Categories
мэдээ нийгэм

Сургалтын цогцолбор байгуулах шав тавилаа

Сургалтын цогцолбор байгуулах шав тавилаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламж барих барилгын шав тавих арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэхүү барилгыг Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинээр баригдаж байгаа депогийн ар талын талбайд байгуулахаар зураг төслийг гаргажээ. Шинээр баригдах цогцолбор байгууламж нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдах бөгөөд утаат орчин, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах, аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг аврах ажиллагааны үндсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Мөн цогцолбор байгууламжийн гадна ханыг ашиглан байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах баг ажиллах зориулалттай авиралтын ханан хад байгуулахаар төлөвлөжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийг өөрчлөх иргэдийн саналын дүн гарчээ

Зургаан сэдвийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд нэгтгэж зөвлөмжөө боловсруулан Байнгын хороонд өргөн барьсан байгаа.

Зөвлөмжийг үндэслэн “эцэг” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсгийн бүрэлдэхүүн санал асуулгын зөвлөмжийн хүрээнд энэ өдрүүдэд хуралдаж байна.

Зургаан сэдвээс хоёр танхимтай парламенттай болох, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгох гэсэн хоёр асуудал санал асуулгаар унасан. Харин “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвүүд санал асуулгаар бүрэн дэмжигджээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсгийнхэн Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг суурь болгон ашиглана. Ингэхдээ ямар асуудлуудыг хэрхэн өөрчилж, юуг нэмж тусгах талаар байр сууриа нэгтгээд УИХ-аар хэлэлцүүлэх юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

ЗурагУИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Үндэсний төлбөрийн системийн тухай, Авто замын тухай, Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-ноос “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.

Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.

Уг наадамд Монгол Улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.

Дашрамд дуулгахад, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болсон гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Вьетнам улсын Дэд ерөнхийлөгчийг үдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.

Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Үдэх ёслолд Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
мэдээ цаг-үе

Хууль зөрчин хэдэн тэрбум төгрөгийн ашиг хүртдэг ХАА-н бирж гадаадын таван компанид хувьцаагаа заржээ

Төрийн өмчит Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой гурван том асуудал босч ирээд байна. Монголын зах зээлийн түүхэнд хоёр хоногийн дотор ноолуурын үнэ 27 мянган төгрөгөөр унаж байсан тохиолдол байхгүй. Үүний гол буруутан нь Хөдөө аж ахуйн бирж гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Дараагийн ноцтой асуудал нь хил гаалиар экспортолж буй арьс, шир, ноос, ноолуур заавал Хөдөө аж ахуйн биржийн тодорхойлолт бичигтэйгээр гардаг. Хөдөө аж ахуйн бирж хилээр экспортод гарч байгаа ноос, ноолуур, арьс, ширийг манайхаас худалдаж авсан гэх бичиг хийж өгөхдөө хууль бусаар их хэмжээний ашиг олдог гэх мэдээлэл гараад байгаа. Бичиг хийж өгснийхөө төлөө авч байгаа мөнгөн дүн хэдэн тэрбум төгрөгт хүрдэг. Энэ мөнгө хаашаа, хэний халаасанд ордог нь тодорхойгүй байна гэдгийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос мэдэгдсэн. Гуравдугаар асуудал нь Хөдөө аж ахуйн биржийн 60 гаруй хувийг Хонгконгийн нэгэн компани эзэмшиж байна. Монголын түүхий эдээс унаж байгаа ашиг гадаадын компани руу шилжиж байна гэсэн үг юм. Энэ талаар сурвалжиллаа.

ХУУРАМЧ ХУДАЛДАН АВАЛТ БУЮУ НООС, НООЛУУРЫН НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААШАА ОРДОГ ВЭ

Манай улс мал аж ахуйн орон. Үүнтэй холбоотойгоор малын гаралтай түүхий эд, Монголын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг билээ. Манай улсад малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур, арьс ширийг үйлдвэрийн аргаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа цөөн хэдэн компани бий. Ноолуур, ноос, арьс, ширний компаниуд малын гаралтай нийт түүхий эдийн ердөө 20 орчим хувийг л ашиглаж байгаа юм. Үлдсэн 80 гаруй хувийг нь экспортолж байна. Тэгвэл Хөдөө аж ахуйн биржийн гол үүрэг нь Монголын малын гаралтай бүх түүхий эдийг хөдөө орон нутгийн салбараараа дамжуулан худалдаж авах ёстой байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, малчид ноос, ноолуураа ХАА-н биржийн салбарт худалдаалах ёстой аж. Гэтэл ХАА-н бирж аймаг, сумдад нэг ч салбар нэгж байгуулаагүй байсаар өдий хүрч байгаа юм байна.

Ноос, ноолуурын хувьд ченжүүд өөрсдөө яваад малчдаас тухайн үеийн ханшаар авахыгаа худалдаад авчихдаг. Ингээд Эмээлт, Цайз зэрэг түүхий эдийн захуудад хэдэн мянган тонноороо ноос, ноолуур төвлөрдөг. Дараа нь худалдаж авсан ноос, ноолуураа экспортод гаргах болдог байна. Хил гаалиар түүхий эдээ экспортод гаргахад хамгийн чухал бичиг баримт нь Хөдөө аж ахуйн биржийн тодорхойлолт бүхий бичиг юм байна. Тодруулж хэлбэл, хилээр экспортод гаргах гэж байгаа ноос, ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээс заавал худалдаж авах хууль журамтай. ХАА-н биржээс худалдаж авсан болно гэсэн бичиг баримтыг үндэслэн хил гаалиар гаргах зөвшөөрөл олгогддог юм байна. Гэтэл ХАА-н бирж нь хөдөө орон нутагт салбараа байгуулаагүй, малын гаралтай түүхий эдийг огт худалдаж авдаггүй аж. Малын гаралтай түүхий эд экспортод гарах ёстой байдаг. Үүнээс болоод төрийн өмчит Хөдөө аж ахуйн бирж гэх газар нь килограмм ноос, ноолуур худалдаагүй мөртлөө өөрсдөө хууль зөрчөөд энэ компани манай биржээс худалдаж авсан нь үнэн гэх утга бүхий бичиг тодорхойлолт хийгээд өгчихдөг байна. Төрийн байгууллага ингэж хувийн компаниудтай үгсэн хуйвалдаж хуурамч бичиг баримт бүрдүүлдэг болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. ХАА-н бирж ноос, ноолуур худалдаалсан гэх хуурам бичиг баримт бүрдүүлж өгснийхөө оронд шимтгэл авдаг байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол бичиг хийж өгсөн шимтгэлд ХАА-н бирж хилээр гарч байгаа ноосны килограмм тутмаас 30 төгрөг. Ноолуурнаас 800-900 төгрөг авдаг гэнэ. Тэгвэл манай улс жилд 26 мянга гаруй тонн ноос экспортолж байгаа аж. Харин найман мянга гаруй тонн ноолуур экспортолдог байна. Ингээд үзэхээр их хэмжээний мөнгөний эргэлтийг ХАА-н бирж хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилдээ ХАА-н бирж ноос, ноолуур хилээр гаргасан бичиг хийж өгөөд найм орчим тэрбум төгрөгийн ашиг олж байна гэх урьдчилсан судалгаа тоо гарсан байдаг гэнэ.

“БИДНИЙГ ХАА-Н БИРЖЭЭС ХУУРАМЧ БИЧИГБАРИМТ ГЭЭД ШАЛГАХ ЮМ БОЛ БҮГД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО. ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ РУУ ШУУД ОРУУЛЧИХААД БАЙНА” ГЭВ

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас цөөн асуултад хариулт авсан юм.

-ХАА-н бирж хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлдэг. Үүнийхээ төлөө их хэмжээний хураамж авдаг гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-ХАА-н биржтэй байна гэдэг их сайн зүйл. Х.Баттулга сайдын үед байгуулагдаж байхад Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооныхон бид маш их дэмжиж байсан. Хөдөө орон нутагт байгаа малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлж байгаа газрууд ХАА-н биржээр дамжуулан манайд ийм ийм зүйлс байна гээд мэдээлэл гаргачихдаг. Үүнийг нь компаниуд шууд захиалга өгөөд авчихдаг систем рүү орох нь байна гэж сайн талаас нь харсан. Гэвч харамсалтай нь тийм ажлуудыг огт хийгээгүй. Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйн биржийн журмын дагуу биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг салбарын сайд гаргадаг. Ингээд ноос ноолуур хилээр гаргах гэхээр заавал ХАА-н биржээс худалдаж авсан байх шаардлагатай болчихоод байгаа. Гаалийн байгууллага журмын дагуу биржээс худалдаалсан байх шаардлага тавьдаг. Гэтэл бид малчнаас худалдаад авчихсан байдаг. Тэгсэн мөртлөө бид брокерын компани дээр очоод биржийн бичиг худалдаад авчихдаг. Үүнийгээ гаалийнханд үзүүлээд ноос, ноолуураа хилээр гаргаж байна.

-Тэгвэл биржийн бичиг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар нэг чингэлэгт 10 тонн ноолуур ордог. Ингээд хилээр гаргаж байна. Нэг чингэлэгт 10 тонн ноолуур байлаа гэхэд Хөдөө аж ахуйн бирж есөн сая төгрөг авч байна. Килограмм тутмаас 800-900 төгрөг авч байна. Малчинд очих ёстой мөнгө ХАА-н бирж дээр очиж байна гэсэн үг. Зөвхөн бичиг хийж өгснийхөө төлөө мөнгө аваад байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Олон жилийн турш хэн хэн нь хуурч хуурамч бичиг баримт бүрдүүлээд л яваад байгаа юм. Хил гааль, ХАА-н бирж, брокерын компани, аж ахуйн нэгжүүд дунд ийм нэг гажиг гинжин холбоо бий болчихоод байна. Үүнийг төр засаг зөв голдрилд нь оруулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, манай холбоо гэхэд малчин Доржоос 100 ширхэг нэхий худалдаж авсан. Үүнийгээ балансандаа тусгачихсан. Гэтэл авсан нэхийгээ арьс, ширээр нь салгаад экспортод гаргах болохоор ХАА-н биржээс авсан болгочихож байгаа юм. Үүнийгээ бид балансандаа тусгахгүй яваад байгаа байхгүй юу. Гэтэл нэг юмыг хоёр удаа худалдаж авчихдаг болж таараад байгаа биз дээ. Хэрэв ноос, ноолуур экспортолж байгаа компанийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа нар шалгах юм бол биржээс худалдаж авсан юм огт байхгүй сууж байна. Энэ нь маш аюултай асуудал болчихоод байна. Малын гаралтай түүхий эдийн бизнес эрхэлж байгаа хүн бүрийг хүссэн хүсээгүй хууль зөрчсөн асуудал руу шууд оруулчихаад байна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж гэмт хэрэгтэн болох магадлал маш өндөр гэсэн үг. Энэ буруу тогтолцоог засахад маш амархан. Хөдөө аж ахуйн биржийн журмын дагуу биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг салбарын сайд гаргадаг гэж дээр хэлсэн. Тэгвэл салбар хариуцаж байгаа Засгийн газрын гишүүн биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг зарлахдаа хасчих хэрэгтэй. Гэхдээ тодорхой хугацаанд шүү гэв.

ХАА-Н БИРЖ: БИД ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИМТГЭЛ АВДАГ

Ноос, ноолуураас шимтгэл авч байгаагаа ХАА-н бирж “Шимтгэлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоодог. 100 төгрөгийн арилжаанаас 32 мөнгө авдаг. Ноолуурын үнийн дүнгийн шимтгэл гэж 0.32 хувийг авдаг. Санхүүгийн зохицуулах хороо, брокерын пүүс зэрэг арилжаанд оролцогч талууд тодорхой бага хувийг авдаг. Худалдагч, худалдан авагч хоёрыг шууд уулзуулснаар тодорхой шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон авдаг” хэмээн тайлбарлаж байна лээ. Мөн хөдөө аж ахуйн бирж ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал (рапс), мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжсан. Эрх бүхий байгууллагаас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө аж ахуйн бирж нь байгуулагдсанаас хойш нэг их наяд 223 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан гэх мэдээллийг өгч байна.

ХОНГКОНГИЙН ТАВАН КОМПАНИ ТӨРИЙН ӨМЧИТ ХАА-Н БИРЖИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВСАН НЬ ҮНЭН

ХАА-н бирж хувьцааг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Түүнийг нь Хонгконгийн нэгэн эр худалдаж авсан. Хөрөнгийн биржийн 66 хувийг гадаадын иргэн эзэмшиж байна. Монголын ноос, ноолуур, улаан буудайн ашгийг Засгийн газар биш, гадаадын нэгэн эр хүртэхээр болжээ гэх утга бүхий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл албаны эх сурвалж “Хөдөө аж ахуйн биржийн захирлаар Ж.Эрдэнэбат ажиллаж байх үедээ Хонгконгийн таван компанид биржийн хувьцааг зарах гэрээг урьдчилсан байдлаар хийсэн нь үнэн. Тэдгээр таван компани худалдаж авсан хувьцааныхаа арван хувийг ХАА-н биржийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэхдээ үлдэгдэл 90 хувиа шилжүүлэлгүй байсаар хамтран ажиллах гэрээний хугацаа дуусчихсан юм байна лээ. ХАА-н бирж хувьцааны компаниудтай дахин гэрээ хэлэлцээр хийсэн. Ингээд хувьцааны үлдэгдэл төлбөрийн 90 хувийг энэ сарын сүүлчээр шилжүүлэхээр болсон байна лээ” гэв. Өөр нэг эх сурвалж “Глобал инвестмент фонд” гэсэн нэртэй компани ХАА-н биржтэй хувьцаа худалдах, авах гэрээ хийсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг ХАА-н биржийн 66 хувийг зараагүй. Харин 49 хувиа зарсан нь үнэн” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Алт, коксжих нүүрсний үнэ чангарсаар байна

Энэ оны уул уурхайн улирал эхлэхэд газрын тосноос бусад түүхий эдийн буюу нүүрс, үнэт металлын хүдэр, баяжмалын дэлхийн үнэ тогтмол, өсөлттэй угтсан. Тиймээс ч Засгийн газраас “Алт-2” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан энэхүү үнийн өсөлтийн мөчлөгт экспортоо нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх бодлого барьж эхлээд байгаа. Жишээ нь энэ оны эхний улиралд нүүрсний олборлолт экспортын хэмжээг нэмэгдүүлснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн дүнтэй гарчээ. Түүнчлэн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны олборлолтыг нэмэгдүүлснээр жилд 15-17 тонныг олборлож байгаа бол 2020 он гэхэд 25 тоннд хүргэнэ гэсэн тооцоо бий. Мөн энэ хүрээнд геологийн эрэл хайгуулын дагуу Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 150 тонноор нэмэгдүүлнэ гэсэн төсөл, төсөөллийг боловсруулан ажиллаж эхэлжээ.

Яг өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд 1941 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд энэ нь нийт газар нутгийн 6.9 хувийг хамарч байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 олгогдож Монгол орны нийт газар нутгийн 0.9 хувьд улирлын болон улирлын бус чанартай уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Сүүлийн гурван жилийн дүн мэдээг харвал хайгуулын тусгай зөвшөөрөл 2015 онд 706, 2016 онд 696, 2017 эхний хагаст наймыг олгоод байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 2015 онд 91, 2016 онд 91, 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 15-ыг тус тус олгосон дүн мэдээтэй байна. Хайгуулын явц, шинэ орд нээн илрүүлэлтийн тухайд дүн мэдээ нь хараахан зарлагдаагүй байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Баянхонгор аймагт томоохонд тооцогдох “Алтан нар” ордыг илрүүлснээс өөр мэдээлэл цацагдаагүй. Тэгвэл Монголын дотоодын томоохон компанийн хайгуулаар урт нь тодорхойгүй ч, Өвөрхангай аймгийн Онгийн голоос Арвайхээр сум хүртэл 20 орчим километрийн өргөнтэй дээрхээс дутахааргүй зэс, молибденийн томоохон орд илрүүлсэн ч нууцалж байгааг өгүүлэх хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол унасаар өчигдөр “хамгийн доод цэгтээ хүрлээ” гэдгийг олон улсын эдийн засагч, шинжээчид онцолж эхлээд байна. Өнгөрсөн сард 55 орчим ам.долларын үнэтэй байсан газрын тос тавдугаар сар гарсан даруйд буюу Нью-Йоркийн өчигдрийн үнийн мэдээгээр баррель нь 48,7 ам.долларт хүрч буурсан нь шинжээчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ нь долоон төрлийн татварын хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмж байгаа манай улс шиг орнуудад таатай мэдээ юм. Харин газрын тосыг ихээр экспортлогч, үйлдвэрлэгч орнуудын хувьд “үнийн харанхуй цонх” болон тэмдэглэгдэнэ. Мөн зэсийн үнэ өчигдөр Нью-Йоркт нэг хувиар буурсан мэдээ цацагдаад байгаа. Энэ нь айх зүйл биш гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна. Учир нь зэсийн үнийн хэлбэлзэл буюу өсөлт, бууралт дэлхийн зах зээлд нэг хувьтай, тогтмол гэж ойлгож болохоор байгаа ажээ. Бүр тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр зэсийн үнэ тонн тутамдаа 5821 ам.доллартай тэнцэж байсан бол өчигдөр Ime.com сайтын мэдээгээр 5688 ам.доллар 50 центээр үнэлэгдэж байлаа.

Харин алт өнгөрсөн сарын сүүлээр грамм тутам нь 97396 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өчигдөр Монголбанкны гаргасан мэдээгээр 98495 төгрөгт хүрч 1.5 хувийн өсөлтийг зааж байна. Тоог бүхэл дүнгээр авч үзвэл нэг килограмм алт 98 сая 495 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа гэсэн үг. Мөнгөний хувьд бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа бөгөөд грамм нь 1389 төгрөгийн үнэтэй байсан бол тавдугаар сар гарсаар 1354 төгрөг болоод байна. Харин монголчууд 56 хувийн агуулгатай төмрийн хүдрээ тонн тутмыг нь 63.8, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалаа 78.5 ам.доллараар экспортолж байгаа.

Тэгвэл монголчуудын хамгийн ихээр олборлож, экспортолдог коксжих нүүрсний үнэ дэлхийн болоод Таван толгойн нүүрсийг гол худалдан авагч Хятадын зах зээлд ихэд тогтвортой байгааг судлаач, шинжээчид дуу нэгтэй өгүүлцгээж байна. Энэ сард коксжих нүүрсний үнэ өсдөггүй юм аа гэхэд буурахгүй гэдгийг батлан хэлцгээж байгаа. Тэр дундаа далайн тээврээр Хятадад нийлүүлэгдэж байгаа Австралийн коксжих нүүрсний үнэ хэт өндөр, байнга өссөөр байгаа гэсэн шүүмжлэл их байгаа ч бууралт огт ажиглагдахгүй байна. Үнийн өсөлтийн үзэгдэл дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд манай улс шиг экспортлогч орнуудад тун таатай нөхцөлийг дагуулж эхлээд байгаа. Дэлхийн нүүрсний салбарын гол мэдээллийг түгээдэг en.sxcoal.com сайтын мэдээлснээр өчигдөр коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар байв. Тиймдээ ч БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Шанси мужийнхаа коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж импортын нүүрсний үнийн дарлалаас ангижрах гарц хайж эхэлсэн мэдээлэл ч дуулдаж эхлээд байна. Харин уул уурхайн бусад бүтээгдэхүүн болох цайр 2781, хар тугалга 2276, цагаан тугалга 19819, хөнгөн цагаан 1901, молибдени 15000 ам.долларын үнэтэй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Жолооч болоод 0-5 жил болсон залуус хамгийн их осол гаргаж байгаа гэв

Замын цагдаагийн албаны судалгаагаар 0-5 жил жолоо барьсан, 18-29 насны залуус зам тээврийн осол их гаргаж байгаа нь тогтоогджээ. Улсын хэмжээнд 790 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 1.4 сая орчим жолооч бүртгэлтэй. Дээрх судалгаанд шинэ жолооч нар осол гаргахын зэрэгцээ бүдүүлэг, бардам авир гаргах нь их байдаг талаар дурджээ. Нөгөө талаас нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдаа зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг бөгөөд нөхцөл байдлыг үнэлэх, орон зайг мэдрэх чадвар муу, анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотойгоор ийн осол гаргадаг аж. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг агаад үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг гэжээ.

Уг судалгааны талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.


-Энэ удаагийн судалгааныхаа үр дүнгийн талаар сонирхуулбал?

-Замын цагдаагийн алба зам тээврийн осол хэргийг бүхий л талаас нь судалдаг. Гарсан байршил, ослын нөхцөл байдал, хэлбэр, шалтгаан, осолд холбогдсон хүн, жолооч, зорчигч, тэдний нас, хүйс, осол гарсан цаг, гариг гээд бүх л өнцгөөс нь судалдаг юм. Энэ судалгаан дунд хөдөлгөөнд оролцож яваад осол гаргасан жолооч нарыг жолооч болсон он, жилээр нь судалж үздэг. Энэ судалгаагаар харахад, жолооч болоод 0-5 жил болсон хүмүүс гарч байгаа ослын дийлэнх хувийг гаргаж байна гэсэн тоо гарсан л даа. Тэгэхээр хаана эрсдэл байна вэ гэдэг нь үүнээс харагдаж байна.

-Шинэ жолооч нарт тулгардаг бэрхшээл их. Жолооны дамжаагаа төгсөөд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг маш том айдас байдаг шүү дээ?

-Дамжаанд сураад гарч байгаа жолооч нэгдүгээрт, дадал болох байдал нь сул. Аливаа автомашиныг жолоодох гэдэг бол удаан хугацаанд дадлагажиж байж дадал болох зүйл. Мэдээж жолооч хүний харах, сонсох, үнэрлэх, мэдрэх гээд бүх мэдрэхүй зэрэг ажиллана. Тэгэхээр дөнгөж дамжаагаа төгсөөд хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тэр дадал нь бүрэн сайн сууж амжаагүй байдаг.

Зарим тохиолдолд тухайн хүний зан төлөвөөс шалтгаална. Аливаа зүйлд дасан зохицох, дадах нь хүмүүст харилцан адилгүй. Зөөлөн, намуухан зантай хүн хөдөлгөөнд оролцохдоо нямбай, эргэн тойрноо сайн ажаад удаан ч гэсэн аюулгүй яваад байдаг. Гэтэл түргэн зантай, шийдвэрийг хурдан гаргадаг хүмүүс ухасхийгээд л явчихдаг. Ер нь автомашин жолоодож байгаа хүний хувийн байдлыг нь хараад зан төлөвийг нь тогтоох боломж цагдаагийн байгууллагын ажилтнуудад байдаг. Жолооч байх гэдэг нь маш хариуцлагатай үйлдэл гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм. Тийм учраас шинэ жолооч нар зөв дадалтай болох, хурдан дадлагажиж эрсдэлээс хол байх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Танайхаас явуулсан судалгаанд шинэ жолооч нарыг бардам зантай байна гэсэн байна лээ?

-Бардам гэдэг нь нэг л үг л дээ. Ерөнхийдөө хувь хүний онцлог чухал л даа. Тэр хүн сургуульд сураад тодорхой мэдлэг, дадлыг авчихаж байгаа юм. Ижил хугацаанд сурсан мөртлөө нэг нь сайн, нөгөө нь тааруу сурах тохиолдол их. Дээр нь автомашин жолоодох хүсэл нь их байдаг.

-Салхи татуулан давхихын тулд жолооч болсон хүмүүс байдаг. Аав, ээж нь машин аваад өгчихдөг. Тэр машинаа л хурдан барихын хүслэнтэй болчихсон хүүхдүүд олон бий?

-Тийм тал байдаг. Сонирхол нь их байдаг учраас сонирхолдоо хөтлөгдөж хөдөлгөөнд оролцохдоо жолоодох нь л чухал санагдаад аюулгүй байдлаа анхаардаггүй. Ийм хандлага их яваад байдаг. Тэр хандлага нь л осолд холбогдох нэг үндсэн шалтгаан болоод байгаа юм.

-Урдуураа машин оруулахыг өөрийгөө дорд үзүүлж, доромжлуулж байгаа мэтээр төсөөлдөг хүмүүс олон?

-Энэ бол соёл, зан заншил, сахилгатай холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд бүхнийг ягштал заагаад өгчихсөн байдаг. Дэлхийн жишиг байгаа шүү дээ, замын хөдөлгөөний 40 хувь нь зан үйл, соёлоор, 60 хувь нь дүрмээр зохицуулагдаж байна гэж.

Зам тавьж өгдөггүй жолооч нар гэхээр миний бодлоор тогтмол байнгын замын хөдөлгөөнд оролцдог хүмүүс байна. Таксины жолооч, автобусны жолооч нар. Тэдний хувьд заримдаа зам тавьж өгөхгүй байх тал ажиглагддаг. Үйлчилгээ үзүүлж байгаагаа давуу талаа гэж дөвийлгөж боддог. Гэтэл бусдад зам тавьж өгөөд л яваад байдаг хүмүүс “Би ингээд л яваад сурчихсан” гэдэг. Энэ чинь тухайн хүний боловсролын түвшин, соёлтой шууд холбоотой. Тэгэхээр төдий өдий насныхан хамгийн их зам тавьж өгдөг, тийм хэсэг нь бүдүүлэг байдаг гэж хэлэх ямар ч боломжгүй. Ерөнхий массаараа манай монголчуудын соёл дээшилж байна уу гэвэл дээшилж байна. Маш сайн дээшилж байгаа. Хууль дүрмээ баримталдаг болсон. Гэхдээ тодорхой хэсэг нь хууль дүрмийг зөрчих, зан заншил, биенээ хүндэтгэх байдлын тал дээр асуудал гаргах нь бий. Машиныхаа цонхоор хэрэлддэг, машинаараа бие биеийнхээ урдуур орж хэрүүл уруул хийдэг. Энэ бол нэгэндээ хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл гэлээ.

Сэтгэлзүйчдийн хувьд жолооч нарын замын хөдөлгөөнд оролцож байгаа хандлага, харилцааг темпераменттай нь холбож тайлбарладаг юм байна. Меланхолик темпераменттай хүн зам дээр гэнэт үүссэн нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл гаргана гэж хэзээ ч байхгүй. Тийм жолооч нар удаан, хөдөлгөөн нь итгэлтэй бус, онцгой нөхцөлд айж сандардаг гэнэ. Ийм зан төлөвтэй хүмүүс замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэхийг хичээдэг ч хөдөлгөөн ихтэй замд оролцохдоо сэтгэл нь тавгүй байдаг болохоор ачаалал ихтэй цагуудаар хотын гудамжаар автомашин жолоодохоос аль болох татгалзах нь зөв гэж сэтгэлзүйчид зөвлөдөг аж.

Харин сангвиник темпераменттай хүн сэтгэл хөдлөл нь маш өөрчлөмтгий байдаг учир гэнэтийн зүйлд самбаа гаргаж хүнд нөхцөлд хэрэгтэй шийдвэрийг хурдан гаргана. Холын зам, урт зам ийм зан төлөвтэй хүмүүсийн нойрыг хүргэдэг учир хотын хөдөлгөөнд оролцох нь таатай мэдрэмжийг өгдөг аж. Зам дээр хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч тааралдаж байгаа бол энэ мөн холерик темпераменттай байх магадлал өндөртэй гэнэ. Харин флегматик зан төлөвтэй хүмүүс сангвиникаас эсрэгээр хөдөө замд жолоо баривал аятай.

Тайван, удаан, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг сул илэрхийлдэг эдгээр хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхийнхээ өмнө удаан боддог ч ажиллах чадвар өндөртэй. Ийм хүмүүс ослын нөхцөл үүсэх эсвэл маневр хийхэд үзүүлэх хариу үйлдэлд удаан байдаг онцлогтой. Ингэхээр жолоо барихад хувь хүний зан төлөв маш чухал гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна. Цагдаагийн байгууллагын судалгаагаар 0-5 жил жолоо барьсан жолооч нар дийлэнх ослыг гаргаж байгааг тогтоосон бол хор уршгийн талаас нь авч үзвэл харин туршлагатай жолооч нар том ослууд гаргадаг нь амьдрал дээр нотлогджээ. Мэргэжлийн ур чадварын өндөр түвшин нь дээшлэхийн хэрээр анхаарал нь саарч, болгоомжгүй болж эхэлдэг нь ямар ч мэргэжлийн улсуудад тохиолдоно. Хамгийн хүнд, хохирол ихтэй авто тээврийн ослуудыг гол төлөв туршлагатай жолооч нар гаргадаг гэсэн судалгаа байна.

Жолооч нар шинэ дээрээ машинаа аль болох хурдлуулж, машиныхаа мотор, яндангийн дуугаар өөрийгөө эрч хүчтэй болсон мэтээр төсөөлдөг сэтгэлзүйн хуурмаг байдал бий болно. Гаднын зарим орнуудад дамжаа төгссөн шинэхэн хүмүүсийг жолооч гэж үздэггүй. Хоёр жил туршилтын үнэмлэхээр хотынхоо тусгай хязгаарлалттай бүсүүдэд автомашин барихыг зөвшөөрдөг. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд жолооч хэмээн үзэж жинхэлдэг. Ингэж жинхлэгдсэн жолоочийг туршлагатай жолоочийн нэгдүгээр үеийг давлаа гэж үздэг юм байна.

Харин шинэ жолооч байхаа болиод туршлагажаад ирвэл машин барих сонирхол нь буурахаас гадна хайхрамжгүй болох хандлагатай болдог. Үүнийг сэтгэлзүйчид ханалт гэж тодорхойлжээ. Шинэ жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо мөн зогсоол, гарцнаас гарч орохдоо мунгинадаг мөртлөө заримдаа урдуураа машин оруулахгүй бүдүүлэг авирладаг. Үүнийг харсан хүмүүс “Өө, энэ муу чинь хааз, тоормосоо ялгахгүй хэвтэж юун их зантай юм” гэж ширэв татдаг. Тэгтэл энэ нь ерөөсөө зан араншинтай нь холбоотой биш гэнэ. Урдуураа өөр машин оруулж, машинд гүйцэгдэхгүй гэж хурдаа нэмдэг нь илүү хөдөлгөөн хийхээс айж байгаатай нь шууд холбоотой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БИ-үл оролцогч, БИ-идэвхтэй оролцогч

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

1977 онд би нэг өгүүлэл орчуулж тарааснаас болж хэрэгт орж байсан юм. Тэр бол Зөвлөлтийн зохиолч, тэрс үзэлтэн Александр Солженицыны “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” (Жить не по лжи) гэсэн эсээ.

Махатма Ганди “хүч үл хэрэглэх эсэргүүцэл” (сатъяграха) гэсэн үзлийг дэлгэрүүлсэн нь дарангуйлал, колоничлолын эсрэг, улмаар энх тайвны төлөөх тэмцэлд үзэл санааны асар их хувь нэмэр оруулсан. Гэхдээ тухайн үеийн чанга дэглэмтэй Зөвлөлт, Хятад, Монгол мэтийн оронд энэхүү хүч үл хэрэглэх тэмцэл ч бололцоогүй байлаа. Хүч хэрэглэхгүй ч Ганди шиг олон нийтийн газар жишээ нь суулт зарлахад шууд л шорон явна. Харин Солженицын эсэргүүцлийн маш хялбар арга зааж өгсөн нь “үл оролцох”. Ийнхүү би бузар булай нийгмийн тогтолцоонд алив хэлбэрээр “үл оролцох” зарчмыг баримтлах болсон.

Тэгэхэд би дөнгөж хорь гарч байсан авч нийгмийнхээ тогтолцоог жигшдэг байсан. Үүнийгээ нийтэд илэрхийлээд жагсаал цуглаан зохион байгуулаад явах зориг надад байгаагүй л дээ. Зориг байлаа ч анхны хашгираанаар галзуугийн эмнэлэгт хүргэгдэх байсан биз. Харин “нууцаар” их бичдэг байсан. Тухайн үеийн хэмжүүрээр “эсэргүү” ангилалд орох бүтээл орчуулах, эсээ өгүүлэл бичих зэргээр. “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” маань харин зохих газарт илчлэгдсэн. Учир нь бичсэнээ хортой цаасаар олшруулаад итгэсэн найз нөхдөдөө өгдөг байлаа. Зарим нь ч нөхөд гэж ноход байж дээ, дээрх орчуулгын хэдэн хувь нь До яамны байцаагчийн ширээн дээр байж байсан шүү дээ.

Тэр чанга хатуу дэглэмд ямар ч гэмгүй, аюулгүй гэж Солженицыны хэлсэн үл оролцох зарчим ч дэндүү халгаатай байлаа. Октябрийн жагсаалд оролцсонгүй гэж донгодуулна, сонгуульд ирсэнгүй гэж цалингаа хасуулна, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт элссэнгүй гэж ажлаасаа хөөгдөж байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд орсонгүй гэж бүх ажилчдын хурлаар орж шийтгүүллээ. Би үйлдвэрт ажилчин, хөдөө багш байсан, гэхдээ ихэнхдээ эрдэм шинжилгээний ахлах ажилтан хүртэл дэвшин ийм байгууллагад ажилласан юм. Хэрэв манай захирал Цэрэндэндэв байнга намайг өмөөрч байгаагүй бол үл оролцох зарчмаасаа болж тухайн нийгэмд гадуурхагдан гудамжинд гарч амьдралын хүнд бэрхийг туулах байсан биз. Нийгэмтэйгээ нийлж түүнийг байнга дэмжиж байхгүй бол нийгмээсээ хасагдан өлсөж үхэхдээ хүрдэг байсан тогтолцоо шүү дээ. Чойном, Цэрэндорж, Лхамжав болон Лоохуузын бүлгийнхэн чухам үүнээс болж бүхий л амьдралаа сүйрүүлсэн. Би үл оролцох зарчмаа баримталсаар ирсэн боловч тэгтлээ амьдралаа баллаагүй, тиймээс азтай. Нөгөөтэйгүүр үүгээрээ сайрхаж яваагүй. Ийм юм хэзээ ч хэлж бичиж онгироогүй. Энэ бол миний л зарчим. Хохирсон хэлмэгдсэн гэж хэнд ч гомдол гаргаагүй. Энэ бол миний л туулсан амьдрал. Энэ хорвоог орхихын цагт өөрийнхөөрөө амьдарч, өөрөөсөө урвалгүй насыг туулсан шүү гэж бодох нь амьдралын утга учир болов уу. Энэ бол миний л үзэл бодол.

Ерээд оны нийгмийн хувьсгалд би маш идэвхтэй оролцсоон. Юун түрүүн өөрийгөө чөлөөлье гэж бодсон. Өөрийн ганц биеэ чөлөөлөөд ямар ч эрх чөлөө ирэхгүй гэдгийг ч сайн мэдэж байсан. Харгис дэглэм унахаар л бүх юм цэгцэндээ орж, хүн ард жаргана гэсэн хэт идеал үзэлтэй ч байсан. Шинэ зуун гарахаас өмнөхөн би алдаатай бодож байснаа ойлгосон. Мянга мянган жилийн иргэншээгүй нүүдлийн нийгэм сүүлийн 300 гаруй жилийн турш гадны эрхшээлд байснаа гэнэт орчин үеийн төрийн тогтолцоо буй болгон, иргэншсэн шударга нийгэмтэй болоход мундахгүй урт хугацаа шаардлагатайг ойлгосон. Лавтай 2-3 үе өнгөрч байж “хүний дайтай хүн” бүхий нийгэмтэй болно. Иймээс үл оролцох зарчмаа баримтлахын зэрэгцээ хойч үеэ бэлдэхэд бүхий л хүчээрээ “оролцох” хэрэгтэйг ойлгосон.

Үүнээс хойш хориод жил өнгөрлөө. Би юунд ч оролцоогүй. Нэг үгэндээ нийгмийн, төрийн, намын, тогтолцооны шийдвэр гаргах юунд нь ч оролцоогүй. Оролцоогүй болохоор тийм эрх ч надад байгаагүй. 2004 оны сонгуульд нөхдийнхөө хүсэлт шахалтаар нэр дэвшсэн боловч тэнд нь очоо ч үгүй. Гэхдээ үндсэн зарчим нь ардчилсан тогтолцооо бүхий, эрх чөлөөт орны иргэн болсны хувьд урьдахтай харьцуулахад хавьгүй чөлөөтэй бичиж, орчуулж, туурвиж, түүнээ хүмүүст хүргэсээр ирлээ. Үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлсний төлөө хавчин гадуурхах, хэрэгт түлхэх, нийгмээрээ үзэн ядах юм үгүй нийгэм. Би хүсч байсан эрх чөлөөт нийгмийнхээ чөлөөт иргэн.

Одоо цөмөөрөө эргэн тойрноо, нийгмээ, төрөө тогтож нэг хар даа. Нэг талаасаа монголчууд түүхэндээ хэзээ ч ийм эрх чөлөөтэй, цамаан цатгалан байж үзээгүй. Нөгөө талаасаа хэзээ ч ийм ёс суртахуунгүй, ичгэвэргүй, шижээргүй байж үзээгүй. Коммунизм биднийг жигд ядуу байлгасан ч юутай ч моралийн хэв хэмжээтэй, биелэх боломжгүй ч ямар нэг зүйлд итгэж түүн рүүгээ тэмүүлсэн үнэмшилтэй байлгасан. Ядахнаа л айсандаа нийтээрээ хулгай хийдэггүй байлаа. Хүний ёсноос гадуур дарангуйлал байсан ч хүчирхэг төртэй байсан. Энэ бүхэн нуран унахад бидний дотор нуугдаж байсан хамаг л бузар муухай ил гарсан төдийгүй өдгөө нийгмийн хэм хэмжээ болжээ. Хэн ахиу хулгайлсан нь нийгмээ удирддаг нь өнөөгийн манай тогтолцооны үнэн нүүр, мөн чанар биш гэж үү? Манай нийгмийн хамгийн шударга иргэний үг: “Хулгай хийж, авлига авч, шамшигдуулан идсэн нь хожиж, хулгай хийгээгүй нь хохирч байна!”. Ийм гомдлыг бид өдөр тутам хүн болгоны амнаас сонсч, мэдээллийн хэрэгслээр үзэж, уншиж байгаа. Хулгай хийгээгүй учраас хохироод байна! Нэг үгэндээ хулгай хийх бололцоог жигд олгохгүй учраас ихэнх нь хохирч шударга иргэн болоод байна! Бид ийм л ёс суртахуунтай нийгэм болжээ. Ийм үзэл бодол ноёлсон газар эрхбиш хүн байна даа, бүгд л хулгай хийх бололцооны төлөө амь хайргүй тэмцэлдэн тулалдах нь “шударга” хэрэг юм.

Хуульчлагдсан хулгайч дээрэмчин болохын тулд ардчилсан тогтолцоотой оронд “ард түмнийхээ” саналыг авах хэрэгтэй. Эцсийн зорилго бол мөнгө. Мөнгөтэй л болчихвол ард түмний саналыг авна, Төр нийгмийн шийдвэр гаргах эрхийг авчихвал улам их мөнгөтэй болно. Улам их мөнгөтэй болбол улам их эрх мэдэлтэй болно. Улам их эрх мэдэлтэй болбол бүр их мөнгөтэй болно. Маш танил болчихсон, хүлээн зөвшөөрөгдсөн бидний ердийн ил амьдрал байгаа биз?

Ардчилсан тогтолцоо бол нийгмийн урт удаан процесс, амьдрах арга зам, төлөв байдал юм. Түүнээс тэдэн таван жилийн дараа барианд орно гэж зарлаж байсан социализм коммунизмын үл гүйцэлдэх төлөвлөгөөт программ биш. Ийм урт удаан процессын явцад ихэнх үндэстэн бидний одоо явж буй иймэрхүү бузар бусармаг үеийг туулжээ. Нэрт социологич Фукуяамагийн бичсэнээр ийм үе ардчилсан нийгэм төлөвшихөд “усалгаа” болдог гэнэ. Учир нь хулгайч нар төр барьж, сонгуулийг худалдан авах явдал үргэлжлэхээр нийтээр жигшиж эхэлдэг учир тэдний ноёрхлыг түлхэн унагахад амархан болдог гэнэ.

Бид хуульчлагдсан хулгайч нарын ноёрхолд цаашид хэдэн жилийг өнгөрөөх вэ? Энэ биднээс л хамаарна. Гэхдээ лавтай миний нас хүрэхгүй. Одоогоор завсрын үеийнхэн гэх ёс суртахууны наад захын хэм хэмжээгүй үеийнхэн ноёрхож буй. Эд коммунизмын сүүл үеийнхнээс бүр долоон дор. Боловсрол битгий хэл мэргэжил ч байхгүй, хуурамч, эсвэл хуурамчтай адилтгах үнэ цэнэгүй диплом, цол гуншингийн цуглуулга. Нийгмийн задрал, шилжилтийн замбараагүй үеийг туулахдаа уламжлал, ёс суртахуун, хэм хэмжээ, жудаг, хүндлэл гээч юмыг алгасчихсан. Мэддэг ганц зарчим нь ширэнгийн хууль. Хүн ч болж чадаагүй, сармагчин ч болж чадаагүй. Коммунизмын үеийнхэн, завсрын үеийнхэн гэдэгт тэр насны хүмүүсийг хавтгайруулан нэрлээгүй, гагцхүү үеийнхэн дотроо “амжилттай гялалзан тодорч” төр нийгмийн шийдвэр гаргах түвшинд очин нийгмийг жолоодож байгаа хулгайч нарын цөөнхийг онцолж буйг эрх биш ойлгоно биз. Манайд нийгмийн баялгийг захиран зарцуулах эрх бүхий 30 мянга орчим хүн байдаг. Эд дөрвөн жил тутамд ээлж солигдон хоолондоо ордог учир үржүүлж тооцоорой. Гэхдээ аль ч нийгэм ямар ч тогтоцтой бай, иргэдийн дор хаяхад 51 хувь нь эрх биш хүнээрээ байдаг юм шүү.

Өнөөгийн дэлхийн тогтон бүрэлдсэн төлөвшлөөр улс орон яаж ч дампуурсан мөхөн алга болохгүй. Өмнөд Родэз гэгдэж байхдаа манай гаригийн хамгийн баян цатгалан, хөгжингүй орны нэг байсан Зимбабвэ өнөөдөр гуйлгын тулам болсон ч оршсоор байна. Цаашид ч байх болно. Латин Америкийн хамгийн баян орон Венесуэль зөвхөн удирдагчдаасаа болоод өлсгөлөнд автаад буй. Хүн болгонд хүрэлцээд илүү гарахуйц баялагтай ч хулгайч нараар төрөө бариулсан Монгол Улс байсаар л байх болно. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж итгэхийг хүсч байна. Хүн үхдэг бол улс үхдэггүй. Амьдын там маягийн юм болоод оршин тогтносоор байдаг. Тиймээс ноён хутагт Равжаа “Там, там гэнэ, там хаанаас байх вэ. Тамтаггүй явбал, там чинь тэр” хэмээн сургасан бизээ.

Харин ёс жудагтай шударга нийгэм болон төлөвшихөд хичнээн жил бидэнд хэрэгтэй бол? Хувьсгал хийгээд алалдаад унавал хувьсгалынхаа дараа бүх юмыг нойлоос эхлэх учир лав оновчтой зам мөр биш байх. Үндэстний хувьд төлөвших л гол асуудал. Иймээс одоохон юу юугүй засах гэж байхаар дараа үеэ бэлдсэн нь дээр. Тэр дараа үе хэзээ ирэхийг мэдэхгүй ч бид энэ тогтолцоогоо аль хэр олуулаа жигшсэнээс хамаарах болов уу? Эх, эцгийнхээ хулгайн мөнгөөр сурч боловсорсон “дараа үеийг” төлөвшсөн гэж нэрлэхэд хэцүү л байх. Хулгайчийн цүнх барьж гүйж явсаар “юманд хүрсэн” залуугийн хүүхэд зөв төлөвших үү?

Одоо Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх алалдаанд оролцохоор шилдгүүд гараан дээрээ жигдэрчээ. Ил далдтайгаа нийлээд хориод горилогч бий. Зарим нь санаархлаа нуусхийгээд харзнаж буй. Эд хоорондоо ялгагдах юмаар тун бага. Дөрөв, найм, 12 жилийн хожим ч аль нэг дээрэмчдийн бүлэг төлөөлсөн дараагийн шигшээгийнхэн үзэлцэнэ. Тэднийг би танихгүй ч мөн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрч байна. Алив сонгууль нь нийгэмдээ тэргүүлэх үүрэг хүлээх учиртай хүмүүсийн ёс суртахууны уралдаант шалгалт болдог. Харин манайд яг урвуугаараа. Одоогоор нэр дэвшигч, горилогч, санаархагчдын дотор гайгүй гэх хүн ганц хоёр бий л дээ. Гайгүй гэдэг маань энэ улсын дээд албанд очоод хамгийн бага хохирол учруулахуйц хүнийг хэлж байгаа юм шүү. Улс орноо хамгийн бага хохироож, хамгийн багаар хорлох тэр эрхэм хүнийг л манай иргэд сонгуулиар олж ончтой харваасай даа.

Шигшээд би нэрээ хавчуулж “Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье” гэж зарласан минь үнэн. Манай нийгэм хэрхэн бузартсаныг хүмүүст хэлж түгшүүрийн харанга нүдэхэд тохиромжтой цаг, дуулдахуйц, чимээ ихтэй дохио зангаа болж чадна гэсэндээ ингэсэн юм шүү. Түүнээс би эхнээсээ Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө үзэлцэх гээгүй, тийм санаа угаасаа байгаагүй. “Та нар дэмжвэл би чадна!”. Энэ үнэн. Гэхдээ бодит байх хэрэгтэй. Би Ерөнхийлөгч болдог юм гэхэд хулгайч дээрэмчдийг хөөн явуулах тийм нийгмийн дэмжлэг манайд өнөө маргаашдаа бий юү? Эднийг нийгмээрээ жигших төлөв төвшинд бид хүрч чадсан уу?

Ойрмог судалгаагаар, хэрэв би өрсөлдвөл миний төлөө саналаа өгөхөд бэлэн хүмүүс маш олон байна. Баярлалаа, уучлаарай. Би даажигнаагүй, хошигноогүй, тоглоогүй. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр олон хүн үнэмшээгүй, худлаа тоглож байна гэцгээсэн. Ийм бохир юм руу орж тэдний нэг болох хүн биш гэж хүмүүс намайг үнэлдэг юм байна гэж дүгнэсэндээ өөрөөрөө бахархлаа.

Би- Үл оролцогЧ!

Би хуулийн дор амьдарч үнэнч шударга байхыг хичээдэг. Би эх орондоо хайртай. Би энэ орны ирээдүйн талаар үргэлж санаа зовдог. Бандаашны бөөс байсан хулгайч, худалч, дээрэмчин, олхиогүй шаарууд толгой дээр гаран шимэгчлэн амьдарч байгааг би үнэн голоосоо жигшин үздэг. Гэвч тэднийг өнөөдөртөө дийлэх бололцоогүйг ойлгодог. Сонгуульд би саналаа өгөхгүй, гэвч бусдыг битгий оролц гэж ятгахгүй. Бидний ойрмог хийсэн судалгаагаар иргэдийн 90 орчим хувь нь энэ сонгуульд саналаа өгөх хүсэлтэй юм билээ. Уг нь иргэд оролцон эсэргүүцлээ илэрхийлсэн ч, чухам оролцсон учраас хулгайч нарын ноёрхлыг хууль ёсны болгон тусалж байгаа юм. Гээд буянаараа болог, манай нийгэм тийм түвшинд хараахан хүрээгүй байна.

Үр хүүхэд ач гучийнхаа төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө би иргэнийхээ хувьд нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Чадах юм маань татвараа шударгаар төлөх, хуулийн дор амьдрах, бичих, нийтэд ойлгуулах гэж чармайх, залууст хандан уриалах юм. Иргэний ийм оролцоог би өөртөө үүрэг болгон авсан. Би хойч үеэ жудагтай зөв хүн болгон хүмүүжүүлэхэд өөрийн бүхий л чадлыг зориулна. Хамаг итгэл найдвар минь хойч үед бий. Мөн эмэгтэйчүүдэд. Манай үндэстний оюун санааг үе үеийн турш эмэгтэйчүүд хөтөлж ирсэн.

Иймээс би манай нийгмийн идэвхтэй оролцогч!

2017.5.1

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар БНХАУ-д айлчилна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзана. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.

“Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.