Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт БНХАУ-ын Хууль зүйн сайдтай уулзлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзав. Мөн Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод зочилж хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзах үеэрээ сүүлийн жилүүдэд Монгол Хятадын хууль зүйн салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн энэ үеэр хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа. Тухайлбал ялтан шилжүүлэх асуудлаар талууд идэвхтэй харилцах ёстойг тэмдэглэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 46 иргэн БНХАУ-д, Хятадын 11 иргэн манайд ял эдэлж байгаа юм. Талууд мөн гэмт гэргээс урдчилан сэргийлэх туршлага солилцох, тэр дундаа хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болох хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хууль зүйн туслалцаа, шүүх шинжилгээний салбарт дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг Хятадын Хууль зүйн сайд нааштайгаар хүлээн авлаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, З.Нарантуяа нар Канадад айлчлав

Монгол Улсын Их Хурлын Монгол-Канадын парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нар тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв.

Энэхүү ажлын айлчлал нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд олон жилийн парламентын ардчиллын түүхтэй Канадын парламентын Нийтийн танхим, Сенатын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болсон юм.

Айлчлалын үеэр УИХ-ын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жэофф Рэганд бараалхлаа. Мөн Канадын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансури, Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс манай орны ардчилал, хүний эрх, хөгжлийг ямагт дэмжиж ирсэнд УИХ-ын гишүүд талархал илэрхийлж, өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, УИХ-ын гишүүд Канадын Онтарио мужийн парламентын гишүүдтэй Торонто хотноо уулзалт хийж, мужийн парламентын үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Дели хотод эхэллээ

Чөлөөтийн Дели хотод эхэллээ зурган илэрцүүд

Чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид Делид очоод байна. Энэ удаагийн Азийн аваргад Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн албатай зөвшилцөн, дараах нэрсийг өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан билээ.

Эрэгтэй баг:

  • 57 кг З.Занабазар
  • 61 кг Т.Тулга
  • 65 кг Б.Наранболд
  • 70 кг Д.Хатанбаатар
  • 74 кг Г.Төрболд
  • 86 кг П.Өнөрбат (Гавьяат тамирчин)
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг Н.Золбоо

Эмэгтэй баг:

  • 48 кг Э.Нарангэрэл
  • 53 кг Д.Отгонцэцэг (Гавьяат тамирчин)
  • 55 кг Э.Даваачимэг
  • 58 кг Э.Гантуяа
  • 60 кг Б.Шоовдор
  • 63 кг С.Батцэцэг (Гавьяат тамирчин)
  • 69 кг Ш.Түмэнцэцэг
  • 75 кг Г.Уртнасан нар багтсан.

Тэмцээний хуваарийн дагуу манай тамирчдын тэмцээн пүрэв гаригаас эхэлнэ. Мэдээллийг эргэн хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛ БА ЖЕНДЭР–ШИЙДЭЛ” илтгэлийн уралдаан зарлалаа

Иргэд, олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ талаар иргэдийн чиг хандлага ямар түвшинд байж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хорооны Нийслэл дэх салбар хорооноос Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд 18-аас дээш насны иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжтой бөгөөд илтгэл нь Улаанбаатар хотын жендэрийн тэгш бус байдал, сөрөг нөлөөлөл, тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, тухайн асуудлыг шийдвэрлэх гарц, үүсэх үр дүн, үр дагаварыг тодорхойлж, судалгаанд суурилсан байх шаардлагатай аж.

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Arial үсгийн фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар А4 цаасан дээр хийсэн байна.
  • Илтгэлийг 4-6 хуудсанд багтаана.
  • Уралдаанд оролцогч нь илтгэлдээ CV буюу товч намтраа хавсаргасан байна. Үүнд: Цахим хаяг болон утас, иргэний үнэмлэх/хуулбар/. Илтгэл нь судалгаа, шинжилгээний бүтээлд үндэслэгдсэн байх ба зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна.
  • Асуудал дэвшүүлсэн
  • Зохиогчийн овог, нэр, илтгэлийн нүүрэнд бичсэн байна;
  • Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна.
  • Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Илтгэлийг НЗДТГ-ын НБХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнд файлаар болон цаасаар өгнө. 321711 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой. Илтгэлийг 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 14.00 цагт тасалбар болгон хураан авна. Ажлын хэсэг илтгэлүүдээс эхний 10 илтгэлийг шалгаруулж, эдгээр хэлэлцэгдсэн илтгэлээс 1 дүгээр байр, 2 дугаар байр, 3 дугаар байранд тус тус 1 илтгэл шалгаруулж, шалгарсан 10 илтгэлийг хэвлэл мэдээллээр сурталчилж www.ulaanbaatar.mn сайтад байршуулж эрдэм шинжилгээний эмхэтгэлд оруулах юм. Шагналын сан 1 дүгээр байр 2 сая төгрөг, 2 дугаар байр 1,5 сая төгрөг, 3 дугаар байр 1,2 сая төгрөг гэж Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш дуусна

Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш дуусна зурган илэрцүүд

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэл маргааш өндөрлөнө.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй. Тэдгээр нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн 30-аад үзлэг шинжилгээнд хамарсан.

Одоо бол Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгч нэр дэвшигчид нэрээ бүртгүүлэх ёстой. Тодруулбал, энэ сарын 11-ний дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сард болно.

Categories
мэдээ нийгэм

Мунзуй хочит Г.Нямдоржийн шүүх хурал хойшиллоо

Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай болох байсан ч энэ сарын 26-ны өдөр хүртэл хойшилжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3 бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2 нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүж байгаа юм.

Түүний хамт С.Мєнхбат, Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүх аж.

Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.

Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан билээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ “Боинг 737-700”-уудаа хүлээн авлаа

“МИАТ” компани парк шинэчлэлээ эрчимтэй хийж байна.

Тус компани хэдхэн цагийн өмнө буюу Улаанбаатар хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөгөө хүлээн авчээ.

Боинг 737-700 агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 102 суудалтай.

Агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.

Уг агаарын хөлгийг “Oman Air S.A.O.C” компанийн нисгэгчээс гадна “МИАТ” ТӨХК –ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл, МИАТ ТӨХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгийн дарга, багш З.Энхбаяр нарын хүмүүс авчирсан байна.

“OMAN AIR S.A.O.C”-ИЙН БОИНГ 737-700 АГААРЫН ХӨЛГИЙГ НИСЛЭГИЙН ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДДЭЭ АШИГЛАНА

2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна.

Тодруулбал, 2017 онд нислэгийн чиглэлээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөжээ.

Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаяжээ

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарлажээ. Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарласан байна.

Тус сургуулийн сурагчид “Бид ийм ур чадваргүй багш нараар хичээл заалгах хүсэлгүй байна. Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна.

Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээв.

Мөн тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг ёс зүйгүй гэх худал үндэслэлээр багшийг нь халсанд хүүхдүүд эсэргүүцэж, эргүүлэн ажилд нь оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Хичээл хаялтад тус сургуулийн ахлах, дунд ангийн 10 гаруй сурагч оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

Тог тасрана зурган илэрцүүд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.

Баянзүрх

10:30-16:00 цагт: 8-р хороо 16-р хорооллын 50, 60, Данзангийн 3-р байр, БХЯ-ны барилга захиалагчийн алба, Улаанхуаран ОНӨААТҮГ, ХҮХ, 089-р ЦА болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:00 цагт: 14-р хороо Энхтайван гудамж, Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамж, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол контракт, Финанслайн, Ньюдьюрал, Гамба ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-15:30 цагт: 8-р хороо 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

12:30-16:00 цагт: 19-р хороо орчмоор

Чингэлтэй

10:30-17:30 цагт: 7, 8, 9-р хороо Хувьсгалчдын Б, В 1-3, Д 2-5, Г-9, Баруун тасганы 1, 4, 5, 8-10, Дунд тасганы 2-7, 9, Зүүн тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9, 10, 13, 25, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11.00-12.00 цагт: 10, 12-р хороо 12-р Аптек, Биокомбинатын худаг, Цэвэр ус, Халаалтын зуух, Гоц халдварт, Ди Си Би, ЖБЦБ ХХК-ууд, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 10-р хороо Зуурмагийн үйлдвэр, Хийт констракшн ХХК болон эдгээрийн ойр орчмоор

11.30-18.00 цагт: 10, 12-р хороо Биогийн гэр хороолол, орон сууцууд, Сонгинын дээд, доод амралт, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал, 10-р хороо 60/1 60/2 -р байрууд, Инэл, Нислэгтрейд ХХК болон эдгээрийн ойр орчмоор

УБЦТС ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Кассын машин, POS төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болж байна

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд өчигдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа”-г Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр БЗД-ийн Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр “2016 оны төсвийн зарцуулалт”-ын талаар танилцуулга хийж, БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүү “И-баримт”-ын талаар татвар төлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт зохион байгууллаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд Татварын албатай хамтран татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг үйлчлүүлэгч, иргэдийн дунд зохион байгуулсан нь иргэд үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээв.

Өнөөдөр “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд оролцсон байна. Үүнд:

  • “Электромон трейдинг” ХХК
  • “Вансифорус” ХХК
  • “Датакейр” ХХК
  • “Интер актив Би Ай” ХХК
  • “Прософт технологи” ХХК
  • “Ритус” ХХК
  • “Инфо системс” ХХК
  • “Майсофт” ХХК
  • “Тангетэд плас” ХХК
  • “Мажор софт” ХХК
  • “Ай си ти вишн” ХХК
  • “Интерактив” ХХК
  • “Тауэр Софт” ХХК

Үзэсгэлэн өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Мишээл” төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр “Драгон” НҮНТ дээр үргэлжлэх бөгөөд өөрийн хэрэгцээнд тааруулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР