Categories
мэдээ нийгэм

Шүдний эмнэлэгүүдийн рентген аппаратын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг хамрагдсанаас 15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Ингэснээр сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлэв хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Мөн дээрх шалгалтаар шүдний эмнэлгүүд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн нийтлэг зөрчил илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Москва хотноо ялалтын парад ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Энэ удаагийн баярын парад уламжлал ёсоор явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн байлаа. Гэвч цаг агаарын нөхцөл байдлын улмаас парадад нисэх онгоц, нисдэг тэргүүд оролцох боломжгүй болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Ингэснээр парадад 10 мянган цэргийн албан хаагч, 114 нэгж байлдааны техник оролцлоо.

Парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авч, Оросын зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков парадыг удирдав.

Кремлийн цагны хонх дуугарсны дараа Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг барин Улаан талбайд орж ирлээ. Ялалтын тугийг 1945 оны 5 дугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан юм.

Байлдааны машин техникийн цувааны тэргүүнд Аугаа их Эх орны дайны үеийн шилдэг танк болох “Т-34” танк явж байлаа. Түүний араас “Арбалет” байлдааны модуль бүхий “Тигр-М” хуягт автомашин, танк эсэргүүцэгч “Корнет-Д1” пуужинт систем болон “Тайфун-М” и “Тайфун-К” хуягт автомашинууд явж өнгөрөв.

Улаан талбайд болсон байлдааны техникийн жагсаалын үеэр анх удаа Арктикийн нөхцөлд ашиглаж болох зенитийн пуужингийн “Тор-М2ДТ” цогцолбор болон зенитийн пуужин-их бууны “Панцирь-СА” цогцолборыг олон нийтэд үзүүллээ. Эдгээр цогцолборыг ДТ-30 гэдэг гинжит тээвэрлэгчийн суурин дээр зохион бүтээсэн бөгөөд огт зам харгуйгүй, хэт хүйтэн нөхцөлд ашиглаж болох юм.

Үүний дараа “Искандер-М” өндөр ончтой пуужингийн цогцолбор, “Тор-М2У” болон “Бук-М2” зенитийн пуужингийн цогцолборууд явж өнгөрлөө.

Энэ жилийн парадад 2016 оныхоос хоёр дахин олон буюу 210 эмэгтэй цэргийн алба хаагч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин парадыг нээж үг хэлэхдээ “Орос улсын зэвсэгт хүчин ямар ч түрэмгийллийг няцааж чадна, гэхдээ терроризм болон орчин үед тулгарч буй бусад аюул заналтай үр дүнтэй тэмцэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэг нэгдэн нягтрах хэрэгтэй байна” гэснийг энд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Монголын инновацийн 7 хоног-2017” эхэллээ

“Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний албан ёсны нээлт БСШУСЯ-нд болж, зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх гол зорилготой юм. Түүнчлэн төр хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, төрийн бус байгууллагын инновацийн түншлэлийг өргөжүүлэхээр зорьж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь тавдугаар сарын 08-14-ний өдрүүдэд болно. Хөтөлбөрийн хүрээнд Монголын инновацийн долоо хоногийн хүрээнд энэ сарын 09-нд “Иргэний танхим”-д “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.

Харин тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болох юм. Үзэсгэлэнд төр, засгийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа таниулах бол их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны сурталчилгаа, багш эрдэмтэд, судлаач, оюутны бүтээл дэлгэгдэх аж. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, компаниуд инновацийн үйл ажиллагааны үр дүн, үинэ техник тзхнологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа явуулж, эндээс инновацийн хамтын ажиллагаа, түншлэл эхлүүлэх боломж олгохоор төлөвлөжээ.

Энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор, оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж,шилдэг бүтээлийг шалгаруулах боллоо.

Мөн “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал, тавдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулагдаж, энэ хүрээнд залуучуудын гарааны бизнесийг дэмжиж, шилдэг төсөл шалгаруулна гэж мэдээлж байна. “Монголын инновацийн 7 хоног-2017” үйл ажиллагааг БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10-р цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийг шаардлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг манайдаа ганц 10-р цэцэрлэг орох оронгүй удаж байгаа талаар цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн эцэг, эхчүүд өнөөдөр нурсан цэцэрлэгийнхээ балгас дээр хүүхдүүдийнхээ хамт жагсаал зохион байгууллаа.

Нийслэлийн Боловсролын Газрын харьяанд шилжин тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын Цэцэрлэг Яслийн 10-р цогцолборт хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 хүүхэд хүмүүжиж, эмчлүүлж байна. Бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай. Энэ ангиуд байр, савны хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн гурван ангид хүмүүжиж байна.

Гэтэл энэ цэцэрлэгийн байрыг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сард акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон юм.Шинэ цэцэрлэг барих хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг өөр цэцэрлэг рүү нүүлгэснээр цаг тутам асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардаж байдаг эдгээр хүүхдүүд өнөөдөр өөрийн гэсэн байргүй, айлын цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хүмүүжиж байгаа юм.

Эцэг, эхийн төлөөлөл Б.Баясгалан “Манай хүүхэд энэ цэцэрлэгт 2 дахь жилдээ явж байна. Одоо 4 настай. Анх манай хүүхэд баруун тал нь саажилттай байсан, харин одоо 4 мөч нь дөрвүүлээ хөдөлдөг болсон. Үүнд цэцэрлэгийн хамт олон нөлөөлсөн, хүүхэдтэй маш сайн тулж харьцдаг.

Гэвч өнөөдөр улсдаа ганц байдаг энэхүү цэцэрлэгийн байрыг нурааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүжих боломжгүй болчихоод байгаа. Нэг ангид л гэхэд 20-35 хүүхэдтэй 6 мкв байранд байрлаж байна. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс төр засаг энэ асуудлыг анхааралдаа авч энэхүү нураасан байрыг яаралтай барихыг мөн бид хүүхдүүддээ цогц үйлчилгээг үзүүлэхийг хүсч байна” гэлээ.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны 2 мянган хүүхэд байна

Үндэсний Статистикийн Хорооны тооцооллоор Улсын хэмжээнд нийтдээ 102,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны (2-5) 2 мянган хүүхэд байдаг байна. Тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 орчим хувь буюу 780 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Гэтэл энэ насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт явдаг гэж бүртгэгдсэнтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт бусад хүүхдээс 1.5 дахин бага байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц болон гэр хорооллын дундах замд хүүхэд зам тээврийн осолд өртөж байна

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар амралтын өдрүүдээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртсөний гурав нь гэрийнхээ гадаа тоглож байжээ.

Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох нь их болсон. Мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Бага насны хүүхдүүд нь сониуч зантай, хурдан хөдөлгөөнтэй, автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэж Замын цагдаа нар сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Орхон аймаг 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагтай боллоо

Орхон аймаг анх удаа  90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагтай боллоо

Орхон аймаг хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай боллоо. “Эрдэнэс” чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиас төлөөлөл оролцжээ. Чуулгын удирдаач багшаар “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Ц.Өлзийсайхан ажиллаж байна. Уг чуулгыг ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд байгуулж багшийн цалин болон хүүхдүүдийн тоглолтын хувцасны зардлыг орон нутгаас гаргахаар болжээ. “Эрдэнэс” чуулгын нээлтийг Монголын хүүхдийн байгууллагын 92 жилийн ойн хүрээнд хийж байгаагаараа онцлог юм. Чуулгын зорилго нь хүүхдүүдийг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, Орхон аймгийн брэнд соёлын үйлчилгээ бий болгох гэнэ. Монголын Үндэсний Радиогоос улбаатай хүүхдийн найрал дууны хамтлаг өдгөө орон нутагт шинээр байгуулагдаж байгаа нь түүхэн үйл явдал гэж чуулгын нээлтэд оролцсон зочид онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Японд доктор цол хамгаалсан, хамгаалахаар суралцаж байгаа монголчуудын форум Токиод боллоо

“Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум” Токио хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд болжээ. Уг арга хэмжээг “Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор болсон уг форум

хоёр өдрийн турш үргэлжилжээ. Форумд Хоккайдо, Кансай, Кюүшү, Канто зэрэг бүс нутгаас анагаах, боловсрол, эдийн засаг, улс төр, геологи, физик, биологи, мал эмнэлэг зэрэг салбараар суралцаж буй 15 залуу доктор, докторантууд хийж буй судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Мөн Японы нэр хүнд бүхий монгол судлаачид болох Тоохокү Их сургуулийн түүх судлалын багш Ока Хироки, Шига Их сургуулийн угсаатан судлалын багш Шимамүра Иппэй, Осака Их сургуулийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бүс нутгийн судлалын тэнхмийн эрхлэгч Имаока Рёоко нарын тавьсан Монголын манжийн үеийн түүх, Чингисийн тухай Монгол-Япон-Америк-Оросын төсөөллийн талаарх харьцуулсан судалгааны үр дүнгийн талаарх лекцийг сонсож, судалгааны онол, аргазүйн тэргүүн туршлага солилцож, сурч мэдсэнээ Монгол орондоо нэвтрүүлэх, нутагшуулах, улс орны хөгжил, өрсөлдөх чадварт хувь нэмэр оуулах арга замын талаар дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв.

Форумд оролцогсод судлаачдын бүлгэмийн үйл ажиллагааг өргөтгөн холбоо болгон зохион байгуулахаар болжээ. Форумд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг оролцож, Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос оролцогчдод хандан илгээсэн мэндчилгээг хүргэж, Засгийн газраас хилийн чанад дахь Монголын иргэдэд хандан хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, илтгэгчдэд өргөмжлөл гардуулав.

Монгол Улсаас Япон улсад оршин суугч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар 7636 монгол иргэн Япон Улсад оршин сууж байсны дотор визийн ангиллаар их дээд сургуулийн багш 28, өндөр мэргэшлийн инженер 8, өндөр мэргэжлийн ажилчин 5, компанийн удирдах ажилтан 53, эмч 6, судлаач 6, технологийн болон хүмүүнлэг, олон улсын харилцааны ажилтан 859, дадлагажигч ажилчин 774, урлагийн ажилтан 26, оюутан 2705, гэр бүлийн гишүүд 1361, цагаач иргэн 938, япон хүнтэй гэрлэсэн 410, байнгын оршин суугч иргэн 236 тус тус байсан статистик мэдээ гарчээ.

Японд доктор цол хамгаалахаар суралцаж байгаа болон доктор цол хамгаалаад мэргэжлээрээ ажиллаж байгаа өндөр мэргэжлийн судлаачид гэхэд л 160 гаруй хүн байгаа юм. Монголын докторын оюутан, судлаачдын хувьд Япон Улсад суралцсанаар өндөр мэдлэг боловсрол эзэмших, судалгаа шинжилгээний ажлын туршлага, арга барилд суралцах, дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн судалгаанд хамтран оролцох, өөрийн сонирхсон чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны хөрөнгийн эх үүсвэр олох, хийсэн ажлынхаа үр дүнг дэлхий дахинд таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг олон давуу талыг олж авдаг. Цаашдаа тэднийг Монголын байгууллагуудтай холбох, нөөц бололцоо, чадварыг нь Монголынхоо хөгжилд ашиглах шаардлагатай байгаа юм.

Categories
мэдээ спорт

Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно зурган илэрцүүд

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан тавдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Алтан жолоо” группын 25 жилийн ойн нэрэмжит арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно. Үндэсний их баяр наадмын өмнөх сорил болсон уг барилдааныг МҮБХ, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК, “Алтан жолоо” групптэй хамтран сүүлийн жилүүдэд зохион байгуулж байна.

Энэ барилдаан нь наадмын бэлтгэлд гарахын өмнөхөн аварга, арслан, заан, начин цолтнуудын бэлтгэл, бяр хүчээ шалгах барилдаан гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн жилийн арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Ялалтын маршал гэгдэх Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Казахстан улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон Монголын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов. Мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилчид ард түмний хөдөлгөөн болох “Үхэшгүй хороо” үйл ажиллагаанд нэгдэн дайнд оролцсон, ар талд ажиллаж байсан төрөл садангийн гэрэл зургийг барин цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ. 1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн II дугаар хороонд шилжүүлжээ.

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн байдаг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, зургаан тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд “фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.