Categories
мэдээ нийгэм

Том оврын 50 модонд дуслын шингэн залгажээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээ, тоосонцорыг багасгахад ногоон байгууламж тустай. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220 га цэцэрлэгжсэн талбайтай гэдэгнь нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг юм.

Улаанбаатарт ногоон массыг нэмэгдүүлэхээр том оврын тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч олон улсад 2.5 метрээс дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс ийм өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж, тодорхой хугацаанд дуслын шингэн залгах зэргээр анхаардаг ажээ.

Шилжүүлэн суулгасан том оврын нарс модонд дуслын шингэн залгаад байна. Дуслын шингэнийг өтөлсөн, хатаж байгаа, шилжүүлж суулгасан, шарлаж өнгө хувирсан модонд хийдэг.

Дуслын шингэнийг өнгө хувирч байгаа шилмүүс шингэрсэн, нахиа дутуу хөөсөн, шилмүүсний өнгө хувирсан 50 ш модонд түүвэрлэн залгаад байгаа бөгөөд иргэд олон нийт сонирхож хөндөхгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөр Монголын Өөртөө Засах орны их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Бакалаврын сургалтад:

Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл

Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.

– Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй

– БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан

Үүнд:

– Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах (28.4 KB) )

– иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

– бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

– тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/

– тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/

– шалгалтын хураамж 15000 төгрөг

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн 10-17 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 4 давхрын 421 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 2017 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

БСШУСЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 321974 утсаар лавлана уу.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫН ЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх юм. Тухайлбал, нийслэлийн 2017 оны Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, арал, тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, лед самбар зэргийг хийж тохижуулна. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.

Үүнд :

– Баянзүрх дүүргийн 102, 48, 84, 137

– Сонгинохайрхан дүүргийн 105, 67

– Сүхбаатар дүүргийн 2, 3, 58

– Баянгол дүүргийн 20,40,93

– Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: Концессийн үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон 2018 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Батнасан “Үндсэн чиглэлийн баримт бичгийг нэлээн сайн үндэслэл дээр батлах нь ёстой. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал анхаарал татдаг. УЦС бол өөрийнхөө өртөгийг нөхдөг үйлдвэрлэл. Өнөөдөр бид урд хөршөөс 280 төгрөгөөр 1 киловатт цахилгааныг авч байна. Тус төслийн ТЭЦҮ-г харахад 37 төгрөгөөр 1 киловатт цахилгаан авах юм байна. Иймд төсөлд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. Мөн боомтуудын үйл ажиллагааг сайжруулахад хэдий санхүүжүүлт оруулах гэж байна вэ” гэсэн асуултад

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “БНХАУ-ын Засгийн газар буцалтгүй тусламж болгож 350 сая юанийг олгоно. Иймд эхний ээлжинд БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах, дэд бүтцийг өсгөхөд уг мөнгийг зарцуулна. Энэ оны 3 эсвэл 4 дүгээр улиралд тендер зарлагдана. Ингэснээр урд хөрштэй хиллэж байгаа боомтуудын асуудал шийдэгдэнэ.

ОХУ-тай хиллэж байгаа боомтуудын асуудлыг Азийн хөгжлийн банктай хамтарч шийдвэрлэхээр хэлэлцээр эхлүүлсэн. Ингэхээр 2019 оны төгсгөлд гэхэд манай улсын нийт боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн байх болно” хэмээлээ. Байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараагаар нь 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд концессийн гэрээг үргэлжлүүлэх эсэх, 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэзээсээ хэрэгжүүлэх зэрэг асуултыг тавьж байлаа. Үүнд

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Концессийн үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессийг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын төслийг нэг удаад өөрчлөх тохиролцоо хийсэн. Засгийн газар хэлэлцээд, гишүүдийн саналыг авна” гэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

Үүсээд байгаа эдийн засгийн эерэг байдал баталгаатай биш эмзэг байгаа. Сангийн яам цаашдаа үргэлжлүүлж ажиллах ёстой. Гадна, дотнын байгууллагуудтай тохирсон зүйл дээрээ хатуу байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн санхүүжилттэй холбоотой зээлийг зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараарай гэлээ. Ингээд Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Эрчүүл голдуу зочилдог уушийн газрын жижигхэн тайз…

Шүлэг, яруу найргийн өнөөдрийн буландаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Гансаруулын шүлгүүдээс хүргэж байна. Тэрээр МУБИС-ийг Утга зохиолын ажилтан-Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2007 онд “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн ном, 2009 онд “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Энэ түүвэр нь Монголын зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан бүтээл юм. 2014 онд “Сарны тосгон” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд тэрээр тун удахгүй уншигчдад детектив, акмейст, триллер шүлгүүдээ эмхэтгэн хүргэхээр төлөвлөжээ.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул

Эрчүүл голдуу зочилдог
Уушийн газрын жижиг тайзны
Улаан хамбан хөшиг ярагдахад
Хурц шар гэрэл дор
Цээж задгай дууч бүсгүй гарч ирэх шиг
Намрын үдшийн намуун орой
Зүүнтээгээс дүгрэг саран хөөрөв.
Сарыг би шөнийн дууч эм гэв.

2016.8.20

Базаан-д

Номин далайн мандалд цагаан завь хөвнө
Хаачихна вэ
Дорныг зүглэв үү эсвэл нарыг дагана уу
Номин далайд хөвөх тэр завь
Хэзээ наранд хүрэх вэ
Алчуур нь салхинд дарвуул мэт дэрвэх бүсгүйн
Даашинзны хормой ч үл мэдэг чичирнэ үү
“Et si tu n’existais pas”-ыг амандаа аялан нүдээ аних
Тэр бүсгүй гав ганцаараа
Сэлүүр ч үгүй завь хаана хүрнэ гэж
Эргээс түүнийг хүмүүс гайхна
Эргэж ирэх болов уу хэмээн хүлээцгээж
Эцсийг нь үзэх гэж харцгаана.
Нар жаргахын алдад
Гандмал цэгээн цамцтай эр
Бэхлээтэй олсыг татаж эхлэв.
Бахим шуу нь зангирч
Хэнхдэгийг нь даган хөлс чийхарч
Олсыг хураасаар авай.
Бүрий нөмрөхөд завь сая эрэгт тулав.
Загасны үнэртэй эргийн хот руу
Тэр хоёр алхан одов.
Түрээсийн өнөө завь давалгаанд цохигдон
Эрэг мөргөв.

2017 оны 3 дугаар сар 7
Joe Dassin – Et Si Tu N’Existais Pas…/Хэрвээ чи байгаагүйсэн бол…/

Базаан-д

Далайчин ирэв
Даанч удаан аялжээ
Дарвуул болоод цамц нь
Тамтаггүй сиймэрчээ
Дахиад аялалд гарна гэвэл
Даавууны зээлийг түймэрдэж
Нэхмэлчдийн утсыг хулгайлж
Торхтой давирхайнуудыг живүүлье байз.
Тэгээд
Тэнгис далай руу нулимж
Тээр новш шидэж
Эргийн элсийг нь цацвал
Посейдон хилэгнээд
Давалгаа юугаараа давшилж
Даамай сайн хөрвөөх болов уу.
Эрчит давалгаанд нь
Эндхийн завь, хөлөгс цохигдож
Эвдэрч хэмхрэх болов уу.

2016.04.29-08.15

Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн бирж” 42.5 сая төгрөгийн үргүй зардал гаргажээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас “Хөдөө аж ахуйн бирж” компанийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Тус компани 2015 онд 1 тэрбум, 2016 онд 191 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн иргэдтэй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй 1 тэрбум 42 сая төгрөгийн үр ашиггүй гэрээ байгуулан, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 849,9 сая төгрөгийн худалдан авалт хийн компанийн үйл ажиллагаанд хамааралгүй 42,5 сая төгрөгийн үргүй зардал гаргасан нь тогтоогджээ.

Мөн хувьцааны нэмэлт орлогоос 537,8 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулан, “Булган брокерын пүүс” компанитай байгуулсан гэрээ хэрэгжээгүй байхад 42,1 сая төгрөгийг шилжүүлсэн зэрэг нийт 2 тэрбум 538,9 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн байна.

Дээрх зөрчил, дутагдлыг нэн даруй арилгаж, биелэлтийг энэ оны есдүгээр сарын 15-ны дотор ТӨБЗГ-т ирүүлэхийг үүрэг болгосон байна.

Categories
гадаад мэдээ

Австрали улс “нэг бүс, нэг зам”-д нэгдэхээс түдгэлзжээ

Хятад улсын гаргасан “Нэг бүс, Нэг зам” санаачилгад оролцохоос түдгэлзэх шийдвэрийг Австралийн засгийн газар гаргажээ. Энэ тухай The Australian сонинд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гуравдугаар сард Австралид хийсэн айлчлалын талаарх мэдээллээс иш татан бичсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, Ли Көцяны айлчлалын үеэр “Нэг бүс, Нэг зам” санаачилгад Австрали улс нэгдэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна хэмээн Хятад улс найдаж байгааг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоптой уулзахдаа илэрхийлжээ.

The Australian сонинд бичсэнийг үзвэл, засгийн газар болон үндэсний аюулгүй байдлын хорооны хурлын үеэр сайд нарын ихэнх нь эргэлзсэн байр суурьтай байсан аж. Бээжингийн санаачилгад Австрали улс нэгдэхийг хүсэхгүй байгаагийн гол шалтгаан нь санамж бичигт гарын үсэг зурснаар Австралид ямар үр өгөөжтэй гэдэг нь тодорхойгүй байсан явдал юм. Үүнээс үүдэн Ли Көцяны айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ Австралийн засгийн газар Хятадын талд мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Захирлуудыг ажлаас халсан шалтгааныг тайлбарлав

Нийслэлийн удирдлагууд ЕБС-ийн захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн тухай холбогдох албан тушаалтнууд тайлбар хийж байна. Ингэх болсон шалтгаан нь өчигдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг ажлаас нь үндэслэлгүй халсан шийдвэр гаргасан талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлууд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд 9, 18, 107, 67-р сургуулийн ажлаасаа халагдсан гэх захирлууд хүрэлцэн ирж хууль бус шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, багшийн мэргэжлийн ур чадвар хэр хангагдаж байгааг төлөвлөгөөт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар 15 сануулах арга хэмжээ, 10-т нь цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ, 8 нь халах хүртэл арга хэмжээ авсан. Энд ямар нэгэн хууль зөрчиж, ашиг сонирхлын байдлаар шийдвэр гаргаагүй. Улсын хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчлийг л арилгасан арга хэмжээ” гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон хууль хэрэгжихгүй байна

Дэлхий нийтээр “Тамхины эсрэг өдөр”-ийг тавдугаар сарын 31-ий өдөр тэмдэглэн, тамхины хор уршигийн талаар таниулан урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлдэг. Манай улсад ч ялгаагүй тамхины эсрэг өдрийг маргааш тэмдэглэх гэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг, үүнээс 17.2 хувь нь 15 наснаас өмнө нэг ширхэг тамхи татаж үзсэн гэсэн дүн гарчээ. Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо, School police төв хамтран хэд хэдэн уриалгыг гаргаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын эцэг эхийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг хуулиар бүрэн хориглож өгөөч. Тамхины хяналтын тухай хуульд зөвхөн тамхи татаж болохгүй газруудыг л зааж өгсөн. Тамхи татаж болохгүй газар л хүүхэд татаж болохгүй, хориглоогүй газар бол тамхи татаж болно гэж ойлгогдож байна. Эцэг, эхчүүдийн зүгээс хараа хяналт тавиагүй байж загнах гэх мэт хүчирхийлэл гарах магадлалтай. Иймээс манай гурван байгууллага хамтран тамхины эсрэг “Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв” байгуулж болсон. Хүүхэд өртөж болох төрөл бүрийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж мэдээллээр хангаж ажиллана” гэлээ.

Мөн “School police” төвийн нарийн бичгийн дарга Г.Төгсөө “Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон байдаг болов ч хууль хэрэгжихгүй байна. Тухайлбал 500 байтугай 200 метрийн зайд тамхи ширхэгээр худалдаалж байдаг. Энэ мэтчилэн асуудлуудыг хууль болон хүчний байгууллагаар шийдэж өгөөсэй” гэв.

Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан дээрх гурван байгууллагаас дараах уриалга, санаачилгыг гаргаж байна.

  • Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг бүрэн хориглох, хуулийг шинэчлэн өөрчлөх
  • Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцож тамхи татсан хүүхдэд тусгайлан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоог бий болгох, тамхины хор хөнөөлийг ойлгуулах
  • Сургуулийн болон бусад орчинд тамхи ширхгээр худалдахгүй байх, худалдсан тохиолдолд үйлдвэр, үйлчилгээ явуулах эрхийг хасах, тусгай зөвшөөрлийг цуцлах
  • School police эцэг эхийн эргүүл цаашид тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах
Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хатгал тосгонд 120.000 ам.доллар зарцуулна

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл бол Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламж юм. Тэгвэл энэхүү буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банкаар дамжуулан 2016-2019 онд хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн баримт бичигт төслийн хүрээнд Хатгал тосгонд 120.000 ам.доллар, Ханх суманд 100.000 ам.доллар, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ суманд 75.000 ам.долларыг зээлийн эргэлтийн сан байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь төслийн нийт санхүүжилтийн 17 хувь буюу 520.000 ам.доллар болж байгаа юм.

Тэгвэл үүний дагуу төслийн зүгээс дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

– Зээлийн эргэлтийн сангийн журмыг боловсруулж, Төслийн удирдах хорооны даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

– Журманд зааснаар зээлийн эргэлтийн сан нь сангийн хороо, сангийн менежер гэсэн ерөнхий бүтэцтэй байх ба журмын дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл, Сумын орчны бүсийн зөвлөлийн төлөөлөл, тодорхой шалгуурыг хангасан баялаг бүтээгчдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, ахмадын төлөөлөл зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хороог төслийн зорилтот 1 тосгон 5 сум тус бүрт нутгийн иргэдийн саналаар сонгон байгуулсан.

– Хороо нь анхны хурлаараа гишүүд дотроос хорооны даргаа сонгон, сангийн дансны гүйлгээний 1 дүгээр гарын үсгийг хорооны дарга, 2 дугаар гарын үсгийг сангийн менежер, 3 дугаар гарын үсгийг хорооны эмэгтэй нэг гишүүн зурахаар зээлийн эргэлтийн сангийн 6 данс нээгдсэн.

– Данс тус бүрт эхний ээлжийн санхүүжилт 9.5 мянган ам долларыг шилжүүлсэн.

– Сангийн менежерээр банк ,санхүүгийн мэргэжилтэй, сумандаа оршин суудаг иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хороо, төслийн нэгж хамтран шалгаруулж, . менежертэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

– Төслийн зүгээс Зорилтот сум, тосгоны иргэд, холбогдох талуудын санал хүсэлт, зөвшөөрлийг авсны үндсэн дээр зээлийн нөхцөлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 2.4 хувь, үүнийг жил бүр хянан үзэх, зээлийн хугацаа 18 хүртэл сар, зээлийн хэмжээ 15.0 сая төгрөг хүртэл, зээлийн үнийн дүнгийн 70 хувьд барьцаа хөрөнгө авах, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөөс 3 сар хүртэл хугацаанд түр чөлөөлөх,

– Төслийн үндсэн баримт бичиг болон зээлийн эргэлтийн сангийн журманд тусгагдсаны дагуу Хороо сангийн хөрөнгийг захиран зарцуулах ба Хороод зээлийн төсөл хүлээн авах сонгон шалгаруулах ажлаа эхэлсэн.

– Одоогийн байдлаар Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ суманд иргэдийн зээл хүссэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулалт хийгдсэн бөгөөд шалгарсан төслүүдийн санхүүжилт зээл хүсэгчдийн дансанд шилжих бэлтгэл ажил бүрэн хийгдсэн.