тулд бидэнд одоо ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байна вэ?

-Өнөөгийн дижитал ертөнц, мэдээллийн орон зай чинь эрх чөлөө гэдэг үгээр халхлагдсан хүчирхийлэл, дайны талбар шиг байх ёсгүй шүү дээ. Ийм байдлаас иргэд, залуу хойч үеэ хамгаалах нь, тэднийгээ зөв хэрэглээнд сургаж, зөв чигт хөтлөх нь нэг талаас төрийн үүрэг мөн л дөө. Гэхдээ бүгдийг төр, засагт даатгаад орхиж болохгүй, наад зах нь л өсвөр насныхан, хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг холбогдох яам хориглосон нь үнэхээр чухал ч гэсэн энэ шийдвэр гарснаар бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш, эцэг эхчүүд ч мөн гэр орондоо хүүхдийнхээ хэрэглээнд ухаалаг зохицуулалт хийж, шаардлага тавьж байж л сая өнөө айхтар “дэлгэцийн өвчин”-өөс хүүхдээ хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг ойлгох, үүргээ ухамсарлах хэрэгтэй.

-Мэдээллийн боловсролын талаар тэр бүр яриад байдаггүй, энэ тухай манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юү?

-Чухамдаа мэдээллийн боловсролгүйгээс л мэдээллийн ертөнц, цахим орчноос шалтгаалсан сөрөг үзэгдлүүд нийгэмд их гарч байгаа юм. Мэдээллийн боловсролтой болохын тулд эхлээд media literacy буюу мэдээлэл харилцааны хэд хэдэн чиглэл, цогц мэдлэг, чадварыг танин мэдэж, сурч эзэмших ёстой болдог. Үүнд иргэдийн аливаа мэдээллийг үр өгөөжтэй ашиглах чадвар, мэдээллийг үнэлэх чадвар, задлан шинжлэх чадвар, бас орчин үеийн медиа соёлын орчинд мэдээллийг бүтээх чадвар орно.

Өөрөөр хэлбэл, дээрх чадваруудын цогц нь мэдээллийн боловсрол гэж ойлгож болно. Иргэд, хүүхэд залуу үеийнхэнд өнөөгийн мэдээллийн хязгааргүй их орон зайд мэдээлэлтэй харьцах чадвар, соёлтой болгох, тийм дадал хэвшил төлөвшүүлэхэд медиа боловсрол чиглэгддэг. Ингэснээр хэрэглэгчдийн аль ч төрлийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, мессэжүүдийг цогцоор нь ойлгох, уялдаа холбоонд нь авч үзэх, хэрэглэх чадвар нь дээшилнэ. Мэдээллийн боловсролтой иргэд л мэдээллийн үр өгөөжийг илүүтэй хүртэж, илүү амжилтад хүрч тэр хэрээр хүний хөгжил ч, нийгмийн хөгжил ч урагшлан ахиж дэвших юм.

-Та Монголын хэвлэлийн зөвлөлийн Ёс зүйн хорооны даргаар ажилладаг. Ер нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага хэр зэрэг үр дүнтэй арга хэрэгсэл вэ?

-Хэвлэл мэдээллийн өвөрмөц үйл ажиллагаанд өөрийн зохицуулалт чухал үүрэгтэй нь олон улсын сэтгүүл зүйн практикаар нэгэнт нотлогдсон зүйл болохоор бид тэр зүг рүү л явах ёстой. Өнөөдөр хамгийн гол нь манай редакциуд, сэтгүүлчид хэвлэлийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг ойлгож нэгдэн ажиллах нь чухал юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад болон хэвлэлээс шалтгаалж иргэдэд тулгардаг олон бэрхшээлийг хэвлэлийн зөвлөлөөрөө дотооддоо шийдэж хэвшин, тийм соёл төлөвшүүлж чадвал чөлөөт хэвлэл элдэв хуулийн зохицуулалт, дарамтаас ангид, хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм.


Categories
мэдээ цаг-үе

Таны хувийн мэдээлэл 50 мянган төгрөгийн үнэтэй юү?

Барьцаа шаардагдахгүй, барилга тойруулж гүйлгэхгүй таван минутын дотор хүүгүй зээл олгоно гэсэн мэдээлэл телевиз, радиогоор яваад байгааг та анзаарсан л биз дээ. “LendMN” банк бус санхүүгийн байгууллага иргэдэд гар утсандаа аппликейшн татаад хаа байгаа газраасаа зээл авахыг санал болгох боллоо. Энэ үйлчилгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур албан ёсоор эхэлсэн гэх боловч 2016 оны арваннэгдүгээр сард туршилтаар явуулж 3000 гаруй зээлдэгч уг компанид хандсан гэх мэдээлэл байна. Одоо бол хэдэн мянгаараа тооцогдох болж. Ямартай ч эдийн засаг элгээрээ мөлхчихсөн, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед гар утаснаасаа бүртгүүлээд хормын дотор зээл авахыг хэн хүнгүй л хүсэх байх. Энэ ч утгаараа иргэд “LendMN” банк бус санхүүгийн байгууллагад их хандах болж.Сүүлийн үед амтай бүхэн энэ зээлийн талаар ярих боллоо. Харин зээл олгогч тухайн хүний гар утсан дахь мэдээллийг барьцаа болгодог гэх мэдээлэл байна. Тиймээс таван төгрөг зээлэхийн тулд тантай холбоотой бүхий л мэдээлэл хэн нэгний гарт орж буруугаар ашиглагдах вий гэдгийг тунгаан бодож үзээрэй.

Зээлдэгчид ямар эрсдэл үүсч болох эсэхийг турших үүднээс дээрх аппликейшнийг гар утсандаа татаж үзлээ. Тус апп-ыг татахын тулд та заавал ухаалаг утастай байх ёстой. Учир нь зээл авахыг хүссэн хэн бүхэн гар утсандаа эхлээд “LendMN” аппликейшнийг татах ёстой. Үүнийг татсаны дараа зааврын дагуу овог, нэр, цахим шуудангийн хаягаа оруулна. Ингээд уг апп руу нэвтрэх нууц үг үүсгэж ороод тус компанийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зээлийн гэрээ байгуулах, бүртгүүлэх эсэхээ шийднэ. Тус аппликейшнд бүртгүүлээд 50,000-1,000.000 төгрөгийн зээл авах боломжтой юм байна.

Хамгийн гол нь үйлчилгээний нөхцөлд анхаарах хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хоёрт “LendMN ББСБ нь энэхүү аппликейшнээрээ дамжуулан гар утсанд байгаа мэдээллийг авахыг тухайн мэдээллийг зээлийн үйлчилгээтэй холбогдуулан ашиглахыг хүлээн зөвшөөрч байна”, гуравт “Бүртгүүлэх үед хэрэв би хүсвэл, өөрийн хүсэл сонирхлоороо өөрийн орлого тодорхойлох дансны хуулга харах интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ “LendMN” апликейшнд оруулснаар банкны дансны хуулгаа автоматаар “LendMN” ББСБ-д илгээх, хэрэв дансны хуулгаа автоматаар илгээсэн бол интернэт банкны нууц үгээ нэн даруй өөрчлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн байх юм. Мөн зургадугаарт “Зээл олгох эсэх, зээлийн нөхцөл буюу шимтгэл, хугацааг “Lend­MN” ББСБ шийдвэрлэн санал болгохыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн нөхцөлүүдийг та хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээл авах боломжтой.

Ингэхдээ зээл өгөхөөсөө өмнө Монголбанкин дахь таны зээлийн түүхийг судлах юм байна. Тэгэхээр та 500 мянган төгрөгийн зээл авахын тулд гар утсан дахь болон цахим банкны гээд бүхий л гол мэдээллүүдээ барьцаалж байна гэсэн үг. Мэдээж гар утсан дахь аппликейшндээ бүртгүүлсэн тохиолдолд таны бүхий л мэдээлэл “LendMN”-д хадгалагдана. “LendMN” таны зээлийг таван хормын дотор шийднэ гэж байгаа. Таны талаарх мэдээлэл тийм л дэлгэрэнгүй, нэг газар төвлөрч байна гэж ойлгож болох. Ер нь өөрийн мэдээллээ барьцаалж зээл авна гэдэг эргээд ямар нэг дарамтад орох магадлал өндөр. Харин “LendMN” ББСБ-ын мэдээллийн ажилтантай холбогдоход “Манайх ямар ч хүүгүй, барьцаагүй зээл олгодог. Иргэдийн гар утсан дахь мэдээллийг бид авдаггүй. Энэ тал дээр санаа зоволтгүй” гэв. Банк, ломбард бүгд зээл олгохдоо тодорхой хэмжээний хүү тооцож ашиг олдог. Тэгвэл дээрх байгууллага хүүгүй мөнгө зээлнэ гэх боловч хүү нь шимтгэл бололтой. Тухайлбал, та 1.000.000 төгрөгийн зээл авлаа гэхэд 30000-35000 төгрөгийн шимтгэл төлнө. Ингэхдээ хэдий хугацаатай гэдгийг “LendMN” ББСБ шийднэ. Хэрвээ зээлийн хугацааг хэтрүүлбэл үндсэн зээлийн таван хувьтай тэнцэж торгууль тооцох юм байна. “LendMN” нь Анд Системс компанийн Монголдоо анхдагч бие даасан технологийн бизнесийн судалгаа хөгжүүлэлт (R&D)-хийдэг компани гэх бөгөөд монгол инженерийн ур ухаанаар бүтсэн технологийн шийдэл гээд байгаа.

Тиймээс иргэдийн мэдээллийг нэг дор хуримтлуулж буй явдал хэр хууль ёсны вэ, эцэстээ иргэдийн эрх ашиг яригдахвий гэдгийг хууль хяналтынхан анхааралдаа авахад илүүдэхгүй л болов уу.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын банкуудад итгэдэг гадаад нь байтугай дотоод нь ч байхгүй

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох Монголын Засгийн газрын хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байлаа. Гэвч манай хүсэлтийг хэлэлцэлгүй хойшлуулсан. Коммунизмд ороод жаргана гэгчийн үлгэр шиг Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод жаргачих юм шиг л УИХ, Засгийн газар нь бүтэн жил гаруй ярьж, хөөцөлдсөн. Хөтөлбөрт хамрагдахын тулд ингэх ёстой гээд эрх баригчид иргэдийнхээ нуруун дээр ачаа болсон баахан татвар нэмж олонхиороо баталчихсан. Гэтэл Олон улсын валютын сан юунаас болж Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж аваагүйгээ 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодруулах асуудал үүссэн гэж тэд хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ юу болов.

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүний шахаж байж оруулсан санал буюу Төсвийн тодотголыг дагуулан баталсан 29 дүгээр тогтоолд гадны хөрөнгө оруулалттай компаниудын гүйлгээг Монголын банкаар дамжуулдаг байх ёстой гэж УИХ-ын тогтоол гаргаж өгөөд Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг явууллаа.

Ийм шийд сонсмогц “Рио Тинто” Олон улсын валютын санд гомдол гаргасан. Үүнийг болиулахгүй бол хойшлуулж өгөөчээ гэсэн л юм шиг байгаа юм. Үүнээс нь болоод Валютын сан ч хурлаа хойшлуулчихлаа.

Ер нь Рио Тинто, Дэлхийн банк, Азийн хөгжлийн сан, Олон улсын валютын сангийн цаана АНУ байдаг шүү дээ. Манай тэнэгүүд ойлгохгүй өмнө нь Азийн хөгжлийн банктай муудалцаад Валютын санд чагтлуулснаа тэнд очиж байж л мэдсэн. Ялсан намууд Монголынхоо хэдэн халтар иргэнийг хуурч санал авчихаад дэлхийд ялчихсан мэт их зан гаргаж байдаг. Одоо Валютын сангийн анхааруулгыг хүлээж авахгүй гэлцээд хэнэг ч үгүй байж байна. Магадгүй эрх баригчид анхнаасаа татвар нэмэх зорилгоо эдийн засгийн хүндрэл, Валютын сангийн хөтөлбөр гэж бидэндээ молиго үмхүүлж байгаад бүтээсэн ч юм бил үү.

Яг энэ бодлоороо Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын банкаар мөнгөө дамжуул гэж ярьж байгаа хэрэг юм. Манай эрх баригчдынхаар бол Оюу толгойнхон 1200 метрийн гүнд газар ухаж, хар бор ажил хийх зуур бид мөнгийг нь тоолсон шиг зогсох юм байх аа.

Гадны хөрөнгө оруулагчдын эрсдэлийг даах нэг ч банк манайд байхгүй. “Рио Тинто” шиг том хөрөнгө оруулагчийг үргээвэл ажин суугаа жижиг хөрөнгө оруулагчид бүр л цаашаа болно. Манай улс Олон улсын худалдааны байгууллагад элсээд хорь гаруй жил болж байгаа бөгөөд хуульд ч, Риотой хийсэн гэрээнд ч “Монголын банкаар дамжуулж гүйлгээ хийнэ” гэсэн заалт байхгүй байхад яасан гэж ингэж дураар авирлана вэ. “Рио Тинто” шиг том компани томоохон сүлжээ банкуудаар дамжуулж мөнгөө хадгалуулж хамгаалуулж, гүйлгээ хийнэ үү гэхээс хэзээд эрсдэлд ороход бэлэн, нууцлал хадгалдаггүй манай банкуудаар яасан гэж үйлчлүүлэх билээ. Монголын банкууд найдвартай байсан бол яая гэхэв. Гэтэл яадаг билээ. Нэгнээс нь ялгахын аргагүй улаан луйварчид шүү дээ. Худлаа гэвэл наад захын хэдэн жишээ дурдъя.

Засгийн газраараа нийлж байгаад бүхэл бүтэн банкны мөнгөөр казино тоглочихдог улс. Хадгаламж банкны 14 тэрбум гэхээр санаж байгаа биз дээ. Тэр тоглоомчдын бүрэлдэхүүн бүгд өнөөдрийн Засгийн газарт байгаа.

Тэгээд болоогүй банкийг нь дээрэмдээд Оросын луйварчдад зарчихаж байсан юм. Ийм хүмүүсийн мэдэлд байдаг банкинд итгэж мөнгөө хадгалуулах уу.

Толгойтой, эрх мэдэлтэй болгон зээл аваад зээлээ төлөхгүйн тулд бүхэл бүтэн банкийг дампууруулдаг. “Анод” банкийг яалаа даа. 2008 оны тавдугаар сард ХХК болгоно гэж Санхүүгийн зохицуулах тогтоол гаргаад тогтоолын хэрэгжилт хууль бус байна гэсэн шийд дараа нь гаргасан. Хаалттай компанийг нээлттэй компани болгосон хэрнээ хувьцаа эзэшигчдийн хурлыг ч зарлаагүй компанийн хууль зөрчөөд бүрэн эрхт төлөөлөгч гэж шууд томилоод ажиллуулсан. Дараа нь процедурын дагуу эрх хүлээн авагч томилж сүүлдээ Монголбанк хувьцаа эзэшигчдийн эрх ашгийг үл харгалзан Засгийн газрын шийдвэрээр “Зоос”, “Анод”-ыг дампууруулсан. Эздийг нь шалтаглаж шоронд хийгээд, хадгаламж эзэмшигчид нь одоо болтол хохирчихоод байж байна. Тэгж хохироосон хүмүүс одоо засаг барьж л байна. “Анод”д Монгол талын хөрөнгө оруулагч нь гэхэд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон байдаг. Эрнест Янг гэж гадны компанид олон мянган доллар өгч аудит хийлгээд үйл ажиллагаа нь хэвийн гэж байсан “Зоос”ыг 2009 оны арваннэгдүгээр сард Төрийн банк болгосон. 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын 348 дугаар тогтоол гарч Монголбанкнаас процедураа зөрчин бүрэн эрхт төлөөлөгч томилохгүйгээр тус банкийг найдваргүй гэж үзэн шийдвэр гаргаж Төрийн банкийг байгуулсан. Зоос банкны 635 хувьцаа эзэмшигчээс 125 нь гадаадын иргэд болон хөрөнгө оруулалтын сан, тэр дунд Японы 85 иргэн байдаг. Тэд мөн л хохирсон. Хачирхалтай нь Зоос банк Улсын бүртгэлд одоо ч хэвээрээ бөгөөд Зоос банкны эрх хүлээн авагч гээд найман хүн Төрийн банкны байранд ажиллаж байдаг. 2009 оноос хойш “Зоос”ын найман хүнийг удирдаж байгаа дарга нь л гэхэд олон саяын цалингаа Монголбанкнаас авсаар өдийг хүрчээ. Гэвч хувьцаа эзэмшигч гадна, дотнын иргэд хохирлоо барагдуулаагүй.

Дурын дарга бүх банкийг захиалж байгаад дампууруулдаг саяхны жишээ бас байна. Даргыгаа сонгуульд нэр дэвшихэд Үндэсний аюулгүй байдлын нэрээр банкнуудаас бизнес эрхлэгчдийн мэдээлэл, орлого зарлагын хуулгыг нэхээд компаниудыг дарамталж “Манай даргад хандив өг” гэсэн явдал бий. Эрхбиш хүн юм болохоор хөдөлмөрлөж хөлсөө шингээсэн хэдэн төгрөгөө хэн гуйсанд юу гэж өнөөх бизнес эрхлэгчид шууд өгөхөв. “Боломжгүй” гэж хэлэхээр нь “Энэ чинь тэгвэл юу юм” гээд өнөөх банкнуудын хуулгаа харуулж байгаад мөнгө авч даргадаа ч өгсөн юм байхгүй байшин бариулчихсан жишээ бий. Ингээд хүссэнд нь хүний нууцыг дэлгээд хадгалсан хэдийнх нь хуулгыг гаргаж өгөөд байхаар хэн мөнгөө итгэж хадгалуулах юм. Банкны нууц, харилцагчийнхаа нууцыг хамгаалж чаддаггүй ийм банкуудад гадныхан мөнгөө хадгалуулах уу, тийм банкаар гүйлгээ хийлгэх үү.

Дэлхийн топ компаниудын жагсаалтад банк ордоггүй бол Монголын топ компаниудын тал нь банк байх юм. Манай банкууд иргэдийнхээ хадгаламжийг цуглуулаад сийх ч үгүй бизнес хийчихдэг. Дэлхийн хаана ч банк ингэдэггүй. Ингэх ч ёсгүй. Гэтэл Монголд л ганцхан ингэж болдог. Хамгийн сүүлийн том жишээ Эрдэнэтийг худалдаж авсныг хар. Монголбанк Монголд байгаа валютыг хянахын тулд төгрөг гээд цаас хэвлэсэн. Ингээд л ард түмэн амаараа шороо үмхэхдээ тулсан даа. Валютын ханш үүнээс болж л хаданд гарч хянах аргагүй цаг цагаар нэмэгддэг. Ийм ард түмэндээ ээлгүй, сахилга батгүй, зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр банкуудаараа Оюу толгойн мөнгийг оруулбал өөрийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаад авчихад гайхах хэрэг алга. Монголын банкинд гайгүйхэн төсөл, бүтээн байгуулалтын ТЭЗҮ, шинэ санаа, тэр ч бүү хэл хамтрагчийнхаа нэрийг хэлж болдоггүй.

Зээл хөөцөлдөхөд нь банк энэ бүх мэдээллийг дэлгэрэнгүй нэхнэ. Өгөхөөр аль хэдийнэ булаагаад авчихдаг. Төслийг нь хуулж аваад зээл хүссэн хүнд олгох боломжгүй шалтаг хэлээд буцаана. Нэг ёсондоо мөнгө, банкны хүүгийн дарамтаас гадна иргэдийнхээ хийх гэж байгаа бизнесийг булаачихдаг ийм л банктай улс. Нэг л мэдэхэд гадаад түншийн дуу суларсаар сураг алдарвал банк түншийг чинь булаачихжээ гэж мэднэ. Нэг мэдэхэд үйлээ үзэж хийсэн төслийг чинь банкныхан бизнес болгочихсон байх болно. Ийм луйварчингуудад мөнгөө хадгалуулахад яаж ч дарамталж мэдэх.

Банкны зээл аваад эд хөрөнгөөрөө хохирсон хичнээн мянган иргэн бий. Шүүх дээр очлоо ч банк л дандаа ялна. Хуулийг нь банкны эзэн улстөрчид баталдаг болохоор арга ч үгүй биз. Ингэхээр аль олигтой мөнгөтэй төгрөгтэй нь яалаа гэж эдэнд мөнгөө өгөх юм. Энэ бүх дарамт, итгэл алддаг байдлаас чинь болж л оффшорчид бий болж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэдийгээр АНд хаягласан мэт боловч бүх намынханд хандсан үгэндээ “Танай нам гарч ирээд маш олон компани, бизнесмэнүүдийг дээрэмдсэн. Тэрнээс чинь зугтаж л тэд оффшорт данс нээсэн байж магадгүй. Цаашид бид оффшороор хэт их туйлширвал гадны хөрөнгө оруулалт ч нүүрээ буруулах байх шүү” гэсэн. Их мөнгөтэй хүн Монголын банкуудад мөнгөө зүглүүлэлт байхгүй. Банкны эзэд нь бүгд улстөрчид. Худалдаа хөгжлийн банкны С.Мэдрээ АН-ын голлох зүтгэлтний нэг, УИХд өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж байсан. Хөрөнгө оруулалтын банк УИХын гишүүн Д.Сумъяабазарынх, Капитал банк гэхэд л “Бишрэлт”ийнх. Бишрэлтийн цаад эзэн УИХын гишүүн Б.Ундармаа.

Төрийн банк, Хөгжлийн банк, Монголбанк бүгд улсынх. Төрийн банкийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан Д.Баярсайхан удирддаг бол Хөгжлийн банк иргэдэд үйлчилдэггүй.

Монголбанкны захирлаар ялсан нам хүнээ тавьдаг. Монголбанкны захирал Н.Баяртсайхан гэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан МАН-ын хүн. Ингэж ялсан улс төрийн намын шийдвэрээр бүх юм нь хөдөлдөг, банктай улсад ямар ч тэнэг мөнгө хадгалуулахгүй шүү дээ. Магадгүй гадны хөрөнгө оруулалттай томоохон компани тэр дундаа Оюу толгойг Монголын банкуудаар дамжуулж гүйлгээ хий гэж байгаа нь сонгуулийн шоу ч байж мэдэх юм. Ингээд нэг их ард түмэндээ хайртай, гадныханд хатуурхдаг төр болж жүжиглээд эцсийн дүнд нь сонгуулийн дараа ард түмний амьдрал бүр л өөд нар харахгүй болж дуусна шүү.

Гадны хөрөнгө оруулалтыг захирах гэж байгаад улс орных нь эдийн засаг сүйрсэн хамгийн том жишээ бол Венесуэль. Асар их баялагтай улс. Арваадхан жилийн өмнө тансаг амьдралтай байсан. Гэнэт Уго Чавес гадны хөрөнгө оруулалтад саад хийгээд эхэлтэл нөгөөдүүл нь хаяад гараад явсан. Валютын сангийнхантай муудалцсан. Одоо эдийн засаг нь хүнд. Ийм бэлээхэн жишээ бий. Бизнес эрхлэгчдээ татвараар дарамталсан Эквадор, хөрөнгө оруулагчдаа нүд үзүүрлэн хөөсөн Зимбабвегийн жишээ бидэнд тун ойрхон байна.

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухаантай ертөнцөд бид ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ?

Аrtificial intelligence буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд далайн хар салхи шиг хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед техник, технологийн ололт, шинжлэх ухааны анхаарлаа хандуулж байгаа сэдэв нь хиймэл оюун ухаан болоод байна. Дэлхийн толгой баячууд, технологийн салбарт бизнес эрхэлж байгаа эрхмүүд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх болж эхнээс нь туршилт, судалгааны ажлуудаа түргэвчлэх болсон нь нөгөө талдаа эмзэглэл төрүүлж байгаа юм. Хүний оролцоо багатай технологи нэвтэрч хүмүүс роботуудад зайгаа тавьж өгсөөр байна. Дэлхийд технологиороо тэргүүлдэг япончууд робот үйлдвэрлэлтээрээ гарамгай. Тус улсын эрдэмтдийн судалснаар ойрын таван жилийн дотор Япон улсад 2.5 сая хүн ажлын байраа роботуудад алдана гэдгийг тогтоожээ. “Мицүбиши”-гийн судлаачдын үзэж байгаагаар худалдагч, аялал жуулчлалын менежер, нягтлан бодогч, машинист, үйлдвэрийн дамжлагын ажилтнууд, хуульч, уурхайчин гэсэн долоон мэргэжлийн хүмүүс роботуудад ажлын байраа алдана гэжээ.

РОБОТУУДЫГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЭЗДИЙН МӨНГИЙГ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦАГИЙГ ХЭМНЭНЭ

Томоохон супермаркетуудад зул сарын баяр, Азийн Цагаан сар, улаан өндөгний баяр, валентины баярын үеэр кассан дээр “түгжрэл” үүсдэг. Ингэж түгжрэл үүсгэж байгаа шалтгаан бол худалдагч нь хүн учраас. Тэд андуурал эндүүрэл гаргана, үйлчлүүлэгчидтэй маргаан үүсгэж улмаар зохион байгуулагч, хамгаалагчаа дуудахад хүрнэ, мөнгөний хариулт өгөх гэж удна. Харин роботууд худалдан авагчийн барааг кодоор нь шууд бодоод бүр уутлаад өгнө. Энэ хооронд роботоос ямар ч хэл ам гарахгүй. Худалдан авагчдаа ч амар. Ийм учраас томоохон сүлжээ дэлгүүрүүд худалдагчдаа робот болгох саналыг дэмждэг аж. Үүнийг батлах гэсэн мэт Америкийн худалдааны “Амазон” сайт худалдагч, кассчингүй дэлхийн анхны супермаркетыг өнөө жил нээхээр болоод байгаа юм.

Сүлжээ дэлгүүрийн эзэд “Роботуудыг үйлчилгээний салбарт ажиллуулах нь цаг хэмнэх хамгийн зөв сонголт. Хүн хүний харилцаанаас үүсдэг удаашрал үгүй болно. Хэрэглэгч, худалдан авагчдад ч энэ таалагдах болно” гэсэн нэгдмэл байр суурь илэрхийлж байгаа ч үүнийг хүн төрөлхтний амьд харилцааг үгүй хийж байгаа алхам хэмээн шүүмжлэх хүмүүс ч буй. Шүүмжлэгчид “Эздэд шалтаг хэлдэггүй, цалин урамшуулал нэм гэж шаарддаггүй, чөлөө хүсдэггүй тийм л ажилтнууд хэрэгтэй. Тэд роботуудыг 24 цагаар 100 жил тасралтгүй ажиллуулахыг л хүсч байгаа” гэж хатуугаар тодорхойлж байгаа юм.

РОБОТУУД НИЙТИЙН ТЭЭВЭР, ХУУЛЬ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ Ч АЖИЛЛАХ БОЛНО

Дэлхийн улс орнууд нийтийн тээврийн хэрэгслүүдээ жолоочгүйгээр хэвийн ажиллуулах технологийг нэвтрүүлсээр байгаа билээ. Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл нь жолоочгүй. Тус улсын туршлагыг зарим орнууд сайшааж Эмират, Америк зэрэг улсууд зарим хотдоо уг технологийг нэвтрүүлсэн. Манай хоёр хөрш ч үүнийг сонирхож Шанхайд нэвтрүүлж эхэлсэн бол Москвад 2020 онд анхны туршилтаа хийхээр болоод байгаа юм. Иймээс удалгүй алга болох магадлалтай мэргэжлийн жагсаалтад машинистыг оруулжээ.

Үйлдвэрүүд бүрэн автоматжихын хэрээр хүний гар, хөлийн оролцоо үгүй болдог. Өнгөрсөн онд “Apple” автоматжуулсан дамжлагыг нэвтрүүлснээр 60 мянган ажилчнаа халсан. Хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудад үйлдвэрлэлийн дамжлагын шатанд хүмүүсийг ажиллуулах нь багассаар байгаа аж. Ингэхээр үйлдвэрийн дамжлагын ажилчин гэх мэргэжил удахгүй дуулдахаа байх гэнэ. Хуульч бол маш хэрэгтэй мэргэжил. Гэтэл Америкт хуульчид хэдийнэ роботуудад ажлаа алдаад эхэлсэн байна. Стэнфордын их сургуулийн “DNP” робот хуульч жилд 100 мянган хүнд үйлчилдэг бол “IBM” компанийн “Ross” нэртэй хуулийн автомат лавлах амжилттай ажиллаж олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа. Робот хуульчдад тулгарсан асуудлаа танилцуулахад маш богино хугацаанд мэдээллийг нягталж тал бүрээс нь гаргалгаа гаргаад эцсийн хариуг дор нь гаргадаг юм байна. Тиймээс ирээдүйд хуульчдын хэрэг үгүй болно гэж үзжээ. Харин энэ жагсаалтын долдугаар байрт уурхайн мэргэжлийг удахгүй устгана гэжээ. Гэхдээ үүнийг хүний сайн сайхны төлөө хэцүү ажлыг роботуудад шилжүүлж байгаа гэж тайлбарласан байна. Хамгийн хүнд хүчир ажил. Жилд олон мянган хүн уурхайн гүнд гэмтэж бэртэн, зарим нь амь насаа алдахад хүрдэг. Мөн мэргэжлээс шалтгаалах хүнд өвчтэй болж хоцордог. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад энэ байдлыг халахын тулд роботуудыг хүний оронд уурхайн гүнд ажиллуулах төсөл эхлүүлжээ. Ингэхээр 2030 оноос роботууд уурхайнд гүнд ажиллах нь.

Одоогоор асрагч робот, харилцагчийн гомдол, иргэдээс ирсэн мэдээллийг цуглуулж дээд удирдлагадаа хүргэдэг робот ч ажиллаж байгаа. Зөөгч роботууд ч дэлхийн улс орнуудад бий.

15 ЖИЛИЙН ДАРАА РОБОТУУД ХҮНИЙ АЖЛЫН 47 ХУВИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ БОЛНО

Америкийн хөдөлмөрийн биржээс гаргасан судалгаагаар 15 жилийн дараа бүртгэлтэй 700 гаруй ажлын байраас 47 хувь нь машинжих буюу робот гүйцэтгэх боломжтой болно гэжээ. Хиймэл оюун ухааны технологи улам хөгжиж, ахиц гарахын хэрээр хүмүүс роботуудад ажлын байраа алдсаар байх болно. Нээрээ тийм гэж үү хэмээн та гайхаж мэднэ. Улаабаатарын иргэд бидний хувьд 1990 он гарснаас хойш нийтийн тээвэрт тасалбар шалгагч буюу кондуктор гэдэг хүнтэй олон жил нүүр тулсан. Хамгийн яршигтай, хэцүү мэргэжилтэй хүмүүс кондуктор ч юм уу гэх бодол бараг хүн бүрт төрж байсан цаг үе саяхан. Гэтэл нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтэрснээс одоо кондуктор гэх хүмүүс алга болчихсон. Энэ бол хамгийн энгийн жишээ. Тэдний ажлыг одоо ямар техник гүйцэтгэж байна вэ гэхээр нэг муу жижигхэн аппарат. Картаа уншуулангуут “Оюутан”, “Өндөр настан”, “Хүүхэд”-ээр нь ялгаад картны үлдэгдлийг нь дэлгэцэн дээр гаргаад “Баярлалаа” гэж хэлж байна даг.

ДАРУЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ МЭРГЭЖЛҮҮД

Английн Оксфордын их сургуулийн гаргасан судалгаагаар банкны зээлийн ажилтан, теллер, зээлийн картын шинжээч, спортын шүүгч, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, буудал, рестораны ресепшн, даатгалын судалгааны ажилтан, дэлгүүрийн худалдагч, үзвэр үйлчилгээний цэгийн мэдээлэгч, тасалбар борлуулагч, казиногийн диллер, хуульчийн туслагч, цаг засварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл оруулагч, номын санч, сийлбэрчин, гар утас, камерын засварчин, нүдний шил, линзний мэргэжилтэн, шавьж устгагч, инженер, зураг зүйн техникч, газар зохион байгуулагч, барилгын оператор гэсэн мэргэжлүүдийг даруй устах мэргэжил гэж үзжээ.

ХАРИНЯМАР МЭРГЭЖЛҮҮД УСТАЖ АЛГА БОЛОХГҮЙ ВЭ?

Бүтээлч байдлыг дэмжсэн, урлаг, соёл, уран сайхны мэргэжлүүд халдашгүй байх бөгөөд эдгээр салбарт роботууд халдаж чадахгүй гэж үзсэн байна. Дижитал мөнгөн дэвсгэртийн мэргэжилтэн, боловсролын ажилтан, бага сургуулийн багш, гал сөнөөгч, цагдаа, хүнс тэжээлийн мэргэжилтэн, мэс заслын эмч, дотрын эмч, эрүү нүүрний эмч, сэтгэлзүйч, чихний эмч, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг ухуулагч гэсэн ийм мэргэжлүүдийг роботууд хийж гүйцэтгэж чадахгүй. Учир нь эдгээр мэргэжлийн программыг роботуудад суулгалаа ч тэдэнд хүнийг гэх сэтгэл, хайр, хүндлэл байхгүй учир дээрх салбаруудад хэзээ ч роботуудыг ажиллуулахгүй аж. Гэхдээ Японд дуу хөгжим зохиодог хиймэл оюун ухаант технологи аль хэдийнэ хүрээгээ тэлж олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа. Үүнийг харин Оксфордын судлаачид байж болох зүйл ч, хэдэн жилийн дараа хүний зохиосон бүтээлд шахагдаж зах зээлээс гарна гэж үзжээ. Гэлээ гэхдээ урлаг, уран сайхны мэргэжлийг роботууд хэзээ ч гүйцэтгэхгүй юм байна гээд бүх хүн дуучин, жүжигчин, кино найруулагч, зураач мэргэжил сонгохгүй нь ойлгомжтой. Ингэхээр бид хиймэл оюун ухаан хүчтэй нэвтэрч байгаа энэ ертөнцөд ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Роботуудын хэзээ ч гаргаж чадахгүй бүтээлч зан, ажилдаа чин сэтгэлээсээ халуун дулаан үнэнчээр хандах сэтгэл, хамгийн гол нь хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн мэдрэмжийг сонсч түүнийг ажил хөдөлмөртөө шингээж байх нь ирээдүйд ажлын байраа алдахгүй байх том хөшүүрэг болно. Роботууд өгсөн программын хүрээнд л нэг үйлдлээ мянгантаа давтдаг бол хүн дотоод сэтгэлээрээ чин үнэнчээр ажиллавал ямар ч хүрээнд баригдахгүй ажиллах боломжтой юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оюунтуяагийн “Үсэг бичиг мэддэггүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж явах юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Эдийн засгийг дампуурлаас гаргаж чадна” ярилцлага оржээ. Тэрээр Үндсэн хуульд ямар ямар өөрчлөлт оруулахаар ярьж байгаа талаар дурджээ.

Улс төрийн тавдугаар нүүрт Зөрчлийн тухай хуульд тусгагдсан иргэдийн мэдвэл зохих заалтуудаас танилцууллаа. Зөрчлийн тухай хуульд нийтдээ 1600 гаруй зөрчил багтсан бөгөөд 10 зөрчил дээр 100 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа юм байна.

“Яг түүн шиг” шоуны гурван удаагийн ялагч болоод байгаа “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүүтэй хийсэн “Намайг өөрийнхөөрөө яаж дуулдгийг сонсъё гэсэн хүмүүс их болсон” ярилцлага 13-р нүүрт нийтлэгдлээ.

Барилгачдын талбайд энэ сарыг дуустал гарах мод, бут сөөг, үр үрсэлгээний үзэсгэлэнгийн талаарх өдрийн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын 1, 15-р нүүрээс дэлгэрүүлэн уншаарай. Эндээс та хашаандаа болон гэртээ тарьж ургуулах цэцэг болоод бусад суулгацыг хэрхэн арчлах болон бусад мэдээллүүдийг авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол дагуурын дархан цаазат газрыг юнескогийн дэлхийн өвд бүртгүүлнэ

Олон Улсын Дагуурын Дархан Цаазат газрын 2017 оны ажлын хэсгийн уулзалт энэ сарын 4, 5-ны өдрүүдэдэд Улсын Тусгай Хамгаалалттай газруудын Дорнод Хамгаалалтын Захиргааны Мэдээллийн төв, Чойбалсан хотод зохион байгуулагдлаа. Тус уулзалтын үеэр Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн явц болон цаашдын баримтлах бодлого, бэлтгэлийг хэлэлцэх, Олон Улсын Дагуурын дархан цаазат газрын 2016 онд хийгдсэн судалгаа, сурталчилгааны ажлуудын тайлан болон 2017 оны хамтран хийх ажилуудыг хэлэлцэх болон бусад хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтад ОХУ-ын Даурский Дархан Цаазат газар, БНХАУ-ын Хөлөн нуурын БНГ-ын төлөөлөгчид, Монгол Улсын талаасУлсын Тусгай Хамгаалалттай газруудын дарга, албан хаагчид оролцолоо.

Уг хурлаар Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн явцыг онцлон хэлэлцлээ. Мөн Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар /ОУДДЦГ/ 2017 онд хамтран хийх ажлын жагсаалт, төлөвлөөгөөгөө хавсралтаар гарган, гарын үсэг зуран баталгаажуулжээ. Уг хавсралт нь судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, бусад хамтын ажиллагаа, 2018 оны хамтран хийх ажлын санал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 2017 онд ОУДДЦГ-ын хүрээнд Монгол Тарвага, нүүдлийн болон усны шувууд, хөхтөн амьтан, цагаан зээр, ургамалын судалгаа зэрэг давхардсан тоогоор 13 тооны судалгаа шинжилгээний ажлыг хамтарсан болон бие даасан байдлаар хийж гүйцэтгэхээр тогтсон байна.

Сургалт сурталчилгаа, экологийн боловсрол олгох ажлын хүрээнд дараах зүйлүүд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  1. 3 улсын хүрээнд “Дагуурыг хээрийг дагууд нь хайрлая” экологийн сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны ирсэн бүтээлүүдээс ялагч хүүхдүүдийг улс бүрээс тодруулах
  2. Уралдааны ялагч хүүхдүүдийг ОХУ-ын Даурскийн дархан газарт аялан сургалт хүүхдийн экологийн зуны амралтанд амрах эрхээр шагнах
  3. Олон улсын Дагуурын дархан цаазат газарт авсан Дагуурын дархан газрын түлхүүр зүйл амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг /видео/-г талууд харилцан солилцох
  4. Цагаан зээр эсвэл ховор шувуудын талаар талууд өөрийн улсдаа жүжигчилсэн урлагын арга хэмжээ уралдаан зарлан, шилдэг үзүүлбэрийг 3 улсын хүүхдийн аялан сургалт дээрээ тайлагнаж байх зэрэг хамтран хийх ажлуудаа харилцан тохирлоо.

Хурлын үеээр Даурский Дархан Цаазат газрын дарга Вадим Кириллюк тус Дархан цаазат газрын байгуулагдсаны 30 жилийн ойг угтан , Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газрын дараагийн ажлын хэсгийн уулзалтыг 2018 онд ОХУ-ын тал зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Аюултай хог хаягдал устгах байгууламжийг гурван цэгт байгуулна

Д.Оюунхорол зурган илэрцүүдХог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцэж байна. Гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-Монгол Улсад хог хаягдлыг дахин боловсруулж, экспортолж байгаа хэмжээ ердөө нэг хувьтай байдаг. Бид энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо хэрэгжиж буй хуулиар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулаагүй байсан. Харин энэ хуулиар бүрэн зохицуулах боломжийг олгоно. Мөн хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд хаана, хэн, ямар шийдвэр гаргах, шаардлага тавих зэргийг тодорхой болгож байна. Хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн хог хаягдлыг бууруулах зорилгыг агуулсан хууль гэж болно.

-УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр аюултай хог хаягдлыг хэрхэх болон дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг нэлээд сонирхлоо?

-Улаанбаатар хотын ойролцоо аюултай хог хаягдлыг устгах байгууламж байдаггүй. Тиймээс аюултай хог хаягдал устгах байгууламжийг 37.5 га газарт гурван цэгт байгуулахаар болсон. Гэхдээ хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тусгасан байгаа. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлага маш сул байсныг чангаруулсан. Мөн зөрчлийг мэдээлсэн иргэдэд урамшуулал олгохоор болж байгаа. Ерөнхийдөө хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг нийгэмд бий болгох шаардлагатай байна. Хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар тогтмол мэдээлэл явуулдаг болох шаардлага бий.

-Хог хаягдал үүсгэсэн аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцдог болж байгаа гэсэн?

-Үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх гэсэн зарчмыг баримталж байгаа. Тодруулбал, зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдсэн хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах ажлыг импортолсон болон үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцдаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон мянган архины шил эсвэл цаасны хаягдлаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдөө татаж авч шийдвэрлэх зохицуулалтыг оруулж өгсөн.

-Төрийн мэдлийн хаягдал боловсруулах үйлдвэр хэд байдаг бол?

-“Жайка”-гаас барьж өгсөн нэг жижиг үйлдвэр бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан үйлдвэр байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлүүдийг нь боловсруулсан хэрэгжиж чадаагүй зүйлс бол бий. Тиймээс концесс болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог хаягдал боловсруулах үйлдвэр барихгүй бол хогондоо дарагдсан Улаанбаатар болчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ ч үүднээс нэлээд нарийн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр хог боловсруулах үйлдвэрүүдийг баривал төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа.

-Төр, хувийн хэвшил хамтарсан үйлдвэр байдаг уу?

-Одоохондоо байхгүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн ямар орон тоотой, тоног төхөөрөмжтэй ажиллах вэ гэдгээ гаргана. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшилд 23 хог хаягдал боловсруулах жижиг хэмжээний үйлдвэр байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байхад гол нь хог хаягдал тээвэрлэсэн, зөөвөрлөсөн зардал дээр тодорхой байдлаар дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгосон барааг худалдан аваач гэсэн хүсэлт илэрхийлдэг. Үүнийг бид хуульд тодорхой зохицуулалт хэлбэрээр оруулж өгсөн.

Categories
мэдээ нийгэм

Төв, Сэлэнгэ, Сүхбаатарт гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ

ой, хээрийн  түймрийг унтраажээ зурган илэрцүүд

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Дэнгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Хоолтын даваанд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 15 хүн дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14:04 цагт бүрэн унтрааж, тус сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт 1 га орчим талбай өртсөн/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугат тосгон багийн “Гозон ” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:30 цагт цурамд оруулсан. /Түймэрт 1 га орчим талбай өртсөн/.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Цахилдаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 30 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:30 цагт цурамд оруулж, 05.08-ны өдрийн 06:13 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болох гэж байна.

Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.

Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм.

Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэнэ.

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, уг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хийгдэх эдгээр шинэчлэлийн талаар хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

МАН зөвлөлдөх санал асуулгын үр дүнг сонсчээ

Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаарх мэдээллийг сонсчээ.

УИХ-аас баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд өнгөрсөн сарын 29-30-нд Улаанбаатар хотноо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 700 гаруй төлөөлөгчдийн дунд явуулсан. Улмаар тус санал асуулгаас гарсан дүнг нэгтгэсэн зөвлөмжийг УИХ-д хүргүүлээд байна.

МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Учир нь БНСВУ-ын дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаатай холбогдуулж Төрийн ордонд ямар нэг үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байгаа юм.